Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 749

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж,

нарийн бичгийн дарга Б.Номинзул, 

улсын яллагч М.Энхбаатар,

шүүгдэгч М.Э, түүний өмгөөлөгч Ю.Тогмид нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан, Сүрэгчин овогт Мажигийн М.Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1911024060992 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1974 оны 8 дугаар сарын 02-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Ар согоотын 1-161 а тоотод оршин суух хаягтай /иргэний үнэмлэхний хаяг: Дорнод аймаг, Хэрлэн сум, 4 дүгээр баг, 3-7 тоот/ оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд 2001 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Эрүүгийн хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1 дэх хэсэгт зааснаар 20.000 төгрөгөөр торгох, 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэх,

2003 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар 5 жил, 6 сарын хугацаагаар хорих ял,

2008 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар 3 жил, 4 сарын хугацаагаар хорих,

2011 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял,

2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил, 5 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг ялыг 2 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн, Сүрэгчин овогт Мажигийн М.Э /РД: ЖЯ74080218/,

 

Шүүгдэгч М.Э нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч М.Э нь 2019 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт зам чөлөөлсөнгүй гэх шалтгаанаар Д.Өсөхбаяртай маргалдан улмаар нүүрэн тус газар нь цохиж хамар ясны хугарал, таславчийн мурийлт, хамрын нуруунд шарх, зулгаралт, цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь

шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

шүүгдэгч М.Эын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2019 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр би өөрийн эзэмшлийн хар өнгийн приус маркийн машинаар таксинд явж байгаад нэг зорчигч аваад Хүчит шонхор захын үүдэнд түгжрэл үүсээд би хойшоо явж чадахгүй байсан юм. Шонхор захаас гарч ирсэн бололтой ногоон өнгийн приус 11 маркийн машин зам дээр түгжээ болоод байгаад байхаар нь жолоочид нь би холдооч гэж хэлсэн чинь жолооч нь надтай хэрэлдэж эхэлсэн. Уг хүн буюу Өсөхбаяр над руу салаавч өгөхөөр нь би бас зөрүүлээд салаавч гаргаад түүний машин руу нь яваад очисон чинь Өсөхбаяр буугаад ирсэн тэгээд үргэлжлүүлэн маргалдаж байгаад уурандаа түүний нүүрний орчим нэг удаа гараараа цохисон чинь Өсөхбаярын хамрын гадна хэсгээс цус гарч эхэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 29-30х/,

хохирогч Д.Өсөхбаярын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...би 2019 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр 15-16 цагийн хооронд хамт ажилладаг Нараа гэх эмэгтэйн хамт өөрийн эзэмшлийн 8446 УНЧ ногоон приус-10 машинтай Шонхор захын замын эсрэг талд байх Нарлаг дэнж худалдааны төв рүү мах машиндуулахаар орох гэж байтал Хүчит шонхор болон Нарлаг дэнж худалдааны төвүүдийн харалдаа уулзвар дээр замын түгжээ үүсгээд 7287 УБС дугаартай хар өнгийн приус-20 машин зогсож байсан. Үүний улмаас би Нарлаг дэнж төв рүү орж болохгүй байсан. Би уг машины жолоочид замаа чөлөөл гэж хэлсэн чинь нөгөө жолооч зам чөлөөлөхгүй бол эргэж Шонхор зах руу орох гэж байна гэсэн. Уг машин болон миний машины араас олон машин цуваад зам дээр гацсан байсан. Зам чөлөөлж өгөхгүй маргалдаад байхаар нь миний уур хүрээд уг жолооч руу салаавч гаргаж харуулсан чинь уг жолооч мөн адил миний өөдөөс салаавч гаргасан. Уг жолооч уурлаж машинаасаа буух гэхэд хажууд нь сууж явсан зорчигч нь боль боль яах гээд байгаа юм гэж хориглосон чинь жолооч нь үгэнд нь орохгүй машинаасаа буугаад ирэхээр нь би миний машины цонхыг хагалчихаж магадгүй гэж бодоод өөдөөс нь бууж бид хоёр хоорондоо хэрэлдэж хувцаснаасаа заамдалцаж байтал уг залуу гэнэт гараараа миний нүүр хамрын дээд хэсэгт гараараа цохисон чинь миний хамрын дээд язарч цус гарсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 7-10х/,

Мед траума эмнэлгийн томографикийн шинжилгээний дүгнэлт /хх-ийн 25х/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 11038 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 22х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Иймд шүүгдэгч М.Эыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч М.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах прокурорын саналыг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд хуульд заасан журам зөрчигдөөгүй байх тул түүнд торгох ял оногдуулж шүүх шийдвэрлэв.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 8,9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

              1. Сүрэгчин овогт Мажигийн М.Эыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.Эыг 550 нэгж буюу 550.000 /таван зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх зааснаар М.Эыг торгуулийн ялыг төлөх хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг дурдсугай. 

 

5. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, бусдад төлөх төлбөргүй,  шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, М.Эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   С.БАТГЭРЭЛ