Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Александрын Сарангэрэл |
Хэргийн индекс | 128/2017/0230/З |
Дугаар | 521 |
Огноо | 2017-06-30 |
Маргааны төрөл | Тусгай зөвшөөрөл, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 06 сарын 30 өдөр
Дугаар 521
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарангэрэл даргалж, “С ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох захиргааны хэргийг 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдөр тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж энэхүү шүүхийн шийдвэрийг гаргав.
Шүүх хуралдааны ирц: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.С , түүний өмгөөлөгч Ц.М , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Удаанжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “С ” ХХК нь шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлдээ: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын үүргийг орлон гүйцэтгэгчийн 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 89 дүгээр шийдвэрээс “С ” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.8-д заасан шийдвэрийг гаргуулах,
Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын үүргийг орлон гүйцэтгэгчийн 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 89 дүгээр шийдвэрээр ашигт малтмалын ашиглалтын МV-017... тоот тусгай зөвшөөрлийг цуцалсан. Үүнд:
Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 1/317 тоот хариу бичигт “Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлд “гомдлоо захиргааны акт мэдсэнээс хойш 30 хоногийн дотор хянан шийдвэрлэх захиргааны байгууллагад гаргана” гэж заасан. Гэвч танай компанийн гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн байна гэжээ.
МV-017... тоот тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл бүрдсэн талаарх мэдэгдэл Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 7/278 тоот албан бичиг, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 89 дүгээр шийдвэр тус компанид ирээгүй ба мэдэгдлийг хүлээн аваагүй болно.
Дээрх бичгүүдийг тус компаний менежер н.О 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр өөрийн биеэр Ашигт малтмал, газрын тосны газарт очиж тус байгууллагын бичиг хэргээс гарын үсэг зурж хүлээн авсан. 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн а/-9 тоот албан хүсэлтийг Ашигт малтмал, газрын тосны газрын даргад урьдчилан хянан шийдвэрлүүлэхээр хүргүүлсэн учир манай компани гомдол гаргах, хөөн хэлэлцэх хугацааг хэтэрсэн гэж хүлээн зөвшөөрөхгүй байна.
“С ” ХХК-ийн захирал М Ж Х нь 2016 оны 08 дугаар сараас эхлэн хүндээр өвчилж яаралтай оношлогоо, эмчилгээ хийлгэх шаардлагатай болсны улмаас удаан хугацаанд Хятад улсын эмнэлэгт хэвтэж эмчлүүлэн одоог хүртэл эмчийн хяналтанд эмчилгээ хийлгэж байна. Үүнд: 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Хятад улсын Анагаах улсын их сургуулийн харьяа Бээжин Чао ян эмнэлэгт хэвтэн судасны шинжтэй зүрхний хэсгийн чулуу гэсэн онош тогтож эм ууж, мэс засал хийлгэн хэвтрийн дэглэм сахиж үргэлжлүүлэн эмнэлэгт хэвтэн, эмчлүүлэх хугацааг сунгасан.
Тус компани МV-017... тоот тусгай зөвшөөрлийн талбайд нилээдгүй хөрөнгө мөнгө зарцуулж, жил бүрийн тусгай зөвшөөрлийн төлбөр болон бусад үйлчилгээний хураамжийг төлж, гүйцэтгэсэн ажлын талаархи жил жилийн тайлан төлөвлөгөөг хянуулан батлуулж хуульд заасан үүргээ биелүүлж байсан бөгөөд энэ тусгай зөвшөөрөл цуцлагдсанаар манай байгууллагад алдагдал гарч бидэнд хүндрэл учирч байна.
Иймд нотлох баримт бичиг байгааг харгалзан үзэж тусгай зөвшөөрлийн өргөдлийг хүлээн авч шийдвэрлэхгүй байгаа Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын үйлдлийг хууль бусад тооцож, МV-017... тоот тусгай зөвшөөрлийг сэргээн бүртгэх шийдвэр гаргахыг Кадастрын хэлтэст даалгаж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 89 дүгээр шийдвэрээр ашигт малтмалын ашиглалтын МV-017... тоот тусгай зөвшөөрлийг цуцалсан. Ашигт малтмал, газрын тосны газрын 2017 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 1/317 тоотоор хариу өгч, захиргааны ерөнхий хуулийн 91 дүгээр зүйлд заасны дагуу гомдлоо захиргааны актыг мэдсэнээс хойш 30 хоногийн дотор дээд шатны захиргааны байгууллага гаргана гэж заасан байтал танай компанийн хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн байна гэсэн. МV-017... тоот тусгай зөвшөөрлийг цуцалсан талаарх мэдэгдэл, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 7238 тоот албан бичиг, Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 89 дүгээр шийдвэр тус компанид ирээгүй ба мэдэгдлийг хүлээн аваагүй.
Дээрх албан бичгүүдийг 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Ашигт малтмал, газрын тосны газарт н.О өөрийн биеэр очиж авч гарын үсэг зурсан байдаг. 2014 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн А/09 тоот хүсэлтийг Ашигт малтмал, газрын тосны газарт хүргүүлсэн учраас гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй. “С ” ХХК-ийн захирал М Ж Х нь 2016 оны 08 дугаар сараас эхлэн хүндээр өвдөж яаралтай эмчлүүлэн эмчийн хяналтад байгаа. 2016 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Бүгд Найрамдах Хятад улсын харьяа Анагаах ухааны их сургуулийн харьяа эмнэлэгт мэс засал хийлгэж эмчилгээний хугацааг сунгуулсан. МV-017... тоот тусгай зөвшөөрлийн талбайд нилээдгүй их хөрөнгө мөнгө зарцуулж, жил бүр тусгай зөвшөөрлийн гүйцэтгэлийн ажлын тайланг батлуулж, хуульд заасан үүргээ биелүүлж байсан бөгөөд энэ тусгай зөвшөөрлийг цуцалснаар манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байна. Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн төлбөр гэдгийг Татварын ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д татварын бүрэлдэхүүн, албан татвар хураамж, төлбөрөөс бүрдэнэ /үүнийг татвар гэнэ/ гэж заасан. Төлбөр гэдэг нь нэг талаасаа татвар юм. Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн төлбөр гэдгийг тусгай зөвшөөрлийг хүчин төгөлдөр байлгах зорилгоор эзэмшигчээс энэ хуульд заасны дагуу төлөх төлбөр гэж тодорхойлсон. Төсвийн тухай хуулийн 23 дугаар зүйлд “төсвийн орлого нь татварын болон татварын бус орлогоос бүрдэнэ, 23 дугаар зүйлийн 23.4-д “улсын төсвийн татварын орлого нь дараахь орлогоос бүрдэнэ”, Төсвийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.6-д “ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, 23.1.7-д ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөр” гэж тус тус заасан. Тэгэхээр энэ бол нэг талаас татвар нөгөө талаас төсвийн орлогыг бүрдүүлэгч юм. Татварын ерөнхий хуульд заасны дагуу нэхэмжлэгч компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд 2016 оны 08 дугаар сараас хойш Монгол Улсад суурин байж ажил хийх нөхцөл бололцоогүй байсан. 2016 оны 11 дүгээр сараас хойш Монгол Улсад байгаагүй. Татварын ерөнхий хуульд заасан хүндэтгэн үзэх шалтгаан гэдэгт өвчтэй, эмчилгээ хийлгэж байгаа гэдэгт хамаарч байна. Нэхэмжлэгч компанийн захирал нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэдэг нотлох баримтыг ирүүлсээр байтал хүсэлтийг хүлээж авахгүй, шийдвэрлэх боломжгүй гэж хариу ирүүлсэн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын шийдвэр, албан бичгүүдээр тусгай зөвшөөрлийг сэргээх боломжгүй гэсэн нь үндэслэлгүй.
Хуульд өөрөөр заагаагүй бол гарын үсэг зурж, албажуулснаар мэдэгдсэнд тооцдог. Ашигт малтмал, газрын тосны газраас яг энэ жишгээр мэдэгддэг. Манай байгууллагын хувьд баримт бичгийг хүлээлцэх дэвтрээс харахад мэдэгдэл болон шийдвэрийг хүлээж аваагүй учраас бидэнд мэдэгдээгүй гэдэг үндэслэлээр маргаж байгаа. Хүндэтгэн үзэх шалтгааны хувьд Ашигт малтмал, газрын тосны газарт анх удаа хандаж, шийдвэрлүүлэх гэж байгаа асуудал биш. Хүндэтгэн үзэх шалтгаанаа тайлбарлаж, цаашид хэвийн нөхцөлөөр ажиллах боломжоор хангаж өгнө үү гэж өөрсдөө захиргааны байгууллагад очиж мэдэгдлийг гардаж авсан. Үүнийг хүндэтгэн үзэх шалтгаан гэдэгт тооцож тусгай зөвшөөрлийг сэргээсэн тохиолдол байдаг.
Хариуцагч байгууллагаас шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: Ашигт малталын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2012 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 532 дугаар шийдвэрээр Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутагт орших Баянцогт нэртэй 1952.93 га талбайд “С ” ХХК-д ашигт малтмалын ашиглалтын М\/-017... дугаартай тусгай зөвшөөрөл олгосон байна.
Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө” гэж заасан.
Энэ дагуу “С ” ХХК-иас ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөрийн 1 дэх жилийн төлбөрийг 2012 оны 08 дугаар сарын 17-ны өдөр, 2 дахь жилийн төлбөрийг 2013 оны 07 дугаар сарын 19-ны өдөр, 3 дахь жилийн төлбөрийг 2014 оны 07 дугаар сарын 30-ны өдөр тус тус төлсөн байна.
“С ” ХХК-иас МV-017... дугаартай тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг 2016 оны 08 дугаар сарын 14-ний өдрөөс өмнө төлөх үүрэгтэй байсан боловч тухайн хугацаанд төлбөрөө төлөөгүй байна.
Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.6-д “Энэ хуулийн 34.2-т заасан хугацаанд төлбөрийг төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд тухайн жилд төлөх төлбөрийн үнийн дүнгийн 0.3 хувиар тооцон алданги ногдуулна", мөн зүйлийн 34.7-д “Энэ хуулийн 34.6-д заасан хугацаа хэтэрсэн хоног 30 хүртэл байх бөгөөд энэ хугацаанаас хэтэрвэл мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцална” гэж тус тус заасан.
Түүнчлэн Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т “Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдсоноос хойш ажлын 10 өдөрт багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигчид энэ тухай мэдэгдэл өгөх бөгөөд түүнд тусгай зөвшөөрлийг цуцлах болсон үндэслэлийг тодорхой заана” гэж заасан бөгөөд Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсээс 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 7/278 дугаартай албан бичгээр тусгай зөвшөөрөл цуцлах үндэслэл бүрдсэн талаар мэдэгдэл хүргүүлсэн байна.
Ийнхүү мэдэгдэл өгснөөс хойш 30 хоног өнгөрсний дараа Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 10 дугаар сарын 24- ний өдрийн 89 дүгээр шийдвэрээр ашигт малтмалын ашиглалтын МV-017... дугаартай тусгай зөвшөөрлийг цуцалж шийдвэрлэсэн байна.
Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 89 дүгээр шийдвэр нь Ашигт малтмалын тухай хуулийн дагуу гарсан хууль ёсны захиргааны акт тул уг шийдвэрийг хүчингүй болгуулах үндэслэлгүй болно.
Иймд “С ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч компанид ашиг малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг 2014 оны 08 дугаар сарын 14-ний өдөр анх олгосон. Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т “Ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөрийг жил бүр урьдчилан тооцож төлнө” гэж заасан. Ашиглалтын тусгай зөвшөөрөл авснаас хойш төлбөрийг 2016 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн дотор төлөх үүрэгтэй байсан. Гэвч энэ хугацаанд нэхэмжлэгч компанийн тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлөөгүй. Хугацаандаа төлөөгүй гэдэгтэй нэхэмжлэгч тал маргаагүй. Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.6-д “энэ хуулийн 34.2-т заасан хугацаа хэтэрсэн гэж үзвэл тухайн жилд төлөх төлбөрийн үнийн дүнгийн 0.3-тай тэнцэх алданги ногдуулна”, 34.7-д энэ хуулийн 34.6-д заасан хугацаа хэтэрсэн хоног нь 30 хүртэл байх бөгөөд энэ хугацаанд тусгай зөвшөөрлийг цуцална гэж заасан. Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т “Төрийн захиргааны байгууллага нь тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдсоноос хойш ажлын 10 хоногийн дотор багтаан энэ тухай мэдэгдэнэ” гэж заасан. Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 7/278 дугаартай албан бичгээр тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл бүрдсэн талаарх мэдэгдлийг шуудангаар явуулсан. Мэдэгдэл хүргүүлснээс хойш 30 хоног өнгөрсний дараа Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн А/89 дүгээр шийдвэрээр МV-017... дугаартай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцалсан.
Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.7-д “Ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцалсан тохиолдолд өдөр тутмын сонинд нийтэлнэ” гэж заасан. Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсээс 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн Монголын мэдээ сонинд нийтэлсэн бөгөөд сонингийн хуулбарыг хэрэгт нотлох баримтаар хавсаргасан. Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.6-д “Захиргааны актыг мэдэгдвэл зохих этгээд 20 буюу түүнээс дээш тооны байх тохиолдолд төлөөлөгчид, төлөөлөгч байхгүй бол хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдэгдэж болно”, 43.7-д “Хуульд өөрөөр заасан тохиолдолд захиргааны актыг нийтэд мэдэгдэх бөгөөд захиргааны актыг үйлчлэх тодорхой нутаг дэвсгэрийн хэмжээнд хэвшсэн журмаар нийтэд танилцуулснаас хойш ажлын 10 өдөр өнгөрсний дараа уг актыг мэдэгдсэнд тооцно, тайлбарт нь хэвшсэн журмаар нийтэд танилцуулах гэж захиргааны байгууллагын албан ёсны мэдээллийн самбар, цахим хуудас, орон нутгийн болон үндэсний шинжтэй хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэхийг ойлгоно” гэж заасан. Ашигт малтмалын газар нь зөвхөн нэхэмжлэгч компанийн тусгай зөвшөөрлийн тухай биш, тусгай зөвшөөрлийг цуцалсан тухай мэдээллийг үндэсний хэмжээний өдөр тутмын сонинд нийтэлсэн.
Татварын ерөнхий хуульд зааснаар хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэж нэхэмжлэгч тал маргадаг. Татварын ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.8-д заасан хүндэтгэн үзэх шалтгаан гэдгийг энэ хуулийн 57 дугаар зүйлийн 57.2, 70 дугаар зүйлийн 70.2, 77 дугаар зүйлийн 77.1.4 дэх хэсэгт тусгайлан зохицуулсан. Нэхэмжлэгч гадаад улсад эмчилгээ хийлгэж байсан гэдэг нь төлбөр төлөхөөс татгалзах хүндэтгэн үзэх шалтгаан болохгүй. Тусгай зөвшөөрлийн төлбөрийг хэдийд ч урьдчилан төлөх боломжтой. Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга нь нэхэмжлэгчид хүндэтгэн үзэх шалтгаан байсаар байтал тусгай зөвшөөрлийг цуцалсан гэж маргадаг. Хэрвээ хүндэтгэн үзэх шалтгаан байсан бол ямар нэгэн байдлаар тусгай зөвшөөрлийн төлбөр төлөх хугацааг хойшлуулах, мэдэгдэх, хүсэлт гаргах эрх нь нэхэмжлэгчид нээлттэй. Төлбөр төлөөгүй шалтгаан нь тодорхойгүй байхад Ашигт малтмал, газрын тосны газар үүргээ хэрэгжүүлээгүй, хууль бус шийдвэр гаргалаа гэж маргах нь үндэслэлгүй. Хэрвээ мэдэгдлийг аваагүй гэж үзвэл тусгай зөвшөөрөл эзэмшигч нь өөрийн хаягт өөрчлөлт оруулах үүрэгтэй. Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Ашигт малтмалын тухай хуульд яаж мэдэгдэл гаргах талаар тодорхой заасан. Мэдэгдэх үүргээ захиргааны байгууллага биелүүлсэн. Зөвхөн тухайн хаяг дээр байсан эсэх, ямар шалтгаанаар мэдэгдлийг хүлээн аваагүй гэдэг нь нэхэмжлэгчид хамааралтай асуудал. Хариуцагч байгууллагаас нэхэмжлэгчийн албан ёсны бүртгэлтэй хаягаар шуудангаар мэдэгдсэн. Хүндэтгэн үзэх шалтгаантай гэж үзэхгүй гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “С ” ХХК-иас “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 89 дүгээр шийдвэрээс “С ” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.8-д заасан шийдвэрийг гаргуулах” гэсэн шаардлага бүхий Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдуулан гаргасан нэхэмжлэлээр захиргааны хэрэг үүсгэсэн /ххх 21-23/.
Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн даргын 2012 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 532 дугаар шийдвэр /ххх 43/-ээр “С ” ХХК-д Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Баянцогт нэртэй, 1952.93 га талбай бүхий газарт уурхайн эдэлбэрт ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгожээ.
Дээрх шийдвэрийн дагуу МV-017... дугаартай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн гэрчилгээ /ххх 41-42/-г тус компанид 2012 оны 08 дугаар сарын 17-ны өдөр олгожээ.
Нэхэмжлэгч компаниас ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн 1, 2, 3, 4 дэх жилийн буюу 2012 оны 08 дугаар сарын 17-ны өдрөөс 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдөр хүртэл төлбөр төлсний дагуу гэрчилгээний хавсралтад тэмдэглэгээ хийгджээ /ххх 14, 39-40/.
Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсээс ээлжит жилийн төлбөрийг ирүүлээгүй тохиолдолд тусгай зөвшөөрөл цуцлагдах үндэслэл бүрдэх, алданги төлөх боломжтой тухай мэдэгдлийг 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 7/278 дугаар албан бичиг /ххх 35/-ээр нэхэмжлэгч компанид хүргүүлсэн байна.
Энэ мэдэгдлийг 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр нэхэмжлэгч компанийн менежер н.О гардан авсан гэдэг нь хариуцагч байгууллагын баримт бичиг хүлээлцэх дэвтэрийн хуулбарын 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр буцаалт хийсэн тэмдэглэгээ болон н.О ийн хүлээн авсан гарын үсэг /ххх 61-62/, нэхэмжлэгч талын тайлбар /ххх 1-2/ зэргээр нотлогдож байна.
Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7-д заасны дагуу тусгай зөвшөөрөл цуцлагдах талаар мэдэгдэл өгснөөс хойш 30 хоногт багтаан тусгай зөвшөөрлийн ээлжит төлбөр, алдангийг төлөөгүй учир Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 89 дүгээр шийдвэр /ххх 33-34/-ээр нэхэмжлэгч “С ” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг цуцалсан байна.
Энэ шийдвэрийг хариуцагч байгууллагаас 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 7/1238 дугаар албан бичгээр “С ” ХХК-д мэдэгдэл /ххх 89/-ээр хүргүүлж, “Монголын мэдээ” сонинд 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр захиалга өгөн /ххх 90/, 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр тус сонинд хэвлэгджээ /ххх 98/.
Энэ мэдэгдлийг 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр нэхэмжлэгч компанийн менежер н.О гардан авсан гэдэг нь хариуцагч байгууллагын баримт бичиг хүлээлцэх дэвтэрийн хуулбарын 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр буцаалт хийсэн тэмдэглэгээ болон н.О ийн хүлээн авсан гарын үсэг /ххх 63, 87-88/, нэхэмжлэгч талын тайлбар /ххх 1-2/ зэргээр нотлогдож байна.
Улмаар нэхэмжлэгч компаниас 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн а/09 “...компанийн захирал хүнд өвчний улмаас БНХАУ-д шинжилгээ хийлгэн улмаар үргэлжлүүлэн эмчлүүлж өөрийн биеэр төлбөрийг шилжүүлж чадахгүйн улмаас хугацаа хоцорсон тул ...тусгай зөвшөөрлийг дахин хянан үзэж торгууль, алданги тооцсон төлбөрийг хүлээн авч сэргээн ...тусална уу.” гэсэн хүсэлт /ххх 48/-ийг Ашигт малтмал, газрын тосны газрын даргад хүсэлт гаргажээ.
Энэ хүсэлтийг маргаан бүхий захиргааны акт гарах үед буюу 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс өмнө гаргаж байгаагүй гэдэг нь нэхэмжлэгч, хариуцагч талуудын тайлбаруудаар тогтоогдож байна.
Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 1/317 дугаар албан бичгээр “ ... шийдвэр нь хуульд нийцсэн захиргааны акт байх тул тусгай зөвшөөрлийг сэргээн бүртгэх боломжгүй байна” гэсэн хариуг нэхэмжлэгч компанид хүргүүлжээ.
Үүний дараа 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр нэхэмжлэгч компаниас тус шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Нэхэмжлэгчээс “компанийн захирал тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдөр өвчний улмаас удаан хугацаагаар гадаад улсад эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан хүндэтгэн үзэх шалтгаантайн улмаас тусгай зөвшөөрлийн 5 дахь жилийн төлбөрийг төлөх боломжгүй байсан гэдэг нотлох баримтыг ирүүлсээр байтал хүсэлтийг хүлээж авахгүй, шийдвэрлэх боломжгүй гэж хариу ирүүлсэн хариуцагчийн шийдвэр үндэслэлгүй, тусгай зөвшөөрлийг цуцалсан шийдвэрийн улмаас компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн” гэж маргажээ.
Нэхэмжлэгч компани нь 2012 оны 08 дугаар сарын 17-ны өдрөөс Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6, 4.1.21-д заасны дагуу ашигт малтмал ашиглах эрх олгосон баримт бичиг авч, ашигт малтмал ашиглах эрхтэй тусгай зөвшөөрөл эзэмшигч болжээ.
Иймээс нэхэмжлэгч компани нь тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хувьд Ашигт малтмалын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 32 дугаар зүйлийн 32.1, 34 дүгээр зүйлийн 34.2, 34.6 -д заасны дагуу тусгай зөвшөөрлийн төлбөрийг жил бүр урьдчилан төлөх, энэ хуульд заасан тодорхой хугацаанд тусгай зөвшөөрлийн төлбөр төлөх нөхцөл, шаардлагыг хангаж ажиллах үүрэгтэй бөгөөд ийнхүү төлбөр төлснөөр нэхэмжлэгч компанийн тусгай зөвшөөрөл эзэмших эрх хадгалагдах нөхцөл бүрдэнэ.
Харин хариуцагч геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага буюу Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс нь Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.15-д заасны дагуу ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцлах чиг үүрэгтэй, мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.6, 34.7 , 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.2-т заасны дагуу хугацаандаа тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд алданги ногдуулах, алданги төлөх хугацаа 30 хоног байх, энэ хугацаанд бүрэн төлөөгүй бол тусгай зөвшөөрлийг цуцлах, цуцалсан шийдвэрээ мэдэгдэх бүрэн эрхийг тус тус хэрэгжүүлэхээр заажээ. Энэ нь хуулиар хариуцагч захиргааны байгууллагад олгосон бүрэн эрх бөгөөд захиргааны байгууллага энэхүү хуулийн заалтыг хэрэгжүүлэн ажилласнаар түүний үйл ажиллагаа хуульд нийцнэ.
Маргааны үйл баримтаас үзэхэд “С ” ХХК нь Ашигт малтмалын тухай хуулийн 5 дахь жилийн төлбөрийг 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдрөөс өмнө урьдчилан төлөх үүрэгтэй байтал энэ хугацаанд төлбөрөө төлөөгүй, тус компанийн захирал хүндэтгэн үзэх шалтгаантай байсны улмаас төлбөр төлөөгүй талаар төлбөр төлөх ёстой хуульд заасан хугацаа болох 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдрөөс өмнө болон хугацаа хэтэрсэн алданги төлөх 30 хоногийн хугацаанд хариуцагч байгууллагад мэдэгдээгүй, хүсэлт гаргаагүй гэдэг нь тогтоогдож байна.
Нэхэмжлэгч компаниас хуульд заасан хугацаанд төлбөрөө төлөөгүй учир хариуцагч байгууллагаас хугацаа хэтэрсэн алдангийг хуульд заасан 30 хоногийн хугацаанд төлөх талаар дурдаж, тусгай зөвшөөрөл цуцлагдах талаар 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр мэдэгдэл гаргаж, улмаар Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7-д заасан 30 хоногийн хугацаа дууссан учир 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр нэхэмжлэгч компанийн ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрлийг цуцалсан шийдвэр гаргасан, цуцалсан шийдвэрийн талаар мэдэгдэл хүргүүлсэн зэрэг хариуцагчийн үйлдлүүд нь дээр дурдсан хуульд нийцсэн бөгөөд хариуцагч захиргааны байгууллагын хуулиар өөрт олгогдсон бүрэн эрхээ хэрэгжүүлсэн гэж үзэхээр байна.
Нэхэмжлэгч компанийн захирал хүндэтгэн үзэх шалтгаантайн улмаас тусгай зөвшөөрлийн төлбөр төлж чадахгүй байгаа гэдгийг маргаан бүхий актыг гаргах үед нэхэмжлэгч компаниас аливаа хүсэлт гаргаагүй, мэдэгдээгүй тохиолдолд хариуцагч байгууллага мэдэх боломжгүй юм. Мөн дээр дурдсан Ашигт малтмалын тухай хуулийн заалтаас үзэхэд нэхэмжлэгч компани тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хувьд төлбөрөө хуульд заасан хугацаанд төлөх үүрэгтэй, хуульд заасан энэ хугацааг мэдэх үүрэгтэй, мөн нэхэмжлэгчийн хуулийн этгээдийн бүртгэлээс үзэхэд 6 үүсгэн байгуулагчтай, нэхэмжлэгч компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд болох М Ж Х нь 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс биеийн байдал нь муудаж эмнэлэгт хэвтсэн гэж тайлбарлаж байгаа тул 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс өмнө ээлжит жилийн төлбөрийг төлөх боломжтой байсан нөхцөл байдлуудыг дурдах нь зүйтэй.
Иймээс нэхэмжлэгчээс “компанийн захирал тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдөр өвчний улмаас удаан хугацаагаар гадаад улсад эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан хүндэтгэн үзэх шалтгаантайн улмаас тусгай зөвшөөрлийн 5 дахь жилийн төлбөрийг төлөх боломжгүй байсан гэдэг нотлох баримтыг ирүүлсээр байтал хүсэлтийг хүлээж авахгүй, шийдвэрлэх боломжгүй гэж хариу ирүүлсэн хариуцагчийн шийдвэр үндэслэлгүй” гэж тайлбарлаж байгаа үндэслэлийг хүлээн авч маргаан бүхий актыг хууль бус гэж үзэх үндэслэлгүй юм.
Түүнчлэн Ашигт малтмалын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д “ Энэ хуулийн 24.1, 24.2-т заасан ашиглалтын тусгай зөвшөөрөл ... дараахь баримт бичгийг хавсаргана”, 25.1.1-д “ хуулийн этгээдийн нэр, шуудангийн хаяг, утас, факсны дугаар, цахим шуудангийн хаяг, шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтны нэрийг тусгасан тодорхойлолт”, 35 дугаар зүйлийн 35.12-т “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь өөрийн хаяг, цахим шуудан, утас, факсны дугаар өөрчлөгдсөн тохиолдолд 14 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад мэдэгдэнэ.” гэж тус тус заажээ.
Дээрх хуулийн заалтуудаас үзэхэд нэхэмжлэгч “С ” ХХК нь хаягийн өөрчлөлтийн мэдээлэл болон шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтны нэрийг тодорхой болгох үүрэгтэй. Энэ үүргийнхээ хүрээнд хариуцагч байгууллагаас гаргасан аливаа захиргааны шийдвэрийг хариуцан хүлээн авах этгээд буюу үүрэг гүйцэтгэгчийг томилох боломжтой байна.
Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д “Захиргааны актыг хаяглагдсан этгээд болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд хуульд заасан журмын дагуу мэдэгдэнэ ... түүнийг гаргасан захиргааны байгууллага хариуцна”, 43 дугаар зүйлийн 43.2-д “ .... захиргааны актыг ... шаардлагатай тохиолдолд утас, факс, шуудан, цахим болон бусад хэлбэрээр мэдэгдэж болох бөгөөд ийнхүү мэдэгдсэнээ баримтжуулна” гэж тус тус заасан байна.
Иймд хариуцагч захиргааны байгууллагаас тусгай зөвшөөрлийг цуцлах нөхцөл бүрдсэн талаарх мэдэгдлийг шуудангаар хүргүүлж, мөн тусгай зөвшөөрөл цуцлагдсан шийдвэрийг шуудангаар болон сонинд хэвлүүлэн мэдэгдсэн байтал зөвхөн нэхэмжлэгч компани тухайн мэдэгдлийг хүлээн аваагүй, тус компанид мэдэгдэл нь ирээгүй гэдэг нэхэмжлэгчийн тайлбарыг үндэслэн захиргааны байгууллагыг буруутгах үндэслэлгүй байгааг дурдах нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 3 дугаар зүйлийн 3.1.3-д заасны дагуу захиргааны хэргийн шүүх нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг хянан шийдвэрлэж шийдвэр гаргадаг.
Дээрхээс дүгнэхэд, нэхэмжлэгч компанийн хуульд заасан хугацаанд тусгай зөвшөөрлийн төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй үйлдлээс шалтгаалж хариуцагч байгууллагын хуульд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэн гаргасан маргаан бүхий актыг хууль бус бөгөөд нэхэмжлэгчийн ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмших эрх хадгалагдах эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж хариуцагч захиргааны байгууллагыг буруутгах үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Ашигт малтмалын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 32 дугаар зүйлийн 32.1, 34 дүгээр зүйлийн 34.2, 34.6, 34.7, 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “С ” ХХК-иас “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 89 дүгээр шийдвэрээс “С ” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.8-д заасан шийдвэрийг гаргуулах” гэсэн шаардлага бүхий Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 70.200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т заасны дагуу шүүхийн энэ шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь энэхүү шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
ШҮҮГЧ А.САРАНГЭРЭЛ