| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашдорж Золзаяа |
| Хэргийн индекс | 184/2022/01127/И |
| Дугаар | 210/МА2026/01268 |
| Огноо | 2026-06-03 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 06 сарын 03 өдөр
Дугаар 210/МА2026/01268
*******-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, шүүгч Б.Ууганбаяр, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 192/ШШ2026/03972 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч *******-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч *******, ******* нарт холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 165,727,574.70 төгрөг гаргуулах, барьцаагаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, хариуцагч *******, түүний өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Минжин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
*******, ******* нар нь *******-тай 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр зээлийн гэрээ байгуулж 81,000,000 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, 240 сарын хугацаатай зээлж авсан. Уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай, Сонгинохайрхан дүүрэг, 1 дүгээр хороо, Овоот тосгон гудамж, ******* тоот хаягтай, 136 м.кв талбайтай амины орон сууц, нэгж талбарын ******** дугаартай, 700 м.кв талбайтай, зуслангийн зориулалттай газрыг тус тус барьцаалуулсан.
Зээлдэгч нар нь зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчсөн, зээлээ хугацаанд нь төлөх тухай мэдэгдэл өгсөн боловч төлөөгүй, мөн барьцаа хөрөнгийн чанар доголдсон. Хариуцагч нар нь Мандал даатгал компанитай барьцаа хөрөнгийн даатгалын асуудлаар шүүхээр маргалдан даатгалаас төлбөр гаргуулсан ч зээлд нэг ч төгрөг төлөөгүй.
Иймд хариуцагч нараас 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн байдлаарх зээлийн үлдэгдэл 80,410,790.81 төгрөг, хүү 84,821,480.33 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 334,157.26 төгрөг, даатгалын төлбөр 161,146.30 төгрөг, нийт 165,727,574.70 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.
2.Хариуцагч нарын татгалзал, тайлбарын агуулга:
******* нь 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр *******-тай зээлийн гэрээ бичгээр байгуулж, 81,000,000 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, 240 сарын хугацаатай зээлсэн. Уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар ипотекийн гэрээгээр эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай, Сонгинохайрхан дүүрэг, 1 дүгээр хороо, Овоот тосгон гудамж, ******* тоот хаягтай, 136 м.кв талбайтай амины орон сууц, нэгж талбарын ******** дугаартай, 700 м.кв талбайтай, зуслангийн зориулалттай газрыг тус тус барьцаалуулсан.
Зээлийн эргэн төлөлтөө тасралтгүй хийж явсан боловч цар тахлын болон Голомт банкны даатгалтай шүүх дээр маргаантай нөхцөл байдал үүссэн тул зээлийн эргэн төлөлтийг түр зогсоосон. Барьцаа хөрөнгө гамшгаас үүдэн хүн амьдрах нөхцөлгүй болсон тул Мандал даатгал компанид холбогдуулан 2021 оны 05 дугаар сард Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн.
Нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн төлбөр 80,410,790 төгрөгийг төлнө. Харин хүү, нэмэгдүүлсэн хүү, даатгалын төлбөрийг хүлээн зөвшөөрөхгүй тул хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү. Барьцаа хөрөнгө байгалийн эрсдэлд орж даатгалтай шүүхээр явсан хугацаанд нэхэмжлэлээ нэмэгдүүлснийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсгийг баримтлан хариуцагч *******, ******* нараас зээлийн гэрээний үүрэгт нийт 112,667,142 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Голомт банк ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 53,060,432 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч *******гийн өмчлөлийн улсын бүртгэлийн ******* дугаартай, Сонгинохайрхан дүүрэг, 1 хороо, Овоот тосгон /18230/ гудамж, ******* тоот хаягт байрлах 136 м.кв талбайтай амины сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, *******гийн эзэмшлийн нэгж талбарын ******** дугаартай, Сонгинохайрхан дүүрэг, 1 хороо, Баянгол ам хаягт байршилтай зуслангийн зориулалттай 700 м.кв талбайтай газар үл хөдлөх хөрөнгүүдийг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан дуудлага худалдаагаар худалдаж, үнээс үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,409,673 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 721,286 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн.
4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол, тайлбарын агуулга:
Анхан шатны шүүхээс талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан харилцаа үүссэн гэж дүгнэсэн. Хариуцагч 2021 оноос хойш зээлийн гэрээний дагуу зээл болон хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүргээ биелүүлэхгүй зөрчиж байгаа шалтгаан нь *******-д холбогдох хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаатай холбоотой гэж тайлбарладаг.
Тус иргэний хэрэг 2022 онд үүссэн бөгөөд нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 3 удаа нэмэгдүүлсэн, сүүлийн байдлаар 165,727,454.40 төгрөгийн үнийн дүнгээр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан хүчин төгөлдөр зээлийн гэрээний харилцаа үүссэн. Мөн тухайлсан харилцааг нарийвчлан зохицуулсан хууль болох Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд зээлдэгч нь зээлийн гэрээний дагуу төлбөрөө төлөөгүй, аль нэг талын санаачилгаар гэрээг цуцалсан тохиолдолд хүү болон нэмэгдүүлсэн хүү төлөх үүргээс чөлөөлөгдөхгүй гэж заасан. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 451, 452, 453 дугаар зүйлд тус тус заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж зөв дүгнэсэн хэрнээ тухайн харилцааг нарийвчлан зохицуулсан хуулийн зохицуулалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Өөрөөр хэлбэл, хариуцагч нь хүү болон нэмэгдүүлсэн хүү төлөх үүргээс чөлөөлөгдөхгүй гэх заалтыг буруу тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй тул бид давж заалдах гомдол гаргасан.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.
5.Давж заалдах гомдолд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга:
Анхан шатны шүүх хуулийг зөв хэрэглэж, нөхцөл байдлыг зөв дүгнэн, эргэлзээгүйгээр хууль ёсны дагуу хэргийг шийдвэрлэсэн гэж бид үзэж байна. Нэхэмжлэгч тал Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт тус тус заасан хуулийн зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэж, хэргийг шийдвэрлэсэн гэх агуулгаар давж заалдах гомдол гаргасан нь үндэслэлгүй. Тухайн зээлийг авах үед барьцаанд байсан Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороонд байрлах, 700 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгөд хүн амьдрах боломжгүй гэх дүгнэлтийг Нийслэлийн засаг даргын Тамгын газар болон мэргэжлийн хяналтын байгууллагуудаас гаргасан. Учир нь тухайн орон сууцыг барьсан захиалагч компанийн буруутай үйл ажиллагааны улмаас усжилт үүссэн тул уг барилгад хүн амьдрах боломжгүй гэх дүгнэлтийг гаргасан. Үүнтэй холбогдуулан зээлдэгч нарын зүгээс зээлийн гэрээг цуцлах талаар мэдэгдсэн буюу энэ байранд хүн амьдрах боломжгүй нөхцөл байдал үүссэн талаар *******-д зохих журмын дагуу мэдэгдсэн.
2022 онд *******-аас нэхэмжлэл гаргасны дараа *******-тай холбоотой маргааныг шийдвэрлэсний дараа уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах хууль зүйн үр дагавар үүссэн. ******* нь хэргийг түдгэлзүүлэх буюу *******-тай холбоотой хэрэг шийдвэрлэгдсэний дараа зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах нөхцөл байдал шийдвэрлэгдэнэ гэдгийг хүлээн зөвшөөрсөн атлаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2 удаа нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн нь үндэслэлгүй гэж анхан шатны шүүх дүгнэсэн. Эдгээр нөхцөл байдал тогтоогдож байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан гэж үзэх үндэслэлтэй.
Иймд нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1.Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.
2.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******, ******* нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 165,727,574.70 төгрөг гаргуулж, барьцаагаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.
3.******* болон *******, ******* нарын хооронд 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдаж, зээлдүүлэгч ******* нь 81,000,000 төгрөгийг жилийн 22.8 хувийн хүүтэй, 240 сарын хугацаатай зээлдүүлэх, зээлдэгч *******, ******* нар нь хуваарийн дагуу зээлийн төлбөрийг төлөхөөр харилцан тохиролцжээ.
Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр талаар зөв дүгнэсэн.
4.Нэхэмжлэгч нь гэрээний дагуу 81,000,000 төгрөгийг 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хариуцагчид шилжүүлж үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн болох нь талуудын тайлбар, зээлийн дансны харилцагчийн хуулгаар тогтоогдсон.
Мөн хариуцагч нар зээлд 589,209.19 төгрөг, хүүнд 16,924,543.43 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 15,456.48 төгрөг тус тус төлсөн талаарх нэхэмжлэгчийн тооцоолол хийгдсэн, энэ талаар зохигч маргаагүй.
5.Нэхэмжлэгч нь 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн байдлаарх зээлийн үлдэгдэл 80,410,790.81 төгрөг, хүү 84,821,480.33 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 334,157.26 төгрөг, даатгалын төлбөр 161,146.30 төгрөг, нийт 165,727,574.70 төгрөгийг хариуцагч нараас гаргуулахаар шаардсан.
5.1.Зээлийн гэрээний 2.1.1-д зээлийн жилийн хүү 22.8 хувь байхаар заасан, мөн 2.6-д зээлдэгч эргэн төлөх графикт хугацаанд зээлийн төлбөрийг төлж барагдуулаагүй бол зээл төлөгдөх хуваарьт өдрийн дараахь өдрөөс эхлэн үндсэн хүүний 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүүг төлөхөөр тохиролцсон нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.1, 452.2 дахь хэсэгт заасанд нийцжээ.
5.2.Зээлийн эргэн төлөлтийн хуваарь ёсоор зээлдэгч нь сар бүр зээл, хүүг тогтоосон хэмжээгээр төлөх үүрэгтэй боловч хэрэгт авагдсан хүү тооцооллын хүснэгтээс үзвэл 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс хойш зээлийн төлөлт хийгдээгүй байна.
Хариуцагч нар нь цар тахлын нөхцөл байдал болон барьцаа хөрөнгө байгалийн эрсдэлд орж хүн амьдрах нөхцөлгүй болсон талаар *******-тай шүүхэд маргаан үүссэн үндэслэлээр зээлийн эргэн төлөлтийг түр зогсоосон, барьцаа хөрөнгө байгалийн эрсдэлд орсонтой холбоотойгоор даатгалын байгууллагатай маргаанаа шүүхээр шийдвэрлүүлсэн хугацаанд нэхэмжлэлээ нэмэгдүүлснийг хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарласан. Харин хүү, нэмэгдүүлсэн хүүний тооцооллын хувьд маргаагүй байна.
Зээлийн гэрээний 5.2 дахь хэсэгт Зээлдэгч зээлийн төлбөрийг хугацаанд нь төлөөгүй аливаа шалтгаан (үүнд байгалийн давагдашгүй хүчин зүйл, гамшиг, эрх бүхий этгээдээс тогтоосон хорио цээрийн дэглэм г.м) нь энэхүү гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах, зээлдэгч энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэхгүй байх үндэслэл болохгүй гэж заасан ба уг нөхцөлийг талууд хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлэн тохиролцсон тул Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр нөхцөл гэж үзнэ.
Өөрөөр хэлбэл хариуцагчийн татгалзалд дурдагдсан нөхцөл байдал зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийг биелүүлэхгүй байх үндэслэл болохгүй.
5.3.Нэхэмжлэгч нь анх нэхэмжлэлдээ зээлийн гэрээг цуцалж 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн байдлаарх үүргийг тооцон нэхэмжилсэн ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 2 удаа нэмэгдүүлэн хүү, нэмэгдүүлсэн хүүг сүүлийн байдлаар 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөр тооцжээ.
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.3 дахь хэсэгт Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн үйл ажиллагааг хуулиар зохицуулна гэж заасан. Талууд 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр зээлийн гэрээ байгуулсан тул маргаанд Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийг хэрэглэх бөгөөд уг хуулийн 24 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Зээлийг ашигласан хугацаанд гэрээнд заасан хэмжээгээр тооцсон зээлдэгчийн хариу төлбөр буюу зээлийн үнэ нь зээлийн хүү болно, 3 дахь хэсэгт Зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө гэж тус тус заасан.
Түүнчлэн талуудын байгуулсан зээлийн гэрээний 2.3 дахь хэсэгт зээлдэгч нь зээл авсан өдрөөс эхлэн түүнийг бүрэн төлж дуусах хүртэл хугацаанд төлөгдөөгүй байгаа зээлийн үлдэгдэлд гэрээнд заасан хувиар хүү төлөх агуулга бүхий нөхцөл тусгагджээ.
Иймээс нэхэмжлэгч нь анх нэхэмжлэл гаргахдаа зээлийн гэрээг цуцалж зээлийн төлбөрийг нэхэмжилсэн хэдий ч хариуцагч нараас зээл төлөгдөөгүйтэй холбоотойгоор зээл ашигласны хариу төлбөр болох хүү, зээлдэгчийн хариуцлага болох нэмэгдүүлсэн хүүг нэмж тооцон нэхэмжилсэн нь дээрх хуулийн зохицуулалт болон зээлийн гэрээг зөрчөөгүй байна.
Хариуцагч талаас *******-д холбогдуулан нэхэмжлэл гаргасантай холбоотойгоор 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрөөс 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн хугацаанд энэ хэргийн хянан шийдвэрлэх ажиллагаа түдгэлзсэн ч уг хугацаанд хүү, нэмэгдүүлсэн хүү тооцон шаардах нэхэмжлэгчийн эрхийг үгүйсгэхгүй тул нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэх хариуцагчийн татгалзлыг үндэслэлтэй гэж үзэхгүй.
Анхан шатны шүүх банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний нарийвчилсан зохицуулалт болон талуудын тохиролцоог анхаараагүйгээс зээлийн гэрээний үүргийг гэрээ цуцалсан үйл баримтаар хязгаарлаж шийдвэрлэсэн нь буруу байх тул энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангаж шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийг бүхэлд нь хангасан өөрчлөлт оруулах үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
5.4.Дээр дурдсаныг нэгтгээд, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч нараас зээл 80,410,790.81 төгрөг, хүү 84,821,480.33 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 334,157.26 төгрөг, даатгалын төлбөр 161,146.30 төгрөг, нийт 165,727,574.70 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосон өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийдвэрт оруулах нь зүйтэй.
Зээлийн гэрээний салшгүй хэсэг болох хавсралтаар баталсан эргэн төлөлтийн графикт сар бүр амь насны болон эд хөрөнгийн даатгалын төлбөр төлөхөөр тусгасан байх ба үүний дагуу нэхэмжлэгч даатгалын төлбөр нэхэмжилснийг хариуцагч эсэргүүцээгүй учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4 дэх хэсэгт зааснаар хүлээн зөвшөөрсөнд тооцсон болно.
6.Талууд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр барьцааны гэрээ байгуулж, хариуцагч *******гийн өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай, Сонгинохайрхан дүүрэг, 1 дүгээр хороо, Овоот тосгон /18230/ гудамж, ******* тоот хаягт байрлах, 136 м.кв талбайтай амины орон сууц, мөн Сонгинохайрхан дүүрэг, 1 дүгээр хороо, Баянгол ам хаягт байрлах, 700 м.кв талбайтай, зуслангийн зориулалттай газар эзэмших эрхийг барьцаалуулахаар тохиролцжээ.
Тус барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ болохыг анхан шатны шүүх зөв дүгнэсэн байна.
Хариуцагч нар нь зээлийн гэрээний үүргийг тогтоосон хугацаанд биелүүлээгүй учир нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар барьцаа хөрөнгийг албадан худалдахыг хариуцагчаас шаардах эрхтэй. Иймээс шүүх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаагаар хангуулахаар шийдвэрлэсэн нь зөв болжээ.
7.Тус маргаанд гэрээний хугацаа дуусгавар болсноос хойш үүсэх зээлдэгчийн хариуцлагыг зохицуулсан Иргэний хуулийн 453 дугаар зүйлийг хэрэглэхгүй, мөн улсын тэмдэгтийн хураамжийг Иргэний хуулиар хуваарилахгүй тул шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн хууль хэрэглээтэй холбоотой алдааг мөн залруулсан өөрчлөлтийг оруулна.
Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 192/ШШ2026/03972 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтыг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******, ******* нараас 165,727,574.70 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******-д олгосугай гэж,
3 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,409,673 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******, ******* нараас улсын тэмдэгтийн хураамжид 1,409,673 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******-д олгосугай гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч *******-аас 2026 оны 05 дугаар сарын 12-ны өдөр төлсөн 423,252 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ГАНДИЙМАА
ШҮҮГЧИД Б.УУГАНБАЯР
Д.ЗОЛЗАЯА