| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гоошоохүүгийн Даваадорж |
| Хэргийн индекс | 101/2015/3407/И/ |
| Дугаар | 1453 |
| Огноо | 2016-08-19 |
| Маргааны төрөл | Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2016 оны 08 сарын 19 өдөр
Дугаар 1453
Б.Баярсайханы нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2016 оны 6 дугаар сарын 21-ны өдрийн 101/ШШ2016/04843 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: Б.Баярсайханы нэхэмжлэлтэй,
Хариуцагч: П.Мөнхтулгад холбогдох
Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 12 000 000 төгрөг гаргуулах тухай маргаантай хэргийг
Хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч: Б.Баярсайхан,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: М.Энхжаргал,
Хариуцагчийн өмгөөлөгч: Г.Ичинхорол,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Цолмон нар оролцов.
Нэхэмжлэгч Б.Баярсайхан шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Зүүн хүрээ хотхонд 100.84 м.кв талбайтай, үйлчилгээний талбай захиалах зорилгоор “Зүүн хүрээ шилтгээн” ХХК-тай харилцан тохиролцсоны дагуу 2012 оны 12 дугаар сарын 15-ны өдөр С1-05-0202 тоот үйлчилгээний талбай захиалгаар бариулах гэрээ байгуулсан юм. Тус компани үйлчилгээний талбай захиалга авах ажлыг 2012 оны 9 дүгээр сараас эхлэхэд би захиалга өгөх зорилгоор очиход компанийг төлөөлж П.Мөнхтулга гэгч залуу надтай уулзсан ба намайг үйлчилгээний талбайн захиалга өгөх гэхэд манайх 50 хувийн урьдчилгаа авдаг тул боломжгүй гэсэн хариу өгсөн. Тухайн үед надад 100 000 000 төгрөг байсан бөгөөд П.Мөнхтулгаас захиалга авчих гэж их удаан гуйсан, үүнээс хойш захиалгыг минь авахыг хүлээж, 3 сар мөнгөө эргүүлж чадахгүй банкинд хадгалуулж байсан. Энэ хугацаанд би хариуцагч П.Мөнхтулгатай хэд хэдэн удаа ярихад тэрээр захиалга авахгүй гэж хариу өгдөг байсан бөгөөд сүүлдээ өөрийн өмчлөлийн эд хөрөнгөө худалдах гэж буй хүн шиг аашилж, тохиролцох саналыг надад тавьсан. Би 3 сар хүлээсэн болохоор түүнд за гэж хэлээд 2012 оны 12 дугаар сарын 14-ний өдөр уулзахад тэрээр “15 000 000 төгрөгийг гэрээнээс гадна надад өгчих, тэгсэн тохиолдолд таны захиалгыг авъя” гэхэд нь би гэрээ хийж байгаа хүн бүр ийм хэмжээний мөнгө өгдөг байх гэж бодоод зөвшөөрсөн. Ингээд маргааш нь буюу 2012 оны 12 дугаар сарын 15-ны өдөр манай эхнэр Д.Отгонжаргалын Хаан банкны 5069017750 тоот данснаас П.Мөнхтулгын өгсөн 5029601720 тоот данс руу 15 000 000 төгрөгийг шилжүүлсэн ба тэр өдөр үйлчилгээний талбай захиалгаар бариулах гэрээ байгуулагдсан. Үүнээс хойш би П.Мөнхтулгатай удаа дараа уулзаж чи надад борлуулах талбай байхгүй ч олж өгнө гэж худал ярьж, надаас их хэмжээний мөнгө авсан байна, байхгүй гээд байсан талбай чинь одоо болтол худалдагдаагүй байна, мөнгөө буцааж авъя гэх зэргээр нэхэл дагал болж байж 3 000 000 төгрөгийг буцааж авсан. Иймд хариуцагч П.Мөнхтулгаас 12 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч П.Мөнхтулга шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие “Зүүн хүрээ шилтгээн” ХХК-нд барилгын борлуулалтын менежер ажилтай байхдаа иргэн Б.Баярсайхантай үйлчилгээний зориулалттай талбай захиалан бариулах гэрээ байгуулсан. Өнөөдрийн байдлаар энэ хүн тухайн үл хөдлөх хөрөнгөө өмчилж, өөрийн өмч болгосон бөгөөд гоо сайхны бараа бүтээгдэхүүн худалдаж, ашиг орлого олж байна. Миний зүгээс Б.Баярсайханд ашигтай талбайг харьцангуй хөнгөлөлттэй үнээр буюу 347 898 000 төгрөгийн үнэтэй үл хөдлөх хөрөнгийг урьдчилгаа 100 000 000 төгрөгөөр захиалан авах нөхцөл бүрдүүлсэн. Манай компанид тухайн үед 3 борлуулалтын менежер ажиллаж байсан бөгөөд Б.Баярсайхан нь өөрөө л надтай холбогдож, энэ бүгдийн эхлэлийг тавьсан. Би тухайн үед 15 000 000 төгрөгийг шагналын журмаар олгож байна л гэж ойлгосон. Би 2016 онд 3 000 000 төгрөгийг өгөхдөө энэ 15 000 000 төгрөгөөс тооцож өгөөгүй, Б.Баярсайханы эхнэр надтай таараад ах чинь группт орсон, бидэнд эмчилгээний мөнгө хэрэгтэй байна, туслаач гэхээр нь өгсөн. Нэхэмжлэгчийн хувьд хүсээд байсан үйлчилгээний талбайгаа авахад нь миний бие тусалсан бөгөөд Б.Баярсайхан ч хүссэн зүйлээ авсан байдаг. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч П.Мөнхтулгаас 12 000 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Баярсайханд олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Б.Баярсайханаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 206 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч П.Мөнхтулгаас 206 950 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Баярсайханд олгуулахаар шийдвэрлэжээ.
Хариуцагчийн өмгөөлөгч С.Галцацрах, Г.Батцэцэг нар давж заалдах гомдолдоо: Б.Баярсайхан нь П.Мөнхтулгад танайхаас үйлчилгээний зориулалттай талбай худалдаж авах гэсэн юм, худалдах, худалдан авах гэрээ байгуулъя гэхээр надад урьдчилгааны 50 хувьд хүрэх мөнгө байхгүй болоод байна. Чи компанийн нэрийн өмнөөс гэрээ хийх эрхтэй хүний хувьд ахдаа тусал гэж 15 000 000 төгрөг өгөх талаараа амалсаны үндсэн дээр байгаа мөнгөнийх нь хэмжээгээр урьдчилгааг нь зохицуулж, гэрээг нь хийлгүүлж өгөх үүрэг П.Мөнхтулгад бий болсон. Энэ нөхцөл байдлаас харахад П.Мөнхтулга, Б.Баярсайхан нарын хооронд үүрэг үүсээгүй гэж үзэх үндэслэл байхгүй юм. Нэхэмжлэгч Б.Баярсайханы хувьд анх өөрөө санаачилж, шагнал өгөх талаараа амалж, өгчихөөд хожим нь мөнгө төгрөг хэрэг болсон нэрээр үндэслэлгүйгээр буцаан шаардаж байгаа нь өөрөө нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан үйлдэл гэж үзэж болохоор байна. Б.Баярсайхан нь худалдаа үйлчилгээний талбай худалдах, худалдан авах гэрээ байгуулж, гэрээнийхээ дагуу уг талбайгаа өөрийн өмчлөлдөө шилжүүлэн авч, бизнесийн үйл ажиллагаагаа явуулж, ашиг орлоготой ажиллаж байгаа болно. Үүнээс харахад Б.Баярсайханд гэрээг нь байгуулж өгснөөр түүнд ач холбогдол бүхий үр дүн гарсан нь тодорхой харагдаж байна. Иргэний хуулийн 420 дугаар зүйлийн 420.1-д зааснаар "тодорхой үйлдэл хийсэн, эсхүл тодорхой үр дүн бий болгосон шагнал олгохоор амлаж нийтэд зарласан этгээд уг үйлдэл хийсэн буюу үр дүн бий болгосон этгээдэд шагнал олгох үүрэг хүлээнэ" гэжээ. П.Мөнхтулга нь Б.Баярсайханы өмнө тодорхой үйлдэл хийж, үр дүн бий болгосон байхад мөн нэхэмжлэгч Б.Баярсайханы өөрийнх нь сайн дурын үндсэн дээр амалж өгсөн шагналыг авсан байхад П.Мөнхтулгаас 12 000 000 төгрөгийг гаруулж Б.Баярсайханд олгохоор шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч Б.Баярсайхан нь хариуцагч Д.Мөнхтулгад холбогдуулж 12 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан байна.
Б.Баярсайхан болон “Зүүн хүрээ шилтгээн” ХХК-ийн хооронд 2012 оны 12 дугаар сарын 15-ны өдөр үйлчилгээний талбай захиалгаар бариулах тухай гэрээ байгуулагдсан, уг гэрээгээр 101,58 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг, 1 м.кв-ыг 3 450 000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар тохиролцсон байна. “Зүүн хүрээ шилтгээн” ХХК-ийг төлөөлж уг компанид борлуулалт хариуцсан менежерээр ажиллаж байсан хариуцагч П.Мөнхтулга нь гэрээг нэхэмжлэгч Б.Баярсайхантай байгуулахдаа түүнээс 15 000 000 төгрөгийг авсан, уг мөнгөн хөрөнгө нь гэрээний үнэд ороогүй үйл баримтын талаар талууд маргаагүй.
Хариуцагч П.Мөнхтулга нь нэхэмжлэгч Б.Баярсайханаас15 000 000 төгрөгийг авах үндэслэлтэй байсан гэдгээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүйгээс гадна түүний тайлбарыг үндэслэн тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 420 дугаар зүйлийн 420.1 дэх хэсэгт заасан шагнал олгохоор нийтэд амласнаас үүссэн харилцаа бий болсон гэдгийг тогтоох боломжгүй, энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.
Хариуцагч П.Мөнхтулга нь “Зүүн хүрээ шилтгээн” ХХК-д борлуулалт хариуцсан менежерээр ажиллаж байсан талаар талууд маргаагүй тул түүнийг хөдөлмөрлөх үйл явцдаа ажил олгогчоос олгогдсон эрх хэмжээг буруугаар ашигласан, иргэний эрх зүйн харилцаанд бусдыг төлөөлж оролцохдоо эрх, үүргээ шударгаар хэрэгжүүлээгүй, мөнгөн хөрөнгийг хууль болон гэрээнд заасан аргаар олж аваагүй гэж анхан шатны шүүх дүгнэснийг буруутгах боломжгүй байна..
Нэхэмжлэгч Б.Баярсайхан нь 3 000 000 төгрөгийг хариуцагч П.Мөнхтулгаас буцаан авсан гэх тайлбарыг үндэслэн анхан шатны шүүх хариуцагчаас 12 000 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь зөв боловч Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлаагүйг зөвтгөх боломжтой.
Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 21-ны өдрийн 101/ШШ2016/04843 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтын “Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 …” гэснийг, “Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 …” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 206 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА
ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ
Г.ДАВААДОРЖ