Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 2019/ШЦТ/306

 

                           

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтанчимэг,

улсын яллагч Б.Сувд-Эрдэнэ,

шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Хүрэлбаатар,

шүүгдэгч Б.Т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Т-д холбогдох 1934008070386 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авснаар шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Б овогт Б.Т, Монгол улсын иргэн, 1984 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Төв аймагт Зуунмод суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, Төв аймаг Зуунмод сум Нацагдорж 5 дугаар баг 8 дугаар гудамж 28 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 ны 03 дугаар сарын 21-ний өдрийн 93 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн гэв.   

 

Хэргийн товч агуулга:

Шүүгдэгч Б.Т нь согтуугаар 2019 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Төв аймгийн Зуунмод сумын Номт 1 дүгээр багийн нутагт байрлах “Sky” худалдааны төвийн эсрэг талын автомашины зогсоол дээр гэр бүлийн хамаарал бүхий хамтран амьдрагч Д.Цэрэнчунттай маргалдаж улмаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж зүүн нүдэн тус газар нь гараараа цохиж эрүүл мэндэд нь “зүүн нүдний дээд доод зовхи, зүүн хацар, шанаа, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд тусгагдсанаар/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

              Шүүгдэгч Б.Т нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “ ... 9 дүгээр сарын 14-ний өдөр хашаагаа барьж байсан. Нисэхэд цуг ажиллаж байсан 2 найз ирээд архи уусан. Тэгээд би төв руу явах хэрэг болоод найзуудтайгаа хамт явсан. Тэгэхэд манай эхнэр ирсэн. Тэгээд замд явж байсан чинь урд машин зогсоосон. Наад архичингаа буулга гэсэн. Тэгээд би “Sky” худалдааны төвийн үүдэн дээр буугаад найзаасаа 10 000 төгрөг авах гээд очсон. Тэгсэн манай эхнэр араас ирээд хэл амаар доромжлоод 2 алгадахад би очоод 1 алгадсан. Тэгээд машинд суугаад яваад өгсөн” гэв.

   Шүүгдэгч Б.Т хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь гэрч нарын мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар давхар нотлогдон тогтоогдсон тул түүний мэдүүлгийг яллах талын нотлох баримтад тооцсон.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талуудаас дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

Үүнд:

Хохирогч Д.Цэрэнчунтаас мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-05-07 тал/, гэрч Ц.Алтантуяагаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-11 тал/, гэрч Э.Солонгоос мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-13 тал/, гэрч Д.Дэжидсүрэнгээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-15 тал/, аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-17-18 тал/, Төв аймаг шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн №668 дугаар дүгнэлт /хх-20-21 тал/,  Б.Т-ын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-38 тал/, Б.Тын хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-39-55 тал/, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлтүүд /хх-56-57 тал/, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай прокурорын тогтоол /хх-61 тал/, хэрэгт авагдсан бусад баримтууд зэрэг болно.

 

Шүүгдэгч Б.Т нь согтуугаар 2019 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Төв аймгийн Зуунмод сумын Номт 1 дүгээр багийн нутагт байрлах “Sky” худалдааны төвийн эсрэг талын автомашины зогсоол дээр гэр бүлийн хамаарал бүхий хамтран амьдрагч Д.Цэрэнчунттай маргалдаж улмаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж зүүн нүдэн тус газар нь гараараа цохиж эрүүл мэндэд нь “зүүн нүдний дээд доод зовхи, зүүн хацар, шанаа, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь:

Мөрдөн шалгах ажиллагааны үед

Хохирогч Д.Цэрэнчунтын: “...Би 2019 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Бямба гарагт 17 цагийн үед Төв аймгийн Зуунмод сумын 5 дугаар баг 9-31 тоотод гэртээ байж байгаад нөхөр Тын утас руу залгахад утсаа авахгүй байхаар нь Төв аймгийн Зуунмод сум 3 дугаар баг Баянхошуунд өөрийн шинэ авсан газартаа хашаа барьж байсан нөхөр дээрээ очиход барьж байсан хашаан дотроо гурван эрэгтэй хүнтэй хамт архи ууж байсан тэгэхээр нь би Нягт гэх хүнд хандаж манай нөхөртэй хамт архи уухаа боль гэж хэлэхэд тэд нар явлаа гээд машиндаа суугаад явах гэхэд нь манай нөхөр Т нь хамт явлаа гээд машинд нь суугаад явсан тэгэхээр нь би араас нь дагахад 1 дүгээр багийн төвд ирэхэд нөхөр маань “Шинэ Оргил” нэртэй мах, хүнсний ногоо зардаг дэлгүүр лүү орж байхаар нь би араас нь ортол хүнсний ногоо зардаг Солонго гэх хүнээс мөнгө гуйгаад байж байхаар нь боль гэж хэлээд болиулаад Солонгоо гэх хүн чамаас дандаа мөнгө авдаг юм уу гэж асуухад үгүй одоо л ирж байна чи  архи уугаад согтсон байна одоо чамд мөнгө өгөхгүй гээд байж байна гэж хэлсэн. Тэгээд бид 2 тэндээс гартал нөхөр маань уурлаад намайг хэл амаар доромжлоод байхаар нь хамт явсан хүн нь манай нөхөрт хандаж боль одоо эхнэрээ ингэж болохгүй гэж хэлтэл манай нөхөр надаас зугатаагаад “Sky” худалдааны төвийн тийшээ явахаар нь би араас нь очоод харъяа гэж хэлтэл уурлаад намайг хөөж яв зайл гэж хэлээд миний зүүн талын хацар луу цохиход би газарт унахад махны худалдааны төвийн эгч Дэжидсүрэн гэдэг хүн гарч ирээд больцгоо гэхэд нөхөр маань яваад өгсөн” гэх мэдүүлэг /хх-06-07 тал/,

Гэрч Ц.Алтантуяагийн: “ ...Би 2019 оны 09 дүгээр сард байсан өдрийг нь санахгүй байна. Гэртээ байж байхад охин Цэрэнчунт нь миний гар утас руу залгаад Т намайг зодлоо гэсэн тэгэхээр нь би ингэж болохгүй цагдаад өгнө гээд би Цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Би цагдаа дээр ирэхэд харсан юм. Охины минь зүүн талын нүд нь хавдсан байсан” гэх мэдүүлэг /хх-11 тал/,

Гэрч Э.Солонгын: “ ... Би мэдээгүй ажил дээрээ байж байсан. Т орж ирээд мөнгө асуугаад байж байхад нь эхнэр нь орж ирээд юугаа хийж байгаа юм бэ гэж хэлээд дагуулаад явсан би араас нь гарч хараагүй” /хх-13 тал/,

Гэрч Д.Дэжидсүрэнгийн: “ ... Би 2019 оны 09 дүгээр сарын 14-ний орой 19 цагийн үед ажил дээрээ цонхоор хараад зогсож байтал гадна машины зогсоол дээр 1 танихгүй эрэгтэй хүн согтуу байх шиг байсан уурлаад байгаа бололтой тэгсэнээ хамт байсан эмэгтэйгээ алгадах шиг болсон тэгсэн эмэгтэй нь газар унасан. Тэгээд эмэгтэй нь босч ирээд хэрэлдэж байх шиг байхаар нь би гараад болиоч яагаад эмэгтэй хүн зодоод байгаа юм бэ гэж хэлтэл тэр эрэгтэй чамд хамаагүй гэр бүлийн маргаан гэж хэлсэн тэгэхээр нь би тэгвэл цагдаа дуудлаа шүү гэж хэлээд явсан. Эмэгтэйнхээ нүүр лүү гараараа  1 удаа цохьсон” гэх мэдүүлэг /хх-15 тал/,

Төв аймаг шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 1.Д.Цэрэнчунтын биед зүүн нүдний дээд доод зовхи, зүүн хацар, шанаа, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна. 4.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. 5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-20-21 тал/ зэргээр нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Б.Т нь хамтран амьдрагч  Д.Цэрэнчунтын биед зүүн нүдний дээд доод зовхи, зүүн хацар, шанаа, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Т нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан байна.

 

Төв аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Т-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол үйлдэж, ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т нь хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч шүүхэд хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн нь үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хангасан байх тул шүүх шүүгдэгч Б.Т-д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Б.Т-д 500000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд хэсэгчлэн төлөхийг сануулж,

            шүүгдэгч  Б.Т нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.Т-д мэдэгдэв.

 

           Шүүгдэгч Б.Т-д холбогдох хэрэгт бичгийн баримтаар болон эд мөрийн баримт хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Т нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 1, 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл, заалтуудыг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

          1.Шүүгдэгч Б овогт Б.Т-ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т-ыг 500/таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500000/таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.Т-д оногдуулсан 500/таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000/таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулинд заасан хугацаанд, хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.Т нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5.Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар болон бичгийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Б.Т нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Т-д авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулж, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсүгэй.

 

8.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

9. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Т урьд авсан авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                Ц.ОТГОНЖАРГАЛ