| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Тогтох Гандиймаа |
| Хэргийн индекс | 192/2025/05622/И |
| Дугаар | 210/МА2026/01202 |
| Огноо | 2026-05-25 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 05 сарын 25 өдөр
Дугаар 210/МА2026/01202
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ууганбаяр даргалж, шүүгч Д.Золзаяа, Т.Гандиймаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 191/ШШ2026/03274 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: *******гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******-д холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 1,786,845,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг зохигчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Т.Гандиймаа илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Анужин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
1.1. *******-тай байгуулсан 2018 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн хэлцлийн дагуу 686,307 ам.долларыг ******* банкны эскроу дансанд байршуулсан. Мөн өдөр хэлцлийн дагуу 200,000 ам.долларыг хүүгүй зээлэх, хугацаандаа төлөхгүй бол алданги төлөхөөр зээлийн гэрээ байгуулсан бөгөөд харин 200,000 ам.долларыг хэлцлийн дагуу 2018 оны 6 дугаар сард багтаан төлөхөөр тохиролцсоноо баталгаажуулсан. ******* нь эскроу дансанд байршуулсан төлбөрөөс 400,000 ам.долларыг төлөөгүй.
Иймд 2018 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн хэлцлийн дагуу зээлсэн 200,000 ам.доллар, 2018 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн зээлийн гэрээний дагуу зээлсэн 200,000 ам.долларыг 6 сарын хугацаатай хүүгүй зээлүүлсэн боловч төлөөгүй тул гэрээний 2.5-д заасны дагуу алданги 100,000 ам.доллар нийт 500,000 ам.долларыг Монгол банкны ханшаар тооцож 1,786,845,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:
2.1. Ийм хэмжээний мөнгийг *******гаас хүлээн аваагүй, түүнд ямар ч өр төлбөргүй. Хэлцэл гэх баримт нь нотариатчаар эх хувийг батлуулаагүй, ямар учиртай тоо баримттай нь ойлгомжгүй, хэзээний ямар баримтаар юу нэхээд байгааг үл ойлгож байна.
2.2. *******гийн нэхэмжлэлтэй *******-д холбогдох зээлийн гэрээний үүрэгтэй холбоотой маргааныг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 183/ШШ2021/00056 дугаар захирамжаар зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон. Энэ шийдвэрийн гүйцэтгэх ажиллагаа 2024 онд дуусгавар болсон. *******тай ямар ч гэрээний харилцаа байхгүй, түүнд төлөх өр төлбөргүй.
2.3. Мөн Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 75 дугаар зүйлийн 75.2, 75.2.1, 76 дугаар зүйлийн 76.1, 82 дугаар зүйлийн 82.1-д зааснаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул *******д ямар ч өр төлбөргүй болохыг үүргээр мэдэгдэж байна.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч *******-аас 1 072 107 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 714 73 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 9 092 175 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч *******-аас улсын тэмдэгтийн хураамжид 5 518 485 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
4.1. ******* нь өөрийн эзэмшлийн *******-ийн 15 хувийн хувьцааг *******-д худалдсан. Худалдах, худалдан авах үйл явц 2014 оноос эхэлж 2016 онд дуусгавар болсон боловч *******-ийн бусад хувьцаа эзэмшигчийн гомдлоор шүүх 2017 оны 11 дүгээр сард эцэслэн шийдвэрлэх хүртэл үргэлжилсэн.
2014 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр ******* нь хувьцаа худалдах худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр болох *******д төлөх 686,307 ам.долларыг хувьцааны маргаан шүүхээр эцэслэн шийдвэрлэтэл эскроу дансанд байршуулах болзол тавьсныг ******* зөвшөөрснөөр ******* банканд ******* тоот эскроу данс нээж 686,307 ам.долларыг байршуулж 3 тал гарын үсэг зурж баталгаажуулсан. Шүүхийн шийдвэр гарч ******* нь *******-ийн хууль ёсны хувьцаа эзэмшигч мөн болохыг тогтоосноос худалдагч ******* 686,307 ам.доллар авах эрхтэй болж ******* банк дээр очиж *******-ийн байршуулсан 686,307 ам.доллароос 331,039 ам.долларыг *******гийн гарын үсэггүйгээр данснаас авсан бөгөөд дансанд 356,268 ам.долларын үлдэгдэл байгааг мэдсэн.
******* нь эскроу дансанд 686,307 ам.доллар байхаас 356,268 ам.доллар байгааг хүлээн зөвшөөрч төлбөрийн 686,307 ам.долларыг *******-ийн хувьцааг худалдсаны дараа төлөх шаардлагатай байна гэх шинэ болзол тавьсан. Болзол тавих шалтгаанаа шүүхийн маргаанаас болж удаан хугацаанд асар их хохирол учирсны дээр *******-ийн бусад хувьцаа эзэмшигч хамтран ажиллах манай компанийн саналыг хүлээн авахгүй байгаа тул хувьцааг худалдахаас өөр аргагүй гэж тайлбарласан.
******* болзлыг хүлээн авахаас өөр арга байгаагүй тул болзлыг хүлээн зөвшөөрч гэрээ хийх санал тавьсан. ******* нь эскроу дансанд байгаа 356,268 ам.доллароос 318,961 ам.долларыг авах, ******* 36,307 ам.доллар авах, ******* нийт 650,000 ам.долларыг *******д төлөх хэлцэл байгуулсан.
2018 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр байгуулсан хэлцэлд заасан хугацаанд ******* төлбөрийг төлөөгүй тул 2021 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 183 тоот шүүхийн шийдвэрээр 250,000 ам.долларыг хүүгийн хамт төлүүлэх шийдвэр гарсан, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны журмаар 2024 оны 11 дүгээр сард шийдвэр биелэгдсэн бөгөөд ******* нь 2024 онд *******-ийн хувьцааг *******-д худалдсанаар бидний хооронд байгуулагдсан хэлцлийн дагуу үлдэгдэл 400,000 ам.долларыг алданги 100,000 ам.долларын хамт гаргуулах нэхэмжлэл гаргасан.
Шүүх Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1 дэх заалтыг баримтлан 2018 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн хэлцэл, зээлийн гэрээгээр тус тусдаа 200,000 ам.доллар төлөх үүрэг хариуцагч *******-д үүссэн гэж үзэх үндэслэлгүй гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагаас 71,473,000 төгрөгт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1 заасны дагуу хэлцлийг уншихад: ...******* нь дансанд байгаа 355,268 ам.доллароос 250,000 ам.долларыг зээлийн гэрээ байгуулан хүүтэй авсан. Үүнийг шүүхийн шийдвэрийн дагуу *******д төлсөн байна.
Үлдэгдэл 68,961 ам.долларыг төлбөр төлөгч ******* өөрийн дансанд шилжүүлэхдээ *******д 200,000 ам.доллар төлнө гэдгээ зөвшөөрсөн. Энэ нь тухайн хэлцэл хийх өдөр эскроу дансанд байршуулах ёстой мөнгөн дүнгээс 131,093 ам.долларыг дансанд хийгээгүйгээ хүлээн зөвшөөрч данснаас авсан 68,961 ам.доллартай нийлүүлэн нийт 200,000 ам.доллар төлнө гэж баталгаа гаргасан.
Эскроу дансанд Б талын шилжүүлэх ёстой байсан үлдэгдэл дүн 200,000 ам.долларыг хүүгүй зээлийн гэрээ байгуулна гэж тусгасан. Энэ нь дансанд байх ёстой 331,093 ам.долларын үлдэх 200,000 ам.доллар болох нь тогтоогдож байна.
Гэвч шүүгч энэхүү тодорхой хэлцлийн нөхцөлийг ойлгомжгүй гэж үзсэн бол хэлцлийн агуулгыг бусад нөхцөл болон гэрээний ерөнхий агуулгатай харьцуулах замаар тодорхойлно гэсэн Иргэний хуулийн 198 зүйлийн 198.2 дахь заалтыг баримтлан шийдвэрлэх боломжтой байсан.
******* нь *******гаас *******-ийн 15 хувийн хувьцааг худалдан авахдаа худалдах худалдан авах гэрээ байгуулж төлбөр төлсөн байдлыг нэг бүрчлэн бичихдээ ******* банкны ******* дугаартай Эскроу дансанд 686,307 ам.доллар хийснээ баталгаажуулсан байна. 2014 болон 2016 оны зээлийн гэрээний төлбөр төлсөн баримт /хх-ийн 90, 109, 227, 133, 134/
Энэхүү баримт нь хэлцлийн баримттай яв цав нийцсэн байна.
4.2. Шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1-д *******-aac 1,072,107,000 төгрөг гаргуулж *******д олгож нэхэмжлэлийн шаардлагаас 71,473,000 холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж шийдвэрлэжээ. Нэхэмжлэлийн үнийн дүнгээс 643,265,000 төгрөгийг хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй болжээ.
Дээрх байдлуудыг харгалзан шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 болон 2 дахь заалтыг өөрчилж *******-аас 1,786,845,000 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамж 9,092,175 төгрөгийн хамт гаргуулж *******д олгосугай гэж өөрчлөн шийдвэрлэж өгнө үү.
5. Давж заалдах гомдолд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:
5.1. Эскроу дансанд 686,307 ам.доллар байхаас 355,268 ам.доллар байна гэдэгт талууд маргаагүй бөгөөд дундын дансанд байгаа 355,268 ам.долларыг хэрхэн хуваах дээр маргаж байгаа. Уг мөнгийг ******* нь *******гийн зөвшөөрөлгүй авсан гэдэг үйл баримт байхгүй ба хэрвээ байх тохиолдолд эрүүгийн хэргийн журмаар шийдвэрлэгдэх нөхцөл байдал бий болно. Иймд *******гаас нууцаар 200,000 ам.доллар авсан гэж маргаж байгаа нь үндэслэлгүй.
5.2. Нэхэмжлэгч талаас болзол тавьж хийсэн хэлцэл гэж маргадаг. Өөрөөр хэлбэл, энэ компанийн хувьцааг гуравдагч этгээдэд зарсны дараагаар танд үлдэгдэл төлбөрийг өгнө гэсэн тохиролцоо байгаагүй. Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ 2013 онд байгуулагдсан бөгөөд хувьцааны 70 хувийг ******* гэх гадаадын иргэн эзэмшдэг. ******* нь одоо 90 нас хүрж байгаа настай хүн бөгөөд и-мэйлд хариу өгдөггүй. Манай зүгээс *******гаас компанийн 15 хувийг төлбөрийг нь төлж аваад улсын бүртгэлд хувьцаа эзэмшигчээр бүртгэгдэх ёстой бөгөөд уг нөхцөл байдлыг бүрдүүлэхийн тулд 70 хувийн хувьцаа эзэмшигчийн зөвшөөрөл байх ёстой. ******* 15 хувийг зарах талаар 70 хувийн хувьцаа эзэмшигчээс зөвшөөрөл авч, манай байгууллагад шилжүүлж өгөх ёстой байтал зөвхөн гэрээг байгуулсан. Уг газар нь төв цэнгэлдэхийн ард байрлалтай бөгөөд хаус, хотхон барих төсөл хэрэгжүүлье гээд 4,000,000 ам.долларыг шилжүүлсэн. Манай талаас *******д “манай 15 хувийн хувьцааны бүртгэлийг улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлээд өгөөч, 70 хувийн хувьцаа эзэмшигчийн зөвшөөрлийн бичгийг аваад өгөөч” гэж удаа дараа шаардсан боловч хөдлөөгүй. Иймд өмгөөлөгч хөлсөлж Гадаад харилцааны яамаар дамжуулан ******* гэх хүнийг эрэн сурвалжлуулж, удаа дараа и-мэйл илгээсний үндсэн дээр хувьцааны бүртгэлийг хийлгэсэн. Манай зүгээс 4,000,000 ам.долларыг өгсний дараагаар Улсын бүртгэлд бүртгүүлэх талаар 10 жилийн хугацаанд маргасан.
5.3. Манай байгууллага энэ компанийн хувь эзэмшлийг 2025 оны 4 дүгээр сард *******-д зарсан нь үнэн бөгөөд уг компанид зарах болсон үндэслэл нь манай байгууллага төсөл хэрэгжүүлэх зорилготойгоор компанийн 15 хувийг авч, 4,000,000 ам.долларыг шилжүүлэн, хувьцаа эзэмшигчээр бүртгүүлэхийн тулд 10 жил маргасны дараа уг төслийг хэрэгжүүлэх боломж олдсон хэдий ч одоогийн зах зээлийн ханшаас шалтгаалан уналтад орох нөхцөл байдалд орно гэж үзэж байгууллагаас гарсан мөнгийг эргэж олохын тулд гуравдагч этгээдэд заръя гэдэг шийдвэр гаргасан. *******тай 2018 онд хэлцэл хийсэн бөгөөд үүний дараагаар Ковид-19 цар тахал гарч нөхцөл байдал тогтворгүй болсон учраас Ковид-19 цар тахлын дараагаар *******-д зарсан. ******* нь манай хувьцааг худалдаж авахын тулд хувьцаа хууль ёсоор шилжсэн, өмнөх хувьцаа эзэмшигчтэй маргаангүй байх ёстой гэх шаардлагыг тавьсан. ******* 2025 оны 4 дүгээр сард *******-тай өр төлбөрийн авлагагүй, маргаангүй гэдэг бичгийг нотариатаар баталгаажуулсны дараагаар гуравдагч этгээдэд зарах боломжтой болсон. Үүний дараагаар 2025 оны 6 дугаар сард ******* 500,000 ам.долларыг шаардаж шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардах эрхээ “2018 онд талуудын хооронд байгуулагдсан хэлцэл болон 200,000 ам.долларын зээлийн гэрээтэй холбоотойгоор тодорхойлсон” гэж тайлбарладаг. Талуудын хооронд байгуулагдсан хэлцэлд “талуудын дунд 686,307 ам.доллар байхаас 355,268 ам.доллар байна” гэдэгт талууд маргаагүй. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн дурдсанаар энэ мөнгийг зөвшөөрөлгүй авсан гэж байгаа боловч авах боломж байхгүй. 355,268 ам.долларыг хуваарилахдаа талуудын хооронд байгуулагдсан гэрээний 2.1-т зааснаар 250,000 ам.долларыг ******* хүүгүй зээлүүлье гэж шийдсэн. 2.2-т “А тал болох ******* 36,307 ам.долларыг эскроу данснаас өөрийн данс руу шилжүүлнэ” гэж тусгасан. Дансанд байгаа 355,268 ам.доллароос гэрээний 2.1-т зааснаар 250,000 ам.долларыг *******вал 105,268 ам.доллар үлдэж, 2.2-т зааснаар 105,268 ам.доллароос 36,307 ам.долларыг *******вал 68,961 ам.доллар үлдэж байгаа. Үлдэгдэл 68,961 ам.долларыг хэрхэн хуваарилах талаар 2.3-т “дансанд бэлэн байгаа 68,971 ам.долларыг мөнгөн хэлбэрээр эскроу данснаас Б талын дор дурдагдсан дансанд шилжүүлнэ” буюу ******* руу шилжүүлнэ гэж тусгасан. Өөрөөр хэлбэл, 355,268 ам.доллароос 250,000 ам.долларыг зээлийн гэрээний дагуу ******* руу, 36,307 ам.долларыг ******* руу, 68,961 ам.долларыг ******* руу шилжүүлнэ гэж тохиролцсон.
Гэтэл 200,000 ам.долларын асуудал үүсэж байгаа бөгөөд уг мөнгийг гэрээний 2.3-т “200,000 ам.долларыг 2018 оны 6 дугаар сард багтаан тэнцүү хуваарилах буюу хүүгүй зээлийн гэрээг тусад нь байгуулна” гэж тусгасан. Гэрээг хангах заалтад “Эскроу дансанд мөнгийг хуваарилалт хийж, зээлийн гэрээнд зааснаас бусад талуудын эрх үүрэг дуусгавар болно” гэж заасан. Өөрөөр хэлбэл, 2018 оны хэлцлийн үр дүнд худалдах, худалдан авах гэрээний талаар талууд маргаагүй бөгөөд дундын дансанд байгаа мөнгийг хуваарилсан асуудал байдаг. Хэлцлийн дагуу 250,000 ам.долларын хүүгүй зээлийн гэрээ байгуулагдсан байдаг. 250,000 ам.доллар манай данс руу шилжсэн гэдэг нь *******-ийн гүйлгээний баримтаар тогтоогддог.
5.4. 250,000 ам.долларыг ******* руу шилжүүлсэн бөгөөд ******* нь эхний 1, 2 сарын төлөлтийг хийж байсан боловч Ковид-19 цар тахал гарсны улмаас зээлээ төлөх боломжгүй болсон. Үүний улмаас ******* шүүхэд нэхэмжлэл гаргаж, иргэний хэрэг үүсээд 2021 онд шүүхийн шийдвэр гарч талууд эвлэрсэн бөгөөд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан. 2021 оны шүүхийн шийдвэр гарахад *******гийн зүгээс 200,000 ам.долларыг нэхээгүй. 2018 онд хэлцэл хийхдээ 250,000 ам.доллар, 200,000 ам.долларын зээлийн гэрээг хамтад нь байгуулсан бөгөөд 2021 онд нэхэмжлэл гаргахдаа 200,000 ам.долларыг 250,000 ам.долларын зээлийн гэрээтэй хамтад нь шийдүүлэх боломжтой байсан. 200,000 ам.долларыг ******* руу бодитойгоор шилжүүлээгүй учраас 2021 онд зөвхөн 250,000 ам.долларт нэхэмжлэл гаргасан. Манай зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 250,000 ам.долларын зээлийн гэрээ болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас гаргасан тогтоолуудыг нотлох баримтаар гарган өгч, мэтгэлцээний явцад “******* бид нарт 200,000 ам.долларыг өгөөгүй, харин 250,000 ам.долларыг шилжүүлсэн бөгөөд 2021 онд уг маргаан шүүхээр шийдвэрлэгдэж манай талаас бүх өр төлбөрийг барагдуулсан. Зээлийн гэрээ нь хэлцэл байгуулагдсанаар биш бодит үйлдэл буюу мөнгөө шилжүүлснээр хэрэгждэг учраас 200,000 ам.долларыг манай данс руу шилжүүлээгүй болохоор нэхэмжлээгүй” гэж маргасан. Нэхэмжлэгч талын давж заалдах гомдолд 200,000 ам.долларын ******* зөвшөөрөлгүй авсан, ******* нь хувьцааг гуравдагч этгээдэд худалдан борлуулсны дараа 200,000 ам.долларыг өгье” гэж дурдсан байгаа нь үндэслэлгүй бөгөөд манай компанийн зүгээс ийм тохиролцоог *******тай хийгээгүй.
6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
6.1. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн агуулга, шаардлагын үндэслэлийг нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон тайлбарын агуулгаар бус харин дур мэдэн өөрөөр тодорхойлсон байна. Тодруулбал, Шийдвэрийн үндэслэх хэсгийн 2 дахь хэсэгт “... Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-д холбогдуулан 1,786,845,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд шаардлагын үндэслэлээ “...миний бие *******-ийн 15 хувийн хувьцааг *******-д 2016 оны 1 дүгээр сарны 29-ний өдөр 4,000,000 ам.доллароор худалдахаар тохирсон. Уг хэлэлцэн тохирсон үнээс 686,307 ам.долларыг хариуцагч дундын буюу эскроу дансанд байршуулахаас 355,268 ам.доллар байршуулсан байсан бөгөөд 2018 оны 01 сарын 18-ны өдрийн хэлцлээр 200,000 ам.долларыг надад төлөхийг зөвшөөрсөн байдаг.” гэж тайлбарлав.” хэмээн нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдаагүй зүйлийг шүүхийн зүгээс дур мэдэн бичиж, нэхэмжлэлийн үндэслэлийг талуудын маргаж байгаа үндэслэл, нотлох баримтаас зөрүүтэй тодорхойлсон.
Хавтаст хэргийн 1 дэх талд авагдсан нэхэмжлэгчээс гаргасан 1 нүүр нэхэмжлэлд *******-ийн 15 хувийн хувьцааг *******-д 4,000,000 ам.доллароор худалдах талаар огт дурдаагүй бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс шаардах эрхээ доорх 2 төрлийн гэрээ, хэлцэлтэй холбон маш тодорхой тодорхойлсон. Үүнд:
-2018.01.18-ны өдрийн хэлцлийн дагуу зээлүүлсэн 200,000 ам.доллар
-2018.01.18-ны өдрийн зээлийн гэрээний дагуу 200,000 ам.доллар, алданги 100,000 ам.доллар
2025.06.20-ны өдрийн 192/ШЗ2025/27761 дугаар шүүгчийн захирамжид *******-ийн 15 хувийн хувьцааг *******-д 4,000,000 ам.доллароор худалдах талаар огт дурдаагүй байх бөгөөд захирамжийн тодорхойлох хэсэгт нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг мөн л 2018.01.18-ны өдрийн хэлцэл болон 2018.01.18-ны өдрийн зээлийн гэрээний нийт 500,000 ам.доллар нэхэмжилсэн хэмээн нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойлон хэрэг үүсгэсэн. /хх-ийн 8/
Гэвч анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдаагүй зүйлийг шүүхийн зүгээс дур мэдэн шийдвэрт бичиж, нэхэмжлэл, маргааны үндэслэлийг талуудын маргаж байгаа үндэслэл болон хэрэгт авагдсан нотлох баримтаас зөрүүтэй тодорхойлсон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.1, 6.6, 118.3-т заасныг ноцтой зөрчиж, шүүхийн шийдвэр хууль бус, бодит нотлох баримтаас зөрүүтэй, илт үндэслэл гаргах нөхцөлийг бүрдүүлсэн.
6.2. Шийдвэрийн үндэслэх хэсгийн 4.5 дахь хэсэгт “Өөрөөр хэлбэл, талууд өмнө нь байгуулсан худалдах, худалдан авах гэрээний үүргийг зээлийн гэрээний үүргээр солихоор тохиролцсон. Өмнөх худалдах, худалдан авах үүргийн харилцаа Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.2-т зааснаар дуусгавар болсон байх тул хариуцагчийн зээлийн мөнгөн хөрөнгийг шилжүүлсэн болохоо нотлоогүй гэх татгалзал үндэслэлгүй болно.”, 4.8 дахь хэсэгт “Өөрөөр хэлбэл, талууд худалдах, худалдан авах гэрээний үүргээ 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр бичгээр байгуулсан зээлийн гэрээний үүргээр сольсон.” хэмээн хэрэгт авагдсан нотлох баримтаас эрс зөрүүтэй, илт үндэслэлгүй дүгнэлт хийж, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй байна.
Тодруулбал, талууд хэзээ ч худалдах, худалдан авах гэрээний үүргийг зээлийн гэрээний үүргээр солихоор тохиролцож байгаагүй бөгөөд ийм тохиролцоо хийсэн гэх ямар ч нотлох баримт хэрэгт авагдаагүй. Түүнчлэн, хавтаст хэргийн 4 дэх талд авагдсан 2018.01.18-ны өдрийн хэлцэлд худалдах, худалдан авах гэрээний үүргийг зээлийн гэрээгээр солих зүйл, заалт, ямар тохиролцоо байхгүй төдийгүй худалдах, худалдан авах гэрээний талаар дурдсан нэг ч үг, үсэг байхгүй. Бодит байдалд тус хэлцлээр талуудын дундын эскроу данс дахь мөнгийг хэрхэн хуваарилах, гүйлгээ хийх эсэх асуудлыг зохицуулсан бөгөөд тус хэлцлийн 5 дахь хэсэгт “Энэхүү хэлцлийн дагуу эскроу дансанд дахь мөнгийг хуваарилалт хийж, гүйлгээ хийснээр зээлийн гэрээнд зааснаас бусад талуудын эрх, үүрэг дуусгавар болно.” хэмээн маш тодорхой, ойлгомжтой, хоёрдмол утгагүйгээр, илэрхий заасан бөгөөд худалдах, худалдах авах гэрээний үүргийг зээлийн гэрээгээр солих тохиролцоо байхгүй байх бөгөөд харин зээлийн гэрээнээс өөр эрх, үүрэг талуудын хооронд байхгүй болохыг л баталгаажуулсан байдаг.
Нэхэмжлэгч, хариуцагчийн зүгээс аль аль нь “худалдах, худалдан авах гэрээний үүргийг зээлийн гэрээгээр сольсон” гэх тайлбар, мэдүүлгийг анхан шатны шүүхэд нэг ч удаа гаргаж өгөөгүй. Гэтэл анхан шатны шүүхээс талуудын маргаагүй үндэслэл, гаргаагүй тайлбарыг гаргасан мэтээр хэрэгт авагдсан нотлох баримтаас илтэд зөрүүтэй, худал дүгнэлт хийсэн байна. Талууд худалдах, худалдан авах гэрээний үүргийг зээлийн гэрээгээр солиогүй, ийм тохиролцоо хэзээ ч хийж байгаагүй, 2018.01.18-ны өдрийн хэлцэлд энэ талаар дурдсан нэг ч заалт, үг, үсэг байх тул Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.2 дахь заалтыг хэрэглэх ёсгүй байсан.
Анхан шатны шүүхээс Иргэний хуулийн 198.1-д “Гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна.” заасны дагуу хэлцлийг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарах ёстой байсан. Анхан шатны шүүхээс ийнхүү “худалдах, худалдан авах гэрээний үүргийг зээлийн гэрээгээр сольсон” гэх илт үндэслэлгүй, нотлох баримтаас зөрүүтэй, талуудын огт маргаагүй агуулгаар дүгнэлт хийсэнтэй уялдан анхан шатын шүүхийн шийдвэрийн бусад хэсгийн дүгнэлтүүд ч мөн илт үндэслэлгүй, нотлох баримтаас зөрүүтэй болсон.
6.3. Шийдвэрийн үндэслэх хэсгийн 4.12 дахь хэсэгт “Хариуцагч ******* нь 2018 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 200,000 ам.долларыг нэхэмжлэгчид буцаан төлөх үүргээ биелүүлсэн гэж үзэх үндэслэл баримтаар тогтоогдоогүй тул нэхэмжлэгч нь хариуцагчаас шаардах эрхтэй байна.” гэх дүгнэлт хийсэн нь илт үндэслэлгүй, нотлох баримтаас зөрүүтэй, тодорхой бус, хэрэгжүүлэх боломжгүй, логикийн хувь алдаатай байна.
Учир нь бодит байдалд *******гийн зүгээс зээлэхээр тохирсон 200,000 ам.доллароо бодитоор огт шилжүүлээгүй бөгөөд хавтаст хэрэгт ч мөн *******гийн зүгээс 200,000 ам.доллар шилжүүлсэн гэх нотлох баримт огт байхгүй болно. Тодруулбал, 2018.01.18-ны өдрийн зээлийн гэрээний дагуу *******гийн зүгээс зээлэхээр тохирсон 200,000 ам.доллароо бодитоор хариуцагчид олгоогүй тул Иргэний хуулийн 281.1, 282.4-т заасны дагуу 2018.01.18-ны өдрийн зээлийн гэрээ хүчин төгөлдөр байгуулагдсан гэж үзэхгүй бөгөөд 200,000 ам.доллар бодитоор нэхэмжлэгчээс хариуцагчид олгогдоогүй буюу шилжээгүй тул 200,000 ам.долларыг төлөх үүрэг анхнаасаа хариуцагчид үүсээгүй. Гэтэл анхан шатны шүүхээс Иргэний хуулийн 281.1, 281.4 дэх хэсгийн заалтыг эсрэгээр нь буюу илт буруу ашиглаж, “Хариуцагч ******* нь 2018 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 200,000 ам.долларыг нэхэмжлэгчид буцаан төлөх үүргээ биелүүлсэн гэж үзэх үндэслэл баримтаар тогтоогдоогүй тул нэхэмжлэгч нь хариуцагчаас шаардах эрхтэй байна.” гэж дүгнэсэн.
Анхан шатны шүүхээс “шаардах эрх хуулийн дагуу үүссэн” эсэхийг тогтоогүй атлаа “хариуцагч үүргээ биелүүлсэн” гэх баримт хэрэгт байхгүй тул нэхэмжлэгч шаардах эрхтэй гэж илт үндэслэлгүй, нотлох баримтаас зөрүүтэй дүгнэлт хийж, Иргэний хуулийн 281.1, 281.4 дэх хэсгийг заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна. Мөн шийдвэрийн үндэслэх хэсгийн 4.12 дахь хэсэгт анхан шатны шүүхээс “2018.01.18-ны өдрийн 200,000 ам.долларыг нэхэмжлэгч нь хариуцагчаас шаардах эрхтэй байна” гэсэн боловч 2018.01.18-ны өдрийн хэлцлийн дагуу юу эсхүл 2018.01.18-ны өдрийн зээлийн гэрээний яг алинаар нь шаардах эрхтэй талаар огт дурдаагүй, тодорхойгүй байна.
6.4. Шийдвэрийн үндэслэх хэсгийн 4.10 дахь хэсэгт “Хэргийн баримтаар нэхэмжлэгч ******* нь Хэлцлийн 2.1-д заасан 250,000 ам.долларыг 1 жилийн хугацаатай зээлүүлнэ. Зээлийн гэрээг тусад нь байгуулна гэх тохиролцооны дагуу мөн 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр талуудын хооронд 250,000 ам.долларын зээлийн гэрээ бичгээр байгуулагдаж, yr гэрээний үүргийг шаардаж ******* нь шүүхэд нэхэмжлэл гаргаж, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 183/ШШ2021/00056 дугаар “Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” шүүгчийн захирамжаар шийдвэрлэгдсэн байна.”, Шийдвэрийн үндэслэх хэсгийн 4.11 дэх хэсэгт “Дээрх шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа явагдаж, 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 24-12/949 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болжээ. Баримтаас үзэхэд хариуцагчийн “...нэхэмжлэлд дурдсан маргааныг өмнө нь 2021 онд шийдсэн...” гэх татгалзал үндэслэлгүй.” хэмээн хариуцагчийн зүгээс гаргасан татгалзлын агуулга, үндэслэлийг анхан шатны шүүх буруу тодорхойлж, түүндээ хөтлөгдөн илт үндэслэлгүй, нотлох баримтаас илт зөрүүтэй дүгнэлт хийжээ.
Харин “2018.01.18-ны өдрийн 200,000 ам.долларын зээлийн гэрээний дагуу 200,000 ам.долларыг хариуцагчид бодитоор шилжүүлээгүй тул зээлийн гэрээ хүчин төгөлдөр байгуулагдаагүй, хариуцагчид зээл төлөх үүрэг анхнаасаа үүсээгүй” гэх татгалзлын үндэслэлээ нотлох байдлаар дээрх нотлох баримтыг шүүхэд тайлбарлаж маргасан. Учир нь 2018.01.18-ны өдөр 250,000 ам.долларын зээлийн гэрээ болон 200,000 ам.долларын зээлийн гэрээ гэж хоёр тусдаа зээлийн гэрээ байгуулагдсан. Улмаар бодит байдалд нэхэмжлэгчийн зүгээс 250,000 ам.долларын зээлийн гэрээний дагуу 250,000 ам.долларыг хариуцагчид бодитоор шилжүүлсэн бол 200,000 ам.долларын зээлийн гэрээний дагуу 200,000 ам.долларыг хариуцагчид шилжүүлээгүй байдаг. Ийм ч учраас нэхэмжлэгчийн зүгээс 2018 онд *******-д холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага гаргахдаа зөвхөн 2018.01.18-ны өдрийн 250,000 ам.долларын зээлийн гэрээний дагуу бодитоор шилжүүлсэн 250,000 ам.доллароо шүүхээр нэхэмжилж, улмаар шийдвэр гүйцэтгэх ажиллаагаа явагдаж дууссан. Харин 2018.01.18-ны өдрийн 200,000 ам.долларын зээлийн гэрээний дагуу нэхэмжлэгч нь 200,000 ам.долларыг бодитоор хариуцагчид шилжүүлээгүй тул 2018 онд шүүхэд нэхэмжлэл гаргахдаа энэ талаар шаардлага гаргаагүй байдаг. Ийнхүү нэхэмжлэгчийн зүгээс өмнөх шүүгчийн захирамж, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаатай холбоотой баримтыг “2018.01.18-ны өдрийн 200,000 ам.долларын зээлийн гэрээний дагуу 200,000 ам.долларыг хариуцагчид бодитоор шилжүүлээгүй тул зээлийн гэрээ хүчин төгөлдөр байгуулагдаагүй, хариуцагчид зээл төлөх үүрэг анхнаасаа үүсээгүй” гэх татгалзлын үндэслэлээ нотлох байдлаар тайлбарлаж маргасан байхад анх шатны шүүхээс хариуцагчийн маргаагүй буюу тэс өөр агуулгаар дүгнэж тайлбарласан байгаа нь анхан шатны шүүх анхнаасаа маргааны үндэслэл, татгалзлыг буруу тодорхойлж, улмаар түүндээ хөтлөгдөн нотлох баримтыг буруу үнэлж, илт үндэслэлгүй, дүгнэлт шийдвэр гаргасан байна.
6.5. Шийдвэрийн үндэслэх хэсгийн 4.13, 4.14 дэх хэсгийн дүгнэлт мөн л илт үндэслэлгүй, нотлох баримтаас зөрүүтэй, хуульд үл нийцсэн дүгнэлт байна. Учир нь өмнөх хэсэгт дурдсанчлан Иргэний хуулийн 281.1, 281.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн зүгээс 200,000 ам.долларыг бодитоор хариуцагчид шилжүүлээгүй тул 2018.01.18-ны өдрийн 200,000 ам.долларын зээлийн гэрээг хүчин төгөлдөр байгуулагдсан гэж үзэхгүй бөгөөд анхнаасаа 200,000 ам.долларыг буцаан төлөх үүрэг хариуцагчид үүсэхгүй. Иймд хүчин төгөлдөр бус зээлийн гэрээний дагуу алданги 100,000 ам.доллар төлөх үүрэг хариуцагчид үүсэхгүй. Анхан шатны шүүх өмнөх хэсэгт зээлийн гэрээ хүчин төгөлдөр болсон эсэх асуудлыг хэрэгт авагдсан нотлох баримтаас эрс зөрүүтэйгээр илт үндэслэлгүй дүгнэсэн тул тухайн дүгнэлттэй уялдан гарах энэ хэсгийн дүгнэлт мөн илт үндэслэлгүй, нотлох баримтаас зөрүүтэй байна. Мөн түүнчлэн зээлийн гэрээ хүчин төгөлдөр болоогүй байхад Иргэний хуулийн 232.6, 232.4 дэх заалтыг буюу хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн байна.
6.6. Шийдвэрийн үндэслэх хэсгийн 4.15 дахь хэсгээр “... нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-aac зээлийн гэрээний үүрэгт 200,000 ам.доллар, алданги 100,000 ам.доллар, нийт 300,000 ам.доллар шаардах эрхтэй.” хэмээн талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн атлаа Шийдвэрийн үндэслэх хэсгийн 4.16 дахь хэсгээр “Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-д хуульд өөpөөp заагаагүй бол хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа арван жил байна гэж заасан бөгөөд нэхэмжлэгч шаардах эрхээ хуульд заасан хугацааны дотор хэрэгжүүлсэн гэж үзнэ.” хэмээн гэрээнээс үүдэлтэй харилцаанд ерөнхий хөөн хэлэлцэх хугацаа хэрэглэхээр заасан нь илт үндэслэлгүй, ойлгомжгүй, хууль хэрэглээний ноцтой алдаатай гаргасан байна. Учир нь Иргэний хуулийн 75.2-т “Энэ хуульд өөрөөр заагаагүй бол дараах тохиолдолд хөөн хэлэлцэх тусгай хугацаа үйлчилнэ:” гээд тус хэсгийн 75.2.1-д “гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил;” хэмээн тусгайлан өөрөөр хуульчилсан.
Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэгч нь 2018.01.18-ны өдрийн зээлийн гэрээний дагуу хариуцагчаас 300,000 ам.доллар шаардах эрхтэй хэмээн хариуцагчийн үүргийг гэрээнээс үүдэлтэй хэмээн дүгнэсэн атлаа ерөнхий хөөн хэлэлцэх хугацааны заалт хэрэглэсэн нь хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, нотлох баримтаас эрс зөрүүтэй, үндэслэлгүй, хуульд үл нийцсэн шийдвэр гаргасан байна.
6.7. Шийдвэрийн үндэслэх хэсгийн 4.17 дахь хэсэгт “Нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гapгax үеийн буюу 2025 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн Монгол банкнаас зарласан ам.долларын төгрөгийн харьцах ханш 3573,69 төгрөгөөр тооцон шаардлага гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.2-т гадаад валютын ханшийг тухайн үеийн Монгол банкнаас зарласан албан ёсны ханшаар тооцно гэж заасантай нийцнэ.” гэж дүгнэсэн нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.2-т гадаад валютын ханшийг тухайн үеийн Монгол банкнаас зарласан албан ёсны ханшаар тооцно гэж заасан бөгөөд тус заалтыг анх гэрээ байгуулагдсан буюу үүрэг үүсэх өдрийн ханшаар тооцно гэж ойлгох ёстой байсан. Хэрэв нэхэмжлэл гарах өдрийн хашаар тооцвол төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх хуультай илтэд зөрчилдөнө.
Иймд анхан шатны тойргийн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү.
7. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:
7.1. *******, ******* нарын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээ, хэлцэл, шүүхээр орсон баримт, мөнгө шилжүүлсэн баримт, хувьцааг гуравдагч этгээдэд шилжүүлсэн, Улсын бүртгэлийн газраас авсан болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан захирамж, тооцоо нийлсэн акт болон зохигчийн гаргаж өгсөн баримтуудыг хэрэгт авагдсан. Тооцоо нийлсэн актад “*******д 4,000 ам.долларыг төлсөн ба 686,307 ам.долларыг “******* банк” ХК-ийн эскроу дансанд хийсэн” гэж бичсэн бөгөөд энэ бичилт 2014 он, 2016 оны тооцоо нийлсэн актад мөн бичигдсэн. Талуудын хооронд байгуулагдсан хэлцлийн толгойг ******* хийж, ******* захирал гарын үсэг зурж, тамга дарсан бөгөөд нотариатаар баталгаажуулсан. Хэлцлийг заавал нотариатаар батлуулах шаардлагагүй. 250,000 ам.долларыг хүүтэй төлөх тусгай гэрээ байгуулсан. 250,000 ам.долларыг одоо төлөөд, 200,000 ам.долларыг төлнө гэсэн боловч хэзээ төлөхөө бичээгүй. Хэргийн 90, 112, 227, 272 дугаар талд худалдах, худалдан авах гэрээ хавсаргагдсан. Хариуцагчийн зүгээс анхан шатны шүүх хэрэгт авагдаагүй баримтад үнэлэлт дүгнэлт өгсөн гэж тайлбарлаж байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс 4 хүсэлт гаргасан хэдий ч анхан шатны шүүхээс нэг л хүсэлтийг хангасан нь “Улсын бүртгэлийн газраас худалдах, худалдан авах гэрээтэй холбоотой баримтыг гаргуулах” тухай байсан бөгөөд уг баримтыг шүүгчийн захирамжийн дагуу гаргуулж хэрэгт хавсаргасан. Иймд хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлын нэг, хоёрдугаар үндэслэл нь үндэслэлгүй байна.
7.2. Хариуцагч талаас “Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд “зээлнэ, зээлээ өгнө, тохирсон хугацаанд төлнө” гэж заасан ба 200,000 ам.долларыг ******* биелүүлээгүй учраас 200,000 ам.долларыг бид нар төлөхгүй” гэж маргадаг. Үүргийн гүйцэтгэлийн хангах аргыг Иргэний хуулийн 231 дүгээр зүйлийн 231.3 дахь хэсэгт зааснаар ******* нь “******* банк” ХК-аар баталгаа гаргуулж авсан боловч *******, ******* хоёр нь ах дүүгийн холбоотой гэх үндэслэлээр ******* *******гаас “******* банк” ХК-тай байгуулсан гэрээг авчихсан байдаг. Би өөрийн биеэр “******* банк” ХК-д очиж *******гийн гэрээний хуулбарыг өгөөч гэхэд “...”*******-аас зөвшөөрөл аваад ир” гэсэн хариуг өгөхөөр нь “******* нь өөрөө гэрээний нэг хувийг авах эрхтэй учраас *******-аас асуух шаардлага байхгүй” гэхэд “******* банк” ХК-ийн архивч нь “*******, *******-тай холбоотой баримт бичиг байхгүй байна” гэж хэлсэн байдаг. Өмгөөлөгчийн зүгээс, “******* банк” ХК-аас мөнгө шилжүүлсэн баримт болон *******-ийн захирал *******ын мөнгийг төлнө гэж гарын үсэг зурсан баримт байгаа учраас уг гэрээг шаардлагагүй гэж үзсэн. Гэхдээ *******ийн “******* банк” ХК-тай байгуулсан гэрээ нь *******гийн “******* банк” ХК-тай байгуулсан гэрээтэй адилхан бөгөөд *******ийн гэрээг хэрэгт хавсаргасан. Иргэний хуулийн 231 дүгээр зүйлийн 231.1.7 дахь хэсэгт “үүргийн гүйцэтгэлийг хуульд заасан бусад аргаар хэрэгжүүлж болно” гэж заасан. Өөрөөр хэлбэл, үүргийн гүйцэтгэлээр ******* нь 686,307 ам.долларыг шилжүүлж авна гэхэд ******* арай гэж 36,307 ам.долларыг салгаж авсан. Нэгэнт банкнаас мөнгө нь гарчихсан бөгөөд үлдэгдэл мөнгийг ******* авна гэхэд ******* баталгааны бичиг байхгүй учраас үгүй гэж хэлж чадаагүй. *******-аас *******д хэцэл хийх санал тавихаар нь уг хэлцлийг хийсэн нь Иргэний хуулийн 231 дүгээр зүйлийн 231.1.7 дахь хэсэгт заасан аргаар хэрэгжүүлсэн нэг хэлбэр болж байгаа юм. Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.1 дэх хэсэгт “нэгэнт үүссэн үүргийн харилцааг гэрчлэх гэрээг хүчин төгөлдөр гэж тооцоход үүрэг гүйцэтгэгч нь үүргийг хүлээн зөвшөөрсөн тухай бичгээр мэдэгдсэн тохиолдолд хүчин төгөлдөр болно” гэж заасан. Хариуцагч талаас үлдэгдэл 68,961 ам.долларыг сая дурдаад цааш нь дэлгэрүүлж ярьсангүй. ******* нь “үлдэгдэл 68,961 ам.долларыг манайх авъя, харин 200,000 ам.долларыг бид нар танд буцааж төлнө” гэж хэлцэлд бичсэн. Дээрх үндэслэлээр гурав, дөрөв, тавдугаар үндэслэл нь үндэслэлгүй болох нь нотлогдож байна.
7.3. Анхан шатны шүүх хөөн хэлэлцэх хугацааг буруу тайлбарласан гэж байгаа боловч анхан шатны шүүхээс хөөн хэлэлцэх хугацааг тоолохдоо “Иргэний хуулийн 231 дугаар зүйлд заасан банкны баталгаа байна, мөн үүргийг биелүүлээгүй байгаа нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэгт заасан ерөнхий хугацаанд хамаарч байна” гэж үзсэн нь үндэслэлтэй байна. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сая тайлбартаа 250,000 ам.долларыг нэхэмжилж 2021 онд шүүхэд хандахдаа 200,000 ам.долларыг мөн хамтад нь шийдүүлэх боломжтой гэж хэлж байна. 200,000 ам.долларыг нэхэмжлээгүй үндэслэл нь ******* хүнд хэлбэрийн хорт хавдар тусч бие нь муудсан бөгөөд шүүхийн шийдвэр гарахаас өмнө нас барсан. ******* нь *******эд өглөгтэй байсан бөгөөд ******* “чи эхлээд 250,000 ам.доллар дээр нэхэмжлэлээ гаргаад авчих, чамайг авсны дараа би нэхэмжлэл гаргая” гэж хэлээд, ******* шүүхэд нэхэмжлэл гаргаж, шүүхээр эцэслэн шийдвэрлэгдэж, өр төлбөргүй болсноор дахин 200,000 ам.долларыг нэхэмжилж шүүхэд хандсан. Талууд хоорондоо анхнаасаа болзол тавьж хэлцэл хийсэн бөгөөд 2025 оны 4 дүгээр сард худалдах, худалдан авах гэрээг дахин байгуулснаар болзол тавьж хийсэн хэлцлийн хугацаа дууссан. Иргэний хуулийн 217 дугаар зүйлийн 217.2 дахь хэсэгт “хуулиар хориглоогүй бол талууд мөнгөн төлбөрийн үүргийг гадаадын мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэж болно” гэж заасан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.2 дахь хэсэгт “гадаад валютын ханшийг тухайн үеийн Монгол банкнаас зарласан албан ёсны ханшаар, эд хөрөнгийн үнийг нотлогдсон хэмжээгээр тус тус тооцно” гэж зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэл гаргах үеийн ханшаар үнийн дүнг тооцсон.
Иймд хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаав.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэг болон алдангид 500,000 ам доллар буюу 1,786,845,000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.
3. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг тодруулж, талуудыг мэтгэлцүүлээгүйгээс маргааны үйл баримт тодорхой бус байхад хэргийг хянан шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.
3.1. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа “...******* нь эскроу дансанд байршуулсан төлбөрөөс 400,000 ам.долларыг төлөөгүй. Иймд 2018 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн хэлцлийн дагуу зээлсэн 200,000 ам.доллар, 2018 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн зээлийн гэрээний дагуу зээлсэн 200,000 ам.доллар, түүний алданги 100,000 ам.долларыг нэхэмжилнэ.” гэж тодорхойлжээ. /хх-ийн 1/
Харин хариуцагч татгалзлын үндэслэлээ “...ийм хэмжээний мөнгийг нэхэмжлэгчээс аваагүй, ямар нэг өр төлбөргүй, ...зээлийн гэрээний үүрэгтэй холбоотой маргааныг өмнө шийдвэрлэж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар 2024 онд дуусгавар болсон, шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан” гэж тайлбарлажээ. /хх-ийн 23/
Өөрөөр хэлбэл, талуудын хэн аль нь зээлийн гэрээний агуулгаар тайлбар гаргаж, зээлийн мөнгөн хөрөнгийг шилжүүлсэн эсэх асуудлаар маргажээ.
4. Гэтэл анхан шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч талаас “...2016 онд *******-ийн 15 хувийн хувьцаа, газар, үл хөдлөх хөрөнгийг *******-д худалдсан, уг компанийн 70 хувийн хувьцаа эзэмшигч шүүхэд хандаж, маргаантай байсны улмаас эскроу данс нээж, ******* нь тус дансанд 686,307 ам доллар байршуулах үүрэг хүлээсэн, үүнийг үндэслэн зээлийн гэрээ байгуулагдсан” гэх агуулгаар тайлбар гаргасан байх ба харин хариуцагчийн зүгээс “...мөнгөө төлсөн боловч хувьцаагаа авч чадаагүй, шүүхээр явж их хэмжээний зардал гаргаж хувьцаагаа шилжүүлж авсан, бүх төлбөр тооцоо дууссан, эскроу дансанд хувьцаа шилжүүлэхтэй холбоотой мөнгө үлдсэн байсан тул үүнийг хуваарилж, дансаа хаагаад, 250,000 ам доллар дээр зээлийн гэрээ хийж хувьцаа худалдах, худалдан авах харилцаа дууссан” гэх агуулгатай тайлбар гаргажээ. /хх-ийн 189-191/
4.1. Талуудын дээрх тайлбараас үзвэл анх гаргасан нэхэмжлэлийн хүрээнд бус өөр үндэслэл зааж маргасан байхад анхан шатны шүүх нэхэмжлэлийн үндэслэл өөрчлөгдөж байгаа эсэх талаар тодруулах, энэ тохиолдолд нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа бичгээр гаргах, ингэснээр хариуцагч гардан авч, нэхэмжлэлийг зөвшөөрсөн эсхүл татгалзсан үндэслэл, түүнд холбогдох нотлох баримт гаргаж өгөх, цуглуулах, бүрдүүлэх замаар талууд хэргийн үйл баримт, гэм буруугийн асуудлаар нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэх учиртайг анхаараагүй байна.
Дээрх ажиллагаа хийгдээгүйгээс талууд зээлийн гэрээ эсвэл худалдах, худалдан авах гэрээний асуудлаар маргаж байгаа эсэх нь тодорхойгүй, улмаар хариуцагч байгууллагад худалдсан гэх хувьцааны бүртгэл хэзээ, хэрхэн ямар баримтуудыг үндэслэн хийгдсэн эсэх, төлбөр бүрэн төлөгдсөн эсэх, үүнтэй холбогдуулан *******-аас улсын бүртгэлийн байгууллагад холбогдуулан ямар нэхэмжлэл гаргасан болох, хэрхэн шийдвэрлэгдсэн эсэх асуудлаар талуудыг бүрэн мэтгэлцүүлээгүй байна.
5. Иймд шүүх талуудыг бүрэн мэтгэлцүүлснээр маргааны зүйл, түүнд холбогдох үйл баримтыг зөв тогтоох, шаардах эрхийн үндэслэл, түүнд хамаарах хуулийг зөв тайлбарлан хэрэглэх боломж бүрдэх юм.
6. Давж заалдах шатны шүүх дээрх ажиллагааг нөхөн гүйцэтгэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчлийг залруулах боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 191/ШШ2026/03274 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 3,731,640 төгрөг, хариуцагчаас төлсөн 5,546,077 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.УУГАНБАЯР
ШҮҮГЧИД Д.ЗОЛЗАЯА
Т.ГАНДИЙМАА