Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 487

 

                                    

 

 

 

 

                  М.Аззаяад холбогдох эрүүгийн

                                 хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Даваасүрэн даргалж, шүүгч Д.Мягмаржав, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

Прокурор М.Цэнд-Аюуш,

Шүүгдэгч М.Аззаяа,

Хохирогч Д.Энхтайван,  

Нарийн бичгийн дарга Э.Эрдэнэбулган нарыг оролцуулж,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 287 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Д.Энхтайваны гаргасан давж заалдах гомдлоор М.Аззаяад холбогдох 201725011256 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 6 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол овогт Мажигсүрэнгийн Аззаяа, 1980 оны 7 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 36 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Сэлбийн 37 дугаар гудамж, 850 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:ЦА80071795/,

 

М.Аззаяа нь 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Д.Энхтайвантай хувийн таарамжгүй харьцааны улмаас түүнийг зодож, биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: М.Аззаяагийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол баталж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: М.Аззаяаг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай тооцож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар М.Аззаяад тус дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар яллах  дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хохирогч шүүгдэгчтэй сайн дураар эвлэрсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсэгт заасныг журамлан М.Аззаяаг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, М.Аззаяа нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч М.Аззаяад урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, хохирогч энэ хэргийн улмаас өөрт учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлсний эцэст иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Хохирогч Д.Энхтайван давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “…Миний бие анхан шатны шүүх хурал эхлэхээс өмнө шүүгчийн туслах болон шүүгчид “өмгөөлөгч авья, М.Аззаяаг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татсан нь хөнгөн байна. М.Аззаяад зодуулсанаас хойш миний зүүн нүд үргэлж нулимс цувж, хараа илт муудсан. Нүдний гэмтлийг хөнгөн гэмтэл гэж үзэхгүй, дахиж мэргэжлийн эмчид үзүүлэх шаардлагатай тул шүүх хурлыг хойшлуулах” хүсэлт тавьсан боловч шүүгч зөвшөөрөөгүй шүүх хурлыг эхлүүлсэн. Шүүх хурлын бичлэгийг үзвэл шүүгч дөнгөж гаднаас орж ирэхэд би шүүгчид хандсан бичлэг байгаа гэдэгт итгэлтэй байна. Улмаар шүүх хуралд шүүгч надаас тайлбар асуулт асуугаад намайг хариулах хооронд “юундаа удаад байгаа юм?, хурдан шууд хариулж болохгүй юу” гэх мэтээр хохирогчийг илт тээршаасан, загнасан байдалтай харьцсанд их гомдолтой байна. Шүүх хурлын явцад шүүгчийн надтай харьцсан харьцаанаас болж аргагүй байдалд орж шүүгдэгч М.Аззаяатай эвлэрсэн. Гэвч М.Аззаяа шүүх хурлын дараа “нэгэнт шүүхийн тогтоолоор хэргийг хэрэгсэхгүй болгосон юм чинь чи надаас хохирлоо өөр явдаг газар байвал яваад заргалдаад олж аваарай” гэх мэтээр харьцсанд би их гомдолтой байна. Охиноо бусдад хүчиндүүлээд охиныхоо төлөө явж байгаад бусдад зодуулан бие сэтгэлийн, эд материалын хохирол амсаад дээр нь шүүгдэгчид “чаддаг юм бол өөр газраар заргалдаад юм олж долоогоорой” гэж тавлуулаад миний хувьд сэтгэл зүйн маш хүнд дарамтанд байна. Охин маань ч сэтгэл зүйн хувьд их хүнд байгаа. Амиа хорлочих вий гэж их айж байна. Охиныг минь удаа, дараа дарамталж хүчиндсэн асуудлаар Баянзүрх дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст өргөдөл бичиж шалгуулахаар шийдсэн байгаа. Мөн шүүгчийн талаар Шүүхийн Ерөнхий Зөвлөлд гомдол гаргах болно. Шүүгдэгч М.Аззаяатай холбогдох хэргийг хэрэг бүртгэлтэд буцааж үнэн зөв  шударга шүүгээсэй гэж хүсэж байна...” гэв.

Шүүгдэгч М.Аззаяа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Тусгайлан гаргах тайлбаргүй...” гэв.

Прокурор М.Цэнд-Аюуш тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Би хэрэгт хяналт тавьж, яллах дүгнэлт үйлдсэн бөгөөд анхан шатны шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцсон. М.Аззаяагийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогчийн биед хөнгөн гэмтэл учирсан. Хохирогчийн буруутай үйлдлийн улмаас уг хэрэг гарсан бөгөөд хохирогч Д.Энхтайван М.Аззаяагийн эхийнх нь гэрт очиж, өөрийн сэтгэл хөдлөл, уурыг хашгирах, загнах зэргээр буруу байдлаар илэрхийлсний улмаас уг хэрэг гарсан. Прокурорын хяналтын шатанд шүүгдэгчтэй уулзсан ч хохирлын асуудлаар түүнийг шахаж, шаардаагүй. Харин “шүүх хуралдаанаас өмнө учраа ололцоорой” гэж хэлсэн. Хохирол төл гэж хэт тулгаж, шаардвал хэргийн оролцогч нар гомдол гаргаад байдаг. Анхан шатны шүүх хуралданад гэм буруугийн асуудлыг  хэлэлцсэн бөгөөд шүүгчийн хувьд ч эвлэрлийн гэрээ байгуул гэдэг байдлаар шахаж шаардаагүй. “Эвлэрч болдог юм” гэж хэлэхэд нь шүүгдэгч хохирогчоос уучлалт гуйж эвлэрлийн гэрээ байгуулж асуудал шийдэгдсэн. Би ч гэсэн эвлэрснээр хэргийг хэрэгсхэгүй болгох санал хэлсэн...” гэв.

ХЯНАВАЛ:

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлд зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр бус хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь “хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх” хуулийн шаардлагыг хангаагүй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

            Прокуророос М.Аззаяаг 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Д.Энхтайвантай хувийн таарамжгүй харьцааны улмаас түүнийг зодож, биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол баталж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт “Яллагдагч, шүүгдэгч нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан нөхцөлд хохирогч нь яллагдагч, шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн бол хэргийг хэрэгсэхгүй болгоно.” гэж маш тодорхой хуульчилжээ.

 

Анхан шатны шүүх шүүгдэгч М.Аззаяа, хохирогч Д.Энхтайванд гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулаагүй байхад М.Аззаяаг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хохирогч, шүүгдэгчтэй сайн дураар эвлэрсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэсэн нь дээрх хуулийн заалтыг ноцтой зөрчсөн байна.

 

Түүнчлэн анхан шатны шүүхийн шүүхийн шийтгэх тогтоол нь хохирогчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээс гадна дараах байдлаар хууль ёсны байх шаардлагыг хангаагүй гэж үзэв.

1. Анхан шатны шүүхийн тэмдэглэлээс үзэхэд М.Аззаяа “...хохирогч бид хоёр зууралдаад давхралдаж унасан учраас гэмтэл авсан байх. ...Би хохирогчийг цохиогүй. Хохирогчийн биед учирсан гэмтлийг хэн учруулсаныг мэдэхгүй...”, өмгөөлөгч С.Энх-Эрдэнэ “...Хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах саналтай байна. Учир нь хохирогч гэрч нарын мэдүүлгүүд хоорондоо зөрүүтэй байдаг...” гэх зэргээр гэмт хэрэг үйлдээгүй, хохирогчид гэмтэл учруулаагүй хэмээн шүүх хуралдаанд мэдүүлсээр байхад шүүх “...шүүхээс шүүгдэгч М.Аззаяад ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшсэн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.” гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байна.

2. Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “шүүгдэгч М.Аззаяа нь ...гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар тогтоогдлоо” гэж дүгнэсэн нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 296 дугаар зүйлийн 296.1 дэх хэсэгт “...шүүхийн дүгнэлтийн үндэслэл болсон нотлох баримт, шүүхээс бусад нотлох баримтыг няцаан үгүйсгэсэн үндэслэл...”-ийг шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт заахаар хуульчилсныг ноцтой зөрчсөн байна. Өөрөөр хэлбэл шүүх хуралдаанд яллах болон цагаатгах талын хэлэлцүүлсэн нотлох баримтуудаас шүүх чухам ямар нотлох баримтуудаар шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон болохыг дүгнэж, эсрэг талын байр суурь хэрхэн үгүйсгэгдэж буй үндэслэлийг тодорхойлох ёстой байтал шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд яллах болон цагаатгах талын шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан уг гэмт хэргийн талаар хоорондоо харилцан адилгүй, бие биенээ няцаан үгүйсгэсэн гэрч, хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгийг жагсаан бичиж, тэдгээрийг бүхэлд нь хамж дүгнэсэн нь хуулийн дээрх шаардлагад нийцэхгүй.

Үүнээс гадна Баянзүрх дүүргийн прокурорын газраас М.Аззаяад холбогдох үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн байхад анхан шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтдаа “...дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар яллах  дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг...” гэж бичсэн нь ноцтой алдаа биш боловч цаашид анхаарвал зохино.

 

Иймд хохирогчийн гаргасан “...хохирол төлөөгүй байхад эвлэрүүлсэн...” гэх утга агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, М.Аззаяад холбогдох хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас эхлэн, дахин хянан хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            

             Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2 дахь заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: