Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 923

 

 

 

 

 

 

 

    2019         10           30                                      2019/ШЦТ/923

 

 

                                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж,

            нарийн бичгийн дарга Д.Амуундарь,

            улсын яллагч Ж.Энхжаргал,

            хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Тамирын өмгөөлөгч Д.Намсрайжав,

шүүгдэгч Б.Н, түүний өмгөөлөгч Н.Нарантуяа, Г.Алтанчимэг нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Монгол овогт Б-ийн Ныг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1903005270312 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1996 оны 3 дугаар сарын 07-нд Дархан-Уул аймгийн Шарын гол суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, дээд боловсролтой, зүтгүүрийн аж ахуйч мэргэжилтэй, Улаанбаатар төмөр замын Улаанбаатар татах хэсэгт засварчин ажилтай, ам бүл-3, эхнэр, хүүхдийн хамт, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Монгол овогт Б-гийн Н /регистрийн дугаар /,

 

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч Б.Н нь 2019 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 18 цаг 15 минутын үед Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Соёл амралтын хүрээлэнгийн зогсоолоос баруун замд "Тоёота Приус" маркийн 13-15 УБИ улсын дугаартай тээврийн хэрэгслийг өмчлөгч Б.Ганбатын зөвшөөрөлгүйгээр авч яван замын хөдөлгөөнд оролцож явахдаа Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан "Жолоочид дараахь зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох", мөн дүрмийн 16.1-д заасан "Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө" гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Соёл амралтын хүрээлэнгийн баруун талын замаар явган хүний гарцаар гарч явсан явган зорчигч С.Сансарыг мөргөж, амь насыг нь хохироосон, дээрх автотээврийн гэмт хэргийг үйлдээд хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Б.Н нь шүүхийн хэлэлцүүлэгт “…Тухайн үед цагдаа ирээд юу болсон бэ, гайгүй юу, наад хүнээ гэмтлийн эмнэлэг рүү аваад яв гэж хэлсэн. Би хохирогчтой гэмтэл явах уу? гэж ярилцсан. Гэтэл тэр ах би зүгээр, ахыгаа гэрт хүргээд өгчих гэж хэлсэн. Би тэр ахыг байрных нь гадаа хүргэж өгсөн чинь тэр ах орц руугаа орсон. Би араас нь орох гэтэл хаалга нь кодтой байсан. Би ийм зүйл болно гэж бодоогүй. Намайг уучлаарай. Миний буруу...” гэв,

түүний мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар өгсөн “...тэр үед дасгалжуулагч багш Ганбат намайг “автомашинаас түрийвч аваад ир” гэж автомашины түлхүүрээ өгсөн. Би зогсоол руу Ганбат машин руу очиж түрийвчийг нь авч Ганбат дасгалжуулагчид авч ирж өгсөн. Би түрийвч өгөх үедээ Ганбат дасгалжуулагчийн автомашиных нь түлхүүрийг өгөөгүй юм. Тэгээд хувцсаа солих гэтэл ажлаас “багажны шкафны түлхүүр яаралтай авч ирж өг” гэж хамт ажилладаг Оюунбаатар хэлсэн. Тэгээд би Ганбат дасгалжуулагчийн автомашины түлхүүр надад байсан болохоор Ганбатад дасгалжуулагчид хэлэлгүй, автомашиныг нь унаж Улаанбаатар татах хэсэг орохоор Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо Соёл амралтын хүрээлэнгийн зүүн урд нүхэн гарцаар буюу ертөнцийн зүгээр урдаасаа хойш чиглэлтэй төв зам руу орохоор зогссон. Тэгээд би төв замаар явж байгаа автомашинуудыг харж байгаад автомашингүй болох үед баруун гар тийш төв зам руу эргэхэд явган хүний гарцан дээр хүн тулаад ирсэн. Би тэр үед тоормос гишгэхэд нөгөө хүнийг автомашиныхаа баруун хажуу талаараа мөргөж унагасан. Тэгээд автомашинаа зогсоогоод буугаад ирэхэд автомашины баруун гар талд хохирогч хэвтэж байсан. Би хохирогчийг босоход туслаад автомашиныхаа хойд хаалгаар суулгах гэж байтал цагдаа хувцастай хүн ирсэн. Цагдаа надад хандаж хэлэхдээ “наад хүнээ хурдан аваад яв” гэж хэлсэн. Тэгээд би хохирогчоос биеийн байдлыг нь асуухад “ах нь гайгүй” гэсэн. Би хохирогч ахаас “хоёулаа эмнэлэг орох уу” гэж асуусан. Тэр үед хохирогч ах “зүгээрээ ах нь гайгүй байна, гэрт хүргээд өгчих” гэж хэлсэн. Би хохирогч ахаас гэрийн хаягийг нь асуусан. Хохирогч ах цэцэг төв мэдэх үү гэж асуусан. Би түүнд мэднэ гэж хариулсан. Тэр үед хохирогч ах “би гэрээ зааж өгье” гэж хэлсэн. Тэгээд би хохирогч ахаар гэрийн заалгаж цэцэг төвийн зүүн хойно байдаг Макс таур хойд талын төмөр хашаатай байрны гадаа хүргэж өгсөн. Тэр үед хохирогч ах энэ байр гэж хэлээд автомашинаас буусан. ...Би анх явган зорчигч мөргүүлсэн А цэгийг зааж өгсөн. Үзлэг хийх үед явган хүний гарц өнгөрөөд зам дээр цусны толбо байсан болохоор би тэрийг хараад би тэрийг хараад энд мөргүүлсэн гэж хэлсэн. ...Би талийгаач С.Сансарыг эмнэлэгт эмчлэгдэж байхад нь мөнгө төгрөг өгөөгүй. Тухайн үед өгье гэж хэлсэн боловч ар гэр нь хүлээн зөвшөөрөөгүй. Харин хохирогчийг нас барсны дараа буяны ажилд 1.000.000 төгрөг өгсөн. Өнөөдөр талийгаачийн хууль ёсны төлөөлөгчид 19.000.000 төгрөг өгч байгаа…” гэсэн мэдүүлэг /хх-116-117, 119-120/,

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Тамирын мөрдөн байцаалтад өгсөн “…Би талийгаач С.Сансарын ганц хүү нь байгаа юм. Би талийгаач эцэг С.Сансарын буяны ажилд нийт хэдэн төгрөг зарцуулсан талаар нарийн тооцоо гаргаагүй байна. 20.000.000 төгрөг болсон байх. Мөргөсөн жолооч талийгаач эцгийн минь буяны ажилд одоогоор мөнгө төгрөг өгөөгүй. Надад ослын талаар мэдэх зүйл байхгүй. Талийгаач аав маань гэрт ирээд ээжид автомашинд мөргүүлсэн тухайгаа хэлсэн байсан. Аав гэртээ орж ирэх үед чих, хамар, толгойноос нь цус гарсан. Толгойных нь баруун хэсэгт 2 хавдартай, хувцас руугаа цусаар бөөлжсөн юм ярьж чадахгүй байдалтай байсан гэсэн. Энэ үед ээж над руу залгаж аав чинь автомашинд мөргүүлсэн байна гэж хэлсэн.Тэгээд гэртээ ирээд түргэн тусламжийн 103-т дуудлага өгсөн. Удалгүй түргэн тусламж ирсэн. ...Эмнэлэгт ухаангүй очиж хэвтэн эмчлэгдэж байгаад 4 хоноод орой 19 цаг өнгөрч байх үед нас барсан юм. Маш их гомдолтой байна...” гэсэн мэдүүлэг /хх-36-38/,

 

Хохирогч Б.Ганбатын мөрдөн байцаалтад өгсөн “…Би 2019 оны 5 дугаар сарын 16-ны өдөр 18 цагийн үед өөрийн эзэмшлийн Т.Приус-20 маркийн 13-15 УБИ улсын дугаартай автомашинтай Төв цэнгэлдэх хүрээлэнгийн хөлбөмбөгийн талбай дээр ирж зогсоолд тавьсан. Тэгээд би хөлбөмбөгийн бэлтгэлээ хийж байтал усгүй болсон. Энэ үед манай тамирчин Н бэлтгэлдээ ирсэн. Би Над машины түлхүүр өгч машины голын хайрцагт түрийвч байгаа аваад ир гэж явуулсан. Би бэлтгэлээ хийж байтал орой 20 цагийн орчим манай тамирчин Н юм хэлэлгүй автомашины түлхүүрийг надад өгсөн. Тэгээд би бэлтгэлээ дуусгаж автомашинаа унаад гэрлүүгээ явах замдаа Наас юм асуухаар залгатал "дасгалжуулагчаа таны автомашиныг би унаж явсан" гэж хэлсэн. Би "аан тийм үү гээд" нэг их тоолгүй шууд гэртээ харьсан. Маргааш өдөр нь цагдаагаас над руу залгаж "13-15 УБИ дугаартай Т.Приус 20 маркийн машины эзэн мөн үү" гэж асуухаар нь "мөн" гэж хэлсэн. Тэр үед цагдаа надаас 5 дугаар сарын 16-ны орой 18 цагийн орчим та автомашинаа унаж замын хөдөлгөөнд оролцсон уу гэж асуусан. Тэр үед би "үгүй хөл бөмбөгийн бэлтгэлтэй" байсан гэж хэлтэл таны автомашинаар хүн мөргөсөн байна гэсэн. Би гайхаад юу билээ гэж бодоод 5 дугаар сарын 16-ны орой Над автомашины түлхүүрээ өгснөө санасан ...Нын утасны дугаарыг өгсөн      . ...би гэрээсээ машинаа унаад цагдаа дээр очиж, Болдбаатар гэх байцаагчтай утсаар ярьж осол болсон газар дээр очсон. ...Би Б.Над өөрийнхөө эзэмшлийн Тоёота Приус-20 маркийн 13-15 УБИ улсын дугаартай автомашиныг унах зөвшөөрөл огт өгөөгүй. ...Би Б.Ныг жолооч мөн эсэх талаар өмнө нь судалж байгаагүй болохоор жолоодох эрхтэй эсэхийг мэдэхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-174-175/,

 

Гэрч Ш.Оюунмаагийн “...Намайг эмнэлэг дээр очих үед ахын биед эхо үзсэн, дараа нь рентген зураг авсан, тэр үед ахыг үзэж байсан эмч надад цагдаад ослын талаар мэдэгд гэж хэлсэн. Тэгээд би ГССҮТ-ийн жижүүрийн цагдаад “манай ах автомашинд мөргүүлсэн байдалтай түргэн тусламжийн 103-аар хүргэгдэж ирсэн" гэж хэлсэн. “...тэр үед цагдаа хариуцах байцаагчид хэлж өгнө гэж хэлсэн.Мөн холбогдох байцаагчийн гар утсыг надад өгөхдөө нэрийг нь Дэлгэрбат гэж хэлж өгсөн. Тэгээд би цагдаад бүртгүүлчхээд буцаж ах дээрээ очиж имрай зураг авахуулчхаад анх үзлэг хийсэн өрөөнд очиход ах ганцаараа хэвтэж байсан. Тэр үед би ахаас хэдэн зүйл асуусан. Үүнд “агаа дүү нь байнаа гэж хэлээд “таныг том машин эсвэл жижиг автомашин мөргөсөн үү” гэж асуутал “жижиг машин” гэж хэлсэн. Дараа нь бас түүнээс “та гарцаар гарсан уу” гэж асуутал “тийм” гэж хэлсэн. “Жолооч эрэгтэй юу эсвэл эмэгтэй хүн байсан уу мөн та призерээр гарсан гарсан уу гэж асуутал "залуухан эрэгтэй хүн байсан, призерээр гарсан” гэж хэлсэн. Тэгээд би өрөөнөөс гарч байцаагч Дэлгэрбаттай холбогдож ахынхаа явсан маршрутыг хэлэхдээ ах барагцаагаар Энхтайваны ертөнцийн зүгээр зүүн талд хот талдаа призерээр гарч яваад нарны зам дээр мөргүүлсэн юм шиг байна гэж хэлсэн. ...2019 оны 05 дугаар сарын 17-ны өглөө 10 цаг өнгөрч байх үед Дэлгэрбат байцаагч над руу залгаж “чиний хэлсэн газрын ойролцоогоос ослын талаарх камерын бичлэг олсон" гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-177-178/,

Цогцост хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээний ¹1183 тоот актын “…Талийгаач С.Сансарын цогцост баруун чамархайн урд хэсгээс доош титэм заадас даган суурь ясны их далавчийн урд хэсэг, турк эмээл, баруун нүдний ухархайн дээд хананы шугаман хугарал, зүүн гайморын хөндийн урд, гадна хана, баруун нүдний ухархайн доод хана, зүүн нүдний ухархайн дотор хана, хамар ясны хугарал, тархины баруун чамархайн хатуу хальсан дээрх цусан хураа, зүүн дух, чамархай, зулайн хатуу хальсан доорхи цусан хураа, тархины хоёр чамархай суурь хэсгийн аалзан хальсан доорхи цус харвалт, цусархаг няцрал, баруун дух, чамархай, зулайн хуйхны дотор гадаргуу дахь цум хуралт, баруун чамархайн булчингийн цус хуралт, дух, баруун нүдний зовхинд цус хуралт, баруун хацар, зүүн тавхайн уланд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. ...Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Учрах үедээ амь насанд аюултай гэмтэл байна. Үүссэн дарааллыг нарийвчлан тогтоох боломжгүй. Шинэ гэмтэл байна. ...Үхэлд хүргэх өвчин эмгэг тогтоогдсонгүй. ...Талийгаач нь дээрх гавал тархины битүү гэмтлийн улмаас төвийн гаралтай амьсгал зүрх судасны дутагдалд орж нас баржээ. ...Талийгаачийн цусанд спиртийн агууламж илрээгүй, нас барах үедээ согтолтгүй байжээ...” гэсэн дүгнэлт /хх-185-186/,

            Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн ¹3071 тоот актын “…Шинжилгээнд ирүүлсэн “Б.Н 27/эр” гэж хаягласан “С0328957” серийн дугаартай хуруу шилтэй цасанд спиртийн агууламж илрэхгүй байна. ...Шинжилгээнд ирүүлсэн цус нь согтолтын зэрэг тогтоох шинжилгээнд зарцуулагдсан тул мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодис тодорхойлох боломжгүй байна...” гэсэн дүгнэлт /хх-63/,

 

Автотээврийн Үндэсний төвийн Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээч нарын 43918 дугаартай дүгнэлт: “...Уг автотээврийн хэрэгслийг тоног төхөөрөмж дээр хэмжилт хийж шалгахад урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ, урд болон хойд хоёр дугуйнуудын тоормосны хүчний зөрүү, зогсоолын тоормос, зүүн болон баруун гар талын их гэрлийн тусгалын чадал хол дээрээ хэвийн, дуут дохио, эргэх дохионы гэрэл, гэрэлтүүлэг, шил арчигч, шил угаагч, хаалга, цонх, цоож, аюулгүйн бүс, дугуйн хээний хэмжээ нь стандартын шаардлага хангаж байгаа нь техникийн бүрэн бүтэн байдлыг байна. ...Уг автотээврийн хэрэгсэл нь зүүн гар талын хойд хаалганы доод хэсэгт хонхойж зурагдсан сэвтэй, баруун гар талын хаалганы доод гол хэсэгт замаскатай, урд оврын гэрлийн чийдэн асахгүй, баруун гар талын хойд оврын гэрлийн чийдэн асахгүй, улсын дугаарын хоёр гэрлийн чийдэн асахгүй зэрэг эвдрэл гэмтэлтэй байна. ...Зүүн гар талын хойд хаалганы доод хэсэгт хонхойж зурагдсан сэвтэй, баруун гар талын хаалганы доод гол хэсэгт замаскатай, урд хоёр оврын гэрлийн чийдэн асахгүй, баруун гар талын хойд оврын гэрлийн чийдэн асахгүй, улсын дугаарын хоёр гэрлийн чийдэн асахгүй зэрэг эвдрэл гэмтэл нь автотээврийн хэрэгслийн ашиглалтын үед үүссэн байх тул уг зам тээврийн осол гарахад нөлөөлөхгүй. Зүүн болон баруун rap талын ойрын их гэрлийн тусгалын чадал стандартын шаардлагыг хангахгүй гэрлийн бүрхүүл шил шарлаж бохирдсон байгаа нь жолоочийн үзэгдэх орчинд сөргөөр нөлөөлөх боловч уг зам тээврийн осол 18 цаг 15 минутад болсон буюу орчны гэрэлтүүлэг сайн байсан учир уг нөлөөлөхөөргүй байна. ...Уг зам тээврийн осол гарахад нөлөөлөхөөр эвдрэл гэмтэл илрээгүй болно. ...Уг автотээврийн хэрэгсэл нь шингэн дамжуулгын ABS тоормосны системтэй...” гэсэн дүгнэлт /99-106/,

 

Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-5-6, 13-14/, Осол хэргийн газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-8, 16/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-9-11, 17-18, 22-23/, цогцосны гадна үзлэг хийсэн тэмдэглэл /хх-21/, Жолоочийн согтуурал шалгасан шинжээчийн дүгнэлт /хх-63/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-118/, шүүгдэгчийн оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-121/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-126/, хувийн байдлыг тодорхойлсон баримт /хх-123-125, 132-140/, мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгаж, хэргийн материал танилцуулсан баримт /хх-186-188/ зэргийг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Шүүгдэгч Б.Н нь 2019 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 18 цаг 15 минутын үед Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Соёл амралтын хүрээлэнгийн зогсоолоос баруун замд "Тоёота Приус" маркийн 13-15 УБИ улсын дугаартай тээврийн хэрэгслийг өмчлөгч Б.Ганбатын зөвшөөрөлгүйгээр авч яван замын хөдөлгөөнд оролцож явахдаа Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан "Жолоочид дараахь зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох", мөн дүрмийн 16.1-д заасан "Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө" гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Соёл амралтын хүрээлэнгийн баруун талын замаар явган хүний гарцаар гарч явсан явган зорчигч С.Сансарыг мөргөж, амь насыг нь хохироосон, дээрх автотээврийн гэмт хэргийг үйлдээд хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан болох нь дээр дурдсан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Тамир, хохирогч Б.Ганбат, гэрч Э.Санжаасүрэн, Ш.Оюумаа нарын мэдүүлгүүд,  шүүх эмнэлгийн шинжилгээний №1183 тоот актын дүгнэлт, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, шүүгдэгч Б.Нын сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

Шүүгдэгч Б.Нын Автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг,

мөн түүний Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг,

мөн түүний Зам тээврийн осол гаргасан жолооч хохирсон хүнд яаралтай эмнэлгийн тусламж үзүүлэх, зам тээврийн осол гаргасан талаар зохих байгууллага буюу цагдаагийн байгууллагад мэдэгдэх үүргээ биелүүлэлгүй хохирогчийг автотээврийн хэрэгсэлд суулган авч явсан, өөрөөр хэлбэл хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос шүүгдэгчийн дээрх үйлдлүүдийг зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Иймд шүүгдэгч Б.Ныг дээрх гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутай тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зүйтэй гэж дүгнэв.

 

Шүүгдэгч Б.Нын дээрх үйлдлийн улмаас нэг хүний амь нас хохирсон бөгөөд шүүгдэгчийн зүгээс талийгаачийн ар гэрт 22.500.000 төгрөгийг нөхөн төлсөн, мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч болон талийгаачийн ар гэрийн зүгээс шүүх хуралдаанд “...бид Б.Наас нийт 23.000.000 төгрөг хүлээж авсан. Иймд одоо түүнээс материаллаг хохирол гэж дахин нэхэмжлэх зүйлгүй.” гэдгээ илэрхийлж бичгээр хүсэлт гаргасан, мөн тус эрүүгийн хэрэгт хоирогчоор тогтоогдсон Б.Ганбатын “Тоёота Приүс-20” маркийн 13-15 УБИ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд уг ослын улмаас хохирол учраагүй байх тул шүүгдэгч Б.Ныг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүгдэгч Б.Нын дээрх үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй, харин түүний тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзаж, шүүгдэгч Б.Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилээр хасч, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500  нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар,

Эрүүгийн хуулийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500  нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ялтан Б.Над энэ тогтоолоор оногдуулсан торгох ялуудыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Б.Над оногдуулсан хорих болон торгох ялуудыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэв.

Мөн шүүгдэгч оногдуулсан хугацаатай хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүгдэгч Б.Н нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн СД 1 ширхэгийг хэрэгт хавсарган үлдээв.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 

  

1.Шүүгдэгч Монгол овогт Б-гийн Ныг Автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

мөн Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

мөн хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2.Шүүгдэгч Б.Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500  нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилээр хасч, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500  нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ялтан Б.Над энэ тогтоолоор оногдуулсан торгох ялуудыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ялтан Б.Над оногдуулсан хорих болон торгох ялуудыг тус тусад нь эдлүүлсүгэй.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Б.Над оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СиДи-г хэрэгт хавсаргасугай.

 

6.Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, Б.Н нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т зааснаар Б.Над оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан ялыг энэ тогтоолоор оногдуулсан хорих ялыг эдлэж дууссан үеэс тоолж, түүнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Над урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, эдлэх ялыг 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

9. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

10.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол  шүүгдэгч Б.Над авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

                                   

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     З.БОЛДБААТАР