Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 1109

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сосорбарам,

Улсын яллагч М.Сансарсайхан,

Шүүгдэгч А...., түүний өмгөөлөгч Л.Батаа /ҮД:2418/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийв.

Шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Дүүгүүр овогт ...гийн ...д холбогдох 1908039531269 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авснаар, хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт:

 Монгол Улсын иргэн, 1980 оны 05 сарын 28-ны өдөр Завхан аймгийн ... суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт, Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо, Ногоон чулуут ...тоотод оршин суух, урьд

- 2008 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 3 жил, 8 сарын хугацааны хорих ялаар,

- 2013 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.2, 181.2.4, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил, 6 сарын хугацааны хорих ялаар тус тус шийтгэгдсэн, Дүүгүүр овогт ...гийн ... /.../.

ТОДОРХОЙЛОХ нь:

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн товч агуулга:

А.... нь 2019 оны 07-р сарын 29-30-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, “Ихэр боргио” пабын цонхоор орж иргэн Д....гийн Ленова маркийн нөүтбүүк, 0,75-литрийн Хараа архи зэрэг эд зүйлсийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогчид 962,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ./прокурорын яллах дүгнэлтэнд бичсэнээр/

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

1.Хохирогч Д....гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...би ээлжийн амралтынхаа хугацаанд Сонгинохайрхан дүүргийн 18-р хороо Ихэр Боргио пабыг ажиллуулж байсан. 2019 оны 07 сарын 28-ны өдрийн 01 цагийн үед пабаа хаагаад явсан. Пабаа онгойлголгүй байж байгаад 2019 оны 07 сарын 30-ны өдөр манай доод талын дэлгүүрийн ах эгч 2 залгаад “шөнө танайх ажилласан уу, шөнө 1 цагийн үед хөлийн чимээ сонсогдоод байсан" гэж хэлэхээр нь яваад очтол хаалга цоожтой байсан ба дотор ороход баруун талын цонх онгорхой байсан.Тэгээд алдагдсан эд зүйлээ шалгахад “тек” доор байсан Леново маркийн хар өнгийн нөүтбүүк, ... 0,5 литрийн багтаамжтай Соёрхол нэртэй архи зэрэг эд зүйл алдагдсан байсан. ...” гэх мэдүүлэг /хх 31-33 х/,

2.Иргэний нэхэмжлэгч Г....ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...би Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо Алтай худалдааны төвд лангуун дээрээ 2019 оны 08 дугаар сарын 04 билүү 05-ны аль нэг өдөр худалдаагаа хийгээд сууж байсан. /өдрийг нь тодорхой санахгүй байна./ 15 цагийн үед кейпик малгайтай 40 орчим насны эрэгтэй хүн нэг 40 орчим насны залуутай орж ирээд надад нөүтбүүк зарах гэсэн юм. Энэ нөүтбүүкийг зарчихмаар байна. ломбарданд тавих гэсэн авахгүй байна гээд гуйгаад байсан. Тэгээд би авахгүй гээд байсан эхэндээ 120,000 төгрөгөнд авчих гэж байснаа сүүлдээ 70,000 төгрөгөөр авчихаач гээд гуйгаад байхаар нь би 50,000 төгрөг бэлнээр өгөөд 20,000 төгрөгөнд нь нокиа 1600 маркийн гар утас өгөөд нөүтбүүкийг нь аваад явуулсан. Би нэлээд авахгүй гэж байсан боловч гуйгаад байхаар нь хулгай юм биш үү гэж асуухад биш гэхээр нь би итгээд авсан. Тэгсэн өнөөдөр тухайн надад зарсан нөүтбүүкийг хулгайн эд зүйл болохыг мэдээд би цагдаа дээр тэр нөүтбүүкийг авч ирээд байна. Тэр нөүтбүүк нь Ленова маркийн хар өнгийн нөүтбүүк байсан. Би тэр нөүтбүүкийг ямар нэгэн байдлаар ашиглаагүй байгаа. ... надад тухайн хэргээс болж 70,000 төгрөгийн хохирол учирсан тул 70,000 төгрөгөө нэхэмжилж байна. ...” гэх мэдүүлэг /хх 41 х/,

3.Шүүгдэгч А....ын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…би дэлгүүрээс авсан архиа алдаад хагалчихсан. Тэгээд дэлгүүрээс дахиж архи авах гэсэн тэр дэлгүүр хаалгаа тайлж өгөөгүй. Тэгээд дээшээ 2 давхар руу нь харсан чинь вакуум цонх нь онгорхой байхаар нь 1 давхрын цонхны төмөр сараалжаар авирч дамжин гараад 2 давхрын цонхоор нь орсон чинь паб байсан. Тэгээд би тэр пабаас 1 шил 0.5 граммын хараа архи аваад цонхоор гарах гэсэн чинь Тэкний хажууд нь нэг дөрвөлжин хар юм байхаар нь харсан чинь Нөүтбүүк байсныг аваад буцаад цонхоор нь гараад явсан юм. Тэгээд би шууд гэрлүүгээ очиж унтсан юм. Тэгээд би маргааш хулгай хийсэн Нөүтбүүкийг Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Алтай худалдааны төвд танихгүй залууд 70.000 төгрөгөөр зарсан юм. ...” гэсэн мэдүүлэг /хх 53-55 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

4.Гэрч Б....гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...би өөрийн түрээслэн ажиллуулдаг Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо таван шард байх “Ихэр Боргио” хүнсний дэлгүүрт 2019 оны 07 дугаар сарын 29-ний өдөр сууж байсан дэлгүүр хаах гэж байхад шөнийн 00 цаг болж байхад манай дэлгүүрт 40 орчим насны цайвар кэйпик малгайтай согтуу эрэгтэй хүн орж ирээд 0,5 литрийн Хараа гэдэг архи авч 8,700 төгрөгийн тооцоог өөрийн картаа уншуулж  хийсэн. Тэгээд манай дэлгүүрийн хаах цаг болсон тэр эрэгтэй дэлгүүрээс гарахгүй болохоор нь би дэлгүүрээс тэр хүнийг хөөж гаргаад хаалгаа түгжсэн. Тэгсэн тэр хүн гадаа гарахдаа архиа хагалчихсан ба манай дэлгүүрийн хаалгыг нүдээд байхаар нь би хаалгаа тайлж өгөөгүй юм. Тэгээд дэлгүүрээ хаагаад гэртээ орж амарсан. Маргааш өглөө нь манай дэлгүүрийн 2 давхрын цонхоор хулгай орж нөүтбүүк алдагдсан талаар мэдээд цагдаад хандсан. Тэгээд камерын бичлэг шүүж үзэхэд урьд шөнө нь миний хөөж гаргасан манайхаас архи нэхээд хаалга нүдээд байсан цайвар хувцастай, кэйпик малгайтай хүн хоёр давхар руу авирч гараад хулгай хийж байгаа бичлэг байсан. ...” гэх мэдүүлэг /хх 38-39 х/,

5.Гэрч А...ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Миний дүү ... төлөв даруу зантай, хүнд тусархуу, олны дунд нэр хүнд сайтай хүн байгаа юм. миний дүү ... заримдаа архи уучих гээд байдаг муу зуршилтай хүн байгаа юм. ...” гэх мэдүүлэг /хх 59 х/,

6.Шинжээч О.Баттулгын “...Шинжээч томилсон тогтоолын дагуу хэргийн газраас илрүүлж бэхжүүлж авсан 1 ширхэг гарын мөрийг папилон санд хадгалагдаж байгаа хүмүүсийн гарын дардастай харьцуулах шинжилгээ хийж Г.Эрдэнэбаатар гэдэг хүнийх болохыг тогтоож шинжээчийн дүгнэлтийг гаргасан. Хүний гарын мөр давтагдах боломжгүй. Хүн бүрт зөвхөн өөрт нь байдаг гарын хээний хувийн онцлог шинж тэмдгүүд байдаг. Өөр бусад хүмүүстэй давтагддаггүй. Гарын мөрөнд шинэ хуучин гарын мөр гэж байдаг. Шинжилгээнд ирүүлсэн гарын мөр нь шинэвтэр гарын мөр байсан. Гарын шинэ мөр гэж 1-2 хоног хадгалагдсан мөрийг ойлгодог бөгөөд түүнээс дээш хугацаанд хадгалагдсан гарын мөрийг шинэвтэр, хуучин гэж үзнэ. Анх гарын дардсаа папилон санд өгөхдөө өөрийн овгийг худлаа хэлж хадгалуулсан байх боломжтой. Учир нь бүртгэгдэх үедээ бичиг баримт биед нь байгаагүй учраас өөрийнх нь хэлснээр бүртгэж авсан байна. Тэгээд уг хүний гэрэл зургийг авч давхар хадгалагддаг. ...” гэх мэдүүлэг /хх 215 х/

7.Хяналтын камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд  /хх 8-20 х/

8.Тэнцвэр эстимейт ХХК-ийн хөрөнгийн үэнэлгээний тайлан: “Ленова маркийн нөүтбүүк 950,000 төгрөг, Соёрхол 0,5 шилтэй  архи 12,000 төгрөг, нийт 962,000 төгрөг /хх 23 х/,

9.Эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх 42 х/

10.Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх 45 х/

11.Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 46 х/

12.Шийтгэх тогтоолын хуулбарууд /хх 63-73, 76-78, 79-83/

13.Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 86 х/,

14.Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх 87 х/,

15.Хохирол төлсөн баримт /хх 101, 118 х/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч нараас мэдүүлэг авах, бусад нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд ирүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзсэн.

А.... нь архидан согтуурсан үедээ 2019 оны 07-р сарын 29-30-нд шилжих шөнийн 01 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, “Ихэр боргио” нэртэй хүн байнга үйл ажиллагаа явуулах зориулалттай пабын цонхоор нэвтрэн орж иргэн Д....гийн “Ленова” маркийн нөүтбүүк 1 ш, 0,75-литрийн Хараа архи зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан болох нь:

- Хохирогч Д....гийн “... 2019 оны 07 сарын 30-ны өдөр манай доод талын дэлгүүрийн ах, эгч 2 залгаад “шөнө танайх ажилласан уу, шөнө 1 цагийн үед хөлийн чимээ сонсогдоод байсан" гэж хэлэхээр нь яваад очтол хаалга цоожтой байсан ба дотор ороход баруун талын цонх онгорхой байсан. Тэгээд алдагдсан эд зүйлээ шалгахад “тек” доор байсан Леново маркийн хар өнгийн нөүтбүүк, мөнгөний хайрцагт байсан 40,000 төгрөг, 0,5 литрийн багтаамжтай Соёрхол нэртэй архи зэрэг эд зүйл алдагдсан байсан. ...” гэсэн мэдүүлэг /хх 31-33 х/,

- Иргэний нэхэмжлэгч Г....ийн: “.. .кейпик малгайтай 40 орчим насны эрэгтэй хүн ... орж ирээд надад нөүтбүүк зарах гэсэн юм авчих гээд байхаар нь 70,000 төгрөгөөр авсан. ... надад тухайн хэргээс болж 70,000 төгрөгийн хохирол учирсан ...” гэх мэдүүлэг /хх 41 х/,

- Шүүгдэгч А....ын “… дээшээ 2 давхар руу нь харсан чинь вакуум цонх онгорхой байхаар нь 1 давхрын цонхны төмөр сараалжаар авирч дамжин гараад 2 давхрын цонхоор орсон чинь паб байсан. Тэгээд би тэр пабаас 1 шил 0.5 граммын хараа архи аваад цонхоор гарах гэсэн чинь Тэкний хажууд нь нэг дөрвөлжин хар юм байхаар нь харсан чинь Нөүтбүүк байсныг аваад буцаад цонхоор нь гараад явсан юм. ...” гэсэн мэдүүлэг /хх 53-55 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

- Гэрч Б....гийн “... Маргааш өглөө нь манай дэлгүүрийн 2 давхрын цонхоор хулгай орж нөүтбүүк алдагдсан талаар мэдээд цагдаад хандсан. Тэгээд камерын бичлэг шүүж үзэхэд урьд шөнө нь миний хөөж гаргасан манайхаас архи нэхээд хаалга нүдээд байсан цайвар хувцастай, кэйпик малгайтай хүн хоёр давхар руу авирч гараад хулгай хийж байгаа бичлэг байсан. ...” гэх мэдүүлэг /хх 38-39 х/,

- Тэнцвэр эстимейт ХХК-ийн хөрөнгийн үэнэлгээний тайлан: “Ленова маркийн нөүтбүүк 950,000 төгрөг, Соёрхол 0,5 шилтэй  архи 12,000 төгрөг, нийт 962,000 төгрөг /хх 23 х/,

- Хяналтын камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд  /хх 8-20 х/

- Эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх 42 х/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

Шүүгдэгч А....ын байшин руу нэвтрэхдээ уг обьектын эзэмшигч, ашиглагчийн зөвшөөрөлгүйгээр хууль бусаар, нууцаар орж, бусдын амь бие эрүүл мэнд, эрх, эрх чөлөөнд халдаж хүч хэрэглэхгүйгээр бусдын эд зүйлийг авсан үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн объектив талын шинжүүдийг хангаж байгаа.

Шүүгдэгч А....ын нэвтэрсэн обьект нь хүн байнга үйл ажиллагаа явуулах зориулалттай үйлчилгээний газар болох нь хэргийн үйл баримтуудаар тогтоогдсон тул хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1. “ хүн байнга ... үйл ажиллагаа явуулах, ... зориулалттай орон байранд ... нэвтэрч” үйлдсэн гэж хүндрүүлэн зүйлчлэн ирүүлсэн нь түүний үйлдсэн гэмт хэрэгт тохирсон.

Уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн.

Шүүгдэгч А.... хүн байнга үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч хулгай хийсэн өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүнийг хүсч, уг хохиролд зориуд хүргэсэн гэж үзэх хангалттай нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй.   

Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, А....ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон.

Хохирогч Д....гийн хохирол төлөгдсөн болох нь хохирогчийн бичгээр гаргасан “алдсан эд зүйлээ буцаан авсан, соёрхол архины 12,000 төгрөгийг нэхэмжлэхгүй” гэх хүсэлт /хх 101 х/, иргэний нэхэмжлэгч Г....ий хохирол 70,000 төгрөг төлөгдсөн болох нь банкны төлбөрийн баримт /хх 118 х/-аар  тус тус нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзсэн.

Улсын яллагч: А....д 02 жил 06 сарын хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналыг гаргасан.

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Шүүгдэгч нь гэм буруу дээр маргаагүй, учруулсан хохирлоо нөхөн төлсөн, уг гэмт хэрэг нь нийгмийн хор аюул багатай зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү? гэх саналыг гаргасан.

Шүүгдэгч А.... нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо өөрийн сайн дураар нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцогдож байгаа, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх хуульд заасан нөхцөл байдлууд тогтоогдоогүй, хувийн байдлын хувьд урьд 2 удаа шүүхээр ял шийтгүүлж байсан хэдий ч уг гэмт хэрэгт оногдуулах ял шийтгэлийг хүндрүүлэх хуульд заасан нөхцөл байдалд хамаарахгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад учруулсан хохирол, хор уршиг их биш, бусдад төлөх төлбөргүй зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан хорих ялыг хөнгөрүүлэн оногдуулах хуульд заасан шаардлагыг хангаж байгаа тул түүнд хуульд заасан хорих ялаас хөнгөрүүлж 01 жилийн хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдалд тохирсон гэж шүүх үзсэн.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тогтоолд дурьдаж шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Дүүгүүр овогт ...гийн ...ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хулгайлах гэмт хэргийг хүн байнга үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан, тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар А....ыг 01 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар А....ын эдлэх хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 4.А....ын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

5.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

6.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол А....д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.     

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Б.ДАШДОНДОВ