| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Банзрагчийн Дашдондов |
| Хэргийн индекс | 188/2019/1119/Э |
| Дугаар | 1128 |
| Огноо | 2019-10-31 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | А.Ганзориг |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 10 сарын 31 өдөр
Дугаар 1128
Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сосорбарам,
Улсын яллагч А.Ганзориг,
Шүүгдэгч Б.... нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийв.
Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Тайж овогт ...ын ...т холбогдох 1908011151416 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авснаар, хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1966 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 52 настай, эмэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, лифтчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 1, Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Хайрханы 6 дугаар гудамжны 195 тоотод оршин суух бүртгэлтэй, одоо Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Одонтын ...тоотод түр оршин суух, урьд ял шийтгэлгүй, Тайж овогт ...ын ... /.../,
ТОДОРХОЙЛОХ нь:
Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн товч агуулга:
Б.Алтанцэцэг нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Одонтын ...тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Х....тай “...хүүхэдтэй утсаар яриулсангүй...” гэх шалтгааны улмаас маргалдаж, улмаар түүний нуруун тус газар нь хутгаар хутгалж бие махбодид нь гэмтэл учруулан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ./Прокурорын яллах дүгнэлтэнд бичсэнээр/
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:
1.Хохирогч Х....ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2019 оны 02 дугаар сарын 14-ний орой цагийг нь сайн санахгүй байна хамтран амьдрагч Аптанцэцэг бид хоёр гэртээ амарч байсан болохоор хоёулхнаа онцын шалтгаангүйгээр хамт архи уусан, тэгээд нилээд согтсон байсан болохоор бид хоёр тухайн орой буюу 2019 оны 02 дугаар сарын 14-ний орой 23-00 цагийн орчим байсан байх ...ийн хоёр хүүхдийн асуудлаас болж маргалдсан юм. Тэгтэл эхнэр ... уурлаад ширээн дээр байсан хар өнгийн иштэй хутгыг аваад миний баруун дал руу нэг удаа хатгачихсан тэгээд цус гараад ... миний утсаар 103 дуудаад 103-ын эмч ирж үзээд цагдаа дуудсан. Ийм л зүйл болсон. ... би ...тэй 2013 оноос хойш хамтран амьдарч байгаа, надад ...ээс нэхэмжлэх зүйл гомдол санал байхгүй, би тухайн үед биедээ эмчилгээ хийлгээгүй тэгсгээд гэрээрээ боогоод миний шарх эдгэчихсэн. ...” гэх мэдүүлэг /хх 30-31 х/,
2.Шүүгдэгч Б....ийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Намайг тухайн үед ... зодоогүй, харин хүүхдүүдтэйгээ утсаар ярих гэсэн чинь яриулахгүй утас булааж аваад байхаар нь согтуу ухаанаар уурандаа ширээн дээрээс хутга аваад ...ы баруун далны хажуу хэсэг рүү хутгалчихсан юм. ... би ...тай 2013 оноос хойш хамтран амьдарч байгаа юм. ... гэм буруу, хэргийн зүйлчлэл дээр маргахгүй ...” гэх мэдүүлэг /хх 80-81 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
3.Гэрч Б....ий мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2019 оны 02 дугаар сарын 14-ний орой 23 цаг 35 минутанд ачит 10-аас Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Одонтын 23-28 тоотоос хутгалуулсан хүн цэргийн төв эмнэлэгт хүргэгдэн ирсэн гэх дуудлага ирсэн юм. ... тухайн үед дуудлага давхацсан байсан болохоор дээрх дуудлаганд 2019 оны 02 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө 02 цаг 35 минутанд очиж хэргийн газрын үзлэгийг хийсэн, тэгэхэд Б.... нь өөрийн хамтран амьдрагч Х....ыг “хүүхдүүдтэй яриулаагүй” гэх шалтгаанаар баруун далан тус газар нь нэг удаа хутгалсан гэж хэлж байсан. ...” гэх мэдүүлэг /хх 41 х/,
4.Гэрч Р....гийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би эхнэр Баярцэцэгтэй 2010 онд гэр бүл болоод хоёр хүүхэдтэй болсон. Манай хадам ээж ... ... гэх хүнтэй 2013 оноос хойш зүүн салаанд хамт амьдрах болсон. Би хамт байдаггүй учраас сайн мэдэхгүй байна, зүгээр л байх шиг байсан. ..., хадам ээж хоёр гэрлэлтээ батлуулсаныг би мэдэхгүй. Манай ээж урьд өмнө нь хэрэг түвэгт холбогдоод ял шийтгэл эдлээд байсан зүйл байхгүй. Өмнөх амьдралынх нь талаар сайн мэдэхгүй байна. Манай хадам ээж их сайхан эелдэг зөөлөн, элдвийн муухай ааш зангүй, бид нарын хувьд эвтэй байдаг. Би хадам ээжийгээ төрсөн ээж шигээ л боддог, надад ч гэсэн ээж шиг минь ханддаг. ...” гэх мэдүүлэг /хх 39 х/,
5.Гэрч Т....ийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... Манай ээж төлөв даруухан, их ажилсаг хүн юм. Миний ээж их зөөлөн юмыг амархан уучилдаг өрөвчхөн, сэтгэлтэй. Манай ээж өөртөө байгаа юмаа хүнд өгчихөөд өөрөө хоосон сууж байдаг хүний төлөө гэсэн хүн. Манай аав ээж хоёр намайг бүр жоохон байхад салаад хоёр тийшээ болсон. Бид нар эхээс гурвуулаа байсан болохоор гурвуулаа ээжийнхээ гар дээр өссөн, Манай төрсөн аав Түмэннаст 2019 оны 05 дугаар сарын 29-ны өдөр зуурдаар нас барсан. Манай ээж энэ ... гэх хүнтэй 2013 оноос хойш хамтран амьдарч байгаа, гэрлэлтээ батлуулаагүй. Манай ээж бага насаа 100-н айлд аав ээжийнхээ гар дээр өссөн, тэгээд тэнд байдаг 37 дугаар сургуулд сурч төгссөн. Манай ээж өмнө нь ямар нэг хэрэг түвэгт холбогдож байгаагүй, ял шийтгэл эдлэж байгаагүй. ...” гэх мэдүүлэг /хх 45 х/,
6.Гэрч Л....гийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2019 Оны 02 дугаар сарын 14-нөөс 2019 оны 02 дугаар сарын 15-ны хооронд би Сснгинохайрхан дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн жижүүрийн ахлах мөрдөгчийн үүрэг гүйцэтгэж байсан тэгтэл 2019 оны 02 дугаар сарын 14-ны өдрийн 23 цаг 35 утанд Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо Одонтын 23-28 тоотод хүн хутгалуулсан гэх дуудлага ирсэний дагуу жижүүрийн мөрдөгч цагдаагийн дэслэгч ...ээр удирдуулсан бүрэлдэхүүнийг явуулсан. Өөр зүйлийг би сайн санахгүй байна. ...” гэх мэдүүлэг /хх 43 х/,
7.Шинжээчийн 1152 тоот дүгнэлт
1.Х....ны биед цээжний ар нуруу хэсэгт шарх гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цагхугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
3.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй..." гэх дүгнэлт /хх 48 х/,
8.Шинжээч эмч Ц.Нандинцэцэгийн “…Х....ы биед цээжний ар нуруу хэсэгт шарх гэмтэл тогтоогдсон, …дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой, …дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1- т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл байсан. …дээрх цээжний ар нуруу хэсэг дэх шарх гэмтэл яаралтай тусламжны хуудаснаас үзэхэд цээжний хөндий рүү нэвтрээгүй, мөн цээжний хөндийд хийн шингэнгүй зэргээс үндэслэн гэмтлийн хөнгөн зэрэгт хамааруулах ба эрүүл мэндийг түр хугацаагаар сариулах гэмтэл байсан. …ир үзүүртэй зүйл гэдэг нь хутга байж болно. ...” гэх мэдүүлэг /хх 50-52 х/,
9.Шинжээчийн 5894 тоот дүгнэлт
1.Х....ы цусны ДНХ-ийн тогтоц ... хутган дээр илэрсэн цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна. ... гэх мэдүүлэг /хх 69 х/,
10.Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 15-18 х/,
11.Аюулын зэргийн үнэлгээ “бага” гэх дүгнэлт/хх 99-102 х/
12.Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 114 х/
13.Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 117, 138 х/
14.Эвлэрсэн тухай бичгээр гаргасан баримт /хх 161 х/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч нараас мэдүүлэг авах, бусад нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд ирүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзсэн.
Б.Аптанцэцэг нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Одонтын ...тоотод хамтран амьдрагч Х....тай “...хүүхэдтэй утсаар яриулсангүй...” гэх шалтгааны улмаас маргалдаж, улмаар түүний нуруун тус газар нь хутгаар хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:
Хохирогч Х....ы “...... уурлаад ширээн дээр байсан хар өнгийн иштэй хутгыг аваад миний баруун дал руу нэг удаа хатгачихсан тэгээд цус гараад ... миний утсаар 103 дуудаад 103-ын эмч ирж үзээд цагдаа дуудсан. ...” гэх мэдүүлэг /хх 30-31 х/,
Гэрч Б....ий “... Б.... нь өөрийн хамтран амьдрагч Х....ыг “хүүхдүүдтэй яриулаагүй” гэх шалтгаанаар баруун далан тус газар нь нэг удаа хутгалсан гэж хэлж байсан. ...” гэх мэдүүлэг /хх 41 х/,
Шүүгдэгч Б....ийн “...Намайг тухайн үед ... зодоогүй, харин хүүхдүүдтэйгээ утсаар ярих гэсэн чинь яриулахгүй утас булааж аваад байхаар нь согтуу ухаанаар уурандаа ширээн дээрээс хутга аваад ...ы баруун далны хажуу хэсэг рүү хутгалчихсан юм. ... би ...тай 2013 оноос хойш хамтран амьдарч байгаа юм. ...” гэх мэдүүлэг /хх 80-81 х/,
Шинжээчийн 1152 тоот дүгнэлт
1.Х....ны биед цээжний ар нуруу хэсэгт шарх гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
3.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй..." гэх дүгнэлт /хх 48 х/,
Шинжээч эмч Ц.Нандинцэцэгийн “…Х....ы биед цээжний ар нуруу хэсэгт шарх гэмтэл тогтоогдсон, …дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой, …дээрх цээжний ар нуруу хэсэг дэх шарх гэмтэл яаралтай тусламжийн хуудаснаас үзэхэд цээжний хөндий рүү нэвтрээгүй, мөн цээжний хөндийд хийн шингэнгүй зэргээс үндэслэн гэмтлийн хөнгөн зэрэгт хамааруулах ба эрүүл мэндийг түр хугацаагаар сариулах гэмтэл байсан. …ир үзүүртэй зүйл гэдэг нь хутга байж болно. ...” гэх мэдүүлэг /хх 50-52 х/,
Шинжээчийн 5894 тоот дүгнэлт
1.Х....ы цусны ДНХ-ийн тогтоц...хутган дээр илэрсэн цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна. ... гэх мэдүүлэг /хх 69 х/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.
Б.... нь Х....ы нуруун тус газар нь хутгаар хутгалж хөнгөн гэмтэл учруулсан нь хэргийн үйл баримтуудаар тогтоогдсон тул хөнгөн хохирол, шүүгдэгчийн үйлдэл хоёр хоорондоо шалтгаант холбоотой, мөн хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийг бусдын эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан, хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар хөнгөн зэргийн гэмтэл гэж дүгнэсэн нь уг гэмт хэргийн объектив талын шинжийг хангасан.
Шүүгдэгч Б.... хохирогчийн эрүүл мэндэд хүч хэрэглэн халдсан өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүний улмаас хүний эрүүл мэндэд хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдсэн байх хангалттай нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй тул уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн.
Б....ийн үйлдсэн гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинж нь Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн байх тусгай шалгуурыг тогтоосон.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэсэн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийн нэр томьёо, ухагдахууныг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд заасан тодорхойлолт, хэм хэмжээг баримталж тайлбарлах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлд заасан хууль ёсны зарчимд нийцэж байгаа.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлээр уг хуулийн үйлчлэлд хамаарах этгээдийг тодорхойлж, 3.1.1. “...хамтран амьдрагч...” гэж заасан, мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 5.1.1-д “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний ... бие махбодид халдсан үйлдэл, ..., 5.1.2-т “гэр бүлийн хүчирхийллийн хохирогч” гэж “гэр бүлийн хүчирхийллийн улмаас ... бие махбод, сэтгэл санааны байдлаараа хохирсон хүнийг хэлнэ” гэж тус тус хуульчлан зааж өгсөн.
Шүүгдэгч Б...., хохирогч Х.... нар 2013 оноос хойш хамтран амьдарч байгаа болох нь хохирогч, шүүгдэгч, гэрч нарын мэдүүлгээр тогтоогдож байгаа тул тэдгээрийг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн үйлчлэлд хамаарах этгээд гэж үзнэ.
Иймд шүүгдэгч Б.... нь хохирогч Х....ы эрүүл мэндэд хүч хэрэглэн халдаж хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэж хүндрүүлэн зүйлчилж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, Б....ийн үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан тул шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай улсын яллагчийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй.
Хохирогч Х.... эмчилгээний зардал, төлбөр нэхэмжлээгүй, гомдол саналгүй эвлэрсэн болох нь тэдний бичгээр гаргасан эвлэрлийн гэрээ /хх 161 х/-ээр тогтоогдож байгаа тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн.
Улсын яллагч: Б....т 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын санал гаргасан.
Шүүгдэгч: Гэм буруу, хэргийн зүйлчлэл дээр маргахгүй, би хувиараа хөдөлмөр эрхэлдэг тул надад торгуулийн ял оноож өгнө үү? гэсэн.
Б....т холбогдох хэрэгт эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан нөхцөл байдлууд тогтоогдоогүй, гэмт хэргийн улмаас учруулсан хор уршиг их биш, хувийн байдлын хувьд анх удаа шүүхээр ял шийтгүүлж байгаа, хохирогч гомдол, саналгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг зэргийг зэргийг харгалзан түүнд шүүхээс 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгийн торгуулийн ял оногдуулж, 06 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэсэн.
Хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурьдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг хутга, бохирлогдсон цаас зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц усгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Тайж овогт ...ын ...ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Б....ийг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 06 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг ялтан Б....т үүрэг болгосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд хэсэгчлэн төлөөгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан Б....т мэдэгдсүгэй.
5.Б....ийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн 1 ширхэг хутга, бохирлогдсон цаас зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.
7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б....т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДАШДОНДОВ