Улсын дээд шүүхийн Тогтоол

2025 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 2025/ХШТ/12

 

П.Э-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн шүүгч Ч.Хосбаяр даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, М.Пүрэвсүрэн, С.Соёмбо-Эрдэнэ, Б.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Г.Эрдэнэ, шүүгдэгч П.Э-ын өмгөөлөгч Л.Даваасүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Амарсанаа нарыг оролцуулан хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 1004 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 1228 дугаар магадлалтай П.Э-д холбогдох 2403 00033 0271 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Даваасүрэнгийн гаргасан гомдлыг үндэслэн 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Амарбаясгалангийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1978 оны ... дүгээр сарын ...-ний өдөр, Улаанбаатар хотод төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл ..., ...-ийн хамт Баянгол дүүргийн ... дүгээр хороо, ... дүгээр байрны ... тоотод оршин суух бүртгэлтэй, урьд Чингэлтэй дүүргийн шүүхийн 1997 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 157 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 127 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж байсан, Б овгийн П-ын Э (РД: ... ).

 

Холбогдсон хэргийн талаар:

 

П.Э нь Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Сод Монгол ШТС-ын урд талын замд 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 18:15 цагийн үед 00-00УУУ улсын дугаартай “Toyota Vellfire” загварын тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” 12.2-т “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” 12.3-т “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч Л.Н-г 00-00БББ улсын дугаартай “Toyota Prius” загварын тээврийн хэрэгсэлд шүргүүлээд зам дээр хэвтэж байхад нь дайрч эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 1004 дүгээр шийтгэх тогтоолоор шүүгдэгч Б овогт П-ын Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч П.Э-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 6 сарын хугацаагаар эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг буюу Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж, шүүгдэгч П.Э-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хугацааг зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан үеэс эхлэн тоолохоор,

эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн 1 ширхэг компакт дискийг хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч П.Э цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Болортуулын гаргасан давж заалдах гомдлоор хэргийг хянан хэлэлцээд 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 1228 дугаар магадлалаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

2 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч П.Э-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй” гэж,

3 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасныг баримтлан шүүгдэгч П.Э-д тэнссэн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй” гэж,

4 дэх заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Э-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан хугацааг түүнийг тэнссэн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай” гэж тус тус өөрчилж,

шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар “Шүүгдэгч П.Э нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг сануулсугай” гэсэн нэмэлт заалт оруулж, бусад заалтуудыг хэвээр үлдээн шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Даваасүрэн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо “... Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд ижилхэн нэг объектод, бараг нэг орон зай, нэг цаг хугацаанд шахуу хоёр жолооч, хоёр тээврийн хэрэгслээр үйлдэгдсэн нэг объектод хамаарал бүхий ээдрээ, төвөгтэй зам тээврийн ослын хэрэг чухам хэний, ямар үйлдлийн улмаас тухайн хэргийн хохирогчид “хүнд хор уршиг”, “хүнд хохирол” учруулсныг оновчтой, зөв ялгамжтайгаар, бодитой үнэн зөвөөр тогтоож чадаагүй байна. Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, прокурорын шатанд мөрдөн байцаалтын ажиллагаагаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасны дагуу энэ хэргийн талаарх нотолбол зохих байдлууд тал бүрээсээ бүрэн хэмжээгээр, бүрэн гүйцэт, нотолж чадаагүй гэж үзэж байна. Тухайлбал энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.1-д “гэмт хэрэг гарсан байдал, хэргийг хэзээ, хаана, хэрхэн яаж үйлдсэн болон бусад байдлыг нотолно” гэснийг зөрчиж, бусад байдлыг нарийвчлан шалгаж нотолж, тогтоож чадаагүй байгаагаас харахад мөрдөн байцаалтын ажиллагаагаар хэргийг гүйцэт биш шалгасан. Энэ байдлаараа анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалууд хууль ёсны болон үндэслэл бүхий байх тухай заасан хуулийн шаардлагыг зөрчсөн гэж үзэж байна.

Ингэж хэлэх үндэс нь гэвэл болсон хэргийн бодит үйл явдлаас харвал 2023 оны 12 дугаар сарын 22-ны 18 цагийн үед хохирогч Л.Н-г Сонгинохайрхан дүүргийн “Сод Монгол” ШТС-ын урд байрлах зүүнээсээ баруун чиглэлтэй гурван эгнээ тусгаарлах хэсэг дээр зогсож байхад нь Д.Т гэх эмэгтэй жолооч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийн эзэмшлийн "Toyota Prius" загварын авто машинаараа дайрч унагаад, хэргийн газрыг орхиж цааш зугтаасан. Энэ үйл явдлаас хэргийн гол (факт)-ыг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаагаар орхиж огт шалгаагүй гээж хаясныг хууль болон шударга ёсонд нийцэхгүй гэж үзэж байна. Д.Т гэх тэр жолооч эмэгтэй чухам хэний, ямар дархлагдсан эрхээр энэ хэргээс мултарч ямар ч гэм зэмгүй зам дээр зогсож байсан хүнийг архи ууж согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хурд хэтрүүлж яваад унаж явсан тээврийн хэрэгслээ зогсоож чадалгүй мөргөж унагаачихаад цааш зугтаасан, энэ гэмт явдалдаа ямар ч хариуцлага хүлээхгүй сугарч үлддэг байна аа. Энэ хэрэгт Д.Т жолоочийн гаргасан гэмт явдлыг гэмт хэрэг биш гэж үздэг бол Монгол Улсад хэрэг үйлдсэн хүн олдохгүй юм байна л даа ч гэх бодол төрж байна.

Д.Т архи ууж согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан гэдэг нь түүнийг ЗЦГ-ын ажилтнуудыг драйгераар үлээлгэхэд 0.68 хувийн согтолттой гэх мэдүүлэг, мөн тэр шөнөдөө эрүүлжүүлэх байранд хүргэж өгсөн гэх хэргийн газар дээр үзлэг хийсэн замын цагдаагийн ажилтны мэдүүлгүүдээр нотлогддог, үүгээрээ Замын хөдөлгөөний дүрмийг зөрсөн байсныг шалгаагүй. Мөн Д.Т жолооч Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т “Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасч, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” 12.2-т “Харанхуй үед болон хөдөлгөөн үзэгдэл хангалтгүй нөхцөлд, өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэснийг зөрчсөний гадна, мөн хуулийн 3.5-д “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ. Үүнд:

- Тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах

- Зогсолтын тэмдэг тавих

- Тээврийн хэрэгсэл болон осолд холбогдсон бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх

- Осолд өртсөн хунд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт, аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх, бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт, (иргэний үнэмлэх жолооны үнэмлэх гэх мэт) тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаараа тэмдэглүүлэх гэсэн хуулийн заалтыг ноцтой зөрчсөн байдаг. Мөн жолооч Д.Т ослын газрыг зориуд орхиж зугтсан, хохирогчид эмнэлгийн тусламж үзүүлээгүй, санаатай орхисон зэрэг гэмт хэргүүдийг үйлдсэн байхад хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд энэ бүхнийг шалгаж тогтоож, холбогдох хариуцлага хүлээлгэхээр сэжигтэн, яллагдагчаар татаагүй, шүүхэд шилжүүлэхгүйгээр тэр эмэгтэйд ял завшуулсан явдал нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг ноцтой зөрчсөн.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаанд ийм ноцтой зөрчил гаргасан байхад прокурорын шатанд үүнийг анхаарч хяналт тавьж чадахгүй байгаа нь ч шударга бус болж, шүүхийн шийдвэр хууль ёсны болон үндэслэл бүхий гарахад нөлөөлсөн.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.12 дугаар зүйлд хууль шүүхийн өмнө эрх тэгш байх тухай эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зарчмыг ноцтой зөрчсөн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд заасан хэргийн бодит байдлыг бодитойгоор тал бүрээс нь үнэн зөв тогтоогоогүй байна. Тухайлбал, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд зам тээврийн осолд холбогдсон П.Э-д энэ хэрэгт гэм буруутай гэж тогтооход нөлөөлсөн хэргийн бусад байдлыг бүрэн гүйцэт шалгаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд энэ хэргийг чухам хэн үйлдсэн, хэний, ямар хэргийн улмаас хохирогч Л.Н-ийн биед хүнд хор уршиг, хүнд гэмтэл учирсан болохыг тал бүрээс нь бүрэн гүйцэт нарийвчлан шалгаж тогтоогоогүй, мөрдөн байцаалтын ажиллагаа гүйцэт биш хийгдэж, хэргийн бүрдэл хангагдаагүй, шүүхийн шийдвэр хууль ёсны болон үндэслэл бүхий болоогүй. Хэт өрөөсгөл, дан ганц нэг талыг барьсан гэж үзэж байна.

Иймд 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, “Сод Монгол” ШТС-ын урд замд болсон зам тээврийн осолд хамааралтай хоёр хүний хэргийг нэг мөр шалгаж, тухайн хэргийн оролцогч нарын оролцоо, үйлдэл, холбогдлыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж, хянасны эцэст хэргийн бодит байдлыг үнэн зөвөөр тогтоох шаардлагатай байгааг анхаарч үзнэ үү.

Өөрөөр хэлбэл анх зам тээврийн осол гаргасан Д.Т гэх жолооч хохирогчийг мөргөж гэмтэл учруулсан болох нь гэрч, хохирогч нарын мэдүүлгээр нотлогддог. Тухайлбал, хохирогч Л.Н мөрдөн байцаах шатанд мэдүүлэхдээ ““Prius” загварын машин тулаад ирэхээр нь ухраад өнгөрүүлэх санаатай арагш гишгэтэл зам дээл би халтирсан, яг халтирч байх үед тэр машин намайг мөргөсөн. Тэр дороо би ухаан алдсан” (хх 32-34, 35 дахь тал),

мөн гэрч Д.У-ын “2023 оны 12 дугаар сарын 22-ны орой “Сод Монгол” ШТС-ын ойролцоо 3 эгнээ авто замын 3-р эгнээгээр зүүнээс баруун чиглэлтэй ойролцоогоор 30 км/цаг хурдтайгаар явтал миний урд зүүн гар талаас нэг хар өнгийн хувцастай хүн утсаараа ярьж байгаа байдалтай зам хөндлөн гарч явахыг харсан. Хурдаа хасаад тэр хүнийг өнгөрөөгөөд замын 2 дугаар эгнээ рүү шилжин ортол ард түс, тас хийх чимээ гарахаар нь зүүн талынхаа толиндоо хартал хүн унаж байгаа харагдсан. Тэр үед замын 1 эгнээгээр “Toyota Prius 41” загварын цагаан өнгийн авто машин маш хурдтайгаар гараад өнгөрөхөөр нь би хүн мөргөөд зугтчихлаа гэж бодоод араас нь очиж шахаж зогсоосон. Нөгөө машины эсрэг талаар нь очиход нэлээн сандарсан байдалтай нэг согтуу ах бууж ирэхэд жолооны ард сууж явсан, жолоо барьж явсан эмэгтэй суудал сольж нөгөө ахын суудал дээр нь суухаар нь би “Хөөе та нар хүн мөргөчихөөд яагаад зугтааж байгаа юм бэ" гэхэд тэр эмэгтэй “Би мөргөөгүй, манай найз Ц мөргөсөн” гээд суугаад байсан. Би “Хэн мөргөсөн нь хэнд хамаатай юм бэ, тэр мөргөсөн хүн дээрээ очиж эмнэлэг дуудаж тусламж үзүүл” гээд тэр хоёр хүнийг нөгөө хүн рүү авч явахдаа цагдаа дуудах гэтэл тэр жолоо барьж явсан эмэгтэй миний гар утсыг булаагаад “Адилхан амьдралтай хүн байж битгий нэгэндээ гай бол, эгч нь чамд хангалттай мөнгө өгье, цагдаа дуудаад манай найз Ц-г мөргөсөн гээд хэлчих” гээд байсан” (хх 47),

мөн гэрч Б.Ц “Эмээлт зах дээр найз Х-ийн оффис дээр Д.Т бид 2 очсон. Хатнаа найзтайгаа архи ууж байгаад тасраад унтсан. Хатнаа Д.Т-тэй юм яриад сууж байсан. Үлдсэн архиа уугаад тасраад унасан. Намайг ухаан санаа орон гаран байхад Д.Т гэнэт намайг татаад “Яана аа Ц болохоо байлаа сэрээрэй, аваар хийчихлээ” гэсэн. Удалгүй замын цагдаагийн бүрэлдэхүүн ирж Д.Т-ийг эрүүлжүүлээд, намайг даралт ихтэй гээд эрүүл мэндийн шалтгаанаас ар гэрт хүлээлгэн өгсөн. Д.Т-ийг үлээлгэхэд согтууруулах ундаа хэрэглэсэн байсныг санаж байна” гэсэн энэ хэргийн гэрч хохирогч нарын мэдүүлгээр Д.Т Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж зам тээврийн осол гаргасан болох нь тогтоогдсон байхад үүнийг мөрдөн байцаалт, прокурорын шатанд ийм тодорхой хэргийг алга болгосон нь ойлгомжгүй байна. Гэрч Б.Ц, Д.У, хохирогч Л.Н нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгүүд нь тухайн үед хүн мөргөсөн болохыг нотолсон байна. Д.Т-ийн мөн өөрийнх нь “Тэр үед гэнэт нэг юм зам дээр гараад ирэхээр нь би тоормосоо гишгээд, жолоогоо баруун тийш дараад зогсоож чадаагүй, машины зүүн урд талын хэсгээр мөргөөд явсан. Би хохирогчид нийт 5 сая төгрөг төлсөн” гэсэн мэдүүлгээр давхар нотлогдсон байдаг.

Монгол Улсад хүн бүр үндэс угсаа, хэл, арьсны өнгө, нас хүйс, нийгмийн гарал байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн албан тушаал, шашин шүтлэг, бэлгийн хүйсийн чиг баримжаа, хөгжлийн бэрхшээл, үзэл бодлоор ялгаварлан гадуурхахгүйгээр хууль шүүхийн өмнө эрх тэгш байна гэсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн үндсэн зарчмыг ноцтой зөрчсөн байгааг анхаарах. Энэ хэргийн хохирогч Л.Н-ийн биед “баруун сүүжний дэлбээ, ууцны үе дайрсан баруун талын умдаг ясны дээд доод салаа, зүүн талын умдаг ясны дээд, доод салааны хугарал, баруун бугалга, тохой хуруу, зүүн ташаа, салтаа төмсөгт цус хуралт, зүүн хацар шанаа, хоёр сарвуун зулгаралт гэмтэл тогтоогдлоо” гэж шүүх эмнэлгийн 774 дүгээр дүгнэлтээс харахад хохирогч Л.Н-ийн биед учирсан олон тооны гэмтлүүдийг нь гэмтлийн зэрэг тогтоох журмын хөнгөн, хүндэвтэр, хүнд гэмтэлд хамаарагдаж болохыг ялгамжтайгаар нарийвчлан шалгаж тогтоолгох нь хоёр жолоочийн тээврийн хэрэгслийн ямар хүчний нөлөөллөөр хүнд, хүндэвтэр, хөнгөн зэргийн гэмтэл учирч болохыг шинжлэх ухааны үндэстэйгээр үнэн зөвөөр тогтоох шаардлагатайг анхаарч, бүрэлдэхүүнтэй шинжээч томилж, жолооч нарыг үйлдэл холбогдлыг тогтоох нь шүүх хуулийн өмнө хүн эрх тэгш байх хуулийн шаардлагад нийцэж байгаа тул шүүх эмнэлгийн дүгнэлтийг дахин гаргуулж, нэг мөр эргэлзээгүйгээр шийдэж өгнө үү.

Иймд П.Э-д холбогдох хэргийг анхан болон давж заалдах шатны шүүхүүд хянан шийдвэрлэхдээ “Шүүхийн шийдвэр хууль ёсны болон үндэслэл бүхий байх” тухай заасан хуулийн шаардлагыг хангаагүй байдлыг анхааралдаа авч, дээрх тогтоол магадлалыг хүчингүй болгож, хэргийг мөрдөн байцаалтад буцааж өгнө үү. Зам тээврийн хэрэгт дан ганц П.Э-ыг зайлшгүй буруутгах ёстой юм бол түүнд оногдуулсан тээврийн хэрэгсэл барих жолооны эрхийг нь 2 жилийн хугацаагаар хасаж шийдвэрлэсэн нэмэгдэл ялыг нь тодорхой хугацаагаар хасаж багасгаж өгөхийг хүсье” гэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Даваасүрэн хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “... 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 18 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сод монгол шатахуун түгээх станцын урд талын гурван эгнээтэй замын гуравдугаар эгнээнд явган  зорчигч зам хөндлөн гарахаар зорчих хэсгийг тусгаарлах хэсэгт зогсож байхад нь Тоёота приус загварын 00-00 улсын дугаартай, Д.Т гэгч жолооч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгслээ жолоодож явж байхдаа хохирогчийг дайрчхаад ослын газар зогсохгүй, хохирогчид тусламж үзүүлэхгүйгээр цааш зугтаагаад явчихсан. Гэтэл түүний араас явж байсан жолооч П.Э нь хохирогчийг газар уначихсан байхад нь өөрийнх нь хэлснээр хүн ч гэж хараагүй хар ууттай юм байна гэж хараад зогсоох арга хэмжээ авсан боловч замын халтиргаа гулгаатай гадаргууд машин нь зогсож өгөхгүй, хар ууттай гэх зүйлийг түрээд цаашаа явчихсан байдаг. Нэг объектод хоёр өөр тээврийн хэрэгслээр хоёр өөр жолооч, хоёр өөр сэтгэцийн нөлөөт байдлаас шалтгаалан хохирогчид хүнд гэмтэл, хор уршиг учирсан гэж урьдчилан мөрдөн байцаах болон прокурорын шатанд  шалгаж, шүүх шийдвэрлэсэн байдаг. Үүнд хууль зүйн талаас нь дүгнэлт хийхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан” гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл хэргийн болсон нөхцөл байдал болон шүүхийн дүгнэлт хоёр хоорондоо зөрүүтэй байдаг. Яагаад гэвэл өмнөх мөргөсөн машины жолооч Д.Т мөрдөн байцаах ажиллагаанд яасан нь мэдэгдэхгүй алга болсон. Гэтэл согтуу жолооч хүн мөргөчхөөд өөрөө зугтаасан байхад энэ хэрэгт гэрчээр мэдүүлэг өгсөн залуу араас нь хөөж, машиныг замын хажуу руу шахаж байж зогсоосон байдаг. Хэргийн газраас зугтаасан байхад нь ямар нэгэн хариуцлага хүлээлгэхгүй байгаа нь шүүх, хуулийн өмнө хүний эрх тэгш байх зарчим алдагдаж байна. Хууль ёсны зарчим, шударга ёсны зарчим, тэгш байдлын зарчим, ялгаварлан гадуурхахгүй байх зарчим хаашаа алга болчихсон юм бэ. Ийм байдлаар хэргийг шийдвэрлээд байх юм бол хэрэг гарах болгонд хэн нэгэн зальхай этгээд сугарч үлдээд наана нь мөрөөрөө явж байсан хүн хэрэгтэн болоод байна. П.Э-ын хувьд ял хүндэдсэн гэж гомдол гаргаагүй. Хэргийн байдал нь бодит байдал нийцээгүй, бодит байдлыг шалгаагүй, нэг орон зай, цаг хугацаанд нэг объектод хоёр өөр сэтгэцтэй жолоочийн үйлдэл холбогдол нь нөлөөлөөд байхад нэгийг нь хаячихаад нөгөөг нь шийтгээд байгаа нь хууль зөрчиж байна гэх гомдлыг гаргаж байгаа юм. Мөн Шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтэд “хохирогчийн Л.Н-ийн биед баруун сүүжний дэлбээ ууцны үе дайрсан, баруун талын умдаг ясны дээд, доод салаа, зүүн талын умдаг ясны дээд, доод салааны хугарал, баруун бугалга, тохой, нуруу, зүүн ташаа, салтаа төмсөгт цус хуралт, зүүн хацар, шанаа, хоёр сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо, дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр дээрх цаг хугацаанд үүсэх боломжтой, гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.15-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна” гэх дүгнэлтийг гаргасан. Гэтэл энэ хэрэгт хоёр жолоочийн үйлчлэлээр хохирогчийн эрүүл мэндэд хохирол учруулсан байгаа. Аль машины ямар үйлчлэлээр ямар гэтэл гарсан юм. Гэмтлийн зэргийг ингэж бөөнд нь гаргаж болохгүй. Үүнийг учир дутагдалтай гэж үзэж байгаа юм. Гэмтлийн зэргийг анхаарч авч үзэж, дахин шалгуулж хэний, ямар үйлчлэлээр дээрх гэмтэл үүссэн гэдгийг тогтоолгох шаардлагатай. Тээврийн хэрэгсэлд мөргүүлэх үеийн СД бичлэгт үзлэг хийсэн байдаг. Тус СД бичлэгээр 18 цаг 28 минут 23 секунд, 18 цаг 28 минут 25 секунд, 18 цаг 25-26 минутын хооронд тоормос гишгээд зогсож чадалгүй гулгаад мөргөсөн байдаг. Гулгаж яваа машин, давхиж яваа машины мөргөлтөөс авах гэмтлийг ямар байдлаар яаж тогтоосон нь тодорхойгүй, СД бичлэгт ач холбогдол өгөөгүй. П.Э нь харанхуй үед замын хөдөлгөөнд оролцохдоо тээврийн хэрэгслийг зогсоох арга хэмжээ аваагүй, хурдыг тохируулж яваагүй гэж шүүхээс дүгнэсэн. Гэтэл халтиргаа гулгаатай, мөстэй замд бүгд л хурд хэтрүүлээгүй жигд хурдаар явж байсан. Урд нь явж байсан жолооч гэрчээр мэдүүлэг өгөхдөө 40 км/цагийн хурдтай явж байсан гэж мэдүүлсэн байсан. Гэтэл араас нь 20-30 метрийн зайнд явж байсан машин замд хар ууттай юм байна гээд зогсоох арга хэмжээ аваад тоормос гишгэсэн боловч зогсож чадахгүй гулгаад мөргөсөн байсан. Хэвтээ тэнхлэгт байгаа биед мөргөлтийн хүч ямар байх вэ, босоо тэнхлэгт байгаа биеийн мөргөлтийн хүч ямар байхыг техникийн шинжээч авч хэлэлцээгүй. Иймд хэргийг мөрдөн байцаалтын шатанд тал бүрээс нь үнэн зөвөөр бодитойгоор шалгуулах хэрэгтэй байна. Шүүхийн шийдвэрүүд хууль ёсны болон үндэслэл бүхий болоогүйд гомдолтой байна. Хууль ёсны болон үндэслэл бүхий болоогүйд нөлөөлсөн нөхцөл байдал нь хэрэг бүртгэлтийн шатанд хэргийг дутуу шалгасан нь шүүхийн шийдвэр гаргах ажиллагаанд нөлөөлсөн. Энэ байдлаар хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор нарийвчлан шалгаж тогтоогоогүй нь шүүхийг муухай харагдуулж байна. Прокурорын шатанд өмнөх өмгөөлөгч нар гомдол бичсэн байсныг хүлээж аваагүй байсан. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрүүд эргэлзээтэй, хууль ёсны болон үндэслэл бүхий байх зарчмыг зөрчсөн. Иймд хоёр шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг мөрдөн байцаалтын шатанд буцааж өгнө үү. Энэ хэрэгт зайлшгүй Д.Т-ийг шалгах шаардлагатай байна” гэв.

 

Прокурор Г.Эрдэнэ хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “... Хяналтын шатны шүүх хуралдаанд гаргах миний дүгнэлт хэргийн үйл баримттай холбогдох тул эрхэм шүүгч, шүүх бүрэлдэхүүн энэ байдлыг харгалзаж үзээсэй гэж хүсэж байна. Хохирогч Л.Н зам хөндлөн гарах үедээ замын 2 дугаар эгнээний хэсэгт халтирч унах үед нь Д.Т гэх жолооч мөргөн ослын газраас зугтаасан. Мөргүүлсэн хүчний нөлөөгөөр хохирогч 3 дугаар эгнээ рүү хүрсэн бөгөөд дахиж босож ирээгүй хэвтээ байхад нь хохирогчийн наад талаар нэг машин гарч явсны дараа нь шүүгдэгч П.Э хохирогчийг машинаараа мөргөсөн. Шүүгдэгч П.Э нь хохирогчийг мөргөхийн өмнө зогсоох арга хэмжээ авсан боловч гүйцэт зогсолгүй, тоормосыг тасалдуулан гишгэж, халтиргаатай замд хохирогчийг түрэн явсан үйл баримт хэргээс тогтоогдсон. Үүнээс дүгнэхэд прокурор зам тээврийн ослын хэргийн үйл баримтад бүхэлд нь дүгнэлт хийлгүй гэмт хэргийн эхлэл, өрнөл, төгсгөл хэсгийн зөвхөн төгсгөл хэсэг буюу П.Э-ын үйлдэл эс үйлдэхүйгээр яллах дүгнэлт үйлдэж, Д.Т-ийн үйлдлийг согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил үйлдсэн байна гэж үзсэн нь үндэслэлгүй байна. Анхан болон давж заалдах шатны шүүхээс хэргийн үйл баримтыг сэргээн дүрслэхдээ Д.Т нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон зам тээврийн осол гаргаад хэргийн газраас орхиж зугтаасан буюу тээврийн хэрэгслийг зогсоон ослын дохионы гэрлийг асааж, ослын зогсолтын тэмдгийг байрлуулах, хохирогчид анхан шатны тусламж үзүүлэх, түргэн тусламж дуудах, цагдаагийн байгууллагад мэдэгдэх зэрэг дүрэмд заасан үүргээ биелүүлээгүй нь дараагийн осол гарч хохирогчийг дахин машинд мөргүүлэх хүчин зүйл болсонд дүгнэлт хийгээгүй орхигдуулсан байна. Иймд хоёр жолоочийн гэм буруугийн асуудлыг хамтад нь шийдвэрлэхгүйгээр Д.Т-ийн үйлдлийг дүгнэхгүй орхигдуулж, шүүгдэгч П.Э-д эрүүгийн хариуцлагад оногдуулсан нь гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцэхгүй байна. Иймд шийтгэх тогтоол магадлалыг хүчингүй болгож өгнө үү” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Даваасүрэнгийн гаргасан гомдлыг үндэслэн П.Э-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзлээ.

 

2.Прокуророос П.Э-ыг 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 18 цаг 15 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, “Сод Монгол” шатахуун түгээх станцын урд замд 00-00УУУ улсын дугаартай “Toyota Vellfire” загварын тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас хохирогч Л.Н-г 00-00БББ улсын дугаартай “Toyota Prius” загварын тээврийн хэрэгсэлд шүргүүлээд зам дээр хэвтэж байхад нь дайрч, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

3.Шүүх хэрэгт авагдсан баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг тогтоохдоо хэрэгт хамааралтай баримт тус бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянах үүрэгтэй бөгөөд уг шаардлагыг хангалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн алдааг давж заалдах шатны шүүх зөвтгөн залруулж чадаагүй байна.

 

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд заасан үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэж, энэ талаар гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдол болон хяналтын шатны шүүх хуралдаанд гаргасан прокурорын хууль зүйн дүгнэлтийг хүлээн авах нь зүйтэй гэж үзэв.

 

4.Хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларч, хоёр шатны шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, “Сод Монгол” шатахуун түгээх станцын урд замд Д.Т нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 00-00БББ улсын дугаартай “Toyota Prius” загварын тээврийн хэрэгслийн жолоодон явж байхдаа явган хүний гарцгүй хэсгээр зам хөндлөн гарч байсан Л.Н-г мөргөж, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэмд заасан жолоочийн үүргийг зөрчиж, ослын газрыг орхин зугтсан,

улмаар хохирогч Л.Н нь зам дээр ухаангүй хэвтэж байхад (хохирогчийн мэдүүлсэнчлэн) нь 00-00УУУ улсын дугаартай “Toyota Vellfire” загварын тээврийн хэрэгслийг жолоодон явсан П.Э нь дайрч, тээврийн хэрэгслийг зогсоосны дараа эмнэлгийн тусламж дуудсан үйл баримт тогтоогдсон ба хоёр шатны шүүх энэ талаар тус тусын шийдвэрүүддээ тусгасан байна.

 

5.Гэмт хэргийн шалтгаан нөхцөл гэдэгт гэмт хэрэг үйлдэгдэх нөхцөл байдалд хүргэсэн, түүний зайлшгүй урьдач нөхцөл болсон, осол гарах нөхцөл бүрэлдэн бий болох хүчин зүйлсийг ойлгодог.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад зайлшгүй нотлохоор хуульчилсны эрүүгийн эрх зүйн ач холбогдол нь гэмт хэрэгт гэм буруутайд тооцогдсон хүнийг эрүүгийн хариуцлагад татаж болох хэмжээ, хязгаарыг тодорхойлох, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдалд тохирсон, оновчтой ял оногдуулах урьдач нөхцөл болохоос гадна цаашлаад гэмт хэргийн шинжтэй үйлдэл, эс үйлдлийг хэрэгсэхгүй болгох үндэслэл болдгоор илэрхийлэгдэнэ.

 

6.Замын хөдөлгөөнд тээврийн хэрэгсэл жолоодож болон явган оролцож байсан дээрх этгээдүүдийн хэн аль нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэмд заасан хэм хэмжээг зөрчсөн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад гарсан мөрдөгчийн магадалгаа гарсан боловч “... П.Э нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2, 12.3, 1.3-д заасныг зөрчсөн нь осол болох шалтгаан болсон гэж үзэх үндэслэлтэй байна ...” гэсэн нь хэргийн бодит байдлаас зөрүүтэй, логик алдаатай болжээ.

 

Тодруулбал, шүүгдэгч П.Э нь тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа хохирогч Л.Н-г зам дээр хэвтэж байхад нь дайрахаас өмнө 00-00БББ улсын дугаартай “Toyota Prius” загварын тээврийн хэрэгслийг жолоодон явсан Д.Т нь хохирогчийг зам хөндлөн гарч байхад нь мөргөсөн болох нь гэрч Д.У-ын мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 47 дахь тал) камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 24-29 дэх тал) зэрэг баримтуудаар нотлогдсоноос гадна энэ талаар гэрчээр өгсөн мэдүүлэгтээ “... Тэр үед гэнэт нэг хар юм зам дээр гараад ирэхээр нь би тоормосоо гишгээд жолоогоо баруун тийш дараад машинаа зогсоож амжилгүй машиныхаа зүүн урд талын хэсгээр мөргөөд цааш яваад зогссон ...” (1 дүгээр хавтаст хэргийн 51 дэх тал) гэж мэдүүлсэн байна.

 

Ийнхүү Д.Т нь хохирогчийг мөргөснийхөө дараа, мөргөснөө мэдсээр байж ослын газрыг зориуд орхин зугтаасан буюу Замын хөдөлгөөний дүрэмд заасан тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлийг асаах, зогсолтын тэмдгийг байрлуулах, осолд өртсөн хүнд тусламж үзүүлэх, шаардлагатай бол эмнэлэгт хүргэх, цагдаагийн байгууллагад мэдэгдэх зэрэг осолд холбогдсон жолоочийн үүргийг зөрчсөн нь хохирогч Л.Н-г зам дээр хэвтэж байхад нь шүүгдэгч П.Э тээврийн хэрэгсэл жолоодон явж байхдаа дайрсан буюу дараагийн осол гарах үндсэн шалтгаан болсон эсэх талаар шалгавал зохих нөхцөл байдлыг мөрдөн байцаалтын шатанд бүрэн гүйцэд шалгаагүй байна.

 

Хоёр шатны шүүх шүүхийн дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг анхаарч үзэлгүй орхигдуулж, мөрдөн шалгах ажиллагааны алдааг зөвтгөлгүйгээр хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь буруу болжээ.

 

7.Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг нь хэн нэгэн хүний үйлдэл, эс үйлдлийн улмаас биш, зөвхөн гэм буруутай тухайн этгээдийн нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдлийн дүнд бий болсон байх учиртай.

 

Хохирол, хор уршиг бий болох шалтгаан болсон гэж үзэж байгаа үйлдэл, эс үйлдэл нь өөртөө ийм хор уршиг бий болгох дотоод бодит боломж агуулж байдгийг илэрхийлэх бөгөөд эрүүгийн эрх зүйд үүнийг шалтгаант холбоо хэмээн тодорхойлдог билээ.

 

Гэмт хэргийг объектив шинжээр зүйлчлэхэд хууль бус, нийгэмд аюултай үйлдэл, үүний улмаас бий болсон хор уршгийн хоорондын дотоод холбоо, хамаарлыг тусган илэрхийлдэг буюу шалтгаан, үр дагавар уялдаатай байхыг шаарддаг.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Л.Н-ийн эрүүл мэндэд учирсан хохирлыг тодорхойлохоор шинжээч томилон дүгнэлт гаргуулахад Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 774 дүгээр дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 78-79 дэх тал), 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 243 дугаар дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 85-86 дахь тал)-үүдээр түүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан ба уг гэмтэл нь халтирч унах үед үүсэх боломжгүй, мөн зарим төрлийн гэмтэл нь мөргөгдөх, дайрагдах үед аль алинд нь үүсэх боломжтой болох нь тогтоогдсон байна.

 

Шинжээч Ш.Цэцэгмаа нь “... Автомашинаар мөргөгдөх болон дайрагдах аль алинд нь үүсэх боломжтой, нэг удаагийн үйлчлэлээр үүсч болох гэмтэл. Миний хувьд автомашинаар мөргөгдсөнөөс эсвэл дайрагдсаны алинаас үүссэнийг ялгах боломжгүй ...” (1 дүгээр хавтаст хэргийн 75 дахь тал) гэсэн бол шинжээч О.Нансалмаа “... Л.Н-ийн биед учирсан гэмтлүүд нь газар унах болон чирэгдэх үед үүсэх боломж бага. Харин мөргөгдөх, дайрагдах үед илүү үүсэх боломжтой. Аарцаг яс нь бусад ястай харьцуулахад цагариг үүсгэсэн анатомийн бүтэцтэй. Иймээс уг яс нь дарагдах, шахагдах үед хугарал гэмтэл үүснэ ...” (1 дүгээр хавтаст хэргийн 73 дахь тал) гэж тус тус гэмтэл үүсч болох хүчин зүйлсийн талаар болон гэмтэл нь нэг удаагийн үйлчлэлээр үүсч болох талаар мэдүүлжээ.

 

Гэвч тус тусын тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож байсан П.Э, Д.Т нарын хэн аль нь хохирогчийг зам хөндлөн гарч байхад нь болон хэвтэж байхад нь дайрсан байхад хэний үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд гэмтэл учирсан болохыг шинжээчийн дүгнэлт болон мөрдөгчийн магадалгаагаар хөдөлбөргүй тогтоосон гэж үзэхгүй.

 

Мөрдөн байцаалтаар Д.Т-ийн үйлдэлд дүгнэлт хийлгүй орхигдуулж, хохирогчийг сүүлд мөргөсөн шүүгдэгч П.Э-ын үйлдлийг тасалж, гэм бурууг тогтоолгохоор шүүхэд шилжүүлсэн нь үндэслэлгүй болжээ.

 

8.Шүүхийн шийдвэрийг бичихэд баримтлах шаардлагыг Шүүхийн тухай хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаас гадна Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 29 дүгээр тогтоолоор баталсан “Шүүхийн шийдвэр боловсруулах журам, аргачлал”-аар нарийвчлан журамласан.

 

Шүүх нэг талаас гэмт хэргийн улмаас хохирол хүлээсэн этгээдийн зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлэх, нөгөө талаас гэмт хэрэгт холбогдсон хүн, хуулийн этгээдийн халдашгүй чөлөөтэй байх эрхийг хязгаарладаг тул шүүхээс тогтоож буй үйл баримт, оногдуулж буй ял зэрэг нь бүхэлдээ нотлох баримт, үндэслэгээнд суурилсан байх учиртай.

 

Давж заалдах шатны шүүх магадлалдаа оролцогчийн гаргасан гомдлыг хангасан, эсхүл хангаагүй эрх зүйн үндэслэлийг буюу гомдол гаргагчийн маргаж буй хууль зүйн үндэслэлд дүгнэлт зайлшгүй өгөх шаардлагатай бөгөөд энэ нь шүүх хуульд захирагдаж, түүнд нийцсэн шийдвэр гаргасныг илэрхийлэхээс гадна гомдолд үндэслэл бүхий хариу өгч, шударга шүүхээр шүүлгэх эрх хангагдах баталгаа болдог.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шүүгдэгчийн өмгөөлөгчөөр оролцож байсан өмгөөлөгч Н.Болортуулаас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан гомдолдоо шүүгдэгчийн хувийн байдалтай холбогдуулан ял хөнгөрүүлэх үндэслэлийг тусгаснаас гадна хэргийн нөхцөл байдал, урьд хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгүүлэх агуулга бүхий хүсэлт гаргаж байсан талаар дурджээ.

 

Гэтэл давж заалдах шатны шүүхээс зөвхөн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн өөрчлүүлэх агуулга бүхий гомдол гаргасан мэтээр магадлалдаа тусгасан нь шүүхийн шийдвэрт тогтоосон шаардлагыг хангахгүй болохыг цаашид анхаарах нь зүйтэй.

 

9.Эдгээрийг нэгтгэн дүгнэвэл анхан болон давж заалдах шатны шүүх нь шүүхийн дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг анхаарч үзэлгүй орхигдуулж, мөрдөн шалгах ажиллагааны алдааг зөвтгөлгүйгээр хэргийг эцэслэн шийдвэрлэсэн байх тул шийтгэх тогтоол, магадлалыг тус тус хүчингүй болгож, энэ талаар шүүгдэгчийн өмгөөлөгчийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон прокурорын хууль зүйн дүгнэлтийг хүлээн авав.

 

10.Гэмт хэрэг үйлдэгдсэн байдлыг прокурорын яллах дүгнэлт болон магадлалд “...зам дээр хэвтэж байхад нь дайрч...” гэсэн бол шийтгэх тогтоолд “...дайран доороо хийж чирч гэмтэл учруулсан...” гэж зөрүүтэй бичсэн байгааг анхаарвал зохино.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг тус тус удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

 

1.Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 1004 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 1228 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгосугай.

 

2.Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч П.Э-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                                  Ч.ХОСБАЯР

ШҮҮГЧИД                                                      Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                                 М.ПҮРЭВСҮРЭН

                                                                                 С.СОЁМБО-ЭРДЭНЭ

      Б.ЦОГТ