Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 08 сарын 19 өдөр

Дугаар 14552

 

 

 

 

 

 

 

С.Эрдэнэцогтын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

          Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

          Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

          2016 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 181/ШШ2016/00180 дугаар шийдвэртэй,

 

          Нэхэмжлэгч: С.Эрдэнэцогтын нэхэмжлэлтэй,

          Хариуцагч: Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-т холбогдох

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт       2 200 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

         Шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.        

 

         Шүүх хуралдаанд:

         Нэхэмжлэгч: С.Эрдэнэцогт,

         Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: И.Атарбямба,

         Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Эрдэнэчулуун,

         Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгч  шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Орхон аймаг дахь авто тээврийн төвийн салбарын даргаар ажиллаж байгаад Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-ын захирлын 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн Б/567 тоот тушаалаар ажлаас үндэслэлгүй халагдсан. Би ажлаа зохих ёсоор хийж, өөрийн болон харилцдаг байгууллагад ажлын өндөр шаардлага тавихад түүнд дургүйцэн гүтгэлэгийн болон нотлогоогүй хов живийн чанартай өргөдөл гомдол ирүүлсэнийг хариуцагч нь сайтар нягтлан баримтаар тогтоолгүй намайг ажлаас халсан. Ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзэж болох Хот хоорондын тээвэр эрхлэгчдийн холбооны Орхон аймаг дахь ГҮТББ-ын салбарын тэргүүн С.Алтанхуягийн бичсэн ганц бичиг, түүний хариу албан бичгүүдийг үндэслэн намайг ёс зүйн зөрчил гаргасан гэж үзсэн нь үндэслэлгүй. Миний бие 2015 оны 7 дугаар сард Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас авто тээврийн 90 жилийн ойн баяр, ахмад тээвэрчдийн хүндэтгэлд зориулан баталж өгсөн 15 000 000 төгрөгийг С.Алтанхуяг хууль бусаар авч завшсан асуудлыг холбогдох байгууллагаар шалгуулсны улмаас С.Алтанхуяг нь миний талаарх үндэслэлгүй гүтгэлгийг холбогдох газруудад явуулах болсон юм. Тээвэрчдийн эрхийг хамгаалж дуугарсан намайг шахан зайлуулахын тулд бусдын гарын үсгийг хүчээр болон дуурайлган зуруулах байдлаар С.Алтанхуяг өргөх бичиг бичиж явуулсан байхад хариуцагч нь энэ байдлыг нягтлан шалгалгүйгээр намайг зөрчил гаргасан гэж үзсэн. Өргөх бичигт гарын үсэг зурсан гэх хүмүүсийн тодорхойлолтоор С.Алтанхуягийн хууль бус ажиллагаа нь нотлогдоно. Ажилчдын хувьд С.Алтанхуягийн хагалан бутаргах гэсэн явуулга нөлөөлж, хоосон цаасан дээр гарын үсэг зуруулсан байдаг. Ёс зүйн хорооны хуралд би орсон боловч ямар дүгнэлт гарсныг надад хэлээгүй, сүүлд сүлжээнд тавьсан байсныг хүнээс дуулж, 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдөр энэ дүгнэлтийг олж үзсэн. Дүгнэлтэд албан тоотыг үндэслэн ноцтой зөрчил гаргасан гэж үзсэн нь харамсалтай. Ёс зүйн зөрчил гаргасан гэж шууд халах зохицуулалтгүй байхад дотоод журмын заалтуудаа хариуцагч өөрөө зөрчсөн. Сануулга ч өгөөгүй шууд халсан. Иймд хууль бусаар халагдсан тул намайг Орхон аймгийн авто тээврийн төвийн даргын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан үеийн цалинтай тэнцэх олговорт 2 200 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ. 

 

Хариуцагч нар шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Эрдэнэчулуун шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгчийн гаргасан зөрчил нь хөдөлмөрийн гэрээнд заасан хөдөлмөрийн гэрээг шууд зогсоох зөрчилд хамаарах учир ажлаас чөлөөлсөн. Зөрчил гаргасан нь ёс зүйн хорооны тогтоолоор тогдоогдсон. Ажилчид гомдол гаргасан. Хурал дээр энэ талаар ч гэсэн ажилчид ярьсан. Энэ хурлын тэмдэглэлээ өөрсдөө ирүүлсэн. Бусад аж ахуйн нэгжүүд ч гомдол гаргасан. Эдгээрийг үндэслэн С.Эрдэнэцогтын ёс зүйн зөрчлийг шийдвэрлэсэн байгаа. Ёс зүйн хорооны дүгнэлт гарах үед аж ахуйн нэгжүүд гарын үсэг, тамга дараагүй асуудал гараагүй, харин сүүлд энэ асуудал гарсан юм билээ. Бид бусдын гомдол, саналд үндэслэн шалган тогтоосон ёс зүйн зөрчлийн дүгнэлтийг үндэслэн нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн. Энэ зөрчил нь байгууллагын нэр хүндэд харшлах зөрчил мөн гэж үзсэн. Ажлаас чөлөөлсөн тушаал үндэслэлтэй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

           

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан С.Эрдэнэцогтыг Орхон аймгийн авто тээврийн төвийн даргын ажилд эгүүлэн тогтоож,  Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-аас ажилгүй байсан хугацааны урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 2 200 000 төгрөг гаргуулж С.Эрдэнэцогтод олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар С.Эрдэнэцогтын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-ийн удирдлагад үүрэг болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-аас улсын тэмдэгтийн хураамжид 50 150 төгрөг гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Эрдэнэчулуун давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-ын захирал нь Орхон аймгийн авто тээврийн төвийн дарга С.Эрдэнэцогт нь Орхон аймаг дахь зорчигч болон ачаа тээвэрлэлтийн үйл ажиллагааг зохицуулж, зохион байгуулах үйл ажиллагааг зохион байгуулах үүргээ хэрэгжүүлэх явцдаа хамт олон болон Орхон аймгийн тээвэр эрхлэгч аж ахуйн нэгжийн удирдлагатай харилцахдаа хэл амаар доромжлох, үл хүндэтгэх, бүдүүлэг зан авир гаргах зэрэг ёс зүйн алдаа гаргасан болохыг тус төвийн ёс зүйн хороо дүгнэлт гаргаж тогтоосон учраас С.Эрдэнэцогттой  байгуулсан хөдөлмөрийн харилцааг цуцалсан. Хүмүүс өдөр тутмынхаа ажил амьдралд эрх зүйн төдийгүй, ёс зүйн хэм хэмжээг мөрдлөгө болгодог. Нэхэмжлэгч нь Авто тээврийн үндэсний төвийн харьяа Орхон аймгийн авто тээврийн төв нь тээвэрлэлтийн үйл ажиллагааг зохицуулан зохион байгуулахдаа бусадтай эелдэг, найрсаг асуудлыг зөв зохистой зохицуулах үүрэгтэй болохоос ажилчиддаа дээрэнгүй хандаж, үйлчлүүлэгч аж ахуйн нэгжүүдийн удирдлагатай бүдүүлэг дээрэнгүй харьцаж ажлаа хийх эрх, үүрэг олгогдоогүй болно. Тухайн байгууллагын удирдлагын хийж буй үйлдэл, үг хэлээр нь Орхон аймагт авто тээврийн үндэсний төвийн үйл ажиллагаа илэрхийлэгдэж байдаг. С.Эрдэнэцогт нь бусадтай зүй бус харилцаад байхаар хамт олны уур амьсгал, ажлын гүйцэтгэлд нөлөө үзүүлэх, тээвэрлэгч аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа автотээврийн төвтэй үл ойлголцол үүсэх нөхцөл байдал бүрдэх нөхцөл байдал үүсч эхэлсэн. Ажилчид аж ахуйн нэгжүүд ийм ч учраас эрх бүхий байгууллагуудад гомдлоо уламжилсан байдаг. Энэ үйлдэл байгууллагын нэр хүнд, тээвэрлэлтийг хуулийн хүрээнд зохицуулж зохион байгуулж ажиллах эрх ашигт хохиролтой байгаа нь хэн бүхэнд ойлгомжтой юм. Авто тээврийн үндэсний төвийн ёс зүйн хороо нь харилцагч байгууллага хамт олны гаргасан гомдлыг үндэслэлтэй гэж үзсэн байгаа. Энэ бүхнээс үзэхэд С.Эрдэнэцогт нь Хөдөлмөрийн гэрээний 4.8.13-т “байгууллагын нэр хүнд, эрх ашигт харшлах алдаа гаргасан" гэж заасан ноцтой зөрчлийг гаргасан гэж үзэж хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Ёс зүйн зөрчилтэй холбоотой асуудлаар захирал өөрөө дүгнэлт гаргаж хөдөлмөрийн гэрээ цуцлаагүй юм. Ёс зүйн зөрчлийг хянан шалгах, дүгнэлт гаргах эрх бүхий байгууллагын бие даасан байгууллагын ёс зүйн хороо дүгнэлт гаргасан юм. Нэхэмжлэгч нь ёс зүйн хорооны хуралд өөрийн биеэр оролцсон байгаа. Нэхэмжлэгч ёс зүйн зөрчлийн талаар гаргасан дүгнэлттэй холбогдуулан ямар нэг гомдол өнөөдрийг хүртэл аль нэг байгууллагад гаргаагүй ёс зүйн зөрчлөө хүлээн зөвшөөрдөг. Маргаж буй асуудал нь би ажил хийж байхад үндэслэлгүй ажлаас халлаа гэж нэхэмжлэл гаргасан. Шүүх хуралд нэхэмжлэгч нь зөвхөн ажил хийх гэхэд саад болсон, би хатуу шаардлага тавьсан гэж ярьдаг. Ажил үүргээ гүйцэтгэж байхдаа ёс зүйн алдаа гаргах эрхийг Монгол Улсын хэмжээнд төр, төрийн өмчит аж ахуйн нэгжийн албан тушаалтанд зөвшөөрсөн хууль, тогтоомжид тусгагдаагүй байхад ёс зүйн зөрчил гаргаж болох мэтээр шүүх дүгнэлт хийлээ. Хариуцагчийн зүгээс удаа дараа ёс зүйн болон сахилгын зөрчил гаргасан гэж үзээгүй бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан зөрчил гаргасан гэж үзэж С.Эрдэнэцогттой хөдөлмөрийн харилцааг шууд дуусгавар болгосон. Мөн Зам, тээврийн яамны Сайд, Төрийн өмчийн хорооны албан бичгийг үндэслэл болгон ажлаас чөлөөлсөн зүйл байхгүй болно. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад "Авто тээврийн үндэсний төв" ТӨҮГ-ын ёс зүйн хорооны дүгнэлтийг хүчингүй болгох шаардлага байхгүй болно. Гэтэл шүүх дүгнэлтийг дүгнэж үгүйсгэжээ. Иймд шийдвэрийг хүчингүй болгож С.Эрдэнэцогтын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

                                                            ХЯНАВАЛ:

 

Шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

 

            Нэхэмжлэгч С.Эрдэнэцогт нь хариуцагч Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-т холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 2 200 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

            Ажил олгогч Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ын захирлын 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн Б/567 тоот тушаалаар С.Эрдэнэцогтыг Орхон аймгийн Автотээврийн төвийн даргын албан тушаалаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, Хөдөлмөрийн дотоод журмын 3.17.1, Хөдөлмөрийн гэрээний 4.8.13-т заасныг баримталж, ажилтныг ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэлээр түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан байна. /хэргийн 5 дугаар тал/

 

            Талууд хөдөлмөрийн гэрээний 4.8.13-т “Байгууллагын нэр хүнд, эрх ашигт харшлах алдаа гаргасан” бол ноцтой зөрчилд тооцож ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг шууд цуцлахаар тохиролцсон байна.

 

Ажилтан С.Эрдэнэцогт ёс зүйн зөрчил гаргасан нь  “Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын ёс зүйн хорооны дүгнэлтээр тогтоогдож байх боловч ёс зүйн дүрэмд уг зөрчилтэй холбоотойгоор ажилтныг ажлаас халах арга хэмжээ авах талаар зохицуулаагүйгээс гадна хөдөлмөрийн гэрээнд энэ талаар тухайлан тохиролцоогүй гэсэн агуулга бүхий анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

 

Өөрөөр хэлбэл хөдөлмөрийн гэрээний талууд ажлын байр, албан тушаал, гүйцэтгэх ажил үүргийн онцлогтой холбогдуулан ямар зөрчлийг ноцтой гэж тооцохыг харилцан тогтоож, уг зөрчлийн тохиолдол бүрийг хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заасан байх шаардлагатай бөгөөд ёс зүйн хорооны дүгнэлтэд тусгасан зөрчлийг хөдөлмөрийн гэрээний 4.8.13-т тухайлан заагаагүй атлаа ноцтой зөрчилд хамааруулж ажилтан С.Эрдэнэцогтыг ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй болжээ.

 

Иймд анхан шатны шүүх ажилтныг үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлөгдсөн гэж дүгнэж, түүнийг Орхон аймгийн Автотээврийн төвийн даргын ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасантай нийцсэн байна.

 

Нэхэмжлэгч С.Эрдэнэцогтын  ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор  8 550 666 төгрөг байх боловч тэрээр нэхэмжлэлийн шаардлагаа 2 200 000 төгрөг гэж тодорхойлсон байх тул шүүх хариуцагчаас 2 200 000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн  69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг зөрчөөгүй болно.

Мөн анхан шатны шүүх нэхэмжлэгч шаардлага гаргасан эсэхээс үл хамааран ажил олгогчоос ажилтаны ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл хураамжийг зохих журмын дагуу төлж дэвтэрт бичилт хийхийг  хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т заасантай тус  тус нийцжээ.

           

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

             1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 181/ШШ2016/00180 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн  гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай. 

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч давж заалдах гомдолд төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.      

 

 

                     ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                        Э.ЗОЛЗАЯА

                                               

                                    ШҮҮГЧИД                                          Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ     

                                                                                                 

                                                                                              Г.ДАВААДОРЖ