Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 001/ХТ2018/00209

 

  Г.А-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

            Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, П.Золзаяа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 879 дугаар шийдвэртэй

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 141 дугаар магадлалтай,

Г.А-гийн нэхэмжлэлтэй,

Х.Э-, Х Б-ны Дархан салбарт холбогдох, 

***** аймгийн **** сумын *** дугаар баг, *** дугаар хороолол, ** дүгээр байрны ** тоот, 1 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Нэхэмжлэгч Г.А-гийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.А-, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч Г.А- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2014 оны 8 сард Монбамбай ХХК-ийн барьж ашиглалтанд оруулсан Дархан сумын 10 дугаар багийн нутагт байрлах Элит хотхонд байр авахаар болж, 2 12 дугаар хорооллын 2 дугаар байрны 31 тоот, 2 өрөө 36.01 м.кв орон сууцыг захиалсан, гэрээ байгуулахдаа урьдчилгаа 4.681.300 төгрөгийг төлсөн. Гэтэл гэрээнд заасан хугацаанд байр ашиглалтанд ороогүй тул тус хотхоны 1 дүгээр байрны 05 тоот, 1 өрөө орон сууцыг 1 м.кв-ыг 1.000.000 төгрөгөөр тооцон, үлдэгдэл тооцоог хийн 32.000.000 төгрөг өгсөн. Байрны төлбөрийг 2015 оны 8 дугаар сарын 11, 2015 оны 12 дугаар сарын 07, 2016 оны 6 дугаар сарын 08-ны өдрүүдэд Х.Э-ын Х Б-ин дахь дансанд болон өөрт нь бэлнээр өгч, нийтдээ 32.000.000 төгрөгийг төлж, орон сууцны үнийг бүрэн төлж, байрандаа орж одоог хүртэл амьдарч байна. Тухайн үед 1 өрөө байрыг авахад Х Б-ны зээлийн барьцаанд байгаа гэдгийг мэдээд мөнгөө тушаахаасаа өмнө Х Б-тай очиж уулзахад эдийн засагч нь банкны зээлэнд нь мөнгөө төлчихвөл таны нэрлүү шилжүүлж болно, мөн 8 хувийн зээлэнд хамрагдаж болно гэж хэлсэн.

Иймээс итгэн барьцаанд байсан байрыг авсан. Х.Э-аас байрны гэрчилгээг шаардахад банкны зээлээ төлөөгүйгээс би мөнгийг нь бүрэн төлж, одоо амьдарч байгаа байрныхаа хууль ёсны өмчлөгч болж чадахгүй байна. Хэрэв Х Б- надад итгэл төрүүлээгүй бол би тус байрыг авахгүй байсан. Би энэ байрны үнийг бүрэн төлсөн, одоо энэ байрандаа амьдарч байгаа тул хууль ёсны өмчлөгч мөн юм. Иймд тус байрын хууль ёсны өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэжээ.

Хариуцагч Х.Э- шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.А-гийн одоогийн амьдарч байгаа байр нь миний нэр дээр байдаг бөгөөд Х Б-ны барьцаанд тавигдсан байсан. Одоо зээлээ төлж чадахгүйгээс болоод шүүхийн шийдвэр гүйцэтгэл дээр явж байгаа. Байрны төлбөрийг Г.А- надад бүрэн төлсөн нь үнэн. Иймээс би энэ байрны жинхэнэ өмчлөгч нь биш Г.А- мөн юм. Иймд нэхэмжлэгч Г.А-гийн нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна гэжээ. 

Хариуцагч Х Б-ны Дархан салбарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Одгэрэлийн шүүхэд гаргасан тайлбарт: Банк нь Х.Э-, Б.Баясгалан нартай 2014 онд зээлийн гэрээ байгуулан, 80.000.000 төгрөгийн зээл олгосон бөгөөд зээлийн барьцаанд Х.Э-ын өмчлөлийн Дархан сумын 10 дугаар баг, 12 дугаар хороолол, 1 байрны 5 тоотод хаягтай орон сууцыг гэрээний дагуу барьцаалсан. Энэ асуудлаар тус шүүхийн 2016 оны 809 дугаартай шийдвэр гарч, тус байрыг албан дуудлага худалдаагаар зарж борлуулсан үнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар даалгасан шүүхийн шийдвэр гарч, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны шатанд явж байгаа. Анх барьцаалах үед Х.Э-ын өөрийн өмчлөлийн хөрөнгө байсан бөгөөд зээлийн үүрэг дуусаагүй байгаа тул бид Г.А-гийн эрх ашгийг зөрчсөн зүйл байхгүй. Г.А- нь тус банкинд энэ байрны өмчлөх эрхийг шилжүүлэх талаар хандаж байгаагүй. Мөн хэрэгт авагдсан хөрөнгө оруулалтын гэрээ гэсэн зүйл нь улсын бүртгэлд бүртгэгдээгүй, хүчин төгөлдөр бус гэрээ байна. Хуульд зааснаар үл хөдлөх эд хөрөнгө нэг этгээдээс хэлцлийн үндсэн дээр нөгөө этгээдэд шилжиж байгаа бол улсын бүртгэлд бүртгэгдсэн байх ёстой боловч бүртгүүлээгүй байгаа.

Иймээс нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байна гэжээ.

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн  2017 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 879 дугаар шийдвэрээр, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 110 дугаар зүйлийн 110.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Г.А-гийн хариуцагч Х.Э-, Х Б-ны Дархан салбарт тус тус холбогдуулан гаргасан Дархан-Уул аймгийн Дархан сумын *** дугаар баг, *** дугаар хороолол, *** дүгээр байрны *** тоот, 1 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухайхуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн  2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 141 дугаар магадлалаар, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 879 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 3 дахь заалтад, “Анхан шатны шүүх 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 3545 дугаартай шүүгчийн захирамжаар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлсэн бөгөөд энэ хэргийн шийдвэр, магадлал хуулийн хүчин төгөлдөр болсон тохиолдолд төлбөр авагч эсхүл шийдвэр гүйцэтгэгчийн хүсэлтийн дагуу шүүгчийн захирамжаар эргэн сэргээгдэх талаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.6-д заасан болохыг дурдсугай” гэсэн заалтыг нэмж, “3 дахь заалтын” дугаарыг “4” гэж өөрчлөн шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч Г.А- хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Магадлалыг эс зөвшөөрч хяналтын журамаар гомдол гаргаж байна.

Миний бие хариуцагч Х.Э-тай орон сууц худалдан авахаар амаар тохиролцож гэрээ байгуулан улмаар дээрхи гэрээний дагуу миний эзэмшилд орон сууцыг шилжүүлснээр би худалдан авсан орон сууцандаа амьдарч байна. Гэвч миний эзэмшил ашиглалтанд шилжсэн боловч орон сууцны хууль ёсны өмчлөгч болж чадахгүй Х Б-ны барьцаанд Х.Э-ын өмчлөлд бүртгэлтэй байдаг. Миний худалдан авсан орон сууц миний өмч гэж би үзэж байгаа учир маргаан бүхий орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох эрхтэй гэж үзэж байна. Намайг орон сууц авахын өмнө хариуцагч Х.Э- тухайн орон сууцыг Х Б-ны барьцаанд өөр нэг орон сууцны хамт зээлийн барьцаанд байгаа зээлийн эргэн төлөлтийн ихэнх хэсгийг төлсөн учир чамд худалдсан орон сууцыг зээлийн барьцаанаас салгаад зээлийн төлөгдөөгүй үлдэгдэл хэсэгт нөгөө нэг байр нь барьцаанд байх боломжтой гэж үзээд худалдаж байна чи энэ талаар Х Б-ны эдийн засагчаас тодруулж болно гэвэл худалдан авах эсэхээ өөрөө шийд гэж хэлж байсны дагуу тухайн үед ажиллаж байсан Х Б-ны эдийн засагч нартай уулзаж энэ талаар тодруулж асуухад Х.Э-ын хоёр байрны нэгийг барьцаа хөрөнгөөс салгах боломжтой гэж хэлсэн учраас би Х.Э-ын зээлийн Х Б-ны дансанд орон сууцны худалдан авахаар тохирсон үнийг шилжүүлээд байсан юм.

Тэгээд хэд хэдэн удаагийн төлөлтийг хийж явсаар байгаад худалдан авахаар тохирсон бүх мөнгийг бүрэн төлсөн боловч одоог хүртэл Х Б- хэлсэн ёсоор Х.Э-ын барьцаа хөрөнгөөс миний худалдан авсан байрыг чөлөөлөөгүй намайг хохироож байна. Би Х Б-ны эдийн засагчийн хэлснээр зээлийн эргэн төлөлтийн дансыг авч төлж байсан учир тухайн үед надад эргэлзээ төрөөгүй эрсдэлгүй гэж тооцоход хүрч орон сууцны үнийг төлсөн. Тухайн үед Х.Э-ын зүгээс надад зээлийн барьцаанд байгаа гэдгээ үнэн хэлсэн, Х Б- зээлээс нь төлчихвөл барьцаа хөрөнгөөс салгаж болно гэсэн, би байртай болох хүсэл зориг их байсан учраас банкны барьцаанд байгаа орон сууцанд орж амьдран төлбөрийг нь төлсөн.

Иймд, анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

                                                               ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн тухай нэхэмжлэгч Г.А-гийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлтэй байна.

Г.А- нь Х.Э- болон Х Б-ны Дархан дахь салбарт холбогдуулж Дархан-Уул аймаг, Дархан сумын *** дугаар баг, *** дугаар хороолол, *** байрны *** тоот 1 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэл гаргасныг хариуцагч Х.Э- хүлээн зөвшөөрч, Х Б-ны Дархан дахь салбар уг орон сууц Х.Э-ын зээлийн барьцаанд байгаа, зээлийн үүрэг дуусгавар болоогүй, барьцаалагчид мэдэгдээгүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргасан байна.

Хоёр шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож дүгнэлт хийхдээ хуулийг буруу тайлбарлан хэрэглэжээ.

Х.Э- Х Б-ны Дархан салбараас 2014 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр зээл авч, уг үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар өөрийн өмчлөлийн Дархан-Уул аймаг, Дархан сумын *** дугаар баг, *** дугаар хороолол, *** байрны *** тоот 1 өрөө орон сууцыг барьцаалсан нь Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 18-ны  өдрийн 809 дугаар шийдвэрээр тогтоогдсон байна.

2016 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн гэрээгээр Х.Э- орон сууцаа Г.А-д худалдсан, уг орон сууцны үнэ бүрэн төлөгдсөн үйл баримтын талаар зохигч маргаагүй ба тухайн орон сууц барьцаанд байгаа боловч энэхүү нөхцөл нь өмчлөгчийн өмчлөлийн зүйлээ бусдын өмчлөлд шилжүүлэх эрхийг хязгаарлахгүй тул Х Б-ны Дархан салбарын татгалзал үндэслэлгүй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Г.А- хариуцагч Х Б-ны Дархан салбарт холбогдуулан нэхэмжлэл гаргахдаа үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэх боломжийг олгохгүй татгалзсныг заасан, хариуцагч тайлбартаа тухайн үл хөдлөх эд хөрөнгө барьцаанд байгаа, зээл төлөгдөөгүй, хэлцэл хийхдээ мэдэгдээгүй гэсэн үндэслэл дурдсныг хоёр шатны шүүх анхаараагүй, Г.А-, Х.Э- нарын хооронд байгуулагдсан хэлцэл улсын бүртгэлд бүртгэгдээгүй, өмчлөх эрх үүсээгүй гэх агуулгаар дүгнэлт хийж, Иргэний хуулийн 110 дугар зүйлийн 110.1-д заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

Иргэний хуулийн 171 дүгээр зүйлийн 171.1-д Ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг ашиглахгүй, бусдын өмчлөлд шилжүүлэхгүй, өөр байдлаар гуравдагч этгээдэд эрх олгохгүй байх үүргийг өмчлөгчид хүлээлгэсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байна гэж заасан байна.

Иргэний хуулийн 171 дүгээр зүйлийн 171.2 дахь хэсэгт “Ипотекийн зүйлийг өмчлөгчийн гуравдагч этгээдтэй байгуулсан хэлцэл хүчин төгөлдөр байх эсэх нь үүрэг гүйцэтгүүлэгчийн зөвшөөрлөөс хамаарна”, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт “Барьцаалуулагч нь Иргэний хуулийн 171 дүгээр зүйлийг баримтлан барьцааны зүйлийг гагцхүү барьцаалагчийн зөвшөөрөлтэйгээр бусдын өмчлөлд шилжүүлэх эрхтэй.” гэж заасны  “... гагцхүү барьцаалагчийн зөвшөөрөлтэйгээр ...” гэсэн хэсгийг Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн гэж үзэж, Үндсэн хуулийн цэц 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 11 дүгээр тогтоолоор дээрх хуулиудын заалтыг хүчингүй болгожээ.

Монгол Улсын Их Хурлаас 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр баталсан Иргэний хуульд нэмэлт оруулах тухай хуулийн 1 дүгээр зүйлээр Иргэний хуулийн 170 дугаар зүйлийн 170.6-д “Өмчлөгч нь ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхээ гуравдагч этгээдэд шилжүүлэх хэлцэл хийх бол үүрэг гүйцэтгүүлэгчээс зөвшөөрөл авах үүрэгтэй” гэж нэмсэн, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсгийг “Барьцаалуулагч үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны зүйлийг бусдын өмчлөлд шилжүүлэхдээ барьцаалагчийн зөвшөөрөл авна” гэж өөрчлөн найруулсныг “2015 оны 11 дүгээр тогтоолоор хүчингүй болсон Иргэний хууль болон Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн заалтыг Улсын Их Хурал агуулгаар нь дахин сэргээсэн гэж үзэж”  Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 01 тогтоолоор хүчингүй болгосон байна.

Г.А-, Х.Э- нарын хооронд орон сууц худалдах худалдан авах гэрээ байгуулагдах үед буюу 2016 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр тухайн үед Иргэний хуулийн 170 дугаар зүйлийн 170.6, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д заасан “өмчлөгч нь ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхээ гуравдагч этгээдэд шилжүүлэх хэлцэл хийх бол үүрэг гүйцэтгүүлэгчээс зөвшөөрөл авах үүрэгтэй” гэсэн зохицуулалт хүчин төгөлдөр үйлчилж байсан боловч Х Б-ны  Дархан салбар нь нэхэмжлэгч Г.А- маргааны зүйл болсон орон сууцыг худалдан авахаар барьцаалуулагч Х.Э-тай гэрээ байгуулсныг мэдэж байсан, эсэргүүцээгүй болох нь хэргийн баримтаар тогтоогджээ.

Иймд орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох Г.А-гийн нэхэмжлэлийг хангах нь зөв байна.

Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч өөрчлөгдснөөр барьцаалагчийн барьцааны эрх  хэвээр хадгалагдах, барьцаалагчийн болоод барьцааны зүйлийг шилжүүлэн авсан гуравдагч этгээдийн эрх, үүргийн талаар Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.5, 157.6, 157 дугаар зүйлийн 157.7, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 28 дугаар зүйлд тодорхой зохицуулсныг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 141 дугаар магадлалын 1 дэх заалт,  Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 879 дугаар шийдвэрийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 101 дугаар зүйлийн 101.1, 110 дугаар зүйлийн 110.1-д зааснаар Х.Э-, Х Б-ны Дархан салбарт холбогдох Г.А-гийн нэхэмжлэлийг хангаж, Г.А-г Дархан-Уул аймаг Дархан сумын *** дугаар баг *** дугаар хороолол, *** дүгээр байрны *** тоот, 1 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоосугай” гэж, шийдвэрийн 2 дах заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч Г.А-гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 70.200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгсугай.” гэж, 3 дах заалтыг “Х.Э-аас төлбөр гаргуулж, Х Б-ны Дархан салбарт олгох шийдвэрийн дагуу Дархан-Уул аймаг Дархан сумын 10 дугаар баг 12 дугаар хороолол, 1 дүгээр байрны 05 тоот, 1 өрөө орон сууцтай холбоотой хийгдэж буй шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлснийг сэргээх ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.6-д заасан үндэслэл, журмын дагуу явагдах болохыг дурдсугай.” гэж,   шийдвэрийн 3 дах заалтыг 4 дэх болгон тус тус өөрчилж, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг шүүгчийн захирамж гарган буцаан олгосугай.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                          Г.АЛТАНЧИМЭГ