Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2026/01200

 

*******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, шүүгч Б.Ууганбаяр, Т.Гандиймаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 197/ШШ2026/07440 дугаар шийдвэртэй, 

Нэхэмжлэгч: *******ийн нэхэмжлэлтэй,   

Хариуцагч: *******д холбогдох, 

Гэрээний үүрэгт шилжүүлсэн 2,300,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Гандиймаа илтгэснээр хянан хэлэлцэв.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад хариуцагчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан орон сууц хөлслөх гэрээний дагуу төлсөн 2,606,940 төгрөгийг буцаан гаргуулах нэхэмжлэл гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 306,940 төгрөгийг хохиролд тооцон суутгуулж, үлдэх 2,300,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгасныг хариуцагч эс зөвшөөрч, 1 жилийн гэрээ байгуулсан атлаа цас орж хүйтэрсэн үед гэрээгээ цуцалсны улмаас өөр хөлслөгч олдоогүй тул барьцааны 2,000,000 төгрөгийг өгөх үндэслэлгүй, мөн тавилга зөөх, цоожны гол солих, цахилгаан болон орон сууцны ашиглалтын зардал, байрны цэвэрлэгээний төлбөр, нотариатын зардал нийт 606,940 төгрөгийг хохиролд тооцсон гэж маргажээ.  

3. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлээд дараах үйл баримтыг зөв тогтоосон. Үүнд:

3.1. Талууд 2025 оны 6 дугаар сарын 24-ний өдөр “Орон сууц хөлслөх гэрээ”-г байгуулж, уг гэрээгээр ******* нь өөрийн өмчлөлийн ******* тоот хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, 44.49 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 1 жилийн хугацаагаар *******ийн эзэмшилд шилжүүлэх, ******* нь 1 сарын 2,000,000 төгрөгийн хөлс төлөх, уг гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор барьцаа  2,000,000 төгрөг байршуулах үүргийг тус тус хүлээжээ. /хх-ийн 7-8/

3.2. Дээрх гэрээний дагуу ******* нь 2025 оны 6 дугаар сарын 24-ний өдөр 8,000,000 төгрөг, 2025 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр 6,000,000 төгрөг нийт 14,000,000 төгрөг төлсөн, гэрээ цуцлагдаж, орон сууцыг 2025 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүлээлгэн өгсөн, *******гаас 3,393,060 төгрөгийг буцаан хүлээн авсан үйл баримтад талууд маргаагүй, тэдний маргааны зүйл нь хөлсийг бүхэлд нь буцаан шаардах эрхтэй эсэх, барьцааны эрх дуусгавар болсон эсэх асуудал болжээ. /хх-ийн 9-12/

4. Анхан шатны шүүх зохигчийн хооронд Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1, 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт заасан орон сууц хөлслөх болон барьцааны гэрээний харилцаа үүссэн, уг гэрээнүүд хүчин төгөлдөр гэж зөв дүгнэсэн.

4.1. Талууд орон сууц хөлслөх гэрээний 5.4-д “Хөлслөгч нь гэрээг хугацаанаас өмнө цуцлахаар бол 1 сарын өмнө хөлслүүлэгч талд мэдэгдэх үүрэгтэй” гэж тохиролцсон нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасан гэрээний чөлөөт байдлын зарчимд нийцнэ.

Дээрх тохиролцооны дагуу нэхэмжлэгч нь 2025 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр гэрээг цуцлах талаар мэдэгдэж, 2025 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хариуцагч орон сууцыг хүлээн авсан байх тул Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1, 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан журмаар гэрээ цуцлагдаж, дуусгавар болсон гэж дүгнэнэ.

Иймд нэхэмжлэгч нь орон сууцыг эзэмшээгүй хугацааны хөлсийг буцаан шаардах эрхтэй гэж шүүх дүгнэж, уг шаардлагад хариуцагчаас 300,000 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасанд нийцжээ.

5. Талуудын байгуулсан гэрээний 3.4-т “...Барьцааг гэрээгээр тохиролцсоны дагуу аливаа хохирол, төлбөр үүсвэл түүнийг барагдуулахад үл маргах журмаар захиран зарцуулна” гэж тохиролцсон нь Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2 дахь хэсэгт нийцсэн.

Иймд үүргийн зөрчлийн улмаас учирсан хохирлыг барьцаа хөрөнгөөс хангуулах эрхтэй талаарх хариуцагчийн тайлбар үндэслэлтэй.

5.1. Гэвч гэрээгээр тохиролцсон журмын дагуу гэрээ цуцлагдсан тохиолдолд хариуцагч нь цас орж хүйтэрсэн үед гэрээ цуцалсны улмаас өөр хөлслөгч олдоогүй гэх үндэслэлээр барьцааны мөнгөн хөрөнгийг хохиролд тооцож, буцаан өгөхөөс татгалзах эрхгүй байна. Өөрөөр хэлбэл, гэрээ хугацааны өмнө цуцлагдсанд нэхэмжлэгчийг буруутгах үндэслэл тогтоогдоогүй тул барьцааны мөнгөн хөрөнгийг хариуцагчийн олох байсан орлогод тооцохгүй талаарх шүүхийн дүгнэлт зөв.   

5.2. Мөн хариуцагч нь тавилга зөөх, цоожны гол солих, цахилгаан болон орон сууцны ашиглалтын зардал, байрны цэвэрлэгээний төлбөр, нотариатын зардалд нийт 606,940 төгрөгийг хохиролд тооцсон гэх боловч эдгээр зардлыг баримтаар нотлоогүй талаарх шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй.

Харин нэхэмжлэгч нь цахилгаан болон орон сууц ашиглалтын зардал, нотариатын зардалд нийт 306,940 төгрөгийг тооцохыг хүлээн зөвшөөрч, нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан байх ба бусад хохиролд холбогдох зардлууд баримтаар нотлогдоогүй тул барьцааны зүйлээс хасаж тооцох үндэслэлгүй. Иймд Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.1 дэх хэсэгт зааснаар барьцааны эрх дуусгавар болж, мөн хуулийн 160.3 дахь хэсэгт зааснаар барьцааны мөнгөн хөрөнгийг хариуцагч буцаан өгөх үүрэгтэй байна. 

6. Иймээс анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь зөв боловч маргааны зүйлийн талаар хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүй алдааг давж заалдах шатны шүүхээс талуудын тайлбар болон хэрэгт авагдсан баримтын хүрээнд дээрх байдлаар нэмж дүгнэж, шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, шийдлийг хэвээр үлдээв. 

7. Дээрх үндэслэлээр хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 197/ШШ2026/07440 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг “...302 дугаар зүйлийн 302.1” гэсний дараа “205 дугаар зүйлийн 205.1” гэж нэмж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 51,750 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх учир магадлалд хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

                             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             Д.ЗОЛЗАЯА

 

                                             ШҮҮГЧИД                                             Б.УУГАНБАЯР

 

                                                                                                           Т.ГАНДИЙМАА