| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бавалын Баатар |
| Хэргийн индекс | 181/2016/00780/И |
| Дугаар | 181/ШШ2016/01015 |
| Огноо | 2016-10-20 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 10 сарын 20 өдөр
Дугаар 181/ШШ2016/01015
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Баатар даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хиад боржигон овогт С.Д /РД:.............../,
Нэхэмжлэгч: Зуутраг овогт М.М /РД:.............../ нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба,
Хариуцагч: “И-Э” ХХК-д тус тус холбогдох,
“И-Э” ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Сарангэрэл, хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ундрах, гуравдагч этгээд Ш.Төмөрсүх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Золзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.Д, М.М нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 сарын 07-ны өдрийн .......дугаартай шүүгчийн захирамжаар М.М, С.Д нараас 69.450.000 төгрөгийг гаргуулж Ш.Төмөрсүхэд олгохоор шийдвэрлэсэн. Энэ шүүхийн шийдвэрийг албадан биелүүлэх шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад зээлийн барьцааны зүйл Баянзүрх дүүрэг, ......................174 тоотод байршилтай, 2 өрөө 58,6 м.кв бүхий орон сууцыг зах зээл дээр худалдан борлогдох үнийг 113.189.100 төгрөгөөр үнэлсэнд гомдолтой байна.
Дээрх орон сууцны барилга нь 10 давхар бөгөөд 6 давхарт байршилтай, цутгамал бетонон суурьтай, блокон ханатай, үзэгдэх орчин сайн, автомашины зогсоолтой, инженерийн шугам сүлжээний бүрэн байгууламжтай ашиглалтанд ороод удаагүй, шинэ орон сууц юм.
Энэ орон сууц нь зах зээл дээр өнөөдрийн байдлаар 1 м.кв нь 2.260.000 төгрөг, нийт 132.436.000 төгрөгөөр худалдан борлогдоно. Гэтэл орон сууцыг өнөөдрийн зах зээл дээр худалдан борлогдох үнээс 19.246.900 төгрөгөөр доогуур үнэлж өмчлөгч болоод төлбөр төлөгч нарыг хохироож байгаад гомдолтой байна.
Иймд “И-Э” ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.
Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 3 сарын 07-ны өдрийн .......дугаар захирамжаар М.М, С.Д нараас 69.000.450 төгрөгийг гаргуулж Ш.Төмөрсүхэд олгохоор шийдвэрлэсэн.
Тус алба гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2016 оны 5 сарын 31-ний өдөр үүсгэн явуулсан.
Д.Ганчимэгийн өмчлөлийн үүргийн гүйцэтгэлд барьцаагдсан Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Баянмонгол хороолол, ........................ 174 тоот хаягт байрлах, 58.6 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг 2016 оны 7 сарын 28-ны өдрийн ........... тогтоолоор битүүмжлэн, 2016 оны 8 сарын 03-ны өдрийн ................. тогтоолоор хураасан.
Төлбөр төлөгч М.М, С.Д мөн, өмчлөгч Д.Ганчимэг нарт Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу үнийн санал өгөхийг 2016 оны 8 сарын 04-ний өдөр мэдэгдэж, мэдэгдлийг биечлэн өгөхөд үнийн санал өгөхгүй гэдгээ шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлд тусгуулсан.
Иймд төлбөр төлөгч, төлбөр авагч нар үнэлгээг харилцан тохиролцох боломжгүй болсон тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2.2-т зааснаар хөндлөнгийн шинжэзч томилж “И-Э” ХХКомпаниар үнэлүүлэхэд 113.189.100 төгрөгөөр үнэлсэн.
Талуудад 2016 оны 8 сарын 12-ны өдрийн 3/25517 тоот мэдэгдлээр хөрөнгийн үнэлгээг танилцуулан, тэмдэглэл үйлдэн гарын үсэн зуруулан баталгаажуулсан.
Монгол Улсын дээд шүүхийн 2007 оны 11 сарын 29-ний өдрийн 43 дугаар тогтоолд: “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37.3-т заасан “үнэлгээ тогтоосон өдрөөс хойш" гэдгийг шийдвэр гүйцэтгэгч үнэлсэн бол тэмдэглэл үйлдсэн үеэс, 37.2-т зааснаар шинжээч үнэлсэн тохиолдолд үнэлгээ гаргасан өдрөөс хойш тооцно. Гомдол гаргах 7 хоногийн хугацааг үнэлгээ хийгдэхэд төлбөр төлөгч болон төлбөр авагч байлцсан бол энэ өдрөөс” гэж тайлбарласан байдаг.
Өмчлөгч Д.Ганчимэг нь “И-Э” ХХКомпаниар үнэлүүлэхэд байлцсан ба үнэлгээг 2016 оны 8 сарын 10-ны өдөр гаргасан байдгаас үзэхэд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль зүйн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэв.
Хариуцагч “И-Э” ХХК шүүхэд гаргасан тайлбартаа: Манай байгууллага нь Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны дарга, хурандаа Т.Энхбатын 2016 оны 8 сарын 09-ний өдрийн тогтоолын дагуу Баянзүрх дүүрэг, 12 дугаар хороо, Баянмонгол хороолол /13311/, Их Монгол улсын гудамжны 414-р байрны 174 тоотод байршилтай 58.6 м.кв хэмжээтэй 2 өрөө орон сууцны зах зээлийн үнэ дэнийг тодорхойлж 2016.08.10-ны өдрийн №54/08 дугаартай үнэлгээний тайланг хүргүүлсэн билээ.
Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь “Хөрөнгийн үнэлгээний тухай хууль”-ийн 11.1.4-д заасан “хөрөнгийн үнэлгээний тайлангийн талаар үнэлгээчнээс тайлбар авах” тухай эрхийн дагуу дараах тайпбарыг хүргүүлж байна.
1.Манай байгууллага нь 1999 оноос хойш үл хөдлөх болон хөдлөх хөрөнгө, бизнес үнэлгээ, зөвлөх үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа шилдэг компани юм. Тухайн үнэлгээний ажлыг манай байгууллагын үнэлгээ хийх тусгай зөвшөөрөлтэй, мэргэшсэн үнэлгээчин Э.Ганбаатар болон үнэлгээчний туслах И.Золбоо нар хийж гүйцэтгэсэн. Эдгээр ажилчид нь Монголын мэргэшсэн үнэлгээчдийн институтээс зохион байгуулсан анхны уралдаанд “Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний аргачлал”-ын төрөлд тэргүүн байр эзэлж байсан өөрсдийн мэргэжлийн чиглэлээр салбартаа манлайлагч ажилчид юм.
2.Үнэлгээний тайланг “Хөрөнгийн үнэлгээний тухай”, “Үнэлгээний Олон Улсын Стандарт”, “Нягтлан бодох бүртгэл”-ийн болон бусад холбогдох хууль, журмын дагуу чанар байдал, ёс зүйн дагуу үйлдсэн болно.
3.“Хөрөнгийн үнэлгээний эд зүйл”-ийн “Үнэ цэнэ”-ийг тодорхойлохдоо “Орлогын халдлага”, “Зах зээлийн хандлага”, “Зардлын хадцлага”-ын аргыг апгагласан болно.
4.Тухайн орон сууцны өнөөгийн зах зээлийн үнэ цэнийг тогтоохдоо байршил, барилгын хийц, засвар, инженерийн шугам сүлжээнд холбогдсон байдал, орчин, ашиглалтанд орсон он зэргийг үндэслэхээс гадна тухайн үеийн ижил төсөөтэй барилга, орон сууцны м.кв-ийн дундаж үнийг баримталдаг. Ингэхдээ интернэт худалдааны сайтууд, үл хөдлөх хөрөнгө зуучлалын байгууллагууд, бусад мэдээллийн эх үүсвэрүүдийг ашиглан судалгаа хийж өөрсдийн мэдлэг, чадвар дээр суурилан зах зээлийн үнийг тогтоосон болно.
5.Бид М.М болон С.Д нарын нэхэмжлэлтэй танилцсан бөгөөд “нэхэмжлэлийн үндэслэл” хэсэгт байгаа “зах зээл дээр өнөөдрийн байдлаар 1 м.кв нь 2,260,000 төг байгаа” гэснийг хаанаас, ямар судалгаа, үндэслэлээр тайлбарласан нь тодорхойгүй, үндэсгүй гэж үзэж байгаа бөгөөд үнэлгээний тайланг албан ёсны, шаардлагад нийцсэн, бодитой гэж үзэж байна.
6.Энгийн байдлаар тухайн орон сууцны өнөөгийн үнэ, цэнийг дараах эх үүсвэрүүд, холбогдох мэргэжилтнүүдээс судлах боломжтой.
7.Үнэлгээнии тайлан нь тодорхой үндэслэлээр эрх бүхий байгууллагын дүгнэлтээр хууль зөрчсөн, шаардлага хангахгүй байгаа нь тогтоогдвол шинжээч нь хариуцлага хүлээх чадвартай болно.
Гуравдагч этгээд Ш.Төмөрсүх шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М.М, С.Д нарын нэхэмжлэлтэй, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн алба, “И-Э” ХХК-д тус тус холбогдох, “И-Э” ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэрэгт бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр тайлбарыг гаргаж байна.
М.М, С.Д нар нь 2015 оны 8 сарын 24-ний өдөр Ш.Төмөрсүх надаас 50.000.000 төгрөгийг 2 сарын хугацаатай, 4 хувийн хүүтэйгээр зээлийн гэрээ байгуулсан. Уг зээлийн гэрээний барьцаанд Д.Ганчимэгийн өмчпөлийн Ү-2204030102 тоот эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээтэй, Баянзүрх дүүргийн 12-р хороо, Баянмонгол хороолол,/13311/, Их Монгол Улсын гудамж, 414-174 тоотод байрлах 58,6 мкв талбайтай, 2 өрөө орон сууцыг барьцаалж барьцааны гэрээ байгуулсан болно.
Зээлийн гэрээний хугацаа дууссан ч зээлдэгч М.М, С.Д нар нь зээлийн гэрээний үүргээ гүйцэтгээгүй ба зээлдүүлэгч Баянгол, Хан-Уул, Сонгино- Хайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд 2016 оны 3 сарын 07-ны өдрийн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж гарсан байдаг. Уг захирамжид зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүргийн төлбөр 68.500.000 төгрөгийг М.М, С.Д нар нь 2 сарын хугацаанд төлж барагдуулахаар тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон.
Мөн энэ хугацаа өнгөрсөн ч зээлийн гэрээний үүргээ гүйцэтгээгүй тул барьцаа хөрөнгөөр шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх ажиллагааг явуулж эхэлсэн.
Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба, ШШГТХ-д заасны дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг зохих ёсоор явуулж байсан ба мэргэжлийн байгууллагыг шинжээчээр томилж, зах зээлд тохиросон үнэлгээг тогтоосон.
Төлбөр төлөгч болон өмчлөгч нар барьцаа хөрөнгийн үнэлгээнд, үнийн санал гаргахгүй тухайгаа мэдэгдэж, мөн үнэлгээ тогтооснос хойш хуульд заасан хугацаанд гомдлоо гаргаагүй байна.
Иймд М.М, С.Д нарын нэхэмжлэлтэй, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн алба, “И-Э" ХХК-д тус тус холбогдох “И-Э” ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.
Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.Д, М.М нар нь хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба, “И-Э” ХХК-д тус тус холбогдуулан “И-Э” ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай гомдлын шаардлага гаргажээ.
Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтнэх алба шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж, хариуцагч “И-Э” ХХК үнэлгээний тайланг холбогдох хууль, журмын дагуу үйлдсэн гэж тус тус маргаж, гуравдагч этгээдийн хариуцагч нарын төлөөлөгчийн татгалзлыг дэмжсэн байна.
Шүүх, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 сарын 07-ны өдрийн 102/ШШ2016/0.......дугаар шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байгаа болох нь Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2016 оны 5 сарын 31-ний өдрийн Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай 16270933 дугаар тогтоолоор тогтоогдсон, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч Иргэний хуулийн 177.1.-д заасны дагуу барьцааны хөрөнгийн үнийн талаар тохиролцоогүй тул Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2016 оны 8 сарын 09-ний өдрийн 118 дугаартай Шинжээч томилох тухай тогтоолоор шийдвэрт дурдсан барьцаа хөрөнгийн үнэлгээ тогтоолгохоор шинжээчээр “И-Э” ХХК-ийг томилжээ.
“И-Э”” ХХК нь барьцаа хөрөнгийг 2016 оны 8 сарын 10-ны өдөр үнэлж, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2015 оны 8 сарын 12-ны өдрийн 3/25516, 3/25517 тоот албан бичгээр анхны албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоосон мэдэгдлийг төлбөр төлөгч нарт хүргүүлсэн байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т “төлбөр төлөгч, төлбөр авагч эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо үнэлгээ тогтоосон өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно” гэж заасан.
Нэхэмжлэгч нар нь “И-Э” ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба, “И-Э” ХХК-д тус тус холбогдуулан гаргасан гомдлоо хуульд заасан хугацаа хэтрүүлэн гаргасан байгаа нь нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэл болж байна.
Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу шийдвэрлэн, нэхэмжлэгч нарын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 652.800 төгрөгийг улсын төсвийн орлогоос буцаан гаргуулж, нэхэмжлэгч нарт олгох нь зүйтэй.
Шүүх, хариуцагч “И-Э” ХХК-д шүүх хуралдааны товыг хуульд заасны дагуу мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй, хэргийн оролцогч хариуцагч “И-Э” ХХК-ийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3.-т зааснаар хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3. дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3.-т заасныг баримтлан Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба, “И-Э” ХХК-д тус тус холбогдох, “И-Э” ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай С.Д, М.М нарын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 58.1.-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 723.000 төгрөгөөс 70.200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, Улаанбаатар хотын банк Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн 2611192214 дугаарын дансанд 2016 оны 8 сарын 17-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 732.000 төгрөгөөс 652.800 төгрөгийг Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс, орон нутгийн төсвийн орлогын 200600910 даснаас буцаан гаргуулж нэхэмжлэгч С.Д, М.М нарт олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.БААТАР