Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2026/01272

 

 

 

*******, ******* нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, шүүгч Б.Ууганбаяр, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 197/ШШ2026/08756 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч *******, ******* нарын нэхэмжлэлтэй

Хариуцагч *******т холбогдох

Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2025.05.09-ний өдрийн 25/1-2 тоот тогтоол, 2025.06.06-ны өдрийн 25/6-2-6 тоот тогтоолыг тус тус хүчингүй болгуулах, анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд *******, түүний өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Анулан нар оролцов. 

ХЯНАВАЛ:

 

1.Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч нарын давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж дүгнэв. 

 

2.Нэхэмжлэгч *******, ******* нар нь хариуцагч *******т холбогдуулан ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2025.05.09-ний өдрийн 25/1-2 тоот тогтоол, 2025.06.06-ны өдрийн 25/6-2-6 тоот тогтоолыг тус тус хүчингүй болгуулах, анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ******* нь хариуцагчийн байр суурийг дэмжсэн агуулга бүхий тайлбар гаргасан байна.

 

3.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөнөөс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь 2026.04.07-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагч талаас түдгэлзүүлсэн баримтыг хэзээ яаж хүлээж авсан эсэх нотлох баримт, ахлах шийдвэр гүйцэтгэгчийн түдгэлзүүлсэн, сэргээсэн тогтоол, мөн дуудлага худалдааны зарыг гаргуулах хүсэлт гаргасныг шүүгчийн 197/ШЗ2026/33715 дугаар захирамжаар хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан албадан дуудлага худалдаа явуулах ажиллагаатай холбоотой гомдол гаргасан нэг үндэслэлээ дуудлага худалдаа явуулахаас өмнө 14 хоногийн өмнө нийтэд мэдээлээгүй гэж тодорхойлсон байх ба хэрэгт дуудлага худалдааны зар авагдаагүй байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийг хүсэлтээ иргэний хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан явуулах хүртэл хугацаанд гаргах боломжтой, уг хугацаанд гаргаагүй хүндэтгэн үзэх шалтгаан тогтоогдоогүй, мөн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой эсэх нь тодорхойгүй гэж дүгнэсэн байх боловч хариуцагч нь хариу тайлбараа 2026.04.07-ны өдрийн шүүх хуралдаанд гаргасан байгааг анхаараагүй нь буруу байна.

Хэргийн оролцогч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримтыг өөрөө олж авах боломжгүй тохиолдолд шүүхэд хүсэлт гаргаж нотлох баримт бүрдүүлэх талаар мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасан.

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтийг хангахаас татгалзсан нь дээрх хуулийн зохицуулалтад нийцээгүй байна.

 

4.Харин анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлээс үзвэл нотлох баримтуудыг шинжлэн судалсан, хэргийн материалтай танилцах тухай өмгөөлөгчийн хүсэлтийг хангаж танилцуулсан, нэхэмжлэгч *******оос хэргийн материалтай танилцах талаар хүсэлт гаргаагүй байх тул нэхэмжлэгч нарын давж заалдах гомдолд дурдсан нотлох баримт хэргээс алга болсон, өмгөөлөх эрхээр хангаагүй, нэхэмжлэгч *******ыг нотлох баримттай танилцуулаагүй гэх гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.

 

5.Давж заалдах шатны шүүх дээрх ажиллагааг нөхөн гүйцэтгэх боломжгүй, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. Ийнхүү шийдвэрлэсэнтэй холбоотойгоор нэхэмжлэгч талаас давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 197/ШШ2026/08756 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******оос давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2026 оны 05 дугаар сарын 04-ны өдөр төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөнөөс бусад тохиолдолд давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэхийг дурдсугай.

 

 

  

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ      Т.ГАНДИЙМАА

 

ШҮҮГЧИД    Б.УУГАНБАЯР

 

Д.ЗОЛЗАЯА