| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нямжав Гэрэлтуяа |
| Хэргийн индекс | 192/2025/00830/И |
| Дугаар | 210/МА2026/01038 |
| Огноо | 2026-05-08 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 05 сарын 08 өдөр
Дугаар 210/МА2026/01038
*******ий нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 191/ШШ2025/11772 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: *******ий нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******д холбогдох,
168,700,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Н.Гэрэлтуяа илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, *******, хариуцагч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Анулан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:
1.1. ******* нь анх хариуцагч *******гээс 2023 оны 09 дүгээр сард тээврийн хэрэгсэл худалдан авч, танилцаж байсан. Тухайн үеэс хойш бид хэд хэдэн удаа уулзаж, тээврийн хэрэгсэл сонирхох сонирхол нэг тул итгэлцэл үүсэн бизнесийн харилцаа холбоотой болсон. ******* нь ...цэргийн зориулалттай том оврын тээврийн хэрэгслүүд байгаа, худалдах сонирхолтой байгаа, аяллын болгон тоноглож болно... гэж санал гаргасан ба ******* нь *******гийн эзэмшлийн улсын ******* дугаартай, МАN маркийн том оврын автомашиныг худалдан авах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн.
1.2. Гэрээний зүйл болсон улсын ******* дугаартай, МАN маркийн тээврийн хэрэгслийн үнийг 326,610,000 төгрөгөөр буюу ******* тоотод байрлах 33.44 м.кв оффисын талбайг 1 м.кв-ыг нь 4,500,000 төгрөгт тооцон бартераар арилжихаар тохиролцож, гэрээний үүргээ биелүүлсэн. Мөн тус тээврийн хэрэгсэлд кампер тавиулах, аяллын болгон тоноглуулан бүрэн бүтэн болгон 2024 ондоо багтаан *******гээс биет байдлаар авахаар тохиролцсон.
1.3. Мөн тухайн ******* улсын дугаартай МАN маркийн тээврийн хэрэгсэлд кампер тавиулах, аяллын болгон тоноглуулахад 168,700,000 төгрөгийг цувуулан хариуцагч талд хүлээлгэн өгсөн бөгөөд тус том оврын тээврийн хэрэгслийг аяллын зориулалттай болгон тоноглож, тоноглолын хамт 2024 ондоо багтаан хариуцагч ******* нь нэхэмжлэгчид хүлээлгэн өгөх үүрэгтэй байсан ч өнөөдрийг хүртэл хүлээлгэн өгөлгүй нэхэмжлэгчийг хохироосон.
1.4. Хариуцагчийг үүргээ биелүүлэхийг, нэмэлт тоноглолд хүлээн авсан 150,000,000 төгрөгөөр тус тээврийн хэрэгслийг тоноглон хүлээлгэн өгөхийг шаардаж, нэмэлт хугацаа тогтоож нэхэмжлэгч *******ээс хариуцагч *******д 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр, 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр, 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр тус тус мэдэгдэл хүргүүлсэн. Гэвч хариуцагч ******* нь мэдэгдлийг хүлээн авч танилцсан ч харилцан тохиролцсон тээврийн хэрэгслийг аяллын зориулалттай болгон бүрэн бүтэн биет байдлаар мэдэгдэлд заасан хугацаанд хүлээлгэн өгөөгүй, ...хүлээлгэн өгөх боломжгүй... гэх агуулгатай хариу зурвас ирүүлсэн тул нэхэмжлэгч нь Иргэний хуульд заасны дагуу гэрээнээс татгалзаж, өөрийн эзэмшлийн оффисын талбайгаас захиалгын гэрээг нь шилжүүлэн өгсөн гэрээг цуцалсан, нэмэлт тоноглол хийлгэхээр шилжүүлсэн 168,700,000 төгрөгийг буцаан гаргуулахаар мэдэгдэл хүргүүлсэн хэдий ч буцаан шилжүүлээгүй.
Иймд 2 ширхэг оффисын талбайгаа хариуцагчид хүлээлгэж өгөхгүй, гэрээнээс татгалзаж байгаа тул Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасны дагуу өгсөн авснаа буцааж, нийт 27 удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн 168,700,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга:
2.1. 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдөр ******* бид хоёрын хооронд нэг талаас 350,000,000 төгрөгийн үнэтэй ******* улсын дугаартай MAN маркийн тээврийн хэрэгслийг, нөгөө талаас 2 ширхэг оффисын талбайн эрхийг тус тус шилжүүлэхээр харилцан тохиролцсон. Миний бие гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор, шударгаар биелүүлж, дээрх тээврийн хэрэгслийн өмчлөл, эзэмшлийг *******д шилжүүлэн өгснөөр тухайн гэрээ нь Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.1-д зааснаар дуусгавар болсон.
2.2. ******* нь өөрийн өмчлөлийн дээрх тээврийн хэрэгсэлд зориулж надаас кемпер 70,000,000 төгрөгөөр, 6 ширхэг дугуйг 15,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон. Миний зүгээс дугуйг кемперийн хамт хүлээлгэн өгч, ******* ч шалгаж үзсэний үндсэн дээр хүлээн авснаар мөн л дуусгавар болсон.
2.3. Улмаар ******* нь тээврийн хэрэгсэлд засварын ажил хийлгэх хүсэлт тавьсны үндсэн дээр ******* миний бие холбогдох засварын ажлыг хариуцахаар болсон. Энэхүү засварын ажил нь урт хугацаа шаардахын зэрэгцээ хүйтний улирал эхлэхтэй зэрэгцсэн учир ажил гүйцэтгэх хугацааг 2025 оны хавар үргэлжлүүлэхээр тохиролцсон. Түүнчлэн, *******ээс засварын ажилд шаардлагатай зардлыг бүрэн олгоогүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
3.1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч *******гээс 168,700,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч *******ээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,159,450 төгрөгийг орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******гээс 1,001,450 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
4.1. Шийдвэрийн үндэслэх нь хэсгийн 6-д ...Шүүхээс талуудын харилцсан зурваст 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр хийсэн үзлэгийн ажиллагааны тэмдэглэлд дурдсанаас үзвэл нэхэмжлэгчийн аяллын болгон тоноглосон МАN маркийн тээврийн хэрэгслийг хүлээн авах хүсэл зоригтой байсан, энэ агуулгаар гэрээний харилцаа үүссэн гэж тайлбар үндэслэлтэй байна. Талуудын хооронд байгуулсан гэрээг холимог гэрээ гэж үзлээ... гэсэн нь бодит байдалтай нийцээгүй, худал дүгнэлт хийжээ.
Учир нь талуудын хооронд маргааны зүйл болох МАN маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийн талаар бус, харин 2 ширхэг, шинэ бор ногоон өнгийн КАМАЗ маркийн (ОХУ-д үйлдвэрлэсэн) машины талаар харилцсан байхад анхан шатны шүүх тухайн үйл баримтыг бодит байдлаас зөрүүтэй дүгнэж, улмаар аяллын болгон тоноглосон МАN маркийн (Герман улсад үйлдвэрлэсэн) тээврийн хэрэгслийг хүлээн авах хүсэл зоригтой байсан, энэ агуулгаар гэрээний харилцаа үүссэн гэж буруу дүгнэлт хийсэн.
4.2. Түүнчлэн, талууд эхлээд арилжааны гэрээ, худалдах-худалдан авах гэрээ, ажил гүйцэтгэх гэрээ гэсэн хэд хэдэн дараалласан тусдаа гэрээнүүд байгуулсныг анхан шатны шүүх талуудын хооронд арилжааны гэрээ, ажил гүйцэтгэх гэрээний холимог гэрээ гэж бодит байдлаас зөрүүтэй, дутуу, алдаатай дүгнэлт хийсэн. Учир нь талуудын хооронд эхлээд ******* надаас ******* улсын дугаартай, МАN маркийн тээрийн хэрэгслийг *******д хүлээлгэн өгөх, ******* ******* тоотод байрлах оффисын талбайг хүлээлгэн өгөхөөр буюу арилжааны гэрээ байгуулахаар тохиролцож, уг гэрээ биелж, харилцан хөрөнгүүдийн шилжүүлснээр гэрээ дуусгавар болсон.
Үүний дараа ******* нь арилжааны гэрээгээр шилжүүлж авсан МАN маркийн тээврийн хэрэгсэл дээр байсан өөрийнх нь кемперийг томруулах зорилгоор өөр том хэмжээтэй кемперийг 2024 оны 08 дугаар сарын 13-ны өдрөөс 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийг дуустал 9 удаагийн гүйлгээгээр нийт 75,000,000 төгрөгөөр, 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр дугуйнуудыг 15,000,000 төгрөгөөр, 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 4 ширхэг аккумляторыг нийт 4,800,000 төгрөгөөр (машин гарааш, аккумулятор 7,700,000 төгрөг гэсэн гүйлгээнээс) тус тус худалдан авахаар тохиролцож, мөнгийг шилжүүлсэн бөгөөд тухайн эд хөрөнгүүдийг өөрөө үзэж харж аваад, хадгалах газар байхгүй, өөр дээрээ байлгаж байгаач гэж гуйгаад үлдээсэн.
4.3. Мөн ******* нь ******* надаас өөрийн арилжиж авсан МАN маркийн тээврийн хэрэгслийн хуучин будгийг элсэн буугаар хуулуулах ажилд 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр 10,000,000 төгрөгийг, тус машины засварын ажилд төмрийн ажил гэсэн гүйлгээний утгаар 2025 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр 5,000,000 төгрөгийг, хожим ******* надаас дахин арилжиж авсан Камаз маркийн *******, ******* УКР, ******* улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийг *******-ын агуулахад хадгалуулсны буюу гараашийн төлбөрт 2025 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 4,500,000 төгрөг шилжүүлснийг тухайн аж ахуйн нэгжүүдэд нь би шилжүүлсэн. Харин 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн ******* гэсэн 8 удаагийн гүйлгээгээр 40,000,000 төгрөг шилжүүлсэн нь худалдаж авсан кемперээ тохижуулах ажлын хөлс бөгөөд ******* нь өвсний ажилд тухайн мөнгөө шилжүүлсэн буюу өөр зүйлд зарцуулсан, улмаар цаг агаар хүйтэрч гадаа кемперийн засварын ажил хийх боломжгүй болсон тул 2025 оны хавраас засварын ажлаа үргэлжлүүлэхээр талууд тохиролцсон.
4.4. Дээрх байдлаар талуудын хооронд өөр өөр цаг хугацаанд, өөр өөр зорилготой хийгдсэн олон төрлийн, олон удаагийн гэрээнүүдийг анхан шатны шүүхээс нэг удаагийн холимог гэрээ гэж дүгнэсэн нь үндэслэлгүй бөгөөд ******* миний эрх зүйн байдлыг дордуулж, хэт нэг талыг барьж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга:
5.1. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитой үнэлж, талуудын хооронд Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1 дэх хэсэг, 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт тус тус зааснаар холимог гэрээний харилцаа үүссэн гэж зөв дүгнэсэн. Хэрэгт тээврийн хэрэгсэл шилжүүлсэн баримтууд, оффисын талбайтай холбоотой гэрээнүүд, төлбөр тооцооны баримт, үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон мэдэгдлүүд болон гэрч *******, ******* нарын мэдүүлэг зэрэг хангалттай нотлох баримт авагдсан. Мессенжерт үзлэг хийсэн тэмдэглэлээс харахад хариуцагч ******* нэхэмжлэгчээс мөнгө шаардсан байдаг. Талуудын хооронд тээврийн хэрэгсэл худалдах-худалдан авах харилцаа үүсээгүй бөгөөд ******* нь ******* улсын дугаартай автомашиныг амралтын зориулалттай кемпер болгон тоноглож, бэлэн болгон цааш борлуулна гэсэн нөхцөлийг тавьж, нэхэмжлэгч *******ээс санхүүжилт шаардсан байдаг. Иймд тухайн автомашиныг ******* худалдаж авч байгаа үйл баримт биш юм. Хариуцагч нь ажил эхэлсэн, тоноглол хийгдэж байна, кемпер удахгүй бэлэн болно гэж нэхэмжлэгчид хуурамч итгэл үнэмшил төрүүлж, санхүүжилтийг тасралтгүй шаардан авч байсан боловч бодит байдал дээр ямар нэгэн үр дүн гараагүй, кемпер ашиглалтад ороогүй болох нь гэрчүүдийн мэдүүлэг болон үзлэгийн тэмдэглэлээр нотлогдсон.
5.2. Гэтэл хариуцагч нь гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй, ямар нэгэн хариу тайлбар өгөөгүй учраас нэхэмжлэл гарсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа 10 сарын турш үргэлжилсэн бөгөөд энэ хугацаанд хариуцагч нь баримт гаргаж өгөөгүй. Анхан шатны шүүх хариуцагчийг хариу тайлбар болон холбогдох баримтаа гаргаж өгөхийг удаа дараа шаардсан бөгөөд тэрээр 2024 оны 12 дугаар сард холбогдох баримтуудыг нөхөж ирүүлсэн. Өөрөөр хэлбэл, хариуцагчид холбогдох баримт байхгүй бөгөөд тэрээр өмгөөлөгчтэй болсны дараа нөхөж баримт гаргаж өгсөн. Хариуцагчийн нөхөж бүрдүүлсэн баримтууд нь үндэслэлгүй гэж үзэж байна.
5.3. Хэрэгт авагдсан талуудын тайлбар, бичгийн нотлох баримтуудаар хариуцагч ******* нь автомашиныг кемпер болгон иж бүрэн тоноглож ашиглалтад оруулах, улмаар тохиролцсон төлбөр болон оффисын талбайн төлбөрийг барагдуулах үүрэг хүлээсэн нь тогтоогдсон. Өөрөөр хэлбэл, *******г ажил үүргээ гүйцэтгэж чадаагүй бол оффисын төлбөрийг мөнгөн хэлбэрээр төлөх шаардлагыг удаа дараа тавьж байсан. Мөн хариуцагч нь шүүх хуралдааны явцад эвлэрэх санал гаргасан. Хэрэв хохирсон гэж үзэж байгаа бол эвлэрэх асуудал яригдахгүй.
5.4. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар ажил гүйцэтгэгч нь захиалагчийн хүссэн үр дүнг бий болгох үүрэгтэй. Гэтэл хэрэгт авагдсан баримтуудаар автомашины тоноглол хийгдээгүй, кемпер ашиглалтад ороогүй бөгөөд цааш ашигтай ажиллах нь худал болсон. Иймд хариуцагчийг гэрээний үүргээ биелүүлсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй.
5.5. Хариуцагч нь давж заалдах гомдолдоо үүргээ биелүүлсэн, нэхэмжлэгч хүлээж аваагүй гэж тайлбарлаж байгаа боловч татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу нотлоогүй. Хариуцагч нь ажлаа бүрэн дуусгаж, автомашиныг хүлээлгэн өгөхөд бэлэн болгосон, нэхэмжлэгч үндэслэлгүйгээр татгалзсантай холбоотой баримтыг гаргаж өгөөгүй. Нэхэмжлэгч нь хариуцагчийг үүргээ биелүүлэхийг шаардсан бөгөөд түүнд нэмэлт хугацаа олгож, гэрээнээс татгалзах тухай мэдэгдсэн үйл баримтууд хэрэгт авагдсан баримтуудаар нотлогддог. Нэхэмжлэгчийн зүгээс хуульд заасны дагуу нэмэлт хугацаа тогтоосон боловч хариуцагч үүргээ дахин биелүүлээгүй тул Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасны дагуу гэрээнээс татгалзсан.
5.6. Хариуцагч нь "2025 оны хавар хүлээлгэж өгөх байсан" гэж тайлбарладаг бөгөөд энэ нь бодит байдалд нийцэхгүй байна. Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.2 дахь хэсэгт үүрэг гүйцэтгэх хугацаа тогтоогоогүй бол үүрэг гүйцэтгүүлэгч шаардлага гаргаснаас хойш боломжит хугацаанд үүргийг гүйцэтгэнэ гэж заасан. Нэхэмжлэгч нь холбогдох шаардлагыг удаа дараа хүргүүлсэн боловч хариуцагч Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт заасан үүргээ шударгаар, зохих ёсоор гүйцэтгэх зарчмыг зөрчиж, гүйцэтгэл гаргаагүй. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж заасан. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 274 дүгээр зүйлийн 274.1, 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан зүйл заалтыг зөв тайлбарлан хэрэглэж, хариуцагч *******гээс 168,700,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгохоор шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна. Анхан шатны шүүх нотлох баримтыг бүрэн үнэлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, хуулийг зөв хэрэглэсэн. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох, өөрчлөх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна. Иймд хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасан үндэслэл илэрсэн тул шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаав.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан 168,700,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн үндэслэлээ ******* улсын дугаартай МАN маркийн тээврийн хэрэгслийг худалдан авах, түүн дээр кампер тавиулж, аяллын болгон тоноглуулах зорилгоор хариуцагч талд 168,700,000 төгрөгийг цувуулан өгсөн гэж тайлбарлах боловч хариуцагч уг шаардлагыг эс зөвшөөрч ...Миний бие гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор, шударгаар биелүүлж, дээрх тээврийн хэрэгслийн өмчлөл, эзэмшлийг *******д шилжүүлэн өгснөөр тухайн гэрээ нь Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.1-д зааснаар дуусгавар болсон. Дээрх тээврийн хэрэгсэлд зориулж надаас кемпер 70,000,000 төгрөгөөр, 6 ширхэг дугуйг 15,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон. ******* нь засварын ажилд шаардлагатай зардлыг бүрэн олгоогүй тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй... гэж тайлбарлан маргажээ.
3. Анхан шатны шүүх зохигчийн хооронд үүссэн эрх зүйн маргаантай харилцааг бүрэн тодорхойлох чиг үүргийн хүрээнд нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн хэргийн бодит нөхцөл байдлыг үндэслэл бүхий тогтоосон байх учиртай. Энэ байдал талуудын мэтгэлцээн, нотлох баримтад тулгуурлан явагдах бөгөөд талууд мэтгэлцэх эрхээ өөрсдөө хангалттай хэрэгжүүлээгүй нөхцөлд шүүх тодруулах, чиглүүлэх үүрэг хүлээнэ.
4. Хэрэгт авагдсан нэхэмжлэгч *******ээс хариуцагч *******д хүргүүлсэн мэдэгдэлд ...******* MAN маркийн тээврийн хэрэгсэл, ******* Камаз маркийн тээврийн хэрэгсэл, ******* дугаартай Камаз маркийн тээврийн хэрэгслийн тус тус эзэмших эрхийг надад шилжүүлсэн боловч тухайн тээврийн хэрэгслүүдийг биет байдлаар хүлээлгэж өгөөгүй, 2 тээврийн хэрэгслийг буцаан өөрийн нэр дээр шилжүүлж авсан... гэж, /1 хх 17-18/
Мөн 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн болон 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Гэрээ цуцлах болохыг мэдэгдэх нь гэх бичигт ...******* танаас ******* нь хэд хэдэн камаз, түүнийг дагалдах кемпер, чиргүүл зэргийг иж бүрнээр нь худалдан авч, төлбөрт өөрийн эзэмшлийн оффисын талбайгаас талбай захиалгын эрхийг шилжүүлэн өгсөн гээд ******* улсын дугаартай, MAN маркийн автомашин, кампер, ******* улсын дугаартай, MAN маркийн автомашин, ******* УКР улсын дугаартай, Камаз маркийн автомашин, ******* улсын дугаартай, Камаз маркийн автомашин, ******* улсын дугаартай камаз маркийн автомашин, ******* улсын дугаартай, Камаз маркийн автомашин, ******* улсын дугаартай чиргүүл, 2 ширхэг камперын хамт тус тус биет байдлын болон эрхийн доголдолгүйгээр хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй гэж тус тус дурдсан. /1 хх 19-20, 22-23/
Нэхэмжлэгч *******ий ******* болон ******* дахь дансны хуулгаас үзэхэд ******* нь хариуцагч *******д мөнгө шилжүүлэхдээ Кемперны төлбөр, Кемпер, Кемпер2, Кемпер3, *******-с, Комаз төлбөр 50 хувь, Төмрийн ажил, Дугуйны төлбөр 1, 2, 3, MAN 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, Машины гараж, аккумулятор гэх мэт утгатай шилжүүлсэн байх бөгөөд энэ нь дээр дурдсан ямар MAN маркийн, ямар камперийн төлбөрт шилжүүлсэн болох нь тодорхойгүй, нэхэмжлэлд дурдсан ******* улсын дугаартай, MAN маркийн тээврийн хэрэгслийг тоноглуулахад зориулагдсан эсэх үйл баримт бүрэн тогтоогдохгүй байна. /1 хх 5-14, 46-50/
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн шаардаж буй 168,700,000 төгрөг нь нэхэмжлэлд дурдсан ******* улсын дугаартай, МАН маркийн болон кемпертэй хэрхэн холбогдож байгаа эсэх, дээрх тээврийн хэрэгсэлтэй адил маркийн тээврийн хэрэгслээс хэрхэн ялгаж зааглаж байгааг тогтоогоогүй.
5. Түүнчлэн талууд ******* улсын дугаартай, MAN маркийн тээврийн хэрэгслийн өмчлөх эрхийг шилжүүлсэн эсэх, биет байдлаар хүлээж авсан эсэх талаар маргаж буй тохиолдолд уг тээврийн хэрэгслийг шилжүүлсэнтэй холбоотой баримтууд, тээврийн хэрэгслийн гэрчилгээ зэргийг хэрэгт нотлох баримтаар авах нь хэргийн үйл баримтыг тогтооход ач холбогдолтой байна.
Анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг бүрэн тогтоох үүднээс энэ талаар тодруулах шаардлагатай байжээ. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэлийг тодруулаагүй, шаардлагатай нотлох баримтыг бүрдүүлэлгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн байна.
Талууд шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа болон шүүх хуралдаанаар мэтгэлцэх ажиллагааны явцад дээрх нөхцөл байдал бүрэн тогтоогдоогүй, тодорхой болоогүй нөхцөлд шүүх маргааныг тасалж, шийдвэр гаргах боломжгүй юм.
6. Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
7. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэх үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж буй тул давж заалдах шатны шүүхээс нотлох баримтын үнэлгээ болон хууль хэрэглээний талаар дүгнэлт хийх боломжгүйг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 191/ШШ2025/11772 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,001,450 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ
ШҮҮГЧИД О.ОДГЭРЭЛ
Н.ГЭРЭЛТУЯА