| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гочоо Нямсүрэн |
| Хэргийн индекс | 101/2024/09026/и |
| Дугаар | 210/МА2026/00821 |
| Огноо | 2026-04-15 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 04 сарын 15 өдөр
Дугаар 210/МА2026/00821
2026 04 15 210/МА2026/00821
*******гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, шүүгч Н.Оюунтуяа, Г.Нямсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 191/ШШ2025/11312 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч *******д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлүүлж, баталгаажилт хийлгэхийг даалгах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд үндэслэн шүүгч Г.Нямсүрэн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч ******* шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
1.1. *******г анх 2022 оны 01 дүгээр сард шинээр байгуулагдахад хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн даргаар томилогдон ажиллаж байсан. 2024.09.16-ны өдөр тус албан тушаалаас *******-ын эрхлэгчийн албан тушаалд сэлгэн ажиллуулах тухай ажил олгогчийн ******* тоот тушаал гарсан байсан ба ийнхүү тушаал гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.4-т заасныг үндэслэсэн. Сэлгэн ажиллуулах талаар надад мэдэгдээгүй, зөвшөөрөл аваагүй, тохиролцоогүй тул тус тушаалыг эс зөвшөөрч ажил олгогчид энэ талаар гомдол гаргасан боловч хариу өгөөгүй. 2024.10.01-ний өдөр хууль бусаар сэлгэн ажиллуулахаар гаргасан албан тушаалаас бууруулан ******* шинжилгээний ажилтнаар ажиллуулахаар тушаал гаргасан.
1.2. Хөдөлмөрийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т заасны дагуу надад мэдэгдэж, тохиролцоогүй тул дээрх тушаалыг эс зөвшөөрч мөн хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2-т заасны дагуу ******* дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд өргөдөл гаргасан боловч ажил олгогчийн зүгээс эвлэрч ажилд эргүүлэн авахыг зөвшөөрөөгүй тул шүүхэд нэхэмжлэл гаргасан. Иймд 2024.09.16-ны өдрийн *******, 2024.10.01-ны өдрийн ******* дугаар тушаал хууль зүйн үндэслэлгүй тул *******ийн эрдэмтэн нарийн бичгийн даргын үүрэгт ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлүүлж, баталгаажилт хийлгэхийг даалгаж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:
2.1. ...*******г *******ийн *******-ын эрхлэгчийн албан тушаалд сэлгэн ажиллуулахдаа 2024.09.16-ны өдрийн ******* дүгээр тушаалд техникийн алдаа гарч Хөдөлмөрийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.4 гэж бичигдсэн байх ба нэхэмжлэгч *******г сэлгэн ажиллуулсан хууль зүйн үндэслэл нь мөн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.2-т заасны дагуу сэлгэн ажиллуулсан ба дээрх тушаалд бичиглэлийн алдаа гаргасан. Уг техникийн шинжтэй алдааг *******гийн захирлын тушаалаар залруулга хийсэн бөгөөд өмнө нь гаргаж байсан тушаалын бэлэн загвар дээр шинэчилж гаргахдаа бүрэн засварлаагүйгээс алдаа гаргасан.
2.2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд “сэлгэн ажиллуулах талаар надад мэдэгдээгүй, зөвшөөрөл аваагүй, тохиролцоогүй.” талаар дурдсан нь үндэслэлгүй. Сэлгэн ажиллуулах тушаал гаргахаас өмнө нэхэмжлэгч *******г өрөөндөө дуудан ирүүлж, болсон асуудлын талаар ярилцаж, сэлгэн ажиллуулах талаар санал тавьсныг хүлээн зөвшөөрсөн бөгөөд байгууллагын дотоод журмын дагуу захиргааны зөвлөлийн гишүүдийг дуудан ирүүлж саналыг нь сонссоны үндсэн дээр сэлгэн ажиллуулахаар шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл Хөдөлмөрийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-т заасны дагуу түүнийг өөртэй нь харилцан тохиролцсоны үндсэн дээр эрдэмтэн нарийн бичгийн даргын албан тушаалаас салбарын эрхлэгчийн албан тушаалд сэлгэн ажиллуулахаар шийдвэрлэсэн бөгөөд харилцан тохиролцсон болохыг харуулах баримт болон болсон явдлыг гэрчлэх гэрч байгаа.
2.3. Ажлын байрны тодорхойлолтод заасан гол чиг үүргээ ажлын туршлага дутмагийн улмаас биелүүлээгүйгээс шалтгаалсан ба тухайлбал Монгол Улсын Засгийн газрын 497 дугаар тогтоолоор батлагдсан “Шинжлэх ухаан, технологийн сангаас тэтгэлэг олгох, сангийн хөрөнгийг зарцуулах, түүнд хяналт тавих журам”-ын 4.14, 7.1, 7.2, 7.3-т заасны дагуу ******* хүрээлэн дээр хэрэгжсэн суурь судалгааны 2 төсөл, гадаад улсын байгууллагатай хамтарсан 1 төслийн тайланг мэргэжлийн хорооны хурлаар хэлэлцүүлж тайлагнаагүйгээс болж, манай хүрээлэнгээс дахин 2024, 2025 онуудад судалгааны төслийн сонгон шалгаруулалтад оролцох, төсөл хэрэгжүүлэх боломжгүй байдалд хүргэсэн. Эрдэмтэн нарийн бичгийн даргын ажлын байранд ажилласан ажлын туршлага дутсан, бэлтгэгдэх, мэргэших шаардлагатай гэж үзэж, түүнтэй харилцан тохиролцсоны дагуу өөр ажлын байранд сэлгэн ажиллуулахаар шийдвэрлэсэн.
2.4. Улмаар *******ийн Тэргүүлэгчдийн 2024.09.19-ний өдрийн хурлын ******* дүгээр тогтоолоор манай хүрээлэнгийн бүтцийг шинэчлэн баталсан ба уг тогтоолоор *******г хуулийн дагуу сэлгэн ажиллуулсан албан тушаал болох ******* салбар татан буугдсан тул тус салбарын эрхлэгчийн албан тушаал байхгүй болсон бөгөөд үүнтэй холбоотойгоор сул орон тоо болох *******ын салбарын эрдэм шинжилгээний ажилтнаар ажиллуулахаар 2024.10.01-ний өдрийн ******* дугаар тушаалаар шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй. 2024 оны 09, 10, 11 дүгээр сарын цалингууд бүрэн олгогдож, түүнтэй холбоотойгоор эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлүүд суутгагдаж, төлөгдсөн. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
3.1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т зааснаар хариуцагч *******д холбогдох, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөгийг дурдаж шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлын агуулга:
4.1. ... шүүх ******* нь удирдагчийн дэвшүүлсэн суурь судалгааны төсөл, гадаадтай хамтарсан 1 төслийг мэргэжлийн хорооны хурлаар хэлэлцүүлээгүй, тайлангаа өгсөн эсэхээ нотлоогүй гэх үндэслэлээр *******г мэргэшүүлэхээр сэлгэсэн нь зөв гэж дүгнэж байгаа нь хэтэрхий ажил олгогч талд үндэслэлгүйгээр шийдвэр гаргалаа гэж үзэж байна. Учир нь судалгааг хэлэлцүүлсэн эсэх нь маргааны гол зүйл биш. Өөрөөр хэлбэл судалгааг хэлэлцүүлээгүй гэсэн үндэслэл зааж сэлгэн ажиллуулах тушаал гараагүй. Тушаал удаан ажилласнаас үүсэх үр дагавраас урьдчилсан сэргийлэх гэсэн үндэслэлээр анх гарсан ч судалгааны хэлэлцүүлэгтэй холбож тайлбар гаргахын тулд тушаалаа өөрчилсөн хууль бус үйлдэл гаргаж байна.
4.2. Хэрэв сэлгэн ажиллуулж байгаа нь судалгааны ажилтай холбоотой байсан бол тушаалд тус үндэслэлээ заах байсан боловч сэлгэн ажиллуулах тухай анхны тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.4-г баримталснаас өөр үндэслэл заагаагүй. Мөн шүүх Шинжлэх ухаан технологийн сангаас тэтгэлэг олгох сангийн хөрөнгийг зарцуулах, түүнд хяналт тавих журмыг хэрэгжүүлээгүй талаар ажил олгогч тайлбарлаж байсан боловч журмыг хэрэгжүүлсэн эсэхээ нэхэмжлэгч нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэсэн нь үндэслэлгүй. Энэ талаар ямар нэгэн маргаан, хор хохирол ажил олгогчид учраагүй, хэрэв учирсан бол үүнийгээ нотлох ёстой. Ямар нэгэн маргаан асуудал үүсээгүй бөгөөд тус асуудал нь сэлгэн ажиллуулах тухай тушаалын үндэслэл болоогүй, маргаанд хамааралгүй байхад шүүх зөвхөн нэхэмжлэгчийг буруутгаж ажил олгогч талд шийдвэр гаргахын тулд энэ мэт ач холбогдолгүй хамааралгүй үндэслэлүүдийг дурдаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй.
4.3. Сэлгэн ажиллуулах талаар ажил олгогч ажилтантай харилцан тохиролцсон гэж дүгнэж байгаа нь үндэслэлгүй. Ажил олгогчийн зүгээс ажилтантай тохиролцсон гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй. Хоёр гэрчүүдийн хувьд ******* яг зөвшөөрч тохиролцож байсан уу гэхэд мэдэхгүй гэж хариулдаг, мөн чатад хийсэн үзлэгээр ажил олгогч ажилтны хооронд харилцсанаас харахад ажилтныг сэлгэн ажиллахыг зөвшөөрсөн гэх үйл баримт байхгүй, зөвшөөрч тохиролцсон талаарх утга бүхий агуулга чатнаас харагдахгүй, мөн сэлгэх шийдвэрийг зөвшөөрч тохиролцсон бол уг тушаалыг эс зөвшөөрч гомдол гаргахгүй байсан. Хэрэв тохиролцсон бол энэ талаарх үйл баримтыг ажил олгогч нотлох үүрэгтэй.
4.4. Тушаал гаргасан дарга томилогдож ирээд удаагүй байхдаа хамтран ажиллах хүсэлгүй байгаагаа илэрхийлж Хөдөлмөрийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, 59.1.4-т заасан үндэслэлээр гаргасан тушаалаа хөдөлмөрийн маргааны 3 талд хорооны хурал дээр үндэслэлтэй гэж тайлбарлаж байсан атал иргэний хэрэг маргаан үүсмэгц 59.1.2 гэж өөрчилж байгаа нь ажил олгогчийн үйлдэл хууль бус. Мөн ажил олгогчийн тушаал анхнаасаа хуульд нийцэхгүйг мэдэж байсан тул өнөөдрийг хүртэл бүтэн жил гарангийн хугацаанд миний нийгмийн даатгалыг төлсөөр байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч талын тайлбарын агуулга:
5.1. Нэгдүгээрт, нэхэмжлэгч нь харилцан тохиролцоогүй байхад ажил олгогч хууль зөрчсөн гэж маргаж байгаа боловч Хөдөлмөрийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар ажилтантай тохиролцсон байх шаардлага тавигддаг болохоос заавал бичгээр байгуулах хэлбэрийн шаардлага тусгагдаагүй. Иймээс тохиролцоо бичгээр хийгдээгүй нь өөрөө хууль зөрчсөн гэж үзэх үндэслэл болохгүй. Нэхэмжлэгч нь өөрөө аль салбарт, ямар чиглэлд ажиллах талаар асууж, харилцан чат, мессежээр байр сууриа илэрхийлсэн нь тохиролцоо хийгдсэнийг нотолно. Нэхэмжлэгч уг баримтыг няцаасан, эсхүл тохиролцоо хийгдээгүйг нотлох хуульд нийцсэн баримт гаргаж өгөөгүй тул талууд харилцан тохиролцсон гэж үзэх үндэслэлтэй. Анхан шатны шүүх зөв дүгнэлт хийсэн.
5.2. Хөдөлмөрийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.4-т үндэслэлээр сэлгэн ажиллуулах талаар талуудын хооронд тодорхой харилцаа, үйл явц явагдаагүй нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогддог. *******гийн хэрэгжүүлж байсан суурь судалгааны хоёр төсөл болон гадаад хамтын ажиллагааны төсөлтэй холбоотойгоор тайлан гаргаагүй, хэлэлцүүлэгт оруулаагүй зэрэг асуудал үүссэн нь ажилтныг сэлгэн ажиллуулах бодит шалтгаан болсон тул тушаалын үндэслэлийг Хөдөлмөрийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.2 болгон залруулсан нь бодит нөхцөл байдалд нийцүүлсэн, техникийн шинжтэй засвар бөгөөд хууль зөрчсөн гэж үзэхгүй тул анхан шатны шүүх зөв дүгнэлт хийсэн.
5.3. Хөдөлмөрийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.2-т заасан үндэслэлээр сэлгэн ажиллуулсан эсэхийг анхан шатны шүүх зайлшгүй дүгнэх шаардлагатай. Тодруулбал, тухайн үндэслэл бодитоор байсан эсэх, мэргэшүүлэх шаардлага үүссэн эсэхийг тогтоохын тулд анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтад тулгуурлан дүгнэлт хийсэн. Нэхэмжлэгч дотоодын хоёр, гадаадын нэг төсөлд удирдагчаар ажилласан боловч эдгээр төслийн үр дүнг эрдэмтдийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлээгүй, тайлагнаагүй зэрэг нөхцөл байдал нь дараагийн төслүүдийг хэлэлцүүлэх боломжид сөргөөр нөлөөлсөн. Уг асуудлын хүрээнд анхан шатны шүүх үнэлж дүгнэсэн тул нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хальсан гэж үзэхгүй.
5.4. Нэхэмжлэгчийг удирдах албан тушаалаас гүйцэтгэх ажилтны түвшинд бууруулж, хууль ёсны эрх зөрчсөн гэж тайлбарласан. Гэвч хэрэгт авагдсан баримтаас үзэхэд 2024.09.13-ны өдрийн ******* дугаар тушаалаар талуудын харилцан тохиролцооны үндсэн дээр нэхэмжлэгчийг эрдэмтэн нарийн бичгийн даргын албан тушаалаас Молекул, системийн нейросайнсын салбарын эрхлэгчийн албан тушаал буюу мөн удирдах түвшний албан тушаалд шилжүүлсэн. Харин уг салбар нь байгууллагын бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлтийн улмаас татан буугдсан тул дахин тушаал гаргаж, нэхэмжлэгчийг өөр албан тушаалд ажиллуулсан нь байгууллагын дотоод бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлттэй холбоотой бөгөөд хууль зөрчсөн гэж үзэхгүй тул шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасан бүрэн эрхийн хүрээнд зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан нэхэмжлэгч талын гаргасан гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргажээ.
3. Хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлагыг “нэхэмжлэгчтэй харилцан тохиролцсоны үндсэн дээр сэлгэн ажиллуулсан...тус байгууллагад хэрэгжүүлж байсан суурь судалгааны хоёр төсөл, гадаад хамтын ажиллагааны төслийн тайлан гаргаагүй, хэлэлцүүлэгт оруулаагүй зэрэг асуудал үүссэн нь ажилтныг сэлгэн ажиллуулах бодит шалтгаан болсон... тушаалын үндэслэлд дурдсан хуулийн заалтыг техникийн алдаанаас засвар оруулсан” гэх үндэслэлээр эс зөвшөөрч маргажээ.
4. Анхан шатны шүүх нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүйн улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагыг хангасан өөрчлөлтийг оруулна.
5. Хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
5.1. Тус хүрээлэнгийн захирлын 2024.09.16-ны өдрийн “Сэлгэн ажиллуулах тухай” ******* дугаар тушаалаар *******г ******* нарийн бичгийн даргын үүрэгт ажлаас чөлөөлж, Молекул, системийн нейросайнсын салбарын эрхлэгчээр томилж, үндсэн цалинг 1,900,000 төгрөгөөр тогтоосон байна. /хх-4, 57/
5.2. Тус хүрээлэнгийн захирлын 2024.10.01-ний өдрийн “*******г эрдэм шинжилгээний ажилтнаар ажиллуулах тухай” ******* дугаар тушаалаар *******ийн 2024.09.19-ний өдрийн “Хүрээлэнгүүдийн бүтцийг шинэчлэн батлах тухай” 11 дугаартай тогтоолоор ******* хүрээлэнгийн бүтцийг шинэчлэн баталсантай холбоотой ******* салбарын эхлэгч *******г салбарын эрхлэгчийн үүрэгт ажлаас чөлөөлж, ******* шинжилгээний ажилтнаар томилж, үндсэн цалинг 1,600,000 төгрөгөөр тогтоосон байна. /хх-58/
6. Ажилтныг сэлгэн ажиллуулах, өөр ажилд шилжүүлэхтэй холбоотой ажил олгогчийн хоёр шийдвэр байх ба ажилтныг сэлгэн ажиллуулах талаар хуулийн зохицуулалтын урьдчилсан нөхцөл бүрдсэн эсэх нь талуудын маргааны зүйл болжээ.
6.1. Хөдөлмөрийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д “Ажил олгогч ажилтантай харилцан тохиролцсоны үндсэн дээр аж ахуйн нэгж, байгууллага дотроо, харьяа нэгж, салбарын хооронд дараах үндэслэлээр ажилтныг гурван жил хүртэл хугацаагаар сэлгэн ажиллуулж болно” гээд 59.1.1-д “ажлын ачааллыг тэнцүүлэх” 59.1.2-т “тодорхой ажлын байранд ажиллуулахаар бэлтгэх, мэргэшүүлэх” 59.1.3-т “хэд хэдэн ажлын байранд ажиллах чадвар эзэмшүүлэх”, 59.1.4-т “нэг ажлын байран дээр удаан ажилласнаас үүсэж болох зүй бус гаднын нөлөөллөөс урьдчилан сэргийлэх”, 59.3-т “Ажилтантай тохиролцоогүй бол ажилтныг албан тушаал, цалин хөлсийг бууруулж сэлгэн ажиллуулахыг хориглоно” гэж тус тус заажээ.
6.2. *******гийн захирлын 2024.09.16-ны өдрийн “Сэлгэн ажиллуулах тухай” ******* дүгээр тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1, 59 дүгээр зүйлийн 59.1.4, Тархи, сэтгэл судлалын хүрээлэнгийн Хөдөлмөрийн дотоод журмын 4.2, *******ийн ******* дугаар албан тоотыг тус тус үндэслэжээ.
6.3. Анхан шатны шүүх сэлгэн ажиллуулах талаар ажилтантай тохиролцсон болохыг гэрч *******ийн “...яг өдрийг нь санахгүй байгаа ч дуудаж уулзсан, дараа нь намайг өрөөндөө дуудаад бид хоёр ийм зүйл ярилаа, тушаал бэлдэж байгаарай ...” гэх мэдүүлэг, гэрч *******ийн “...бүрэлдэхүүн /захиргааны зөвлөлийн хурал/ 100 хувь ороод, ямар шалтгаанаар яагаад сэлгэх гэж байгаа талаар танилцуулаад, өөрөө хүлээж аваад, тушаалаа аваад хэд хоног ажиллаад ирэхээ больсон... өөрөө ажлаас халагдахгүй, ийм ажилд томилогдоно...тушаал гарахын өмнөх өдөр би ямар салбарын эрхлэгч болох вэ ажлаасаа халагдмааргүй байна гэдгээ цахимаар бичсэн байсан” гэх мэдүүлэг, түүнчлэн хариуцагчийн төлөөлөгч ******* болон ******* нарын харилцсан зурваст ******* “Энэ бүтцийн хүрээнд би аль салбарын эрхлэгч болох вэ?” гэж асуусан зэрэг баримтуудаар нотлогдсон гэж үзсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан нотлох баримтыг үнэлэх журамд нийцээгүй гэж үзнэ.
Учир нь гэрч *******, ******* нар байгууллагын захирал *******, ******* нарын хооронд ажилтныг сэлгэн ажиллуулахаар тохиролцсон нөхцөл байдлыг шууд харж гэрчлээгүй, харин бусдаас сонссон зүйлээ дамжуулан хэлэх замаар гэрчийн мэдүүлэг өгчээ. Үүнээс гадна Хөдөлмөрийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д заасны дагуу ажил олгогч ажилтан харилцан тохиролцсоны үндсэн дээр сэлгэн ажиллуулах нөхцөл нь нэг талын хүсэл зоригийн илэрхийлэл буюу ажил олгогчийн саналыг нөгөө тал болох ажилтан хүлээн авснаар хүчин төгөлдөр болох нөхцөлийг ажил олгогч баталгаажуулсан байх учиртай тул нөхцөл байдлыг гэрчийн мэдүүлгээр тогтоохгүй. Зурваст хийсэн үзлэгийн тэмдэглэлээр талууд 2024.09.27-ны өдөр харилцсан буюу сэлгэн ажиллуулах тушаал гарсны дараах үйл явдал байх тул сэлгэн ажиллуулахаас өмнөх харилцан тохиролцоонд хамааралгүй байна.
Гомдлоор авч хэлэлцэх хэргийн нотлох үүргийн хуваарилалтын дагуу ажил олгогч буюу хариуцагч тушаалын хууль зүйн үндэслэл болон хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгож, өөр ажил албан тушаалд сэлгэн ажиллуулах болсон талаарх “нэхэмжлэгчтэй харилцан тохиролцсон” гэсэн тайлбар, татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлоогүй байна. Иймээс хариуцагч байгууллагыг Хөдөлмөрийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т “Ажилтантай тохиролцоогүй бол ажилтныг албан тушаал, цалин хөлсийг бууруулж сэлгэн ажиллуулахыг хориглоно” гэснийг зөрчин ажилтны зөвшөөрөлгүйгээр өөр ажил, албан тушаалд шилжүүлэн томилсон гэж дүгнэнэ.
6.4. Түүнчлэн анхан шатны шүүх тус хүрээлэнгийн захирлын 2024.11.28-ны өдрийн “Урьд гаргасан тушаалын техникийн шинжтэй алдааг залруулах тухай” ******* дугаартай тушаалаар 2024.09.16-ны өдрийн ******* дүгээр тушаалын удиртгал хэсэгт “Хөдөлмөрийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.4 дэх хэсэг” гэснийг “Хөдөлмөрийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.2 дахь хэсэг” гэж залруулсныг буруутгахгүй гээд ажилтныг тодорхой ажлын байранд ажиллуулахаар бэлтгэх, мэргэшүүлэх шаардлага үүссэн нь ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргээ хэрэгжүүлээгүй, судалгааны 2 төсөл, гадаад хамтын ажиллагааны 1 төслийн тайланг гүйцэтгээгүй, хурлаар хэлэлцүүлээгүй гэж дүгнэсэн нь учир дутагдалтай болжээ.
Сэлгэн ажиллуулах үндэслэл шаардлагыг хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлах зарим үндэслэлд тухайлбал, ажилтан мэргэжил, мэргэшлийн түвшин, ур чадвар, ажлын гүйцэтгэлийн хувьд гүйцэтгэж байгаа ажил үүрэгтээ тэнцэхгүй болох нь тогтоогдсон гэх агуулгаар дүгнэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн энэ талаарх зохицуулалтад нийцээгүй. Мөн сэлгэн ажиллуулах үндэслэл шаардлагаа ажил олгогчийн 2024.09.16-ны өдрийн ******* дүгээр тушаалд энэ талаар үгчлэн тусгаагүй байхад хариуцагч талаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргаж өгсөн тайлбар, тушаалын үндэслэлээ хожим өөрчилсөн тушаалын эрх зүйн үндэслэлд холбоотой гэж үзсэнийг зөв гэж үзэхгүй.
*******гийн захирлын 2024.09.16-ны өдрийн ******* дүгээр тушаалын эрх зүйн үндэслэлд хамаарах хуулийн заалтыг тушаалын үр дагавар үүссэний дараа өөрчилснийг зөвтгөхгүй, техникийн алдаа гэж үзэхгүй.
6.5. Монгол Улсын Шинжлэх ухааны Академийн тэргүүлэгчдийн хурлын 2024.09.19-ний өдрийн “Хүрээлэнгүүдийн бүтцийг шинэчлэн батлах тухай” 11 дугаар тогтоолоор ******* эрхлэгчийн албан тушаал хасагдаж, ******* нарийн бичгийн даргын албан тушаал хасагдаагүй байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4-т “Сэлгэн ажиллах хугацаа дууссан, эсхүл сэлгэн ажиллаж байгаа ажилтны хувьд энэ хуулийн 80.1.1, 80.1.2, 80.1.3-т заасан нөхцөл бий болсон тохиолдолд урьд ажиллаж байсан ажлын байранд нь эгүүлэн авна” гэж зааснаар *******г ******* нарийн бичгийн даргын албан тушаалд эгүүлэн авах хууль зүйн нөхцөл бүрдсэн байхад ажил олгогч энэ үүргээ хэрэгжүүлээгүй байна.
6.6. Иймд тус хүрээлэнгийн захирлын 2024.09.16-ны өдрийн “Сэлгэн ажиллуулах тухай” ******* дүгээр тушаал хууль зүйн үндэслэлгүй тул хүчингүй болгож, нэхэмжлэгчийг *******гийн Тархи сэтгэл судлалын хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоох нь Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1-т заасанд нийцнэ.
7. Сэлгэн ажиллуулах тухай дээр тушаал хууль зүйн үндэслэлгүй тул үүний дараа гарсан хариуцагч байгууллагын захирлын 2024.10.01-ний өдрийн “*******г эрдэм шинжилгээний ажилтнаар ажиллуулах тухай” Б/37 дугаар тушаал хүчингүй болох үр дагавартай.
8. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7, 127 дугаар зүйлийн 127.1-т зааснаар хэрэгт авагдсан нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолтыг үндэслэн ажлаас чөлөөлөгдсөн 2024.09.16-ны өдрөөс нэхэмжлэлийг хангасан өдөр буюу 2026.04.14-ний өдөр хүртэлх 18 сар 19 өдрийн хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 59,726,430 /(2,434,000+2,485,000+2,519,000)/3/21/ төгрөг бөгөөд үүнээс ажил олгогчоос ажилтанд шилжүүлсэн 4,800,000 төгрөгийг хасаж, 54,926,430 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, энэ хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг даалгана.
9. Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговрыг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр нөхөн төлөхийг хариуцагчид даалгасан өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Мөн нэхэмжлэгч хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан хянан шийдвэрлүүлсэн байх тул шийдвэрийн тогтоох хэсэгт Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т заасан зохицуулалтыг баримталсныг хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1 болгон өөрчилнө.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 191/ШШ2025/11312 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг
“Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1, 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч *******г *******гийн ******* хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговор 54,926,430 төгрөгийг хариуцагч *******гээс гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажуулахыг хариуцагч *******д даалгасугай.” гэж,
2 дахь заалтыг “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар хариуцагч *******гээс улсын тэмдэгтийн хураамжид 432,582 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар гомдлоор авч хэлэлцэх хэргийн давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ
ШҮҮГЧИД Н.ОЮУНТУЯА
Г.НЯМСҮРЭН