Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2026/00756

 

 

2026           04            08                                       210/МА2026/00756

 

 

 

 

*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, шүүгч Н.Оюунтуяа, Г.Нямсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 191/ШШ2026/02423 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “*******” ААТҮГ-т холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: “*******” ААТҮГ-ын Гүйцэтгэх захирлын 2025.10.16-ны өдрийн ******* тоот тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд үндэслэн шүүгч Г.Нямсүрэн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Анужин нар оролцов.

     ТОДОРХОЙЛОХ нь: 

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. ...2025.10.16-ны өдөр ажилдаа ирэхэд Хүний нөөцийн ажилтан ******* дуудаж ажлаас халах тушаал өгсөн, надад өмнө нь бичгээр огт мэдэгдээгүй бөгөөд “чамайг өөдөөс олон юм ярьдаг хариуцлагагүй болохоор чинь халж байна. Чи үүрэг даалгаврыг огт биелүүлдэггүй” гэж хэлсэн. Миний хувьд зөрчил гаргаагүй, ямар үндэслэлээр ажлаас халсныг ойлгохгүй байна.

1.2. 2025.09.22-ны өдрөөс фейсбүүк групп чатад өглөө 9 цагт, орой 18 цагт аж ахуйн нэгж дээрээ зургаа дараад илгээж, ажлын цагаа бүртгүүлдэг болсон байсан. Шалтгааныг нь асуухад гүйцэтгэх захирал дургүйцсэн. Ерөнхий нябо захирлын өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэхгүй илүү юм ярьдаг гэж хэлсэн. Захирлын 2025.10.16-ны өдрийн ******* тоот тушаалд намайг хөдөлмөрийн сахилгын зөрчил давтан гаргасан гэж заасан болохоос ямар зөрчлийг хэрхэн гаргасныг дурдаагүй. Сонсох ажиллагаа хийсэн, зөрчлийг хуулийн дагуу баримтжуулсан зүйл байхгүй. Дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо 2025.11.12-ны өдөр хуралдаж 189 тоот тэмдэглэл гарсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1. ...Нэхэмжлэгч ******* нь 2024.10.18-ны өдрийн Б/143 тоот тушаалаар ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргасны үндсэн дээр үндсэн цалинг 3 сарын хугацаанд 20 хувь хасуулах сахилгын шийтгэл авсан. Сахилгын шийтгэл хүчин төгөлдөр үйлчилж байгаа хугацаанд буюу 2025.10.16-ны өдөр дахин ижил төрлийн зөрчил гаргасан тул хуульд заасны дагуу давтан зөрчилд хамааруулж, хөдөлмөрийн гэрээг цуцалсан.

2.2. Хариуцсан ажлын гүйцэтгэл, удаа дараагийн зөрчил нь *******гийн үндсэн үүрэг нь ******* дүүргийн *******-р хорооны аж ахуйн нэгжүүдийн хог хаягдлын үйлчилгээний хураамж төвлөрүүлэх ажил бөгөөд хороонд төвлөрүүлэх хураамжийн үлдэгдэл нь ижил цар хүрээтэй бусад хороодоос тогтмол өндөр, сар бүр 1 дахин их хэмжээнд гардаг. Үүрэг даалгаврыг биелүүлэх талаар удаа дараа анхааруулга өгсөн боловч төвлөрүүлэлтийн гүйцэтгэл сайжраагүй, байцаагч нарын хяналтыг фейсбүүк группээр явуулах үеэр ажилтан ******* нь ажлын цагийн шалгалтад тогтмол хоцорч, зураг байршуулалтыг 1-2 цагийн дараа явуулдаг зөрчил гаргасан. Манай байгууллагын Хөдөлмөрийн дотоод журмын 7.3.5.2-т зааснаар нэхэмжлэгчид сахилгын шийтгэл авах үндэслэл болж, давтан зөрчил тогтоогдсон. Иймд тушаал хууль зүйн үндэслэлтэй гэв.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

3.1.Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2, 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7 дахь заалтад заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч ******* ААТҮГ-т холбогдох захирлын 2025 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн ******* тоот тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 8,461,170 төгрөг гаргуулах, Нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтад заасан нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. ...Миний бие ажлаас халагдсан даруй Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлд заасны дагуу 30 хоногийн дотор буюу 2025.10.20-ны өдөр Дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гомдол гаргасан бөгөөд 2025.11.07-ны өдөр уг хороо хуралдаж 2025.11.12-ны өдөр шийдвэр гаргасныг тухайн өдөр гардан авч хуульд заасан 10 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргасан. Гэтэл шүүх гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

5.Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга:

5.1. Манай байгууллагын байцаагч нар гадуур ажилладаг. Байцаагч нарын фейсбүүк групп чатаар ирцийг бүртгэдэг. Ирц бүртгэхдээ чатад зургаа оруулаарай гэхээр байцаагч нар зургаа явуулдаг. *******гийн хувьд зургаа дандаа хоцорч оруулдаг, заримдаа оруулдаггүй гэжээ.  

                                                         ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасан бүрэн эрхийн хүрээнд зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч “*******” ААТҮГ-т холбогдуулан “*******” ААТҮГ-ын Гүйцэтгэх захирлын 2025.10.16-ны өдрийн ******* тоот тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргажээ.

3. Хариуцагч “*******” ААТҮГ нь нэхэмжлэлийн шаардлагыг “...үүрэг даалгаврыг биелүүлэх талаар удаа дараа анхааруулга өгсөн боловч төвлөрүүлэлтийн гүйцэтгэл сайжраагүй...ажлын цагийн бүртгэлийг фейсбүүк группт зураг байршуулалтыг 1-2 цагийн дараа явуулдаг зөрчил гаргасан... 2024.10.18-ны өдрийн ******* тоот тушаалаар үндсэн цалинг 3 сарын хугацаанд 20 хувь хасуулах сахилгын шийтгэлтэй байх хугацаанд давтан зөрчил гаргасан ...” гэх үндэслэлээр эс зөвшөөрч, маргажээ.

4. Анхан шатны шүүх нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүйн улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагыг хангасан өөрчлөлтийг оруулна.

5. Хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

5.1. Хариуцагч “*******” ААТҮГ нь нэхэмжлэгч *******тэй 2023.02.01-ний өдөр Захиргаа, санхүү албаны Хураамж төвлөрүүлэлтийн байцаагчаар томилж, сарын 1,200,000 төгрөгөөр цалинжуулан ажиллуулахаар хөдөлмөрийн гэрээ байгуулжээ. /хх-27-31/

5.2. “*******” ААТҮГ-ын Гүйцэтгэх захирлын 2024.10.18-ны өдрийн ******* дугаар тушаалаар *******гийн үндсэн цалинг 3 сарын хугацаагаар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулжээ. /хх-ийн 48/

5.3. “*******” ААТҮГ-ын Гүйцэтгэх захирлын 2025.10.16-ны өдрийн ******* дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 7.3.5.2, хөдөлмөрийн гэрээний 4.7.6, 4.7.7, 5.8, 5.9, 5.10-т тус тус заасныг үндэслэн хураамж төвлөрүүлэлтийн байцаагч *******г үүрэгт ажлаас нь 2025.10.16-ны өдрөөс эхлэн чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцалсан байна. /хх-24/

5.4. Сүхбаатар дүүргийн хөдөлмөр эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны 2025.11.12-ны өдрийн ******* дугаар тэмдэглэлд ******* 2025.10.20-ны өдөр өргөдлөө өгсөн болохыг дурдаж, талууд харилцан тохиролцоогүй тул урьдчилан хянан шийдвэрлэх ажиллагааг дуусгавар болгожээ. /хх-ийн 8-9/,

6. Хариуцагч байгууллага нь нэхэмжлэгч *******гийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасан үндэслэлээр дуусгавар болгохдоо нэхэмжлэгч нь “хөдөлмөрийн давтан зөрчил гаргасан” гэжээ.

6.1. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс дээш/ гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэх зохицуулалтын дагуу ажилтны гаргасан сахилгын зөрчилтэй холбогдуулан ажил олгогч өөрийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах эрхийг эдэлнэ.

Мөн нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн үндэслэлийг тушаалд тодорхой заагаагүйн улмаас ажил олгогч ажилтныг сахилгын зөрчил давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан гэж үзэн хөдөлмөрийн гэрээг цуцалсан эсэхэд эрх зүйн дүгнэлт өгч, үр дагаврыг шийдвэрлэх боломжгүй, мөн маргаан үүссэн нөхцөлд ажил олгогч өөрт ашигтай байдлаар тушаалын хууль зүйн үндэслэлийг өргөтгөж тайлбарлах нөхцөл бүрдсэн байна гэж үзэв.

6.2. Тушаалд ажилтны гаргасан гэх зөрчлийг үгчлэн тодорхой заагаагүй боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчаас гаргасан тайлбарт “нэхэмжлэгчийг хураамжийн үлдэгдэл нь ижил цар хүрээтэй бусад хороодоос тогтмол өндөр, сар бүр 1 дахин их хэмжээнд гардаг, үүрэг даалгаврыг биелүүлэх талаар удаа дараа анхааруулга өгсөн боловч төвлөрүүлэлтийн гүйцэтгэл сайжраагүй, ажлын цагийн бүртгэлийг фейсбүүк группт зураг байршуулалтыг 1-2 цагийн дараа явуулдаг зөрчил гаргасан” хэмээн дурдсан.

Гомдлоор авч хэлэлцэх хэргийн нотлох үүргийн хуваарилалтын дагуу ажил олгогч буюу хариуцагч тушаалын хууль зүйн үндэслэл болон Хөдөлмөрийн тухай хуульд заасан журмын дагуу хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон талаарх тайлбар татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлох үүрэгтэй. Хариуцагч тушаалын үндэслэлд дурдсан “хөдөлмөрийн давтан зөрчил гаргасан” гэх нөхцөл болоод шүүхэд гаргасан тайлбараа нотлох аливаа баримт гаргаж өгөөгүй.

6.3. Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3-т сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө сахилгын зөрчил гаргасан ажилтанд зөрчлийн талаар мэдэгдэж, тайлбар авах урьдчилсан журмыг тусгасан. Уг журмын дагуу нэхэмжлэгч *******д ажил олгогчийн зүгээс гаргасан гэх сахилгын зөрчлийн талаар нь урьдчилан мэдэгдэж, хариу тайлбар өгөх эрхээр хангасан үйл баримт тогтоогдсонгүй.

6.4. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг ханган нэхэмжлэгч *******г “*******” ААТҮГ-ын хураамж төвлөрүүлэлтийн байцаагчийн ажилд эгүүлэн тогтоох Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т заасанд нийцнэ.

7. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7, 127 дугаар зүйлийн 127.1-т зааснаар хэрэгт авагдсан нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолтыг үндэслэн ажлаас чөлөөлөгдсөн 2025.10.17-ны өдрөөс нэхэмжлэлийг хангасан өдөр буюу 2026.04.08-ны өдөр хүртэлх 5 сар 17 хоногийн хугацааны урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 14,403,736 /(2,434,000+2,485,000+2,519,000)/3/21/ төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, энэ хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг даалгана.  

8. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийг шүүхэд гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болжээ.  

8.1. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, нэхэмжлэгч ******* нь 2025.10.16-ны өдрийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан тушаалыг тус өдрөө гардан авч, ******* дүүргийн Хөдөлмөр эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд 2025.10.20-ны өдөр хандсан, хорооны 189 дугаар тэмдэглэл/шийдвэр 2025.11.12-ны өдөр гарсныг мөн тус өдрөө гардан авч, улмаар шүүхэд 2025.11.17-ны өдөр нэхэмжлэл гаргажээ.

8.2. Энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1, 154.8-д зааснаар маргалдагч тал хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл түүнийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, эсвэл сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандах, уг байгууллагын шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдрийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй гэх зохицуулалтад нийцсэн, хугацааг зөрчөөгүй байна.   

9. Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговрыг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр нөхөн төлөхийг хариуцагчид даалгасан өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Мөн нэхэмжлэгч хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан хянан шийдвэрлүүлсэн тул шийдвэрийн тогтоох хэсэгт Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т заасан зохицуулалтыг баримталсныг хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1 болгон өөрчилнө.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТОХ нь:

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 191/ШШ2026/02423 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг

“Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1, 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч *******г “*******” ААТҮГ-ын Захиргаа, санхүү албаны Хураамж төвлөрүүлэлтийн байцаагчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговор 14,403,736 төгрөгийг хариуцагч “*******” ААТҮГ-аас гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажуулахыг хариуцагч “*******” ААТҮГ-т даалгасугай” гэж,

2 дахь заалтыг “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “*******” ААТҮГ-аас улсын тэмдэгтийн хураамжид 229,969 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар гомдлоор авч хэлэлцэх хэргийн давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         Э.ЭНБИШ

             ШҮҮГЧИД                                         Н.ОЮУНТУЯА

           Г.НЯМҮСРЭН