Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 210/МА2026/00266

 

  

*******ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Б.Ууганбаяр, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 192/ШШ2025/09860 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч *******ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч *******ХХК, *******нарт холбогдох

Төлбөр барагдуулах гэрээний үүрэгт 280,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Солонго нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

Новел лизинг" ХХК нь *******ХХК-тай 2024.07.05-ны өдөр ТБГ-24/07-01 дугаартай Төлбөр барагдуулах гэрээ-г харилцан тохиролцож байгуулсан. Уг гэрээгээр "*******" ХХК-ийн төлбөл зохих төлбөрийн үнийн дүнгээс 723,847,810 төгрөгийг суутгаж үлдэх төлбөрийг төлж барагдуулахаар тохиролцсон. "*******" ХХК нь Төлбөр барагдуулах гэрээний 1.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан төлбөр төлөх хуваарийн дагуу 280,000,000 төгрөгийг 2025.04.20-ны өдрийн дотор төлөхөөр тохиролцсон боловч 2024.12.17-ны өдрийн байдлаар хуваарийн дагуу огт төлөлт хийгээгүй.

"*******ХХК нь гэрээнд заасны дагуу Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлалд 2024.10.30-ны өдөр өргөдөл гаргасан боловч "*******" ХХК нь эвлэрүүлэн зуучлах ажиллагааны журмаар эвлэрлийн гэрээг байгуулаагүй тул энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.

Иймд "*******" ХХК-аас Төлбөр барагдуулах гэрээний дагуу 280,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

 *******ХХК нь хариуцагч *******д холбогдуулан гаргасан шаардлагаасаа татгалзаж байна гэжээ.

 

2.Хариуцагч шүүхэд тайлбар гаргаагүй болно.

 

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1-д заасныг баримтлан хариуцагч *******ХХК-аас 280,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******ХХК-д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хариуцагч *******д холбогдох шаардлагаасаа нэхэмжлэгч *******ХХК татгалзсаныг баталж, холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч *******ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,557,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******ХХК-аас 1,557,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

4.Хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1.Анхан шатны тойргийн шүүхийн шийдвэр нь үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй тул дараах гомдлыг гаргаж байна.

Шүүх талуудын хооронд үүссэн харилцааг зөв тодорхойлж чадаагүйн улмаас санхүүгийн түрээсийн гэрээг буруу дүгнэж түүний үр дагавар болох төлбөр барагдуулах гэрээний төлбөрийг буруу тодорхойлж дүгнэлт гаргасан. Гэрээний зорилго, талууд юу тохиролцсон, гэрээний гол нөхцөл, талуудын хүсэл зориг гэрээний харилцааг тодорхойлох үндсэн шинж нь болдог. Үүнээс үүдэн шүүх гэрээний төрлийг зөв тодорхойлох нь хууль хэрэглэх эхний алхам болно. Зохигчид маргаагүй ч гэрээний харилцаа өөрөөр тодорхойлогдох бол шүүх тодруулж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэх үүрэгтэй.

Иргэний хуулийн 312 дугаар зүйл, Санхүүгийн түрээсийн тухай хуульд "түрээсийн зүйлийг буцаан өгөх тохиолдол"-ыг хуулиар тусгайлан зохицуулаагүй. Талуудын хооронд хэрэгт авагдсан 2021.09.08-ны өдрийн СТГ- 21/19, СТГ-21/20, 2021.09.18-ны өдрийн СТГ-21/18, 2021.10.23-ны өдрийн СТГ-21/33 дугаартай санхүүгийн түрээсийн гэрээ байгуулагдаж хамтран ажиллаж байсан бөгөөд СТГ-21/33 дугаартай гэрээний түрээсийн зүйл болох дамп 2023.01.27-ны өдрөөс эхлэн ашиглах боломжгүй болж, 2023.02.01-ний өдөр нэхэмжлэгч талд хүлээлгэн өгсөн.

4.2.Мөн талуудын хооронд 2024.07.05-ны өдөр ТБГ/24/07-01 дугаартай Төлбөр барагдуулах гэрээг байгуулж түрээсийн зүйлийг буцааж өгч буй нөхцөл байдал гэрээнээс татгалзаж байх бөгөөд Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэг нь гэрээнээс татгалзсанаас үүсэх үр дагаврыг зохицуулсан байна.

Төлбөр барагдуулах гэрээний 1.3 дахь хэсэгт "... 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдрөөс хойш түрээсийн төлбөрт нийт 1,067,749,961 төгрөг төлсөн болохыг тулган баталгаажуулав" гэж тооцоогоо нийлсэн байдаг. Энэ нөхцөл байдал нь Иргэний хуулийн "Хэрэв үүрэг гүйцэтгэгч нь гэрээ ёсоор хариу ямар нэгэн үүрэг гүйцэтгэсэн бол мөнгөн төлбөрийн оронд хариу гүйцэтгэсэн үүргийг орлуулж болно." гэсэнтэй нийцэж байна.

Иргэний хуулийн 83 дугаар зүйлд "... нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшлахгүйгээр..." хөрөнгөтэй болох эрхийг хуульчилсан. Хариуцагчийн зүгээс түрээсийн хугацааны төлбөрт 1,067,749,961 төгрөг төлсөн, мөн нэхэмжлэгчид тухайн түрээсийн зүйлийг буцаан хүлээлгэж өгсөн.

4.3.Гэрээг цуцлах, гэрээнээс татгалзах тохиолдолд талууд харилцан нэмэлт үүргийг шаардах эрхгүй буюу алдангийн тооцоолол бүхэлдээ үндэслэлгүй. Гэрээнээс татгалзсан тохиолдолд гэрээ дуусгавар болох учир энэ тохиолдолд гэрээний үүргийг шаардах эрх мөн адил дуусгавар болж, харин гэрээний нэг тал нь гэрээнээс татгалзсанд буруутай нөгөө талаас гэрээний үүрэг бус, хохирол шаардах эрх үүсэхийг Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д тодотгон заасан байдаг.

Алданги нь үүргээ гүйцэтгээгүй эсвэл зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүсэх ба үндсэн үүргийн гүйцэтгэлийг хангах зорилго агуулах тул бусад үүргийн гүйцэтгэлийг хангах аргуудын нэгэн адил үндсэн үүргээс хамааралтай үүсдэг акцессор шинжтэй. Үндсэн үүрэг хүчингүй болсон эсхүл дуусгавар болсон бол энэхүү арга хэрэгжих боломжгүй болно.

Дээрх нөхцөл байдлыг бүрэн харгалзаж үзээгүй улмаас анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5.Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 312 дугаар зүйл, Санхүүгийн түрээсийн тухай хуулийн зохицуулалтыг хэрэглэж хуулийн дагуу хэргийг шийдсэн. Хариуцагч гомдолдоо 2023.02.01-ний өдөр техникийг хүлээлгэн өгсөн гэж дурдсан бөгөөд техникийг хүлээлгэн өгсөн гэх хугацааг худлаа бичсэн.

Шүүхэд 2024 онд нэхэмжлэл гаргасан. Хариуцагч тал анхан шатны шүүх хуралдаанд оролцож байгаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удаашруулдаг, давж заалдах шатны шүүхэд ирээгүй, шүүхийг үл хүндэтгэсэн үйлдэл гаргадаг.

Хариуцагч талын гомдол нь үндэслэлгүй. Иргэний хуулийн 312 дугаар зүйл, 313 дугаар зүйлийн 313.1, 313.2 дахь хэсэг, Санхүүгийн түрээсийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-т заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр хэлцэл хийгдсэн.

Иймд хариуцагчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч *******ХХК-ийн төлөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, гомдлыг хангахгүй орхив.

 

2.Нэхэмжлэгч *******ХХК нь хариуцагч *******ХХК, *******нарт холбогдуулан Төлбөр барагдуулах гэрээний үүрэгт 280,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч *******д холбогдох шаардлагаасаа татгалзжээ.

Анхан шатны шүүх хариуцагч *******д холбогдох нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт нийцжээ.

Хариуцагч *******ХХК нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй байна.

 

3.Хэрэгт *******ХХК, *******ХХК-ийн хооронд байгуулагдсан 2021.09.08-ны өдрийн СТГ-21/19, СТГ-21/20, 2021.09.18-ны өдрийн СТГ-21/18, 2021.10.23-ны өдрийн СТГ-21/33 дугаартай Санхүүгийн түрээсийн гэрээ гэж нэрлэсэн 4 гэрээ авагдсан.

Эдгээр гэрээгээр түрээслүүлэгч *******ХХК нь БНХАУ-д 2021 онд үйлдвэрлэсэн, HANWO XG90H маркийн өөрөө буулгагч 4 техникийг нэг бүрийн үнэ 399,000,000 төгрөг, урьдчилгаа 31,920,000 төгрөг, түрээс 367,080,000 төгрөг, сарын 1.9 хувийн хүүтэй, 24 сарын хугацаанд хуваарийн дагуу сар бүр төлбөрийг хэсэгчлэн төлөх нөхцөлөөр түрээслэгч *******ХХК-д шилжүүлэх, гэрээний хугацаанд төлбөр бүрэн төлөгдсөн нөхцөлд түрээсийн зүйлийн өмчлөх эрхийг түрээслэгчид шилжүүлэхээр харилцан тохиролцжээ.

 

4.Анхан шатны шүүх дээрх гэрээг санхүүгийн түрээсийн гэрээ гэж дүгнэсэн ба талуудын хүсэл зоригийн илэрхийлэл, гэрээний зорилго, агуулгаас үзэхэд санхүүгийн түрээсийн гэрээний шинжийг агуулсан гэж үзэхээргүй байна.

Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1 дэх хэсэгт санхүүгийн түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь гэрээнд заасан хугацаагаар түрээслэгчийн ашиглалтанд эд хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь тогтмол хугацаанд түрээсийн төлбөр төлөх үүргийг тус тус хүлээхээр зохицуулсан.

Санхүүгийн түрээс /лизинг/-ийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт санхүүгийн түрээсийн гэрээнд тавих 3 шаардлагыг тодорхойлж, эдгээрийн аль нэгийг хангасан байхаар заажээ. Тодруулбал, гэрээний хугацаа дуусгавар болоход түрээсийн зүйлийг түрээслэгчийн өмчлөлд шилжүүлэхээр гэрээнд тусгах, гэрээний хугацааг тухайн түрээсийн зүйл болох эд хөрөнгийн ашиглалтын хугацааны дөрөвний гурваас багагүй байхаар тогтоох, гэрээний нийт үнэ тухайн түрээсийн зүйлийн үнийн дүнгийн 90 болон түүнээс дээш хувьтай тэнцүү байх гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч талын гаргасан тайлбар, түүнчлэн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэгт тодорхойлсноор машин, механизм, техникийн ашиглах нийт хугацаа 10 жил бөгөөд дээрх гэрээгээр 2 жилийн хугацаа тогтоосон нь эд хөрөнгийн ашиглалтын хугацааны дөрөвний гурав буюу 7.5 жилээс багагүй байх хуулийн шаардлагад нийцээгүй.

Үүнээс гадна нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбараас үзвэл гэрээний нийт үнэ нь түрээсийн зүйлийн үнийн дүнгийн 90 болон түүнээс дээш хувьтай тэнцүү байх шаардлагыг хэрхэн хангаж байгааг тайлбарлаагүй байна.

Санхүүгийн түрээсийн гэрээний нийт үнэ нь түрээсийн төлбөр болон түрээсийн хүү гэсэн 2 хэсгээс бүрдэх бөгөөд түрээсийн төлбөрт түрээсийн зүйлийг худалдаж авах, үйлдвэрлэх, захиалах, хүлээн авах, тээвэрлэх, суурилуулах, турших, ашиглалтад оруулах тэдгээртэй адилтгах үйл ажиллагаанд түрээслүүлэгчээс гарах зардал хамаардаг. Дээрх гэрээнд техникийн үнийг 399,000,000 төгрөг гэж тусгаж, үүнээс урьдчилгаа 31,920,000 төгрөгийг урьдчилан төлүүлж, мөн түрээс 367,080,000 төгрөг, сард 1.9 хувийн хүү буюу төлбөрийн хуваарьт зааснаар 90,771,072 төгрөг төлөх нөхцөлийг тусгасан ба *******ХХК нь Санхүүгийн түрээс /лизинг/-ийн тухай хуулийн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.1 дэх хэсэгт зааснаар техникүүдийг гуравдагч этгээдээс ямар зардлаар хэрхэн худалдан авсан нь тодорхойгүй байна.

Дээрхээс үзэхэд зохигчийн хооронд байгуулагдсан гэрээ нь Санхүүгийн түрээсийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасан гэрээний хугацааг тухайн түрээсийн зүйл болох эд хөрөнгийн ашиглалтын хугацааны дөрөвний гурваас багагүй байхаар тогтоосон байх, гэрээний нийт үнийг тухайн түрээсийн зүйл болох эд хөрөнгийн үнийн дүнгийн 90 болон түүнээс дээш хувьтай тэнцүү байх шаардлагуудыг хангасан гэж үзэх үндэслэлгүй байна.

Санхүүгийн түрээсийн гэрээ нь түрээслэгчийн эзэмшил ашиглалтад, аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд зориулж тодорхой эд хөрөнгийг шилжүүлэхдээ хөрөнгийг урт хугацаанд эзэмших, ашиглах боломж олгох зорилгыг агуулдаг тул гэрээний хугацаа дуусгавар болоход түрээсийн зүйлийг түрээслэгчийн өмчлөлд шилжүүлэх нөхцөлд үндэслэн талуудын байгуулсан гэрээг санхүүгийн түрээсийн гэрээ гэж дүгнэх боломжгүй.

Харин талуудыг Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт заасан зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан гэж давж заалдах шатны шүүх үзлээ. Тодруулбал, нэхэмжлэгч нь худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, хариуцагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны туршид хэсэгчлэн, мөн хүүний хамт төлөхөөр талууд тохиролцсон ба уг тохиролцоо нь зээлээр худалдах, худалдан авах гэрээний агуулгад илүү нийцэхээр байна.

Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг буруу дүгнэснийг дээрх байдлаар залруулах нь зүйтэй.

 

5.Нэхэмжлэгч нь талуудын байгуулсан 2024.07.05-ны өдрийн Төлбөр барагдуулах гэрээнд үндэслэн 280,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардсан.

Уг гэрээгээр дээр дурдсан СТГ-21/19, СТГ-21/20, СТГ-21/18, СТГ-21/33 дугаартай гэрээнүүдийг дүгнэж дуусгавар болгох, өр төлбөрийг төлж барагдуулахаар тохиролцжээ. Тодруулбал, *******ХХК-аас түрээсийн төлбөрт нийт 1,067,749,961 төгрөг төлсөн болохыг тулган баталгаажуулж, үндсэн түрээс, хүүгийн төлбөрт 1,312,965,992 төгрөг, алдангид 656,482,996 төгрөг, татварт 1,374,500 төгрөг, сэлбэгийн төлбөрт 153,024,322 төгрөг, нийт 2,123,847,810 төгрөг төлөөгүй үлдэгдэлтэй, *******ХХК тус 2,123,847,810 төгрөгийн 723,847,810 төгрөгөөс татгалзаж, үлдэх 1,400,000,000 төгрөгийн 1,120,000,000 төгрөгт 4 ширхэг өөрөө буулгагчийг нэг бүрийг 280,000,000 төгрөгөөр үнэлэн буцаан шилжүүлэх, үлдэх 280,000,000 төгрөгийг *******ХХК нь 2024.09.20-ны өдрөөс 2025.04.20-ны өдрийн хугацаанд хуваарийн дагуу төлөх нөхцөлийг тусгасан байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлнэ, 6.3 дахь хэсэгт Зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэнэ, 6.6 дахь хэсэгт Нэхэмжлэлийн шаардлагын талаархи тайлбарыг гагцхүү зохигч талууд гаргана гэж тус тус заасан ба хариуцагч дээрх гэрээтэй холбоотой гаргасан нэхэмжлэгчийн нэхэмжлэлд тайлбар болон нотлох баримт гаргах үүргээ хэрэгжүүлээгүй.

Иймээс мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.4 дэх хэсэгт зааснаар Нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно гэж зааснаар хариуцагч *******ХХК-ийг нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ.

Хариуцагч нь гэрээнд зааснаар техникийн үнийг бүрэн төлөөгүйн улмаас гэрээнээс татгалзах нөхцөл бүрдсэн байх бөгөөд нэхэмжлэгч нь гэрээгээр шилжүүлсэн 4 техникийг хариуцагчаас буцаан авсан нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсгийн агуулгад нийцсэн. Мөн нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ 280,000,000 төгрөг төлүүлэхээр шаардсаныг хариуцагч маргаж үгүйсгээгүй байх ба хуульд зааснаар гэрээний зүйл болох 4 техникийг эзэмшиж ашигласнаас олсон ашгийг буцаан шилжүүлэхийг хариуцагчаас шаардах эрхтэй.

Өөрөөр хэлбэл хариуцагчийн давж заалдах гомдолд гэрээний үүрэгт 1,067,749,961 төгрөг төлснийг гэрээнээс татгалзсанаас үүсэх үр дагаварт мөнгөн төлбөрийн оронд орлуулах боломжтой, гэрээнээс татгалзах тохиолдолд нэмэлт үүрэг алдангийг шаардах эрхгүй гэж дурдсан боловч энэ талаар анхан шатны шүүхэд маргаж мэтгэлцээгүй учир гомдлыг хүлээн авах үндэслэлгүй болно.

 

6.Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдлийг хэвээр үлдээж, шийдвэрийн тогтоох хэсэгт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 192/ШШ2025/09860 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1-д... гэснийг Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч *******ХХК-аас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2026 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр төлсөн 1,557,950 төгрөгийг төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

  

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Д.НЯМБАЗАР

 

ШҮҮГЧИД  Б.УУГАНБАЯР

 

Д.ЗОЛЗАЯА