Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2026/00769

 

 

     

*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, шүүгч Т.Гандиймаа, Ж.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх, Сүхбаатар, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 сарын 21-ний өдрийн 191/ШШ2026/01292 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: *******гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******т холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний үүргээ биелүүлж, Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд газар эзэмших эрхийн гэрчилгээ шилжүүлэхэд шаардлагатай өргөдлийг бичиж өгөхийг *******т даалгах тухай нэхэмжлэлтэй,

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч талын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ж.Лхагвасүрэн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

******* нь 2021 оны 12 сарын 03-ны өдөр ******* болон түүний гэр бүлийнхэн болох *******, ******* нартай үл хөдлөх эд хөрөнгө, газар эзэмших эрх худалдах, худалдан авах гэрээг байгуулсан. Тус гэрээгээр *******, *******, ******* нарын өмчлөлийн ******* дүүргийн ******* тоот хаягт байршилтай 212 м.кв талбайтай, улсын бүртгэлийн ******* дугаартай гараашийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн *******ийн эзэмшлийн ******* дүүрэг, ******* хаягт байрлах үйлчилгээтэй орон сууц зориулалттай, нэгж талбарын ******* дугаар бүхий, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай 254.0 м.кв газрын эзэмших эрхийг худалдан авах, худалдан авагч нь газар эзэмших эрхийн төлбөрт 50,000,000 төгрөг, үл хөдлөх эд хөрөнгийг 400,000,000 төгрөг нийт 450,000,000 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцсон.

Гэрээний дагуу үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх шилжүүлэх болон газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг тусад нь байгуулахаар тохиролцож 2021 оны 12 сарын 03-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг тус тус байгуулж, нотариатаар батлуулсан. ******* нь гэрээний үүргээ биелүүлж 2021 оны 12 сарын 03-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний төлбөр 400,000,000 төгрөг, газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний төлбөр 50,000,000 төгрөг, нийт 450,000,000 төгрөгийг бүрэн төлсөн. Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний дагуу үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ *******гийн нэр дээр шилжсэн.

2022 онд газар эзэмших эрх шилжүүлэхээр Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд өөрт байгаа материалуудаа бэлтгэн хандсан. Гэтэл газар эзэмших эрхээ шилжүүлж байгаа хүн нь гэрээ байгуулсан, төлбөр тооцоогоо бүрэн авсан ч тусдаа дахин хүсэлт бичиж, Газар зохион байгуулалтын албанд өгөх шаардлага тавьсан. Ингээд ******* нь төлбөрөө бүрэн авсан атлаа газар эзэмших эрх шилжүүлэхэд шаардлагатай баримт бичиг болох Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд өөрийн эзэмшил газраа *******гийн нэр дээр шилжүүлэх өргөдлийг бичиж өгөх үүргээ биелүүлэхгүй өнөөдрийг хүрсэн. ******* нь газар эзэмших эрх шилжүүлэх талаар өргөдлөө бичиж өгөхгүй байгаагаар зогсохгүй бүр тус газрыг шилжүүлж болохгүй талаар газрын албанд хандсан учраас ******* нь төлбөрийг нь бүрэн төлсөн газар эзэмших эрхийн гэрчилгээг өөрийн нэр дээр гаргуулж чадахгүй байна.

*******т хандаж талуудын хооронд байгуулсан гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардсан боловч хөрш зэргэлдээ газар эзэмшигч *******, *******-ийн хооронд гарсан газрын маргааныг захиргааны хэргийн шүүхээр эцэслэн шийдвэрлэгдэж дуустал шилжүүлэхгүй гэсэн тодорхойгүй шалтгаан хэлсэн. Ингээд тус хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа 2025 онд бүрэн дуусгавар болоод байгаа боловч мөн л үүргээ биелүүлсэнгүй. *******ийн энэхүү хууль бус үйлдэл нь анхнаасаа газар шилжүүлнэ гэж итгүүлэн төлбөр авч, залилах гэсэн гэмт санаа бодолтой байсан байж болзошгүй гэж үзэн цагдаагийн байгууллагад хандаж байсан.

Талуудын хооронд байгуулагдсан гэрээ хэлцэл нь Иргэний хууль болон Газрын тухай хуульд нийцсэн бөгөөд хариуцагчийн үндэслэлгүйгээр гэрээний үүргээ биелүүлэхгүй байгаа үйлдэл нь *******гийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхлыг зөрчиж байх тул зөрчигдсөн эрхээ хамгаалуулахыг хүсэж энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.

******* нь гэрээгээр хүлээсэн үүрэг болох төлбөр төлөх үүргээ бүрэн биелүүлж дууссан бөгөөд өнөөдрийг хүртэл газар эзэмших эрхийн гэрчилгээг өөрийн нэр дээр гаргуулж чадаагүй байна. ******* нь төлбөр мөнгөө тэр дор нь, бүтнээр нь авсан атлаа ямар учраас гэрээний үүргээ биелүүлэхгүй байгаа нь ойлгомжгүй, тодорхойгүй байна. ******* нь газар эзэмших эрхийн гэрчилгээг худалдан авагч буюу *******д шилжүүлэх буюу газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэхэд шаардлагатай баримт бичгийг бүрдүүлэн, зохих хүсэлтийг Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд гаргах үүргээ биелүүлэхгүй байгаа тул энэхүү нэхэмжлэлийг гаргаж байгаа болно. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг үндэслэн газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний үүргээ биелүүлж, Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд газар эзэмших эрхийн гэрчилгээ шилжүүлэхэд шаардлагатай өргөдлийг бичиж өгөхийг *******т даалгаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

Талууд ******* дүүргийн ******* тоот хаягт байрлах 212 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг худалдах, худалдан авах гэрээ байгуулсан бөгөөд тус гэрээний үүргийг бүрэн биелүүлж үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэн өгсөн. Газрын эзэмших эрхийг шилжүүлэхэд төлбөрийг бага дүнгээр зээлийн гэрээ гэдгээр /иргэн надад итгэл төрүүлж/ халхавчлан төлбөрийг бүрэн төлж барагдуулаагүй байгаа тул ******* нь газар эзэмших эрх шилжүүлэх гэрээнээс татгалзаж төлбөрийг буцаан шилжүүлэхээ илэрхийлсэн боловч хариу өгөлгүй *******ийг залилах гэмт хэрэг үйлдсэн гэж Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэс, ******* дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэс дээр удаа дараа дуудуулан шалгуулах, утсаар хэлэх хэлэхгүй үгээр дарамтлах гэх мэтээр үл ойлголцол үүсгээд байна. Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний үнийн дүн нь буруу, төлбөрийн нөхцөлийг зээлийн гэрээгээр халхавчлан байгуулсан тул хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.

 

3. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

2021 оны 12 сарын 03-ны өдрийн газар эзэмших эрх шилжүүлэх гэрээгээр газрын эзэмших эрхийг *******тай харилцан тохиролцсоны дагуу 100,000,000 төгрөгөөр шилжүүлэхээр болсон бөгөөд *******гийн хүсэлтээр 50,000,000 төгрөгийг гэрээний дагуу үлдсэн 50,000,000 төгрөгийг газар эзэмших эрх шилжсэний дараа шилжүүлэн өгөхөөр талууд тохиролцож гэрээ байгуулан нотариатаар батлуулан үлдэгдэл төлбөрөө төлөх талаар дахин ярилцаж *******гийн хамаарал бүхий этгээд болох *******ийн санал тавьсны дагуу уг зээлийн гэрээг байгуулсан боловч үлдэгдэл төлбөрөө өнөөдрийг хүртэл өгөөгүй байна. Үлдэгдэл төлбөрөө төлж барагдуулахыг 2022, 2023, 2024 онуудад удаа дараа шаардсан боловч төлбөрийг төлөөгүйгээр барахгүй газар эзэмших эрх шилжүүлж өгөхгүй 50,000,000 төгрөгийг залилан мэхэлж авсан гэх агуулга бүхий гэмт хэргийн шинжтэй гомдлыг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын 2 дугаар хэлтэс болон ******* дүүргийн Цагдаагийн газарт удаа дараа гаргаж *******ийг шалгуулсан боловч залилан мэхэлсэн гэх хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Иймээс ******* нь ******* болон түүний төлөөлөгч, өмгөөлөгч, хамаарал бүхий этгээдүүдэд 2021 оны 12 сарын 03-ны өдөр байгуулсан гэрээнээс татгалзаж байгаагаа мэдэгдсэн боловч тэд ямар нэгэн хариу өгөлгүй байсаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Талуудын хооронд байгуулсан 2021 оны 12 сарын 03-ны өдрийн газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний дагуу талууд газар эзэмших эрхийг шилжүүлэх, хүлээн авагч тал нь төлбөрийг төлөх үүргийг хүлээсэн боловч гэрээг байгуулахдаа гэрээний гол нөхцөл болох үнийн дүнг зориудаар дарагдуулан багасгаж, гэрээний төлбөрийг зээлийн гэрээгээр халхавчлах зорилгоор хийсэн. Энэ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлэн хэлцэл хийсэн байх тул мөн хуулийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэгт заасны дагуу 2021 оны 12 сарын 03-ны өдрийн газар эзэмших эзэмших эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү гэжээ.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч *******т Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний үүргээ биелүүлж, Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд газар эзэмших эрхийн гэрчилгээ шилжүүлэхэд шаардлагатай өргөдлийг бичиж өгөхийг даалгаж, Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******ийн нэхэмжлэгч *******д холбогдуулан гаргасан 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1, 63.1.4, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч *******гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг, хариуцагч *******ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 407,950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож шийдвэрлэжээ.

 

5. Хариуцагч талын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

******* нь сөрөг нэхэмжлэл гаргахдаа гэрээ байгуулж, олгогдох ёстой 50,000,000 төгрөгийг өнөөдрийг хүртэл өгөөгүй байгаа талаар дэлгэрэнгүй бичиж тайлбар хийсэн боловч анхан шатны шүүх хэтэрхий нэг талыг барьж асуудалд хандаж шийдвэрлэсэнд гомдолтой байна.

...Талуудын хооронд байгуулсан 2021 оны 12 сарын 03-ны өдрийн газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний дагуу талууд газар эзэмших эрхийг шилжүүлэх, хүлээн авагч тал нь төлбөрийг төлөх үүргийг хүлээсэн боловч гэрээ байгуулахдаа гэрээний гол нөхцөл болох үнийн дүнг зориудаар дарагдуулан багасгаж, гэрээний төлбөрийг зээлийн гэрээгээр халхавчлах зорилгоор хийсэн. Энэ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлэн хэлцэл хийсэн байх тул Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, 58 дугаар зүйлийн 58.2.1-д зааснаар 2021 оны 12 сарын 03-ны өдрийн газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү.

Анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ хэргийн бодит байдлыг тогтоолгүйгээр гагцхүү талуудын хооронд байгуулсан гэрээнд талууд газар эзэмших эрх шилжүүлэх хүсэл зоригтой байсан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Шүүх хуралдаанд талуудын гаргасан тайлбар болон гэрчийн мэдүүлгээс үзэхэд тухайн газрыг шилжүүлэн авах хүсэл зориг нэхэмжлэгчид байгаагүй бөгөөд хариуцагчид ч газар эзэмших эрхийг нэхэмжлэгчид биш харин тус шүүх хуралдаанд гэрчээр оролцсон *******д шилжүүлэх хүсэл зориг илэрхийлсэн боловч *******ийн хүсэлтээр газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг *******тай байгуулсан ба ******* нь *******ийн хүсэл зоригийн өмнөөс гэрээ байгуулсан нь тогтоогдсон байхад дүр үзүүлсэн хэлцэл биш гэж үзэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Мөн хариуцагч нь гэрээний дагуу үүрэг гүйцэтгэхээс татгалзаж гэрээнээс татгалзсан үйл баримтад дүгнэлт хийгээгүй. Иргэний хуульд зааснаар гэрээлэгч талууд нь хэн нэгнээс хараат бусаар гэрээ байгуулах хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй. Шүүхээс дээрх эрхэд халдан гэрээг байгуулахыг шаардах эрхгүй бөгөөд шүүх маргааныг хянан шийдвэрлэхдээ хариуцагч нь гэрээнээс татгалзсан эсэхийг тодруулалгүй буюу талуудын хооронд байгуулсан гэрээ нь хүчин төгөлдөр, харилцан үүрэг хүлээсэн, эсхүл аль нэг тал нь гэрээнээс татгалзсан эсэх дээр хууль зүйн дүгнэлт хийлгүйгээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэх бүрэн үндэслэлтэй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

6. Хариуцагч талын гаргасан давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:

Талуудын хоорондын эрх зүйн харилцааг өмгөөлөгч миний бие зөвлөн чиглүүлж, холбогдох гэрээ, хэлцлүүдийг боловсруулж өгсөн. Гэтэл намайг уг маргаантай хамаатуулан буруутгаж ярьж байгаа нь үндэслэлгүй бөгөөд аливаа эрх зүйн харилцаанд хэмжээ хязгаар байх ёстой. Эрх зүйн хүрээнд гэрээ, хэлцэл байгуулахад талууд хэн нь ямар эрх эдэлж, ямар үүрэг хүлээхээ харилцан тохиролцож, тэгш эрхийн үндсэн дээр гэрээ байгуулдаг. Хариуцагчийн өмгөөлөгч 50,000,000 төгрөгөөр газар эзэмших эрх шилжүүлэх хүсэл зориг байгаагүй гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Хэрэв тийм хүсэл зориг байгаагүй бол нотариатаар орж, эрх зүйн үр дагаврыг тайлбарлуулан гэрээ байгуулах шаардлагагүй байсан.

Сөрөг нэхэмжлэлд дурдсан Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-д заасан дүр үзүүлсэн хэлцлийн тухайд Улсын дээд шүүхийн тайлбараар тодорхойлогдсон. Дүр үзүүлсэн хэлцэл гэдэг нь талууд зөвхөн гадна илэрхийлэл бий болгосон боловч тухайн хэлцлээс бодит эрх зүйн үр дагавар үүсгэхийг хүсээгүй байхыг хэлнэ. Гэтэл уг маргаанд ийм нөхцөл байдал байхгүй. Үл хөдлөх эд хөрөнгийн хувьд 400,000,000 төгрөгөөр үнэлж худалдах, худалдан авах ажиллагаа хийгдэж, төлбөр тооцоо бүрэн шилжсэн. Харин газар эзэмших эрхийн хувьд 50,000,000 төгрөгийн төлбөр хүлээн авч, эрх шилжүүлэх ажиллагаа хийгдэх ёстой байсан боловч газрын албанд талуудад өргөдөл гаргах үүргээ биелүүлээгүйгээс өнөөдрийг хүртэл дуусаагүй байна. Иймээс хэн нь хууран мэхэлсэн, ямар үйл баримт бодитоор үүссэн болох нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтаар тодорхой харагдана.

Мөн хариуцагч тал 500,000,000 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг 400,000,000 төгрөгөөр шилжүүлсэн мэтээр тайлбарлаж байгаа нь бодит байдалтай нийцэхгүй. Учир нь хариуцагч 450,000,000 төгрөгийн төлбөр төлөгдөж, холбогдох баримтууд бүрдсэн. ******* тухайн маргаан бүхий газартай ойролцоо байршилтай үл хөдлөх эд хөрөнгүүдийн зуучлалын үйл ажиллагаа эрхэлдэг бөгөөд хөршийнхөө газрыг худалдан борлуулж чадвал нэмэлтээр 50,000,000 төгрөг олгох талаар талуудын хооронд тохиролцоог миний бие баталгаажуулж өгсөн. Иймд ******* хуурч мэхэлсэн, залилсан гэх байдлаар тайлбарлахын оронд *******тэй байгуулсан тохиролцоо, гэрээний дагуу шаардах эрхээ хэрэгжүүлэх боломж нь нээлттэй. Өөрөөр хэлбэл талуудын хооронд ямар эрх зүйн харилцаа үүссэн бэ гэдгийг тодорхойлж, түүнд нийцүүлэн эрх, үүргээ хэрэгжүүлэх асуудал. Анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг зөв үнэлж дүгнэсэн.

Талуудын хооронд хүчин төгөлдөр гэрээнүүд байгуулагдсан бөгөөд үл хөдлөх эд хөрөнгийн шилжүүлгийн гэрээний үүрэг биелэгдэж, дуусгавар болсон. Харин газар эзэмших эрхтэй холбоотой төлбөрийг нэхэмжлэгч төлсөн боловч хариуцагч нь гэрээний 2.1.1-д заасан үүргээ биелүүлээгүй, хэрэгжилтийг хангаагүй. Хариуцагчийн зүгээс үүргээ биелүүлэхгүй байгаа үндэслэлээ цагдаагийн байгууллагад хандсан, залилуулсан гэж маргаж байгаа боловч уг нөхцөл байдал нь гэрээгээр хүлээсэн үүргээс чөлөөлөх хууль зүйн үндэслэл болохгүй.

Иймд Иргэний хуульд заасны дагуу гэрээний үүргийг тогтоосон газар, хугацаанд нь шударгаар, зохих ёсоор биелүүлэх шаардлагатай бөгөөд нэхэмжлэгч нь уг үүргийг биелүүлэхийг шаардаж нэхэмжлэл гаргасан гэжээ.

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд хариуцагч талын гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч ******* хариуцагч *******т холбогдуулан газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний үүргээ биелүүлж, Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд газар эзэмших эрхийн гэрчилгээ шилжүүлэхэд шаардлагатай өргөдлийг бичиж өгөхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч ******* эс зөвшөөрч, газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

 

3. Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн боловч талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлж чадаагүй байх тул давж заалдах шатны шүүхээс залруулна.

 

4. Хэргийн баримтаар *******, *******, *******, ******* нарын хооронд 2021 оны 12 сарын 03-ны өдөр үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр *******, *******, ******* нар нь ******* дүүргийн ******* тоот хаягт байршилтай, улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, 212 м.кв талбайтай, гараашийн зориулалтай үл хөдлөх эд хөрөнгийг *******д шилжүүлэх, ******* нь үл хөдлөх эд хөрөнгийн үнэ 400,000,000 төгрөгийг төлөхөөр,

мөн өдөр *******, ******* нар газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулж, ******* нь нэгж талбарын ******* дугаар бүхий, ******* дүүрэг *******гийн гудамж хаягт байршилтай, 254 м.кв /0,0254 га/ газар эзэмших эрхийг *******д шилжүүлэх, ******* нь газар эзэмших эрхийн үнэ 50,000,000 төгрөгийг *******т төлөхөөр тус тус харилцан тохиролцжээ.

 

5. Нэг талаас үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх болон газар эзэмших эрхийг шилжүүлэх, нөгөө талаас хэлэлцэн тохирсон үнийг төлөхөөр харилцан тохиролцсон байдлаас үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байхад анхан шатны шүүх 2021 оны 12 сарын 03-ны өдрийн газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5 дахь хэсэгт заасан нэрлэгдээгүй гэрээ гэж дүгнэсэн нь буруу болжээ.

 

6. Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах тухай 2021 оны 12 сарын 03-ны өдрийн гэрээний дагуу ******* дүүргийн ******* тоот хаягт байршилтай, улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, 212 м.кв талбайтай, гараашийн зориулалтай үл хөдлөх эд хөрөнгийн үнэ 400,000,000 төгрөгийг нэхэмжлэгч хариуцагчид бүрэн төлж, нэхэмжлэгч ******* үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгэгдсэн болох нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000866853 дугаар гэрчилгээ, бэлэн мөнгө хүлээлцсэн баримтаар тогтоогдсон. /хх-13,15/

 

7. Зохигч дээрх үйл баримт буюу үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан талаар болон гэрээний хүчин төгөлдөр байдалд маргаагүй.

 

Харин хариуцагч нь газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ гэрээтэй холбоотойгоор гэрээ байгуулах хүсэл зориг талуудад байгаагүй, гэрээний төлбөрөө дутуу төлсөн учраас гэрээ нь дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж тайлбарлан маргасан байна.

 

8. Анхан шатны шүүх талуудын маргааны зүйлийг зөв тодорхойлж, газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний үнийг талууд 100,000,000 төгрөг байхаар анхнаасаа тохиролцоогүй ба гэрээний үнэ 50,000,000 төгрөгийг нэхэмжлэгч нь хариуцагчид төлсөн тухай үйл баримтыг зөв тогтоож, тэдгээрийг газар эзэмших эрхийг худалдах, худалдан авах хүсэл зоригтой байсан, дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж үзэхгүй гэж дүгнэсэн нь үндэслэлтэй болжээ.

 

9. Дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж тодорхой үр дүнд хүрэх зорилгоор бус тухайн хэлцлийг хийх хүсэл зориг, эрмэлзэлгүйгээр, зөвхөн гадаад илэрхийллийг бий болгохын тулд хийсэн хэлцлийг ойлгодог.

Зохигчид гэрээ байгуулах хүсэл зоригоо тодорхой илэрхийлж, газар эзэмших эрх болон тухайн газар дээр байрлах үл хөдлөх хөрөнгийг худалдан авахаар тохиролцсон бөгөөд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг гэрээ байгуулагдсан даруй шилжүүлсэн, мөн газар эзэмших эрхийн үнэ 50,000,000 төгрөгийг өгч, авсан болох нь тогтоогдсон тул 2021 оны 12 сарын 03-ны өдрийн газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж үзэх үндэслэлгүй гэж анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэж нэхэмжлэгч *******д холбогдох 2021 оны 12 сарын 03-ны өдрийн газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай хариуцагч *******ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байх тул энэ талаарх хариуцагч талын давж заалдах гомдлыг хангахгүй.

 

10. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.

Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь гэрээнд заасан зүйлийг эрхийн болон биет байдлын доголдолгүй худалдан авагчийн өмчлөлд шилжүүлсэн, худалдан авагч нь гэрээний үнийг төлсөн тохиолдолд тэдгээрийг гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлсэнд тооцдог.

 

11. Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2 дахь хэсэгт эрхийн гэрчилгээг шилжүүлэх хүсэлтийг талууд гаргах бөгөөд нотариатчаар гэрчлүүлсэн гэрээ, эрхийн гэрчилгээг шилжүүлэн авч байгаа этгээд нь уг эрхийн гэрчилгээг шилжүүлэн авснаар үүсэх эрх, үүргийг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа тухай нотолгоо, албан татвар, хураамж төлсөн тухай баримт, татварын албанд татвар төлөгчөөр бүртгүүлсэн тухай цахим эсхүл хэвлэмэл тодорхойлолт зэрэг баримт бичгийг хавсаргахаар зохицуулсан.

 

12. Талуудын хооронд байгуулагдсан газар эзэмших эрх шилжүүлэх гэрээнд хариуцагч нь Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд газар эзэмших эрхийн гэрчилгээ шилжүүлэхэд шаардлагатай баримт бичгүүдийг бүрдүүлж өгөх хугацааг нарийвчлан заагаагүй боловч нэхэмжлэгч нь газар эзэмших эрхийн үнэ 50,000,000 төгрөгийг хариуцагчид төлснөөр хариуцагчид нэхэмжлэгчийн хамт газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх хүсэлтийг холбогдох баримт бичгийг хавсарган эрх бүхий этгээд гаргах үүрэг үүснэ.

Тиймээс нэхэмжлэгч Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд газар эзэмших эрхийн гэрчилгээ шилжүүлэхэд шаардлагатай баримт бичгүүдийг бүрдүүлж өгөх үүргээ гүйцэтгэхийг хариуцагчаас шаардсан нь Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1, 208 дугаар зүйлийн 208.2 дахь хэсэгт заасанд нийцжээ.

 

13. Иймд анхан шатны шүүх 2021 оны 12 сарын 03-ны өдрийн газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний үүргээ гүйцэтгэж, Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд нэхэмжлэгч *******гийн нэр дээр газар эзэмших эрхийн гэрчилгээ шилжүүлэхэд шаардлагатай өргөдлийг бичиж өгөхийг хариуцагч *******т даалгаж шийдвэрлэсэн нь зөв байх тул ...нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэх агуулгаар хариуцагч талын гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

 

14. Харин анхан шатны шүүх үндсэн болон сөрөг нэхэмжлэлтэй холбоотой шаардах эрхийн үндэслэлд хамааралгүй заалт болох Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1, 189 дүгээр зүйлийн 189.5 дахь хэсгийг баримталсан нь хууль хэрэглээний хувьд оновчгүй байгааг залруулж, тогтоох хэсгийн 1 дэх заалтын 206 дугаар зүйлийн 206.1 гэснийг 243 дугаар зүйлийн 243.1 гэж найруулгын өөрчлөлт оруулж, 2 дахь заалтын 189 дүгээр зүйлийн 189.5 дахь хэсэгт заасныг баримтлан гэснийг 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт заасан үндэслэлгүй тул гэж өөрчилж, мөн улсын тэмдэгтийн хураамжийг хуваарилахад баримталсан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.1, 63.1.4 дэх заалтыг хассан өөрчлөлтийг тус тус оруулна.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон найруулгын өөрчлөлт оруулж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхихоор шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 сарын 21-ний өдрийн 191/ШШ2026/01292 дугаар шийдвэрийн

Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэгж талбарын ******* дугаар бүхий, ******* дүүрэг *******гийн гудамж хаягт байршилтай, 254 м.кв /0.0254 га/ газар эзэмших эрхийг нэхэмжлэгч *******д шилжүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг гаргаж өгөхийг хариуцагч *******т даалгасугай. гэж өөрчлөн найруулж,

2 дахь заалтыг 189 дүгээр зүйлийн 189.5 дахь хэсэгт заасныг баримтлан гэснийг 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт заасан үндэслэлгүй тул гэж өөрчилж,

3 дахь заалтаас 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.1, 63.1.4 гэснийг тус тус хасаж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 478,150 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.МӨНХЦЭЦЭГ

 

 

ШҮҮГЧИД Т.ГАНДИЙМАА

 

 

Ж.ЛХАГВАСҮРЭН