| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэчимэгийн Энэбиш |
| Хэргийн индекс | 101/2016/07592/И |
| Дугаар | 5728 |
| Огноо | 2015-08-08 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2015 оны 08 сарын 08 өдөр
Дугаар 5728
2016 оны 09 сарын 08 өдөр Дугаар 101/ШШ2016/05728 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн ..... хороо, Монос .......... тоотод оршин суух Х овогт Б /РД:УА/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүргийн, ..... хороо, Монос .......... тоотод оршин суух Г овгийн Х Г /РД:ТГ/-д холбогдох,
Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Б, хариуцагч Х.Ганзолбоо, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мишээл оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.Б миний бие 2006 онд Х.Г-той танилцаж, улмаар 2008 оны 07 сарын 07-нд гэрлэлтийн 1740 тоот баталгаагаар бүртгүүлж гэр бүл болсон билээ. Бидний амьдрах хугацаанд 2008 оны 06 сарын 25-нд охин М төрсөн. Бид зан харилцааны тааламжгүй байдлын улмаас 2013 оноос салж тусдаа амьдрах болсон. Цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Охин М -ыг миний асрамжид үлдээж, эцэг Х.Г-с хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү. Дундын өмч хөрөнгийн маргаангүй болно гэв.
Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гэрлэлт цуцлуулахыг хүлээн зөвшөөрч байна. Б надаас хүүхдийн тэтгэлэг авахгүй гэж байна. Бидний гэрлэлтийг хурдан цуцалж өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.Б, хариуцагч Х.Г-д холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэл шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч Ц.Б, хариуцагч Х.Г нар 2008 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллага бүртгэж 1740 тоот гэрчилгээ олгожээ. Тэд хамтран амьдрах хугацаанд 2008 оны 06 дугаар сарын 25-ны өдөр охин Г.М төрсөн болох нь хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, зохигчийн тайлбараар тогтоогдож байна.
Гэрлэгчид 2013 оноос хойш тусдаа амьдарч байгаа, нэхэмжлэгч, хариуцагч нар цаашид хамтран амьдрах боломжгүй, хэн аль нь гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч энэ талаар шүүх хуралдаанд тайлбар гаргасан тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “Энэ хуулийн 1З-т зааснаас бусад тохиолдолд гэрлэгчдийн харилцан тохиролцсон буюу тэдний хэн нэгний, эсхүл иргэний эрх зүйн эрхийн бүрэн чадамжгүй гэж тооцогдсон эхнэр, нөхрийн асран хамгаалагчийн нэхэмжлэлийн дагуу гэрлэлт цуцлах асуудлыг шүүх шийдвэрлэнэ” гэж заасныг үндэслэн зохигчдын гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзэв.
Зохигчид хүүхдийн асрамжийн талаар маргаагүй бөгөөд охин Г.М нь Ц.Б эхийн асрамжид байдаг гэх бөгөөд эцэг Х.Г шүүхэд гаргасан хариу тайлбартаа охин Г.М -ыг эхийн асрамжид үлдээхийг зөвшөөрсөн тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар охин Г.М -ыг эх Ц.Бийн асрамжид үлдээж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч шүүх хуралдаанд хариуцагчаас хүүхдийн тэтгэлэг гаргуулах шаардлагаасаа татгалзсан, эд хөрөнгийн маргаангүй гэсэн болохыг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан Х адууныхан овогт Ц-ын Б, Г овгийн Х Г нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2008 оны 06 дугаар сарын 25-ны өдөр төрсөн охин Г.М -ыг эх Ц.Бийн асрамжид үлдээсүгэй.
3. Нэхэмжлэгч хүүхдийн тэтгэлэг гаргуулах шаардлагаасаа татгалзсан болно. Эд хөрөнгийн маргаан үүсгээгүй болохыг дурдсугай.
4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар хүүхдийн эрх ашиг, сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулах, хэн нэгнийхээ хүүхдээ хүмүүжүүлэхэд эдлэх тэгш эрхийг хязгаарлаж болохгүйг дурдсугай.
5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ