Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 08 өдөр

Дугаар 0285

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А    

Улсын яллагч Г.Т

Шүүгдэгч Д.Э нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Эад холбогдох эрүүгийн 1925005350326  дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

  1. Шүүгдэгч нарын биеийн байцаалт.

 

Борнууд овгийн Довдондоржийн Д.Э, Монгол Улсын иргэн, 1966 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Булган аймагт төрсөн, 52 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, “Жавхлан харгуй” ХХК-нд замчин ажилтай, ам бүл 2, эхийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын Согоот багийн 6 дугаар микр 10 байр 88 тоотод оршин суух хаягтай, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй, /РД: ГН66112615/

 

2. Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар.

 

Шүүгдэгч Д.Э нь 2019 оны 07 дугаар сарын 26-ны шөнийн 23 цагийн орчим Орхон аймгийн Баян-Өндөр сумын Согоот багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Аялгуу” баарны гадна бусадруу чулуу шидэж П.Тын нүүрэн тус газарт онож хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм хэрэгт холбогджээ.

 

                                               ТОДОРХОЙЛОХ нь:

 

Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д.Эийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Э мэдүүлэхдээ “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв.

 

Хохирогч П.Т “Шүүх хуралдаанд оролцохгүй нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байна.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 1. Хохирогч П.Тын ...“Би 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдөр 23 цаг өнгөрч байхад Ж /Б/-тай хамт Согоот багийн Аялгуу баарны гадаа явган хүний зам дээр явж байхад гэнэт том чулуу миний зүүн талын хөмсөг хамар хацар хэсэг рүү оносон. Над руу Д.Э гэгч хүн том чулуу шидсэн байсан. Ямар шалтгааны улмаас над руу чулуу шидсэн эсэхийг би ерөөсөө мэдэхгүй байна. Би эмнэлэг дээр очоод 5 оёдол тавиулсан. Надад эмчилгээний зардал, хохирол төлбөр болох 500.000 төгрөг төлөхөөр болсон” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 9-10 хуудас/

2. Гэрч Г.Б-бын ...“би найз П.Ттай хамт Пирамид төвийн гадаа Хаан банкны урд явж байтал зүс таних Д.Э надад хандаж “хөөе гилжгий минь” гэж хэлээд тосгон руу явдаг таксины зогсоолын тэндээс том чулуу аваад шидсэн. Би тухайн үед гараараа хаасан чинь миний зүүн гарын булчингийн ар талыг шүргээд миний хажууд явж байсан манай найз П.Тын хөмсөг хэсэг рүү онож хөмсөг нь задарсан. Д.Э намайг гилжгий минь гэж хэлээд доромжилж байсан. Тэгсэн чинь П.Т чи хүнийг ингэж доромжилж болохгүй гэж хэлтэл Д.Э тухайн үед чулуу аваад шидсэн. Д.Э нилээн согтуу байсан” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 13-14 хуудас/

 

3. Гэрч Т.О-рын ...“таксинд явах гээд Пирамид төвийн урд зогсож байхад улаан бэлтгэлийн цамцтай залуу, цэнхэр цамцтай залуугийн зүүн хөмсөгний дээд тал руу улаан өнгийн тоосго шиг чулуу шидсэн. Тэгээд чулуу шидсэн залуу 5-1 дүгээр байрны чиглэлд зам гараад гүйгээд явсан” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 11 хуудас/

 

4. Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 506 дугаартай ”... П.Тын биед духны зүүн хэсэг буюу зүүн хөмсөгт шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн зовхи, хацар, шанааны зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана” гэсэн дүгнэлт /хх-ийн 23-24х/ болон ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагаа зэргийг шинжлэн судлав.

 

Шинжлэн судалсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үзэв.

 

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Г.Т дүгнэлтдээ “Шүүгдэгчийн гэм буруу хохирогч гэрчүүдийн мэдүүлэг, шүүх эмнэлэгийн шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр нотлогдож тогтоогдож байна. Шүүгдэгч нь нь хохирогчид 500 000 төгрөгийг төлсөн байна Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, 600 нэгжтэй тэнцэх хэмжээгээр торгох ял шийтгэх саналтай байна” гэв.

 

            Шүүх хавтаст хэрэгт авагдсан хохирогч П.Тын мэдүүлэг, гэрч Г.Б, Т.Одбаяр нарын мэдүүлэг, Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүгдэгч Д.Э нь 2019 оны 07 дугаар сарын 26-ны шөнийн 23 цагийн орчим Орхон аймгийн Баян-Өндөр сумын Согоот багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Аялгуу” баарны гадна бусадруу чулуу шидэж П.Тын нүүрэн тус газарт онож, биед нь хөнгөн гэмтэл учруулсан үйл баримт тогтоогдож байна.

 

            Шүүгдэгч Д.Эын үйлдэл нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

            Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д.Эыг яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул ял шийтгэл оногдуулах үндэстэй байна.

 

            Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулж, уг ялыг тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Д.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Эыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600 000  /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Эад оногдуулсан 600 000 төгрөгөөр торгох ялыг 6 сарын хугацаанд сар бүр 100 000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг биелүүлэхгүй бол хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Эад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

 

  6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ц.АЛТАНГАДАС