| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Загдаагийн Болдбаатар |
| Хэргийн индекс | 185/2019/0900/Э |
| Дугаар | 927 |
| Огноо | 2019-10-31 |
| Зүйл хэсэг | 27.10.2.3., |
| Улсын яллагч | Б.Мөнгөншагай |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 10 сарын 31 өдөр
Дугаар 927
2019 10 31 2019/ШЦТ/927
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж,
нарийн бичгийн дарга Д.Амуундарь,
улсын яллагч Б.Мөнгөншагай,
хохирогчийн өмгөөлөгч Г.Гантуяа,
шүүгдэгч Л.Б, түүний өмгөөлөгч Ж.Хандсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасан гэмт хэрэгт Боржигон овогт Л-ын Бг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1903007540344 дугаартай хэргийг 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч,хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1981 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Баянхонгор аймгийн Баян-Уул суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, халх, бага боловсролтой, мэргэжилгүй, "Монре импекс" ХХК-нд слесарь ажилтай, ам бүл-6, эхнэр, 4 хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо Хувьсгалчдын Г-650 тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Боржигон овогт Л-ын Б, (регистрийн дугаар),
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч Л.Б нь 2019 оны 6 дугаар сарын 26-ны орой 18 цаг 40 минутын орчимд Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Төрийн ордны зүүн урд уулзвар замд "Тоёота приус-10" маркийн, 26-40 УНИ улсын дугаартай автомашиныг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.11-т заасан “Чиг заасан сум бүхий үндсэн ногоон гэрэл болон нэмэгдэл гэрэл дохио нь зөвхөн сум заасан чигт хөдөлгөөнийг зөвшөөрнө. Зүүн гар тийш эргэхийг зөвшөөрсөн сум нь буцаж эргэхийг мөн зөвшөөрнө. Нэмэгдэл гэрэл дохио асаагүй бол (гэрлэн дохионы зохицуулгатай үед) уг чигт хөдөлгөөнийг хориглоно.” гэснийг зөрчин “Сузуки” маркийн 56-46 УБ улсын дугаартай мотоциклыг мөргөсний улмаас жолооч Г.Гүенгийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Л.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт “…Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.
түүний мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар өгсөн: “…Би 2019 оны 6 дугаар сарын 26-ны оройн 18 цаг 30 минутад ажлаа тараад харих гэхэд дарга маань Сонгодо эмнэлэг рүү хүргээд өг гэхээр нь би зөвшөөрөөд тэгээд бид 2 хамт Сонгодо эмнэлэг рүү явж байсан тэгээд талбайн зүүн талын уулзвараар үндсэн ногоон гэрлээр ороод эргэж байхад гэнэт нэг мотоцикл уулзвараас гарч ирээд, мотоциклын хүн мотоциклоос унаад, хүн газар дээрээ үлдээд мотоцикл өөрөө гулсаж ирээд манай автомашиныг мөргөсөн. ...би тухайн үед гэрэл дохио андуурч орсон, тэгэхэд мотоцикл өөрөө миний машинаас 10-аад метрийн зайд унаад, мотоцикл нь миний машиныг мөргөсөн…” гэсэн мэдүүлэг /хх-50, 113/,
Хохирогч Г.Гүен нь мөрдөн байцаалтад хохирогчоор өгсөн: “…би 2019 оны 6 дугаар сарын 26-ны орой 18 цагийн орчимд өөрийн “Сузуки’’ маркийн 56-46 УБ улсын дугаартай мотоциклыг унаад Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Төрийн ордны зүүн урд уулзвар замд ногоон гэрэл асаж байхаар нь урдаас хойшоо чиглэлтэй чигээрээ явсан, тэгээд юу болсныг мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг /хх-35-36/,
Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээний ¹942 тоот актын “…Г.Гүенгийн биед тархины эсийн аксоны тархмал гэмтэл, баруун шуу ясны ил хугарал, гэмтлийн шалтгаант зүүн чөмөгний үрэвсэл, зулай, зүүн чамархай хэсгийн хуйханд зөөлөн эдийн няцрал, эрүү, дээд буйл, хуухнагт шарх, зөөлөн эдийн няцрал, дээд уруулд дотор салстад цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дух, баруун тохойд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хацар, тохой, өвдөг, гуя, шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. ...Гэмтлийн хэрэг тогтоох журмын 3.1.3-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. ...Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөх нь эдгэрэлт, эмчилгээний үр дүнгээс хамаарна...” гэсэн дүгнэлт /хх 53-54/,
Тээврийн цагдаагийн албаны Техникийн шинжээчийн 297 дугаартай дүгнэлт “...Замын хөдөлгөөний удирдлагын төв НӨҮГ-ын 2019.7.18-ны өдрийн 14/3а3256 тоот, Их сургуулийн гудамж, Ерөнхий сайд Амарын гудамжны уулзварын гэрлэн дохионы горим, Камерын бичлэг, Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, схем зураг, 1-25 дугаар гэрэл зургийн үзүүлэлт болон хавтаст хэрэгт авагдсан бусад эд мөрийн баримтыг үндэслэн Т.Приус 10 маркийн 26-40 УНИ улсын дугаартай автомашиныг жолоодож явсан Л.Б нь МУ-ын ЗХД-ийн 8.11 “Чиг заасан сум бүхий үндсэн ногоон гэрэл болон нэмэгдэл гэрэл дохио нь зөвхөн сум заасан чигт хөдөлгөөнийг зөвшөөрнө. Зүүн гар тийш эргэхийг зөвшөөрсөн сум нь буцаж эргэхийг мөн зөвшөөрнө. Нэмэгдэл гэрэл дохио асаагүй бол (гэрлэн дохионы зохицуулгатай үед) уг чигт хөдөлгөөнийг хориглоно." гэснийг зөрчсөн үндэслэлтэй байна. ...Сузуки маркийн мотоциклын жолооч Г.Гүен нь МУ-ын ЗХД-ийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна. ...Зам тээврийн осол нь замын байгууламж, замын тэмдэг, тэмдэглэгээ болон бусад нөхцөл байдлаас болсон гэх үндэслэлгүй байна...” гэсэн дүгнэлт /хх-96/,
Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-7-9/, Осол хэргийн газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-6/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-10-15/, хохирлын баримтууд /хх-39-48/, хохирогчийн өвчний түүх /хх-130-141/, Жолоочийн согтуурал шалгасан баримт /хх-17/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-116/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-117/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-119/, мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгаж, хэргийн материал танилцуулсан баримт /хх-149-150/ зэргийг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч Л.Б нь 2019 оны 6 дугаар сарын 26-ны орой 18 цаг 40 минутын орчимд Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Төрийн ордны зүүн урд уулзвар замд "Тоёота приус-10" маркийн, 26-40 УНИ улсын дугаартай автомашиныг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.11-т заасан “Чиг заасан сум бүхий үндсэн ногоон гэрэл болон нэмэгдэл гэрэл дохио нь зөвхөн сум заасан чигт хөдөлгөөнийг зөвшөөрнө. Зүүн гар тийш эргэхийг зөвшөөрсөн сум нь буцаж эргэхийг мөн зөвшөөрнө. Нэмэгдэл гэрэл дохио асаагүй бол (гэрлэн дохионы зохицуулгатай үед) уг чигт хөдөлгөөнийг хориглоно.” гэснийг зөрчин “Сузуки” маркийн 56-46 УБ улсын дугаартай мотоциклыг мөргөсний улмаас жолооч Г.Гүенгийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан болох нь дээр дурдсан хохирогч Г.Гүенгийн мэдүүлэг, шүүх эмнэлгийн шинжилгээний №942 тоот актын дүгнэлт, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, шүүгдэгч Л.Бгийн сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.
Шүүгдэгч Л.Б нь тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хохирогч Г.Гүенгийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч Л.Бг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай тооцож, хууль заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зүйтэй гэж дүгнэв.
Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч Г.Гүенгийн эмчилгээний зардалд нийт 1.032.060 төгрөг, мопедийн үнэ 1.875.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч нь шүүхийн шатанд хохирогчид учирсан дээрх хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан байна.
Мөн энэ гэмт хэргийн улмаас хохирогч Г.Гүенгийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан бөгөөд тэрээр цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай байх тул түүний цаашид гарах эмчилгээний зардлыг иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж шүүх үзэв.
Шүүгдэгч Л.Бгийн дээрх үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй, харин түүний хохирогчид учирсан хохирол төлбөрийг нөхөн төлсөн, мөн тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзав.
Шүүх шүүгдэгч Л.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, мөн түүний хувийн байдал зэргийг харгалзан түүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжтой гэж дүгнэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шүүгдэгч Л.Бгийн №983752 дугаартай жолооны үнэмлэхийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн албан шилжүүлж, 4 ширхэг СиДи-г хэрэгт хавсаргаж, мөн хэрэгт хавсаргаж ирүүлсэн 02198768 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ 1 ширхэгийг түүнд буцаан олгохоор шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Л.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Боржигон овогт Л-н Б нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л-ын Бг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасч, хорих ялыг оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч Л.Бд оногдуулсан 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан нэмэгдэл ялын хугацааг тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолж, түүнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
4.Шүүгдэгч Л.Б нь хэрэгт авагдсан баримтаар бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.
5.Хохирогч Г.Гүен нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 4 ширхэг СиДи-г хэрэгт хавсарган үлдээж, Л.Бгийн 983752 дугаартай жолооны үнэмлэхийг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлж, хэрэгт хавсаргаж ирүүлсэн тээврийн хэрэгслийн гэрчилгээ 1 ширхэгийг хууль ёсны эзэмшигчид нь буцаан олгосугай.
7.Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БОЛДБААТАР