| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нямжав Гэрэлтуяа |
| Хэргийн индекс | 191/2025/12693/И |
| Дугаар | 210/МА2026/01041 |
| Огноо | 2026-05-08 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 05 сарын 08 өдөр
Дугаар 210/МА2026/01041
*******ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 191/ШШ2026/02743 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: *******ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******-д холбогдох,
Үр дүнгийн урамшуулал 16,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Н.Гэрэлтуяа илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, түүний өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Анулан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:
1.1. ******* нь хариуцагч *******-тай 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдөр ******* дугаартай Хөдөлмөрийн гэрээ байгуулж, Эрдэнэс нэгдсэн терминал цогцолборын Хүний нөөцийн мэргэжилтнээр ажиллаж байна. *******-ийн 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн ******* дугаартай Хамтын гэрээний 3.3.1-д заасны дагуу 2025 оны 07 дугаар сарын 26-ны өдөр ажилтнуудад үр дүнгийн урамшуулал олгохдоо нэхэмжлэгч *******д олгоогүй. Учир нь *******-ийн захирлын 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн ******* дугаартай тушаалаар *******д сахилгын шийтгэл ногдуулсантай холбоотойгоор сахилгын шийтгэлтэй байгаа ажилтанд үр дүнгийн урамшуулал олгохгүй гэж тайлбарласан.
1.2. Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 37.1.1-д заасны дагуу үр дүнгийн урамшуулал олгох тухай талууд *******-ийн 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн ******* тоот Хамтын гэрээ-гээр тохиролцсон. Дээрх хамтын гэрээгээр нэмэгдэл хөлс авах эсэх урьдчилсан нөхцөл нь компанийн санхүү, эдийн засгийн үндэслэлд тулгуурлан тухайн жилд ажилласан хугацаатай уялдуулан тооцож олгохоор зохицуулсан. Өөр нэмэлт урьдчилсан нөхцөл заагаагүй нь ажилтан ажил хөдөлмөр эрхэлж байгаа бол үр дүнгийн урамшуулал авахаар байна. Нэхэмжлэгчийг сахилгын шийтгэлтэй гэх шалтгаанаар ажил олгогч нь үр дүнгийн урамшуулал олгоогүй нь үндэслэлгүй.
1.3. Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.7 дахь хэсэгт заасныг зөрчиж, сахилгын шийтгэл ногдуулсантай холбоотойгоор үр дүнгийн урамшуулал олгохгүй гэсэн нь сахилгын шийтгэлийг давхардуулан арга хэмжээ авч, хууль зөрчиж байна. Нэхэмжлэгчийн зүгээс үр дүнгийн урамшууллыг дундаж цалин хөлснөөс тооцож 16,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.
1.4. *******-ийн хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын 2025 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн ******* дугаартай хурлын тэмдэглэлийг и-мэйлээр 2025 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр, Чингэлтэй дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн *******дугаартай хуралдааны тэмдэглэлийг 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдөр тус тус гардаж авсан.
Иймд үр дүнгийн урамшуулал 16,000,000 төгрөгийг хариуцагч *******-аас гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга:
2.1. ******* нь ажиллаж байх хугацаандаа буюу 2025 онд Согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хориглох, шалгах журам-ын 3.2.3-т заасан ...техникийн боломж байгаа тохиолдолд дүрс болон дуу хураагуураар бичлэг хийж болно... гэсэн заалтыг хэрэгжүүлээгүй зөрчил гаргасан тул түүнд гүйцэтгэх захирлын 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн ******* дугаар тушаалаар нээлттэй сануулах сахилгын шийтгэл ногдуулсан бөгөөд тэрээр тэрхүү зөрчлөө хүлээн зөвшөөрч, хуульд заасан хугацаанд ямар нэгэн гомдол гаргаагүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.8 дахь хэсэгт заасан сахилгын шийтгэлгүйд тооцох хугацаа дуусаагүй.
2.2. Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 26 дугаар тогтоолоор *******-д 3 сарын хугацаатай онцгой дэглэм тогтоож, Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн багийг томилон ажиллуулсан. Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн баг нь дээрх хугацаанд нүүрс олборлолт, тээвэрлэлт, борлуулалт, эрхэлсэн ажил, чиг үүргийн хүрээнд дор бүрнээ сахилга хариуцлагыг чангатгах чиглэлээр онцгой анхаарч, үр дүнтэй ажилласны үр дүнд 2 улсын хил, гаалийн нэвтрүүлэлтийг эрчимжүүлж, улмаар нүүрсний борлуулалтын үнэ нэмэгдэж, ******* нь 10.2 сая тонн нүүрс борлуулж, 2,473,9 тэрбум төгрөгийн орлого олж, 1,141.5 төгрөгийн цэвэр ашигтай ажилласан нөхцөл байдлыг харгалзан Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн багийн ахлагчийн 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн ******* дугаар тушаалаар хөдөлмөрийн сахилгын шийтгэл хүлээж байгаагүй ажилтнуудын ажилласан хугацааг харгалзан компанийн 2 сарын дундаж цалинтай тэнцэх хэмжээгээр тооцож, үр дүнгийн урамшууллыг олгосон. Өөрөөр хэлбэл, сахилгын шийтгэлтэй ажилтнуудад үр дүнгийн урамшууллыг олгохгүй гэж шийдвэрлэсэн.
2.3. Нэхэмжлэгч нь Хамтын гэрээ-г үндэслэн 16,000,000 төгрөг гаргуулах шаардлага гаргасан нь үндэслэлгүй. Мөн үр дүнгийн урамшууллыг 1 сарын дундаж 4,190,313 төгрөг байхаар тооцоолж, ажилтны ажилласан хугацаанаас хамаарч, компанийн 2 сарын дундаж цалинтай тэнцэх хэмжээгээр олгох шийдвэр гарсан байхад нэхэмжлэгч нь 16,000,000 төгрөг гаргуулахаар шаардаж байгаа нь үндэслэлгүй. Иймд *******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
3.1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1-д зааснаар хариуцагч *******-аас ажилтны үр дүнгийн урамшуулал 16,000,000 төгрөг гаргуулах тухай *******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
3.2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* нь тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
4.1. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй. Тодруулбал, шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 6-д Хамтын гэрээ болон Ажилтанд цалин хөлс тооцож олгох журам-ын зохицуулалт хуульд нийцсэн эсэх талаар маргаагүй. Ажил олгогчийн 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн ******* дугаар ажилтнуудад хагас жилийн үр дунгийн урамшуулал олгох тухай тушаалаар 2025 оны хагас жилийн ажлын үр дүнгийн урамшууллыг олгохдоо тус хугацаанд хөдөлмөрийн сахилгын шийтгэлгүй ажилласан ажилтанд ажилласан хугацаатай нь уялдуулан олгохоор шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хууль болон хариуцагч байгууллагын Хамтын гэрээ, Ажилтанд цалин хөлс тооцож олгох журмыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүйн дээр уг тушаал хүчингүй болсон, өөрчлөгдсөн, гомдол гаргасан талаарх баримт хэрэгт авагдаагүй байна гэж хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийсэнд гомдолтой байна.
Учир нь нэхэмжлэгч нь Хамтын гэрээний 3.3.1 болон Ажилтанд цалин хөлс тооцож олгох журмын 4.10.3-т заасны дагуу сахилгын шийтгэл хүлээсэн эсэхээс үл хамаарч хагас жилийн үр дүнгийн урамшууллыг авах ёстой байсан гэж маргасан байтал тушаалын болон нэхэмжлэлийн үндэслэл болсон Хамтын гэрээ, цалин хөлсний журамтай маргаагүй гэдэг үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь ойлгомжгүй байна.
4.2. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 7-д Өөрөөр хэлбэл, ажилтанд урамшууллыг тооцож олгох эсэх нь ажил олгогчийн өөрийн бүрэн эрхэд хамаарах бөгөөд нэхэмжлэгчид урамшуулал олгох болзол нөхцөл бүрдсэн талаарх ажил олгогчийн шийдвэр гараагүй байх тул үг урамшууллын хэмжээг шүүхээс тогтоох нь Хөдөлмөрийн тухай хуулийн 103 дугаар зүйлийн 103.1 дэх хэсэгт заасан зохицуулалттай нийцэхгүй байна гэж хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийжээ. Хэрэв ажил олгогчийн зүгээс нэхэмжлэгчид урамшуулал олгох шийдвэр гаргасан бол нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөхгүй байсан. Иймээс ажил олгогчийн зүгээс гаргасан тушаалын сахилгын шийтгэлгүй ажилтанд гэснийг хууль бус гэж үзэж урамшууллаа шаардсан.
4.3. Мөн шүүх урамшууллыг олгох нь ажил олгогчийн өөрийн бүрэн эрхэд хамаарна гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм. Учир нь Хамтын гэрээ байгуулагдсанаар урамшуулал олгох асуудал нь ажил олгогчийн бүрэн эрхийн асуудал биш, харин гэрээгээр хүлээсэн үүрэг болно. Нэхэмжлэгч Хамтын гэрээнд заасан урамшуулал авах нөхцөлийг (хагас жилийн ажлын үр дүн) хангасан байхад ажил олгогч Хамтын гэрээ, Ажилтанд цалин хөлс тооцож олгох журамд заагаагүй үндэслэлээр олгохгүй байгаа нь Хамтын гэрээний болон тус журамд заасан үүргээ зөрчсөн үйлдэл юм.
4.4. Мөн урамшууллын хэмжээг шүүхээр тусгайлан тогтоолгох шаардлагыг нэхэмжлэгч тал гаргаагүй бөгөөд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, хариуцагч талын хариу тайлбараар нэхэмжлэгчид олгох урамшуулал нь 8,380,626 төгрөг гэдэг нь тогтоогдсон. Тооцооллын хувьд мөн хариуцагчийн гаргасан тооцоолол үндэслэлтэй талаар нэхэмжлэгч тал тайлбарласан. Гэтэл шүүхээс нэхэмжлэгчийг нэхэмжлэлийн шаардлагын тооцооллыг ирүүлээгүй гэж үзсэн нь үндэслэлгүй. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч талын тайлбарын агуулга:
5.1. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй. Шүүх маргааны үйл баримт болон нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлтэй холбоотойгоор Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн. Нэхэмжлэгч нь давж заалдах гомдлынхоо үндэслэлд шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 6-д заасан дүгнэлтийг эс зөвшөөрч, хамтын гэрээ болон цалин хөлс тооцож олгох журамтай маргаагүй тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуульд заасан хэм хэмжээний эрэмбийг баримтлан ажилтанд ашигтай зохицуулалтыг хэрэглэх ёстой гэж маргаж байгаа нь үндэслэлгүй. Анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хууль болон холбогдох журамд хэм хэмжээний актууд нь хоорондоо зөрчилдсөн тохиолдолд ашигтай байдлаар зохицуулна гэж тайлбарласан нь үндэслэлтэй. Анхан шатны шүүхийн шийдвэрийн 6-д Хамтын гэрээний 3.3.1 болон цалин хөлс тооцож олгох журмын 10.3, 4.3.10-т заасан зохицуулалт нь маргааны үйл баримттай нийцэхгүй байгааг тодорхой дурдсан. Нэхэмжлэгч нь дотоод журмын заалттай холбогдуулан маргаагүй тул Хөдөлмөрийн тухай хуулийн 3, 5, 12 дугаар зүйлийн зохицуулалтыг нэхэмжлэгчийн тайлбарлаж буй агуулгаар хэрэглэх боломжгүй гэж дүгнэн, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь зөв байна.
5.2. Нэхэмжлэгч нь 16,000,000 төгрөг гаргуулах шаардлага гаргасан боловч уг тооцооллын үндэслэлээ шүүх хуралдааны явцад нотолж, тайлбарлаж чадаагүй. Түүнчлэн, гомдолдоо хариуцагчийн тооцоололтой маргаагүй гэж дурдсан нь бодит байдалд нийцэхгүй. Хариуцагч нь 8,000,000 төгрөгийн тооцооллыг гаргаж өгөөгүй бөгөөд зөвхөн нийт ажилтнуудын дундаж цалин хөлсний ерөнхий тооцооллыг ирүүлсэн. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд заасны дагуу нотлох үүргээ хэрэгжүүлээгүй тул шүүх уг тооцооллыг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэл байхгүй гэж дүгнэсэн нь үндэслэлтэй.
5.3. Нэхэмжлэгч нь тушаалаар нэмэлт шалгуур гаргаж урамшуулал олгохгүй байна гэж тайлбарлаж байна. *******-д онцгой дэглэм тогтоосонтой холбоотойгоор ажилчдын сахилга хариуцлагыг дээшлүүлэх зайлшгүй шаардлага үүссэн. Урамшуулал гэдэг нь агуулгын хувьд ажил үүргээ хэвийн гүйцэтгэж буй ажилтныг дэмжих хэрэгсэл болохоос биш, сахилгын зөрчил гаргаж хариуцлага алдсан ажилтанд олгох төлбөр биш юм. Нэхэмжлэгч нь сахилгын шийтгэл ногдуулсан тушаалын үндэслэлтэй маргаж байгаа боловч уг тушаалыг хүчингүй болгуулах үндэслэл болон хуулийн холбогдох зохицуулалт нь хэргийн нөхцөл байдалд хамааралгүй байна. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлд зөв дүгнэлт хийж шийдвэр гаргасан тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч талын гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-д холбогдуулан Үр дүнгийн урамшуулал 16,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ. Тодруулбал,
2.1. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа ...2025 оны 07 дугаар сарын 26-ны өдөр *******-аас ажилтнуудад үр дүнгийн урамшуулал олгохдоо сахилгын шийтгэлтэй ажилтанд үр дүнгийн урамшуулал олгохгүй гэж тайлбарладаг. Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 3.1, 37.1.1, Хамтын гэрээний 3.3.1-д тус тус заасны дагуу нэхэмжлэгч нь үр дүнгийн урамшуулал авах эрхтэй... гэсэн бол,
2.2. Хариуцагч нь дээрх нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ ...Нэхэмжлэгчид *******-д ажиллаж байх үедээ Гүйцэтгэх захирлын 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн ******* дугаар тушаалаар нээлттэй сануулах сахилгын шийтгэл ногдуулсан, Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.8 дахь хэсэгт заасан сахилгын шийтгэлгүйд тооцох хугацаа дуусаагүй. Сахилгын шийтгэлтэй ажилтанд үр дүнгийн урамшуулал олгохгүй гэж *******-ийн Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн багийн ахлагчийн тушаалд заасан. ******* нь сахилгын шийтгэлтэй байсан тул үр дүнгийн урамшуулал олгоогүй. Мөн 16,000,000 төгрөгийг хэрхэн, яаж тооцсон нь тодорхойгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй... гэж тус тус тайлбарлажээ.
3. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлж, холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, маргааны зүйл, хэргийн үйл баримтыг зөв тогтоож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болсон ба хэрэгт дараах үйл баримт тогтоогдсон. Үүнд:
3.1. Нэхэмжлэгч ******* нь *******-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн ******* дугаар тушаалаар *******рын Захиргаа, аж ахуйн албанд Хүний нөөцийн мэргэжилтнээр томилогдон ажилладаг. /хх 47/
3.2. *******-ийн гүйцэтгэх захирлын 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн ******* дугаар тушаалаар *******ыг Согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хориглох, шалгах журам-ын 3.2.3-т заасан ...техникийн боломж байгаа тохиолдолд дүрс болон дуу хураагуураар бичлэг хийж болно... гэсэн заалтыг хэрэгжүүлээгүй зөрчил гаргасан гэх үндэслэлээр түүнд нээлттэй сануулах хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулсан. /хх 61/
3.3. *******-ийн Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгчийн багийн ахлагчийн 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн ******* дугаар Ажилтнуудад хагас жилийн үр дүнгийн урамшуулал олгох тухай тушаалаар 2025 оны хагас жилийн ажлын үр дүнгийн урамшууллыг тус хугацаанд хөдөлмөрийн сахилгын шийтгэлгүй, 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж буй ажилтнуудад эхний хагас жилд ажилласан хугацааг харгалзан компанийн 2 сарын дундаж цалинтай тэнцэх хэмжээгээр тооцож, үр дүнгийн урамшуулал олгохоор шийдвэрлэсэн. /хх 63/
3.4. Нэхэмжлэгч ******* нь дээрх ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзэж, хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр холбогдох маргаан таслах комисс болох Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандсан ба Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2, 154.2.1, 154.8 дахь хэсэгт тус тус заасан хугацаа, журмыг зөрчөөгүй. /хх 15-18, 26-28/
4. Талууд сахилгын шийтгэлгүйд тооцох хугацаа дуусгавар болоогүй ажилтанд ажлын үр дүнгийн урамшуулал олгох эсэх талаар маргажээ.
5. Шүүх Ажил олгогчийн ******* дугаар тушаалаар ажилтнуудад 2025 оны хагас жилийн ажлын үр дүнгийн урамшууллыг олгохдоо тус хугацаанд хөдөлмөрийн сахилгын шийтгэлгүй ажилласан ажилтанд ажилласан хугацаатай нь уялдуулан олгохоор шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хууль болон хариуцагч байгууллагын Хамтын гэрээ, Ажилтанд цалин хөлс тооцож олгох журмыг зөрчөөгүй. Нэхэмжлэгчид сахилгын шийтгэл давхардуулан ногдуулсан гэж үзэхгүй. Урамшуулал нь ажилтан албан хаагчийн ажлын үр дүн, эсхүл тухайн байгууллагын ажлын эцсийн үр дүнд оруулсан хувь нэмэр, хүчин чармайлтыг үнэлэн, цалингийн болон ашгийн сан, бусад эх үүсвэрээс ажилтанд олгож байгаа мөнгөн, биет бус хэлбэртэй олговор бөгөөд үүнийг ажилтанд тодорхой нөхцөл, болзлыг хангасан үед олгодог. Ажилтанд урамшууллыг тооцож олгох эсэх нь ажил олгогчийн өөрийн бүрэн эрхэд хамаарна гэж дүгнэж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгосон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.3, 101 дүгээр зүйлийн 101.1, 103 дугаар зүйлийн 103.3.4-т заасныг зөрчөөгүй.
5.1. *******-ийн Гүйцэтгэх захирал болон Эв санааны нэгдэл үйлдвэрчний эвлэлийн даргын хамтран баталсан 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн ******* дүгээр *******-ийн хамтын гэрээ-ний 3.3-т ...Шагнал урамшуулал нь ажилтны шагнал, гүйцэтгэлийн урамшуулал, гавьяа байгуулж онцгой ажил гүйцэтгэсний төлөө олгосон нэг удаагийн мөнгөн урамшуулал байна... гэж, 3.3.1-д ...Үр дүнгийн урамшууллыг компанийн санхүү, эдийн засгийн үзүүлэлт, ажилтнуудын тухайн жилийн ажилласан хугацаатай уялдуулан 6 сартай тэнцэх хэмжээгээр тооцож, тухайн оны 7, 12 сард багтааж 2 хувааж олгоно... гэж, /хх 87-95/
Гүйцэтгэх захирлын 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн ******* дүгээр тушаалаар батлагдсан Хөдөлмөрийн дотоод журам-ын 4.1.3-т Ажилтны үндсэн цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдэл, шагнал урамшууллыг хэмжээг тогтоох гэж, 7.2-т Ажилтанд үндсэн цалин, ээлжийн амралтын цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдэл, олговор, тэтгэмж, нөхөн төлбөр, шагнал урамшуулал олох журмыг Гүйцэтгэх захирлын тушаалаар батлана гэж, 7.8-д Компанийн тэмдэглэлт үйл явдал, улс болон салбарын түүхэн ой, улс орны эдийн засагт онцгой хувь нэмэр оруулсан, үйлдвэрлэлийн үйл ажиллагааг шинэ шатанд гаргасан зэрэг үйл явдлыг тохиолдуулан Гүйцэтгэх захирлын шийдвэрээр ажилтнуудыг урамшуулж болно гэж, /хх 96-104/
Гүйцэтгэх захирлын 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн ******* дүгээр тушаалаар батлагдсан Ажилтанд цалин хөлс тооцож олгох журам-ын 4.1-д Хөдөлмөрийн тухай хууль тогтоомж, компанийн Хөдөлмөрийн дотоод журам болон Хамтын гэрээг үндэслэн ажилтанд үндсэн цалин дээр нэмэгдэл, нэмэгдэл хөлс, ээлжийн амралтын цалин, шагнал урамшууллыг Гүйцэтгэх захирлын тушаалаар олгоно гэж, 4.10.3-т Үр дүнгийн урамшууллыг компанийн санхүү, эдийн засгийн үзүүлэлт, ажилтнуудын тухайн жилд биеэр ажил гүйцэтгэсэн хугацаатай уялдуулан компанийн дундаж цалингаар тооцож 6 сарын цалинтай тэнцэх хэмжээгээр тухайн оны 7, 12 дугаар сард багтааж хоёр хувааж олгоно гэж тус тус заасан. /хх-105-108/
5.2. Өөрөөр хэлбэл, хариуцагчийн Хөдөлмөрийн тухай хуульд нийцүүлэн гаргасан тус байгууллагын дотоод журам, хамтын гэрээний дагуу ажилтанд үр дүнгийн урамшууллыг олгох эсэхийг компанийн тухайн жилийн санхүүгийн нөхцөл байдлыг харгалзан ажил олгогч өөрөө шийдэх эрхтэй байх бөгөөд уг урамшууллыг заавал олгох үүрэгтэй байсан гэж шүүх ажил олгогчийн өмнөөс дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй.
5.3. Нөгөө талаар, үр дүнгийн урамшууллыг ажилтны сахилгын шийтгэлтэй эсэхийг үл харгалзан олгохоор компанийн дотоодод мөрдөгдөж буй эдгээр эрх зүйн баримтад тухайлан заагаагүй боловч ажил олгогч эрх хэмжээнийхээ хүрээнд сахилгын шийтгэлтэй ажилтанд маргаж буй тушаалыг гаргахдаа урамшуулал олгохгүйгээр шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй байна.
Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.3-т зааснаар ажилтныг шагнаж урамшуулах эсэх нь ажил олгогчийн эрхэд хамаарахаас гадна ажилтан хөдөлмөрийн гэрээний дагуу ажлын үр дүнгээ үнэлүүлсний үндсэн дээр үр дүнгийн урамшуулал авах эрх үүсэх тул нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна.
6. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 191/ШШ2026/02743 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ
ШҮҮГЧИД О.ОДГЭРЭЛ
Н.ГЭРЭЛТУЯА