Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 748

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж,

нарийн бичгийн дарга Б.Номинзул, 

улсын яллагч М.Энхбаатар,

шүүгдэгч Л.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан, Бичигт овогт Лувсандагвын Л.Бад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1911010080987 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1977 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Говь-алтай аймгийн Дэлгэр суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо Хангайн 7 дугаар гудамж 261 г тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд 2001 оны 8 дугаар сарын 20-нд Завхан аймгийн сум дундын шүүхийн 91 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 260 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 80.000 төгрөг торгох ял шийтгэгдсэн,

-2003 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Сэлэнгэ аймгийн сум дундын шүүхийн 14 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 cap баривчлах ял,

-2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн шүүхийн 455 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгийн торгох ял.

-2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн шүүхийн 989 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэгдэж байсан, Бичигт овогт Лувсандагвын Л.Б /РД: ДС77052393/,

 

Шүүгдэгч Л.Б нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Л.Б нь 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Бөмбөгөр" худалдааны төвийн орчим хохирогч С.Энх-Эрдэнэбаянтай маргалдаж улмаар нүүрэн тус газар цохиж эрүүл мэндэд нь "үүдэн доод баруун 4-р шүдний сулрал, уруулын дотор талын шарх" бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь

шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

шүүгдэгч Л.Бын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “2019 оны 3 дугаар сарын 21-ний өдөр 18 цагийн үед танил Энх-Эрдэнэбаянтай уулзсан. Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо Бөмбөгөр худалдааны төвийн орчимд хамт юм ярьж алхаж байхдаа маргалдсаны улмаас түүний нүүрэн тус газар, ам хэсэг рүү нь нэг удаа алгадаад цохичихсон юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 115х/,

хохирогч С.Энх-Эрдэнэбаянгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...2019 оны 3 дугаар сарын 21-ний өдөр ажил дээрээ бай байхад танил Л.Б 99983846 дугаарын утсаар над руу яриад албадан ажлаа хийгээд дуусчихлаа одоо 2лаа эв зүйгээ олъё, уучлалт гуймаар байна уулзах хэрэгтэй байна гэхээр нь утсаар уучлалт гуйчих гэтэл 2-лаа уллзах хэрэтэй байна гээд байсан. Тэгээд ажлаа амжуулчихаад 18:00 цагийн үед Ард кино театрын хавьцаа Л.Бтай уулзчихаад ядраад байна би харилаа гээд такси бариад суух гэтэл түгжрээ их байгаа юм чинь 2-лаа юм ярингаа алхъя гээд Бөмбөгөр хүртэл алхсан. Алхах замдаа өөрийнхөө найз нөхдөд чи зээл гаргаж өгөөд, чамтай хоолонд орсон гэж байна гээд уурлаад байхаар нь тийм асуудал огт болоогүй учраас тийм зүйл болоогүй гэтэл битгий худлаа яриад бай гээд маргаан үүсэж тэгээд маргалдаад байхаар нь таксинд суух гэтэл миний хажууд зогсож байснаа шууд амруу нэг удаа цохичихоод зугтаачихсан. Тэр өдрөөс 4 хоногийн дараа Л.Б дээрх утсаар надруу залгаад би хөдөө байна, чи өргөдөл өгөөгүй биздээ өмнөх асуудлаа арай хийж салж байхад цагдаа шүүх гээд яах вэ гэхээр нь би аль хэдийнээ өргөдөл өгчихсөн байгаа, шалгагдах байхаа гэтэл өргөдөл авчих гээд надруу байн байн яриад байгаа. Би шорон оронд явж байсан хүн, чамайг шоронгийнхноор алуулна, эсвэл хээр аваачиж байгаад хүчиндүүлнэ шүү, чи яасан овоо хүүхэн бэ гээд байнга дарамталж байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14х/,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 3756 дугаар дүгнэлт: -С.Энх-Эрдэнэбаянгийн биед үүдэн доод баруун шүдний 4-р шүдний сулрал, уруулын дотор талын шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /хх-ийн 23х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Иймд шүүгдэгч Л.Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч Л.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах прокурорын саналыг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд хуульд заасан журам зөрчигдөөгүй байх тул түүнд торгох ялыг оногдуулж шүүх шийдвэрлэв.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 8,9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

              1. Бичигт овогт Лувсандагвын Л.Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Л.Быг 600 нэгж буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх зааснаар Л.Быг торгуулийн ялыг төлөх хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг дурдсугай. 

 

5. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, бусдад төлөх төлбөргүй,  шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Л.Бад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   С.БАТГЭРЭЛ