Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 644

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарангэрэл даргалж, шүүх бүрэлдэхүүнд шүүгч Н.Дамдинсүрэн, Ц.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй Н.П ын нэхэмжлэлтэй Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргад холбогдох захиргааны хэргийг 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдөр тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж энэхүү шүүхийн шийдвэрийг гаргав.  

Шүүх хуралдааны ирц: нэхэмжлэгч Н.П , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.О , хариуцагчийн өмгөөлөгч Ж.Э , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Удаанжаргал нар оролцов. Иргэдийн төлөөлөгчид мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд хэргийн оролцогчдын зөвшөөрлөөр түүний эзгүйд шүүх хуралдааныг явуулав. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н.П шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Нэхэмжлэгч Н.П миний бие нь 2003 оноос Иргэний бүртгэл, мэдээллийн улсын төв /хуучнаар/-ийн Захиргааны удирдлагын хэлтэст мэргэжилтэн, 2008-2009 онд Гадаад паспортын хэлтэст паспортын байцаагч, Иргэний баримтын архивын мэргэжилтэн, 2009-2013 онд Улсын бүртгэлийн ерөнхий газар /хуучнаар/-ын Бүртгэлийн хяналтын газарт хяналтын улсын байцаагч, ахлах байцаагч, Чингэлтэй дүүргийн Бүртгэлийн хэлтсийн дарга, 2013 оноос Бүртгэлийн хяналтын хэлтсийн дарга, 2014 оноос Бүртгэлийн хяналтын газрын дарга, 2016 оны оны 3 дугаар сараас хойш Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын Хяналт, шинжилгээ үнэлгээний газрын Хяналтын хэлтсийн даргаар тус тус томилогдон ажиллаж ирсэн.

Би төрийн албанд тасралтгүй 17 жил, Улсын бүртгэлийн байгууллагад 14 жил ажилласан ахлах түшмэлийн тэргүүн зэргийн зэрэг дэвтэй, төрийн жинхэнэ албан хаагч юм. 

Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын бүтэц, орон тоо шинэчлэн батлагдсантай холбоотой тус газрын даргын 2016 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн Б/05 дугаартай тушаалаар миний бие эрхэлж байсан үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн болно.

Төрийн албаны тухай хуулийн 27.2.3-д ”төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх), эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр)-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах” гэх заалт байсаар байтал уг бүтцийн өөрчлөлтөд оруулан ажлаас чөлөөлсөн байна. 

Мөн миний бие ажил үүргээ гүйцэтгэх хугацаандаа ямар нэг зөрчил, дутагдал гаргаагүй түүнчлэн албан тушаал бууруулан өөрчлөх үндэслэлгүй байтал мөн газрын даргын 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн Б/39 дугаар тушаалаар албан тушаал бууруулан Нийслэлийн Улсын бүртгэлийн газрын Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагчийн албан тушаалд томилсон нь үндэслэлгүй гэж үзэж гомдол гаргаж байгаа тул холбогдох хууль, журмын дагуу шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н , Ж.М нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Иргэн Н.П ын нэхэмжлэлтэй Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргад холбогдох захиргааны хэрэгт итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилогдсон Б.Н , Ж.М бид иргэн Н.П ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.

Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хууль, Улсын Их Хурлын 2014 оны 75 дугаар тогтоол, Засгийн газрын 2014 оны 387 дугаар тогтоол, 2015 оны 501 дүгээр тогтоол, Хууль зүйн сайдын 2015 оны А/304 дүгээр тушаал, 2016 оны А/21 дүгээр тушаалын дагуу Улсын бүртгэлийн ерөнхий газар, Үндэсний Статистикийн хороог нэгтгэж, Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрыг (цаашид “УБСЕГ" гэх) байгуулсан болно. 

Энэхүү хууль тогтоомжийн хүрээнд, Н.П нь Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын Хяналтын хэлтсийн даргаар томилогдсон. Монгол Улсын Их Хурлын 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлах тухай” 12 дугаар тогтоол, “Засгийн газрын агентлаг, төрийн байгууллагуудын бүтэц зохион байгуулалтын талаар авах арга хэмжээний тухай” Засгийн газрын 2016 оны 4 дүгээр тогтоолын дагуу Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага болон Оюуны өмчийн газрыг нэгтгэн Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар (цаашид “ОӨУБЕГ” гэх) байгуулагдсан.

Мөн Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2016 оны “Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, зохион байгуулалтын бүтцийг батлах тухай” А/16 дугаар тушаалаар тус байгууллагын үйл ажиллагааны стратеги, үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцооны загвар, зохион байгуулалтын бүтэц, тэдгээрийн үндсэн чиг үүргийг баталсан.

Уг зохион байгуулалтын бүтэц өөрчлөлтийн хүрээнд Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын албан хаагчдыг ажлаас чөлөөлж, Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газарт томилох шаардлага зүй ёсоор үүссэн байна. Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2016 оны 8 дугаар сарын 26-ний өдрийн Б/05 дугаар тушаалын дагуу Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын Хяналтын хэлтсийн дарга Н.П ыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн.

Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын /өмнөх нэршил/ Хяналтын хэлтэс гэж байсан. Тус тушаалд Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газраас 277, Оюуны өмчийн газраас 30 албан хаагчид тус тус чөлөөлөгдсөн. Тус бүтцийн өөрчлөлтөөр Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналтын газар гэсэн газартай болж өөрчлөгдсөн.

Төрийн албаны тухай хуулийн 27.2.3-д “төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх), эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр)-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн ба түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал (ажлын байр)-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авна” гэж хуульчилсан. Улсын Дээд шүүхийн 2010 оны “Төрийн албаны тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай” 08 дугаар тогтоолын “15. Хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т заасан заасан “...зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн...” гэдэг нь эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэрээр төрийн байгууллагын зохион байгуулалтын бүтэц /алба, тасаг, хэлтэс, газар тэдгээртэй адилтгах бусад нэгж/-ийг шинээр бий болгосныг ойлгоно” гэжээ.

Дээрх хуулийн заалт болон тайлбараас харахад зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийг эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэр болох Хууль зүй, дотоод хэргийн сайдын А/16 дугаар тушаалаар ОӨУБЕГ-ын бүтцийн өөрчлөлт орсон гэж үзэхээр байна.

Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Тамгын газраас Н.П д тушаал сонсгож, мэдэгдэж, ярилцаж, санал солилцож, ажлын байраар хангах зорилгоор, Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Нийслэлийн Баянзүрх дүүргийн бүртгэлийн хэлтсийн Хяналтын улсын байцаагчаар томилсон.

“Адил чанарын өөр ажил, албан тушаал” гэдгийг Улсын Дээд Шүүхийн 2006 оны “Хөдөлмөрийн тухай тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай” 33 дугаар тогтоолын 13-т “Хуулийн 36 дугаар зүйлийн 36.2.-т заасан цомхтгогдсон ажлын байр, албан тушаалын тодорхойлолт, цалингийн хэмжээ, хөдөлмөрийн үндсэн нөхцөлтэй ижил эсхүл ойролцоо төвшингийн ажлын байр, албан тушаалыг ойлгоно” Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Тамгын газраас энэхүү тайлбарыг баримтлан Н.П д ажлын байрны санал тавьж томилсон гэж дүгнэж болно.

Н.П нь ажилдаа томилогдсоноос хойш удаа дараа Тамгын газраас ажилдаа очих талаар ярьсан боловч ажилдаа нэг ч удаа ирээгүй одоог хүрсэн байна. 

Иймд Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын шийдвэр хуульд нийцсэн үндэслэл бүхий байх тул нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь: 

Нэхэмжлэлийн шаардлагын талаар:

Нэхэмжлэгч Н.П нь “Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн Б/05 дугаар тушаал, 2016 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн Б/39 дүгээр тушаалуудын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан албан тушаал болох Бүртгэлийн хяналтын газрын даргын ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин, хөлсийг олгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргад холбогдуулан гаргаж, энэ шаардлагын хүрээнд захиргааны хэрэг үүсгэжээ / 1-р хавтас хх 15-16/. 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа “Бүртгэл хяналтын газрын даргын ажилд эгүүлэн томилох, мөн ажилгүй байсан хугацааны цалин болон эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргад даалгах” гэж бичгээр тодруулжээ /2-р хавтас хх 163/. 

Үүний дараагаар шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа “Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын Б/39 дүгээр тушаалын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын өмнө эрхэлж байсан албан тушаалд томилоогүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, бүртгэлийн хяналтын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хариуцагчид даалгах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилжээ. 

Маргаж байгаа зүйлийн талаар:

Нэхэмжлэгчээс бичгээр гаргасан болон шүүх хуралдаануудын явцад гаргасан тайлбаруудаас үзэхэд “байгууллагын бүтцийн өөрчлөлтөөр албан тушаалын чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн тул Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д заасны дагуу албан тушаалд үргэжлэн ажиллуулах заалтыг зөрчин албан тушаал бууруулсан хариуцагчийн шийдвэр үндэслэлгүй” гэж маргажээ.  

Харин хариуцагч талаас “байгууллагын бүтцийн өөрчлөлтөөр нэхэмжлэгчийн ажиллаж байсан албан тушаалын орон тоо  хасагдсан учир Төрийн албаны 27 дугаар зүйлийн 27.2.4-т заасны дагуу мэргэжил, мэргэшлийн дагуу өөр албан тушаалд томилсон” гэж маргажээ.  

Маргааны үйл баримтын талаар: 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг үнэлж дүгнэхэд дараахь бодит нөхцөл байдал тогтоогдож байна:

Нэхэмжлэгчийн маргаж байгаа шийдвэр гарахаас өмнө нэхэмжлэгч Н.П нь Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын Хяналт, шинжилгээ үнэлгээний газрын Хяналтын хэлтсийн даргаар томилогдон  ажиллаж, төрийн захиргааны ахлах түшмэлийн ангилалд, ТЗ-9-4 зэрэглэлтэйгээр ажиллаж байсан гэдэг нь тогтоогдож байна /хх 1-р хавтас, 64/. 

Улсын Их Хурлын 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 12, Засгийн газрын 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 4 дүгээр тогтоол, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2016 оны 08 дугаар сарын 23-ний өдрийн А/16 дугаар тушаал /1-р хх 121, 138, 140-141/-ын дагуу Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн баталжээ. Үүгээр Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газар нь Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар гэсэн нэртэй болж, Оюуны өмчийн чиг үүрэг шинээр нэмэгдэж, статистикийн чиг үүрэг хасагдсан байдлаар тус хэрэгжүүлэгч агентлагын тогтолцоо, зохион байгуулалтын бүтэц өөрчлөгдсөн. 

Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын бүтэц, орон тоо шинэчлэн батлагдсантай холбогдуулан нэхэмжлэгчийн ажиллаж байсан Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газарт ажиллаж байсан нийт албан хаагчдыг 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдрөөр тасалбар болгон харуицагч ажлаас нь чөлөөлсөн шийдвэр /Оюуны өмч, улсын бүртгэлийн газрын даргын 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн Б/05 дугаар тушаал/ гаргажээ /хх 1-р хавтас 65-76/. 

Мөн өдөр Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын бүтэц, орон тоо шинэчлэн батлагдсантай холбогдуулан тус газрын албан хаагчдыг томилсон шийдвэр /Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн Б/06-ийг хариуцагчаас гаргасан боловч нэхэмжлэгчийг энэ шийдвэрээр аливаа албан тушаалд томилоогүй байна /хх 1-р хавтас 77-89/. 

Харин хариуцагчаас 2016 оны 09 дүгээр сарын 14-ны өдөр Б/39 дүгээр тушаал гаргаж нэхэмжлэгчийг Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч, дэс түшмэл ТЗ-7-5, ахлах түшмэлийн дөтгөөр зэрэг ангилалд хамаарах албан тушаалд буюу нэхэмжлэгчийг өмнө нь ажиллаж байсан албан тушаалаас бууруулан томилжээ /хх 1-р хавтас 89-91/. 

Мөн Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2016 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн А/16 дугаар тушаалын гуравдугаар хавсралт /1-р хх 143-144, 157/-аар Бүртгэлийн хяналтын газар, газрын даргатай байхаар, орон тоог 15 байхаар баталжээ. 

Нэхэмжлэгчийг ажиллаж байх үед Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газар нь Хяналт, шинжилгээ үнэлгээний газартай, энэ газарт Хяналтын хэлтэс, Шинжилгээ үнэлгээ, дотоод аудитын хэлтэстэй бөгөөд тус газар 18 орон тоотой, нэхэмжлэгчийн ажиллаж байсан Хяналтын хэлтэс нь 10 орон тоотой ажиллаж байжээ /хх 1-р хавтас 184-185/. 

Шинэ бүтцээр нэхэмжлэгчийн өмнө нь ажиллаж байсан дотроо 2 хэлтэстэй байсан Хяналт, шинжилгээ үнэлгээний газар нь Хяналтын газар /14 орон тоотой/ болон Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар /7 орон тоотой/ гэсэн 2 газар болж хуваагдан өөрчлөгджээ / хх 1-р хавтас 140/.

Уг шинэ бүтцийн өөрчлөлтөөр нэхэмжлэгчийн ажиллаж байсан Хяналт, шинжилгээ үнэлгээний газар нь 2 өөр газарт хуваагдан өөрчлөгдсөн боловч   нэхэмжлэгчийн ажиллаж  байсан Хяналтын хэлтсийн чиг үүрэг Хяналтын газарт бүхэлдээ шилжиж, түүний эрхэлж байсан улсын бүртгэлийн хяналтын чиг үүрэг хэвээр үлдэж, статистикийн хяналтын чиг үүрэг алга болж, оюуны өмчийн чиг үүрэг шинээр нэмэгдсэн байдал нь нэхэмжлэгчийн ажиллаж байсан ажлын байр, чиг үүрэг байгууллагын чиг үүргээс хасагдаж алга болоогүй, түүний эрхэлж байсан чиг үүрэг агуулгын хувьд бүхэлдээ өөрчлөгдөөгүй хэвээр хадгалагдаж байгаа гэдэг нь ажлын байрын тодорхойлолтууд /хх 1-р хавтас 191-193, 194-198/, байгууллагын зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийг баталсан тушаалуудыг харьцуулан дүгнэхэд тогтоогдож байна /хх 1-р хавтас 121-141, 143-185/. 

Нэхэмжлэгч урьд эрхэлж байсан албан тушаалд томилоогүй байдал болон албан тушаал бууруулсан хариуцагчийн шийдвэрийг эс зөвшөөрч  Төрийн албаны зөвлөлд гомдол гаргаж, гомдлын хариуг 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 1078 дугаар албан бичгээр хариуг хүлээн авч, 2016 оны 11 дүгээр сарын 04-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж, захиргааны хэрэг 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр үүсгэжээ / хх 1-р хавтас 10, 15/. 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх явцад нэхэмжлэгчийн маргаж байгаа Хяналтын газрын даргын албан тушаалыг хариуцагч захиргаанаас сул орон тоо гэж үзэн уг албан тушаалд сонгон шалгаруулалтыг зарлан, зохион байгуулж, улмаар Ч.Э ийг маргаан бүхий албан тушаалд томилсон гэдэг нь тогтоогдож байна /хх 2-р хавтас 46-77/.

Хууль зүйн үндэслэлийн талаар:

Нэхэмжлэгчээс “төрийн жинхэнэ албан хаагч буюу төрийн захиргааны албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотойгоор тэр дундаа төрийн албан хаагчийн баталгааг хариуцагч захиргааны байгууллага зөрчиж, байгууллагын зохион байгуулалтын бүтэц, орон тоо өөрчлөгдсөн ч өмнө ажиллаж байсан ажлын байр хэвээр хадгалагдан үлдсэн байтал албан тушаалд нь үргэжлүүлэн ажилуулаагүй, албан тушаал бууруулан томилсон нь үндэслэлгүй” гэж маргасан. 

Төрийн албаны тухай хуулийн зорилтыг тодорхойлсон 1 дүгээр зүйл, Төрийн албан хаагчийн баталгааг зохицуулсан 27 дугаар зүйлд төрийн захиргааны /төрийн жинхэнэ/ албан хаагчийн баталгаа, нэмэлт баталгаа буюу төрийн захиргааны албан хаагчид төрийн албыг хэрэгжсүүлсний төлөө олгогдож байгаа боломж, нөхцөлүүдийг заасан. Энэ нь төрийн захиргааны албан хаагчид олгогдож байгаа эрх юм.  

Түүнчлэн хариуцагч захиргааны байгууллагаас төрийн захиргааны байгууллагын хөдөлмөрийн харилцаатай холбоотой асуудлыг шийдвэрлэсэн  шийдвэр гаргаж, үйл ажиллагаа хэрэгжүүлэхдээ Захиргааны ерөнхий хууль, Төрийн албаны тухай хууль болон илүү нарийвчилсан харилцааг зохицуулсан бусад хуульд заасан зарчим, эрх, үүргийг баримтална. 

Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д Төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэлт баталгааг: “төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх), эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр)-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал (ажлын байр)-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авна;” гэж зохицуулжээ. 

Мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т “төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих буюу төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэшиж болох бөгөөд энэ хугацаанд урьд нь эрхэлж байсан албан тушаалынхаа цалин хөлсийг авч, хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах, эсхүл 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг тухайн байгууллагаас олгоно;” гэжээ. 

Маргааны хувьд Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-д заасныг үндэслэн хариуцагч нь өөрийн байгууллагыг өөрчлөн байгуулагдаж нэхэмжлэгчийн ажиллаж байсан албан тушаалын орон тоо нь хасагдсан гэж үзэн нэхэмжлэгчийг өөр албан тушаалд өмнөх албан тушаалыг нь бууруулан томилжээ. 

Гэтэл маргааны үйл баримтаас үзэхэд хариуцагч байгууллагын шинэ бүтцийн өөрчлөлтөөр нэхэмжлэгчийн ажиллаж байсан Хяналтын хэлтэс нь Хяналтын газар болон өөрчлөгдсөн боловч нэхэмжлэгчийн хэрэгжүүлж байсан хяналтын чиг үүрэг нь өөрчлөгдөөгүй, зарим чиг үүрэг шинээр нэмэгдсэн, томъёоллын хувьд өөрчлөгдсөн ч ажлын байрны тодорхойлтод заасан өмнөх чиг үүргийн агуулга нь хэвээр хадгалагдан үлдсэн нь тогтоогдсон.

Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д заасан “...чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах...” гэсэн нь агуулгын хувьд төрийн албан хаагчид олгож байгаа нэмэлт баталгаагаар хангагдах эрх, харин ажил олгогч төрийн байгууллагын хувьд түүнд хуулиар хүлээлгэсэн үүрэг гэж үзэхээр байна.

Иймээс Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д заасны дагуу нэхэмжлэгчийн өмнө нь ажиллаж байсан ажлын байрны чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн учир нэхэмжлэгч шинэ өөрчлөгдсөн бүтцийн хүрээнд тодруулбал, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналтын газрын даргын албан тушаалд үргэлжлэн ажиллах баталгаагаар хангагдах эрхтэй бөгөөд ажил олгогч захиргааны байгууллага түүнийг маргаан бүхий албан тушаалд үргэжлүүлэн ажиллуулах үүрэгтэй байна. Тодруулбал, албан тушаалдаа үргэжлүүлэн ажиллах баталгаагаар хангагдаж, ийм эрхтэй учир нэхэмжлэгч заавал тухайн албан тушаалд ажиллах талаар хүсэл зоригоо илэрхийлэх шаардлагагүй, үүрэггүй юм. 

Хариуцагч захиргааны байгууллага өөрт нь хуулиар олгогдсон энэхүү үүргийг зөрчин нэхэмжлэгчийн албан тушаалыг бууруулан өөр ажилд шилжүүлсэн атлаа “Хяналтын хэлтэсгүй болсноор нэхэмжлэгчийн эрхэлж байсан албан тушаал хасагдсан тул түүний ажил, мэргэжилд нийцүүлэн өөр ажил, албан тушаалд шилжүүлсэн” гэж тайлбарлаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. 

Үүнээс дүгнэхэд нэхэмжлэгчийн өмнө нь ажиллаж байсан ажлын байрны чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн учир шинэ бүтцээр өөрчлөгдсөн бүтэц, орон тоонд нийцүүлэн нэхэмжлэгчийг өмнөх албан тушаалд үргэжлүүлэн ажиллуулах хуульд  заасан үүргээ биелүүлээгүй хариуцагчийн эс үйлдэхүй нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т заасантай нийцээгүй бөгөөд мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан хууль дээдлэх нь төрийн албаны үндсэн зарчим, 4.2.6-д заасан төрийн албан хаагчаас бүрэн эрхээ хэрэгжүүлэх нөхцөл баталгааг төр хангах төрийн албанд баримтлах зарчмыг зөрчсөн хууль бус эс үйлдэхүй байна.

Түүнчлэн нэхэмжлэгчийн эрхэлж байсан албан тушаалын орон тоо хасагдаагүй, албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдаж  байхад албан тушаалын орон тоо хасагдсан тохиолдолд хэрэглэх хуулийн заалт болох Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-д заасныг хариуцагч хэрэглэн нэхэмжлэгчийг ажилд нь үргэжлүүлэн ажилуулаагүй эс үйлдэхүй гаргажээ.

Үүнээс гадна нэхэмжлэгчийн эрхэлж байсан албан тушаалд нь үргэжлүүлэн ажиллуулах шийдвэр гаргах байтал түүнийг албан тушаал бууруулж дээр дурдсан хуульд нийцээгүй шийдвэр гаргаж, маргаан бүхий албан тушаалын сул орон тоо гараагүй байхад Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д заасны дагуу сул орон тоо гарсан гэж үзэн сонгон шалгаруулалт зарлаж, өөр этгээдийг маргаан бүхий албан тушаалд томилжээ. 

Дээрхээс дүгнэхэд хариуцагч нь бодит нөхцөл байдлаас өөрөөр нөхцөл байдлыг дүгнэж нэхэмжлэгчийг албан тушаалд үргэжлүүлэн ажиллуулах боломжоор хангах үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүй гаргаж, түүний эрхэлж байсан албан тушаалаас бууруулан шилжүүлсэн шийдвэр гаргасан зэрэг нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан “бодит нөхцөл байдалд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” захиргааны үйл ажиллагаанд баримтлах тусгай зарчимд нийцээгүй байгааг дурдах нь зүйтэй. 

Мөн ажилд нь үргэжлүүлэн томилоогүй, албан тушаал бууруулсанаас шалтгаалж нэхэмжлэгч төрийн албан тушаалыг эрхэлж, цалин хөлсөө авч, ажиллах нөхцөлөөр хангуулж чадахгүй байгаа бодит нөхцөл байдлууд нь нэхэмжлэгчийн эрх зүйн байдалд илтэд хохирол учирч байгаа үр дагавар бий болсоныг харуулж байна. Гэтэл хариуцагч талаас “өөрийг нь ажлаас чөлөөлсөн тушаалыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэгч маргаагүй учир ажлаас үндэслэлгүй халагдсан бөгөөд эргүүлэн томилогдох үндэслэл үүсэхгүй” гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй юм. 

Дүгнэхэд, нэхэмжлэгчийг өмнөх албан тушаалд нь үргэжлүүлэн ажиллуулах хуульд  заасан үүргээ биелүүлээгүй хариуцагч захиргааны байгууллагын эс үйлдэхүй, мөн хариуцагчийн нэхэмжлэгчийг хуульд нийцээгүй үндэслэлээр албан тушаал бууруулсан үйлдэл нь хууль бус бөгөөд нэхэмжлэгч Н.П ын Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1-д заасан төрийн албан хаагчийн цалин хөлс, нөхөх төлбөр, ... авах, 27.1.2-т заасан албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд шаардлагатай ажиллах нөхцөлөөр хангуулах, 27.2.3-д заасан “зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр)-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол уг албан тушаалд нь үргэлжлэн ажиллах”, 27 дугаар зүйлийн 27.2.1-д заасан “энэ хуулийн 25 дугаар зүйл, 26.1.3-д зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас халагдахгүй байх” эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хариуцагч байгууллага зөрчсөн гэдэг нь тогтоогдож байна. 

Үүний учир төрийн захиргааны албан хаагч Н.П ын төрийн албан хаагчийн цалин хөлс, нөхөх төлбөр, ... авах, албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд шаардлагатай ажиллах нөхцөлөөр хангуулах, хэвээр хадгалагдан үлдсэн албан тушаалдаа үргэжлэн ажиллах эрх, төрийн албанаас үндэслэлгүйгээр халагдаж, албан тушаал буурахгүй байх эрх, хууль ёсны сонирхлыг шүүхээс сэргээн тогтоож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд ханган шийдвэрлэх нь үндэслэлтэй байна. 

Нэхэмжлэгчийг урьд ажиллаж байсан ажилд нь эгүүлэн тогтоохоор шийдвэрлэж байгаа учир Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т заасны дагуу нэхэмжлэгчийн ажилгүй байсан бүх хугацаа буюу ажлын 246 өдрийн хугацаанд нь урьд авч байсан дундаж цалинтай хөлстэй тэнцэх хэмжээний олговроор тооцон олгохыг хариуцагчид даалгаж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж нэхэмжлэгчийн дэвтэрт бичилт хийхийг даалгаж шийдвэрлэв.

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар тушаалаар баталсан Дундаж цалин хөлс тодорхойлох журмын 5, 7 дахь хэсгийн а /ажил, албан тушаал нь хэвээр хадгалагдах үеийн хохирлыг төлүүлэхтэй холбогдуулан дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тодорхойлно/-д заасны дагуу хариуцагчаас 2016 оны 09 дугаар сарын 06-ны өдрөөс 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдөр хүртэлх буюу ажлын 246 өдрийн цалин хөлстэй тэнцэх олговор 12,922,751 (Сүүлийн 3 сарын 1 сарын дундаж цалин =1,076,896:20,5 /сарын ажлын өдрийн дундаж тоо/=52,531,512 /1 өдрийн дундаж цалин/, 52,531,512 х 246 өдөр=12,922,751) төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох, түүнчлэн тухайн олговрыг Оюуны өмч, улсын бүртгэлийн газрын төсвөөс гаргуулах нь зүйтэй гэж үзэв. 

Нэхэмжлэгчийг албан тушаалаас чөлөөлөх тушаал 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдөр гарсан боловч 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэл ажиллуулсан, энэ хугацааны цалингаа авсан болохыг нэхэмжлэгч, хариуцагч талууд шүүх хуралдаанд мэдүүлсэн учир ажилгүй байсан хугацааны цалинг 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрөөс эхлэн тооцох нь үндэслэлтэй байна. 

Мөн нэхэмжлэгч Н.П нь Баянзүрх дүүргийн бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагчийн албан тушаалд очиж ажиллаагүй, цалин аваагүй болох нь тус хэлтсийн 2016 оны 10 дугаар сарын 04-ны өдрийн 8/1190, Нийслэлийн улсын бүртгэлийн газрын 2016 оны 10 дугаар 1/1117 тоот албан бичгүүдээр тогтоогдож байна. 

Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1, 103.2-т заасны дагуу нэхэмжлэгчид ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулсантай холбоотойгоор Оюуны өмч, улсын бүртгэлийн газрын төсөвт учирсан хохирлыг захиргааны байгууллага Иргэний хуулийн 498.5-д заасны дагуу гэм буруутай албан тушаалтнаар буцааж төлүүлэхээр нэхэмжлэх, мөн Оюуны өмч, улсын бүртгэлийн газрын дээд шатны байгууллагын дотоод аудитын нэгж төсөвт учирсан хохирлыг гэм буруутай албан тушаалтнаар төлүүлэх үүрэгтэй болохыг дурдах нь зүйтэй. 

 

               Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.4, 106.3.7, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2.6, 11 дүгээр зүйлийн 11.6, 27 дугаар зүйлийн 27.1.1, 27.1.2, 27.2.1, 27.2.3, 27.2.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Н.П ын Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргад холбогдуулан гаргасан “Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын Б/39 дүгээр тушаалын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын өмнө эрхэлж байсан албан тушаалд томилоогүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, бүртгэлийн хяналтын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хариуцагчид даалгах” гэсэн шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн Б/39 дүгээр тушаалын хавсралтын Н.П д холбогдох хэсгийг хүчингүй болгож, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын нэхэмжлэгч Н.П ыг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналтын газрын даргын албан тушаалд томилоогүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгч Н.П ыг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналтын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоосугай.

2.Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т заасныг баримтлан 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрөөс 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдөр хүртэлх буюу ажилгүй байсан хугацааны 12,922,751 төгрөгийн цалин хөлсийг нэхэмжлэгч Н.П д олгож, түүний нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг  Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргад даалгасугай.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 70.200 (далан мянга хоёр зуун)  төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгосугай. 

4.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т заасны дагуу шүүхийн энэ шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь энэхүү шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй. 

 

 

 

ШҮҮГЧ                                     А.САРАНГЭРЭЛ

ШҮҮГЧ                                       Н.ДАМДИНСҮРЭН

ШҮҮГЧ                                   Ц.МӨНХЗУЛ