Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 1165

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Төгөлдөр,

улсын яллагч Б.Мөнгөншагай,

хохирогч Л....,

шүүгдэгч Ч...., түүний өмгөөлөгч Г.Хандсүрэн  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийв.

Шүүх хуралдаанаар Тээврийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт ...ын ...д холбогдох 1908044570452 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авснаар, хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1992 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, “...” ХХК-нд туслах ажилтан ажилтай, ам бүл 2, эгчийн хамт Баянгол дүүргийн ...тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Боржигон овогт ...ын ... /.../.

ТОДОРХОЙЛОХ нь:

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн товч агуулга:

Ч.... нь 2019 оны 08 дугаар сарын 19-ний 11 цаг 55 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо “Энхжин” худалдааны төвийн хойд замд “Газ-66” маркийн, ...улсын дугаартай автомашиныг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, мөн дүрмийн 16.3-т заасан “Явган хүний гарцын өмнө тээврийн хэрэгсэл зогссон буюу хурдаа хасаж байвал зэрэгцээ эгнээнд араас нь ирсэн жолооч мөн хурдаа хасах буюу зогсож, энэ дүрмийн 16.1, 16.2-т заасныг баримталж хөдөлгөөнөө үргэлжлүүлнэ.” гэснийг тус тус зөрчин гэрлэн дохио бүхий явган хүний гарц дээр зогсож байсан “Тоёота харьер” маркийн, ...улсын дугаартай автомашины араас мөргөсний улмаас уг явган хүний гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч Л....ийг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичсэнээр/

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:

1.Хохирогч Л....ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2019 оны 08 дугаар сарын 19-ний 11 цаг 30 минутын орчимд зээ болон ач хүүхдүүдээ дагуулан Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо “Энхжин” худалдааны төвийн хойд замын гэрлэн дохио бүхий явган хүний гарцын урд зогсож байгаад ногоон гэрлээр 2 хүүхдээ дагуулан гарцаар гарч явтал нэг цагаан машин хөдөлөөгүй зогсож байхад том машин ирж мөргөөд цагаан тэрэг мөргүүлсэн хүчиндээ ороод ирсэн. ...” гэх мэдүүлэг /хх 16 х/,

2.Хохирогч Л....ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2019 оны 08 дугаар сарын 19-ний өдөр 11 цаг 30 минутын орчим Энхжин худалдааны төвийн замаар хоёр зээгээ хөтлөөд ногоон гэрлээр зам гарах гэж байсан. Бүх машин зогссон байсан. Зам гараад явж байтал гэнэт өөдөөс машин гарч ирсэн. Би маш их айж цочирдож хойшоо нэг алхам ухарсан. Цагаан машин миний хөл дээгүүр гарсан. Би хоёр зээгээсээ “та хоёр гайгүй юу” гэхэд “гайгүй ээ эмээ” гэж хэлсэн. Намайг нэг охин хойш зам руу гаргасан. Тухайн үед замын цагдаагийн бүрэлдэхүүн ирж үзээгүй. Би өөрийнхөө хүүхэд, хүргэн хоёрыг дуудаж байж эмнэлэгт очсон. Маргааш нь Сонгинохайрхан дүүргийн Замын цагдаагийн газарт очиход намайг осолд орсон талаар мэдээгүй байсан. Миний асуудлыг мэдэхгүй машины асуудлыг 11,000,000 төгрөгөөр хаасан гэж надад хэлсэн. Миний хүү “яагаад машиныг 11,000,000 төгрөгөөр хаачихаад, миний ээжийн хөл дээр нь гарсан ослыг үл тоож байгаа юм бэ” гэхэд “өө за, байж бай” гээд ... байцаагч байцаалт авсан. Шүүгдэгч миний асуудлыг нуусан. Би гомдолтой байна. Би насан туршдаа хөл муутай амьдрхаар болсон. Мөн нуруу гэмтэлтэй байх үедээ дахин гэмтэл авсан. Үүнээс үүсэлтэйгээр би цочимтгой, аймтгай болсон. Сэтгэл санааны хохирол болон бие махбодиороо хохирсон тул би бүх зардлыг гаргуулна. Би цаашид өөрийн биеэ эмчлүүлнэ. Мөн зүрхний өвчтэй болсон. Одоо миний гар татаад зогсож байна. ...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

3.Иргэний нэхэмжлэгч Г....ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2019 оны 08 дугаар сарын 19-ний 11 цаг 30 минутын орчимд 5-н шарын төмөр замын призер гараад “Энхжин” худалдааны төвийн хойд замын гэрлэн дохио бүхий явган хүний гарц дээр зогсож байхад араас том оврын машин ирж мөргөсөн, машин урагшаа болоход нэг эмэгтэй хүн миний машинд мөргүүлсэн. ...” гэх мэдүүлэг /хх 29 х/,

4.Иргэний хариуцагч “...” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч....ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Газ-66 маркийн, ...улсын дугаартай автомашин нь манай компаний өмч бөгөөд жолооч Ч.... нь жолоодож яваад осол гаргасан. Компанийн зүгээс бусдын тээврийн хэрэгсэлд учруулсан 11 сая төгрөгийг төлсөн.Бусдад учруулсан хохирлыг төлнө. ...” гэх мэдүүлэг /хх 27 х/,

5.Шүүгдэгч Ч....ын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... Би 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 10 цагт Баянхошуунд байрлах ажлынхаа байрнаас ГАЗ 66 маркийн ...улсын дугаартай автомашиныг жолоодоод Зайсан орж өрөмийн ажил хийх гээд явж

байсан. Тэгээд би 21 дүгээр хорооллоор уруудаад 5-н шарын призер гараад “Энхжин” худалдааны төвиин гэрлэн дохионы гарцан дээр Харьер маркийн цагаан өнгийн автомашины ардаас мөргөсөн. Тэгээд миний жолоодож явсан Газ 66 маркийн машинд мөргүүлсэн Тоёота Харьер маркийн авто машин урагшлахдаа явган хүний гарцаар гарч байсан эмэгтэй хүнийг шүргэсэн юм. Тэгээд би машинаасаа буухад нөгөө машины жолооч эрэгтэй хүн чи миний машиныг мөргөөд миний машин урагшлахдаа зам гарч байсан хүн мөргөчихлөө гэж хэлсэн. Тэгээд би 103 дуудах гээд залгатал миний өөдөөс дуудлага хүлээн авсан байгаа гэж хэлсэн. Тэгээд мөргүүлдэг хүнийг түргэн ирж үзээд та гайгүй байна шаардлагатай бол ГССҮТ-д очиж үзүүлээрээ гэж хэлээд 103 түргэн тусламж яваад өгсөн. Тэгээд манай дүү Батпүрэв ирээд зам гарч байгаад мөргүүлдэг эгчийг дагуулаад эмнэлэг явсан. ... иргэний хариуцагчийн төлбөр 11,000,000 төгрөгийг компаниас төлсөн, гэм буруу, хэргийн зүйлчлэл дээр маргахгүй, хохирогч ...д 1,160,000 төгрөг төлсөн, цаашид гарах зардлыг төлнө ...” гэх мэдүүлэг /хх 59 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/

6.Шинжээчийн 10100 дугаар дүгнэлт:

1.Л....ийн биед зүүн хөлийн 3 дугаар хуруу, сээрний 12 дугаар нугаламын хугарал гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4.Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт тогтонгид нөлөөлөхгүй болно. гэх дүгнэлт /хх 39 х/,

7.Тээврийн цагдаагийн албаны шинжээчийн 67781 тоот дүгнэлт:

1. “Газ-66” маркийн, ...улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь хойд дугуйн тоормосны хүч зүүн талдаа 7,5 кн, баруун талдаа 9,1 кн, зөрүү 17,58% байгаа нь стандарт шаардлага хангахгүй байгаа нь уг зам тээврийн осолд тоормосны зам уртсах байдлаар нөлөөлнө. гэх дүгнэлт /хх 44-48 х/,

8.Тод үнэлгээ ХХК-ийн үнэлгээний тайлан: Тоёото Харьер маркийн автомашины үнэлгээгээр тогтоогдсон дүн 7,640,000 төгрөг /хх 34 х/

9.Зам тээврийн осол, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл  /хх 6 х/

10.Хохирлын баримтууд /20-25 х/

11. Иргэний нэхэмжлэгч Г....ын хохирлыг төлсөн баримт /хх 33 х/

12. Жолоочийн лавлагаа /хх 64 х/
13. Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 65 х/

14. Ажлын газрын тодорхойлолт /хх 68 х/

15. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 71 х/

16. Хохирол төлсөн баримтууд /хх 73-74, 89 х/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авах, бусад нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд ирүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзсэн.

Ч.... нь 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 11 цаг 55 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо “Энхжин” худалдааны төвийн хойд замд “Газ-66” маркийн, ...улсын дугаартай автомашиныг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, мөн дүрмийн 16.3-т заасан “Явган хүний гарцын өмнө тээврийн хэрэгсэл зогссон буюу хурдаа хасаж байвал зэрэгцээ эгнээнд араас нь ирсэн жолооч мөн хурдаа хасах буюу зогсож, энэ дүрмийн 16.1, 16.2-т заасныг баримталж хөдөлгөөнөө үргэлжлүүлнэ.” гэснийг тус тус зөрчин гэрлэн дохио бүхий явган хүний гарц дээр зогсож байсан “Тоёота харьер” маркийн, ...улсын дугаартай автомашины араас мөргөсний улмаас уг явган хүний гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч Л....ийг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан болох нь:

Хохирогч Л....ийн “... ногоон гэрлээр 2 хүүхдээ дагуулан гарцаар гарч явтал нэг цагаан машин хөдөлгөөнгүй зогсож байхад том машин ирж мөргөөд цагаан тэрэг мөргүүлсэн хүчиндээ ороод ирсэн. ...” гэх мэдүүлэг /хх 16 х/,

Иргэний нэхэмжлэгч Г....ын “... “Энхжин” худалдааны төвийн хойд замын гэрлэн дохио бүхий явган хүний гарц дээр зогсож байхад араас том оврын машин ирж мөргөсөн, машин урагшаа болоход нэг эмэгтэй хүн миний машинд мөргүүлсэн. ...” гэх мэдүүлэг /хх 29 х/,

Шүүгдэгч Ч....ын “... “Энхжин” худалдааны төвиин гэрлэн дохионы гарцан дээр Харьер маркийн цагаан өнгийн автомашины араас мөргөсөн. Тэгээд миний жолоодож явсан Газ 66 маркийн машинд мөргүүлсэн Тоёота Харьер маркийн авто машин урагшлахдаа явган хүний гарцаар гарч байсан эмэгтэй хүнийг шүргэсэн юм. Тэгээд би машинаасаа буухад нөгөө машины жолооч эрэгтэй хүн чи миний машиныг мөргөөд миний машин урагшлахдаа зам гарч байсан хүн мөргөчихлөө гэж хэлсэн. ...” гэх мэдүүлэг /хх 59 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/

Шинжээчийн 10100 дугаар дүгнэлт:

1. Л....ийн биед зүүн хөлийн 3 дугаар хуруу, сээрний 12 дугаар нугаламын хугарал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт тогтонгид нөлөөлөхгүй болно. гэх дүгнэлт /хх 39 х/,

Тээврийн цагдаагийн албаны шинжээчийн 67781 тоот дүгнэлт:

1. “Газ-66” маркийн, ...улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь хойд дугуйн тоормосны хүч зүүн талдаа 7,5 кн, баруун талдаа 9,1 кн, зөрүү 17,58% байгаа нь стандарт шаардлага хангахгүй байгаа нь уг зам тээврийн осолд тоормосны зам уртсах байдлаар нөлөөлнө. гэх дүгнэлт /хх 44-48 х/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлтийн талаар.

Энэ гэмт хэргийн объектив талын заавал байх шинж нь гэм буруутай этгээд болох жолоочийн хууль тогтоомж зөрчсөн үйлдэл ба хохирогчийн эрүүл мэндэд учирсан хүндэвтэр гэмтэл хоёрын хоорондын шалтгаант холбоо юм.

Гэмт хэргийн шинжийг агуулсан гэм буруутай үйлдэл, хор уршгийн хоорондын шалтгаант холбооны хувьд үйлдэл болон хор уршиг хоорондоо дараалсан шинжтэй байж, гэмт үйлдэл нь хор уршигт зайлшгүй хүргэх нөхцөл болсон байх ёстой.

Ч.... нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-д заасан "Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна." гэсэн заалтыг зөрчиж автомашинаа зогсоож чадаагүйн улмаас гарцан дээр зогсож байсан автомашиныг мөргөж, уг автомашин нь явган хүний гарцаар гарч явсан хохирогч Л....ийг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан нь хэргийн үйл баримтуудаар тогтоогдсон тул шүүгдэгчийн үйлдэл, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирол хоёр хоорондоо шалтгаант холбоотой.

Хохирогч Л....ийн эрүүл мэндэд учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар “... эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна  ...” гэх дүгнэлт /хх 39 х/, шүүгдэгч Ч....ын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн үйлдэл зэргээр уг гэмт хэргийн объектив талын шинжүүд хангагдсан.

Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, Ч....ын үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, хэргийн зүйлчлэл тохирсон, прокуророос дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй.

Хохирогч Л....ийн зүгээс гаргаж хэрэгт авагдсан хохирлын /хавтаст хэргийн 20-25 дугаар хуудас/ баримтаар нэхэмжилж буй зардал 470,000 төгрөг гарсан. Шүүгдэгчийн зүгээс хохиролд 1,160,000 төгрөгийг төлсөн болох нь хохирогчийн бичгээр шүүхэд гаргасан баримт /хх 89 х/, иргэний нэхэмжлэгч Г....ын автомашины хохиролд 11,000,000 төгрөг төлөгдсөн болох нь хавтаст хэргийн 33 дугаар хуудсан дахь баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон, хохирогчоос цаашид хийгдэх эмчилгээ, сувилгааны зардал гэж 5,000,000 төгрөг нэхэмжилсэн боловч энэ талаар нотлох баримтгүй тул хэргийн хамт шийдвэрлэх боломжгүй учраас холбогдох нотлох баримтуудаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэл гаргах эрхийг тогтоолд нээлттэй үлдээх нь зүйтэй гэж шүүх үзсэн.

Улсын яллагч: 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал гаргасан.

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Шүүгдэгч гэм буруу, хэргийн зүйлчлэл дээр маргаагүй, хохирлоо төлсөн тул 500 нэгжтэй тэнцэх торгуулийн ял оногдуулж өгнө үү? гэх саналыг гаргасан.

Энэ хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй байсан буюу тоормозны хүч хоёр талдаа харилцан адилгүй байсан нь уг автомашиныг зогсоох замыг уртасгах буюу гэмт хэрэг гарахад зохих хэмжээгээр нөлөөлсөн болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, шүүгдэгч хувийн байдлын хувьд анх удаа шүүхээр ял шийтгүүлж байгаа, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа зэргийг харгалзан Ч....ыг 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх нь түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдалд тохирсон гэж шүүх үзсэн.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй болохыг шийтгэх тогтоолд дурьдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Боржигон овогт ...ын ...ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ч....ыг 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан Ч....д мэдэгдсүгэй.

4. Ч....ын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, иргэнийн нэхэмжлэгчид 11,000,000 төгрөг, хохирогчид 1,160,000 төгрөг тус тус төлөгдсөн, хохирогч цаашид гарах эмчилгээ, сувилгаатай холбоотой зардлын нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Ч....д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Б.ДАШДОНДОВ