Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2026/01037

 

 

*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч О.Одгэрэл, Н.Гэрэлтуяа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 192/ШШ2026/00928 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: *******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******т холбогдох,

Орон сууц албадан чөлөөлүүлэх тухай үндсэн,

81,272,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Н.Гэрэлтуяа илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Анулан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

1.1. ******* миний бие *******-ийн захирал бөгөөд өөрийн ажилтан, үеэл дүү болох *******, түүний эхнэр ******* нарт итгэж, нэгнийгээ дэмжих зорилгоор орон байртай болох хүслийг нь дэмжиж 2023 оны 06 дугаар сарын 29-ний өдөр *******наас 155,500,000 төгрөгийн орон сууцны зээлийг манай компанийн нэр дээр авахуулж, 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдөр *******-тай *******д байрлах, 52.37 м.кв талбайтай орон сууцыг нийт 172,821,000 төгрөгөөр худалдан авч, 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдөр өмчлөгчөөр бүртгүүлж, ******* дугаартай гэрчилгээ авсан.

1.2. Гэтэл ******* нь хэлсэн амандаа хүрэхгүй, сар бүрийн зээлийн төлөлтөө төлж чадахгүйн зэрэгцээ компанийн нягтлан бодогчоос байрны урьдчилгаад зээлж авсан мөнгө болон *******гийн ахын нэр дээрх 1 өрөө байрыг барьцаалсан зэрэг бүх өрөнд намайг унагаад 2024 оны 05 дугаар сард ажлаа хаяад явсан, одоог хүртэл уг орон сууцанд амьдарсаар байна.

1.3. *******, ******* нар хоорондын маргааны улмаас салсан, одоо миний өмчлөлийн байранд ******* амьдарч байгаа тул хариуцагчаар *******ийг тодорхойлсон, одоогийн байдлаар *******ийн эзэмшилд маргаан бүхий орон сууц байгаа. Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасны дагуу *******д байрлах, 52.37 м.кв талбайтай орон сууцыг *******ийн хууль бус эзэмшлээс чөлөөлж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Миний бие *******тай 2009 оны 08 дугаар сарын 19-ний өдөр гэрлэлтээ батлуулж, 4 хүүхдийн аав, ээж болсон. ******* нь 2022 оны 08 дугаар сараас 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд *******ын *******-д жолоочоор ажиллаж байсан. *******г ажиллаж байх хугацаанд ******* нь 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Иргэд хоорондын хэлцэл байгуулж, 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх 18 сарын хугацаанд тасралтгүй цалин хөлстэйгөөр ажилласан тохиолдолд урамшуулал болгон 30,000,000 төгрөгийн үнэ бүхий ******* улсын дугаартай, Мицубиши файтер маркийн автомашиныг *******гийн эзэмшилд шилжүүлж өгөхөөр тохиролцсон.

2.2. ******* 19 сар тасралтгүй *******ын компанид ажилласан ч тохиролцсон автомашинаа өмчлөлд шилжүүлж өгөөгүй, харин та нар орон сууцтай болооч би тусалъя, дэмжье гэсэн санал тавьсан. Ингээд *******од байрлах, 52.37 м.кв талбай бүхий, 2 өрөө орон сууцыг 172,821,000 төгрөгөөр худалдаж авахаар болж, урьдчилгаа төлбөрт 10 хувь буюу 17,321,000 төгрөгийг ******* бид хоёр бүрдүүлж, уг орон сууцыг барьсан *******-ийн данс руу 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдөр шилжүүлсэн. ******* нь 2022 оны 08 дугаар сараас 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд *******ын *******-д жолоочоор ажиллаж байсан бөгөөд дээрх орон сууцны урьдчилгаа төлбөрийг бүрдүүлэхдээ 8,000,000 төгрөгийг 2 хувийн хүүтэйгээр *******-ийн нягтлан бодогч *******ээс зээлсэн. Уг зээлийн хүүг сар болгон миний бие нягтлан *******ийн дансанд төлж, үндсэн төлөлтийг ******* төлсөн. Орон сууны үлдэгдэл төлбөрийг ******* зээл хийн төлж, гэрчилгээ 2023 онд *******ын нэр дээр гарсан. Зээлд 2023 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс 2024 оны 07 дугаар сарын 10-ны өдрийг дуустал нийт 13 сарын төлөлт болох 28,951,000 төгрөгийг ******* бид хоёр ээлжилж *******ын данс руу хийдэг байсан. Заримдаа нөхөр *******гийн цалингаас ******* суутгаж авдаг байсан.

2.3. Бид 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс тухайн маргаан бүхий орон сууцанд амьдарч эхэлсэн бөгөөд амьдарч байх хугацаандаа гал тогооны тавилга 5,000,000 төгрөг, цонхны хаалт 300,000 төгрөгөөр, том өрөө болон жижиг өрөө, гал тогоо, үүдэнд нийт 5 абжурыг нийт 1,000,000 төгрөгөөр тус тус худалдаж авч суурилуулсан.

2.4. ******* нь *******тай байгуулсан 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Иргэд хоорондын хэлцэл-ийн дагуу автомашинаа шилжүүлэхгүй байгаа бөгөөд үүний улмаас бид орон сууцны төлбөрийг цаашид төлөх боломжгүйд хүрч, эд хөрөнгө, цаг хугацааны хувьд хохироод байна. Мөн энэ хугацаанд нөхөр маань өөрийн эгч *******тай нийлж үгсэн хуйвалдсанаар орон сууцны зээлийн төлөлтийн асуудал маань гацаанд орсон. ******* бид хоёрын хувьд 28,951,000 төгрөгийг орон сууцны төлбөрт *******ын данс руу шилжүүлсэн, мөн орон сууцны урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн 17,321,000 төгрөг, гал тогооны тавилга 5,000,000 төгрөгөөр хийлгэсэн, нийт 51,272,000 төгрөгийн хөрөнгийг тухайн маргаан бүхий орон сууцанд оруулсан.

2.5. *******аас надад 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр ...18,000,000 төгрөгийг чинь буцааж төлье, үүнийг аваад гараарай... гэж хэлсэн, би зөвшөөрсөн ч тэр хэлсэн амнаасаа буцсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

3. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

3.1. ******* бид хоёрын хувьд 28,951,000 төгрөгийг орон сууцны төлбөрт *******ын данс руу шилжүүлсэн, мөн орон сууцны урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн 17,321,000 төгрөг, гал тогооны тавилга 5,000,000 төгрөгөөр хийлгэсэн нийт 51,272,000 төгрөгийн хөрөнгийг тухайн маргаан бүхий орон сууцанд оруулсан. Иймд *******д байрлах, 52.37 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцанд хөрөнгө оруулсан 51,272,000 төгрөг, 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн хэлцлийн дагуу ******* улсын дугаартай Мицубиши файтер маркийн автомашины төлбөрт 30,000,000 төгрөг, нийт 81,272,000 төгрөгийг нэхэмжлэгч *******аас гаргуулж өгнө үү гэжээ. 

4. Нэхэмжлэгчийн сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбар, татгалзлын агуулга:

4.1. 2022 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр ******* улсын дугаартай Ниссан файтер маркийн ачааны автомашин дээр нэмээд 16,600,000 төгрөгийг өгч, өөрийн унаж хэрэглэж байсан Лексус 450 маркийн суудлын автомашинаар солилцсон. Тухайн үед *******ийн нөхөр ******* нь *******-д хэдхэн хоног манай нөхөртэй хамт түлш түгээлт хийж ажиллаж байсан. Гэсэн хэдий ч түлш түгээлтээр явж өгнө гэсэн учраас ачааны машиныг *******гаар бариулахаар болсон. Машинаар ажлаа хийж байх хугацаандаа надад тавьсан санал нь ...би энэ машиныг унаад 6 сар яваад өөрийн болгоё. Компанийн ажлыг хийж өгөөд эвдрэл гэмтэлгүй, ажлаа сайн хийе, 3 тойрог алдахгүйгээр явж өгье... гэсэн. Гэвч тухайн 6 сар нь нэг жил, 6 сар болж хойшлогдож ажил хийхэд хүндрэлтэй нөхцөлүүд үүссэн. *******г ******* элдвээр хэлж хэрэлдэж ажлаа үргэлжлүүлэх боломжгүй болгосон гээд ажлаа орхиод явсан.

Иймд орон сууц, автомашины талаарх тохиролцсон зүйлс бүгд худал болсон. *******гийн өмнөөс 2 жил зээл төлөх хүндрэлтэй байна, байгууллагын хувьд давхар зээл авч чадахгүй үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэх боломжгүй болсон. *******, ******* нар хоорондын үл ойлголцол, маргаанаа надад хамааруулаад байгааг ойлгохгүй байна. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

5.1. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 205.2.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан ******* тоотод байрлах 52.37 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг нэхэмжлэгч *******ын эзэмшил, ашиглалтад шилжүүлж өгөхийг хариуцагч *******т даалгаж, нэхэмжлэгч *******аас 35,699,300 төгрөгийг гаргуулж, хариуцагч *******т олгож, сөрөг нэхэмжлэлээс үлдэх 45,572,700 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөг, хариуцагчаас сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 566,310 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 336,446 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

6. Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

6.1. Анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, хэргийн үйл баримтыг тодруулалгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна. Хариуцагч нь тус шүүхэд хууль ёсны өмчлөгч миний гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч татгалзлаа илэрхийлж, үндсэн нэхэмжлэлтэй хамтатган шийдвэрлүүлэхээр гаргасан 81,272,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргасан. Үүнийг шүүх шийдвэрлэхдээ нэхэмжлэгч *******аас 35,699,300 төгрөгийг гаргуулж, хариуцагч *******т олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 45,572,700 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Учир нь нэхэмжлэгчийн хувьд хариуцагч *******тэй ямар нэгэн иргэд хоорондын хэлцэл болон байр худалдах-худалдан авах аман хэлцэл огт хийгдээгүй. Өөрийн үеэл дүү болох хариуцагчийн нөхөр болох *******тай манай байгууллагад идэвхтэй тасралтгүй ажилласан тохиолдолд байрны асуудлыг шийдэж өгье гэж хоорондоо ярьсанд маргадаггүй. Түүнийхээ дагуу урьдчилгаанд хариуцагч ******* биш ******* өөрийн ******* тоот Хаан банкны дансаар 17,283,000 төгрөгийг өгөхдөө *******аас 8,000,000 төгрөгийг зээлж авсан, түүнийхээ 5,900,000 төгрөгийг буцаан өгсөн, зээлийн сарын төлөлт 16,356,300 төгрөгийг хийсэн байдаг.

6.2. Анхан шатны шүүх ...Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар зохигчид маргаан бүхий 2 өрөө орон сууцны үлдэгдэл 155,000,000 төгрөгийг хариуцагчаас нэхэмжлэгч *******д төлж барагдуулан өөрийн өмчлөлд шилжүүлэн авахаар худалдах-худалдан авах гэрээг зохигчид амаар байгуулсан хуулийн хүчин төгөлдөр гэрээ гэж дүгнэж гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь буцаан өгөх үүрэгтэй... гэж хууль зүйн дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй байна. Уг орон сууц худалдах-худалдан авах аман гэрээг хариуцагч *******тэй хийсэн зүйл огт байхгүй байхад шүүх хэлцэл хийсэн гэж үзэж гэрээний үүргийг шаардах эрхтэй гэж дүгнэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангасан нь буруу байна. Хэдий хариуцагч нь нэхэмжлэгчийн үеэл дүүтэй гэр бүлийн харилцаатай байсан гэдэг ч ******* нь ...хариуцагчаас гэрлэлтээ цуцлуулсан шүүхийн хүчин төгөлдөр шийдвэртэй, мөн нэхэмжлэгчийн *******-д ажиллахаа больсон, ажлаас гарсан, мөн зээлээ өөрөө төлж байсан, ******* төлдөггүй байсан, *******тэй ямар нэгэн аман хэлцэл гэрээ хийгээгүй, надтай ярьсан зүйл нэхэмжлэгч бид хоёрын дунд байдаг, би зээлийг нь төлж чадахгүй байсан учраас байрыг нь чөлөөлж буцааж өгөхөд татгалзах зүйлгүй... гэж гэрчийн мэдүүлэгтээ хэлсэн. Тиймээс Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1 дэх хэсэгт заасны дагуу ******* шударга эзэмшигч биш болно. *******тай амаар тохиролцсон зүйл байсан, амлалтаа биелүүлээгүй учраас шударга эзэмшигч болох *******гийн эзэмшил, ашиглалт дууссан гэж үзэж байна.

6.3. Мөн орон сууцанд хийсэн засварын ажлыг салгах боломжгүй зүйл гэж үзэн засварт оруулсан 2,060,000 төгрөгийг гаргуулсан нь үндэслэлгүй байна.

6.4. Тус иргэний хэргийн маргааны зүйл болж байгаа орон сууц нэхэмжлэгчийн хууль ёсны өмч болох нь улсын бүртгэлээр нотлогдох, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан нотлох баримт гаргах ба цуглуулах, бүрдүүлэх үүргээ бүрэн хэрэгжүүлсээр байхад хариуцагчийг нэхэмжлэгчийн өмчлөлийн орон сууцанд хууль бусаар оршин сууж байгаа нь тогтоогдоогүй гэж үзэн Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар маргаан бүхий орон сууцыг *******ын эзэмшил, ашиглалтад шилжүүлж өгөхийг хариуцагч *******т даалгах хэсгийг хэвээр үлдээж өгнө үү.

Нэхэмжлэгч ******* нь өөрийн хууль ёсны өмчлөлийн эд хөрөнгийг бусдын хууль бус эзэмшлээс гаргуулах нэхэмжлэл гаргасан байхад, хариуцагчтай худалдах-худалдан авах аман хэлцэл байгуулсан мэтээр шүүх дүгнэж сөрөг нэхэмжлэлийн зарим хэсгийг хангасан нь үндэслэлгүй тул 35,699,300 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож, шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

7. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч талын тайлбарын агуулга:

7.1. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан. Нэхэмжлэгч тал давж заалдах гомдолдоо маргаан бүхий орон сууц худалдан авах хэлцэл нь зөвхөн ******* болон хариуцагчийн нөхөр ******* нарын хооронд үүссэн хүсэл зоригийн илэрхийлэл бөгөөд хариуцагч *******т хамааралгүй гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Учир нь, орон сууц худалдан авах хэлцэл хийгдэх үед *******, ******* нар гэр бүлийн харилцаатай байсан бөгөөд орон сууц авах хүсэл зориг тэдний хэн хэнд нь байсан. Гэвч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ ******* болон ******* нар орон сууц худалдаж авах гэтэл бидэнд зээл гарахгүй байгаа учир та зээл аваад өг гэж гуйсан бөгөөд намайг өрөнд оруулсан гэж дурддаг. Уг тайлбараар тухайн орон сууцыг худалдан авах хүсэл сонирхол хариуцагч болон түүний нөхөрт аль алинд нь байсныг, мөн тэд хүсэл зоригоо нэхэмжлэгчид илэрхийлснийг нотолж байна. Үүний дагуу зээл нэхэмжлэгчийн нэр дээр гарч, хариуцагч нар тухайн орон сууцанд амьдарч эхэлсэн үйл баримт тогтоогдож байна.

7.2. ******* болон ******* нар гэрлэлтээ цуцлуулж маргаан үүсэхэд *******гийн үеэл эгч байр сууриа өөрчилж орон сууцыг худалдаж авах харилцаа нь *******тай хамааралтай бөгөөд *******т хамааралгүй гэж тайлбарлаж байгаа нь өрөөсгөл юм. Хариуцагч ******* нь маргаан бүхий орон сууцыг өнөөдрийг хүртэл шударгаар эзэмшиж, 4 хүүхдийн хамт амьдарч байна. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 243 дугаар зүйлийг баримтлан, талуудын хооронд худалдах-худалдан авах гэрээний харилцаа амаар байгуулагдсан гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлтэй. Хариуцагч нь орон сууцны урьдчилгаанд 283,000,000 төгрөг, зээлийн төлөлтөд 16,356,300 төгрөг төлсөн болох нь дансны хуулга болон гэрч *******гийн мэдүүлгээр нотлогдсон. Орон сууцны өмчлөл нэхэмжлэгчийн нэр дээр хэвээр байгаа тул хариуцагчийн төлсөн төлбөрийг буцаан гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитой үнэлэх зарчимд нийцсэн.

7.3. Түүнчлэн, нэхэмжлэгчийн өмгөөлөгч тайлбарлахдаа 17,283,000 төгрөгийг орон сууцны урьдчилгаанд төлөхдөө уг төлбөрийн 8,000,000 төгрөгийг нэхэмжлэгчээс зээлж орон сууцны урьдчилгаанд оруулсан гэж тайлбарлаж байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт тухайн 8,000,000 төгрөг ямар учиртай мөнгө болох талаар тодорхой дүгнэлт хийсэн байдаг. Тодруулбал, уг мөнгийг нэхэмжлэгчээс хариуцагч руу шилжүүлж, хариуцагч буцаан төлөлт хийсэн буюу нэхэмжлэгч нь 05 дугаар сарын 18-ны өдөр шилжүүлж, 05 дугаар сарын 19-ний өдөр хариуцагчаас гарсан. Уг төлбөрийг нэхэмжлэгчид буцаан төлсөн үйл баримт тогтоогдсон. Гэтэл нэхэмжлэгчийн өмгөөлөгч, төлөөлөгч нар тухайн 35,699,300 төгрөгийн 8,000,000 төгрөг нь нэхэмжлэгчийн мөнгө байсан мэтээр тайлбарлаж байна. Энэ талаарх үйл баримтыг анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсэгт үндэслэл бүхий тайлбар гаргасан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гэж үзэж байгаа тул хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан ...******* тоотод байрлах, 52.37 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг *******ийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх... тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, ...орон сууцны төлбөрт 28,951,000 төгрөгийг *******ын данс руу шилжүүлсэн, мөн орон сууцны урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн 17,321,000 төгрөг, гал тогооны тавилга 5,000,000 төгрөг, нийт 51,272,000 төгрөгийг тухайн маргаан бүхий орон сууцанд оруулсан. Иймд тус орон сууцанд хөрөнгө оруулсан 51,272,000 төгрөг болон 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн хэлцлийн дагуу ******* улсын дугаартай Мицубиши файтер маркийн автомашины төлбөрт 30,000,000 төгрөг, нийт 81,272,000 төгрөгийг нэхэмжлэгч *******аас гаргуулж өгнө үү... гэж сөрөг нэхэмжлэлийн шаардлага гарган маргажээ.

3. Хэрэгт авагдсан нотлох баримтаар дараах үйл баримтууд тогтоогдсон. Үүнд:

3.1. *******, ******* нарын хооронд 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Орон сууц худалдах-худалдан авах гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр ******* тоотод байрлах, 52.37 м.кв талбай бүхий, 2 өрөө орон сууцыг 1 м.кв-ын үнэ 3,300,000 төгрөг, нийт 172,821,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, улмаар нэхэмжлэгч ******* нь 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдөр уг орон сууцны өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгэгдсэн. /хх-6-9/

3.2. ******* болон *******, ******* нарын хооронд байгуулагдсан 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн ******* дугаартай Орон сууцны зээлийн гэрээ-гээр 155,500,000 төгрөгийг 180 сарын хугацаатай, жилийн 15.6 хувийн хүүтэй зээлэн авч, мөн өдрийн ******* дугаартай Үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ-гээр дээрх 2 өрөө орон сууцыг барьцаалсан ба уг зээлийн төлбөрийг ******* төлдөг. /хх-44-51, 89/  

3.3. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 192/ШШ2025/06295 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 210/МА2025/01985 дугаар магадлалаар ******* болон ******* нарын гэрлэлтийг цуцалж шийдвэрлэсэн байх ба уг шийдвэр, магадлалд тэднийг 2009 оноос 2023 оны 10 дугаар сар хүртэл хугацаанд хамт амьдарч, улмаар гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас тус тусдаа амьдарч байгаа талаар дурдсан. /хх-86-88, 181-184/

4. Дээр дурдсан хэргийн үйл баримт, талуудын шүүхэд гаргасан тайлбараар Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д зааснаар ******* нь уг орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгүүлж, гэрчилгээ авснаар түүний өмчлөх эрх баталгаажсан, хариуцагч ******* нь нөхөр *******гийн хамтаар 2023 оны 06 дугаар сард орон сууцтай болох зорилгоор *******тай тохиролцож, түүний *******-тай байгуулсан худалдах-худалдан авах гэрээний дагуу 172,821,000 төгрөгийн үнэ бүхий орон сууцыг урьдчилгаа төлбөр 10 хувийг бүрдүүлэн өгч, уг байранд ******* болон ******* нар хүүхдүүдийн хамт оршин сууж байсан, одоо бодитоор *******ийн эзэмшилд байгаа талаар маргаагүй.

5. Өөрөөр хэлбэл, *******, ******* нар 2023 оны 06 дугаар сард гэр бүл байсан, тэдэнд орон сууцтай болох хэрэгцээ, шаардлага байсныг харгалзан нэхэмжлэгч ******* нь *******, ******* нартай орон сууц худалдах-худалдан авах гэрээ байгуулж, тэдний эзэмшилд өөрийн өмчлөлийн эд хөрөнгийг шилжүүлсэн байх ба *******, ******* нарын гэр бүлийн маргаан үүссэн, мөн ******* нь түүний хамаарал бүхий *******-д ажиллахаа больсон зэргээс шалтгаалан орон сууц худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж, уг орон сууцыг гэрээний нэг тал болох хариуцагч *******ийн эзэмшлээс чөлөөлүүлэхээр шаардсаныг буруутгахгүй.

Ийнхүү орон сууцыг хариуцагч *******ийн эзэмшлээс чөлөөлж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт нийцсэн, хариуцагч тал энэхүү шийдэлд давж заалдах гомдол гаргаагүй.

Харин нэхэмжлэгч талын *******тэй орон сууц худалдах-худалдан авах гэрээ байгуулаагүй, гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар буцаан өгөх үүрэгтэй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй гэх давж заалдах гомдлыг хангах үндэслэл тогтоогдоогүй.

6. Мөн нэхэмжлэгч тал анхан шатны шүүхийн сөрөг нэхэмжлэлийн хангасан үнийн дүн болох 35,699,300 төгрөгт холбогдох хэсгийн урьдчилгаа төлбөрийн 8,000,000 төгрөг болон тавилгад зарцуулсан 2,060,000 төгрөгийг тус тус эс зөвшөөрч гомдол гаргасан талаар давж заалдах шүүх хуралдааны үеэр тайлбарласан.

6.1. Хэргийн 119-120 дугаар талд авагдсан нэхэмжлэгч *******ын ******* дахь ******* тоот дансны хуулгаас үзэхэд *******-ийн нягтлан бодогч *******ийн тус банк дахь ******* тоот данснаас 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдөр 8,000,000 төгрөг Зээл Цээгий гэх утгаар орж ирснийг 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдөр *******гийн ******* дахь ******* тоот дансанд Түрээсийн төлбөр гэх утгаар шилжүүлсэн.

*******гийн ******* дахь ******* тоот данснаас тухайн 8,000,000 төгрөгийг 14,000,000 төгрөг болгон мөн өдрөө Уртнасан 105 808 тоот гэх утгаар, мөн 2023 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 3,283,000 төгрөг, нийт 17,283,000 төгрөгийг *******-ийн ******* тоот данс руу шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон. /хх-131 ар хэсэг/

Улмаар ******* нь 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр *******-ийн нягтлан бодогч *******ийн тус банк дахь ******* тоот данс руу 5,900,000 төгрөгийг Цээгий байр урьдчилгаа зээл буцаав гэх утгаар шилжүүлсэн ба хариуцагч ******* болон түүний нөхөр *******гийн өмнөөс дээрх 8,000,000 төгрөгийн 5,900,000 төгрөгийг *******т төлжээ. /хх-120/

Хариуцагч ******* Нөхөр бид хоёр *******т байрны урьдчилгаа бүрдүүлэх зорилгоор зээлсэн 8,000,000 төгрөгийг буцаан төлсөн гэж, *******гийн дансны хуулгыг ирүүлсэн байх боловч уг дансны хуулгаас үзэхэд *******ийн ******* тоот данснаас 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдөр 300,000 төгрөг Зээл гэх утгаар орж ирснийг 2023 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 320,000 төгрөг болгон Хүү гэх утгаар буцаан шилжүүлсэн, мөн 2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр 160,000 төгрөг, 100,000 төгрөг, 2023 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр 1,000,000 төгрөг, 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 1,300,000 төгрөг, 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 120,000 төгрөг, 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 250,000 төгрөг, 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 1,270,000 төгрөг, 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдөр 100,000 төгрөг тус тус шилжүүлэхдээ гүйлгээний утгад *******, Хүү гэж *******ийн дансанд шилжүүлснийг нэхэмжлэгч *******аар дамжуулж *******ээс зээлсэн гэх 8,000,000 төгрөгийг ******* болон хариуцагч ******* нар буцаан төлсөн гэж тооцох боломжгүй байна. /хх-129-163/

Ийнхүү хариуцагч ******* нь байрны урьдчилгаа бүрдүүлэх зорилгоор *******аас зээлж авсан 8,000,000 төгрөгийг буцаан төлсөн үйл баримт тогтоогдохгүй байх тул орон сууцны урьдчилгаа төлбөрт *******-д шилжүүлсэн 17,283,000 төгрөгөөс 8,000,000 төгрөгийг хасаж тооцох нь зүйтэй байх ба шүүх энэхүү 8,000,000 төгрөгийг *******гаас жич нэхэмжлэх нь зүйтэй гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт нийцээгүй.

6.2. Түүнчлэн хариуцагчийн гал тогооны тавилга хийлгэхэд зарцуулагдсан гэх 2,060,000 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулж хариуцагчид олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болсон.

Тодруулбал, шүүх 2,060,000 төгрөгийг *******, ******* нар гал тогооны тавилга авахад зарцуулсан нь *******гийн дансны хуулгаар тогтоогдсон /хх-137/ гэж дүгнэж, уг мөнгийг нэхэмжлэгч *******аас гаргуулж хариуцагч *******т олгохоор шийдвэрлэхдээ тухайн тавилгыг салган авч явах боломжтойг анхаараагүй байна.

Иргэний хуулийн 85 дугаар зүйлийн 85.1 дэх хэсэгт зааснаар устгах буюу зориулалтыг нь алдагдуулахгүйгээр салгаж үл болох бүрдэл хэсэгт нь хуульд заасан тохиолдолд иргэний эрх зүйн харилцааны бие даасан объект болох бөгөөд энэ тохиолдолд гал тогооны тавилга нь салгаж үл болох объектод хамаарахгүй тул тавилгын үнэ 2,060,000 төгрөгийг сөрөг нэхэмжлэлийн хангасан үнийн дүнгээс хасаж тооцох нь зүйтэй гэж дүгнэв.

7. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас хангасан үнийн дүн болох 35,699,300 төгрөг гэснийг 25,639,300 төгрөг гэж өөрчилж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, мөн гүйцэтгэсэн үүргийн шинж чанараас шалтгаалан биет байдлаар эргүүлж өгөх боломжгүй тухай Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.2.1-д заасан хуулийн заалтыг тогтоох хэсэгт баримталсан нь үндэслэлгүй тул уг заалтыг хассан өөрчлөлтийг тус тус оруулна.

Мөн шүүх улсын тэмдэгтийн хураамжийг хуваарилахдаа үндсэн нэхэмжлэлийн шаардлага хангасантай холбоотой 70,200 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгоогүйг залруулж, хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн үнийн дүнд өөрчлөлт оруулсан тул уг хангасан хэмжээнд төлбөл зохих улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгчээс гаргуулж хариуцагчид олгохоор шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтад холбогдох найруулгын өөрчлөлтийг оруулав.

8. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 192/ШШ2026/00928 шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтаас 205.2.1 гэснийг хасаж, 35,699,300 гэснийг 25,639,300 гэж, 45,572,700 гэснийг 55,632,700 гэж,

2 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөг, хариуцагчаас сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 564,310 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид, нэхэмжлэгчээс 286,146.5 төгрөгийг гаргуулж хариуцагчид олгосугай гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 337,000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ

ШҮҮГЧИД О.ОДГЭРЭЛ

Н.ГЭРЭЛТУЯА