Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2026/00761

 

 

 2026          04             08                                      210/МА2026/00761

 

 

 

 

*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, шүүгч Н.Оюунтуяа, Г.Нямсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 192/ШШ2025/09637 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч *******, ******* нарт холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Гэм хорын хохиролд 128,067,271 төгрөг, цаашид сар бүр 2,144,145 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг зохигчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд үндэслэн шүүгч Г.Нямсүрэн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд Нэхэмжлэгч *******, түүний өмгөөлөгч *******, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Эрдэнэжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга:

1.1 Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх гэмт хэрэг үйлдсэн этгээд болох *******ийн тээврийн х

эрэгсэл жолоодох эрхийг 3 жилээр хасаж, 2 жилийн хорих ялаар шийтгэснийг Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шийтгэх магадлалаар хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Одоо ялтан ******* нь ШШГЕГ-ын харьяа *******гийн ******* дүгээр нээлттэй хорих ангид ял эдэлж байгаад, 2024 оны 1 дүгээр сард хугацаанаас өмнө тэнсэж суллагдсан. Осол болох үед ******* нь өөрийн төрсөн эцэг *******ын эзэмшлийн Приус маркийн ******* дугаартай автомашиныг жолоодон явсан бөгөөд анхан шатны шүүхийн хэлэлцүүлэг дээр ослын улмаас учирсан хохирлыг төлж, барагдуулах үүргээ хүлээнэ гэж мэдүүлж байсан бөгөөд иргэний хуулийн 497, 511 дүгээр зүйлд заасны дагуу тээврийн хэрэгслийн эзэмшигч *******ыг хамтран хариуцагчаар татсан.

1.2. Миний хүү ******* нь амьд ахуйдаа ээж намайг маш ихээр хайрлан, бүхий л зүйлээ зориулдаг байсан. Миний бие 2018 оноос эрүүл мэнд муудаж, Монгол Улсад булчингийн хавдар гэж оношлогдож байсан бөгөөд 2019 онд БНХАУ-ын Хөх хотын эмнэлэгт очиж оношлуулахад Булчингийн хорт хавдар биш ******* хорт хавдар гэж оношилсон. Энэхүү өвчин нь 100,000 хүнд 1 тохиолдох өвчин туссан. Миний хүү ******* ээж намайгаа БНХАУ-ын Хөх хотод эмчлүүлэн, хавдрын өсөлтийг бууруулан эмчлүүлж өгсөн бөгөөд одоо миний бие нь ХСҮТ-ийн элэг цөсний тасгийн эмч нарын хяналтад байдаг...

1.3. Иргэний хуулийн 497, 508 дугаар зүйлд зааснаар иргэн хувиараа хөдөлмөр эрхлэх эрхтэй бөгөөд 2021-2022 оны 9 дүгээр сарыг дуустал хугацаанд амь хохирогч *******ын сарын дундаж орлого 3,068,797 төгрөг. Амь хохирогч ******* нь нийгмийн даатгалын санд аж ахуйн нэгж байгууллагад ажиллаж байх хугацаандаа болон сүүлийн жилүүдэд сайн дурын нийгмийн даатгалд хамрагдаж байсан тул түүний төрсөн охин ******* нь тэжээгчээ алдсаны тэтгэмжийг 572,400 төгрөгөөр тогтоосон. Амь хохирогч *******ын хүн амын орлогын албан татвар, сайн дурын нийгмийн даатгалын дараах сар бүрийн орлого 2,716,545 төгрөг бөгөөд үүнээс Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.3-т заасны дагуу *******гийн тэжээгчээ алдсаны тэтгэмж болох 572,400 төгрөгийг хасвал 2,144,145 төгрөгийг Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.2, 508.4.2-т заасны дагуу хариуцагч нараас гаргуулж өгнө үү. Мөн энэ дүнгээр тооцож гэм хорын төлбөрт 68,949,605 төгрөг гаргуулна.  

1.4. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2025.02.17-ны өдрийн 306 дугаартай Шинжээчийн дүгнэлтээр нэхэмжлэгч сэтгэцэд тухайн гэмт хэргийн улмаас ******* дасан зохицолтын эмгэг оношлогдсон, дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн *******-р зэрэглэлд хамаарна, цаашид сэтгэл заслын болон нийгмийн тусламж үйлчилгээ шаардлагатай байна гэсэн... Дөрөвдүгээр зэрэглэл нь Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нь 23-45.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү буюу 18.216,000-36,424,080 төгрөг гэж тооцохоор байгаа. Амь хохирогч ******* нь 2022.09.06-ны өдөр буюу Шүүх шинжилгээний хууль хүчин төгөлдөр дагаж мөрдөхөөс өмнө нас барсан. Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдахаас өмнө Эрүүгийн хэргийн шүүх болон Иргэний хэргийн шүүхүүд гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлыг тухайн үед үйлчилж байсан холбогдох хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрлэж ирсэн. Үе үеийн Эрүүгийн хууль, Эрүүгийн процессын хуулиар хохирогчийн зөрчигдсөн эрхийг нөхөн сэргээх зорилтыг хуульчилсан байдаг. Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-д гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцохоор, хуулийн 2.5 дугаар зүйлийн 4.1-д "их хэмжээний хохирол" гэж тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээг ойлгохоор, Эрүүл мэндийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д "эрүүл мэнд" гэж хүн өвчин эмгэггүй, бие бялдар, оюун санаа, нийгмийн амьдралын хувьд сайн сайхан байхыг ойлгохоор заасан. Нэхэмжлэгч *******гийн хувьд ******* гэдэг ганц хүүтэй байсан бөгөөд хүү ******* нь асран хамгаалах хүнгүйн улмаас эрүүл мэндийн хувьд оюун санаа, бие бялдрын хувьд улам доройтсоор байна. Хүний амь насны хохирлыг үнэлэхэд бэрхшээлтэй боловч Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 4.1-д заасны дагуу их хэмжээний хохирлын хамгийн бага үнийн дун болох 50,000,000 төгрөгөөр нэхэмжлэх үндэстэй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэгч *******д сэтгэл санааны эрүүл мэндэд учирсан хохиролд 50,000,000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү.

1.5. Мөн өмгөөлөгчийн төлбөрт 3,000,000 төгрөг, хойчийн буяны ном уншуулсан төлбөрт 5,089,000 төгрөг, талийгаач хүү *******ын 80687600 утасны дугаарын төлбөр төлсөн 91,126 төгрөг, цогцос хадгалсны төлбөрт 90,000 төгрөг, сууц өмчлөгчдийн холбооны төлбөрт 245,000 төгрөг, шүүхэд болон шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн ******* аймгийн Замын Үүд сумаас ирж, буцсан замын зардалд 548,800 төгрөг, шуудангийн зардалд 3,740 төгрөг, давж заалдах шатны шүүхэд хариу бичүүлсэн хууль зүйн төлбөрт 50,000 төгрөг хариуцагч нараас гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн татгалзал, түүний үндэслэлийн агуулга:

2.1. Өмгөөлөгчийн хөлсөнд 3,000,000 төгрөг нэхэмжилсэн нь хохирогч сайн дурын үндсэн дээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрхээ эдэлж, өөрийн эрх ашгийг хамгаалуулахаар өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авсан зардал болохыг анхан шатны шүүх хуралдаанаас тогтоосон. Буяны ном уншуулсан зардал 5,089,000 төгрөг гэж нэхэмжилсэн мөнгийг Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс тогтоосон төлбөр болох 7,635,713 төгрөгийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бүрэн төлсөн ба нэхэмжлэлд байгаа баримтууд нь хэрэг хянан шийдвэрлэгдэхээс өмнөх он сартай баримтууд байна. Мөн баримтууд нь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааны явцад бодит төлбөрийг тогтоох үед байсан ба нэхэмжилж байгаа уг төлбөр нь төлөгдсөн. “*******” ХХК-ийн утасны төлбөрийг ахуйн хэрэглээний төлбөр гэж үзэн төлбөл зохих хохирлын дүнд тооцохгүйгээр шийдвэрлэсэн. Цогцос хадгалсан төлбөрийн төлсөн. СӨХ-ны 245,000 төгрөгийн баримт нь 2018, 2019, 2020, 2021, 2022 оны төлбөрүүд байх тул эрүүгийн хэрэгт хамааралгүй. Замын зардал гэх нэхэмжлэл нь бодит үнийг заагаагүй байх ба давж заалдах шатны шүүх хуралд оролцохоор ирж буцах тасалбарын үнийг бидний зүгээс төлсөн тул хүлээн зөвшөөрөхгүй. Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс төлбөл зохих бодит хохиролд 7,635,713 төгрөг тогтоосноос бодит хохиролд 2022.11.02-ны өдөр 7,766,247 төгрөг, мөн 2023.03.23-ны өдөр сэтгэл санааны хохиролд 5,000,000 төгрөг төлсөн. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

3.1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******, ******* нараас 20,781,740 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлээс үлдэх 107.285.731 төгрөгийг, цаашид тэжээн тэтгэх төлбөрт сар бүр 2,144,145 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.7 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, хариуцагч *******, ******* нараас улсын тэмдэгтийн хураамжид 261,858 төгрөгийг гаргуулж улсын орлого болгож шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. ...Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 2-т заасны дагуу Засгийн газрын 2018.05.30-ны өдрийн 161 дүгээр тогтоолоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тооцох, санхүүжүүлэх журам батлагдсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тооцох, санхүүжүүлэх журмын 2.6.6-д ...төлбөрийн чадваргүй хохирогч, гэрчийн өмгөөлөгчийн өмгөөллийн үйлчилгээний хөлсийг хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээнд заасан хэмжээгээр тооцно гэж заасан. Иймд өмгөөлөгчийн хөлс нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлын нэг төрөл мөн бөгөөд нэхэмжлэгч нь иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өмгөөлөгч ******* 1,000,000 төгрөгийг өмгөөллийн хөлсөнд авсан болохыг гэрчийн мэдүүлгээр, мөн 3,000,000 төгрөг хэрхэн шилжүүлснээ иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоолгосон. Өмнө нь өмгөөлөгч *******тай байгуулсан гэрээний хуулбарыг нотлох баримтаар өгсөн нь нотлох баримтын шаардлага бүрэн хангахгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

4.2.Хариуцагч *******ийн гэм буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгч *******гийн ганц хүү *******ын амь нас хохирсон. Амь хохирогч ******* нь ээжийнхээ эрүүл мэнд, бусад амьдралын наад захын хэрэгцээг нь хангах, тэжээн тэтгэн амьдарч байсан. Эрүүгийн хуульд гэмт хэргийн улмаас учирсан их хохирлын их хэмжээний доод хязгаарыг 50,000,000 төгрөг гэж тогтоосон тул энэ хэмжээгээр тооцож нэхэмжлэл гаргасан тул энэ хэмжээгээр тооцон гаргах боломжтой. Гэтэл шүүх ямар учраас 15,000,000 төгрөгөөр тогтоож шийдвэрлэсэн үндэслэлгүй. Тус мөнгө нь оршуулгын зардалд ч хүрэхгүй. 2002 оны Эрүүгийн хууль, Эрүүгийн процессын хуулиар хохирогчийн зөрчигдсөн эрхийг нөхөн сэргээх зорилтыг Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1, мөн хуулийн 2.5 дугаар зүйлийн 4.1, мөн Эрүүл мэндийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д хуульчилсан.

Нэхэмжлэгчийн хувьд ******* гэдэг ганц хүүтэй байсан бөгөөд хүү ******* нь асран хамгаалах хүнгүйн улмаас эрүүл мэндийн хувьд оюун санаа, бие бялдрын хувьд улам доройтсоор байна. Хүний амь насны хохирлыг үнэлэхэд бэрхшээлтэй боловч Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 4.1-д заасны дагуу их хэмжээний хохирлын хамгийн бага үнийн дүн болох 50,000,000 төгрөг нэхэмжлэх үндэслэлтэй.

4.3. ******* нь 2021-2022 оны 09 сарыг дуустал хугацаанд сарын 3,068,797 төгрөгийн дундаж орлого олдог байсан. Мөн аж ахуйн нэгж байгууллагад ажиллаж байх хугацаандаа болон сүүлийн жилүүдэд сайн дурын нийгмийн даатгалд хамрагдаж байсан тул түүний төрсөн охин ******* нь тэжээгчээ алдсаны тэтгэмжид 572,400 төгрөг авахаар тэтгэмж тогтоогдсон. Харин нэхэмжлэгч ******* нь тэтгэврийн орлогоос өөр орлогогүй, хоол хүнс, эмчилгээний төлбөргүй, сэтгэл санаа болон ахуйн амьдралын хувьд доройтолд орсон. Амь хохирогч *******ын сарын дундаж орлогыг 3,172,237 төгрөг гэж үзвэл, ХХОАТ 2024.01.01-ний өдрөөс өмнө 10 хувиар тооцдог байсан бөгөөд 2024.1.1-ний өдрөөс хойш орлогын 1 хувиар тооцдог болсон. Мөн Нийгмийн даатгалын санд Нийгмийн даатгалын Ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.3-т төлбөр зохих 13,5 хувийн мөнгөн дүнг хасч тооцвол амь хохирогч нь ХХОАТ, Сайн дурын даатгалын дараах сар бүрийн орлого 2,716,545 төгрөг байхаар байна. Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.3-т заасны дагуу амь хохирогчийн олох байсан орлого 2,716,545 төгрөгөөс амь хохирогчийн охин *******д тогтоосон 572,400 төгрөгийн тэжээгчээ алдсаны тэтгэмжийг хасахад 2,144,145 төгрөг болох бөгөөд үүнийг Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.4.2-т заасны дагуу хариуцагч нараас сар бүр гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг шүүх Гэр бүлийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-т заасныг баримтлан шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Иймд Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.4.2, 508.4.4-т тус тус заасны дагуу хариуцагч нараас сар бүр 2,144,145 төгрөг гаргуулах хууль зүйн үндэслэлтэй.

4.4. Мөн 68,949,605 төгрөг нь амь хохирогчийн нас барснаас хойш анхан шатны шүүхэд хамгийн сүүлд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа тодруулан бичгээр гаргах хүртэл хугацаагаар тодорхойлсон, татвар, НДШ-ийг тус тус хассан, олох ёстой байсан орлого тул гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэж үзэх үндэслэлтэй. Иймд нотлох баримтыг буруу үнэлж хэргийг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч талын тайлбарын агуулга:

5.1.Өмгөөллийн хөлстэй холбоотой нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүх шүүхийн шийдвэр үндэслэлтэй. Амь хохирогч хувиараа хөдөлмөр эрхэлдэг байсан гэж тайлбарладаг. Анхан шатны шүүхийн шийдвэрийн дүгнэлт хэсэгт Гэр бүлийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.2-т заасныг баримталсан. Гэр бүлийн тухай хуульд хөдөлмөрийн чадваргүй гэр бүлийн гишүүд гэх нэр томьёолол тусгагдсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нэхэмжлэгчийг хөдөлмөрийн чадваргүй гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Талийгаачийн олж байсан орлогыг нэхэмжлэгчийн олох ёстой байсан орлого гэх үзэхгүй. Мөн талийгаачийн олж байсан орлого нь гэмт хэргийн хохирол, хор уршигт хамааралгүй. Иймд 68,949,605 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хэрэгт авагдсан нотлох баримт болон хуулийн зүйл заалтад нийцсэн тул нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй гэжээ.

6. Хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлын агуулга:

6.1. Шийдвэрийн үндэслэх хэсгийн 14.2-т заасныг хүлээн зөвшөөрөхгүй, хууль зүйн үндэслэлгүй, хэргийн нөхцөл байдал, хэрэгт цугларсан нотлох баримттай нийцээгүй. Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д заасан ерөнхий зарчим бөгөөд хууль болон хуульчилсан актыг хүчин төгөлдөр болсон үеэс нь үүссэн эрх зүйн харилцааг зохицуулахад тухайн актыг хэрэглэнэ гэсэн агуулгаар ойлгоно. Уг акт хүчин төгөлдөр болохоос өмнө үүссэн харилцаанд өмнө нь хүчин төгөлдөр үйлчилж байсан хуулийг хэрэглэнэ. Энэ нь эрх зүйн харилцаанд болон харилцаанд оролцогчдын зан үйлийн журам нь тогтвортой байх нөхцөлийг бүрдүүлнэ гэж ойлгоно. Гэтэл Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3, 230 дугаар зүйлийн 230.2-т заасан өөрчлөлтүүд, Монгол Улсын Их Хурлаас 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр өөрчлөн найруулсан хэдий боловч Шүүх шинжилгээний тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.6-д заасан нь дээр дурдсанчлан Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д заасантай зөрчилдөж байна. Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2-т заасныг Улсын Дээд шүүхийн 2009.05.22-ны өдрийн ******* дугаартай тогтоолын 6.2.4-т тайлбарласнаас үзвэл хэрэг учрал болсон 2022.09.06-ны өдрөөс тооцоход сэтгэцэд учирсан хохиролтой холбогдох хуулийн зохицуулалтыг буцаан хэрэглэх боломжгүй.

6.2. Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2025.02.17-ны өдрийн ******* дугаартай шинжээчийн дүгнэлт нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т заасантай зөрчилдөж байна. Хариуцагч *******ийн гэм буруутай холбогдох асуудлаар Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023.01.16-ны өдрийн 96 дугаартай Шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2023.03.28-ны өдрийн 329 дугаартай Магадлал хэрэгт авагдсан бөгөөд сэтгэцэд учирсан хохирлын асуудлаар шат шатны шүүхээс дүгнэлт хийсэн. Мөн анхан шатны шүүх нь дээрх 306 дугаартай шинжээчийн дүгнэлтийг үндэслэж ...сэтгэл санааны хохиролд тодорхой мөнгөн дүнгээр сэтгэл санааны хохирлыг хариуцагчаар нөхөн төлүүлэх зүйтэй гэж үзсэн болно гэсэн нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн үндэслэлд хамаарна. Уг шинжээчийн дүгнэлтийг бусад нотлох баримттай харьцуулан үзэхгүйгээр шийдвэрийн үндэслэл болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан зарчмыг зөрчсөн.  

6.3. Энэхүү шинжээчийн дүгнэлт нь нотолгооны давуу байдалтай онцгой хэрэгсэл биш тул анхан шатны шүүх нь хэрэгт авагдсан бусад нотлох баримттай тал бүрээс нь харьцуулан үзсэний үндсэн дээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчсөн. Шүүх шийдвэр гаргахдаа шинжээчийн дүгнэлтийг үндэслэл болгосон тохиолдолд хэрэгт авагдсан бусад нотлох баримт нь шинжээчийн дүгнэлтээр хэрхэн үгүйсгэгдэж байгаа болон хэргийн шийдвэрлэлтэд хэрхэн нөлөөлж байгаа үндэслэлийг тодорхой зааж өгөх ёстой боловч энэ талаарх дүгнэлтийг хийлгүй, орхигдуулсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагч нараас сэтгэл санаанд учирсан хохиролд 15,000,000 төгрөгийг гаргуулах хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

7. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга:  

7.1. Манай талын давж заалдах гомдлын агуулга хариу тайлбартай давхацна гэжээ.

      ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар зохигчийн гомдлын зарим хэсгийг ханган, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******, ******* нарт холбогдуулан өмгөөлөгчийн төлбөрт 3,000,000 төгрөг, оршуулах зан үйлд 5,089,000 төгрөг, утасны хэрэглээний төлбөрт 91,126 төгрөг, цогцос хадгалсны төлбөрт 90,000 төгрөг, сууц өмчлөгчдийн холбооны төлбөрт 245,000 төгрөг, замын зардалд 548,800 төгрөг, шуудангийн зардалд 3,740 төгрөг, хууль зүйн үйлчилгээний төлбөрт 50,000 төгрөг, эдийн бус гэм хорын хохиролд 50,000,000 төгрөг, гэм хор учруулсны төлбөрт 68,949,605 төгрөг, цаашид сар бүр 2,144,145 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

3. Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “...эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхэд өмгөөлөгчийн төлбөрт 3,000,000 төгрөг, сууц өмчлөгчдийн холбооны төлбөр гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосон...хойдын буяны үйлд зарцуулсан төлбөр, цогцос хадгалах зардлыг төлсөн...гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хохиролд 50,000,000 төгрөг шаардах үндэслэлгүй... эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 7,766,247 төгрөг, сэтгэл санааны хохиролд 5,000,000 төгрөг төлсөн” гэх үндэслэлээр маргажээ.

4. Хэргийн баримтаар Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023.01.16-ны өдрийн 2023/ШЦТ/96 дугаар шийтгэх тогтоолоор, ******* нь 2022.09.06-ны өдөр 21 цаг 10 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, “*******” ШТС-ын зүүн замд тоёота приус маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа явган зорчигч *******ыг мөргөж, түүний амь насыг хохироосон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч *******ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, нээлттэй хорих байгууллагад ялыг эдлүүлэхээр, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжлэлийн шаардлагаас “өмгөөллийн хөлс 3,000,000 төгрөг гаргуулах” хэсгийг хэрэгсэхгүй болгож, “сэтгэл санааны хохирол, тэжээн тэтгэхтэй холбоотой болон хохирлын бусад баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэсэн байна. /1хх-6-12/

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023.03.28-ны өдрийн 2023/ДШМ/329 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ. /1хх-13-19/

5. Анхан шатны талуудын хооронд зөрчлийн улмаас үүсэх үүргийн харилцаа үүссэн болохыг зөв тодорхойлсон боловч үүнээс улбаалан эдийн болон эдийн бус гэм хор, хохирогч нас барснаас учирсан гэм хорыг арилгах талаар зарим зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн алдааг залруулна.  

6. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас оршуулах зан үйлд 5,089,000 төгрөг, цогцос хадгалах 90,000 төгрөг, замын зардал 548,800 төгрөг, шуудангийн зардал 3,740 төгрөг, хууль зүйн туслалцааны төлбөр 50,000 төгрөг, нийт 5,781,540 төгрөгийг хариуцагч нараас гаргуулан шийдвэрлэсэнд хариуцагч тал гомдол гаргаагүй. Мөн утасны төлбөр 91,126 төгрөг, сууц өмчлөгчдийн холбооны төлбөр 245,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосонд нэхэмжлэгч тал гомдол гаргаагүй тул эдгээр шаардлагын талаар тухайлан дүгнэх шаардлагагүй.

7. Нэхэмжлэгч нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хууль зүйн туслалцаа авч өмгөөлөгчид төлсөн 3,000,000 төгрөгийг хохиролд тооцон шаардсаныг эрүүгийн хэргийн шүүх “хохирогч сайн дурын үндсэн дээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрхээ эдэлж, өөрийн эрх ашгийг хамгаалуулахаар өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авсан зардал нь тус хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад хамааралгүй” гэж дүгнэн уг шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ. Анхан шатны шүүх энэ үндэслэлээр нэхэмжлэгчийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т зааснаар нэхэмжлэгчийн энэхүү шаардлагыг эрүүгийн хэргийн шүүх нэгэнт шийдвэрлэсэн байх тул уг нэхэмжлэлийг нэхэмжлэгч иргэний журмаар дахин гаргах эрхгүй, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй.

8. Анхан шатны шүүх гэм хор учруулсны төлбөрийн талаар хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэн Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.2, 508.3, 508.4, 509 дүгээр зүйлийн 509.1-т тус тус заасан журмын дагуу үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.

8.1. Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1-д зааснаар хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон энэ хуулийн 508.5-д зааснаас бусад гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй.

Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.2-т зааснаар гэм хор учруулсны төлбөрийг нас барсан хохирогчийн асрамжид байсан буюу нас барах үед түүнээс тэтгэвэр авах эрхтэй байсан хөдөлмөрийн чадваргүй этгээд, хохирогчийг нас барсны дараа төрсөн хүүхэд тус тус, түүнчлэн нас барагчийн найман нас хүрээгүй хүүхэд, дүү, ачийг асран хүмүүжүүлж байгаа байнгын цалин хөлс орлогогүй эцэг, эх, нөхөр /эхнэр/-ийн аль нэг нь авах эрхтэй.

Гэр бүлийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-т хөдөлмөрийн чадвартай хүүхэд нь төрүүлсэн, үрчлэн авсан хөдөлмөрийн чадваргүй эцэг, эх, хойт эцэг, хойт эхээ тэжээн тэтгэх үүрэгтэй болохыг анхан шатны шүүх тодорхойлсон хэдий ч нэхэмжлэгчийг хөдөлмөрийн чадваргүй болох талаар эрх бүхий байгууллагын дүгнэлтгүй, хөдөлмөрийн чадваргүй талаар шүүхэд мэдүүлээгүй хэмээн дүгнэсэн нь тухайн хэргийн нөхцөл байдалд нийцсэн үндэслэл бүхий болж чадсангүй. Тодруулбал, үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг тогтоох эрх бүхий байгууллагын дүгнэлт шаардсан нь Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.2-т заасан “хөдөлмөрийн чадваргүй этгээд”-ийг тодорхойлох агуулгад нийцэхгүй. 

Нэхэмжлэгч ******* нь 72 настай, амь хохирогч ******* нь түүний ганц хүүхэд байсан, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хууль ёсны хохирогчоор тогтоогдсон, ******* аймгийн ******* сумын ******* дугаар багт ам бүл ганцаар оршин суудаг, аймгийн нэгдсэн эмнэлгийн хяналтад байдаг нь хэргийн баримтаар тогтоогдсон нөхцөл байдлыг харгалзан амь хохирогчоос тэтгэвэр авах эрхтэй байсан хөдөлмөрийн чадваргүй этгээд гэж үзэх үндэслэлтэй. /1хх-5, 59, 68/

8.2. Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.3-т зааснаар төлбөр гаргуулах хэмжээг тогтоохдоо нас барагчид өөрт нь болон түүний асрамжид байсан хөдөлмөрийн чадвартай бөгөөд төлбөр авах эрхгүй этгээдэд оногдох хэсгийг хасаад нас барагчийн сарын цалин хөлс, орлогын дунджаар тогтооно. Түүнчлэн төлбөр авагч тус бүрт тогтоосон төлбөрийн хэмжээнээс тэжээгчээ алдсаны тэтгэврийг хасна.

Нэхэмжлэгч нь амь хохирогч ******* 2021.01.01-ний өдрөөс 2022.09.05-ны өдөр хүртэлх 1 жил 8 сарын хугацаанд Худалдаа хөгжлийн банкны 3 дансаар нийт 63,444,741 төгрөгийн орлого олсон болохыг банкны дансны хуулгаар гарган, нэг сарын дундаж орлогыг 3,172,237 төгрөг гээд үүнээс хүн амын орлогын албан татварт 1%, нийгмийн даатгалын шимтгэлд 13.5%-д ногдох хэсгийг хасаж 2,716,545 төгрөг болохыг тодорхойлжээ. /2хх-ийн 37-66/

Энэхүү тооцоолол нь Хувь хүний орлогын албан татвар, Нийгмийн даатгалын ерөнхий тухай хууль, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны А92/1 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-д нийцсэн бөгөөд хариуцагч талаас үүнийг үгүйсгэсэн аливаа үндэслэл бүхий тайлбар, нотлох баримтыг гаргаж өгөөгүй.

8.3. Амь хохирогч ******* нь *******тэй 2008 онд гэрлэлтээ бүртгүүлж, тэдний дундаас 2008.07.27-ны өдөр охин ******* төрсөн, ******* нь тэжээгчээ алдсаны тэтгэвэр 572,400 төгрөг тогтоолгосон нь хэргийн баримтаар тогтоогдож байна. /2хх-ийн 98-101/

Дундаж орлого 2,716,454 төгрөгөөс тэжээгчээ алдсаны тэтгэмж 572,400 төгрөгийг хасахад 2,144,145 төгрөг болох ба үүнээс амь хохирогч, гэрлэлтийн бүртгэлтэй эхнэр, охин, түүнчлэн түүнээс тэтгэвэр авах эрхтэй ахмад настан эх нийт 4 хүнд хуваахад 1 хүнд оногдох хэмжээ 536,036 төгрөг байна.

8.4. Иргэний хуулийн 509 дүгээр зүйлийн 509.1-т зааснаар хохирогч нас барсантай холбогдсон төлбөрийг сар тутам төлөх бөгөөд хуулийн 508 дугаар зүйлийн 508.4.2-т тавин таваас дээш насны эмэгтэйд бүх насаар нь нөхөн төлөхөөр зохицуулжээ.

 Гэмт хэрэг болсон 2022.09.06-ны өдрөөс 2026.04.08-ны өдрийг хүртэлх 43 сар 2 хоногоор тооцвол 23,058,282 /536,036 х 43 сар, 2 хоног/ төгрөгийг, цаашид сар бүр 536,036 төгрөгийг сар бүр, бүх насаар нь нэхэмжлэгч *******д хариуцагч *******оос гаргуулан олгохоор шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Хариуцагч *******ийн үйлдсэн гэмт хэргийн улмаас дээрх гэм хорын хохирол учирсан шууд шалтгаан холбоотой тул гэм хорын төлбөрийг хариуцагч *******оос гаргуулах үндэслэлтэй болохыг дурдав.  

9. Нэхэмжлэгч сэтгэцэд учирсан хохиролд 50,000,000 төгрөгөөс 35,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосонд, хариуцагч нь 15,000,000 төгрөгийг хангаж шийдвэрлэснийг эс зөвшөөрч гомдол гаргажээ.

9.1. Анхан шатны шүүхийн эдийн бус гэм хорын хохиролд 50,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг 2023.07.01-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэн хууль, түүнтэй холбогдох гарсан Улсын Дээд Шүүхийн тогтоолыг буцаан хэрэглэхгүй гэх үндэслэл зөв боловч Шинжилгээний ерөнхий газрын 2025.02.17-ны өдрийн 306 дугаар шинжээчийн дүгнэлтийг үндэслэн *******гийн сэтгэл санаанд учирсан хохиролд 15,000,000 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн нь учир зүйн хувьд зөрчилтэй болжээ.

9.2. Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2-т гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд эдийн бус гэм хорыг мөнгөөр төлөхөөр зохицуулсан байсан бөгөөд Иргэний хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2022.12.23-ны өдрийн хуулиар уг заалтыг “Сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгах бөгөөд бусад эдийн бус гэм хорыг гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд мөнгөн хэлбэрээр арилгана” гэж өөрчилсөн, харин уг заалтыг буцаан хэрэглэх талаар заагаагүй учир мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д зааснаар буцаан хэрэглэхгүй.

Тодруулбал, хууль тогтоогчоос сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлэх, мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой шинээр зохицуулсан хэм хэмжээг буцаан хэрэглэх талаар Иргэний хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2022.12.23-ны өдрийн хуульд заагаагүй тул эдгээр заалтыг 2023.07.01-ний өдрөөс хойш болж өнгөрсөн үйл явдал буюу үүссэн эрх зүйн харилцаанд хэрэглэнэ.

Амь хохирогч ******* нь 2022.09.06-ны өдөр нас барсан тул эдийн бус гэм хорын хохиролд 15,000,000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлгүй тул энэ талаар хариуцагч талын гомдлыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй.

9.3. Гэмт хэрэг гарсан цаг хугацаанд мөрдөгдөж байсан зохицуулалт нь гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд эдийн бус гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах агуулгатай ба бусад хуульд энэ талаар тусгайлсан зохицуулалт үйлчилж байгаагүй.

Иймээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг арилгуулах, зөрчигдсөн эрхийг сэргээх агуулгын хүрээнд их хэмжээний хохирлын доод хязгаараар тооцож 50,000,000 төгрөгийг гэм хор учруулсан этгээдээс гаргуулах тухай нэхэмжлэгч талыг гомдлыг хангах үндэслэлгүй байна.  

10. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг, хариуцагчийн давж заалдах гомдлыг бүхэлд нь тус тус хангаж,  анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Анхан шатны шүүх шүүхийн шийдвэрийг тогтоох хэсэгт нэхэмжлэгчийн шаардах эрхэд хамаарах Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 510 дугаар зүйлийн 510.1, 230 дугаар зүйлийн 230.2-т заасан зохицуулалтыг нэмж оруулна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 192/ШШ2025/09637 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг

“Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 508 дугаар зүйлийн 508.1, 510 дугаар зүйлийн 510.1, 230 дугаар зүйлийн 230.2-т заасныг баримтлан хариуцагч *******, ******* нараас 5,781,740 төгрөгийг, хариуцагч *******оос 23,085,282 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, цаашид хариуцагч *******оос сар бүр 536,036 төгрөг гаргуулан нэхэмжлэгч*******д бүх насаар нь олгож, нэхэмжлэлээс үлдэх 99,200,249 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж,

2 дахь заалтын “хариуцагч *******, ******* нараас улсын тэмдэгтийн хураамжид 261,858 төгрөгийг” гэснийг “улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч *******оос 343,476 төгрөгийг, хариуцагч *******аас 53,729 төгрөгийг тус тус” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэгч давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч *******оос улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 232,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          Э.ЭНЭБИШ

                                        ШҮҮГЧИД                                         Н.ОЮУНТУЯА

                                                                                                 Г.НЯМСҮРЭН