Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 2019/ШЦТ/309

 

              

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтанчимэг,

улсын яллагч Б.Эрхэмбаяр,

шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Хүрэлбаатар,

шүүгдэгч Б.Т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Т-т холбогдох 1934007130347 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авснаар шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1980 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Төв аймгийн Зуунмод суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, бага боловсролтой, засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, Төв аймаг Зуунмод сумын 5 дугаар багийн нутаг 8-28 тоотод оршин суух хаягтай, урьд Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 06 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийх ялаар шийтгүүлсэн, Б овогт Б.Т гэв.

Хэргийн товч агуулга:

Шүүгдэгч Б.Т нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдөр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хамтран амьдрагч Д.Цэцэгээг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Т шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг үнэн. Мэдүүлэг өгөхгүй” гэв.

Шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны үед хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар давхар нотлогдон тогтоогдсон тул түүний мэдүүлгийг яллах талын нотлох баримтад тооцсон.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талуудаас дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

Үүнд:

Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-03 тал/, аюулын зэргийн үнэлгээний маягт/хх-04-05 тал/, Төв аймгийн Зуунмод сумын “хамтарсан баг”-ийн “гэр бүлийн нөхцөл байдлын үнэлгээ маяг/xx 04/-ыг хөтөлсөн тухай тэмдэглэл /хх-07-14 тал/, эрэн сурвалжлалт, зарлан мэдээлэл /хх-15 тал/, хохирогч Д.Цэцэгээгээс мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-18-19, 57 тал/, гэрч Д.Оюунбилэгээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-21-22 тал/, гэрч Э.Ууганцэцэгээс мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-23-24 тал/, гэрч Д.Батчулуунаас мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-25 тал/, Төв аймаг шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн №625 дугаар дүгнэлт /хх-27 тал/, бичмэл нотлох баримт хуулбарлан авсан тухай тэмдэглэл /хх-39 тал/, Б.Тийн хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-40-51 тал/, Б.Т-ийн урьд ял шийтгүүлсэн тухай тэмдэглэл /хх-52 тал/, хохирогч Д.Цэцэгээгийн Төв аймгийн прокурорын газарт гаргасан хүсэлт /хх-53 тал/ зэрэг болно.

 

Шүүгдэгч Б.Т нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдөр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хамтран амьдрагч Д.Цэцэгээг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь:

Хохирогч  Д.Цэцэгээгийн: “...Би 20-30 минут чимээгүй зогсож байгаад ажил руугаа яараад Тт хандан би ажил руугаа явчихаад эргээд ирье гэж хэлтэл ямби й машинаа аваад зайл пизда минь гээд машины түлхүүр шидсэн. Би машины түлхүүр аваад машинд суутал бас уурлаад байхаар нь айгаад аавынхан гэрт орсон. Тэгээд Тийг машины яндан гагнах гээд машин доогуур орохоор нь зугатаасан чинь миний араас машинтай ирээд намайг машинд суулгаад миний толгой руу гараараа нилээд хэдэн удаа цохьсон. Би Тт хандан чи болиочээ гэж хэлтэл пизда минь чамайг одоо гүйцээнээ, яасан их зугтдаг юм бэ? ингээд зугатаарай чи гэж хэлээд дахиад миний толгой руу нилээд хэдэн удаа цохьчихоод машинаа жолоодоод аавынхаа хашааны үүдэнд аваачаад машин дотроос намайг үснээс зулгааж гаргаад хөлөөрөө миний толгой руу өшиглөөд байсан. Би Тээс одоо болъё оо гэж гуйсаар байгаад болиулчихаад аавынхан гэрт ортол бүгдийг чинь ална шүү гээд дахиад л миний хөл рүү өшиглөөд намайг газар унасан чинь дээрээс хөлөөрөө дэвсээд өшиглөөд л байсан. Тэгсэнээ над руу түлхүүр шидчихээд гал тогооны өрөө рүү ороод хутга гаргаж ирээд ална гээд над руу чичээд байсан. Би тухайн үед Тээс айгаад болиочээ амь авар гэж зөндөө гуйсан. Тэгтэл хутгаа буцааж тавьсан. Тийг гэрээс гараад явсных нь дараа би ангийн болох Энхтуяа гэдэг хүн рүү залгаж “Багшаа та намайг ирээд аваадахаач, Т намайг зодоод гэрээс гаргахгүй байна гэж хэлтэл удалгүй Энхтуяа багш ирээд намайг авч гарсан. Би ажил дээрээ оччихоод буцаад гэртээ харьж чаддаггүй айгаад Цагдаагийн байгууллагад хандсан” гэх мэдүүлэг /хх-19 тал/,

Гэрч Д.Оюунбилэгийн: “... Би хамгийн сүүлд хэзээ таарсаныг мэдэхгүй байна. Гэрээсээ гараад явж байтал Цэцэгээгийн хоёр нүд хөхөрчихсөн байсан. Яасан юм бэ гэж асуутал нөхөртөө зодуулсан миний нүд хөхөрсөн гэж хэлж байсан. Тэгээд сүүлд зургаан сарын үед гэрээсээ гараад явж байтал нөхөр нь цонхыг нь хагалчихсан юм шиг байсан. Би хаалга тайлж өгөөгүй юм тэгсэн цонх хагалаад дотогш ороод ирсэн юм гэж хэлсэн” гэх мэдүүлэг/хх-21 тал/,

Гэрч Э.Ууганцэцэгийн: “... Би Д.Т гэх хүнийг танина. Их ширүүн догшин ааштай манай найз Цэцэгээг их зоддог юм шиг байна лээ миний мэдэхийн 2, 3 удаа зодож байх шиг байна. Өнөөдөр буюу 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Цэцэгээ ажил дээр нүүрэн дээр нь сорви тогтчихсон духан дээр нь хөхөрсөн, баруун гараа уян боолтоор боочихсон байдалтай ажил дээр орж ирсэн тэгээд би дотроо нөхөртөө зодуулсан юм байна гэж бодоод Цэцэгээгээс яагаад гэмтсэн талаар асуугаагүй” гэх мэдүүлэг /хх-23-24 тал/,

Төв аймаг засаг даргын дэргэдэх шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн №625 дугаартай шинжээчийн “1.Д.Цэцэгээгийн биед шуу ясны цууралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, духанд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам зааврын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөхгүй” гэх мэдүүлэг /хх-28 тал/ зэргээр нотлогдон тогтоогдсон байна.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд хуулийн үйлчлэлд дараах этгээд хамаарна.” мөн хуулийн 3.1.1-д “ эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч,тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэрт амьдарч байгаа этгээд “ гэж,

Мөн хуулийн 3.2-т “...гэр бүлийн харилцаатай байсан, дундаасаа хүүхэдтэй этгээд нэгэн адил хамаарна. гэж,

Мөн хуулийн 5.1.1-т “гэр бүлийн хүчирхийлэл “ гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодид халдсан үйлдэл, эс үйлдэхүйг хэлнэ” гэж заасан байна.

Шүүгдэгч Б.Т нь гэр бүлийн хамаарал бүхий хамтран амьдрагч Д.Цэцэгээгийн бие махбодид халдаж, түүнийг биед хөнгөн хохирол учруулсан үйлдлийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж үзэх үндэстэй бөгөөд хохирогчийн бие махбодид хөнгөн хохирол учруулсан нь хэрэгт баримтаар нотлогдсон байна.

 

Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлтийн талаар:

Шүүгдэгч Б.Т нь 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдөр өөрийн хамтран амьдрагч Д.Цэцэгээг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн объектив талын шинжүүдийг хангасан.

 

 Уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн.

 

Санаатай гэдэгт өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэснийг ойлгоно.Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг

Шүүгдэгч Б.Т нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүний улмаас үүдэн гарах үр дагаврыг урьдчилан мэдсэн байх хангалттай нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй.

 

Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотловол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, Б.Т нь Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, Төв аймгийн Прокурорын газраас ирүүлсэн хэргийн зүйл, хэсэг, заалт тохирсон байна.

 

            Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад ял хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал хэрэгт тогтоогдоогүй, хувийн байдлын хувьд гэм буруугаа ойлгон гэмшсэн зэргийг харгалзан ял оногдуулсан болно.

        

           Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бичгийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Б.Т нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон  хоноггүйг тус тус дурдах нь зүйтэй.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Б овогт Б.Т-ийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т-ийг 300 /гурван зуун/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

            3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т-т оногдуулсан 300 /гурван зуун/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг цалин хөлс олгохгүйгээр өдөрт дөрвөөс дээшгүй цагаар ажиллуулахыг харъяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

            4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т нь оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ял оногдуулах болохыг мэдэгдсүгэй.

 

5.Хэрэгт иргэний бичиг баримтаар болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Т нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй тус тус дурьдсугай.

 

6.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Т-т авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулж, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсүгэй.

 

8.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

9.Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Т-т урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                Ц.ОТГОНЖАРГАЛ