Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2026/01271

 

 

 

*******-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, шүүгч Б.Ууганбаяр, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 192/ШШ2026/03011 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч Нийслэлийн ерөнхий боловсролын *******-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч *******-д холбогдох

70,637,871 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

Нэхэмжлэгч Нийслэлийн ерөнхий боловсролын ******* нь хариуцагч *******-тай 2022 оны 07 дугаар сарын 31-ний өдөр АГГ-23/69 тоот ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, сагсан бөмбөгийн бүтэн талбай хийлгэхээр харилцан тохиролцсон. Нэхэмжлэгч нь уг гэрээний дагуу 2022 оны 08 дугаар сарын 04-ний өдрөөс 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн хугацаанд 10 удаагийн гүйлгээгээр 56,366,000 төгрөг шилжүүлсэн хэдий ч хариуцагч нь гэрээнд заасны дагуу ажлыг бүрэн хийж гүйцэтгэлгүй, 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдөр зарим материалаа авч явсан боловч ажлыг хийж гүйцэтгэхээр дахин буцаж ирээгүй. Манай сургууль 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө сагсны талбайг ашиглалтад оруулах зайлшгүй шаардлагатай улмаас шинээр дахин өөр компаниар хийж гүйцэтгүүлсэн. Иймд *******-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзаж, ажлын хөлсөнд төлсөн 56,366,000 төгрөгийг нэхэмжилж байна.

Мөн Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.4.4, 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт зааснаар олох байсан орлогод ирээдүйд орж ирэх мөнгөн хөрөнгө хамаарна. Нэхэмжлэгчийн шилжүүлсэн 56,366,000 төгрөгийг Монголбанкны жигнэж тооцсон хүүгээр тооцвол нийт 14,271,871 төгрөгийн хүү тооцон авах байжээ.

Иймд хариуцагч *******-аас гэрээний үүрэгт төлсөн 56,366,000 төгрөг, олох байсан орлогод 14,271,871 төгрөг, нийт 70,637,871 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагчийн  татгалзал, тайлбарын агуулга:

Нийслэлийн ерөнхий боловсролын ******* сургуультай 2022 оны 07 дугаар сарын 31-ний өдөр сагсан бөмбөгийн талбай болон шийд нийлүүлэх гэрээ хийж, гэрээний дагуу 750 м.кв угсардаг шал, 4 ширхэг шийдийг нийлүүлж хүлээлгэж өгсөн. Нийт гэрээний 68,860,000 төгрөгөөс 2022 оны 08 дугаар сарын 04-ний өдөр 7,650,000 төгрөг, 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдөр 2,500,000 төгрөг, 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 4,358,000 төгрөг, мөн 4,358,000 төгрөг шилжүүлсэн болно. Манай компани 2022 оны 10 дугаар сард нэмэгдсэн өртгийн албан татварыг 68,860,000 төгрөгийн дүнгээр шивж өгсөн бөгөөд нягтлан бодогч нь үлдэгдэл мөнгийг шилжүүлнэ гээд 2025 он хүртэл хойшлуулсан. 2022 онд 3 удаа сагсны талбай угсарч өгч, тэмцээн уралдаан явагдаж байсан болно. Иймд үлдэгдэл 35,144,000 төгрөгийг шилжүүлж хохиролгүй болгож өгөхийг хүсэж байна. Мөн дансаар орсон бетоны үнэ болох 7,650,000 төгрөгийн НӨАТ болон аж ахуйн нэгжийн татвар болох мөнгийг шилжүүлж өгнө үү гэжээ.

 

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******-аас 54,366,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Нийслэлийн ерөнхий боловсролын *******-д олгож нэхэмжлэлээс 16,271,871 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 511,140 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 429,780 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

4.Хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдол, тайлбарын агуулга:

Нэхэмжлэл гаргагч ******* нь гэрээний үүргээ биелүүлээгүй бөгөөд дотоодын буруутай үйл ажиллагаагаа манай компанид тохож шүүхэд хандсан, мөн шүүхийн шийдвэрт манай компани илтээр хүлээлгэж өгсөн зураг, хариуцсан харуулд нь хүлээлгэн өгсөн бичиг баримтыг устгасан /харуул хариуцах эрхгүй гэсэн үндэслэл буруу харуул бол тодорхой үүрэг хариуцлага хүрээнд ажилладаг/ 54,366,000 төгрөг дансаар орж ирээгүй болно.

Манай компанийн дансаар мөнгөн гүйлгээ хийж бетон цутгалтаа хийлгэсэн хүмүүст өгсөн үлдэгдэл мөнгөө хувь хүний дансаар өгч гүйлгээ хийсэн. Мөн нийлүүлсэн материалыг манай компани зөвшөөрөлгүй бусдад өгсөн буруутай үйл ажиллагаа явуулсан тул дахин нягталж өгөхийг хүсье гэжээ.

 

5.Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

Манай компани 56,366,000 төгрөгийг хариуцагч *******-д өгсөн бөгөөд дээрх үнийн дүнд бетон зуурмагийн 7,650,000 төгрөг огт хамааралгүй. Учир нь манай компани ямар нэгэн байдлаар өөр компаниар дамжуулж бетон зуурмагийн төлбөрийг төлөх шаардлага байхгүй. Тиймээс хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан үүнтэй холбоотой тайлбар үндэслэлгүй бөгөөд худал байна.

Хариуцагч компанийн данс руу шилжүүлсэн 56,366,000 төгрөгөөс тухайн компанийн захирал *******ын төрсөн дүү ******* эхнэрийн данс руу шилжүүлсэн 2,000,000 төгрөгийг анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнгээс хасаж шийдвэрлэсэн учир хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдолдоо дурдаж байгаа тайлбар мөн үндэслэлгүй. ******* нь *******-ийн захирал *******ын төрсөн дүү бөгөөд тухайн хүн сагсны талбайг угсрах ажлыг хариуцан хийж байсан буюу зөвхөн тухайн хүн хариуцагч компанийг төлөөлж ирдэг байсан. Түүнчлэн ******* би 12 хайрцаг шал авч явъя гэсэн учир бид баримт үйлдэж тухайн тооны шалыг хүлээлгэж өгсөн. Энэ асуудал анхан шатны шүүхийн шүүх хуралдааны үед хэлэлцэгдсэн.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэх тайлбар, татгалзлаа нотолсон ямар нэгэн нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй. Харин нэхэмжлэгч компани сагсны талбайг *******-аар хийлгэж, тухайн талбайг ашиглаж байгаа учир талуудын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзаж, хариуцагч компанийн данс руу шилжүүлсэн мөнгөө буцаан авъя гэх байр суурьтай байгаа. Хариуцагч талын зүгээс сургуулийн жижүүрт бараа бүтээгдэхүүн хүлээлгэж өгсөн баримтыг анхан шатны шүүх үнэлж дүгнээгүй гэж тайлбарлаж байна. Үүнтэй холбоотойгоор ******* өнөөдрийг хүртэл сургуулийн агуулахад хадгалагдаж байгаа шалыг тоолж, м.кв-ыг нь тооцож баталгаажуулсан баримтыг хэрэгт өгсөн.

Иймд хариуцагч талын гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй учир анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2.Нэхэмжлэгч Нийслэлийн ерөнхий боловсролын ******* нь хариуцагч *******-д холбогдуулан гэрээний үүрэгт шилжүүлсэн 56,366,000 төгрөг, хохирол 14,271,871 төгрөг, нийт 70,637,871 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3.Талуудын хооронд 2022 оны 07 дугаар сарын 31-ний өдөр ажил гүйцэтгэх гэрээ нэртэй гэрээ байгуулагдаж, ******* нь сагсан бөмбөгийн 15х28 м хэмжээтэй, 1.2 см зузаантай талбай 1 ширхэг, 15х11 м хэмжээтэй, 1.2 см зузаантай талбай 2 ширхэг, стандарт шийд 4 ширхэгийг нийлүүлж суурилуулах, ******* нь 68,860,000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцжээ.

Анхан шатны шүүх дээрх харилцааг ажил гүйцэтгэх гэрээ гэж тодорхойлсон нь оновчгүй байна. Учир нь ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь ажлын үр дүн бөгөөд ажил гүйцэтгэгчийн хөдөлмөр, үйл ажиллагаагаар бий болж, уг үйл явц гэрээний харилцааны нэг хэсэг болдог. Гэвч хариуцагч нь дээр дурдсан 3 ширхэг сагсан бөмбөгийн талбай, 4 ширхэг шийдийг нийлүүлэхдээ эдгээрийг өөрийн ажиллагаагаар бий болгох үүрэг хүлээгээгүй, өөрөөр хэлбэл гэрээний зүйл нь ажлын үр дүн биш өмчлөлд шилжүүлэх эд хөрөнгө байх тул уг гэрээ нь худалдах, худалдан авах гэрээний агуулгад илүү нийцэж байна.

Иймээс талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр гэж дүгнэх үндэслэлтэй.

 

4.Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ хариуцагч гэрээнд заасан ажлаа бүрэн гүйцэтгээгүй, зарим материалаа авч явсан, ажлыг гүйцэтгэхээр дахин буцаж ирээгүй, сагсны талбайг ашиглалтад оруулах зайлшгүй шаардлагатайн улмаас өөр компаниар гүйцэтгүүлсэн үндэслэлээр гэрээнээс татгалзаж шилжүүлсэн төлбөрөө буцаан төлүүлнэ гэж тодорхойлсон.

Хариуцагч нь татгалзлын үндэслэлээ сагсан бөмбөгийн талбай болон шийд нийлүүлэх гэрээний дагуу 750 м.кв угсардаг шал, 4 ширхэг шийдийг бүрэн нийлүүлж хүлээлгэн өгсөн, 2022 онд 3 удаа сагсны талбайг угсарч тэмцээн уралдаан явагдаж байсан гэж тайлбарлажээ.

Хариуцагч гэрээнд заасан үүргээ бүрэн биелүүлсэн эсэх, гэрээнээс татгалзах үндэслэл бий болсон эсэх нь талуудын маргааны зүйл болжээ.

 

4.1.Нэхэмжлэгч нь 2022 оны 08 дугаар сарын 04-ний өдрөөс мөн оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн хугацаанд 8 удаагийн гүйлгээгээр нийт 54,366,00 төгрөгийг хариуцагчийн дансанд шилжүүлсэн үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон. Дээрх тооцоонд 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдөр ******* дансанд 2,000,000 төгрөг шилжүүлснийг оруулаагүй ба үүнд нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргаагүй тул нэмж дүгнэлт өгөх шаардлагагүй болно.

Хариуцагч нь 2022 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 7,650,000 төгрөгийг түүний дансаар дамжуулан бетон зуурмагийн үнэд бусдад шилжүүлүүлсэн, гэрээнд хамааралгүй гэх татгалзал болон энэ агуулгаар давж заалдах гомдол гаргасан.

******* дахь хариуцагчийн эзэмшлийн 1905002818 тоот дансны хуулгаас үзэхэд хариуцагч нь тухайн өдөр 7,619,000 төгрөгийг бетон тэнүүн бетон зуурмагийн үйлдвэр менежерт жамган батдорж хас банк гэсэн утгаар зарлагын гүйлгээ хийсэн байх боловч уг гүйлгээнээс мөнгөн хөрөнгө хүлээн авсан этгээдийг тодорхойлох боломжгүй, мөн хэрэгт энэ талаар өөр баримт авагдаагүй байна. Анхан шатны шүүх 2026 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн шүүх хуралдааныг талуудад нотлох баримт гаргах боломж олгох үндэслэлээр хойшлуулсан боловч хариуцагч нь татгалзлаа нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна. Иймээс нэхэмжлэгчээс хариуцагчид ******* сургууль сагсны талбайн урьдчилгаа ******* ******* гэсэн гүйлгээний утгаар 2022 оны 08 дугаар сарын 04-ний өдөр 7,650,000 төгрөг шилжүүлснийг нэхэмжлэгчийн үүргийн гүйцэтгэлд тооцох нь зүйтэй. Энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.

 

4.2.Талууд гэрээний зүйлийг хүлээлцсэн талаар баримт үйлдээгүй боловч нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ ******* сургуульд *******-аас хүсэлт гаргах нь гэсэн нэртэй 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн огноотой бичгийн баримтыг хавсаргасан.

Уг баримтад Нийт захиалагч талын захиалсан 750 м.кв талбай лего шалнаас 12 хайрцаг шал буцаан татаж угсарч гүйцэтгэх хугацаанд дутвал гүйцээн олгож угсралт гүйцэтгэлийг гүйцэтгэж өгнө (12 хайрцаг) гэж дурдсан ба 750 м.кв шалнаас 12 хайрцгийг буцаан татсан гэснээс үзвэл хариуцагч нь гэрээнд заасан 750 м.кв шалыг нэхэмжлэгчид гэрээний дагуу хүлээлгэн өгсөн гэж үзэхээр байна.

Түүнчлэн нэхэмжлэгч нь 4 ширхэг шийдийг хүлээн авсан боловч хариуцагч буцаан авч явсан гэж тайлбарласан тул гэрээнд заасан 4 ширхэг шийдийг мөн хүлээлгэн өгсөн гэж үзнэ.

 

4.3.Гэвч хариуцагч 12 хайрцаг шал буцаан авсан болох нь дээрх бичгийн баримтаар тогтоогдсон байна.

Мөн нэхэмжлэгчийн тайлбар болон агуулахын бүртгэл баримтаар нэхэмжлэгчид 270 м.кв шал хадгалагдаж байгаа ба тухайн шалыг ашиглах боломжгүй гэж үзэх баримтгүй, хэргийн 55-56 дахь талд нэхэмжлэгчийн нийлүүлсэн шалыг ашиглан сагсан бөмбөгийн тэмцээн явуулсан тухай фото зургууд авагджээ. Түүнчлэн 4 ширхэг шийдний хувьд хариуцагч буцаан авч явсан гэх нэхэмжлэгчийн тайлбартай холбоотой ямар нэгэн баримт хэрэгт авагдаагүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагчийн хэн аль нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй ба хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд маргааны үйл баримтад давж заалдах шатны шүүхээс дээрх байдлаар дүгнэлт өгч талуудын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээ нь 12 хайрцаг шалны хувьд хэрэгжих боломжгүй буюу гэрээнээс татгалзсан гэж дүгнэв.

Хариуцагчийн давж заалдах гомдолд нийлүүлсэн материалыг манай компанийн зөвшөөрөлгүй бусдад өгсөн буруутай үйл ажиллагаа явуулсан гэж дурдсан боловч хариуцагч нь баримт үйлдсэн *******ийг компанийн менежер бөгөөд гэрээний асуудлаар нэхэмжлэгч компанитай харилцаж байсныг үгүйсгээгүй тул гомдол үндэслэлгүй.

 

4.4.Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж заасан.

Гэрээний 2.1 дэх хэсэгт сагсан бөмбөгийн талбайн нийт дүн 56,100,000 төгрөг, 4 ширхэг стандарт шийд нийлүүлэлт суурилуулалтын хамт нийт дүн 12,760,000 төгрөг гэж заасан ба нэхэмжлэгчид үлдсэн 270 м.кв шалны үнийг дээрх 56,100,000 төгрөгт хувь тэнцүүлэн тооцвол 20,196,000 төгрөг (56,100,000/750*270) болно.

Гэрээний дагуу нэхэмжлэгчийн шилжүүлсэн 54,366,000 төгрөгөөс 270 м.кв шалны үнэ 20,196,000 төгрөг, 4 ширхэг шийдний үнэ 12,760,000 төгрөг, нийт 32,956,000 төгрөгийг хасаж үлдэх 21,410,000 төгрөгийг Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.

 

5.Нэхэмжлэгч нь гэрээнд заасан үүргээ хариуцагч биелүүлээгүйгээс учирсан хохиролд 14,271,871 төгрөг гаргуулахаар шаардсан.

Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй гэж заасан ба анхан шатны шүүх нэхэмжлэгчийг хохирол учирсан болохоо нотлоогүй гэж дүгнэж уг шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Ийнхүү шийдвэрлэсэнд нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргаагүй тул давж заалдах шатны шүүхээс дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзлээ. Харин шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт шаардах эрхийн зохицуулалтыг тусгаагүйг залруулах нь зүйтэй.

 

6.Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг 21,410,000 төгрөгийн хэмжээнд хангасан өөрчлөлтийг оруулж, хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 192/ШШ2026/03011 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******-аас 21,410,000 төгрөг гаргуулж Нийслэлийн ерөнхий боловсролын *******-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 49,227,871 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж,

2 дахь заалтын ...429,780... гэснийг 265,000 гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч *******-аас улсын тэмдэгтийн хураамжид 2026 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр төлсөн 429,500 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ    Т.ГАНДИЙМАА

  ШҮҮГЧИД    Б.УУГАНБАЯР

  Д.ЗОЛЗАЯА