| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бавалын Баатар |
| Хэргийн индекс | 101/2016/05667/И |
| Дугаар | 181/ШШ2016/00611 |
| Огноо | 2016-09-05 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 09 сарын 05 өдөр
Дугаар 181/ШШ2016/00611
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Баатар даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Боржигин овогт Ц.Э /РД:....................../-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба,
Хариуцагч: “С-Э” ХХК-д тус тус холбогдох,
“С-Э” ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгуулах, төлбөрт авсан мөнгийг буцаан гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Э, хариуцагчийн төлөөлөгч Б.Ганчимэг, Г.Отгонбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Золзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянзүрх,Сүхбаатар,Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн .......шийдвэрээр Ц.Эгаас 61.379.287 төгрөг гаргуулж, “К.б” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн.
Шийдвэр гүйцэтэх ажиллагаагаар төлбөр төлөгч Ц.Эгийн эзэмшлийн орон сууцыг хураан авч дуудлага худалдаанд оруулах ажиллагаа явагдаж байгаа ба төлбөр төлөгчийн санал болгосон үнийг, төлбөр авагч К.б зөвшөөрөөгүй тул, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас “С-Э” ХХК-д баянзүрх дүүргийн ........................... 98 м.кв талбайтай орон сууц, №01 авто зогсоолын, зах зээлийн бодит үнэлгээг тогтоох, дүгнэлт гаргуулах зорилгоор, 2016 оны 3 сарын 31-ний өдрийн №69 тоот Шинжээч томилох тухай тогтоол гаргаж, үүрэг болгосон байна.
Шинжээчийн гаргасан үнэлгээтэй Ц.Э миний бие 2016 оны 4 сарын 15-ны өдөр танилцаж, 138 сая төгрөгөөр үнэлсэнийг зах зээлийн үнээс илт доогуур бодит бус үнэлэгдсэн байна гэдгийг шийдвэр гүйцэтгэгчид хэлсэн. Улмаар:
2016 оны 4 сарын 19-ний өдөр НШГА-ны дарга Энхбатад “С-Э ХХК-ний гаргасан үнэлгээг зөвшөөрөхгүй, орон сууц болон авто зогсоолыг хэт доогуур үнэлсэн байна гэж бичгээр гомдол гаргасан.
Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны Баянзүрх дүүргийн ахлах шийдвэр гүйцэтгэгч хошууч Д.Анхтуяа 2016 оны 5 сарын 02-ны өдөр Таны гаргасан гомдлыг хүлээн авах боломжгүй байна гэж хариу мэдэгдэх хуудас өгсөн.
Иймд “С-Э” ХХК-ний 2016 оны 4 сарын 04-ний өдрөөр гаргасан үнэлгээний ажлын тайлан нь тухайн хөрөнгийн бодит байдлыг үнэн зөв үнэлж, дүгнээгүй гэдгийг дараах байдлаар нотолж, гомдол гаргаж байна.
Үүнд: 1.“С-Э” ХХК-ний үнэлгээг хийсэн ажилтан Г.Отгонбаярын үнэлгээчний тухай мэдээллийн Хариуцлагын даатгалын гэрээний дугаар, хүчинтэй хугацаа, хэмжээ хэсэгт бичигдсэн “1-003612012, 2012/13/5-2015/12/5, 50,000,000 төгрөг” гэдгээс харахад Хариуцлагын даатгалын гэрээний хугацаа нь 2015 оны 5 сарын 12-ны өдөр дууссан гэж харагдаж байна.
Энэ нь “Хөрөнгийн үнэлгээний тухай” хуулийн 6 дугаар бүлгийн 28 дугаар зүйлийн 28.1-д заасан “Үнэлгээчин мэргэжлийн мэдлэг, ур чадвар дутагдаж хөрөнгийн үнэлгээ хийх үйл ажиллагаанд алдаа гаргасны улмаас холбогдох этгээдэд учруулсан хохиролыг нөхөн төлөх зорилгоор үнэлгээчний хариуцлагын даатгалд хамрагдана” гэсэн хуулийн заалтыг зөрчжээ.
2.Хөрөнгийн дэлгэрэнгүй танилцуулга хэсэгт:
2.1 “Барилгын хийц, бүтэц”-ийг “цутгамал орон сууц” гэсэн байна. Гэтэл үнэндээ энэ нь “Цутгамал төмөр бетонон баганатай, хөнгөн блокон дүүргэгч хана, 150 мм-ийн хөөсөнцөр хавтан, өнгөлгөөний зориулалтын цавуулаг шавар, фасадны эмульс, дотор хашилт хана нь 12 мм-ийн тоосгон хана, хучилтьш нүхт хавтан бүхий хийц бүтээц”-тэй байхад илтэд ташаарсан байна.
Энэ нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 2 дугаар бүлгийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т заасан “Шударга байх” гэснийг, мөн “Хөрөнгийн үнэлгээний тухай” хуулийн 2 дугаар бүлгийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т заасан “Хөрөнгийн үнэлгээ хийхэд шаардагдах баримт материалыг үйлчлүүлэгчээс гаргуулан авсан байх” гэсэн хуулийн заалтыг зөрчжээ.
2.2 “Газрын бүсчлэл”-ийг “Улаанбаатар хотын газрын 4, 5 дугаар бүсчлэлд байрлалтай” гэсэн байна. Энэ нь Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2010 оны 7 сарын 16-ны өдрийн 5/39 тоот тогтоолын хавсралтаар батлагдсан, Нийслэлийн нутаг дэвсгэрт газрын төлбөр тогтооход хэрэглэх бүсчлэлийн хил хязгаар/нэрлэлтийн цэс/-ын дагуу Улаанбаатар хотын газрын 1-р бүсчлэлд байрлалтай байна.
Гэтэл бүсчлэлийг бууруулж бичсэн байна. Нэг байрыг 4, 5 дугаар бүс гэж яаж 2 бүсчлэлд зэрэг оруулаад байгаа нь тодорхойгүй. Энэ нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 2 дугаар бүлэгийн 7 дугаар зүйлийн 7.1.5-т заасан “Хөрөнгийн үнэлгээ хийхэд ашиглаж байгаа мэдээллийн сан болон үйлчлүүлэгчээс ирүүлсэн тоо, мэдээг дахин хянаж, магадлан шинжилсэн байх” гэсэн хуулийн заалтыг зөрчжээ.
2.3 Давхрын байрлал өрөөний тоог 98 м.кв бүхий орон сууц, 1 давхарт 3 өрөө гэсэн байна. Энэ байр нь 4 өрөөтэй, улсын бүртгэлийн гэрчилгээн дээр ч тодорхой бичээстэй байгаа. Гэтэл “С-Э ”ХХК-ийн гаргасан дүгнэлтэнд 3 өрөө гэж илтэд худал бичсэн. 2 ариун цэврийн өрөө, 1 тагттай гэдгийг бүр огт дурдаагүй байна. Энэ нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 2 дугаар бүлгийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т заасан “Шударга байх” гэснийг, мөн 7 дугаар зүйлийн 7.1.5-т заасан хуулийн заалтыг тус тус зөрчжээ.
3.Энэхүү барилга байгууламжийн зах зээлийн жишиг үнийг тодорхойлохдоо Баянзүрх дүүрэгт байрлалтай ижил нэр төрлийн орон суүц, үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээгээр тооцоолов. www.unegui.nin,www.barilga.mn сайтаас харьцуулалт хийв. /хавсралт зураг/—гэсэн байна. Хавсралт зурагт байгаа зарын дагуух харьцуулалт хийсэн байр нь 3 өрөө байр, байрлалын хувьд илтэд доогуур, Энхтайваны өргөн чөлөөнөөс хамаагүй хол байна, 1ширхэг 00-ийн өрөө, 1 ширхэг угаалгын өрөөтэй, ямарваа нэгэн автомашины зориулалттай дулаан зогсоолгүй байр байна. Уг байрны үнэ 138.000.000 төгрөг гэсэн дүнг шууд авсан байна.
Энэ нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 2 дугаар бүлгийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т заасан “Шудрага байх” гэснийг, 7 дугаар зүйлийн 7.1.5-т заасан “Хөрөнгийн үнэлгээ хийхэд ашиглаж байгаа мэдээллийн сан болон үйлчлүүлэгчээс ирүүлсэн тоо,мэдээг дахин хянаж, магадлан шигжилсэн байх” гэсэн хуулийн заалтыг тус тус зөрчжээ.
4.Хөрөнгийг үнэлэхдээ эзэмшигчтэй нь уулзаж эсвэл утсаар тодорхой ярилцаж, хөрөнгийн талаар авч болох байсан бүхий л мэдээллийг аваагүй, авч болох байсан мэдээллийг авах оролдлого хийгээгүй.
“С-Э” ХХК-иас 2016 оны 4 сарын 04-нд 11цагийн орчим над руу 94229363 гэсэн дугаараас утасдаж: “Очиж байрыг чинь үзнэ, байршлаа сайн зааж өгөөч” гэсэн. Би гэрийхээ байрлалыг тодорхой зааж өгч, “Би одоогоор гэртээ байхгүй байна, би 8 сартай жирэмсэн, яг одоо эмнэлэг дээр үзүүлж байна. Үдээс хойш 13 цагаас хойш гэртээ байж байна” гэдгээ хэлсэн. Гэтэл үнэлгээний компанийн ажилтан нь шууд 11 цагийн орчим гэрт ирж бага насны хүүхэд байхад гэр утсан дээрээ зурагнууд аваад явсан байна. Дээрх үйлдлүүд нь “С-Э” ХХК нь хувийн эзэмшлийн орон сууцанд зөвшөөрөлгүй, бага насны хүүхэд байхад нэвтэрч, үйл ажиллагаа явуулсан болохыг харуулж байна. Энэ нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 2 дугаар бүлгийн 7 дугаар зүйлийн 7.1.3, 7.1.4-т заасныг зөрчжээ.
Иймд “С-Э” ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгож, төлбөрт авсан мөнгийг буцаан гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн .......шийдвэрээр Ц.Эгаас 61.379.287 төгрөг гаргуулж К.бинд олгохоор шийдвэрлэсэн.
Дээрх шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2016 оны 02 сарын 25-ны өдөр үүсгэн, 2016 оны 3 сарын 02-ны өдрийн уулзаж Ц.Эд шүүхийн шийдвэрийг биелүүлэх хугацаатай мэдэгдэл өгсөн.
Шийдвэр гүйцэтгэгчийн тогтоосон хугацаанд төлбөрийг барагдуулаагүй тул үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Баянзүрх дүүргийн 14 хороо, 14-р хороолол 56-1 тоот 98 м.кв талбайтай орон сууц, 18 м.кв автозогсоолын хамт 2016 оны 3 сарын 10-ны өдрийн 167/01 тоот тоггоолоор битүүмжлэн сайн дураар биелүүлэхийг мэдэгдсэн.
Мөн хугацаанд төлбөрийг төлөөгүй тул битүүмжилсэн хөрөнгийг 2016 оны 3 сарын 21-ны өдөр хураах тогтоол үйлдэн хурааж, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар өмчлөгч болон төлбөр авагч талууд үнэлгээг харилцан тохиролцож тогтоогоогүй, төлбөр авагч үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй хөндлөнгийн шинжээч томилох хүсэлт гаргасан тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2.2-т зааснаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба хөндлөнгийн шинжээчээр тусгай зөвшөөрөл бүхий мэргэжлийн байгууллага болох “Сэлэнгэ эстимэйнт” ХХК-ийг томилон зах зээлийн үнийг тогтоолгосон.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2-т “Шинжээч шинжилгээ хийж дүгнэлт гаргахдаа Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан журмыг баримтлах”-аар заасан бөгөөд Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4-т “Шинжээч өөрийн гаргасан дүгнэлтийг үнэн зөвийг хариуцах”-аар заасан.
Иймд Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба үнэлгээтэй холбоотой асуудлыг хариуцахгүй бөгөөд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэв.
Хариуцагч “С-Э” ХХК-ийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:.Ц.Эгийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй тайлбар гаргаж байна.
Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг манай компани нь Хөрөнгийн үнэлгээний тухай хууль, Санхүүгийн тайлагналын олон улсын стандарт, үнэлгээний олон улсын стандартад заасны дагуу, түүнд нийцүүлэн дүгнэлт гаргасан, дүгнэлтээ хуульд нийцүүлэн үндэслэлтэй гаргасан гэж үзэж байна.
Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, зохигч, тэдгээрийн төлөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.Э нь хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан “С-Э” ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгуулах, төлбөрт авсан мөнгийг буцаан гаргуулах шаардлага гаргасан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн хүсэлтээр “С-Э” ХХК-ийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хамтран хариуцагчаар оролцуулжээ.
Хариуцагч талууд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Шүүх, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 сарын 28-ны өдрийн 101/ШШ2016/00.......дугаар шийдвэрээр Ц.Эгаас 61.379.287 төгрөг гаргуулж “К.б” ХХК-д олгохоор шийдвэрлэсний дагуу Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны шийдвэр гүйцэтгэгчийн 2016 оны 02 сарын 25-ны өдрийн 16260462 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэн, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж шийдвэр гүйцэтгэгчийн 167/01 тоот эд хөрөнгийг битүүмжлэх тогтоол, 167/02, эд хөрөнгө хураасан тогтоолоор төлбөрт хураагдсан хөрөнгийг битүүмжилж, хураасан байна.
Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч нар Иргэний хуулийн 177.1.-д заасны дагуу хөрөнгийн үнийн талаар тохиролцоогүй тул Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2016 оны 3 сарын 31-ний өдрийн 69 дугаартай Шинжээч томилох тухай тогтоолоор төлбөрт хураагдсан үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ тогтоолгохоор шинжээчээр “С-Э” ХХК-ийг томилж, шинжээч нь Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14 хороолол /13335/, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 56 байр, 1 тоот, 98 м.кв талбайтай орон сууцны зориулалттай, ¹01 тоот авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 138.000.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний тайланг 2016 оны 4 сарын 04-ний өдөр гаргасан байна.
Хэрэгт авагдсан хөрөнгө үнэлсэн тайлан, энэ үнэлгээг гаргасан аргачлал, үндэслэл нь хууль зөрчсөн гэх байдал тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэл алга байна гэж үзлээ.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба үнэлгээний тайланг 2016 оны 4 сарын 15-ны өдөр төлбөр төлөгч Ц.Эд танилцуулж, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл үйлдэн гарын үсэг зуруулж, энэ тухай баримтжуулсан үйл баримтууд тогтоогдсон байна.
Иймд нэхэмжлэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т заасан хугацаанд гомдол гаргаагүй, хуульд заасан гомдол гаргах хугацааг хэтрүүлж гомдол гаргасан байх тул Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба, “С-Э” ХХК-д тус тус холбогдуулан гаргасан, “С-Э” ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгуулах, төлбөрт авсан мөнгийг буцаан гаргуулах тухай Ц.Эгийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3., 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3.-т заасныг баримтлан Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба, “С-Э” ХХК-д тус холбогдох, “С-Э” ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгуулах, төлбөрт авсан мөнгийг буцаан гаргуулах тухай Ц.Энхтуаягийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.БААТАР