Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2026/01131

 

 

******* ХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Ч.Батчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 192/ШШ2026/02126 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: ******* ХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 26,100,566 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Ч.Батчимэг илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, хариуцагч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ю.Рэгзэдмаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Зээлдэгч ******* нь нэхэмжлэгч ******* ХК-тай 2022 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр №******* тоот онлайн цалингийн зээлийн гэрээ байгуулж, 28,000,000 төгрөгийг жилийн 18.6 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлсэн. Дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар мөн өдөр №******* тоот барьцааны гэрээ байгуулж, ирээдүйд орж ирэх цалингийн орлогоо барьцаалсан. Зээлдэгч ******* нь 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн байдлаар үндсэн зээлд 9,900,777.67 төгрөг, зээлийн хүүд 4,801,154.52 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 23,767.81 төгрөг, нийт 14,725,700 төгрөг төлсөн байна. Нэхэмжлэгчийн зүгээс зээлийн төлбөрөө төлөхийг удаа дараа шаардсан боловч хариуцагч гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй.

1.2. Талууд Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 7.1, 7.2-т заасны дагуу цахим хэлбэрээр гэрээ байгуулах, нууц код, нууц үг, цахим гарын үсгийг гарын үсэгтэй адилтган үзэх нөхцөлийг харилцан зөвшөөрсөн. Мөн зээлдэгч нь зээлийн гэрээ, барьцааны гэрээ, эргэн төлөлтийн хуваарь болон бүтээгдэхүүний нөхцөлтэй танилцаж, нэг удаагийн нууц кодоор баталгаажуулсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогддог. Иймд зээлдэгч *******ос 2026 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэлх хугацааны үндсэн зээлийн үлдэгдэл 18,239,222.3 төгрөг, зээлийн хүү 6,915,596.3 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 945,747.4 төгрөг, нийт 26,100,566 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна.

1.3. Хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарлаж байгаа боловч зээлийг авсан, мөн тодорхой хэмжээний төлөлт хийсэн талаар маргадаггүй. Харин бичгээр гэрээ байгуулаагүй, гэрээг үзүүлээгүй тул хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үндэслэлгүй гэх тайлбар гаргаж байна. Гэвч тухайн зээл нь аппликейшнээр дамжуулан хүсэлт гаргаж, мэдээллээ өөрөө бөглөж, OTP буюу нэг удаагийн нууц кодоор баталгаажуулан байгуулагдсан онлайн зээл болох нь хэрэгт авагдсан нотлох баримт, үзлэгийн тэмдэглэлээр тогтоогдсон. Зээлдэгч өөрийн гэр бүлийн байдал, ажил, орлого зэрэг мэдээллийг бөглөж, шаардлагатай зөвшөөрлүүдийг өгсний үндсэн дээр зээл олгогдсон байна. Мөн зээлийн гэрээ, барьцааны гэрээ, бүтээгдэхүүний нөхцөл зэрэг баримтуудыг зээлдэгчийн банканд бүртгэлтэй цахим шуудангаар хүргүүлсэн болох нь тогтоогдсон. Түүнчлэн, зээлдэгч өөрийн эзэмшлийн харилцах дансаар 28,000,000 төгрөгийг хүлээн авч ашигласан, төлөлтүүд хийсэн талаар өөрөө хүлээн зөвшөөрдөг. Талуудын байгуулсан онлайн зээлийн гэрээнд сар бүрийн төлбөрийг тухайн өдрийн 22 цагаас өмнө дансандаа байршуулах, банк автоматаар суутган авах нөхцөлийг харилцан тохиролцсон бөгөөд энэ нь хууль болон гэрээний зохицуулалтыг зөрчөөгүй. Хариуцагчийн гэрээг хараагүй учраас хүү төлөхгүй гэх тайлбар нь Иргэний хуулийн 3.7-д заасан хуулийг мэдэхгүй буюу буруу ойлгосон нь хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй гэсэн зохицуулалттай нийцэхгүй байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 26,100,566 төгрөгийг хариуцагч *******ос гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн хариу тайлбарын агуулга:

2.1. Нэхэмжлэлд дурдагдсан №******* тоот зээлийн гэрээ, мөн түүний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар байгуулсан гэх №******* тоот барьцааны гэрээг огт байгуулаагүй. Би уг гэрээнүүдэд гарын үсэг зураагүй, гэрээг хараагүй бөгөөд зөвхөн шүүх хурал дээр анх удаа харсан. Мөн банканд өөрийн биеэр очиж ямар нэгэн нууц код, баталгаажуулалт өгч байгаагүй. Миний данснаас нийт 14,725,700 төгрөгийг сайн дураараа төлөөгүй бөгөөд ******* ХК өөрийн давуу байдлаа ашиглан данснаас шууд суутгаж авч байсан. Би удаа дараа банканд хандаж, хэрэв зээлийн гэрээ байгаа бол ямар нөхцөлтэй, ямар хугацаатай, хэдэн хувийн хүүтэй, ямар нөхцөлөөр төлөх талаар мэдээлэл болон гэрээгээ гаргаж өгөхийг хүсэж утсаар болон цахимаар албан бичиг хүргүүлж байсан боловч өнөөдрийг хүртэл надад танилцуулж, өгөөгүй. Иймд холбогдох баримтыг шүүхийн журмаар гаргуулах хүсэлтэй байна. Би ямар нэгэн байдлаар зээлийн гэрээтэй танилцаж, нөхцөлийг нь зөвшөөрч, гарын үсэг зурж байгаагүй. Ямар хүүтэй, ямар нөхцөлөөр нэмэгдүүлсэн хүү, алданги тооцох талаар мэдээгүй. Иймээс банкнаас шаардаж буй зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү төлүүлэх тухай нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

2.2. Нэхэмжлэлд талууд харилцан тохиролцож гэрээ байгуулсан гэж дурдсан боловч бодит байдал дээр ийм тохиролцоо болоогүй. Банк зээлийн гэрээг удаа дараа шаардсан байхад өгөөгүй атлаа миний данснаас зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нэрээр мөнгө суутгаж авч, улмаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь хууль бус гэж үзэж байна. Өнөөдрийг хүртэл банк зээлийн гэрээний үүрэг гэж ярьж байгаа боловч би ямар нэгэн хүү, алданги төлөхөөр албан ёсны гэрээ байгуулаагүй, барьцааны гэрээ ч байгуулаагүй гэж үзэж байна. Би 28,000,000 төгрөг авсан гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа. Мөн миний данснаас нийт 14,585,700 төгрөг суутган авсан талаар маргахгүй. Иймд авсан мөнгөнөөс суутган авсан дүнг хасаж тооцоод үлдэх 13,414,300 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Харин үүнээс бусад хүү, нэмэгдүүлсэн хүү, алданги зэрэг шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй.

2.3. 2022 он буюу ковид-19 цар тахлын үед хүмүүс санхүүгийн хүндрэлтэй байсан. Тухайн үед ******* ХК-ийн аппликейшнд ороход зээл автоматаар олгогдож байсан бөгөөд олон хүн ийм байдлаар авсан талаар ярьж байсан. Би ч тухайн үед аппликейшнд нэвтэрсэн. Гэвч энэ нь талууд харилцан тохиролцсон гэсэн үг биш. Банк нэг удаагийн нууц кодоор баталгаажуулсан гэж тайлбарлаж байгаа ч надад тийм хүсэлт, баталгаажуулалт ирээгүй. OTP буюу нэг удаагийн нууц үг нь банкны систем дотор үүсдэг техникийн ажиллагаа бөгөөд үүнийг зөвхөн хэрэглэгч зөвшөөрсөн эсэхийг баттай нотлох баримт гэж үзэх боломжгүй гэж ойлгож байна. Мөн банк систем автоматаар шалгаж үргэлжилсэн гэж тайлбарлаж байгаа боловч тухайн үед миний нийгмийн даатгал тогтмол төлөгдөөгүй байсан. Гэтэл яагаад систем шаардлага хангаж байна гэж үзэж зээл олгосон нь ойлгомжгүй байна. Хэрэв би өөрөө мэдээллээ бөглөсөн гэж үзэж байгаа бол тухайн бөглөсөн мэдээлэл, хүсэлт, системийн бүртгэл, файлуудыг бүрэн эхээр нь гаргаж өгөх ёстой. Банкнаас гаргаж байгаа зарим баримт нь дараа нь нөхөж бүрдүүлсэн мэт харагдаж байна. Миний бөглөсөн гэх мэдээллүүд яагаад хоосон, бүрэн бус байгаа нь ойлгомжгүй. Иймд тухайн цахим системийн бүртгэл, хүсэлт, баталгаажуулалтын мэдээллийг бүрэн шалгаж, үнэн зөв эсэхийг тогтоох шаардлагатай гэж үзэж байна гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан банкнаас зээл олгох гэрээний үүргийн гүйцэтгэлд хариуцагч *******ос 26,100,566 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 355,038 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******ос улсын тэмдэгтийн хураамжид 355,038 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ХК-д олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэт нэг талыг барьж, хариуцагчийн гаргасан хүсэлт, санал, тайлбарыг хүлээж аваагүй. Тухайлбал, 2022 онд буюу надад зээл олгох үед ******* ХК зээлийг ямар нөхцөл журмаар олгож байсан. Онлайн цалингийн бүтээгдэхүүн байсан эсэх зээлийн гэрээг надад хэрхэн танилцуулж, баталгаажуулсан зэрэг үйл баримтыг нотлох баримтуудыг хариуцагчаас гаргуулан авах хүсэлтийг огт хангаагүй.

4.2. Талуудын хооронд цахим зээлийн гэрээ байгуулагдсан гэж нэхэмжлэгч үздэг бөгөөд миний зүгээс бидний хооронд цахим зээлийн гэрээний харилцаа үүссэн гэдэгтэй маргадаггүй боловч энэ харилцааны хүрээнд гэрээ албан ёсоор байгуулагдаж, хуульд заасан журмын дагуу баталгаажаагүй гэж маргаж байгаа. Гэрээ бичгийн хэлбэр /цахим/-ээр байгуулагдаж, миний гарын үсэг /цахим болон тоон/-ээр баталгаажаагүй. Бидний хооронд зээлийн харилцаа үүссэн боловч гэрээ бичгийн болон цахим хэлбэрээр баталгаажаагүй. Иймд ******* ХК-ийн нэхэмжлээд байгаа зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэг надад үүсээгүй. Цахим зээлийн гэрээ хуульд заасан журмын дагуу баталгаажсан эсэх үйл баримтыг тогтоолгохоор талуудаас гаргасан хүсэлтээр *******ны цахим системд үзлэг хийх ажиллагаа явуулсан. Энэ ажиллагааны үеэр онлайн цалингийн зээл, цахим гарын үсэг болон тоон гарын үсгийн баталгаа хийгдсэн эсэхийг хэрхэн шалгах асуудлаар тайлбар, тодруулга хийх, энэ талаар талууд болон шүүх зөв ойлголт авах боломжийг огт олгоогүйгээс шүүх ******* ХК-ийн цахим зээлийн гэрээ, түүнийг хэрхэн яаж баталгаажуулсан асуудлыг бодитоор тогтоож чадаагүй. Хэрэв би цахим зээлийн хүсэлт илгээж, холбогдох баримтыг (зээлийн хүсэлт, албан газрын тодорхойлолт, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн талаарх баримтууд болон зээлийг юуг үндэслэж хэрхэн эргэн төлөх талаар) цахимаар гаргаж өгсөн тохиолдолд ямар нэг цахим ул мөр үлдсэн байх учиртай бөгөөд үүнийг нэхэмжлэгч тал хэрхэн бүрдүүлсэн талаарх баримтыг гаргуулан авах нь энэ хэргийн бодит байдлыг тогтооход чухал ач холбогдолтой байсан. Гэтэл анхан шатны шүүх маргааны гол үйл баримтын талаарх нотлох баримтыг бүрдүүлэх тухай оролцогчийн хүсэлтийг бүрэн хангалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг зөрчсөн.

4.3. Анхан шатны шүүх нь 2025 оны 11 дүгээр сарын 20, 2026 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн шүүх хурал дээр ...чи зээл хүүгээ төл, төлөхүй бол төлбөр чинь өснө, чамд хэцүү биш үү, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлнэ... гэж хэлсэн. Ингээд тэр хурал болсны дараагаар ******* ХК нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, үзлэг болон хурал дээр өөрсдийн хүссэн баримтаа гаргаж өгдөг байсан. Шүүгч нэхэмжлэгч талыг илтээр өмөөрөх, зөвлөгөө өгөх, шүүхийн шийдвэр гарсан мэтээр хариуцагчид удаа дараа дарамт үзүүлж байсан. Энэ байдал нь шүүгчийн ёс зүйд нийцэхгүй талаар хурал дээр хэлж тэмдэглэлд тусгуулж байсан. Түүнчлэн, дээр дурсан үзлэг хийх ажиллагааны явцад ...чи нэг ч үг хэлэх эрхгүй, үг дугарсан тохиолдол үзлэгээс албадан гаргана... гэж дарамтлан надаар тайлбар хийлгээгүй шаардлагатай мэдээллийг надаас аваагүйгээс баримтыг дутуу бүрдүүлсэн, надтай байгуулсан гэх цахим зээлийн гэрээтэй танилцуулах эрхийг хангаагүй. Шүүхийн шийдвэртэй танилцахад хариуцагч болох миний болон манай өмгөөлөгчийн гаргасан тайлбар, хүсэлт, үзлэгүүдээр тодруулсан зарим нэг баримтыг огт үнэлж дэнслээгүй зөвхөн нэг тал буюу ******* ХК-ийн тайлбар хүсэлтүүдийг 100 хувь үнэлж нэхэмжлэлийг бүрэн хангасан шийдвэр гаргасанд гомдолтой байна. Шүүх шийдвэр гаргахдаа надад зээл олгосон цаг хугацаанд *******нд цахимаар зээл олгох ямар нэгэн журам байгаагүй бөгөөд хэрэгт дандаа шинэ гэсэн тодотголтой сүүлд бэлдсэн баримтууд байгаа, зээл авсан өдөр зээлийн гэрээг миний и-мэйл хаягаар илгээсэн гэх боловч үзлэгээр тогтоогдоогүй. Миний хувийн мэдээллүүдийг хэрхэн авсан талаар тайлбар хийгээгүй, зээл авах үед онлайн цалингийн зээлийн бүтээгдэхүүн гэх зүйл байгаагүй, миний бие зээлийн гэрээг авах талаар удаа дараа гаргаж байсан хүсэлт явуулсан албан бичгийг, нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн баримтууд хоосон (бөглөөгүй) зэргийг огт үнэлэхгүйгээр намайг ******* ХК-тай харилцан тохиролцож зээлийн гэрээ байгуулсан мэтээр дүгнэж, хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

Дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин шийдвэрлүүлж буцааж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга:

5.1. Хариуцагч ******* нь зээл авсан эсэхэд маргадаггүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цахим зээлийн харилцаа үүсээд зээлийг авсан гэдгийг давж заалдах гомдолд дурдсан байсан. Иргэний хуулийн 421 дүгээр зүйлийн 421.1 дэх хэсэгт цахим хэлбэрээр байгуулах хэлцлийн эрх зүйн үндэслэлийг тодорхой тусгасан байдаг. Мөн хуулийн 421 дүгээр зүйлийн 421.2 дахь хэсэгт хуульд өөрөөр заагаагүй бол гэсэн урьдчилсан нөхцөлийг тусгаж өгсөн. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт Банк, эрх бүхий хуулийн этгээд энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасны дагуу бичгээр, эсхүл цахим хэлбэрээр гэрээ байгуулан данс нээсэн харилцагчид тухайн данстай холбоотой хадгаламж, шилжүүлэг, зээлийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлж болно гэж хуульчилсан.

5.2. Талууд хоёр хэлбэрээр гэрээг баталгаажуулна гэж тохирсон байдаг. Хариуцагч *******ны аппликейшн рүү нэвтэрч ороод зээл авах хүсэлтээ гаргана. Зээл авах хүсэлт гаргасны дагуу тухай этгээд өөрөө Дан системээр нэвтэрч Улсын бүртгэлийн байгууллагын мэдээлэл, нийгмийн даатгал болон өөрийн оршин суух хаягийн мэдээллийг банканд өөрөө гаргаж өгдөг. Тухайн мэдээллийг авснаар тухайн зээлдэгч ямар зээлтэй байсан мөн зээлийн шаардлагыг хангаж байгаа эсэх мөн ямар хэмжээний зээл олгогдох талаар тооцоолол хийгээд банкны ажилтны оролцоо байхгүй банкны систем автоматаар хийгддэг. Тухайн үед хариуцагч ******* нь байгууллагаас зээл аваагүй байсан учраас *******д 28,000,000 төгрөгийн зээл олгох боломжтой гэсэн тооцоолол аппликейшн дээр нь харагддаг. Энэ хүсэлтийн дагуу банкаар тооцооллоо хийлгэсэн учраас зээл олгогдсон. Хүсэлт гаргах ажиллагааны явцад эхлээд харилцагчид зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хувиар барьцааны гэрээ зээлийн бүтээгдэхүүний нөхцөл танилцуулсан. Уг баримтууд руу орж өөрөө нэг бүрчлэн танилцаад тухайн гэрээг зөвшөөрсөн гэрээний хүснэгтийг чагталж бөглөсөн. Үүний үндсэн дээр 4 гэрээний баталгаажуулалт хийгээд харилцагчийн банканд бүртгэлтэй утасны дугаараар 1 удаагийн баталгаажуулалт буюу нууц код очдог. Энэхүү кодыг 1 удаагийн байдлаар тухайн харилцагчид олгодог. Зээлийн гэрээтэй бүрэн танилцсаны дараа өөрийнх нь банканд бүртгэлтэй мэйл хаягаар 4 гэрээ маягтууд очдог. 6 оронтой кодыг баталгаажуулсны дараа харилцагчийн данснаас зээлийн данс руу шилждэг. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тухайн системд үзлэг хийгдсэн.

Мөн хариуцагч өөрөө хүсэлт гаргаад цахим хаягт үзлэг хийгдсэн. Тухайн үзлэгээр 2022 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр зээлийн гэрээний харилцаа үүссэн. 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн үзлэгийн тэмдэглэлээр 22 зүйлийг олж тогтоосон. Үүнд өөрийнх нь банканд бүртгэлтэй утасны дугаараар нэвтрээд хүсэлт гаргасан. Хариуцагчийн бүртгэлттэй ******* гэх мэйл хаяг болон утасны дугаарт код очсон гэдгийг үзлэгийн баримтаар баталгаажуулсан. Цахим зээлийн гэрээтэй холбоотой заалтыг зөрчөөгүй.

 

5.3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэрэгт холбоотой нотлох баримтыг гаргаж өгсөн, мөн үүнтэй холбоотой гомдол гаргаж байгаагүй. Шүүх эвлэрэн хэлэлцэх талаар тодруулж мөн банкны гаргаж өгсөн баримтыг үнэлж, дүгнэсэн. Цахим гэрээ байгуулахтай холбоотой 2021 оны 09 дүгээр сард анх систем дээр бүртгэлтэй байдлаар баталгаажуулсан журам байдаг. Шүүгчийн захирамжаар баталсан тушаалыг нотариатаар баталгаажуулаад шүүхэд хүргүүлсэн байдаг. Процессын ажиллагаатай холбоотой гомдол гаргаж байгаа нь үндэслэлгүй, анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүйгээр хэргийг бүхэлд нь хянаад хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч ******* ХК нь хариуцагч *******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 22,766,930.44 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 3,333,635.63 төгрөгөөр нэмэгдүүлж, үндсэн зээлийн үлдэгдэл төлбөрт 18,239,222.3 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 6,915,596.3 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 945,747.4 төгрөг, нийт 26,100,566 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

 

3. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр гэж зөв дүгнэсэн.

 

3.1. Нэхэмжлэгч ******* ХК нь хариуцагч *******той 2022 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр №******* дугаартай Онлайн цалингийн зээлийн гэрээ-г байгуулж, уг гэрээгээр зээлдүүлэгч ******* ХК нь зээл олгох шалгуурыг хангасан зээлдэгчийн цахимаар гаргасан хүсэлтийн дагуу банкны аппликейшнээр дамжуулан цахимаар цалингийн зээл олгох, зээлдэгч ******* нь 28,000,000 төгрөгийг жилийн 18.6 хувийн хүүтэйгээр, 30 сарын хугацаатайгаар зээлж, зээлийн гэрээнд зааснаар зээлийг хүүгийн хамт хугацаанд нь төлөх, төлөөгүй тохиолдолд үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тус тус харилцан тохиролцжээ. /хх10-13/

 

3.2. Мөн өдөр талуудын хооронд *******дугаартай барьцааны гэрээ /хөдлөх эд хөрөнгө/ байгуулагдаж, тус гэрээгээр дээрх зээлийн гэрээний үүргийг хангуулахаар 2022 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс 2025 оны 05 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд ирээдүйд орох цалингийн орлогыг барьцаалсан байна. /хх14-17/

 

4. Нэхэмжлэгч ******* ХК зээлийн гэрээний дагуу *******ын эзэмшлийн ******* тоот дансанд 2022 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр зээлийн мөнгөн хөрөнгө болох 28,000,000 төгрөгийг шилжүүлж /хх-21/, гэрээний үүргээ биелүүлсэн байх тул Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5 дахь хэсэгт нийцсэн байна.

 

5. Хэрэгт авагдсан зээл, хүүгийн тооцооллын баримтаас үзэхэд хариуцагч нь 2022 оны 11 дүгээр сарын 26-ны өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд зээлийн төлбөрт 9,760,777.7 төгрөг, хүүгийн төлбөрт 4,824,921 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 23,767.8 төгрөг төлж, үүнээс хойш зээлийн гэрээний үүргээ гүйцэтгээгүй болох нь тогтоогдсон, уг зөрчлийн улмаас нэхэмжлэгч байгууллага гэрээг цуцалсан нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт нийцжээ.

 

6. Хариуцагч 28,000,000 төгрөгийг дансаар хүлээн авсан үйл баримтыг үгүйсгээгүй, харин талуудын хооронд зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй, данснаас хүүгийн төлбөр татагдаж байсныг хожим мэдсэн тул хүү болон нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэг үүсээгүй гэж татгалзсан.

 

6.1. Хэргийн баримтаар хариуцагч нь 2022 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр 13 цагт 37 минут 25 секундэд зээлийн ******* дугаартай хүсэлт гаргаж, гэрээг нэг удаагийн нууц код буюу ******* /*******/ хэлбэрээр ******* дугаарт илээж амжилттай баталгаажуулсан болох нь үзлэгийн тэмдэглэлээр тогтоогдсон байна. /хх-127/

 

6.2. Цахим гарын үсгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.10-т "цахим гарын үсэг" гэж цахим мэдээлэлд гарын үсэг зурсан, цахим тамга хэрэглэсэн этгээдийг тодорхойлох зорилгоор мэдээлэлд хавсаргасан, эсхүл нэгтгэсэн цахим өгөгдлийг хэлнэ гэж заасан бөгөөд цахим мэдээлэлд хариуцагчаас гэрээг баталгаажуулсан нэг удаагийн нууц код бүхий цахим өгөгдлийг цахим гарын үсэг гэж үзэхээр байна.

6.3. Мөн Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д Банк, эрх бүхий хуулийн этгээд энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасны дагуу бичгээр, эсхүл цахим хэлбэрээр гэрээ байгуулан данс нээсэн харилцагчид тухайн данстай холбоотой хадгаламж, шилжүүлэг, зээлийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлж болно, 7.2-т энэ хуулийн 7.1-д заасны дагуу цахим хэлбэрээр үйлчилгээ үзүүлэхэд нууцлалын шаардлага хангасан нууц үг, нууц код, цахим гарын үсэг зэргийг ашиглаж болох бөгөөд эдгээрийг цахим хэлбэрээр хийсэн шилжүүлэг, зээлийн гэрээ, бусад хэлцэлд зурсан гарын үсэгтэй адилтгаж үзнэ гэж зааснаар хариуцагчаас нэг удаагийн нууц код ашиглан гэрээг баталгаажуулсан байх тул түүнийг маргаан бүхий хэлцэлд гарын үсэг зурсантай адилтгаж үзнэ.

 

Тодруулбал, хариуцагч өөрийн цахим хэрэгсэл болон банкны аппликейшн ашиглан зээл авах хүсэлт гаргаж, цахим өгөгдлөөр дамжуулан гэрээ байгуулагдаж, улмаар зээлийн мөнгөн хөрөнгийг өөрийн дансаар хүлээн авч, тодорхой хугацаанд зээл болон хүүгийн төлбөр төлж байсан нь гэрээний харилцааг хүлээн зөвшөөрч, гэрээ хэрэгжиж байсан гэж үзэхээр байна.

 

6.4. Иймд талуудын хүсэл зориг цахим хэлбэрээр харилцан илэрхийлэгдэж, гэрээ байгуулагдсан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байх ба тухайн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлгүй талаар анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.8-д заасантай нийцсэн тул энэ талаарх хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй.

 

Дээрх үндэслэлээр хариуцагч талаас гаргасан зээлийн гэрээнд гарын үсэг зураагүй, гэрээтэй танилцаагүй, нууц код өгөөгүй гэх давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

 

7. Мөн Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19, 20, 21 дүгээр зүйлд тус тус зааснаар зээлдэгч нь зээлийг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд үндсэн хүү болон нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй бөгөөд гэрээний хугацаа дууссан нь үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй, энэ талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн байна

 

Иймд, хэрэгт авагдсан зээл, хүүгийн тооцоолол, дансны хуулга, зээлийн бүртгэлийн картаар хариуцагч нь зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж, үүргээ бүрэн биелүүлээгүй болох нь тогтоогдсон байх тул анхан шатны шүүхээс үндсэн зээлийн үлдэгдэл 18,239,222.3 төгрөг, зээлийн хүү 6,915,596.3 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 945,747.4 төгрөг, нийт 26,100,566 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий байна.

 

8. Хариуцагч талаас нотлох баримт гаргуулахаар хүсэлт гаргасан боловч хүсэлтийг хангаагүй, нэг талын баримтыг үндэслэж хэргийг шийдвэрлэсэн гэх агуулгаар давж заалдах гомдол гаргасан байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хариуцагч нь өөрийн зээлийн мэдээллийн ангилал, зээлийн хорооны шийдвэр гарсан эсэх, зээлийн гэрээг хэрхэн баталгаажуулсан, зээлдэгчтэй хэрхэн холбогдсон талаарх баримтыг гаргуулах хүсэлт гаргасан /хх107, 109/ байх ба шүүх 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 192/ШЗ2025/******* дугаартай шүүгчийн захирамжаар хүсэлтийг хангахаас татгалзсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.2 дахь хэсэгт заасныг зөрчөөгүй байх тул энэ талаарх давж заалдах гомдлыг хангахгүй.

 

9. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 192/ШШ2026/02126 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 288,453 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ХУЛАН

 

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

Ч.БАТЧИМЭГ