| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашдорж Золзаяа |
| Хэргийн индекс | 191/2025/05919/И |
| Дугаар | 210/МА2026/00424 |
| Огноо | 2026-02-25 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 02 сарын 25 өдөр
Дугаар 210/МА2026/00424
*******ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Б.Азбаяр, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 191/ШШ2025/10485 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч *******д холбогдох
Хууль бус эзэмшлээс орон сууц албадан чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1.******* нь 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдөр *******тэй үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Тус гэрээгээр Сүхбаатар дүүрэг, 4 дүгээр хороо, 5 дугаар хороолол, ******* гудамж, 38 дугаар байр, *******тоот хаягт байрлах 2 өрөө орон сууцыг 140,200,000 төгрөгөөр худалдан авч өмчлөх эрхийн гэрчилгээ авсан.
1.2.Орон сууцыг худалдан авах үед худалдагч *******гийн ах болох ******* нь тус орон сууцанд амьдарч байсан бөгөөд гэрээ хийгээд төлбөрөө төлсний дараа байрыг чөлөөлж өгнө гэсэн тайлбар гаргаж байсан. Өмчлөх эрхийн гэрчилгээ гарсны дараа орон сууцаа чөлөөлүүлэхээр шаардлага гаргасан боловч ******* нь дүүгээсээ худалдаж авах ёстой байсан байр гээд чөлөөлж өгөөгүй учраас шүүхийн журмаар шийдвэрлүүлэх нөхцөл байдал үүссэн.
Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал бүрдсэн буюу өмчлөх эрх зөрчигдөж байна гэж үзээд зөрчлийг арилгуулахаар, хууль бусаар эзэмшиж ашиглаж байгаа байдлыг таслан зогсоолгохоор өөрийн өмчлөлийн орон сууцыг албадан чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргасан.
Иймд нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
2.Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
Миний бие нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх явцад татгалзлаа нотлох баримтаар гаргаж өгнө. Хариуцагчийн хувьд, тухайн орон сууцыг бий болгосон мөнгийг өөрөө гаргасан, зөвхөн захиалгын гэрээг дүү ******* нь өөрийн нэр дээр хийсэн гэжээ.
3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар хариуцагч *******ы хууль бус эзэмшлээс нэхэмжлэгч *******ын өмчлөлийн Сүхбаатар дүүрэг, 4 дүгээр хороо, 5 дугаар хороолол, сайн ноён хан ******* гудамж 38 дугаар байр *******тоот хаягт байршилтай 42 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны зориулалттай, улсын бүртгэлийн Ү-*******дугаартай үл хөдлөх хөрөнгийг албадан чөлөөлж,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч *******аас 70,200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******т олгож шийдвэрлэжээ.
4.Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол, тайлбарын агуулга:
Анхан шатны шүүх хэргийг шийдэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн. Өмгөөлөгч ******* би хариуцагч *******ы өмгөөлөгчөөр 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн шүүх хуралдаанд оролцсон. Тус шүүх хуралдааны үед би хэргийг шийдвэрлэж байгаа *******шүүгчээс татгалзсан. Гэтэл *******шүүгч татгалзлыг хүлээж авахгүй шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн.
Миний хувьд хэргийг дангаар шийдвэрлэж байгаа шүүгчийг татгалзан гаргах хүсэлт гаргасан бөгөөд энэ тохиолдолд тухайн шүүхийн Ерөнхий шүүгч шийдвэрлэж захирамж гаргах хуулийн зохицуулалтай. Энэ талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.6-д "Хэд хэдэн буюу хэргийг дангаар шийдвэрлэж байгаа шүүгчийг, түүнчлэн шүүх бүрэлдэхүүнийг татгалзан гаргах хүсэлтийг тухайн шүүхийн Ерөнхий шүүгч шийдвэрлэж захирамж гаргана" гэж зохицуулсан. Хэргийг дангаар шийдвэрлэж байгаа *******шүүгчээс өөрөөс нь татгалзаж байхад татгалзан гаргах хүсэлтийг өөрөө шийдвэрлээд шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, мөн хариуцагчийн хууль ёсны эрх ашгийг зөрчсөн байна.
Иймд анхан шатны тойргийн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.
5.Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:
Хариуцагчийн өмгөөлөгч нь анхан шатны шүүх хуралдааны явцад хариуцагчийг шүүх хуралдаанд оролцуулах болон гэрч асуулгах хүсэлтийг гаргасан. Дээрх хүсэлтүүдийг шүүгч хангаагүй учраас шүүгчийг татгалзан гаргах тухай хүсэлтийг гаргасан. Хүсэлт хангахгүй орхиж шийдвэрлэсэнтэй холбогдуулан шүүгчээс татгалзсан нь хуульд нийцэхгүй. Хуульд заагаагүй үндэслэлээр шүүгчээс татгалзсан нь үндэслэлгүй. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан гэжээ.
ХЯНАВАЛ:
1.Давж заалдах шатны шүүх хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хянан үзээд, гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.
2.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан хууль бус эзэмшлээс орон сууц албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3.Хэрэгт авагдсан 2025.05.08-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээ /үл хөдлөх эд хөрөнгө/-ээс үзвэл, ******* нь Сүхбаатар дүүрэг, 4 дүгээр хороо, 5 дугаар хороолол, Сайн ноён хан ******* гудамж, 38 дугаар байр, *******тоот хаягт байршилтай, 42 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг 140,200,000 төгрөгөөр худалдан авахаар *******тэй харилцан тохиролцжээ.
Улмаар 2025.05.09-ний өдөр ******* уг орон сууцны өмчлөгчөөр бүртгэгдэж, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгогдсон байна.
Анхан шатны шүүх дээрх үйл баримтыг зөв тогтоосон байна.
4.Хариуцагч нь маргаан бүхий орон сууцыг эзэмшдэг байх бөгөөд тухайн орон сууцыг бий болгосон мөнгийг гаргасан, дүү ******* захиалгын гэрээг өөрийн нэр дээр хийсэн гэх тайлбар гаргасан ч уг тайлбартай холбоотой нотлох баримт хэрэгт авагдаагүй.
5.Иргэний хуулийн 182 дугаар зүйлийн 182.1, 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт зааснаар үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэх, мөн улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэгээг үнэн зөв гэж тооцох ба маргаан бүхий орон сууцны өмчлөгчөөр нэхэмжлэгч *******ыг бүртгэсэн улсын бүртгэлийг үгүйсгэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй.
Түүнчлэн хариуцагч нь маргаж буй орон сууцны эзэмшлийг хууль буюу гэрээний үндсэн дээр олж авсан байдлаа баримтаар нотлоогүй байна.
Иймээс Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь өөрийн өмчлөлийн орон сууцыг хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр шаардах эрхтэй ба энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцжээ.
6.Хариуцагчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдааны үед хэргийг дангаар шийдвэрлэж байгаа шүүгч *******татгалзахад татгалзан гаргах хүсэлтийг өөрөө шийдвэрлээд шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, мөн хариуцагчийн хууль ёсны эрх ашгийг зөрчсөн гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргасан.
6.1.Анхан шатны шүүхийн 2025.11.25-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлээс үзвэл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 103 дугаар зүйлийн 103.1 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаан даргалагч нь шүүх бүрэлдэхүүнийг зарлан, шүүх хуралдааны нарийн бичгийн даргыг танилцуулж, тэдгээрийг татгалзан гаргах хүсэлт байгаа эсэхийг асуухад нэхэмжлэгч болон хариуцагчийн өмгөөлөгч нар татгалзалгүй болохоо илэрхийлсэн байна.
Үүний дараа хариуцагчийн өмгөөлөгч нь хариуцагчийг шүүх хуралдаанд оролцуулах, *******гээс гэрчийн мэдүүлэг авахуулах тухай хүсэлт гаргасныг шүүгчийн 191/ШЗ2025/50997 дугаар захирамжаар хангахаас татгалзаж шийдвэрлэжээ.
Улмаар зохигч, оролцогч мэтгэлцэх үе шат буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч тал нэхэмжлэлээ тайлбарласны дараа хариуцагчийн өмгөөлөгч нь шүүгчээс татгалзах хүсэлттэйгээ илэрхийлсэн байх ба даргалагчаас шүүгч хүсэлт шийдвэрлэсэнтэй холбоотой буюу хуульд заасан татгалзан гаргах үндэслэлд хамаарахгүй байгаа учраас шүүх хуралдааны тэмдэглэлд тусган шүүх хуралдааныг үргэлжлүүлж байна гэж тайлбарлаж шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулсан болох нь тэмдэглэлд тусгагдсан байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт шүүгч хэрэг хянан шийдвэрлэхэд оролцож болохгүй үндэслэлүүдийг хуульчилсан бөгөөд мөн хуулийн 91.2 дахь хэсэгт энэ хуулийн 84 дүгээр зүйл, 91.1-д зааснаас бусад үндэслэлээр шүүгчийг татгалзаж үл болно гэж заасан.
Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023.01.12-ны өдрийн 05 дугаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 84, 91, 92 дугаар зүйлийн зарим хэсэг, заалтыг тайлбарлах тухай тогтоолд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан хүсэлтийг шийдвэрлэсэнтэй холбогдуулан шүүгчийг татгалзсан нь хуульд заагаагүй үндэслэлд хамаарна, хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасны дагуу хэрэг хэлэлцэж эхэлснээс хойш дээрх үндэслэлээр гаргасан хүсэлтийг гаргаагүйд тооцож хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүгч буюу шүүх бүрэлдэхүүн үзвэл энэ талаар тэмдэглэлд тусгаж шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулна гэж тайлбарласан.
Иймээс шүүгч хариуцагчийн өмгөөлөгчийг хүсэлт гаргаагүйд тооцож тэмдэглэлд тусгаж шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулсан нь дээрх хуулийн зохицуулалтыг зөрчөөгүй, шүүгчийг татгалзан гаргах хүсэлтийг шүүгч өөрөө шийдвэрлээд шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн гэх хариуцагчийн өмгөөлөгчийн гомдол хууль зүйн үндэслэлгүй.
6.2.Шүүх 2025.08.11-ний өдөр хариуцагч *******д эрх, үүргийг тайлбарлаж, нэхэмжлэлийн хувийг гардуулсан ба хариуцагч 2025.09.26-ны өдрийн шүүх хуралдаанд эрүүл мэндийн шалтгаанаар оролцох боломжгүй тухай хүсэлт ирүүлснийг шүүх хүлээн авч шүүх хуралдааныг хойшлуулсан, үүний дараа 2025.10.24-ний өдрийн шүүх хуралдаанд хариуцагчийн өмгөөлөгч ******* оролцож, хариуцагч өнөөдрийн шүүх хуралдаанд оролцож амжихааргүй болсон, цаашдаа хариуцагч өөрөө оролцохгүй, би өөрөө оролцоод явна, эзгүйд шийдвэрлэх хүсэлтэй гэсэн тайлбар гаргаж, хэргийн материалтай танилцах үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт гаргасныг шүүх мөн хүлээн авчээ.
Түүнчлэн шүүх 2025.10.24-ний өдөр хариуцагчийн 99065153 дугаар утсаар шүүх хуралдаан 2025.11.25-ны өдөр товлогдсоныг мэдэгдсэн, үүний зэрэгцээ түүний хаягаар мэдэгдэх хуудсыг шуудангаар хүргүүлэхэд заасан хаягт байнга эзэнгүй тухай магадлагааг ирүүлсэн.
Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хариуцагчийн эрхийг хангасан байх тул хариуцагчийн хууль ёсны эрх ашгийг зөрчсөн гэх гомдол үндэслэлгүй.
7.Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 191/ШШ2025/10485 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн өмгөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2026 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Б.АЗБАЯР
Д.ЗОЛЗАЯА