Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2026/01269

 

 

 

*******-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ууганбаяр даргалж, шүүгч Т.Гандиймаа, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 191/ШШ2026/04471 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч *******-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч *******, ******* нарт холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 138,452,905.21 төгрөг гаргуулах, барьцаагаар үүргийн гүйцэтгэл хангуулах тухай иргэний хэргийг хариуцагч *******ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, хариуцагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ю.Рэгзэдмаа нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

******* нь зээлдэгч *******тэй 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 381000233940 тоот зээлийн гэрээг байгуулж, 65,000,000 төгрөгийг жилийн 26.4 хувийн хүүтэй, 50 сарын хугацаатай, бизнесийн бараа материал татах зорилгоор зээлдүүлж, зээлдэгчийн 381000231632 тоот дансанд зээлийг олгосон.

Тус зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгож, 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 381000233940 тоот барьцааны гэрээг байгуулж *******гийн өмчлөлийн, Баянзүрх дүүрэг, 7 дугаар хороо, 15 дугаар хороолол, ******* 15 тоот хаягт байршилтай, 39 м.кв талбайтай /хуучны/, орон сууцны зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай, 000081092 тоот гэрчилгээний дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалж, гэрээг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлсэн.

Зээлдэгч ******* нь зээл авснаасаа хойш зээлийн гэрээний хавсралтад заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээл, хүүгээ хугацаандаа төлөхгүй, төлбөрийн зөрчлийг удаа дараа гаргасан ба 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар зээлээ 1793 хоног хугацаа хэтрүүлж, зээл нь Активыг ангилах, активын эрсдэлийн сан байгуулж, зарцуулах журмын дагуу муу ангилалд шилжсэн. Банкны зүгээс зээлдэгчтэй тухай бүр утсаар ярих, биечлэн уулзах, мэдэгдэл хүргүүлэх зэргээр зээлийн гэрээний үүрэг зөрчигдөж байгаа тухай сануулж, зээлийн гэрээний үүргээ биелүүлэхийг урьдчилан мэдэгдэж, тогтмол шаардлага тавьж ажиллаж байсан.

Зээлдэгч зээл авснаасаа хойш үндсэн зээлээс 7,236,839.50 төгрөг, хүү 15,845,959.74 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,063,345.13 төгрөгийг тус тус төлсөн. 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар үндсэн зээл 57,763,160.50 төгрөг, үндсэн хүү 72,086,689.19 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 8,059,923.56 төгрөг, нийт зээлийн өрийн үлдэгдэл 138,452,905.21 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж, хариуцагч нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

2.Хариуцагч *******гийн татгалзал, тайлбарын агуулга:

******* нь 2021 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 65,000,000 төгрөгийг бизнес хийхээр зээлдэн авсан нь үнэн, зээлдэж авах хугацаандаа 2021 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдөр төлөлтөө байнга хийж явж байсан. Гэтэл Оросын Холбооны Улсаас оруулж ирсэн мод нь үхсэн, банкинд үнэнээ хэлж моднуудын зургаа харуулж баримтаа харуулж тайлбарладаг байсан гэж ******* тайлбарладаг. Хүү, алданги 50 хувиас хэтрэхгүй гэдэг заалт байгаа боловч банкинд тэр заалт хэрэгждэггүй гэж тайлбарлаж байгаа.

Нөгөө талаар үнийн дүн дээр тайлбар байгаа учир эвлэрэх боломж олгох боломж байгаа эсэхийг нэхэмжлэгч талаас асуумаар байна. Төлбөр төлж байх хугацаанд Ковидын үед хүүг зогсоох буюу хойшлуулах шийдвэр гарсан. Энэ шийдвэр дээр арга хэмжээ авсан зүйл байхгүй. Тухайн үед хүү, алданги зогсоох талаар заасан байсан. Энэ үнийн дүнг багасгаагүй байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг дэмжихгүй байна. Ковид гарч байх үед улсаас гарсан шийдвэрийн дагуу төлөлтийг хойшлуулаагүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм гэжээ.

 

3.Хариуцагч ******* шүүхэд тайлбар гаргаагүй болно.

 

4.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дүгээр зүйлийн 453.1-д заасныг баримтлан хариуцагч *******, ******* нараас 137,909,773.3 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 543,131.96 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч *******, ******* нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар үл биелүүлбэл барьцаа хөрөнгө болох *******гийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, 15 дугаар хороолол, ******* 15 тоот хаягт байршилтай, орон сууцны зориулалттай 39 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны зориулалттай, улсын бүртгэлийн ******* дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг дуудлага худалдаагаар худалдсан үнээс үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 920,*******5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******, ******* нараас улсын тэмдэгтийн хураамжид 917,699 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******-д олгож шийдвэрлэжээ.

 

5.Хариуцагч *******ын давж заалдах гомдол, тайлбарын агуулга:

2026 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн шүүх хуралдааны товыг надад мэдэгдээгүй намайг Оросын Холбооны Улсын Иркутск хотод байхад гэрийн хаягаар явуулсан байсан. Би товоо гардаж аваагүй хурлын товыг мэдээгүй байхад шүүх хуралд намайг оролцуулж миний шүүх хуралд мэтгэлцэх эрхээр минь хангаагүй.

Мөн Төрийн банкны хүү, алданги тооцож гаргахдаа Ковидын үеэр Засгийн газрын тогтоолоор хүү алданги зогсоох шийдвэр гарч байсан. Төрийн банкны нэхэмжлэлийн үнийн дүн 138,452,000 төгрөгийг хэвээр нь үлдээж шийдвэр гаргасанд гомдолтой байна.

Иймд миний шүүх хуралд өөрийн биеэр оролцох эрхээр хангаагүй шүүх хурал болсон, мөн Төрийн банкны нэхэмжлэлийн үнийн дүнгээр шийдвэрлэсэнд гомдол гаргаж байгааг хүлээн авч анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож буцааж өгнө үү гэжээ.

 

6.Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн гаргасан тайлбарын агуулга:

Анхан шатны шүүх хуралдаан 3 удаа хойшилсон, шалтгаан нь хариуцагч нар ирдэггүй. Хариуцагч нар нь өмгөөлөгчтэй байсан бөгөөд Ковид-19 цар тахлын үед хэрэглээний зээлийг хойшлуулаагүй, орон сууц болон ипотекийн зээл мөн бизнесийн зээлийг хойшлуулах шийдвэр гарч байсан. Уг шийдвэрийг харилцагч болон зээлдэгч нар нь мэдэж байсан. Харилцагч нартай ажлын байранд мөн гэрт очиж уулзалт хийдэг байсан. Зээлийн барьцаанд өөрсдийнх нь амьдарч байгаа орон сууц байдаг. Банкны зүгээс зээлдэгчийг орон байргүй болгохгүй байх зорилгоор хүүхдийн нэр дээр 6 хувийн хүүтэй зээл гаргаж өгөх боломжийг санал болгож байсан. Мөн тухайн үед банкны зүгээс аль болох бага хүүтэй, боломжит нөхцөл бүхий зээлийн шийдлүүдийг санал болгож байсан. Тухайн зээлдэгч нар Оросын Холбооны Улсаас мод оруулж ирнэ гээд 2-3 жил ярьдаг. Тэдгээр нь гутал авчирч борлуулдаг байсан бөгөөд уг гутлыг ажлын байран дээрээ авчирч ажилчдад худалдаалж, үүнээс олсон орлогоороо зээлийг нь төлдөг байсан. Банк гэдэг утгаараа хүү нэхээд байгаа биш, бид байж болох бүх боломжоор хангадаг байсан гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1.Давж заалдах шатны шүүх хариуцагч *******ын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад, гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт техникийн шинжтэй алдааг залруулсан өөрчлөлт оруулав.

 

2.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******, ******* нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 138,452,905.21 төгрөг гаргуулах, барьцаагаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч ******* эс зөвшөөрч маргасан, хариуцагч ******* шүүхэд тайлбар гаргаагүй байна.

 

3.******* болон *******, ******* нар нь 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, зээлдүүлэгч ******* нь 65,000,000 төгрөгийг жилийн 26.40 хувийн хүүтэй, 50 сарын хугацаатай зээлдүүлэх, зээлдэгч *******, ******* нар нь хуваарийн дагуу зээлийн төлбөрийг төлөхөөр харилцан тохиролцжээ.

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр талаар зөв дүгнэсэн.

 

4.Нэхэмжлэгч нь гэрээний дагуу 65,000,000 төгрөгийг 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр шилжүүлж үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн болох нь нэхэмжлэгчийн тайлбар, мемориалын баримт, зээлийн дансны харилцагчийн хуулгаар тогтоогдсон.

Мөн хариуцагч нар зээлд 7,236,839.50 төгрөг, зээлийн хүүнд 16,389,091.74 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 1,063,345.13 төгрөг, нийт 24,689,276.37 төгрөг төлсөн үйл баримтыг нэхэмжлэгчийн тооцоололд үндэслэн анхан шатны шүүх зөв тогтоожээ.

 

5.Нэхэмжлэлд 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн байдлаарх зээлийн үлдэгдэл 57,763,160.5 төгрөг, зээлийн хүү 72,086,689.19 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 8,059,923.56 төгрөгийг хариуцагч нараас гаргуулахаар шаардсан.

 

5.1.Зээлийн гэрээний 2.1.4-д зээлийн хүү сарын 2.20 хувь, жилийн 26.40 хувь байх, 2.1.5-д нэмэгдүүлсэн хүү зээлийн хүүгийн 20 хувь байх, үндсэн зээл, зээлийн хүүг зээлийн эргэн төлөлтийн хуваарьт хугацаандаа төлөөгүй тохиолдолд хуваарийн дагуу хугацаандаа төлөгдөөгүй үндсэн зээлийн дүнгээс тооцохоор тохиролцсон нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.1, 452.2 дахь хэсэгт заасанд нийцжээ.

 

5.2.Зээлийн эргэн төлөлтийн хуваарь ёсоор зээл болон хүүний төлбөрт сард 2,153,628.95 төгрөг төлөх үүрэг хариуцагч нар хүлээсэн боловч 2020 оны 12 дугаар сараас зөрчил үүссэн, гэрээний хугацаа 2024 оны 03 дугаар сарын 17-ны өдөр дууссан байна.

Хариуцагч ******* нь Ковид-19 цар тахлын үед банк зээлийн хүүг зогсоох, зээл төлөлтийг хойшлуулах арга хэмжээ аваагүй, хүү, алдангийн үнийн дүн багасаагүй гэж маргасан хэдий ч энэ талаар нэхэмжлэгч банкинд хүсэлт гаргасан болох нь тогтоогдоогүй, хэрэгт авагдсан 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн, 2025 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн мэдэгдлүүд, Зээлдэгчтэй холбоо барьсан мэдээллийн хүснэгт баримт, нэхэмжлэгч байгууллагын ажилтан *******, ******* нар хариуцагч *******тай хийсэн уулзалтын тэмдэглэл зэргээр нэхэмжлэгч нь хариуцагч нараас зээлийн гэрээний үүргийн биелэлтийг удаа дараа шаардаж байсан болох нь тогтоогдсон байна.

 

5.3.Анхан шатны шүүх Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нараас зээлийн үлдэгдэл 57,763,160.5 төгрөг, зээлийн хүү 72,086,689.19 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 8,059,923.56 төгрөг, нийт 137,909,773.3 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй, хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Хариуцагч *******ын давж заалдах гомдолд Ковид цар тахлын үеэр Засгийн газрын тогтоолоор хүү алданги зогсоох шийдвэр гарч байсан, Төрийн банкны нэхэмжлэлийн үнийн дүн 138,452,000 төгрөгийг хэвээр үлдээж шийдвэр гаргасанд гомдолтой гэж дурдсан ба уг үйл баримтад анхан шатны шүүх дүгнэлт өгсний зэрэгцээ хариуцагч ******* нь шүүхэд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа ирүүлэх үүргээ биелүүлээгүй тул дээрх асуудлыг давж заалдах гомдлын үндэслэл болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.4 дэх хэсэгт нийцээгүй. Иймээс энэ талаарх гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.

 

6.Талууд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр барьцааны гэрээ байгуулж, хариуцагч *******гийн өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай, Баянзүрх дүүрэг, 7 дугаар хороо, 15 дугаар хороолол, ******* 45 тоот хаягт байршилтай, 39 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг барьцаалуулахаар тохиролцжээ.

Тус барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ болохыг анхан шатны шүүх зөв дүгнэсэн байна.

Хариуцагч нар нь зээлийн гэрээний үүргийг тогтоосон хугацаанд биелүүлээгүй учир нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар барьцаа хөрөнгийг албадан худалдахыг хариуцагчаас шаардах эрхтэй. Иймээс шүүх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаагаар хангуулахаар шийдвэрлэсэн нь зөв болжээ. Харин шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт орон сууцны хаягийг тусгахдаа 45 тоотыг 15 гэж алдаатай тусгасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5 дахь хэсэгт нийцээгүй тул залруулах нь зүйтэй.

 

7.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байна.

Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай шүүгчийн захирамж гарснаас хойш 2026 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр, 02 дугаар сарын 06, 24-ний өдөр, 03 дугаар сарын 06-ны өдөр тус тус шүүх хуралдаан товлосон ч хариуцагч талын хүсэлтээр хойшлогджээ.

Хариуцагч ******* нь нэхэмжлэлд тодорхойлсон Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, 17 дугаар байр, 9 тоот хаягаар 2025 оны 10 дугаар сарын 24-ний өдөр мэдэгдэх хуудас гардан авч, улмаар 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдөр шүүхэд ирж нэхэмжлэл гардаж авсан ба шүүх уг хаягаар 2026 оны 01 дүгээр сарын 06, 08, 22-ны өдөр, 03 дугаар сарын 06-ны өдөр тус тус мэдэгдэх хуудас шуудангаар хүргүүлэхэд уг хаягт амьдардаггүй тухай магадлагааг, мөн энэ талаар Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт тус тус ирүүлсэн.

Түүнчлэн хариуцагчийн иргэний үнэмлэхийн лавлагаанд тусгагдсан Баянзүрх дүүрэг, 7 дугаар хороо, 15 дугаар хороолол, *******, 45 тоот хаягаар 2026 оны 02 дугаар сарын 26-ны өдөр, 03 дугаар сарын 06-ны өдөр тус тус шуудангаар мэдэгдэх хуудас хүргүүлэхэд мөн уг хаягт амьдардаггүй тухай магадлагааг ирүүлсэн байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.8 дахь хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа үед хэргийн оролцогч хаягаа өөрчилбөл энэ тухай шүүхэд мэдэгдэх үүрэгтэй ба уг үүргээ хариуцагч биелүүлээгүй байна.

Үүнээс гадна хариуцагч ******* нь 2026 оны 02 дугаар сарын 23-ны өдөр шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтийг эмнэлгийн магадлагааны хамт ирүүлснээр шүүх 2026 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн шүүх хуралдааны товыг өөрчилж, түүнд 2026 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн, мөн 2026 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн шүүх хуралдааны товыг мэдэгдэхээр 80097352 дугаарт залгахад утсаа аваагүй тул зурвас үлдээсэн болох нь шүүгчийн туслахын тэмдэглэлээр тогтоогдож байна.

Иймээс анхан шатны шүүх хариуцагч *******ыг шүүх хуралдаанд оролцуулах талаар хуульд заасан ажиллагааг зохих ёсоор хийсэн байх тул шүүх хуралдааны товыг мэдэгдээгүй, мэдэгдэх хуудсыг гардаж аваагүй, шүүх хуралдаанд оролцох, мэтгэлцэх эрхийг хангаагүй гэх давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

8.Дээрх үндэслэлээр хариуцагч *******ын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт техникийн шинжтэй алдааг залруулсан өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 191/ШШ2026/04471 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтын ...15 тоот... гэснийг 45 тоот гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагч *******ын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамжид 2026 оны 05 дугаар сарын 13-ны өдөр төлсөн 852,500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ   Б.УУГАНБАЯР

 

ШҮҮГЧИД   Т.ГАНДИЙМАА

 

Д.ЗОЛЗАЯА