Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 1616

 

  2019         10          23                                  2019/ШЦТ/1616

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                    

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,

    Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ганбаяр,

   Улсын яллагч Т.Мөнх-Амгалан,

        Шүүгдэгч, хохирогч Д.У , түүний өмгөөлөгч Д.Өлзий-Орших,

        Шүүгдэгч, хохирогч П.Д , түүний өмгөөлөгч Б.Батсүх нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч П.Д , Д.У  нарт холбогдох эрүүгийн 1906 01645 0717 дугаартай хэргийг 2019 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1977 оны 6 дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 41 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, “  ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо,   тоотод оршин суух бүртгэлтэй, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар  , П.Д .

         

2. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1964 оны 3 дугаар сарын 8-ны өдөр Төв аймгийн Батсүмбэр суманд төрсөн, 55 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, “  ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхэд, ээжийн Баянзүрх дүүргийн   оршин суух бүртгэлтэй, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах
чадвартай, регистрийн дугаар   Д.У .

 

           Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

         Шүүгдэгч П.Д  нь 2019 оны 3 дугаар сарын 2-ны өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Американ дэнж хотхоны 44/6 дугаар байрны гражинд иргэн Д.У ийг заамдан боож, улмаар түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,

         Шүүгдэгч Д.У  нь 2019 оны 3 дугаар сарын 2-ны өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Американ дэнж хотхоны 44/6 дугаар байрны гражинд иргэн П.Д ыг заазуураар зүсэж, улмаар түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

        Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараахи нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

        Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч П.Д  мэдүүлэхдээ: “...2019 оны 3 дугаар сарын 2-ны өдөр гэрээсээ гарч, сүү, талх аваад эргэж орохдоо гаражаар оръё гэсэн санал тавьсан. Тухайн үед Д.У  нэг жижигхэн залуутай сууж байсан. Тэгээд орох гэтэл “чи яахаараа гаражаар ордог юм бэ, энүүгээр орох ёсгүй” гэснээр маргаан үүсч намайг “хүрээд ир, чамайг ална, хядна” гээд үүдэн дээр ирээд шууд намайг заамдсан. Тухайн үед би “энд камераар бичигдэж байгаа, би хуулийн хүн, хүний биед гар хүрэх хуультай” гэж өөрт нь сануулсан боловч зууралдаж байгаад улмаар заазуур гарган ирж намайг зүсч араас трубагаар цохиж гэмтэл учруулсан. Хэрэгт тэр үед байсан гэрчүүд байхгүй. Өөр хүн гэрч болж орж ирсэн. Ингээд эмнэлэгт үзүүлтэл хөнгөн гэмтэл гэж гарсан. Тархины бичлэг зэргийг цагдаа нар хүлээж авалгүй шууд прокурорт шилжүүлсэн байдаг. Сууц өмчлөгчдийн холбооны дарга бол цагдаагийн хүн цагдаагаас тэтгэвэртээ гарсан юм байна лээ. “Та хоёр асуудлаа шийдчих, ямар ч байсан гайгүй гарах байх” гээд Д.У  бид хоёрыг цагдаа руу явуулсан. Би бол Д.У д огт гар хүрээгүй. Хэрвээ гар хүрсэн бол шүүхэд өгөх үндэслэл надад байхгүй... Миний биед ийм том сорви үлдсэн гээд гэдсэн дээрх сорвио заав. Би бол барилддаг хүн. Үүнээс хойш гэдсээ гаргахад “яасан муухай сорвитой юм” л гэх байх. Би Д.У ээс юу ч нэхэмжлээгүй. Өөр ярих зүйлгүй.” гэв.

 

        Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч Д.У  мэдүүлэхдээ: “...Тэр өдөр би жижүүрийн байранд түлхүүр авах гээд ирсэн. Тэгсэн чинь П.Д ын харалдаа цонхны цаана харуултай маргалдаад зогсч байсан. Би хэсэг хараад зогсч байтал тэр 70 настай хүнийг “ална, хядна, гөлөг, нохой” гэх мэтээр дуудахаар нь би зүгээр л хэлсэн “наад хүн чинь чиний аав шиг хүн, чи ингэж болохгүй” гэтэл “гөлөг минь, чамайг ална шүү” гэхээр нь гэв гэнэт миний дургүй хүрээд “чи яахаараа намайг алдаг юм бэ” гээд би өөрөө гаражийн хаалгыг онгойлгож өгсөн. Дөнгөж гаражийн хаалга онгойлгонгуут намайг шууд тохойлдсон. Энэ хүн өнөөдөр зүгээр л хийсэн хэргээ хүлээх хэрэгтэй. Тэрний дараа юу болсныг мэдэхгүй, бичлэгэн дээрээс л би харсан...Шинжээчийн дүгнэлтийн хүлээн зөвшөөрч байна. Миний биед П.Д  гэмтэл учруулсан. Би камерын бичлэгийг маш олон удаа үзүүлсэн. Тэрэн дээр миний бүх үйлдлүүд байж байгаа. Тухайн үед над руу шүдээ зуугаад дайрсан. Нэхэмжлэх зүйл байхгүй.” гэв.

 

Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас хохирогч П.Д ын өгсөн мэдүүлэг /хх-6-7/, гэрч Д.Зоригтын өгсөн мэдүүлэг /хх-16-18/, хохирогч Д.У ийн өгсөн мэдүүлэг /хх-11-13/, гэрч Ц.Эрдэнэбатын өгсөн мэдүүлэг /хх-14-15/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 3000, 2948 дугаартай дүгнэлт /хх-24, 25/, шинжээч эмч Б.Ариунзулын өгсөн мэдүүлэг /хх-153/ шүүгдэгч нарын урьд ял шийтгэгдэж байсан эсэхийн лавлагаа /хх-40, 42/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу

цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

 

Гэм буруугийн талаар

  

          Шүүгдэгч П.Д  нь 2019 оны 3 дугаар сарын 2-ны өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Американ дэнж хотхоны 44/6 дугаар байрны гражинд иргэн Д.У ийг заамдан боож, улмаар түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,

Шүүгдэгч Д.У  нь 2019 оны 3 дугаар сарын 2-ны өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Американ дэнж хотхоны 44/6 дугаар байрны гражинд иргэн П.Д ыг заазуураар зүсэж, улмаар түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч П.Д ын өгсөн: “...2019 оны 3 дугаар сарын 2-ны өглөө 9 цагт гэрээсээ гараад гражийн хаалгаар гараад дэлгүүр орж сүү, талх авчихаад буцаад гражийн хаалгаар орох гээд грашны харуулын цонхон дээр очоод “гражаар оръё” гээд зөвшөөрөл авахад үл таних СӨХ-н сантехникч ажилтай хүн “ордог газраараа ор хулгайч минь” гэж хэлэхээр нь би “яасан өөдгүй юм бэ, дандаа босс суух юм уу” гэж хэлсэн. Тэгсэн үл таних хүн “чи юу гэж хуцаад байгаа юм бэ, хүрээд ир, ална чамайг” гэсэн хэлсэн. Тэгтэл гражийн хаалга онгойлгоод шууд үгийн зөрүүгүй намайг заамдаад “чамайг ална шүү, чи үүгээр ордог хэн бэ” гэж хэрцийгээр над руу дайрахаар нь би 2 алдлаад хүний биед хүрэх хуультай байдаг чи яагаад миний биед хүрээд байгаа юм бэ” гээд би хоёр маргалдсан. Тэгтэл бид 2 зууралдаад үл таних залуу намайг боохоор нь би зүүн гараараа түүний эрүүнээс нь гараар наагаад цаашаа өөрөөсөө холдуулаад түлхсэн. Граж руу ортол миний хойноос 1.2 см урттай төмөр турбаагаар миний толгойн дагз хэсэг рүү нэг удаа цохихоор нь би эргэж xapaад түүний турбанаас нь бариад автал тэнд байсан хүмүүс салгасан. Нөгөө хүн баруун гартаа скочоор ороосон заазуур барьчихсан “чи намайг хүн алдагийг харах уу” гээд заазуураа далайхаар зүүн гараараа хаах гэтэл миний гарнаас бултаад гарны доогуур оруулаад миний хэвлий орчимд зүссэн.” /хх-6-7/ гэх мэдүүлэг,

 

           Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.У ийн өгсөн: “...2019 оны 3 дугаар сарын 2-ны өглөө Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, “Американ дэнж”-ийн 44/6 дугаар байрны грашид харуулын байранд сууж байтал харуулын байрны цонхоор гадна талаас оршин суугч гэх залуу П.Д  нь “хаалгаа онгойлго” гэсэн. Тэгэхээр нь харуулууд тэр залууд “үүгээр машин орохгүй бол орцоороо ор” гэж хэлтэл П.Д  харуулуудыг элдвээр хэлээд доромжлоод байсан ба би тухайн үед узелийн түлхүүр авах гээд ирсэн байсан ба надад эвгүй санагдаад байхаар нь би П.Д т “наад хүмүүс чинь хөгшин хүмүүс чиний аавтай чинь адилхан шдээ” гэж хэлтэл гөлөгөө “чи дуугүй бай чамд хамаагүй” гээд над руу дунд хуруугаа гаргахаар нь би уур хүрээд грашийн хаалга онгойлготол П.Д  гаднаас гражийн хаалга онгойнгуут миний шүд рүү тохойгоороо цохиход би хойшоо болоод түүнтэй заамдалцсан. Тэгтэл тэр залуу намайг бооход би боолтонд ороод хажууд байсан харуулуудыг салгаач гэж хэлсэн. Турбаг аваад П.Д ын нуруу хэсэг рүү нэг удаа цохиод манай байрны цэвэрлэгч эмэгтэй ирээд трубанаас барьж аваад болиулж байсан. Тухайн үед миний амнаас цус их гарч байсан болхоор манай ажилчид “намайг цусаа угаа” гэхээр нь би 00-ын өрөөнд ороод цусаа угаачихаад нойлын хажуу талын ажилчдын өрөө рүү ороод заазуур аваад П.Д ыг 1 дүгээр орц руу орох гэж байхад араас нь дуудахад П.Д  эргэж хараад 2 гараа дээш нь өргөөд хувцсаа яраад миний өөдөөс хүрээд ирэхээр нь түүний гэдсийг зүсэхэд манай харуул Д.Зоригоо ирж салгасан.” /хх-11-13/ гэх мэдүүлэг,

 

           Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ц.Эрдэнэбатын өгсөн: “...Би 2019 оны 3 дугаар сарын 2-ны өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, “Американ дэнж”-ийн хороололын 44/6 дугаар байрны гражийн үүдэнд байж байхад харуулын байрны цонхоор байрны оршин суугч гэх бүдүүн залуу “гражийн хаалга онгойлго оръё” гэхэд нь би юм дуугараагүй ОСНААК-аас инженер залуу “гражийн хаалгаар орохгүй, орцны хаалгаар ор” гэж хэлтэл байрны оршин суугч залуу “чи наанаа байнга сууж байх юмуу, гөлөг би чамайг алсан байхад шоронд ороод гараад ирж чадна” гэж хэлтэл инженер залуу уурлаад харуулын байрнаас гараад гражийн хаалга руу очоод хаалга онгойтол байрны оршин суугч залуу барьж явсан зүйлээ газар тавиад инженер залууг ханад шахаад боосон. Тэгтэл инженер залуугийн хамарнаас нь цус гараад бараг унасан. Тэгэхээр нь би гүйж очоод бүдүүн залуугийн гарнаас нь татахад дийлээгүй чигчий хуруунаас нь бариад татахад дийлээгүй. Би бүдүүн залууд хүн аллаа чи” гэж хэлтэл тавьсан.” /хх-14-15/ гэх мэдүүлэг,

 

          Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Зоригтын өгсөн: "...Би 2019 оны 3 дугаар сарын 2-ны өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, “Американ дэнж”-ийн баруун талын постонд гадаа талбайн харуулын ажил хийдэг. Тэр өдөр ээлжээ авчихаад 44/6 дугаар байрнаас ус авах гээд очиход уг байрны гражинд хүмүүс маргалдаж байгаа чимээ сонсогдохоор нь уг байрнаас усаа авах гээд ороход байрны харуул Эрдэнэбат нь байрны оршин суугч П.Д  Д.У  хоёр бие биенийгээ заамдаад хоорондоо маргалдаж байхыг салгаж байсан. Би тухайн үед нээх анзаарахгүй усаа авчихаад буцаад гарч байхад нөгөө хоёр дахиад маргалдаад эхэлсэн тэгээд би харсан чинь Д.У  гартаа заазуур барьчихсан П.Д тай маргалдаж байсан. Тэгэхээр би гүйж очоод Д.У ийн баруун мөрнөөс татаад П.Д ыг чи гэртээ ор гэхэд тэр 1 дүгээр орц руу орсон.” /хх-16-18/ гэх мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн 2948 дугаартай дүгнэлтэд:


        1. Д.У ийн биед шилэн хүзүү, баруун эгэмний доод хэсэгт цус хуралт, зүүн тохойд зулгарал, дээд үүдэн 2 шүд баг зэрэг хөдөлгөөн орсон гэмтэг тогтоогдлоо.

        2. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой.

        3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

        4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдангид тогтонгид нөлөөлөхгүй.” /хх-26/ гэх дүгнэлт,

 

          Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 3000 дугаартай дүгнэлтэд:

        1. П.Д ын биед хэвлийд шарх гэмтэл тогтоогдлоо.

        2. Дээрх гэмтэл нь хэрэг ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

        3. Дээрхи гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

        4. Дээрхи гэмтэл ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

        5. Дээрхи гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна.” /хх-27/ гэх дүгнэлт,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд шинжээч эмч Б.Ариунзулын өгсөн: “...Уг гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байж болох шинэ гэмтэл. Шшүүх шинжилгээний байгууллага нь 24 цагаар ажилладаг тул дүгнэлт гаргаж болно. Уг өдөр би томилгоот жижүүрээр гарч байсан." гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 153 дугаар хуудас/

 

“Дамно” ХХК-ийн хөрөнгө үнэлгээний тайлан /хх-35-36/,

Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-20, 105, 108/,

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-106-107, 109/,  

Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-54-57, 110/,

Шүүгдэгч нарын урьд ял шийтгэгдэж байсан эсэхийн лавлагаа /хх-63, 67/ зэрэг болно.

 

         Шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач хобогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно. Учир нь шүүгдэгч нь харилцан зодолдож бие биенийхээ эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, хохирогч нь дээрх болсон үйл явдлыг хараат бусаар мэдүүлсэн, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлыг үнэлсэн шүүх эмнэлгийн дүгнэлт зэргээр тогтоосон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.Д ын зүгээс “Энэ хэргийг би үйлдээгүй.” мөн түүний өмгөөлөгч Б.Батсүхийн зүгээс: “.... Д.У ийн биед үүссэн гэмтэл нь шинэ гэмтэл юм уу, хуучин гэмтэл юм уу, аль нь вэ гэдгийг Шүүхийн шинжилгээний байгууллага дүгнэлтдээ дурдаагүй. П.Д ын хувьд Д.У ийн биед хөнгөн хохирол учруулсан гэдэг нь хэрэгт авагдсан баримт, бусад нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байгаа. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн шинжгүй гэдэг үндэслэлээр П.Д ын хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэх тайлбарыг гарган мэтгэлцэх боловч мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.У ийн өгсөн: “...грашийн хаалга онгойлготол П.Д  гаднаас гражийн хаалга онгойнгуут миний шүд рүү тохойгоороо цохиход би хойшоо болоод түүнтэй заамдалцсан. Тэгтэл тэр залуу намайг бооход би боолтонд ороод хажууд байсан харуулуудыг салгаач гэж хэлсэн.” /хх-11-13/ гэх мэдүүлэг, гэрч Ц.Эрдэнэбатын өгсөн: “...оршин суугч залуу барьж явсан зүйлээ газар тавиад инженер залууг хананд шахаад боосон. Тэгтэл инженер залуугийн хамарнаас нь цус гараад бараг унасан.” /хх-14-15/ гэх мэдүүлэг, мөн гэрч Д.Зоригтын өгсөн: "... оршин суугч П.Д  Д.У  хоёр бие биенийгээ заамдаад хоорондоо маргалдаж байхыг салгаж байсан. /хх-16-18/” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн 2948 дугаартай дүгнэлтэд: “...Д.У ийн биед шилэн хүзүү, баруун эгэмний доод хэсэгт цус хуралт, зүүн тохойд зулгарал, дээд үүдэн 2 шүд баг зэрэг хөдөлгөөн орсон гэмтэг тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой. /хх-26/.” гэх дүгнэлт болон бусад хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч П.Д ын гэм буруутай үйлдэл хангалттай нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн гаргасан татгалзлыг хүлээн авах боломжгүй.

 

Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.

 

            Иймд шүүгдэгч П.Д ын 2019 оны 3 дугаар сарын 2-ны өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Американ дэнж хотхоны 44/6 дугаар байрны гражинд иргэн Д.У ийг заамдан боож, улмаар түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,

шүүгдэгч Д.У  нь 2019 оны 3 дугаар сарын 2-ны өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Американ дэнж хотхоны 44/6 дугаар байрны гражинд иргэн П.Д ыг заазуураар зүсэж, улмаар түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул тэднийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг гэдэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

 

Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч П.Д , Д.У  нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон гэж үзлээ.

 

Дээрхи байдлаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн гэм буруу тогтоогдсон учир тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Мөн шүүгдэгч, хохирогч нар харилцан эвлэрч гомдол саналгүй гэдгээ шүүхийн хэлэлцүүлэгт илэрхийсэн тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн ба үүнийг энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

 

Иймээс шүүхээс шүүгдэгч нарт гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, шүүгдэгч нарын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч П.Д , Д.У  нарыг тус бүрийн 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэл тус тус оногдуулж, 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзлээ. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4-т тус тус зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн 3 ширхэг сидиг хавтас хэрэг хадгалах хугацаа дуустал хадгалж, 26 см урттай заазуур 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт даалгахаж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч П.Д , Д.У  нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй болно.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч П.Д , Д.У  нарыг Эрүүгийн хэргийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар П.Д , Д.У  нарыг тус бүрийг 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар П.Д , Д.У  нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар П.Д , Д.У  нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

 

5. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, П.Д , Д.У  нар нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдсугай.            

 

            6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4-т тус тус зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн 3 ширхэг сидиг хавтас хэрэг хадгалах хугацаа дуустал хадгалж, 26 см урттай заазуур 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт даалгасугай.

 

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба П.Д , Д.У  нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

     8. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч ,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

     9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл П.Д , Д.У  нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

                                             ШҮҮГЧ                                Э.ЧИНГИС