Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 0282

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Х    

Улсын яллагч Н.Д

Шүүгдэгч Б.Ш нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Шт холбогдох эрүүгийн 1925004800379 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

  1. Шүүгдэгч нарын биеийн байцаалт.

 

Б.Ш

 

  1. Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

 

Шүүгдэгч Б.Ш нь 2019 оны 07 сарын 03-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уртбулаг багийн 5-23-49 тоотод эхнэр Б.Дтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар Б.Дгийн толгой руу цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэм хэрэгт холбогджээ.

 

                                               ТОДОРХОЙЛОХ нь:

 

Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Шыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Ш мэдүүлэхдээ “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв.

 

Хохирогч Б.Д “Шүүх хуралдаанд оролцохгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байна.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 1. Хохирогч Б.Дгийн ...“Б.Ш хааяа архи уухаараа их олон үгтэй болчихдог. Худлаа ярьдаг, тэрнээс биш би байнга зодуулаад байдаг хүн бишээ. Б.Ш бид хоёр 2019 оны 03 сараас хойш гэр бүлийн асуудалтай байгаа. 2019 оны 07 сарын 03-нд бид хоёр маргалдаад би Б.Шын нуруу цээжийг нь маажсан. Б.Ш намайг үсдэж хана мөргүүлээд толгой руу 2-3 удаа гараараа цохисон....” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 8-9-р хуудас/

 

2. Гэрч Б.Дгийн ...“ах Б.Ш манай гэрт ирсэн. Тэгээд эхнэр Б.Дтай маргалдаж муудалцсан талаар ээжид хэлсэн. Тэгээд надад уураа барьж дийлэхгүй Б.Дд гэмтэл учруулах вий ахин ингэж дарамтлуулж чадахгүй гэж хэлэхээр нь би айгаад урьдчилан сэргийлэх гэж цагдаагийн байгууллагад хандсан юм” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 14-р хуудас/

 

3. Гэрч Ш.Т-ийн ...“манай дүү аав ээж хоёр маргалдаад байна гэсэн, үүдний өрөөнөөс аав, ээж хоёрын маргалдаж байгаа сонсогдож байсан. Энэ маргаан маш хурдан болоод өнгөрсөн. Би босоод яваад очтол ээж 00 өрөө рүү орсон аав 00 өрөөний хаалганы хажууд зогсож байсан би тэр хоёрт хэрүүлээ болиоч ээ ядаргаатай юм хүүхэд айгаад байна гэж хэлээд буцаад өрөө рүүгээ явсан. Намайг уурлахаар тэр хоёр маргалдахаа больдог юм” гэсэн мэдүүлэг. /хх- ийн 20-21-р хуудас/

4. Орхон аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн №470 дугаартай “..Б.Дгийн биед тархи доргилт бүхий гзмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана” гэсэн дүгнэлт. /хх-ийн 23-24-р хуудас/

 

5. Яллагдагч Б.Шын гэрчээр болон яллагдагчаар хэргээ хүлээн мэдүүлсэн ...“Бид хоёр 2019 оны 07 сарын 03-ны өдөр эхнэртэйгээ хардалтаас болоод маргалдсан. Эхнэр Б.Д намайг хэл амаар доромжилж дайрахаар нь би хэд хэдэн удаа цохисон. Б.Д миний цээж нуруу хэсгийг хумсаараа маажсан. Тэгэхээр нь би гал тогооны өрөөнөөс хутга аваад ална гэж хэлсэн. Тэгээд би өөрийнхөө гэдэс рүүгээ 2-3 удаа хатгасан" гэсэн мэдүүлэг /хх-ийн 11- 12, 87-88-р хуудас/ болон ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагаа зэргийг шинжлэн судлав.

 

Шинжлэн судалсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үзэв.

 

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Н.Д дүгнэлтдээ “Шүүгдэгч Жагд овогт Б.Ш нь 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдөр эхнэр Б.Дтай хувийн таарамжгүй асуудлын улмаас буюу хардалтын улмаас маргалдаж, маргааныг хүчирхийллээр дуусгаж Б.Дгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн. Үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлсэн нотлох баримтууд болох хохирогч Б.Дгийн мэдүүлэг, гэрч Б.Дгийн мэдүүлэг, гэрч Ш.Т-ийн мэдүүлэг, шинжээчийн 470 дугаартай дүгнэлт зэрэг баримтуудаар тогтоогдож байгаа. Шүүгдэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан. Шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Шүүгдэгч Б.Ш-рыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах саналыг шүүхэд гаргаж байна. Уг гэмт хэргийн улмаас хохирогч Б.Дгаас нэхэмжилсэн зүйлгүй, гомдол саналгүй гэж бичгээр хүсэлтээ ирүүлсэн. Иймд шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй байна. Шүүгдэгч Б.Шинэбааарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500 000 төгрөгөөр торгох ял оногдуулах, торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгө байхгүй. Шүүгдэгчийн бичиг баримт дагалдаж ирээгүй болохыг дурьдах нь зүйтэй байна. Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд урьдчилан цагдан хоригдсон хоноггүй, таслан сэргийлэх арга хэмжээг цаашид хэвээр үргэлжлүүлэх саналтай байна. Шүүгдэгчээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болно” гэв.

 

            Шүүх хавтаст хэрэгт авагдсан хохирогч Б.Дгийн мэдүүлэг, гэрч Ш.Т-ийн мэдүүлэг, шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүгдэгч Б.Ш нь 2019 оны 07 сарын 03-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уртбулаг багийн 5-23-49 тоотод гэртээ эхнэр Б.Дтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар Б.Дгийн толгой руу цохиж эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсан үйл баримт тогтоогдож байна.

 

            Шүүгдэгч Б.Шын үйлдэл нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

            Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Шыг яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул ял шийтгэл оногдуулах үндэстэй байна.

 

            Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулж, уг ялыг тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Б.Шыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Шыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500 000  /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Шт оногдуулсан 500 000 төгрөгөөр торгох ялыг 5 сарын хугацаанд сар бүр 100 000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг биелүүлэхгүй бол хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Шт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

 

  6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ц.АЛТАНГАДАС