Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 210/МА2026/00265

 

 

******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, Ерөнхий шүүгч Д.Нямбазар, шүүгч Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 197/ШШ2025/17148 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч *******холбогдох

Эд хөрөнгийн үнэлгээний тайланг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Минжин нар оролцов. 

ХЯНАВАЛ:

 

1.Давж заалдах шатны шүүх хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хянан үзээд, гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2.Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч *******холбогдуулан эд хөрөнгийн үнэлгээний тайланг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан гэж маргажээ.

 

3.Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, дор дурдсан үйл баримтыг зөв тогтоосон байна.

3.1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.12.15-ны өдрийн 183/ШШ2023/04250 дугаар шийдвэрээр ******* ХХК-аас 2,650,948,028.05 төгрөг гаргуулж *******ХК-д олгож, шийдвэрийг сайн дураар эс биелүүлвэл эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаартай, 2664 м.кв талбайтай, Хан-Уул дүүрэг, 13 дугаар хороо, ******* хэсэг гудамж, ******* тоот хаягт байршилтай хүнсний үйлдвэрийн барилга, эрхийн улсын бүртгэлийн Г-*******дугаартай, дээрх хаягт байрлах үйлдвэрийн барилга байгууламж, бусад газар зэрэг үл хөдлөх эд хөрөнгөөс үүргийг гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэжээ.

3.2.Дээрх шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр шийдвэрлэсэн Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024.06.19-ний өдрийн 183/ШЗ2024/14017 дугаар захирамж, шүүхийн 183/ГХ2024/01209 дугаар гүйцэтгэх хуудсыг үндэслэн Банкны төлбөр барагдуулах газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2024.09.18-ны өдрийн 24361505 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэжээ.

Тус 24361505 дугаар тогтоолд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 207 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч, дэслэгч *******явуулахаар заасан байх боловч шийдвэр гүйцэтгэх ажиллагааны баримтуудаас үзэхэд 293 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч *******ажиллагааг явуулжээ.

Төлбөр төлөгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2, 33.1.3-т зааснаар холбогдох тэмдэглэл, бусад баримт бичигтэй танилцах, тэдгээрийн хуулбарыг авах, нэмэлт баримт бичиг гарган өгөх, тайлбар гаргах; иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад үүссэн асуудлаар санал, хүсэлт гаргах эрхтэй. Түүнчлэн мөн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3, 44.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр гүйцэтгэгчийн явуулсан арга хэмжээ, түүний гаргасан шийдвэрийг зөвшөөрөөгүй тохиолдолд хуульд заасан журмын дагуу ахлах болон ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид, улмаар шүүхэд гомдол гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй бөгөөд дээрх тогтоолын талаар нэхэмжлэгч нь зохих санал, хүсэлт, гомдол гаргаагүй байх тул одоо үнэлгээний талаарх гомдлынхоо үндэслэл болгох боломжгүй.

3.3.Шийдвэр гүйцэтгэгчийн 2025.06.05-ны өдрийн 24361505/6 дугаар тогтоолоор шийдвэрт заасан барьцаа хөрөнгө болох үл хөдлөх эд хөрөнгө, газар, барилга байгууламжийг битүүмжилж, 2025.08.29-ний өдрийн 24361515/7 дугаар тогтоолоор хураасан байна.

 

4.Төлбөр төлөгч дээрх хөрөнгийг 12,000,000,000 төгрөгөөр үнэлэх санал ирүүлсэн, төлбөр авагч шинжээч томилж үнэлгээ тогтоолгох хүсэлт гаргасан, өөрөөр хэлбэл төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч нар Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар үнийн талаар тохиролцоогүй байх тул шийдвэр гүйцэтгэгчийн 2025.09.11-ний өдрийн 9/59 дугаар тогтоолоор *******ХХК, түүний үнэлгээчин *******ийг шинжээчээр томилжээ.

4.1.Үнэлгээчин *******д Монголын мэргэшсэн үнэлгээчдийн институтын Удирдах зөвлөлийн 2023.05.12-ны өдрийн 10 дугаар тогтоолоор олгогдсон хугацаагүй эрхтэй үнэлгээчний гэрчилгээ хэрэгт авагдсан байна.

Түүнчлэн анхан шатны шүүх хуралдаанд ******* гэрчийн мэдүүлэг өгөхдөө *******ХХК нь Сангийн яамнаас олгогдсон үнэлгээ хийх тусгай зөвшөөрөлтэй талаар нийтэд нээлттэй мэдээлэл байгаа талаар мэдүүлсэн нь үндэслэлтэй. Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.10-т үнэлгээний хуулийн этгээд гэж хөрөнгийн үнэлгээний үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авсан компанийг, 3.1.11-т үнэлгээчин гэж хуулийн 15.1-д заасан үнэлгээ хийх эрх авсан иргэнийг тус тус ойлгохоор заасан ба Сангийн сайдын 2023.10.10-ны өдрийн 196 дугаар тушаалаар *******ХХК-д хөрөнгийн үнэлгээний үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг 5 жилийн хугацаагаар олгосон болох нь тухайн яамны цахим хуудаст байршсан нийтэд нээлттэй мэдээлэл байна.

Өөрөөр хэлбэл шинжээч томилох тухай тогтоолд заасан *******ХХК, түүний үнэлгээчин ******* нар нь үнэлгээ хийх эрх бүхий этгээдэд хамаарч байхаас гадна *******ХХК-ийн үнэлгээчин *******д хуульд заасан эрх, үүргийг тайлбарласан, уг этгээд үнэлгээг хийсэн байна.

4.2.Үнэлгээчин ******* нь 2020.01.15-ны өдөр ******* ХХК-ийн өмчлөлд байгаа үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн бодит үнэ цэнийг тодорхойлох үнэлгээний тайлан гаргасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.4.2-т заасан урьд нь хийсэн шинжилгээ, түүний үндсэн дээр гарсан дүгнэлт уг ажиллагааны үндэс болсон бол гэсэн шинжээч шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцохыг хориглосон үндэслэлд хамаарахгүй. Түүнчлэн Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт заасан үнэлгээчинд хориглох нөхцөлүүдэд хамаарахгүйг шүүх зөв дүгнэжээ.

Дээр дурдсанчлан шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд тодорхой ажиллагаатай холбоотой тэмдэглэл, бусад баримт бичигтэй танилцах, тэдгээрийн хуулбарыг авах, нэмэлт баримт бичиг гарган өгөх, тайлбар гаргах эрхтэй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 43 дугаар зүйлд зааснаар шинжээчээс томилсон талаар мэдэгдээгүйгээс татгалзах эрхээ эдлээгүй гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй. Шинжээчээс татгалзах хүсэлт гаргах үндэслэл, журам, мөн тухайн хүсэлтийг шийдвэрлэх журмыг тус хуулийн 43.5, 43.7, 43.8 дахь хэсэгт дэлгэрэнгүй зохицуулсан ба нэхэмжлэгч уг журмын дагуу эрх бүхий ахлах шийдвэр гүйцэтгэгчид бичгээр хүсэлтээ гаргаж урьдчилан шийдвэрлүүлээгүй байна.

Иймд шийдвэр гүйцэтгэгчийн 2025.09.11-ний өдрийн 9/59 дугаар тогтоолыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасанд нийцсэн гэж дүгнэнэ.

 

5.Шинжээч нь ******* ХХК-ийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, ******* хэсэг гудамж, ******* тоот хаягт байршилтай үл хөдлөх хөрөнгө, тус хаягт байрлах 14988 м.кв талбайтай эзэмших эрхтэй газрын зах зээлийн үнэ цэнийг 8,627,000,000 төгрөгөөр үнэлсэн.

5.1.Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.4-т зааснаар Сангийн сайд, Барилга, хот байгуулалтын сайдын 2024.07.08-ны өдрийн А133, А/126 дугаар хамтарсан тушаалаар баталсан Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хийх аргачлалын 3.1-д Үнэлгээчин нь үнэлгээг дараах ажлын үе шатыг баримтлан хийнэ: гэж, 3.1.2-т үнэлгээний зүйлтэй биечлэн танилцаж, ажлын төлөвлөгөө, хуваарийг боловсруулах гэж заасан ба анхан шатны шүүх гэрч *******ийн мэдүүлэгт үндэслэн үнэлгээчин уг заалтыг зөрчөөгүй гэж дүгнэсэн нь зөв. Хэргийн баримтаар үнэлгээчний туслах үзлэг хийх, зураг авах, хэмжилт хийх, мэдээлэл цуглуулах зэрэг ажлуудыг гүйцэтгэсэн нь үнэлгээнд сөргөөр нөлөөлсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүйн зэрэгцээ үнэлгээний хуулийн этгээдээс үнэлгээ хийхэд туслах оролцуулахыг Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2.9-д хориглоогүй байна.

5.2.Үнэлгээний тайланд хөрөнгийн шинж байдлыг тодорхойлон тусгаж, өртгийн хандлагын болон зах зээлийн хандлагын аргаар үнэлсэн, үүнээс зах зээлийн хандлагын аргаар хийсэн үнэлгээнд ач холбогдол өгчээ. Уг аргаар үнэлэхдээ үнэгүй.мн (unegui.mn) сайтад байршсан мэдээллүүдэд үндэслэн, 4 хөрөнгийг сонгож, ашиглалтанд орсон он, зориулалт, хийц, давхар, байршил, дотоод засал, дэд бүтцийн шугам сүлжээ, талбайн хэмжээ зэрэг хүчин зүйлүүдийг тооцон, нэгж талбайн дундаж үнийг 3,238,050 төгрөгөөр тодорхойлж, нийт 8,627,000,000 төгрөгөөр (бүхэлчилсэн дүнгээр) үнэлсэн байна.

Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хийх аргачлалын 3.1, 3.1.5-д зааснаар үнэлгээний тохиромжтой хандлага, аргуудыг сонгох нь үнэлгээчнээс үнэлгээг хийх ажлын нэг үе шат байхын зэрэгцээ нэхэмжлэгч нь уг аргачлалын 6.1-д заасан орлогын хандлагын аргыг хэрэглэх 3 үндэслэл бодитой байгаа талаар тайлбарлаагүй. Өөрөөр хэлбэл, тухайн хөрөнгийн орлого бий болгох чадвар нь үнэ цэнэд нөлөөлөх гол хүчин зүйл байх, ирээдүйн орлогын дүн ба хугацааны талаар ул үндэслэлтэй төсөөллийг хийх боломжтой байх, мөн зах зээлийн жиших мэдээлэл олдоцтой хэдий ч цөөхөн байх гэсэн үндэслэлүүдтэй холбоотой баримт ирүүлээгүй. Анхан шатны шүүх хөрөнгийн үнэлгээний тайланд энэ талаар үндэслэл бүхий тусгагдсаныг зөв дүгнэсэн.

Иймээс хөрөнгийг орлогын хандлагын аргаар үнэлээгүй гэх агуулгаар гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.

5.3.Мөн газар дээр байрлаж байгаа манаачийн байр, амьдрах зориулалттай зуны сууц, гадаад талбайн засвар, сайжруулалт нь шинжээчийн үнэлгээнд хэрхэн нөлөөлөх нь тодорхойгүй байх ба тус хөрөнгүүдийг үнэлээгүй нь нэхэмжлэгчид эдийн засгийн хувьд хохиролтой гэж гомдолд дурдсан нь хэргийн баримтаар тогтоогдоогүй байна. Нэхэмжлэгч нь шинжээчийн тогтоосон үнийг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн гэх нэхэмжлэлийн үндэслэлээ баримтаар нотлоогүйг анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар зөв дүгнэжээ.

Дээрх үнэлгээний тайлан нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-т заасан үнэлгээ бодитой байх зарчимд нийцсэн, мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.3, 8.3.6, 8.3.10-т тус тус заасан хөрөнгийн үнэлгээний зүйлийн тогтоосон үнэ цэнэ зохих үндэслэлтэй, тодорхой байх, хөрөнгийн үнэлгээний зүйлийн төрөл, түүний шинж байдлын тодорхойлолтыг тусгах, хөрөнгийн үнэлгээний зүйлийн үнэ цэнийг тогтооход хэрэглэсэн арга, тэдгээрийн нийцтэй байдлыг заах шаардлагыг тус тус хангажээ.

Анхан шатны шүүх хариуцагчид холбогдуулан гаргасан хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасанд нийцсэн, хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

6.Хариуцагч Банкны төлбөр барагдуулах газрын дарга, хурандаа *******гийн 2025.10.30-ны өдрийн 1-7/6022 дугаар албан бичгээр олгосон итгэмжлэлийн дагуу итгэмжлэгдсэн төлөөлөгч *******хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсэгт Хуулийн этгээд төлөөлөгчөөрөө дамжуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоно, 35.2 дахь хэсэгт Хуулийн этгээдийг төлөөлж байгаа этгээд өөрийн албан тушаал, эсхүл төлөөлөх эрх олгогдсоныг гэрчилсэн баримт бичгийг шүүхэд үзүүлнэ гэж заасныг зөрчөөгүй тул энэ талаарх гомдлыг хүлээн авахгүй.

 

7.Мөн нэхэмжлэгч тал давж заалдах гомдолдоо нэмэлт тайлбар болон шүүхийн шийдвэрийн цахим сангаас хуулбарласан шийдвэрүүд хавсаргасан байх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.4 дэх хэсэгт Энэ хуулийн 161.1-д заасан этгээд давж заалдах гомдлын үндэслэлд анхан шатны шүүхээр хэлэлцэгдээгүй шинэ нотлох баримтыг заах эрхгүй гэж заасан тул тухайн баримтуудыг үнэлэхгүйг дурдав.

 

8.Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн байх тул нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 197/ШШ2025/17148 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* ХХК-аас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2025 оны 12 дугаар сарын 23-ны өдөр төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөнөөс бусад тохиолдолд давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх тул зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч хяналтын журмаар гомдол гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

  

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ    Э.ЭНЭБИШ

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР    

 

ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА