Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2026/00757

 

 

   2026            04            08                                         210/МА2026/00757

 

 

 

 

*******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, шүүгч Н.Оюунтуяа, Г.Нямсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 сарын 19-ний өдрийн 191/ШШ2026/01113 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: *******ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “*******” ХХК-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: ******* дүүргийн ******* дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Шинэ таван шар хорооллын ******* дүгээр байрны ******* давхар, ******* тоот 47.61 м.кв талбайтай ******* өрөө ******* загварын орон сууцыг барьж дуусган, захиалагчид хүлээлгэн өгөхийг даалгах, Орон сууц захиалгын гэрээний алдангид 39,397,275 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Г.Нямсүрэн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Минжин нар оролцов.

                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

1.1. “*******” ХХК-тай 2024.03.04-ний өдөр ******* тоот Орон сууц захиалан бариулах гэрээ байгуулж, уг гэрээгээр “*******” ХХК нь маргаан бүхий орон сууцыг гэрээнд заасан хугацаанд барих, захиалагч ажлын үр дүнг хүлээн авах, хэлэлцэн тохирсон төлбөр төлөх үүргийг тус тус хүлээсэн боловч хариуцагч өнөөдрийг хүртэл гэрээний 3.2.1, 4.1-т заасан үүргээ биелүүлээгүй, ноцтой зөрчсөн.

1.2. Барилгын зураг төсөл нь анх ******* давхраар төлөвлөгдсөн хэдий ч өнөөдрийн байдлаар ******* давхар хүртэл гадна цутгалт, 6 давхар хүртэл дотор ханын өрлөг хийгдсэн. Ийнхүү захиалагч гэрээнд заасан хугацаанд орон сууцыг ашиглалтад оруулж, хүлээлгэн өгөх талаар удаа дараа шаардлага тавих үед тус компаниас санхүүжилтгүй, барилгын материалууд захиалсан байгаа, 2026 онд ашиглалтад оруулна гэх зэргээр хариу өгдөг.

1.3. Захиалагч нь “*******” ХХК нь орон сууцыг ашиглалтад оруулж, захиалагчид хүлээлгэн өгөх үүрэгтэй. Гэрээний 8.2-т заасны дагуу хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.1 хувиар алданги 119,025 төгрөгөөр тооцон төлөх үүрэгтэй бөгөөд 2024.12.01-ний өдрөөс 2025.10.27-ны өдрийг хүртэл 331 хоногт тооцоход 39,397,275 төгрөг төлөх үүрэгтэй тул захиалагч шаардах эрхтэй. Иймд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, талуудын хооронд байгуулагдсан гэрээний 3.2.1, 4.1-т заасны дагуу орон сууцыг барьж дуусган захиалагчид хүлээлгэн өгөхийг хариуцагчид даалгаж, алданги 39,397,275 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбарын агуулга:

2.1. ...******* нь гэрээний үнийн дүнгийн 113,000,000 төгрөгийг бартераар төлж, үлдэх 6,025,000 төгрөгийг төлөөгүйд маргахгүй. Нэхэмжлэгч алданги гэрээний нийт үнийн дүнгээр бодсон. Алдангийг төлсөн үнийн дүнгээр бодох бөгөөд 2024.12.01-ний өдрөөс эхлэн тооцсон. ******* даргын 2024.12.04-ний өдрийн ******* дугаартай төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцлах захирамж гарсан тул бүтэн жилийн хугацаанд захиргааны шүүхэд маргаантай байгаа. Зарим захиалагчид гэрээгээ цуцалж, төлбөр тооцоог төлж дууссан. Орон сууцыг барих хүсэлтэй байгаа боловч Засаг дарга төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалж, өөр компани барилга барьж байгаа давагдашгүй хүчин зүйл гарсан. Гэрээний 6.1-т төрийн захиргааны байгууллагын шийдвэр, захирамж гэх хэсэг тусгагдсан. Иймд алдангийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: 

3.1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******т *******н дүүргийн ******* дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ******* хорооллын ******* дүгээр байрны ******* давхар, ******* тоот 47.61 м.кв талбайтай ******* өрөө ******* загварын орон сууцыг барьж дуусган, хүлээлгэн өгөхийг, хариуцагч ******* ХХК-д даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас 39,397,275 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 950,062 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******т олгож шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.1. Анхан шатны шүүхээс нотлох баримт, цаг хугацааг буруу тодорхойлж, талуудын хооронд байгуулагдсан “Орон сууц захиалгын гэрээ”-ний 6.1-т заасан давагдашгүй хүчин зүйл буюу төрийн захиргааны байгууллагын шийдвэрийн улмаас хариуцагч үүргээ гүйцэтгэх боломжгүй болсон учир нэхэмжлэгч нь гэрээний 8.2-т заасны дагуу алданги шаардах эрхгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Хариуцагч нь ******* даргын 2024.12.04-ний өдрийн ******* дугаар захирамжаар төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалсан тул Захиргааны хэргийн шүүх дээр маргаан үүссэн. Тус захирамж хариуцагчийн үүргээ гүйцэтгэх нөхцөл байдалд нөлөөлөхгүй.

4.2. Хариуцагч татгалзлын үндэслэлээ дээрх захирамжаар нотолдог боловч тус захирамжид хариуцагч компанийг дурдаагүй, харин “*******” ХХК-д олгосон төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалсан. Хэрэгт авагдсан баримтаар “*******” ХХК болон “*******” ХХК нарын хооронд гэрээ байгуулагдсан талаарх баримт, түүнчлэн захиргааны хэрэгт хариуцагч “*******” ХХК оролцож байгаа гэх баримт байхгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3-т зааны дагуу бус зөвхөн хариуцагчийн тайлбар, татгалзал үндэслэлтэй гэж нэхэмжлэгчийн эрхийг хязгаарласан нь үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга:

5.1. *******тэй орон сууц захиалгын гэрээ байгуулсан боловч ******* даргын 2024.12.04-ний өдрийн захирамжаар орон сууцны төсөл хэрэгжүүлэгч газар байгууллага буюу “*******” ХХК-ийн төсөл хэрэгжүүлэгчийн эрхийг цуцалсан. Үүний улмаас 2024.12.04-ний өдөр тус барилга ******* давхар хүртлээ баригдсан блок өнөөдрийг хүртэл зогсонги байдалтай байна. 2025 оны 10 дугаар сар хүртэлх хугацаанд захиргааны шүүхээр маргаан шийдвэрлэгдсэн боловч 2026 онд дахин маргаан үүссэн. Гэрээнд заасны дагуу 2024.11.30-ны өдрийн дотор барилга ашиглалтад орох ёстой байсан. Гэрээний 6.4-д “төрийн байгууллагатай холбоотой ямар нэгэн асуудал гарсан тохиолдолд гэрээний 4.1-д заасан хугацаа хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлгүй” гэж заасан тул Нийслэлийн Засаг даргын захирамж нь гэнэтийн давагдашгүй хүчин зүйлд хамаарах тул хүү, алданги төлөх  үндэслэлгүй. Маргаан бүхий барилгын м.кв нь тухайн цаг үеийн ханшаар буюу бага үнийн дүнгээр зарагдсан. Хэрэв орон сууц ашиглалтад орсон тохиолдолд захиалагч тухайн орон сууцыг буцаан зарвал, алдангийн төлбөрийг нөхөх боломжтой гэжээ.

      ХЯНАВАЛ: 

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч талын гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаав. 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч “*******” ХХК-д холбогдуулан ******* дүүргийн ******* дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ******* хорооллын ******* дүгээр байрны ******* давхар, ******* тоот 47.61 м.кв талбайтай ******* өрөө ******* загварын орон сууцыг барьж дуусган, захиалагчид хүлээлгэн өгөхийг даалгах, Орон сууц захиалгын гэрээний алдангид 39,397,275 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, Нийслэлийн Засаг даргын 2024.12.04-ний өдрийн ******* дугаар захирамжаар төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалсан тул гэрээнд заасан хугацаанд үүргээ биелүүлж чадаагүй гэж тайлбарлан маргажээ.

3. Анхан шатны шүүх маргааны үйл баримт бүрэн тогтоогдоогүй байхад хэргийг хянан шийдвэрлэсэн нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагад нийцээгүй байна.

4. Хариуцагч “*******” ХХК нь нэхэмжлэлийн эхний шаардлага болох  “******* дүүргийн ******* дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ******* хорооллын ******* дүгээр байрны ******* давхар, ******* тоот 47.61 м.кв талбайтай ******* өрөө ******* загварын орон сууцыг барьж дуусган, захиалагчид хүлээлгэн өгөхийг даалгах” гэснийг хүлээн зөвшөөрсөн тул анхан шатны шүүх хангаж шийдвэрлэсэн.

5. Харин “орон сууц захиалгын гэрээний алдангид 39,397,275 төгрөгийг гаргуулах” тухай шаардлагыг эс зөвшөөрч, “...******* даргын 2024.12.04-ний өдрийн “Төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалж, захирамжид өөрчлөлт оруулах тухай” ******* дугаар захирамжаар барилгын үйл ажиллагааг зогсоосон нь давагдашгүй хүчин зүйлийн нөлөө байх тул төлөхгүй” гэх үндэслэлээр маргажээ. /хх-ийн 53/,

6. *******г даргын 2024 оны ******* дугаар захирамжаар  “*******” ХХК-ийн эрхийг цуцалсан тохиолдолд хариуцагч “*******” ХХК-д хамааралтай эсэхийг тодруулах нь алданги гаргуулах шаардлагад холбоотой төдийгүй хариуцагч тус барилгыг барьж дуусган захиалагчид хүлээлгэж өгөхөөр зөвшөөрсөн шаардлагын тухайд бодитой биелэгдэх эсэхэд мөн нөлөөлнө.  

7. Анхан шатны шүүх энэ талаар зохигчоос тодруулах, чиглүүлэх ажиллагаа хийгээгүй, хэргийн оролцогч дээр дурдсан үйл баримтын талаар баримт гаргаж, мэтгэлцээгүй байх тул хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд эрх зүйн дүгнэлт хийх боломжгүйгээс гадна давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 сарын 19-ний өдрийн 191/ШШ2026/01113 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгч *******өөс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 354,937төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

  

        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                            Э.ЭНЭБИШ

 

             ШҮҮГЧИД                                           Н.ОЮУНТУЯА

 

                                                                                                Г.НЯМСҮРЭН