| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашдорж Золзаяа |
| Хэргийн индекс | 191/2025/04895/И |
| Дугаар | 210/МА2026/00343 |
| Огноо | 2026-02-06 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 02 сарын 06 өдөр
Дугаар 210/МА2026/00343
*******ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ууганбаяр даргалж, шүүгч Э.Энэбиш, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 191/ШШ2025/11557 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч *******т холбогдох
Гэм хорын хохиролд 17,552,498 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг зохигчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
Би 2024.10.25-26-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 43 дугаар хорооны нутаг дэвсгэрт хариуцагч *******т зодуулсны улмаас хүндэвтэр гэмтэл авсан. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025.04.15-ны өдрийн 2025/ШЦТ/932 дугаар тогтоолоор *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1200 нэгжээр торгосон. Уг тогтоолоор миний цалин хөлсний асуудлыг нотлох баримт бүрдүүлээгүй үндэслэлээр шийдвэрлээгүй ба иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсэн.
Би *******ХХК-д өрмийн ээлжийн ахлах ажилтнаар ажилладаг. Манай компани Өмнөговь аймагт үйл ажиллагаа явуулдаг тул 14 хоног ажиллаж 14 хоног амардаг ба үүнийг нэг ростероор тооцдог. Дээрх гэмтлийн улмаас миний бие 2024.10.30-2024.11.12-ны өдрийг хүртэл 1 ростер буюу 14 хоног, 2024.11.26-2024.12.10-ны өдрийг хүртэл 1 ростер буюу 14 хоног ажиллах хуваарьтай байсан бөгөөд ажилдаа явж чадаагүйн улмаас 27,216,780.5 төгрөгийн цалин авах боломжоо алдсан. Харин хөдөлмөрийн чадвараа түр хугацаагаар алдсаны листийн мөнгө 9,664,282 төгрөг авсныг олох ёстой байсан цалин хөлс 27,216,780.5 төгрөгөөс хасахад 17,552,498 төгрөгийн зөрүү үүсэж байна.
Иймд хариуцагч *******ээс 17,552,498 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
2.Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
Нэхэмжлэгч 2 удаагийн ростертоо явж чадаагүй, ажиллаж чадаагүй учир цалин болох 17,552,498 төгрөгийг нэхэмжилдэг. Хэрэгт авагдсан баримтаас харахад нэхэмжлэгч 2024.10.28-2024.12.24-ний өдрийг хүртэл нийт 41 хоногийн тэтгэмж 9,664,282 төгрөгийг авсан байна. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмжийг тухайн хүний хөдөлмөрийн чадвар алдахаас өмнөх 3 сарын дундаж цалин хөлс, түүнтэй адилтгах орлогоос тооцдог. Нэхэмжлэгчийн хувьд нэг сарын цалин хөлс нь ойролцоогоор 13 сая төгрөг гэх боловч хэрэгт авагдсан хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж тогтоосон эмнэлгийн хуудас, хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмжийн тооцооны хуудас зэрэг дээр нэхэмжлэгч *******ийн 07, 08, 09 дүгээр сарын цалин хөлсийг 6,600,000 төгрөгөөр тооцсон байна. Үүнээс харвал нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын шимтгэлийн төлөлт нь 13 сая төгрөг орчим байгаа хэдий ч Нийгмийн даатгалын тэтгэмжийн сангаас тэтгэмж олгохдоо нэхэмжлэгчийн цалинг дунджаар 6,600,000 төгрөг гэж тооцож, 9,664,282 төгрөгийн тэтгэмж олгосон байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлт болон нийгмийн даатгалын сангаас авсан тэтгэмж 2 маш зөрүүтэй байна.
Мөн хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн дансны хуулгаас 2024.10.14-2024.11.15, 2024.12.02-2024.12.31-ний өдрийн хооронд нийт 5,888,458 төгрөг цалин хөлс авсан нь харагддаг. Гэтэл 2024.10.30-2024.11.12-ны өдрийг хүртэл, 2024.11.26-2024.12.10-ны өдрийг хүртэл ажил хөдөлмөр эрхлээгүй, цалин хөлс аваагүй гэх боловч дээрх хугацаанд хамаарах цалин хөлс нэхэмжлэгчийн дансанд орж ирсэн байна.
Иймд нэхэмжлэгч ажилгүй байсан, ажиллаж чадаагүй гэх хугацааныхаа цалин болон түүнтэй холбоотой тэтгэмжийг авсан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д заасныг баримтлан хариуцагч *******ээс 10,535,512 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 7,016,986 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан хариуцагч *******ээс 183,518 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн 2025.05.22-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 245,713 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:
Анхан шатны шүүх цалин 1,515,321 төгрөг, нийгмийн даатгалын шимтгэлд төлөх 910,800 төгрөг, хүн амын орлогын албан татварт төлөх 2,412,791 төгрөг, нийт 4,838,912 төгрөгийг хасаж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Анхан шатны шүүхээс 2024.11.15-нд 1,407,370 төгрөг, 2024.12.02-нд 107,951 төгрөг нийт 1,515,321 төгрөгийг цалин хэмээн хасаж шийдвэрлэсэн. Нэхэмжлэгчийн дансанд 2024.11.15-нд 1,407,370 төгрөгийн орлого орсон нь түүний өмнөх сарын цалин хөлсний үлдэгдэл ба түүний нийгмийн даатгалын шимтгэлийг тасруулахгүйн тулд дараагийн сард нь шилжүүлэн олгосон орлого юм. Мөн 2024.12.02-нд 107,951 төгрөг шилжүүлсэн нь өмнөх сарын цалингийн зөрүү байна. Өөрөөр хэлбэл, дээрх 1,515,321 төгрөгийн орлого нь нэхэмжлэгч *******ийн өмнөх сарын хийж гүйцэтгэсэн ажлын цалин байх тул олох ёстой байсан орлогоос хасаж шийдвэрлэх үндэслэлгүй юм.
Нэхэмжлэгч ******* нь 2025 оны 11 сард 493,338 төгрөг, 2025 оны 12 сард 677,617 төгрөг төлсөн. Нэхэмжлэгч нь ажил үүргээ хэвийн гүйцэтгэж байсан бол олох байсан орлогоос нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын санд төвлөрүүлж, төвлөрүүлсэн хэмжээгээр үр шимийг нь хүртэх байсан. Гэтэл анхан шатны шүүхээс Нийгмийн даатгалын шимтгэлд төлөх 910,800 төгрөг, хүн амын орлогын албан татварт төлөх 2,412,791 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болж чадаагүй байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасны дагуу 4,838,912 төгрөгөөр нэмэгдүүлсэн нэмэлт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.
5.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:
Анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн дундаж цалин хөлсийг хөдөлмөрийн чадамж түр алдсан хугацаанаас өмнөх 3 сарын дундаж буюу 2024 оны 07, 08, 09 дүгээр сарын дундаж буюу нэг сарын цалин хөлсний хэмжээг 12,519,353 төгрөг гэж тодорхойлсон нь үндэслэлгүй байна. Учир нь нэхэмжлэгч *******ийн 2022.05.10-ны өдрийн хөдөлмөрийн гэрээний нэмэлт өөрчлөлтийн 3-т нэг цагийн ажлын хөлсийг 19,361 төгрөг гэх бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.4-т "...Уртын ээлжээр ажиллах ажилтны нэг ээлжинд ажил үүрэг гүйцэтгэх хугацаа 14 хоног, амрах хугацаа 14 хоног байна...", мөн зүйлийн 92.3-т "...Уртын ээлжээр ажиллах үргэлжлэл 12 цагаас илүүгүй байх бөгөөд энэ хуулийн 87 дугаар зүйлийг баримтлан энэ хуулийн 109.1-д заасны дагуу илүү цагийг тооцож нэмэгдэл хөлс олгоно", мөн хуулийн 87 дугаар зүйлийн 87.2-т "...Нэг ээлжийн ердийн ажлын цагийн үргэлжлэл найман цагаас илүүгүй байна...", тус зүйлийн 87.3-т "Ажил олгогч ажилтантай тохиролцсоны дагуу хуульд өөрөөр заагаагүй бол ээлжийн ажлын цагийн үргэлжлэлийг дөрвөөс илүүгүй цагаар уртасган зохион байгуулж болно. Энэ тохиолдолд ажилтан долоо хоногт 40 цагаас илүү ажилласан бол түүнд илүү ажилласан цагийн хөлсийг энэ хуулийн 109.1-д заасны дагуу нэмж олгоно", 109 дүгээр зүйлийн 109.1-д "...Илүү цагаар ажилласан ажилтныг нөхөн амруулаагүй бол түүний дундаж цалин хөлсийг нэг аравны тав дахин, түүнээс дээш хэмжээгээр нэмэгдүүлж олгоно" гэж зааснаас гадна Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/193 дугаар тушаалын хавсралт "Ажлын цаг нэгтгэн бодох журам"-ын 2.2-т "...Ажил, үйлчилгээ, үйлдвэрлэлийн оргил ачааллын үед ажилласан ажилтны ердийн ажлын цагаас хэтрүүлэн ажилласан цагийг тодорхойлохдоо ажилтны нийт ажилласан цагаас тухайн хугацааны ердийн ажлын өдрийн үргэлжлэлээр тооцсон ажлын цагийг хасна" гэж тус тус заасан бөгөөд дээрх хууль, эрх зүйн зохицуулалтаар ******* нэг сард нэг удаа 14 хоног ажиллаж, 14 хоног амрах бөгөөд нэг хоног ажиллахдаа нийт 12 цаг ажиллах ба үүний 8 цагийг ердийн цагаар илүү ажилласанд тооцох, илүү ажиллаж байгаа 4 цагийг 1.5 дахин нэмэгдүүлж олгох боломжтой байна. Дээрх нөхцөл байдлаар нэг цагийн ажлын хөлсийг 112 цагаар, нэг цагийн ажлын хөлсийг 1.5 дахин нэмэгдүүлэн олгох 32 цагаар тус тус тооцвол ******* нь нэг сарын дундаж ердийн цагаар ажилласан цалин хөлс 2,168,432 төгрөг дээр илүү цагаар тооцсон 1,626,324 төгрөг буюу нийтдээ сард дунджаар татвар, нийгмийн даатгалын өмнөх байдлаар хамгийн ихдээ 3,794,756 төгрөгийн цалин хөлсийг нэг ээлжинд ажлаас авах боломжтой боловч ямар үндэслэлээр нэг сард дунджаар 12,519,353 төгрөгийн цалин хөлс авдаг болохыг бүрэн шалгаагүй байх бөгөөд ******* болон түүний ажил олгогч нь хуульд заасан ажлын цагийг хэтрүүлж ажилладаг байх боломжтой цалин хөлсийг зөвхөн нийгмийн даатгал төлсөн баримтаар тодорхойлсон бөгөөд шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тодорхойлж чадаагүй, мөн хавтаст хэрэгт нэхэмжлэгч нь 2024.12.31-ний өдөр 12.12-12.26-ны өдрийн цалин гэж 3,557,211.47 төгрөгийг хүлээн авсан бөгөөд энэхүү цалин хөлс нь 14 хоногийн дундаж ажлын хөлс гэж үзэх боломжтой нөгөө талаас нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 2 дахь хугацаа буюу 2024.11.26-ны өдрөөс 2024.12.10-ны өдрийн хугацаа нь ажилтны хуульд заасны дагуу амарч байх үеийн хугацаа байх бүрэн боломжтой байна.
Нэхэмжлэгчийн 1 цагийн ажлын хөлс нь 19,361 төгрөг гэх бөгөөд хэрхэн яаж сардаа 12 сая төгрөгийн цалин хөлс авч байгаа үндэслэл түүний баримтыг гаргаж өгөөгүй, хэрэгт авагдсан 12.31-ний өдрийн гүйлгээгээр 3,557,211.47 төгрөгийг 12.12-12.26-ны өдрийн хугацааны цалин гэж хүлээж авсан нийгмийн даатгал төлсөн баримтуудтай асар их зөрүүтэй байх бөгөөд үүнд анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт гаргаж өгөөгүй нь бодит байдалд нийцээгүй, үндэслэл бүхий болоогүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1.Давж заалдах шатны шүүх хэргийг зохигчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хянан үзээд, гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.
2.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан гэм хорын хохиролд 17,552,498 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3.Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 2025/ШЦТ/932 дугаар шийтгэх тогтоолоор *******ийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1200 нэгжтэй тэнцэх хэмжээний 1,200,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн байна.
Тус шийтгэх тогтоолд тусгагдсанаар *******ийн хууль бус үйлдлийн улмаас 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр *******ийн сээрний 12, бүсэлхийн 1 дүгээр нугалмын шахагдсан хугарал, ясны эдийн няцрал, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал, хамар духанд цус хуралт, баруун сарвуу, өвдөгт зулгарал буюу эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр зэргийн гэмтэл учирчээ.
Дээрх үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон, энэ талаар зохигч маргаагүй байна.
4.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хариуцагчийн учруулсан хүндэвтэр гэмтлийн улмаас 2024.10.30-2024.11.12-ны өдрийг хүртэл, мөн 2024.11.26-2024.12.10-ны өдрийг хүртэл 2 удаагийн ээлжээр ажиллаагүйгээс дутуу авсан 17,552,498 төгрөгийн цалин хөлсийг хариуцагчаас гаргуулна гэж тодорхойлсон.
Хариуцагч нь татгалзлын үндэслэлээ нэхэмжлэгчийн дансны хуулгаас харахад 2024.10.14-2024.11.15, 2024.12.02-2024.12.31-ний өдрийг хүртэл нийт 5,888,458 төгрөгийн цалин хөлс авсан учраас нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргасан.
5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар бусдын эрүүл мэндэд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй бөгөөд мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого нь эрүүл мэндэд учирсан гэм хорд хамаарна.
5.1.Нэхэмжлэгч нь 2024.10.28-2024.11.04-ний өдрийн хугацаанд хэвтэн эмчлүүлсэн, 2024.11.05-2024.11.18, 2024.11.19-2024.12.02, 2024.12.03-2024.12.16, 2024.12.17-2024.12.24-ний өдрийн хугацаанд амбулаториор эмчлүүлсэн болох нь хэрэгт авагдсан Хөдөлмөрийн чадвар түр алдсаны эмнэлгийн хуудсуудаар тогтоогдож байна.
5.2.Нэхэмжлэгч нь *******ХХК-д хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажилладаг байх ба анхан шатны шүүх нэхэмжлэгчийн гэмтэл авахаас өмнөх цаг хугацааны буюу 2024 оны 07, 08, 09 дүгээр саруудад авсан цалин хөлсний дунджаар нэг сарын дундаж цалин хөлсийг 12,519,353 төгрөгөөр тогтоосон нь Дундаж цалин хөлс тодорхойлох журамд нийцжээ. Хөдөлмөрийн тухай хуульд заасан цалин хөлсөөс нийгмийн даатгалын шимтгэл төлөгддөг учир шүүх нийгмийн даатгалын шимтгэл төлсөн баримтад тусгагдсан цалин хөлсний дүнг үндэслэснийг буруутгахгүй.
Хариуцагч талын давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн дундаж цалин хөлсийг хөдөлмөрийн гэрээнд заасан үндсэн цалин нэг цагт 19,361 төгрөг, уртын ээлжээр ажиллах хугацаа 14 хоног, нэг өдрийн ажлын 12 цаг гэсэн нөхцөлөөр сард дунджаар 3,794,756 төгрөг гэж тооцоолсныг хүлээн авах үндэслэлгүй. Учир нь уг тооцоонд хууль, гэрээнд зааснаар хэвийн бус нөхцөлийн, хээрийн нөхцөлийн, шөнийн ээлжийн зэрэг нэмэгдэл, урамшуулал, бусад цалин хөлс ороогүйн зэрэгцээ тодорхой хугацаанд олгогдсон цалин хөлсөөс дундаж цалин хөлсийг тооцох тухай Дундаж цалин хөлс тодорхойлох журмын агуулгад нийцээгүй болно.
5.3.Мөн нэхэмжлэгч нь хөдөлмөрийн чадвар алдсан дээрх хугацаанд цалин хөлсөнд 1,515,321 төгрөг, тэтгэмжид 9,664,282 төгрөг тус тус авсан үйл баримтыг шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар зөв тогтоосон. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд цалин хөлс 1,515,321 төгрөг нь гэмтэл авахаас өмнөх цаг хугацаанд хамааралтай гэж дурдсан байх боловч энэ талаар хэрэгт баримт авагдаагүй. Түүнчлэн шүүх цалин хөлснөөс тооцогдох орлогын албан татвар, нийгмийн даатгалын шимтгэл 3,323,591 төгрөгийг олговол зохих цалин хөлсний дүн 25,038,706 төгрөгөөс хасаж тооцсон нь Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасан дутуу авсан цалин хөлсний хэмжээгээр гэм хорыг тогтоох агуулгад нийцсэн.
Иймээс нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдол мөн үндэслэлгүй.
5.4.Дээрхийг нэгтгэн дүгнэвэл, нэхэмжлэгч 2024.10.25-2024.12.24-ний өдрийн хугацаанд хөдөлмөрийн чадвараа алдаж 10,535,512 төгрөгийн цалин хөлс дутуу авсан нь хариуцагчийн хууль бус үйлдэлтэй шалтгаант холбоотой болох нь хэргийн баримтаар тогтоогдсон байх ба анхан шатны шүүх нэхэмжлэлийг энэ хэмжээнд хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсгийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
6.Түүнчлэн шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг харгалзан үзсэн нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.6 дахь хэсэгт заасанд нийцсэн.
Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан тул шийдвэрийг хэвээр үлдээж, зохигчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 191/ШШ2025/11557 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, зохигчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч *******ийн төлсөн 183,519 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7, 44 дүгээр зүйлийн 44.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн төлсөн 92,373 төгрөгийг улсын орлогоос гаргуулж нэхэмжлэгч *******д буцаан олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.УУГАНБАЯР
ШҮҮГЧИД Э.ЭНЭБИШ
Д.ЗОЛЗАЯА