Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 2019/ШЦТ/314

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтанчимэг,

улсын яллагч М.Гансувд,

хохирогч Д.Чинбат,

шүүгдэгч Л.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.А-д холбогдох 1934007460379 дугаартай эрүүгийн хэргийг хялбаршуулснаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авснаар шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Ш овогт Л.А, Монгол улсын иргэн, 1993 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Сэлэнгэ аймаг Цагаан толгой суманд төрсөн, 26 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, аав, ээж, дүү, охины хамт  Төв аймаг Заамар сум Хайлааст 3 дугаар баг Шижир-1 гудамж 14 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй гэв.

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд тусгагдснаар/

Шүүгдэгч Л.А нь согтуугаар Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн нутаг дэвсгэрт 2019 оны 08 дугаар сарын 18-ны өдөр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай  хүн болох хамтран амьдрагч Д.Чинбатыг найзтайгаа хардсаны улмаас маргалдаж улмаар түүний баруун гаран тус газарт шилээр цохиж зүсэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Төв аймгийн Прокурорын газраас Л.А-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулснаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талуудаас дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

Үүнд:

Хохирогч Д.Чинбатаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-41-43 тал/, шинжээч Б.Батчимэгээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-45 тал/, гэрч Ж.Сугараас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-46 тал/, эмнэлгийн тодорхойлолт /хх-14-15 тал/, Д.Чинбатын согтуурал шалгасан гэрэл зургийн үзүүлэлт /хх-16 тал/, Д.Чинбатын согтуурал шалгасан тэмдэглэл /хх-17 тал/,  Л.Аын согтуурал шалгасан тэмдэглэл /хх-17 тал/,  гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-19 тал/, Төв аймаг шүүхийн шинжилгээний шинжээчийн 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн №619 дугаар дүгнэлт /хх-34-35 тал/, Төв аймаг шүүхийн шинжилгээний шинжээчийн 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн №620 дугаар дүгнэлт /хх-37-38 тал/,  Л.Аын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-51 тал/, Л.А-ын хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-59-тал/ зэрэг болно.

 

Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч Л.Ад холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:

 

Шүүгдэгч Л.А нь согтуугаар Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн нутаг дэвсгэрт 2019 оны 08 дугаар сарын 18-ны өдөр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай  хүн болох хамтран амьдрагч Д.Чинбатыг найзтайгаа хардсаны улмаас маргалдаж улмаар түүний баруун гаран тус газарт шилээр цохиж зүсэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь:

Хохирогч Д.Чинбатын өгсөн “ ... Хэрэг болдог өдөр 2019 оны 08 дугаар сарын 18-ны өдөр би хамтран амьдрагч Атай хамт усанд орчихоод гарч явахдаа замаараа Аын найз Нараагийн ажилладаг Мартин нэртэй зоогийн газар луу орж хоол идсэн. А бид 2-той хамт миний өөрийн хамаатныхан ах Чинзориг болон Аын найз Нарангэрэл /хоч нэр: Нараа/ нар хоол идсэн. Хоол идчихээд жоохон юм уугаад сууж байтал тэр газрын тогооч нь Нарааг ажил дээрээ гадны хүмүүстэй ажлын цагаар архи уулаа гэж уурласан тэгээд бид нар тэндээс хамт гарч яваад Нараагийн гэрт очиж уусан. Тэгж байтал А нилээд согтоод намайг найзтайгаа хардаад янз бүрийн юм яриад бид 2 маргалдсан улмаар А архины хагархай шилээр миний баруун талын гарыг зүссэн. Тэгээд би Аыг боль харъя гээд гэрээс гарах гэж байхад гарахдаа архины шилний хагархай дээр унаад өөрийнхөө зүүн гараа зүссэн” гэх мэдүүлэг /хх-41-43 тал/,

Шинжээч Б.Батчимэгийн өгсөн: “... Д.Чинбатын биед үзлэг хийхэд үзлэгээр Д.Чинбатын биед баруун шууны гадна доод хэсэгт зах ирмэг тэгш, 3 ширхэг оёдол бүхий мэс заслын анхдагч цэгцэлгээ хийгдсэн шархтай байсан бөгөөд энэ гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна 620 дугаартай дүгнэлт гаргасан ” гэх мэдүүлэг /хх-45 тал/,

Төв аймаг шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн №620 дугаар дүгнэлтэд 1.2.Д.Чинбатын биед баруун шуунд шарх гэмтэл тогтоогдлоо. 3.Дээрх гэмтэл нь хурц, ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 4. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-37-38 тал/ зэрэг болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.А нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан байна.

 

Төв аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Л.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол үйлдэж, ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.А нь хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч шүүхэд хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн нь үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хангасан байх тул шүүх шүүгдэгч Л.А-д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч улсын яллагчийн шүүхэд гаргасан саналыг харгалзан 480000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.

 

            Шүүгдэгч  Л.А нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Л.А-д сануулав.

 

           Шүүгдэгч Л.А-д холбогдох хэрэгт бичгийн баримтаар болон эд мөрийн баримт хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Л.А нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болно.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 1, 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл, заалтуудыг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Ш овогт Л.А-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.А-ыг 480/дөрвөн зуун наян мянга/-н нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 480000 /дөрвөн зуун наян мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Л.А-д оногдуулсан 480 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 480000 төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулинд заасан хугацаанд, хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Л.А нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5.Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар болон бичгийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Л.А-д нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.А-д авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулж, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсүгэй.

 

8.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

9. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Л.А нь урьд авсан авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                Ц.ОТГОНЖАРГАЛ