Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 88

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхбат даргалж тус  шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн  хуралдаанд

Нарийн бичгийн дарга Г.Алдармаа

Улсын  яллагч Г.Хаш-Эрдэнэ

Шүүгдэгч Х.Н нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар мөрдөн байцаалт явуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.Н-д холбогдох эрүүгийн 1922002430107 тоот  хэргийг 2019 оны 10 сарын 25-ны өдөр хүлээн авч хэлэлцэв. 

 

            Шүүгдэгч: Ажаа аравынхан овгийн Х-ийн Н

 

Шүүгдэгч Х.Н нь 2019 оны 9 сарын 13-наас 14-нд шилжих шөнө Дундговь аймгийн Хулд сумын нутаг дэвсгэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ О.М-той маргалдаж, түүнийг зодсоны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

             ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

1. Шүүгдэгч Х.Н  шүүхийн хэлэлцүүлэгт:  Хулд  суман дээр 2019 оны 9 сарын 13-наас 14-ний шилжих шөнө М-той муудалцаж, зодолдоод үүдэн шүдийг нь хугалж, гэмтэл учруулсан. О.М-той танилцаад жил гаран болж байна. Тэр өдөр нэлээн их архи ууж согтуу байсан. 13 цагаас эхлэн архи ууж эхэлсэн, 00 цагаас хойш муудалцсан. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Архи их уусан болохоор болсон явдлыг сайн санахгүй байгаа юм. Гадаа муудалцаад дээр дороо ороод байсныг мэдэж байна. Би өөрөө өнхөрч ойчиж байхдаа толгойгоо гэмтээсэн байх гэж бодож байгаа. Тэнд байсан хүүхдүүд цагдаа дуудсан байсан. Хохирогчид 500000 төгрөгийг дансаар өгсөн гэв.

2. Хохирогч О.М-ийн ‘’...2019 оны 9 сарын 13-ны өдөр Дундговь аймгийн Хулд сумын төвд байрлалтай хуучин сургуулийн байрны өрөөнд найз болох Б , О , Н  нартай 13 цагаас эхлэн архи ууж эхэлсэн юм. Хажуу өрөөнд дадлага хийх гэж ирсэн 16 настай Аймгийн Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн хүүхдүүд байрлаж байсан. Архи ууж байтал Төрийн банкнаас Д гэх залуу 14 цаг өнгөрч байх үед хүрч ирээд Төрийн банкны хашааг хөлсөөр бариад өгөөч гэхээр нь бид хэд нөгөө дадлагын хүүхдүүдтэй хамт хашааг нь барьж эхэлсэн. Хашаа барьж байх үедээ бид нар архи, пиво уусан, хүүхдүүд бол уугаагүй. Би хүнтэй уулзах гээд яваад иртэл хүүхдүүд ч байхгүй, О , Б  хоёр ажлын өрөөнд ороод унтаад өгсөн байсан. Н  байрны гадаа зогсож байхаар нь бид хоёр хашааг барьж байгаад харанхуй болохоор нь ажлаа дуусгаад Н бид хоёр дэлгүүрээс том пиво аваад эргээд О , Б  хоёр дээр очиход сэрчихсэн байж байсан. Хүүхдүүд баруун хажуу өрөөнд байсан, бид хэд архи, пиво ууж байгаад О  эхнэр аймгаас ирсэн гээд хамаатныдаа очих гээд 23 цагийн үед явсан. Б  архиндаа тасраад унтсан, Н  бид хоёр үлдээд ахиж архи уусан. Тэгсэн нэг мэдсэн  орой болчихсон, 00 цаг өнгөрч байхад Н-той байрны урд гадаа муудалцаж байснаа санаж байна. Бид хоёр юунаас болж муудалцсаныг санахгүй байна. Ямар ч байсан Н-ийг тонгорч унагаад би чамайг цохихгүй гээд далайж байснаа, мөн Н намайг үсдэж байгаад толгойгоор маань газарт нэг удаа мөргүүлснийг санаж байна. Цааш нь хэд мөргүүлснийг санахгүй байна, нэг мэдсэн өглөө ажлын өрөөндөө орон дээр унтаж байсан. Сэрээд биеэ анзаартал дээд үүдэн нэг шүд байхгүй унасан, мөн хамар, ам, дух халцараад урагдсан байсан. Ямар ч байсан би Н-той муудалцсан, өөр хүнтэй муудалцаагүй юм. Би шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаа. ...Бид хоёрын дунд ямар ч өс хонзонгийн асуудал байхгүй, ...шүдээ хийлгэмээр байна, шүд хийх зардлаа гаргаад авчуул надад гомдол санал байхгүй’’ гэх мэдүүлэг /хх-5-6/

3. Гэрч У.Б-ийн:  ‘’...2019 оны 9 сарын 13-ны өдөр 13 цагийн үед М, О, Н бид нар хамт Хулд сумын хуучин сургуулийн барилгын өрөөнд архи уусан. Бид хэд Хулд сумын эмнэлгийн байрыг барьж байгаад  уг хуучин сургуулийн байрыг түрээслэж байсан юм. ...Би гэгээ арай тасраагүй байх үед архиндаа тасраад унтаад өгсөн байна лээ. Намайг унтаж байхад гадаа хүмүүс зодолдоод байгаа дуу чимээ гарч би сэрээд цонхоор хартал М, Н хоёр байшингийн урд гадаа зодолдоод байгаа харагдахаар нь би гүйж гарч очтол тэр хоёр газар зууралдаад дээр дороо ороод байхаар нь салгах гэтэл салахгүй байхаар нь хүчээр салгаад М-г байранд нь оруулж амраагаад, Н-ийг гэрт нь хүргэж өгөөд би Н-ийнд хоносон. Тухайн үед нэлээн орой болсон шөнийн 02 цаг болж байсан. О намайг тасраад унтах хооронд эхнэрийнхээ хамаатныд очсон гэж байсан. 2019 оны 9 сарын 14-ний өглөө би сэргээд 8 цагийн үед М дээр иртэл М-ийн хамар нь халцараад дээд үүдэн шүд нь хугарсан гэчихсэн өрөөнд хэвтэж байхаар нь Н-д М-ийн байдлыг хэлээд хүрээд ир гэж дуудсан, удалгүй Н  хүрч ирээд М-той эвлэрсэн. Тэр хоёрыг юунаас болж муудалцсаныг мэдэхгүй...” гэх мэдүүлэг  /хх-8/

4. Гэрч А.О-ийн: “...2019 оны 9 сарын 13-ны өдөр 13 цагийн үед М , Б , Н  бид хамт Хулд сумын хуучин сургуулийн барилгын өрөөнд архи ууж, тэр өдөржингөө архи уусан. Орой 20 цагийн үед эхнэрийн хамаатан болох Б  гэх айл руу яваад тэр айлдаа хоносон. Намайг явахад М , Б , Н  нар үлдсэн. Өглөө 9 цагийн үед иртэл М-ийн нүүрэн хэсэг нь урагдаад үүдэн нэг шүд нь хугарсан байдалтай байсан. Н гэрээсээ ирчихсэн байсан. Тэгсэн Н, М хоёр хоорондоо муудалцаад Н, М-г зодоод үүдэн шүдийг нь хугалсан гэж байсан....” гэх мэдүүлэг /хх-9/

 5. Насанд хүрээгүй гэрч О.Э-ын: “...2019 оны 9 сарын 13-ны өдөр Хулд сумын төвд байрлалтай хуучин сургуулийн байрны өрөөнд Б, Ж, Т, С бид 5 байрлаж байсан. Бидний байрлаж байсан өрөөний зүүн талын өрөөнд эмнэлгийн барилга дээр ажиллаж байсан М , Б , О, Н  нар нийлж 13 цагийн үеэс эхэлж архи уусан. ...Бид орой амарцгаагаад унтаж байтал хамт байсан С  намайг сэрээгээд байшингийн урд зодоон болоод байна гэхээр нь цонхоор урагшаа харсан. Тухайн үед 00 цаг өнгөрч байсан байх. Гадаа М , Н  хоёр хоорондоо муудалцаад байсан. Н  ах М  ахын нүүрэн хэсэг рүү толгойгоороо 2 удаа мөргөж, мөн үстэж байгаад газар мөргүүлээд байсан. 2, 3 удаа гараараа цохиж байгаа харагдсан. М  Н  ахыг цохиж, зодож байгаа харагдаагүй. М  ах ер нь их согтуу хөл дээрээ тогтож чадахгүй байсан, Н ах бол гайгүй харагдсан... ” гэх мэдүүлэг  /хх-17-18/

 6. Насанд хүрээгүй гэрч Н.Т-ийн: ‘’...Байшингийн урд хэсэгт Н, М  нар хоорондоо хэвтээ байдалтай нэг нэгэнтэйгээ зууралдаад байсан. Н  нь М-г дээрээс нь гараараа толгой хэсэг рүү нь цохиж байгаа харагдсан. Тэгсэн Б өрөөнөөс гарч очоод тэр хоёрыг болиулаад газраас босготол Н нь М-г босч ирээд толгойгоороо нэг удаа мөргөсөн. М ах газарт унасан чинь Н ах М ахыг газарт хэвтэж байхад нь үснээс нь татаж байгаад толгойг нь газар 2 удаа мөргүүлсэн, мөн ахиад зүүн гараараа  нүүрэн хэсэг рүү нь нэг удаа цохьсон...’’ гэх мэдүүлэг /хх-20-21/

 7. Насанд хүрээгүй гэрч С.С-ын: “...Бид нар унтацгаасан юм. Тэгсэн гэнэт өрөөний урд хэсэгт цонхны доод талд хүмүүс муудалцаад байхаар нь бид нар цонхоор хартал М, Н хоёр газарт хэвтээ байдалтай муудалцаад байсан. Б ах тэр хоёрыг харсан юм шиг өрөөнөөсөө гарч очсон. О  ах тухайн шөнө байгаагүй, хаашаа явсныг мэдэхгүй. Н  ах газарт М ахыг доороо оруулчихсан дээрээс нь гараараа толгой хэсэгт нь нэлээн хэдэн удаа цохиж байгаа харагдсан. Б  ах салгах гээд үзээд байсан. Н  ах Б ахын үгэнд орохгүй М ахыг газарт хэвтэж байхад нь хөлөөрөө дээрээс нь өшиглөөд байсан.... ” гэх мэдүүлэг  /хх-23/

 8. Насанд хүрээгүй гэрч У.Б-ийн: “...Бид орой шөнө болоод амарцгаасан. Тэгсэн гадаа Н, М хоёр муудалцаад хэрэлдээд байсан. Б  ах хажууд нь салгах гээд зогсож байгаа харагдсан. М  ахыг хөдөлж ч чадахгүй согтуу байхад нь Н  ах М ахын толгой хэсэг рүү мөргөж, газарт унагааж байгаад дээрээс нь хөлөөрөө дэвсэж, М ахыг газар 3-4 удаа мөргүүлж байгаа харагдсан... ” гэх мэдүүлэг  /хх-26-27/

 9. Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 9 сарын 18-ны өдрийн 227 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: ‘’1.О.М-ийн биед баруун дээд 1-р шүдний булгарал, дагз, дух, хамар, зүүн хөмсөг, хүзүү, цээж, баруун дал, ар нуруунд зулгаралт, хүзүү, дээд уруулын дотор салстад цус хуралт. Тухайн бусдад зодуулсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 2.Дээрх гэмтэл хатуу мохоо хүчин зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.11.52.1-д зааснаар 5 хувь нөлөөлнө. 4.Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна’’ гэжээ /хх-29-31/

10. Шинжээч эмч Д.Д-ийн: ‘’...Хохирогч О.М-ийн биед үүссэн баруун дээд нэгдүгээр шүдний хугаралт гэмтэл нь бусдад зодуулсан гэх 2019.09.13-наас 14-ний шилжих шөнө үүссэн байх боломжтой. Уг булгарсан дээд 1-р шүдний буйл нь хонхойж эдгэрэлт явагдаж байсан шинжтэй шинэ гэмтэл байсан. Мөн О.М-ийн зүүн дээд 1-р шүд булгарч унаад удсан байдалтай хэзээ үүссэн цаг хугацааг тогтоох боломжгүй, уг шүдний буйл бүрэн эдгэрэлт явагдсан шинжтэй байсан бөгөөд үзлэгийн явцад хохирогч О.М нь надад уг шүдний талаар зодооноос болоогүй урьд өмнө нь булгарч унаад удаж байна гэсэн...’’ гэх мэдүүлэг /хх-43/

11. Өвөрхангай аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2013.04.01-ний өдрийн 41 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хх-52-61/

12. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017.12.04-ний өдрийн 564 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-62-66/

13.Хэрэгт цугларсан бусад бичгийн баримтууд болон эд мөрийн баримтыг  шинжлэн судлав.

 

          Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудыг мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж  шийдвэрлэлээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрхи баримтуудаар шүүгдэгч Х.Н  нь Дундговь аймгийн Хулд сумын төвд архидан согтуурсан үедээ  О.М-той маргалдаж, түүнийг зодож үүдэн нэг шүдийг хугалж, нүүрэн тус газар нь гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь тогтоогдож байна.

 Зодоон болсон гэх тухайн цаг хугацаанд шүүгдэгч Х.Н-ийн эрүүл мэндэд хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь шинжээчийн 2019 оны 9 сарын 18-ны өдрийн 227 тоот дүгнэлтээр тогтоогдож байх боловч хэрэгт авагдсан баримтуудаар уг гэмтлийг хохирогч О.М учруулсан гэх үндэслэл тогтоогдоогүй болно.

 

 Шүүгдэгч Х.Н-ийн хохирогч О.М-г зодсон үйлдэл нь Эрүүгийн  хуулийн  11.6 дугаар  зүйлийн  1 дэх хэсэгт  заасан  гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан бөгөөд мөрдөн байцаалтын шатанд түүнд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн  зүйлчлэл тохирсон байна.

 Иймд шүүгдэгч Х.Н-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай байна гэж  шүүх дүгнэлээ.

 Шүүгдэгч Х.М нь Өвөрхангай аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2013.04.01-ний өдрийн 41 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.3 дахь хэсэгт зааснаар /насан хүрээгүй шүүгдэгч Х.Н-д/ 10 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017.12.04-ний өдрийн 564 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэгдэж байсан нь шийтгэх тогтоолын хуулбараар тогтоогдож байна.

Шүүгдэгч Х.Н нь гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул прокурорын саналыг харгалзан шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтэд тустай ажил хийлгэх ялыг сонгон оногдуулахаар шийдвэрлэлээ.

            Шүүгдэгч Х.Н-д шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн  ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг анхааруулах нь зүйтэй гэж үзлээ.

            Шүүгдэгч Х.Н  нь ‘’Би Дундговь аймгийн Хулд сумын жоншин дээр ажиллаад 50-100 мянган төгрөгийн орлого олдог учир прокурорын гаргасан нийтэд тустай ажил хийлгэх ялын саналыг торгох ял болгож өгнө үү’’ гэсэн хүсэлт гаргаж байна.

            Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт ‘’шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно’’ гэж заажээ.

            Гэвч хэрэгт авагдсан баримтуудаар шүүгдэгч нь эрхэлсэн тодорхой ажилгүй, өдөрт  50.000-100.000 төгрөгийн орлого олдог гэх талаар нотлох баримт авагдаагүй байх тул ‘’торгох ял оногдуулж өгнө үү’’ гэсэн  шүүгдэгчийн хүсэлтийг хүлээн авах боломжгүй байна.

            Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, битүүмжлүүлсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь хохирогчид хохирол  500000 төгрөг төлсөн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болох нь хэргийн 83, 87-рт авагдсан баримтуудаар тогтоогдож байх тул тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3,  4, 36.7, 36.8, 36.10, 38.1, 38.2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Ажаа аравынхан овгийн Х-ийн Н-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт  хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

         2. Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ажаа аравынхан овгийн Х-ийн Н-д 240 /хоёр зуун дөчин/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийх ял оногдуулж шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Н нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож  хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч Х.Н нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хохирогчид хохирол 500000 төгрөг төлсөн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.

          5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Н-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч тэдгээрийн  өмгөөлөгч гардуулсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн  дотор давж заалдах гомдол гаргах, прокурор дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                        Г.МӨНХБАТ