| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нямжав Гэрэлтуяа |
| Хэргийн индекс | 191/2025/04999/И |
| Дугаар | 210/МА2026/01039 |
| Огноо | 2026-05-08 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 05 сарын 08 өдөр
Дугаар 210/МА2026/01039
*******-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 191/ШШ2026/01259 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: *******-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******-д холбогдох,
Худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж, 360,000,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, гэрээний дагуу гүүрэн краныг хүлээн авах буюу *******-ийн газар дээрээс авахыг нэхэмжлэгчид даалгуулах, гэрээний үлдэгдэл төлбөр 40,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Н.Гэрэлтуяа илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Анулан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:
1.1. Талууд 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр ******* тоот Гүүрэн кран худалдах, худалдан авах гэрээ байгуулж, *******-ийн эзэмшлийн 1986 онд ОХУ-д үйлдвэрлэгдсэн, 50 тоннын даацтай, ******* маркийн цахилгаан, бүрэн ажиллагаатай гүүрэн краныг 400,000,000 төгрөгөөр худалдах-худалдан авахаар тохиролцсон.
1.2. Төлбөр төлөх журмыг гэрээний 2.1-д зааснаар 100,000,000 төгрөгийг энэхүү гэрээ байгуулсан өдрөөс хойш ажлын 2 өдрийн дотор бэлнээр, 98,748,000 төгрөгийг гэрээ байгуулсан өдрөөс хойш 10 өдрийн дотор бэлнээр, мөн гэрээ байгуулсан өдөр барааны нийт үнийн дүнгийн 161,252,000 төгрөгт ******* тоотод байрлах, 57.59 м.кв талбайтай орон сууцыг 1 м.кв тутамд 2,800,000 төгрөгөөр тооцон шилжүүлэх, үлдэгдэл төлбөр болох 40,000,000 төгрөгийг барааг бүрэн хүлээн авч, ажиллагаанд оруулсны дараа бэлнээр төлөхөөр тус тус тохиролцсон.
1.3. Нэхэмжлэгч нь 100,000,000 төгрөгийг 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр, 98,748,000 төгрөгийг 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдөр тус тус бэлнээр төлсөн. ******* тоотод байрлах, 57.59 м.кв талбайтай орон сууцыг иргэн *******ийн нэр дээр шилжүүлж өгсөн. Харин хариуцагч нь гэрээнд заасан барааг зохих ёсоор хүлээлгэн өгөөгүй тул гэрээний үлдэгдэл төлбөр болох 40,000,000 төгрөгийг шилжүүлээгүй.
1.4. Гэрээний 3.2-т ...Худалдагч нь Хавсралт №1-д заасан барааг 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс хэтрүүлэлгүй Худалдан авагчид актаар хүлээлгэн өгнө. гэж, 9.2-т ...Барааг бүрэн угсарч ажиллагаанд орсноор гэрээг дуусгавар болсонд тооцно. гэж тус тус заасан. Гэтэл хариуцагч нь барааг зохих ёсоор нийлүүлж өгөөгүй, хүлээлгэх актаар хүлээлгэж өгөөгүй.
1.5. Хариуцагч нь гэрээгээр тохиролцсон барааг нэгэнт нийлүүлээгүй, хүлээлгэн өгөөгүй, мөн нэхэмжлэгч тал нь барааг хүлээн авах хүсэл зорилгогүй болсон учраас Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар гэрээнээс татгалзаж, өмнө нь шилжүүлсэн 360,000,000 төгрөгийг гаргуулах хүсэлтэй байна. Гэрээнээс татгалзаж буй тухайгаа Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1 дэх хэсэгт заасны дагуу бичгээр мэдэгдэж, уулзалт зохион байгуулахаар хандсан боловч хариуцагч тал нь огт хариу өгөөгүй юм. Мөн хариуцагч компанийн гэрчилгээ дээрх хаягаар мэдэгдэл хүргүүлсэн боловч тус хаягтаа оршин суудаггүй болох нь *******-ийн хариу бичгээр нотлогддог.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга:
2.1. Барааны хувьд асуудалтай, доголдолтой, хүлээлгэж өгөхгүй байгаа асуудал байхгүй. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 4.1-д ...авсан барааг хавсралтад заасан жагсаалтын дагуу 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авах үүрэгтэй... гэж заасан. Бид нэхэмжлэгч талыг өөрсдөө ирсэн тохиолдолд хүлээлгэж өгнө. Барааг хүлээлгэж өгье, талбайгаа чөлөөл... гэж удаа дараа хэлж байсан. Гэтэл эднийх таг чиг байж байж байгаад ...кранаа авахаа болилоо... гэсэн тайлбар хэлдэг.
2.2. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар ...гэрээнээс татгалзаж байгаа... гэж тайлбарладаг боловч хариуцагчийн зүгээс ямар нэгэн байдлаар үүрэг зөрчөөгүй, нэхэмжлэгч тал хүлэн авах үүргээ биелүүлээгүй. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх заалт нь гэрээнээс татгалзсанаас үүсэх үр дагавартай холбоотой болохоос татгалзалтай холбоотой хуулийн тайлбар биш.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авах боломжгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:
3.1. Гүүрэн кран худалдах-худалдан авах гэрээ-ний 4.1-д ..Худалдан авагч тал худалдан авсан барааг хавсралт №1-д заасан жагсаалтын дагуу 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн дотор хүлээн авна... гэж, 2.2.4-т ...Барааны нийт үлдэгдэл төлбөр болох 40,000,000 төгрөгийг худалдан авагч тал барааг бүрэн хүлээн авч ажиллагаанд оруулсны дараа худалдагч тал бэлнээр төлнө... гэж тус тус заасан.
3.2. Иймд гэрээний дагуу гүүрэн краныг хүлээн авах буюу *******-ийн газар дээрээс авахыг *******-д даалгах, гэрээний үлдэгдэл төлбөр болох 40,000,000 төгрөгийг *******-аас гаргуулж өгнө үү гэжээ.
4. Нэхэмжлэгчийн сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбар, татгалзлын агуулга:
4.1. *******-ийн хашаанд байгаа гүүрэн краныг хүлээн авахыг *******-д даалгах шаардлагыг манайх биелүүлэх, хүлээн авах боломжгүй. Гэрээний 4.1 нь манай эрх, хавсралт 1-д заасан жагсаалтын дагуу 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн дотор барааг хүлээлгэж өгөх үед нь хүлээн авна гэдэг ойлголт болохоос бид очиж хүлээн авна гэдэг ойлголт биш, хавсралт 1 гэдэг нь нэр төрөл, тоо, хэмжээг хэлж байгаа, манай эзэмшлийн кран биш учраас бид мэдэхгүй, манайд даалгаж байгаа нь үндэслэлгүй байна. Гэрээний үлдэгдэл төлбөр 40,000,000 төгрөгийг төлөх шаардлагыг үндэслэлгүй гэж үзэж байна. Бид бараа хүлээж аваагүй байж үлдэгдэл төлбөр төлөх үүрэггүй. Хариуцагч гэрээний үүргээ зохих ёсоор биелэгдээгүй. Бид Монторх компаниар шинжилгээ хийлгэж, дүгнэлт гаргуулахад энэ краныг ямар нэгэн байдлаар ашиглах боломжгүй гэсэн дүгнэлт гарсан. Ашиглах боломжгүй кран байх тул гэрээнээс татгалзаж байна. Өнөөдрийг хүртэл хариуцагч хариу тайлбараа ирүүлээгүйг шүүх харгалзан үзэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.
5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
5.1. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан, хариуцагч *******-аас 360,000,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******-д олгож, гүүрэн краныг гэрээний дагуу хүлээн авах буюу *******-ийн газар дээрээс авахыг нэхэмжлэгчид даалгуулах, гэрээний үлдэгдэл төлбөр 40,000,000 төгрөгийг гаргуулах тухай хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
5.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 2,028,150 төгрөгийн 1,957,950 төгрөг, хариуцагчийн төлсөн 428,150 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн илүү төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогоос буцаан гаргуулж, хариуцагч *******-аас улсын тэмдэгтийн хураамж 1,957,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******-д олгож шийдвэрлэжээ.
6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
6.1. Шүүх Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй гэснийг үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн. Хуулийн энэ зохицуулалтыг хэрэглэх үндсэн шаардлага нь үүрэг гүйцэтгүүлэгч үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоож, энэ хугацаанд үүрэг гүйцэтгэгч үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байх гэсэн шаардлага тавигддаг.
Гэтэл *******-ийн зүгээс гэрээний үүргээ биелүүлэх шаардлагыг хариуцагч *******-д ирүүлээгүй, харин краны талаар мэргэжлийн байгууллагаар дүгнэлт гаргуулахад энэ кран чанарын шаардлага хангах боломжгүй гэсэн дүгнэлт гарсан, түүнчлэн танай компани 2 жил болсон боловч барааг нийлүүлээгүй, иймд гэрээнээс татгалзаж байна гэсэн. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч гэрээнээс татгалзсан үндэслэлээ 1-рт барааны чанартай холбоотой, 2-рт гэрээний үүрэгтэй холбоотой гэж тайлбарласан. Энэ хоёр үндэслэл буюу нэхэмжлэгчийн гэрээнээс татгалзсан үндэслэлүүдийн аль аль нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт хамаарахгүй үндэслэлүүд юм.
6.2. ******* бараа буюу краны чанарын талаар Монторх ХХК-аар дүгнэлт гаргуулсан бөгөөд уг компанийн гаргасан дүгнэлтээр краны үндсэн дам нуруу нь гулзайсан тул краныг ашиглах боломжгүй гэсэн бол *******-ийн хүсэлтээр *******ийн 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн дүгнэлтээр краны дам нуруу буюу монорелсь нь бага зэргийн гулзайлттай хэдий ч ашиглах боломжтой гэсэн дүгнэлт гарсан байдаг. ******* краныг анх худалдаж авахдаа энэ талаар мэдэж байсан, энэ талаар *******-ийн зүгээс ч тайлбарлаж байсан.
6.3. Гэрээний 4.1-д ...Худалдан авагч нь худалдан авсан барааг хавсралт №1-д заасан жагсаалтын дагуу 2023 оны 03 дугаар сарын 20-ны дотор хүлээн авна. гэж, 3.2-т ...Худалдан авагч нь Хавсралт №1-д заасан барааг 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс хэтрүүлэлгүй худалдан авагчид актаар хүлээлгэн өгнө. гэж тус тус заасан. Өөрөөр хэлбэл, энэ хугацаанд худалдан авагч ******* барааг хүлээн авах, худалдагч ******* ямар нэгэн шалтаг, шалтгаангүйгээр барааг хүлээлгэн өгөх үүргийг тус тус хүлээсэн. Гэтэл шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 8-д ...хуульд зааснаар гэрээг үгийн шууд утгаар тайлбарлахад Худалдагч тал гүүрэн краныг хүлээлгэн өгч угсарч суурилуулах үүрэгтэй байна... гэжээ. Краныг ******* аймгийн төмөр замын терминалд ашиглахаар байсан ба энэ хүртэл тээвэрлэн, угсарч суурилуулах талаар ямар ч тохиролцоо тусгагдаагүй. Гэрээгээр тохирсон үнэ нь зөвхөн краны үндсэн үнэ бөгөөд бараа нь овор хэмжээ ихтэй, тээвэрлэж, угсарч суурилуулах зардал өндөр байдаг тул краныг газар дээр нь хүлээлгэн өгөх агуулга гэрээнд тусгагдсаныг шүүх анхаараагүй. Ийнхүү шүүх хэргийн талаар буруу дүгнэж, хэргийг буруу шийдвэрлэх нөхцөл бүрдэж цаашлаад хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
Иймд анхан шатны шүүх хэрэгт хамааралтай хуулийн зохицуулалтыг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.
7. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга:
7.1. Маргааны гол асуудал нь краныг хүлээлгэж өгөх байсан эсэх, эсхүл хүлээж авах байсан эсэх гэсэн 2 асуудал байгаа. Талуудын байгуулсан гэрээний 3.2-т ...барааг 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс хэтрүүлэхгүй худалдан авагчид актаар хүлээлгэж өгнө... гэж тохиролцсон. Гэрээний 4.1-д ...хавсралтад заасны дагуу барааг хүлээлгэж өгнө... гэж заасан. Мөн гэрээний 9.2-т ...барааг бүрэн угсарч ажиллагаанд орсноор гэрээг дуусгавар болсонд тооцно... гэж заасан. Нэхэмжлэгч тайлбарлахдаа ...барааг хүлээлгэж өгөөгүй учраас бид тухайн барааг ямар нэгэн байдлаар хүлээж аваагүй... гэдэг. Хариуцагч нь удаа дараа шаардаагүй гэж тайлбарладаг боловч энэ нь үндэслэлгүй. Бид *******-ийн оффист очиж удаа дараа шаардлага тавьдаг боловч зардлын асуудал шийдэгдээгүй гэх шалтгаанаар ...өөрсдөө ирж ав... гэж тайлбарладаг. Иймд хариуцагчийн гаргасан татгалзал үндэслэлгүй байна. Манай компани 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдөр гэрээнээс татгалзаж төлбөр нэхэмжлэх мэдэгдлийг хүргүүлж байсан.
7.2. Хариуцагч нь дүгнэлттэй холбоотой асуудлыг давж заалдах журмаар гаргасан гомдолдоо дурдсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч талаас хариу тайлбар гаргаагүй, харин сөрөг нэхэмжлэл гаргадаг. Сөрөг нэхэмжлэлээ *******ийн 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн дүгнэлтэд үндэслэн тайлбарладаг. Гэтэл бид хариуцагчтай 2023 онд кран худалдах-худалдан авах гэрээг байгуулсан. Уг асуудалд гэрээ байгуулснаас хойшхи хугацааны үйл баримт яригдахаас биш, краны дүгнэлт хүчин төгөлдөр эсэх, эд хөрөнгийн биет байдлын доголдолтой холбоотой асуудлыг нотлох асуудал биш гэж үзэж байна. Анхан шатны шүүх нийлүүлэлттэй холбоотой асуудлыг шийдвэрлэхдээ холбогдох хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн учир хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч талын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлд хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-д холбогдуулан худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж, 360,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч гэрээний дагуу гүүрэн краныг *******-ийн газар дээрээс авахыг даалгуулах, үлдэгдэл 40,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гарган маргажээ.
3. Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, дараах үйл баримтыг зөв тогтоосон байна. Үүнд:
3.1. Талуудын хооронд 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр ******* тоот Гүүрэн кран худалдах-худалдан авах гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр *******-ийн эзэмшлийн, 1986 онд ОХУ-д үйлдвэрлэсэн, 50 тоннын даацтай, ******* маркийн, цахилгаан, бүрэн ажиллагаатай гүүрэн краныг 400,000,000 төгрөгөөр нэхэмжлэгч ******* худалдан авахаар тохиролцсон. /хх 14-16/
3.2. Дээрх гэрээний дагуу 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 100,000,000 төгрөг, 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдөр 98,748,000 төгрөгийг тус тус бэлнээр, Хүрээ цамхаг ХХК-тай байгуулсан 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн Захиалгаар орон сууц барих гэрээ-гээр *******од байрлах, 57.59 м.кв талбай бүхий орон сууцыг 161,252,000 төгрөгт тооцож иргэн *******эд шилжүүлэх замаар нэхэмжлэгчээс хариуцагчид нийт 360,000,000 төгрөгийг төлсөн үйл баримтад талууд маргаангүй. /хх-6, 8, 9-12/
Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.
Гэтэл талууд гүүрэн краныг худалдагч тал хүлээлгэн өгөх үүрэгтэй байсан гэж, худалдан авагч тал хүлээн авах үүрэгтэй байсан гэж тус тус эсрэг тайлбар гарган маргажээ.
5. Анхан шатны шүүх гэрээг Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт заасны дагуу үгийн шууд утгаар тайлбарлан, ...худалдагч талын зүгээс гүүрэн краныг хүлээлгэн өгч, угсарч, ажиллагаанд оруулж гүүрэн краныг хүлээлгэн өгөх үүрэгтэй, нэхэмжлэгч нь гүүрэн краныг хүлээн авахаас татгалзсан гэж үзэх үндэслэлгүй... гэж дүгнэснийг буруутгах үндэслэл тогтоогдсонгүй.
5.1. Учир нь талуудын байгуулсан Гүүрэн кран худалдах-худалдан авах гэрээ-ний 3.2, 4.1-д зааснаас үзэхэд краныг хариуцагч нь 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдөр нэхэмжлэгчид хүлээлгэн өгөх үүргийг хүлээсэн байх боловч үүнээс хойш 2 жилийн хугацаа буюу нэхэмжлэгчийг 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 25/11 тоот албан бичгээр гэрээнээс татгалзаж, төлбөрөө буцаан гаргуулахаар шаардах хүртэл уг гэрээнд заасан эд хөрөнгийг хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй байна.
Ийнхүү хариуцагчийг гэрээний үүргээ биелүүлээгүйтэй холбоотой нэхэмжлэгч гэрээнээс татгалзаж, гэрээний дагуу шилжүүлсэн төлбөрийг буцаан гаргуулахаар шаардсан нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт тус тус нийцсэн.
5.2. Нэхэмжлэгч нэг тал гэрээгээр хүлээсэн үүргийнхээ дийлэнх хэсгийг биелүүлж, 360,000,000 төгрөгийг төлсөн, мөн гэрээний 2.2.4-т зааснаар үлдэгдэл 40,000,000 төгрөгийг худалдан авагч барааг бүрэн хүлээн авч, ажиллагаанд оруулсны дараа худалдагчид төлөхөөр тохиролцсоноос дүгнэхэд хариуцагч талын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүйгээс гадна краныг хүлээлгэн өгөх үүргийг хариуцагч хүлээхээр гэрээ болон хуульд заасан тул хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болсон.
5.3. Харин нэхэмжлэгч эд хөрөнгийн доголдолтой холбоотой гэрээг цуцлаагүй тул түүний шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн ******* худалдааны төвийн хашаанд байрлах ******* маркийн краны техникийн байдлыг тодорхойлсон дүгнэлт, мөн хариуцагч талын ирүүлсэн *******-ийн санал болгосон *******маркийн вандан краныг байршил дээр нь судлан гаргасан комиссын дүгнэлт гэх баримтын талаар шүүх нэмж дүгнэх шаардлагагүй байна.
Иймд хариуцагчийн ...Краныг ******* аймгийн төмөр замын терминалд ашиглах байсан, краныг тээвэрлэж, угсарч, суурилуулах талаар гэрээнд тусгагдаагүй, гэрээгээр тохирсон үнэ нь зөвхөн краны үндсэн үнэ бөгөөд овор хэмжээ ихтэй, тээвэрлэж, угсарч, суурилуулахад зардал өндөр учраас краныг газар дээр нь хүлээлгэн өгөх агуулга гэрээнд тусгагдсаныг шүүх анхаараагүй... гэх хариуцагчийн давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.
6. Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Шүүхийн шийдвэрт 2025 он гэж алдаатай бичигдсэн нь түүнийг өөрчлөх, хүчингүй болгох үндэслэл болохгүйг дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 191/ШШ2026/01259 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2,386,100 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ОДГЭРЭЛ
ШҮҮГЧИД Т.БАДРАХ
Н.ГЭРЭЛТУЯА