| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашдорж Золзаяа |
| Хэргийн индекс | 183/2023/05981/И |
| Дугаар | 210/МА2026/00423 |
| Огноо | 2026-02-25 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 02 сарын 25 өдөр
Дугаар 210/МА2026/00423
*******ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, шүүгч М.Баясгалан, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлтэй
Хариуцагч *******ХХК-д холбогдох
13,612,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1.******* нь *******ХХК-тай 2014.10.27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хорооны ******* аманд амины орон сууц бариулахаар Барилгын ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан. Уг амины орон сууц нь канад технологиор баригдах бөгөөд 1 м.кв 630,000 төгрөг, гараашийг 1 м.кв 500,000 төгрөг, гэрээний нийт үнэ 91,919,600 төгрөг, гэрээний нийт дүнгийн 30 хувийг гэрээ байгуулснаас хойш гэрээний 1 дүгээр хавсралтад заасны дагуу гүйцэтгэгч талын Хаан банкны ******* тоот дансанд шилжүүлнэ гэж харилцан тохиролцсон. Үүний дагуу эхний ээлжид төлөх ёстой 30 хувийн төлбөр 27,575,880 төгрөгийг 2014.10.31-ний өдөр *******ХХК-ийн захирал *******ийн Хаан банкны ******* тоот дансанд шилжүүлсэн.
Мөн 2015.05.25-ны өдөр Барилгын ажил гүйцэтгэх гэрээг байгуулж, 27,000,000 төгрөгийг 2015.06.10-ны өдөр, 18,000,000 төгрөгийг 2015.10.19-ний өдөр шилжүүлсэн.
Нийт 72,575,880 төгрөгийг *******ХХК-ийн ******* тоот, захирал *******ийн ******* тоот дансанд шилжүүлж, гэрээний нийт төлбөрөөс 19,343,720 төгрөгийн үлдэгдэл үлдсэн.
Үүний дараа ******* 2017.07.25-ны өдөр Барилгын ажил гүйцэтгэх гэрээг тус компанитай дахин байгуулж, 2017.07.26-ны өдөр тус компанийн захирал *******ийн ******* тоот данс руу 12,000,000 төгрөгийг шилжүүлсэн бөгөөд гүйцэтгэгч барилгын ажлыг дуусган түлхүүр хүлээлгэн өгөхөд үлдэгдэл 7,343,720 төгрөгийг өгөхөөр харилцан тохиролцсон.
1.2.******* нь 2014 онд *******ХХК-тай Барилгын ажил гүйцэтгэх гэрээг байгуулснаас хойш гэрээнд заасан үүргээ цаг тухай бүрт нь биелүүлж гэрээний хөлсөө төлсөөр ирсэн боловч гүйцэтгэгч тал нь өөрийн материалаар гэрээнд заасан хугацаанд ажлыг гүйцэтгэж захиалагчид хүлээлгэж өгөх үүргээ гүйцэтгэхгүй хугацаа алдаж удсанаас миний бие эд хөрөнгийн болон сэтгэл санааны хувьд хохироод байна. Тус компанийн нягтлан бодогч *******нь гэрээ байгуулахдаа захиалагчаас барилгын ажлыг гүйцэтгэх хөлс мөнгийг авдаг боловч тухайн барилгадаа зарцуулдаггүй, нэмж засвар үйлчилгээ хийдэггүйгээс одоог хүртэл барилгын ажил дуусаагүй, дотор заслууд, засвар үйлчилгээ хийгдээгүйгээс сууцандаа орж чадаагүй байна. 2021 оны 02 дугаар сард очиж үзэхэд барилгын цонх хагархай, хаалганууд хийгдээгүй, обой, гарниз, плита, будаг, гараашны хаалга эвдэрхий, дотор засал хийгдээгүйн дээр барилга дотор хог хаягдал дүүрэн байсан тул бид өөрсдөө очиж цэвэрлэсэн. Мөн 600 ширхэг гадна тохижилтын хавтан байсныг зөөж авч явсан байсан.
1.3.******* нь гэрээний дагуу өмнө шилжүүлсэн 72 сая төгрөгөөс дутуу хийгдсэн ажил, дотор засвар хийгдээгүй улмаас үүссэн хохирол 1,300,000 төгрөг, үлдсэн ажлыг дуусгуулахаар гэрээ байгуулж 2017.07.26-ны өдөр тус компанийн захирал *******ийн ******* тоот данс руу шилжүүлсэн 12,000,000 төгрөг, мөн сууц дотроос зөөвөрлөгдөж алга болсон 650 ширхэг гадна тохижилтын хавтангийн 1 ширхэг 800 төгрөг нийт үнэ 520,000 төгрөг, бүгд 13,612,000 төгрөгийн хохирлыг нэхэмжилж байна гэжээ.
2.Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
2.1.Нэхэмжлэгчтэй эхний гэрээ 2014 оны 11 дүгээр сард хийгдсэн. Уг гэрээгээр манайх өөрийн мөнгөөр бүх гаднах зүйлийг хийсэн.
Дахиад жилийн дараа анхны гэрээгээ сунгасан, ажлыг хийгээд байрны 90 хувийг дуусгасан. Тэгээд ******* өөрөө алга болсон. Тухайн үед миний мэдэхээс 2 гэрээ хийхэд би өөрөө *******тай ярьсан. Гадна талын байшин барина гэж хийсэн болохоос дотор заслын монтаж, цахилгаан хийнэ гээгүй. Хамтарч ажиллахаар гэрээ хийсэн боловч хамтарч ажилласан зүйл ч байхгүй ийм асуудал гарсан.
2.2.Манай эхнэр *******, *******нартай 2017 онд гэрээ хийсэн.*******манай компанийн нягтлан байсан. ******* төсөл хариуцаж байсан. Би шинжээчийн дүгнэлтийг зөвшөөрөөгүй, өндөр гарсан. *******тай ярилцах гэхээр ерөөсөө уулздаггүй.
2.3.Нэхэмжлэгч нь өөрөө хийсэн ажлын доголдлын талаар мэдэгдэж байгаагүй, өөрөө хөлсөө төлөөгүйгээс ажил явагдаагүй. Гэтэл гэнэт олон жилийн дараа хөлсөө буцаагаад нэхээд байгааг гайхаж байна. Би гэрээнд харилцан тохиролцоогүй зөндөө ажлыг хийж өгсөн, ямар нэгэн бараа, материалыг бид зөөж аваагүй. Гэрээний дагуу ажлыг хийж дуусгаагүй гээд байгаа нь өөрөө санхүүжилтээ өгөөгүй учраас бид хийх боломжгүй болсон юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.
3.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд *******гийн тайлбарын агуулга:
3.1.******* шүүх хуралд ирэх гэсэн боловч эрүүл мэндийн шалтгаанаас болоод эмнэлгийн магадалгаа, хүсэлтээ явуулсан байхад хурлыг үргэлжлүүлж, хүний эрхийг зөрчиж байгаад гомдолтой байна. Учир нь ******* өөрөө ажил хийгээд хүлээлгээд өгчихсөн, баримт нь өөрт нь байгаа гэж хэлээд байсан.
3.2.Бид 43,000,000 төгрөгийн ажил хийсэн гэж байгаа. Нэхэмжлэгчийн шилжүүлсэн мөнгөнд нь нэмэлт ажил хийсэн байгаа. Ажлын зурагтаа зурагдсан байсан, би мөнгийг авсан нь үнэн, уг мөнгийг хувьдаа аваагүй, ажил хийсэн. Эднийх 3 гэрээ байгуулсан нь үнэн. Нэмэлт ажил хийгдсэн, би байнга уулзаж байсан. Харин акт үйлдэж байгаагүй, тухайн үеийн баримт л *******д байх ёстой. Бид гэрээ байгуулсны дараа нэхэмжлэгчтэй байнга уулзаж явж байсан, доголдол, дутагдлын талаар огт яриагүй, харин ч хэлсэн бүхий л ажлыг нь хийж өгсөн. Гэтэл өөрөө хөлсөө хугацаанд нь төлөөгүй алга болчхоод одоо ингээд хөлсөө буцаагаад нэхээд байгааг зөвшөөрөхгүй гэжээ.
4.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 349 дүгээр зүйлийн 349.1-д зааснаар нэхэмжлэгч *******ын хариуцагч *******ХХК-д холбогдуулан гаргасан 13,612,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 226,010 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
5.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол, тайлбарын агуулга:
5.1.Иргэн ******* нь *******ХХК-тай Барилгын ажил гүйцэтгэх гэрээг 2014 онд байгуулснаас хойш гэрээнд заасан үүргээ цаг тухай бүрт нь биелүүлж гэрээний хөлсөө төлсөөр ирсэн боловч гүйцэтгэгч тал нь өөрийн материалаар гэрээнд заасан хугацаанд ажлыг гүйцэтгэж захиалагчид хүлээлгэж өгөх үүргээ гүйцэтгэхгүй хугацаа алдаж удсанаас миний бие эд хөрөнгийн болон сэтгэл санааны хувьд хохироод байна. Тус компанийн нягтлан бодогч *******нь гэрээ байгуулахдаа захиалагч надаас барилгын ажлыг гүйцэтгэх хөлс мөнгийг авдаг боловч тухайн барилгадаа зарцуулдаггүй, нэмж засвар үйлчилгээ хийдэггүйгээс одоог хүртэл барилгын ажил дуусаагүй, дотор заслууд, засвар үйлчилгээ хийгдээгүйгээс сууцандаа орж чадаагүй. 2021 оны 02 дугаар сард очиж үзэхэд барилгын цонх хагархай, хаалганууд хийгдээгүй, обой, гарниз, плита, будаг, гараашны хаалга эвдэрхий, дотор засал хийгдээгүйн дээр барилга дотор хог хаягдал дүүрэн байсан тул бид өөрсдөө очиж цэвэрлэсэн.
******* нь гэрээнд заасны дагуу өмнө шилжүүлсэн 72 сая төгрөгөөс дутуу хийгдсэн ажил, дотор засвар хийгдээгүй улмаас үүссэн хохирол 1.3 сая төгрөг, үлдсэн ажлыг дуусгуулахаар гэрээ байгуулж 2017.07.26-ны өдөр тус компанийн захирал *******ийн ******* тоот данс руу шилжүүлсэн 12 сая төгрөгийн хохирлыг нэхэмжилсэн. Уг 12 сая төгрөгөөс нэмэлт ажил огт хийгдээгүй бөгөөд *******ийн дансаар түүний эхнэр уг мөнгийг авч захиран зарцуулсан талаар шүүх хурал дээр ******* хүлээн зөвшөөрсөн.
5.2.******* анх 2021 онд нэхэмжлэл гаргаснаас хойш шийдэгдэхгүй явсаар 2025 оны 11 дүгээр сард нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдэг үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2-д үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой гэрээний үүрэгт заасан хөөн хэлэлцэх хугацаа 6 жил байна гэж зааснаар нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байна.
5.3.Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч "*******" ХХК-ийн захирал *******ийн гаргасан хүсэлтийн дагуу шинжээч томилогдсон бөгөөд бодит хохирол, барилгад хийгдээгүй ажлын үнэлгээг мөнгөн дүнгээр гаргасан шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтаар хэрэгт авч үнэлж дүгнээгүй шийдвэр гаргасан нь шүүх нотлох баримтыг үнэн бодитоор үнэлж, дүгнэлт өгч шийдвэрлээгүй.
Иймд анхан шатны тойргийн шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
6.Давж заалдах гомдолд хариуцагч болон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд тайлбар гаргаагүй, шүүх хуралдаанд оролцоогүй болно.
ХЯНАВАЛ:
1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.
2.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч "*******" ХХК-д холбогдуулан 13,612,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцсон *******хариуцагчийн байр суурийг дэмжсэн тайлбар гаргасан, гуравдагч этгээд ******* шүүхэд тайлбар гаргаагүй байна.
Нэхэмжлэлд тусгасан 3 төрлийн шаардлагын нийлбэр дүн 13,812,000 төгрөг боловч нэхэмжлэгч 13,612,000 төгрөг гэж тодорхойлж үүнээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн тул уг дүнгээр нэхэмжлэлийн үнийг тодорхойлох нь зүйтэй.
3.******* нь Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хорооны ******* аманд канад технологиор 118.92 м.кв талбайтай амины орон сууц, 34 м.кв талбайтай гараашийг нийт 91,919,600 төгрөгөөр бариулахаар 2014.10.27-ны өдөр *******ХХК-тай Барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан, мөн талууд 2015.05.25-ны өдөр, 2017.07.25-ны өдөр тус тус ажил гүйцэтгэх хугацаа болон төлбөрийн хуваарийг шинэчилж Барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан талаар нэхэмжлэлдээ тусгасан.
"*******" ХХК нь дээрх нөхцөлөөр ажил гүйцэтгэх гэрээг *******тай байгуулсан үйл баримтын талаар маргаагүй.
Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр талаар зөв дүгнэсэн байна.
4.Нэхэмжлэгч ******* нь ажил гүйцэтгэх гэрээний дагуу 2014.10.31-ний өдөр урьдчилгаа төлбөр 27,575,880 төгрөг, улмаар 2015.05.25-ны өдрийн гэрээг үндэслэн 2015.06.10-ны өдөр 27,000,000 төгрөг, 2015.10.19-ний өдөр 18,000,000 төгрөг, нийт 72,575,880 төгрөг хариуцагчид төлжээ.
Хариуцагч "*******" ХХК нь тус 72,575,880 төгрөгийг хүлээн авснаа зөвшөөрсөн, мөн уг төлбөрийн хэмжээнд ажлыг 90 хувийн гүйцэтгэлтэй хүлээлгэн өгсөн гэж тайлбарласан.
Нэхэмжлэгч нь тухайн мөнгөн дүн бүхий ажлаас дотор засварын ажил хийгдээгүйн улмаас хохирол үүссэн үндэслэлээр 1,300,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардсан боловч уг шаардлагатай холбоотой нотлох баримтыг шүүхэд гаргаагүй. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасанд нийцсэн.
5.Үүнээс гадна талууд 2017.07.25-ны өдөр дахин гэрээ байгуулсан байх бөгөөд ажлын үр дүн доголдолтой байсан бол уг асуудлыг шийдвэрлэх боломжтой байсан гэж үзэхээр байна.
Харин нэхэмжлэгч нь уг гэрээг үндэслэн 2017.07.26-ны өдөр 12,000,000 төгрөгийг хариуцагчид шилжүүлжээ.
Хариуцагч компанийн захирал ******* түүний дансанд шилжүүлсэн уг төлбөрийг гуравдагч этгээд *******захиран зарцуулсан, гэрээг нэхэмжлэгчтэй *******, ******* нар байгуулсан учир компанид хамааралгүй гэх агуулгаар маргасан нь үндэслэлгүй. Учир нь уг төлбөр компанийн байгуулсан ажил гүйцэтгэх гэрээтэй холбоотой тул үр дагаврыг компани хариуцна.
Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ Зуслангийн байшинд хийгдээгүй ажлууд-ын жагсаалт хавсаргасныг хариуцагч үгүйсгэсэн баримт гаргаагүй, тэрээр уг мөнгөөр үлдсэн заслын ажлыг хийхээр тохирч *******, ******* нар хийсэн гэх, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд *******43,000,000 төгрөгийн ажил хийсэн, нэхэмжлэгчийн шилжүүлсэн мөнгөнд нь нэмэлт ажил хийсэн гэх тайлбар тус тус гаргасан боловч эдгээр тайлбартай холбоотой нотлох баримт мөн хэрэгт авагдаагүй. Өөрөөр хэлбэл гүйцэтгэгч болох хариуцагч нь ажил гүйцэтгэх гэрээнд заасан ажлыг зохих ёсоор гүйцэтгэсэн байдлаа нотлох баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна.
6.Анхан шатны шүүх нэхэмжлэгч гэрээний дагуу шилжүүлсэн 12,000,000 төгрөгийг хариуцагчаас буцаан шаардсан үндэслэлийг анхаараагүй, гомдлын шаардлага гаргах хугацааг хэтрүүлсэн гэж дүгнэсэн нь хэргийн нөхцөл байдал болон хуульд нийцээгүй тул залруулах нь зүйтэй.
Тодруулбал нэхэмжлэгч нь хариуцагчийг 2017.07.25-ны өдрийн гэрээгээр тохиролцсон заслын ажлыг огт гүйцэтгээгүй үндэслэлээр мөнгөн хөрөнгийг түүнээс буцаан гаргуулахаар шаардсан нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасан гэрээний үүргийн зөрчлийн улмаас гэрээнээс татгалзаж үр дагаврыг шийдвэрлүүлэх агуулгатай байх бөгөөд энэ тохиолдолд хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа 10 жилийг баримтална.
Иймээс дээрх зохицуулалтын дагуу нэхэмжлэгч нь хариуцагчаас 12,000,000 төгрөг буцаан гаргуулахаар шаардах эрхтэй.
7.Нэхэмжлэгч нь 650 ширхэг гадна тохижилтын хавтан алга болсон үндэслэлээр хавтангийн үнэ 520,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардсан боловч уг шаардлагаа баримтаар нотлоогүйг анхан шатны шүүх зөв дүгнэж, холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй.
8.Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдсан гомдлын зарим хэсгийг хангаж, нэхэмжлэлийг 12,000,000 төгрөгийн хэмжээнд хангасан өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийдвэрт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 192/ШШ2025/09279 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтыг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******ХХК-аас 12,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******т олгож, нэхэмжлэлээс үлдэх 1,612,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж,
2 дахь заалтын ...56.1... гэснийг 56.2 гэж, ...үлдээсүгэй гэснийг үлдээж, хариуцагч *******ХХК-аас 206,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******т олгосугай гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгч *******аас улсын тэмдэгтийн хураамжид 2026 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр төлсөн 207,000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.АЗБАЯР
ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН
Д.ЗОЛЗАЯА