Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2026/00768

 

 

     

*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, шүүгч Т.Гандиймаа, Ж.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 сарын 29-ний өдрийн 191/ШШ2026/01718 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: *******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: даатгалын гэрээний нөхөн төлбөр 48,007,238 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ж.Лхагвасүрэн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

******* болон түүний гэр бүлийн хүн болох ******* нар нь 2020 оны 05 сард Худалдаа хөгжлийн банкнаас орон сууцны зээл авахдаа *******-тай ипотекийн зээлдэгчийн амь даатгалын баталгаа, даатгалын гэрээ байгуулсан. 2023 оны 12 сарын 02-ны өдөр *******ын гэр бүлийн хүн, хамтран зээлдэгч, даатгуулагч ******* нас барсан бөгөөд шинжээчийн дүгнэлтээр ...үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдоогүй, ...гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн, ...гавал тархины битүү гэмтлийн улмаас нас баржээ... гэж дүгнэж даатгалын тохиолдол үүссэн.

******* болон *******, ******* нарын хооронд байгуулсан даатгалын гэрээний 2.1-д Даатгалын зүйл нь дараах төрөлтэй байна гээд 2.1.1-д Даатгуулагчийн амь нас гэж 3.1-д Даатгагч нь даатгалын зүйлд дараах тохиолдол бий болсон үед даатгалын нөхөн төлбөр олгоно гээд 3.1.1.1-д Даатгуулагч гэнэтийн ослын улмаас нас барах гэж зааснаар даатгуулагчийн нас барсан тохиолдол нь даатгалын тохиолдолд хамаарч байна.

Даатгуулагч ******* нь даатгалын гэрээний 6.2-т заасны дагуу нөхөн төлбөрийн материалаа гэрээнд заасан хугацаанд бүрдүүлэн *******-д 2024 оны 02 сард анх хандаж байсан. *******-ийн зүгээс хүсэлтийг шийдвэрлэхгүй тодорхой хариу өгөхгүй байсан тул нэхэмжлэгч нь Санхүүгийн зохицуулах хороонд гомдол гаргасан. Санхүүгийн зохицуулах хорооноос 2024 оны 07 сарын 02-ны 3/2433 албан бичгээр *******-д даатгалын нөхөн төлбөрийг шийдэж өгөх талаар чиглэл өгсөн.

Мөн ******* нь *******-аас шаардсан бүхий л материалыг гаргаж өгсөн бөгөөд даатгуулагчийн нас барсан хэрэг цагдаагийн байгууллагаар шалгагдаж байгаатай холбоотой шийдвэр тогтоолыг шаардсаны дагуу Хан-Уул дүүргийн Прокрорын 2024 оны 12 сарын 11-ний өдрийн Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай 2378 дугаартай тогтоолыг 2024 оны 12 сарын 25-ны өдөр хүлээн авч, 2024 оны 12 сарын 26-ны өдөр *******-д цахимаар хүргүүлэхэд тухайн өдрөө хүлээн авсан тухай хариу ирүүлсэн байдаг. Үүнээс хойш утсаар холбогдож, очиж уулзаж, нөхөн төлбөрийн асуудлаа шийдвэрлүүлэхээр хичээсэн боловч даатгалын тохиолдолд хамаарахгүй байх боломжтой байна гэх албан мэдээлэл өгч, дахин шийдвэрлэхгүй хугацаа алдсаар байсан тул ******* нь Санхүүгийн зохицуулах хороонд 2025 оны 02 сард дахин гомдол гаргаж шүүхэд хандаж байна.

*******-аас даатгалын тохиолдол биш гэж маргаж байгаа бөгөөд шинжээчийн дүгнэлтээр архинаас болж нас барсан үйл баримт тогтоогдоогүй байхад архинаас болж нас барсан гэж үзэж даатгалын тохиолдолд хамааруулахгүй байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Шинжээчийн дүгнэлт дээр нас барсан шалтгаануудыг дурддаг. Энэ олон шалтгаануудаас ганцхан архи уусныг үндэслэн хариуцагч тал маргаж байгаа нь үндэслэлгүй.

Шинжээчийн дүгнэлтээр гавал тархины битүү гэмтлийн улмаас нас барсан гэсэн дүгнэлт гарсан. Мөн шинжээчийн дүгнэлтэд үхэлд хүргэх архаг өвчин тогтоогдоогүй гэснээс үзэхэд энэ хүнд архаг хууч өвчин байгаагүйг нотолж байна.

Харин талийгаачид учирсан гэмтлийг хүнд гэмтэл гэж үзээд нас барсан шалтгааныг гадны буюу гуравдагч этгээдийн нөлөөтэй гэж дүгнэсэн байдаг бөгөөд прокурорын тогтоол дээр хэрэгт холбогдогчийг олж тогтоож чадаагүй, тогтоол дээр дүү *******ийн мэдүүлэгт талийгаачийг нүүр ам нь битүү хавдсан байдалтай байсан талаар мэдүүлдэг. Гэрчийн мэдүүлгээр талийгаачтай өөр хүмүүс байсан нь нотлогддог. Гэрчүүдийн мэдүүлгээр эзэн холбогдогч нь тодорхойгүй гэж хэргийг хааж шийдвэрлэсэн гэдэг нь архинаас болоод өөрийгөө гэмтээгээд нас барсан гэсэн үг биш юм. ******* нь нөхрөө алдаад шоконд орж тогтоолд гомдол гаргах хугацаагаа алдсан байсныг үгүйсгэхгүй юм. Гэтэл энэ прокурорын тогтоолыг үндэслэн даатгалын тохиолдол биш гэж маргаж байгаа нь үндэслэлгүй байна.

Гэнэтийн осол байсан гэж үзэж байгаа бөгөөд гуравдагч этгээдийн нөлөөлөл байгаа нь эрх бүхий байгууллагын тогтоолоос харагдаж байгаа.

Даатгалын гэрээний 4.3-т даатгуулагчийн эрхийг тусгасан бөгөөд даатгалын тохиолдол бий болсон тул орон сууцны зээлийн гэрээний эргэн төлөлтийн үлдэгдэл төлбөр болох 96,014,476 төгрөгийн 50 хувь болох 48,007,238 төгрөгийг *******-аас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

******* нь даатгалын тохиолдол бий болсон гэж үзэж 48,007,238 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээнэ зөвшөөрөх боломжгүй байна.

Талийгаач архины хамааралтай хүн байсан бөгөөд архи хэтрүүлэн хэрэглэсэн нь талийгаачийг нас барах шалтган болсон нь мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр тогтоосон тул даатгалын гэрээний дагуу татгалзаж байна. Тодруулбал, зээлдэгчийн амь даатгалын баталгааны гэрээний 3 дугаар зүйлд заасан эрсдэлээс хамгаалуулж даатгуулсан бөгөөд 3.1.1-д даатгуулагч гэнэтийн ослын улмаас нас барах гэж байгаа. *******-ийн зүгээс гэрээ хүчин төгөлдөр эсэхэд маргахгүй. Харин гэнэтийн осол мөн үү гэдэгтэй маргаж байгаа бөгөөд шинжээчийн дүгнэлтээр талийгаачийн цусанд 3,1 промилли, ходоодны шингэнд 3,5 промилли, шээсэнд 4.6 промилли, цөсөнд 3,3 промилли спиртийн зүйл илэрсэн гэж гарсан бөгөөд үүнээс үзэхэд талийгаач нь архины хамааралтай архинд донтсон. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсний улмаас нас барсан болох нь нотлогдож байна. Хэрэв *******ын ярьж байгаа шиг гуравдагч этгээд мохоо зүйлээр гэмтээсэн бол энэ нь эрүүгийн хэрэг болох бөгөөд түүгээр яваа гэмт хэргийн асуудлыг даатгалын компани хүлээнэ гэж байхгүй. Энэ маргаантай гуравдагч этгээдийн гэмтэл учруулсан асуудлыг хольж байгаа нь үндэслэлгүй. Талийгаачийн цусанд спирт илэрсэн гэдэг нь энэ хүн архи хэтрүүлэн хэрэглэж тасарцан байсан болох нь харагдаж байна. Харин гадны нөлөөний улмаас гэмтэл авч нас барсан бол эрх бүхий байгууллага нь шийдэх ёстой.

*******ын хувьд даатгалын гэрээний 3.1.1.1-т заасан гэнэтийн осолд хамаарахгүй. Мөн гэрээнд архины хордлогоос болж нас барсан бол даатгалын тохиолдолд хамаарахгүй гэж заасан байгаа. Түүнчлэн нас барсны гэрчилгээнд нас барсан өвчний шалтгааны онош бол R99 гэдэг нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ нас барсан гэсэн утгатай бөгөөд энэ нь даатгалын эрсдэлд хамаарахгүй даатгалын нөхөн төлбөр олгохгүй байх үндэслэл болдог. Тодруулбал, даатгалын гэрээний гол баримталдаг зүйл нь нас барсны гэрчилгээнд бичигдсэн код бөгөөд энэ нь гэнэтийн осолд хамаарахгүй юм.

*******-ийн зүгээс даатгуулагч нар 50, 50 хувиар даатгуулсан үйл баримттай маргахгүй бөгөөд зээлийн гэрээгээр хамтран зээлдэгч нас барсан ч гэсэн үндсэн зээлдэгч зээлээ төлөөд явах бүрэн боломжтой гэж үзэж байна. Архи согтууруулах ундааны зүйл нь нас барсан шалтгаан болсон энэ нь тогтоогдсон бол даатгалын төлбөр өгөхөөс татгалзана гэж гэрээнд заасан бөгөөд талийгаачийн цусан дахь спиртийн хэмжээгээр маш хүнд зэргийн согтолттой байсан болохыг нотолж байгаа тул даатгалын тохиолдол бий болоогүй байна гэж үзэх бүрэн үндэстэй.

Иймд дээрх нөхцөл байдал нь амь насны даатгалын гэрээний 8.1.7-д хамаарч байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 9 дүгээр зүйлийн 9.1.4 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч *******-аас 48,007,238 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******т олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 397,987 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн хариуцагч *******-аас 397,987 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч *******т олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

Анхан шатны шүүхийн шийдвэрийн 5 дахь хэсгийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь тархины энэ гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн гэж ШШЕГ-ын шинжээч дүгнэсэн бөгөөд дээрх олон удаагийн үйлчлэлээр үүссэн гэмтлүүд нь нэгдүгээрт, гаднын гуравдагч этгээдийн нөлөөгөөр үүсэх боломжтой ч тус хэргийг хянасан хяналтын прокурорын тогтоолоор гуравдагч этгээдийн буруутай үйлдэл байсан эсэх нь тогтоогдоогүй, хоёрдугаарт, дээрх олон удаагийн мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн гэмтлүүд нь талийгаач архи, согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглэснээс үүдэж олон удаа биет зүйл, мохоо зүйл мөргөж унаснаас үүссэн байх боломжтой гэж үзэх үндэслэлтэй.

Химийн шинжилгээний №30 тоот хариунд: Талийгаачийн цусанд-3,1 промилль, ходоодны шингэнд-3,5 промилль, шээсэнд-4,6 промилль, цөсөнд 3,3 промилли спиртийн зүйл илэрсэн байна гэж ******* шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон нь 8.1.7-д заасан ... мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон байх гэсэн нөхцөлийг хангаж байна. Архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэх нь гэнэт санаандгүй тохиолдох зүйл биш, талийгаачийн санаатай, идэвхтэй үйлдэл бөгөөд ийнхүү хэрэглэснээр шинжээчийн дүгнэлтэд дурдсан олон гэмтлүүд үүсэж талийгаачийг үхэлд хүргэх нөхцөлийг үүсгэсэн тул даатгалын гэрээний 8.1.7-д заасан Архи, спиртийн төрлийн согтууруулах ундаа ... хэрэглэсэн нь... гэсэн нөхцөл хангагдаж байна.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 7 дахь хэсэгт ...Талууд гэрээндээ гэнэтийн осол гэдгийг ахуйн, байгалийн, үйлдвэрлэлийн... гэж хууль зүйн хувьд хэт ерөнхий заасан байх бөгөөд гэнэтийн гэж үзэхийг гэнэт санамсаргүй үүссэн, даатгуулагчийн санаатай үйлдэл биш байх, гаднын хүчин зүйлээс шалтгаалсан байх, урьдчилан таамаглах боломжгүй байх зэрэг шинж тэмдгүүдээр тодорхойлох нь зүйтэй байна. Тодруулбал, даатгуулагч гавал, тархины битүү гэмтлийн улмаас нас барсан гэнэтийн үйл явдал болсон хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх бөгөөд уг нөхцөлийн утга санааг даатгуулагчид ашигтайгаар тайлбарлах нь Иргэний хуулийн 201 дүгээр зүйлийн 201.1 дэх хэсэгт нийцнэ. Иймд даатгуулагчийг гэнэтийн ослын улмаас нас барсан гэж үзэх үндэслэлтэй тул даатгалын гэрээний 3.1.1.1-д заасан даатгалын тохиолдол бий болсон гэж үзэхээр байна гэж дүгнэсэн нь хуулийг буруу тайлбарласан, гэрээнд заасан гэнэтийн осол-гэх ойлголтыг буруу тайлбарласан гэж үзэхэд хүргэж байна. Тодруулбал, хэрэв шүүх гэнэтийн осол гэж үзэж байгаа бол ахуйн осол уу, үйлдвэрлэлийн осол уу эсвэл гуравдагч этгээдийн учруулсан хохирол уу аль нь гэдгийг тодорхойлох ёстой. Гэтэл тогтоож чадсангүй.

Талийгаач архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нь гэнэтийн тохиолдол биш, даатгуулагчийн санаатай үйлдэл, түүнийг хэрэглэснээс үүсэх хор уршгийг урьдчилан таамаглах боломжтой, гуравдагч этгээдээс бус даатгуулагчаас өөрөөс хамаарах үйлдэл тул гэнэтийн осол гэж тодорхойлох боломжгүй. Мөн тохиолдолд даатгалын гэрээний 8.1.6-д гэрээнд зааснаас бусад өвчин эмгэгийн улмаас нас барах гэсэн үндэслэлээр нөхөн төлбөр олгохгүй байх үндэслэлтэй гэж үзэж байна.

Санхүүгийн зохицуулах хорооны ипотекийн даатгалын үйл ажиллагааны журмын 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт Даатгагч даатгалын гэрээнд нөхөн төлбөр олгох, нөхөн төлбөр олгохоос татгалзах нөхцөлийг тодорхой, хоёрдмол утга санаагүй, бусдад шууд ойлгогдохоор үг хэллэгтэй байхаар тусгах бөгөөд нөхөн төлбөр олгохоос татгалзах нөхцөлөөс бусад тохиолдолд даатгалын нөхөн төлбөрийг олгохоос татгалзаж үл болно. гэж зааснаар даатгагч нь даатгалын гэрээний 8 дахь хэсгийн 8.1.6-д даатгуулагч гэрээнд зааснаас бусад өвчин эмгэгийн улмаас нас барах, 8.1.7-д Архи, спиртийн төрлийн согтууруулах ундаа... хэрэглэсэн нь ... мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон тохиолдолд нөхөн төлбөр олгохгүй байхаар тодорхой заасан байтал шүүхээс уг зохицуулалтыг анхаарч үзээгүй хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй алдаатай шийдвэр гаргасан гэж үзэж байна.

Түүнчлэн, шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэж үзэж байна. Учир нь, даатгуулагч архи, согтууруулах ундааны зүйлийн хэрэглээ ихтэй, нас барсан тухайн үедээ их хэмжээгээр хэрэглэсэн байсан нь хэрэгт авагдсан прокурорын тогтоол, шинжээчийн дүгнэлтээр хангалттай тогтоогдож байна. Мөн улсын бүртгэлийн байгууллагын нас барсан гэрчилгээнд R99 өвчний онош бичигдсэнээр дээрх нөхцөл байдал давхар нотлогдож байгааг харгалзан үзэлгүй шийдвэр гаргасан нь үндэслэлгүй гэж үзэж байна.

Дээрх хэрэгт авагдсан баримтуудаар даатгуулагч нь архи, согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн нь нас барах шалтгаан болсон тархины гэмтэл, бусад гэмтлүүдийг үүсгэсэн шалтгаант холбоогоор шууд хамааралтайгаар тогтогдож байтал энэхүү нөхцөл байдлыг гэнэтийн осол гэж тодорхойлж байгаа нь үндэслэлгүй байна.

Мөн Прокурорын тогтоолд дурдсанаар тогтмол бөгөөд удаан хугацаанд хийхгүй байж болох байсан үйлдэл болох спиртийн төрлийн бодисыг тасралтгүй буюу 2024 оны 10 сарын 06-ны өдрөөс 2024 оны 12 сарын 02-ны өдөр хүртэл 56 хоногийн хугацаанд өдөр алгасахгүй архи, спиртийн зүйл хэрэглэсэн байх ба шинжээчийн дүгнэлтийн 9-д ...согтолтын хүнд зэргийн үзүүлэлт болохыг дүгнэсэн нь амь насаа алдах эцсийн мөчид ч архи, спиртийн төрлийн шингэн хэрэглэж, амь насаа алдсаныг гэнэтийн осолд хамаатуулан тооцох боломжгүй бөгөөд Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.1-д заасанд хамаарч байна.

...Архи, спиртийн төрлийн ундаа нь хүний бие, сэтгэл зүй, нийгэмд олон сөрөг үр дагавартай тул түүнээс үүсэх, үүдэн гарах үр дүнг зөвшөөрч болохгүй бөгөөд үүнийгээ ч даатгалын гэрээнд тодорхой тусгасан. Спиртийн төрлийн хэрэглээ нь осол гэмтэл, хордлого гарах магадлалыг нэмэгдүүлэх, донтох эмгэг болж хувирч болохоос гадна согтуугаар жолоо барихыг хориглох, сурталчлахыг хязгаарлах, шөнө худалдах цагийг хязгаарлах, сард архи зарахгүй өдөр болгох гэх зэргээр архины хэрэглээг хязгаарлаж, хяналттай байлгах бодлогыг улс хэрэгжүүлдэг. Иймээс нийгмийн хариуцлагын хүрээнд болоод хууль эрх зүйн хувьд хориглосон, сөрөг үр дагаварт хүргэх зүйлийг даатгалын эрсдэлд хамааруулан тооцож болохгүй.

Талууд хооронд байгуулсан даатгалын гэрээ нь гэнэтийн ослын эрсдэлээс даатгуулагчийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах зорилготой гэрээ бөгөөд ипотекийн даатгалын үйл ажиллагааны журмын 2 дугаар зүйлийн 2.2.1-д зааснаар ердийн даатгалын компани зөвхөн гэнэтийн ослын шалтгаантай эрсдэлийг даатгана гэдгийг тодорхой заасан, энэ агуулгын хүрээнд бид гэрээний төслийг боловсруулж, Санхүүгийн зохицуулах хороонд бүртгүүлсэн болно. Даатгалын гэрээний 10.19-д Гэнэтийн осол гэж үйлдвэрлэлийн, ахуйн, зам тээврийн, байгалийн үзэгдэл түүний улмаас үүссэн осол, гуравдагч этгээдийн санаатай болон санамсаргүй үйлдэл, эс үйлдлээс үүссэн ослыг гэж гэнэтийн тохиолдлыг нэрлэн зааж, текстээр, Монгол хэлэнд тогтож хэвшсэн утгаар илэрхийлсэн бөгөөд үүнийг анхан шатны шүүхээс эдгээр нэрлэн заасан гэнэтийн ослын аль нь болохыг хариулж чадаагүй, асуулт хэвээр үлдлээ. Анхан шатны шүүхээс гуравдагч этгээдийн санаатай болон санамсаргүй үйлдэл, эс үйлдлээс үүссэн осол биш болохыг дүгнэсэн атлаа, үлдсэн /үйлдвэрлэлийн, ахуйн, зам тээврийн, байгалийн үзэгдэл түүний улмаас үүссэн осол/-ын аль нь болохыг тодорхойлон дүгнэлгүйгээр гэнэтийн осол гэж дүгнэсэн алдаатай болжээ.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан. Даатгагч болон даатгуулагчийн хооронд байгуулсан даатгалын гэрээний 8.1-д нөхөн төлбөр олгохгүй байх үндэслэлүүдийг 8.1.1-8.1.9 хүртэл нийт 9 тохиолдлоор зохицуулсан. Хэрэг хянан шийдвэрлэх явцад хариуцагч тал зөвхөн 8.1.7 дахь заалтыг үндэслэн маргасан. Харин давж заалдах шатны шүүх хуралдааны явцад 8.1.7 гадна 8.1.6 болон 8.1.1-д заалтуудыг нэмсэн буюу даатгуулагч өөрөө нөхцөл байдлыг бий болгосон, эсхүл гэрээнд зааснаас бусад өвчин эмгэгийн улмаас нас барсан гэх үндэслэлүүдийг шинээр гаргаж байна. Гэвч дээрх үндэслэлүүдийн аль аль нь нөхөн төлбөр олгохоос татгалзах хууль зүйн шаардлагыг хангахгүй. Тухайлбал, даатгалын гэрээний 8.1.7-д даатгуулагч архи, согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн нь түүний нас баралтын шалтгаан болсон болох нь мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон тохиолдолд нөхөн төлбөр олгохгүй гэж заасан. Энэхүү мэргэжлийн байгууллагын дүгнэлт гэдэгт шүүх шинжилгээний байгууллагын дүгнэлт хамаарах бөгөөд шинжээчийн дүгнэлт хавтаст хэргийн 49 дүгээр талд авагдсан. Уг дүгнэлтийн нэгдүгээр хэсэгт талийгаачийн биед болон тархинд үүссэн олон төрлийн гэмтлийг нэг бүрчлэн тодорхойлсон. Эдгээр гэмтэл нь мохоо зүйлийн удаа дараагийн үйлчлэлээр үүссэн болохыг тогтоосон. Талийгаач нь гавал-тархины битүү гэмтлийн улмаас нас барсан гэж эцэслэн дүгнэсэн. Ийнхүү нас баралтын шууд шалтгааныг мэргэжлийн байгууллага тодорхой тогтоосон. Шинжээчийн дүгнэлтэд талийгаачийн цусан дахь спиртийн агууламж илэрсэн, тухайн үед согтууруулах ундаа хэрэглэсэн байж болзошгүй талаар дурдсан боловч энэ нь нас баралтын шууд шалтгаан болсон гэж дүгнээгүй. Өөрөөр хэлбэл, согтууруулах ундаа хэрэглэсэн нь нас баралтын шалтгаан болсон тухай мэргэжлийн байгууллагын дүгнэлт хэрэгт авагдаагүй. Ийм нөхцөлд хариуцагч тал шинжээчийн дүгнэлтийг гуйвуулан тайлбарлаж, өөрсдийн таамаглалд тулгуурлан нас баралтын шалтгааныг өөрөөр тодорхойлж, үүний үндсэн дээр нөхөн төлбөр олгохоос татгалзаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй.

Даатгалын гэрээний 8.1.6-д гэрээнд зааснаас бусад өвчин, эмгэгийн улмаас нас барсан тохиолдолд нөхөн төлбөр олгохгүй гэж заасан. Гэвч хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтэд талийгаачид үхэлд хүргэх архаг, хууч өвчин тогтоогдоогүй болохыг тодорхой тусгасан. Өөрөөр хэлбэл, талийгаач нь нас барахад нөлөөлөх өвчин, эмгэггүй байсан нь мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон. Иймээс даатгалын гэрээний 8.1.6-д заасан үндэслэл үгүйсгэгдэнэ. Мөн даатгалын гэрээний 8.1.1-д даатгуулагч санаатайгаар хохирол учруулсан, эсхүл даатгалын тохиолдол бий болох нөхцөл байдлыг зориудаар бүрдүүлсэн тохиолдолд нөхөн төлбөр олгохгүй гэж заасан. Уг заалтыг гэрээнд тайлбарлахдаа ийм нөхцөл байдал нь эрх бүхий байгууллагын шийдвэрээр нотлогдсон байх ёстой бөгөөд даатгуулагч амь насаа алдсан тохиолдолд амиа хорлох, амиа хорлох оролдлого хийсэн зэрэг үйлдлээр тодорхойлогдоно гэж заасан. Талийгаач *******ийн хувьд шинжээчийн дүгнэлт, мөрдөн шалгах ажиллагааны явц, мөн прокурорын хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан тогтоолд тусгагдсан гэрчийн мэдүүлгүүдээс үзэхэд амиа хорлосон, эсхүл амиа хорлох оролдлого хийсэн нөхцөл байдал тогтоогдоогүй. Энэ талаар эрх бүхий байгууллагын ямар нэгэн шийдвэр байхгүй. Хариуцагч тал прокурорын хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан тогтоолд үндэслэн талийгаачийг архины хамааралтай байсан тул нас баралт нь согтууруулах ундаатай холбоотой гэж тайлбарлаж байгаа боловч уг тогтоол нь гэмт хэргийн шинж тогтоогдоогүй, холбогдогч этгээд тогтоогдоогүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон шийдвэр бөгөөд нас баралтын шалтгааныг эцэслэн тогтоосон шүүхийн шийдвэр биш болно.

Прокурорын уг тогтоол нь даатгуулагчийн нас баралт гэнэтийн ослын шинжтэй буюу гадны нөлөөллөөр үүссэн гэдгийг үгүйсгэх үндэслэл болохгүй. Уг асуудлын талаар анхан шатны шүүх хуралдааны явцад хангалттай мэтгэлцсэн бөгөөд анхан шатны шүүх тухайн нөхцөл байдлыг зөв дүгнэсэн. Түүнчлэн Шүүх шинжилгээний тухай хуульд зааснаар шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан журмын дагуу, тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан нотлох баримтын эх сурвалж болох баримт бичиг мөн гэж тодорхойлсон. Шинжээчийн дүгнэлт нь уг хэрэгт голлох нотлох баримт бөгөөд түүнийг үгүйсгэх үндэслэлгүй. Иймээс даатгалын гэрээний 8.1.1 болон 8.1.6-д заасан нөхөн төлбөр олгохоос татгалзах үндэслэлүүд бүрдээгүй гэж үзэж байна. Мөн ипотекийн даатгалын үйл ажиллагааны журмыг хариуцагч тал мөн иш татаж байна. Уг журмын 4.2-т даатгагч нь даатгалын гэрээнд нөхөн төлбөр олгох болон татгалзах нөхцөлийг тодорхой тусгах бөгөөд, татгалзах нөхцөлөөс бусад тохиолдолд нөхөн төлбөр олгохоос татгалзаж үл болно гэж заасан. Талууд гэрээндээ нөхөн төлбөр олгохоос татгалзах үндэслэлийг 8.1.1-8.1.9-д тодорхой тусгасан. Гэвч эдгээр үндэслэлийн аль нь ч уг маргаанд бүрдээгүй. Хариуцагчийн гаргасан татгалзах үндэслэлүүд нь дээр дурдсанчлан няцаагдаж байгаа тул ипотекийн даатгалын үйл ажиллагааны журмын 4.2-т заасан шаардлагыг хариуцагч өөрөө зөрчиж байна гэж үзэхээр байна.

 

Гэнэтийн осол гэх ойлголтын хүрээнд талууд маргаж байна. Даатгалын гэрээний 10.17-д гэнэтийн ослыг үйлдвэрлэлийн, ахуйн, зам тээврийн болон гуравдагч этгээдийн санаатай болон санамсаргүй үйлдлээс үүссэн осол гэж тодорхойлсон. Даатгалын гэрээнд гэнэтийн осол-ыг төрөлжүүлэн тусгасан боловч ахуйн осол, гуравдагч этгээдийн санаатай болон санамсаргүй үйлдлийн улмаас үүсэх хохирол нь агуулгын хувьд өргөн хүрээтэй тул илүү нарийвчлан, нэг бүрчлэн тодорхойлох боломжтой байсан. Тухайлбал, ахуйн осол гэдэгт гадны хүчин зүйлийн нөлөөллөөр цохигдох, гэмтэх зэрэг механик үйлчлэл, мөн гэр ахуйн орчинд үүссэн ослыг хамруулан ойлгодог. Хэрэв уг ослыг гуравдагч этгээдийн үйлдлээс үүсээгүй гэж үзэж байгаа бол талийгаач нь гэртээ, ганцаараа амьдарч байх үедээ нас барсан, удаа дараагийн мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн гэмтэлтэй байсан нөхцөл байдлыг ахуйн ослын хүрээнд авч үзэх боломжтой. Иймээс даатгалын компани нь ахуйн ослын ойлголтыг гэрээнд илүү тодорхой тусгах боломжтой байсан. Гэтэл гэрээний нөхцөл тодорхой бус байдлаар тусгагдсан тул анхан шатны шүүх Иргэний хуулийн 201 дүгээр зүйлийн 201.1 дэх хэсэгт заасан зохицуулалтыг баримтлан, эргэлзээтэй нөхцөлийг даатгуулагчид ашигтайгаар тайлбарласан нь хуульд нийцсэн.

 

Түүнчлэн, нас баралтын гэрчилгээнд дурдсан R99 оношийг архины хордлого гэж тайлбарлаж буй нь үндэслэлгүй. Олон улсын өвчний ангилалд R99 нь үхлийн шалтгаан тодорхойгүй гэх утгатай бөгөөд архины хордлогыг илэрхийлдэггүй. 2023 оны 12 сарын 02-ны өдөр даатгуулагч ******* гэртээ нас барсан байдалтайгаар олдсон бөгөөд нас барсны гэрчилгээг 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдөр улсын бүртгэлийн байгууллагаас олгосон. Тухайн үед нас баралтын шалтгаан тодорхойгүй, мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байсан тул улсын бүртгэлийн байгууллага нас барсны гэрчилгээнд R99 буюу үхлийн шалтгаан тодорхойгүй гэсэн кодыг тусгасан нь зайлшгүй нөхцөл байдалтай холбоотой. Иймээс уг R99 кодыг архины хордлого гэж тайлбарлах нь үндэслэлгүй бөгөөд бодит нөхцөл байдалд нийцэхгүй. Гэтэл даатгалын компани уг кодыг буруу тайлбарлаж, даатгуулагч согтууруулах ундаа хэрэглэснийг өөрт ашигтайгаар үнэлэн, нөхөн төлбөр олгохоос татгалзах үндэслэл болгож байгаа нь хүлээн зөвшөөрөх боломжгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-д холбогдуулан даатгалын нөхөн төлбөр 48,007,238 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ ...гэр бүлийн хүн, хамтран зээлдэгч ******* нас барж, даатгалын тохиолдол үүссэн тул даатгалын гэрээний дагуу нөхөн төлбөрт орон сууцны зээлийн төлбөрийн үлдэгдлийн тал хувийг гаргуулна гэснийг хариуцагч эс зөвшөөрч даатгуулагч архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсний улмаас нас барсан, даатгалын тохиолдол бий болоогүй гэж маргажээ.

3. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуулиар тогтоосон журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн эрхийг зөрчөөгүй, хэргийн нотлох баримтыг тухайн хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж хэргийг шийдвэрлэсэн байх тул шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэх агуулгаар хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

4. Хэргийн баримт, зохигчийн тайлбарыг үндэслэн анхан шатны шүүх дараах үйл баримтыг зөв тогтоосон.

 

4.1.  Худалдаа хөгжлийн банк ХК болон *******, ******* нар 2020 оны 05 сарын 26-ны өдөр орон сууцны зээлийн гэрээ байгуулж, 110,410,008.40 төгрөгийг жилийн 6 хувийн хүүтэй, 15 жилийн хугацаатай зээлдүүлэхээр харилцан тохиролцсон, /хх 5-6/

 

4.2.  Дээрх орон сууцны зээлийн гэрээний зээлдэгч буюу нэхэмжлэгч *******, ******* нар нь хариуцагч *******-тай 2023 оны 05 сарын 29-ний өдөр зээлдэгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын гэрээг 1 жилийн хугацаатай байгуулж, даатгуулагч буюу зээлдэгч гэнэтийн ослын улмаас нас барах, хөдөлмөрийн чадвараа 70 буюу түүнээс дээш хувиар бүрэн алдсан тохиолдолд хариуцагч даатгалын нөхөн төлбөр олгох, нэхэмжлэгч нар зээлийн үлдэгдлийн 0,10 хувиар даатгалын хураамж төлөхөөр тохиролцсон, /хх-14/

 

4.3.  Даатгалын гэрээний хугацаанд буюу 2023 оны 12 сарын 02-ны өдөр даатгуулагч ******* нас барсан, /хх-17/

 

4.4. Нийслэлийн Хан-Уул дүүргийн Прокурорын газрын 2024 оны 12 сарын 11-ний өдрийн 2378 дугаар Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай тогтоолоор талийгаач *******ийн нас барсан гэх хэргийн бодит байдлыг сэргээн тогтоох зорилгоор бүхий л ажиллагаа хийсэн боловч Хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэрэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Бусдыг амиа хорлох нөхцөл байдалд хүргэх гэх гэмт хэргийн шинжгүй нөхцөл байдал тогтоогдож байх тул хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэжээ. /хх 25-28/

 

5. Зохигч дээрх үйл баримт болон талуудын хооронд Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт заасан даатгалын гэрээ байгуулагдсан, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй. Харин даатгалын тохиолдол бий болсон эсэх нь маргааны зүйл болсон байна.

 

6. Нэхэмжлэгч ******* нь талийгаач *******той 2007 онд гэр бүл болсон, хууль ёсны өвлөгчийн хувьд хариуцагч *******-аас нөхөн төлбөр шаардсан нь Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3, 9 дүгээр зүйлийн 9.1.9-т заасанд нийцжээ.

Тодруулбал, Даатгалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.9-т зааснаар даатгуулагч нас барсан тохиолдолд түүний эрх, үүргийг хууль ёсны буюу гэрээслэлээр өв залгамжлагчид нь шилжүүлэх бөгөөд ******* нь Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-т заасан хууль ёсны өвлөгч байх тул Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3 дахь хэсэгт зааснаар даатгалын нөхөн төлбөр шаардах эрхтэй. Зээлийн үлдэгдэл 96,014,476.17 төгрөгийн тавин хувиар тооцож 48,007,238.9 төгрөгийн даатгалын нөхөн төлбөрийг шаардах эрхтэй.

 

7. Талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь гэнэтийн ослын даатгал байх ба даатгуулагчийн амь нас, эрүүл мэндэд гэнэтийн ослын улмаас хохирол учирсан байхыг шаардана. 

 

8. Хэрэгт авагдсан бичмэл нотлох баримт болох Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 12 сарын 28-ны өдрийн 12 дугаартай шинжээчийн дүгнэлтэд талийгаач *******ийн нас барсан байдлын талаар ...талийгаач нь дээрх гавал тархины битүү гэмтлийн улмаас нас баржээ... гэж дүгнэсэн, мөн эрүүгийн хэрэгт гэрч *******ийн ...ээж *******ийн хамтаар гэрт нь эргэх гэж ирээд хаалгыг нь түлхүүрдээд ороход газар дээшээ харсан байдалтай хэвтэж байхаар нь шууд хаалгыг нь гаднаас нь хаагаад орцонд зогсож байгаад цагдаа дуудсан... , гэрч *******ийн ...гэр нь цоожтой байсан тэгэхээр нь хаалгыг нь тайлаад орсон чинь гэртээ нас барсан байдалтай байсан... гэсэн мэдүүлэг, хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай прокурорын тогтоол зэргээс үзвэл даатгуулагч ******* гавал тархины битүү гэмтлийн улмаас гэртээ нас барсан нь талуудын гэрээгээр тохиролцсон гэнэтийн ослын улмаас буюу ахуйн ослоор нас барах даатгалын эрсдэлд хамаарч байна.

 

9. Анхан шатны шүүх прокурорын тогтоол дахь гэрчийн мэдүүлгүүдэд талийгаачийг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг байсан болон шинжээчийн дүгнэлтэд талийгаачийн цусанд спиртийн зүйл илэрсэн талаар дурдсан хэдий ч даатгуулагчийг архи спиртийн төрлийн согтууруулах ундааны зүйл хэрэглэсний улмаас нас барсан гэж үзэх үйл баримт тогтоогдоогүй гэж зөв дүгнэсэн.

Өөрөөр хэлбэл шинжээчийн дүгнэлтэд талийгаачийн цусанд 3,1 промилли спиртийн зүйл илэрсэн, энэ нь согтолтын хүнд зэргийн үзүүлэлт гэж дүгнэснийг даатгуулагч архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсний улмаас нас барсан нь мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр нотлогдсон гэж үзэх боломжгүйгээс гадна ийнхүү архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нь талийгаачийн нас барах шууд шалтгаан болсон гэж дүгнэх үндэслэл болохгүй.

 

10. Талийгаачийн нас барсны гэрчилгээнд нас барсан шалтгаан гэдэгт R99 гэсэн өвчний онош бичигдсэн боловч даатгалын тохиолдолтой холбоотой маргаанд нас барсан шалтгаан нь мэргэжлийн эрх бүхий байгууллагын шийдвэрээр тодорхойлогдох тул шүүх шинжээчийн дүгнэлтэд дурдсан үндэслэлийг талийгаачийг нас барсан шалтгааныг тогтоосон баримт гэж үзнэ гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасныг зөрчөөгүй байна.

Тиймээс архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн нь нас барах шалтгаан болсон, энэ нөхцөл байдал эрх бүхий байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон, ...гэрээнд зааснаас бусад өвчин эмгэгийн улмаас нас барсан гэх агуулга бүхий хариуцагчийн төлөөлөгчийн тайлбар, татгалзал үндэслэлгүй, энэ талаарх гомдол хангагдахгүй.

 

11. Санхүүгийн зохицуулах хороо даатгалын нөхөн төлбөр олгохоос татгалзсан *******-ийн шийдвэртэй холбоотой нэхэмжлэгчээс гаргасан гомдлыг хянаад хамтран зээлдэгч, даатгуулагч ******* нь битүү гэмтлийн улмаас нас барснаар даатгалын тохиолдол үүссэн, нөхөн төлбөр олгох нөхцөл бүрдсэн боловч одоог хүртэл даатгуулагчид нөхөн төлбөр олгохгүй удааж байгаа нь даатгагч хууль болон гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, даатгуулагчийн эрхийг зөрчиж байгаа талаар 2024 оны 07 сарын 02-ны өдрийн 3/2433 дугаар албан бичгээр мэдэгдэж байжээ.

 

12. Дээрх нөхцөл байдлыг нэгтгэн даатгалын гэрээний 8.1-д заасан нөхөн төлбөр олгохгүй байх үндэслэл тогтоогдоогүй гэж дүгнэж зээлийн үлдэгдэл 96,014,476.17 төгрөгийн тавин хувиар тооцож 48,007,238.9 төгрөгийг хариуцагч *******-аас гаргуулж нэхэмжлэгч *******т олгож анхан шатны шүүх шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт заасанд нийцжээ. Иймд хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэх агуулгаар хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

 

Харин нэхэмжлэгчийн шаардах эрх Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт зааснаар тодорхойлогдсон байхад анхан шатны шүүх Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 9 дүгээр зүйлийн 9.1.4-т заасныг баримталсан нь хууль хэрэглээний хувьд оновчгүй болсон боловч шийдэлд нөлөөлөхгүй тул хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 сарын 29-ний өдрийн 191/ШШ2026/01718 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 397,987 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.МӨНХЦЭЦЭГ

 

 

ШҮҮГЧИД Т.ГАНДИЙМАА

 

 

Ж.ЛХАГВАСҮРЭН