Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 1120

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ууганзаяа

Улсын яллагч Х.Нарангуа,

Шүүгдэгч Д...., түүний өмгөөлөгч Б.Батаа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийв.

Шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Тонгорууд овогт ...гийн ...д холбогдох 1908037611229 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авснаар, хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1980 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Увс аймгийн Өмнөговь суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо, ...тоотод оршин суух, урьд

2009 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцогдож, 2009 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгосон, Тонгорууд овогт ...гийн ... /.../.

ТОДОРХОЙЛОХ нь:

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн товч агуулга:

Д.... нь 2019 оны 07 дугаар сарын 14-ний орой 21-22 цагийн хооронд Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, ...тоотод оршин суух иргэн Г....гийн хүн байнга амьдрах зориулалттай өвлийн сууцны вакум цонхоор нэвтрэн орж, их гарын мөнгөн аяга, жижиг зөөврийн компьютер зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад 400.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ./прокурорын яллах дүгнэлтэнд бичсэнээр/

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

1.Хохирогч Г....гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би гэр бүлээрээ 2019 оны 07 дугаар сарын 13-ны өдөр Сэлэнгэ аймаг руу аялалаар явсан. Тэнд 1 хоноод гэртээ 2019 оны 07 дугаар сарын 14-ний орой 23 цагийн үед иртэл байшингийн урд талын вакум цонх онгорхой байхаар нь түрхүүрээр онгойлгоод ортол ваартай цэцэг уначихсан. Цаашаа явж ороод гал тогооны өрөөний шкаф онгойлгоод үзтэл их гарын мөнгөн аяга алга болсон байсан. Лавшруулаад цаад өрөөндөө ороод модон авдраа сөхөөд үзтэл тавиур дээр байсан зөөврийн компьютер байхгүй байхаар нь ерөөөсөө хулгай орсон байна гээд цагдаад дуудпага өгсөн. Дэлгүүрийн хяналтын камерын бичлэгийг харахад 2017 оны намар манайх байшиндаа нам даралтын зуух хийлгэж байсан ... гэгч залуу манай гэрээс алдагдсан зөөврийн компьютерийг зарах гээд худалдагчтай нь яриад зогсож байгаа харагдсан. ...” гэх мэдүүлэг /хх 18-17 х/,

2.Иргэний нэхэмжлэгч Ш....ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би дэлгүүр дээрээ зогсож байтал нэрийг нь сайн мэдэхгүй зүс таних эрэгтэй хүүхэд манай дэлгүүрт орж ирчихээд нэг жижиг цэнхэр өнгийн компьютер маягийн юм барьчихаад энийг маргааш өглөө хүртэл архины барьцаанд тавьчихъя гээд гуйгаад байсан. Тэгэхээр нь би хуучин цагдаагийн байгууллагад ажиллаж байсан юм гэж бодоод 0,5 литрийн Хараа нэртэй архи өгөөд барьцаанд тухайн компьютерийг авсан. Тэгээд маргааш нь ирэхгүй болохоор нь хадгалаад байж байсан юм. Миний компьютер гэж хэлж байсан. 8500 төгрөгийн барьцаанд тавьсан. Нэхэмжлэхгүй, надад ямар нэгэн гомдол санал байхгүй. ...” гэх мэдүүлэг /хх 21-22/

3.Шүүгдэгч Д....ийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…Би 2019 оны 07 дугаар сарын 14-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороонд байрлах зүс таних ...гийн гэрт очиж хамт 3-4 шил архийг хувааж уусан юм. Би тэднийд архи ууж дуусгачихаад гэр лүүгээ харихаар гарсан юм. Тэгээд гэрлүүгээ харих гээд явж байтал 2014 онд хамт ажиллаж байсан Дүгэрсэд ахын гэрээр ороод гаръя гэж бодсон юм. Тэгээд тэдний гэрийн гадаа очоод хашаа руу нь жижиг хаалгаар ортол тэдний байшингийн хаалга нь түгжээтэй хүн байхгүй байх шиг байсан. Тухайн үед архи их уусан байсан бас нэмж архи авч уумаар санагдаад байхаар нь тэдний байшингийн хаалганы хажуу талын урагшаа харсан цонхыг гараараа цохиж байтал онгойчихсон. Тэгээд тухайн цонхоор байшин руу явж ортол байшин нь эзэнгүй хүнгүй байсан. Согтуу байсан болохоор тухайн айлаас хулгай хиймээр санагдаад ард талын жижиг өрөөний авдрыг ухаж үзтэл дотор нь жижиг зөөврийн компьютер байсан бас тухайн авдарын хажуу талд мөнгөн аяга байхаар нь аваад орж ирсэн цонхоороо буцаад гарсан юм. Тэдний гэрээс гараад буцаж ...гийн гэрт очиж Дүгэрсэд ахын гэрээс авсан зөөврийн компьютер, мөнгөн аягаа ...гийн хашаан дотор хураасан байсан гэрийн доогуур нуучихаад тэдний гэрт нь орж хоносон юм. Тэдний гэрт хоночихоод өглөө эрт тэдний хашаанд нуусан хулгайн эд зүйлсээ аваад явж байгаад гудамжинд таарсан танихгүй залууд мөнгөн аягыг 60,000 төгрөгөөр зарсан. Харин хулгайлсан жижиг компьютерээ Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо зурагтын хуучин эцсийн автобусны буудлын ард талд байрлалтай хүнсний дэлгүүрт 8500 төгрөгөөр архины барьцаанд тавьсан юм. ...” гэх мэдүүлэг /хх 48-49 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

4.Гэрч Д....гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Манайх гэр бүлээрээ 2019 оны 07 дугаар сарын 13- ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, ...тоотод байх гэрээсээ гарч, Сэлэнгэ аймаг орчихоод гэртээ ирэхэд том өрөөний цонх онгойчихсон байсан. Манай гэрээс их гарын хээтэй мөнгөн аяга 1 ширхэг, нөтбүүк хулгайд алдагдсан байсан. ...” гэх мэдүүлэг /хх 24 х/,

5.Гэрч Д....гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Манай ах 1980 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн. Манайх эхээс 5 уулаа манай хамгийн том ах байгаа юм. Манай ах Увс аймгийн 2-р арван жилийн сургуулийг суралцаж төгссөн. Хэдэн он гэдгийг нь сайн мэдэхгүй байна. Улаанбаатар хотод цагдаагийн сургалтанд явж цагдаа болж байсан. Улаанбаатар хотод Чингэлтэй дүүрэгт цагдаа хийдэг байсан. Манай ах цагдаад 10 жил ажиллаж байгаад шууд гарчихсан. Манай ах эхнэр, нэг хүүхэдтэй. Хүүхэд нь одоо 16 настай. ... ах одоогоор тогтсон ажил байхгүй, хувиараа барилгын ажил хийж амьдарч байдаг. Ах саяхан хөлөө хугалаад манай нагац эгчийн гэрт амьдарч байгаа. Д.... ах ажилд их сайн айлын том хүүхэд болохоор хар бор ажилд сайн. Д.... ах архи согтууруулах ундааны зүйлийг сүүлийн үед маш ихээр хэрэглэх болсон. Архи их хэрэглэснээсээ болоод эхнэр нь хүртэл тусдаа амьдрах болсон. Тамхи их татдаг. Улаанбаатар хотод оршин суух хаяггүй, дүү нарынхаараа очиж амьдардаг. Хүүхэд нь манай гэрт цуг амьдардаг. ...” гэх мэдүүлэг /хх 29 х/,

6.“1 ширхэг их гарын мөнгөн аяга 250,000 төгрөг, мини зөөврийн компьютер 150,000 төгрөг, нийт 400,000 төгрөг” гэх “Мастер үнэлгээ” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 32-33 х/,

7.Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 61 х/

8.Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх 63 х/,

9.Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 67 х/

10.Хохирол төлсөн баримт /хх 86-87 х/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч нараас мэдүүлэг авах, бусад нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд ирүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзсэн.

Шүүгдэгч Д.... нь 2019 оны 07 дугаар сарын 14-ний өдрийн 21-22 цагийн хооронд Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, ...тоотод оршин суух иргэн Г....гийн хүн байнга амьдрах зориулалттай өвлийн сууцны вакум цонхоор нэвтрэн орж, их гарын мөнгөн аяга, жижиг зөөврийн компьютер зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад 400,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

-Хохирогч Г....гийн “...... гэгч залуу манай гэрээс алдагдсан зөөврийн компьютерийг зарах гээд худалдагчтай нь яриад зогсож байгаа нь бичлэгт харагдсан. ...” гэх мэдүүлэг /хх 18-17 х/,

-Шүүгдэгч Д....ийн “…цонхоор байшин руу явж ортол байшин нь эзэнгүй хүнгүй байсан. Согтуу байсан болохоор тухайн айлаас хулгай хиймээр санагдаад ард талын жижиг өрөөний авдрыг ухаж үзтэл дотор нь жижиг зөөврийн компьютер байсан бас тухайн авдарын хажуу талд мөнгөн аяга байхаар нь аваад орж ирсэн цонхоороо буцаад гарсан юм. Хулгайн эд зүйлсээ аваад явж байгаад гудамжинд таарсан танихгүй залууд мөнгөн аягыг 60,000 төгрөгөөр зарсан. Харин хулгайлсан жижиг компьютерээ Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо зурагтын хуучин эцсийн автобусны буудлын ард талд байрлалтай хүнсний дэлгүүрт 8500 төгрөгөөр архины барьцаанд тавьсан юм. ...” гэх мэдүүлэг /хх 48-49 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

-“1 ширхэг их гарын мөнгөн аяга 250,000 төгрөг, мини зөөврийн компьютер 150,000 төгрөг, нийт 400,000 төгрөг” гэх “Мастер үнэлгээ” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 32-33 х/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

Шүүгдэгч Д.... хэн нэгэнд мэдэгдэхгүйгээр нууцаар, бусдын амь бие эрүүл мэнд, эрх, эрх чөлөөнд халдаж хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар мөнгөн аяга, зөөврийн комьпютер авсан үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн объектив талын шинжүүдийг хангаж байгаа.

Шүүгдэгч Д....ийн нэвтэрсэн обьект нь хүн байнга амьдрах зориулалтай байшин бөгөөд уг байшингийн цонхоор нэвтэрсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1.-д заасан хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг хангасан.

Уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн.

Шүүгдэгч Д.... нь айл руу хууль бусаар нэвтэрч мөнгөн аяга, жижиг зөөврийн компьютер авсан өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүнийг хүсч, уг хохиролд зориуд хүргэсэн гэж үзэх хангалттай нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй.   

Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, Д....ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон.

Хохирогч Г....гийн жижиг зөөврийн компьютерийг буцаан олгож, 1 ширхэг мөнгөн аяганы үнэ 250,000 төгрөг төлөгдсөн болох нь эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, хохирогчийн бичгээр гаргасан баримт /хх 4-5, 86-87 х/-аар, иргэний нэхэмжлэгч Ш.Дашчулуу 8500 төгрөгөө нэхэмжлэхгүй гэсэн нь түүний мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгээр /хх 17-18 х/ тус тус нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзсэн.

Улсын яллагч: Шүүгдэгч Д....д 02 жилийн хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналыг гаргасан.

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Шүүгдэгч өөрийн гэм буруу, хэргийн зүйлчлэл дээр маргаагүй, хохирлоо сайн дураараа төлсөн, хор уршиг арилсан тул хуульд заасан хорих ялаас хөнгөрүүлж 01 жилийн хорих ял оноож өгнө үү? гэх саналыг гаргасан.

Шүүгдэгч Д.... нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо өөрийн сайн дураар нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцогдож байгаа, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан нөхцөл байдлууд тогтоогдоогүй, хувийн байдлын хувьд анх удаа шүүхээр ял шийтгүүлж байгаа, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад учруулсан хохирол, хор уршиг их биш, бүрэн төлөгдсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан хорих ялыг хөнгөрүүлэх хууль зүйн шалгуурыг хангаж байгаа тул түүнд хуульд заасан хорих ялын доод  хэмжээнээс хөнгөрүүлж 01 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдалд тохирсон.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тогтоолд дурьдаж шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Тонгорууд овогт ...гийн ...ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан, тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар Д....ийг 01 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар Д....ийн эдлэх хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Д....ын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

6.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Д....д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.     

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Б.ДАШДОНДОВ