Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2026/00425

 

 

 

*******-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 192/ШШ2025/09183 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч *******-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч *******д холбогдох

Худалдах, худалдан авах болон зээлийн гэрээний үүрэгт 79,700,574 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч нарын нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1.******* болон ******* нарын хооронд 2023.11.13-ны өдөр зээлийн гурвалсан гэрээ байгуулагдсан. Гэрээний дагуу ******* *******ХХК-ийн тавилгын дэлгүүрээс 63,349,276 төгрөгийн үнэтэй нэр бүхий бараануудыг зээлээр худалдан авах буюу гэрээ байгуулагдмагц урьдчилгаа төлбөр 10,349,276 төгрөгийг *******ХХК-д, үлдэх 53,000,000 төгрөгийг 2023.12.15, 2024.01.15, 2024.02.15, 2024.03.15, 2024.04.15-ны өдөр тус бүр 10,600,000 төгрөгөөр *******ББСБ ХХК-д төлөх үүргийг хүлээсэн.

1.2.Гэрээний дагуу 63,349,276 төгрөгийн үнэ бүхий бараануудыг 2023.11.13-ны өдөр *******ын нэрлэн заасан Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, *******хотхоны 100 дугаар байр, ******* тоот хаягт хүргэж өгч, угсарч суурилуулсан.

Гэтэл ******* нь зээлийн гурвалсан гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй, *******" ХХК болон *******ББСБ ХХК-д ямар ч төлбөр төлөөгүй өнөөдрийг хүрсэн.

1.3.*******ББСБ ХХК-тай зээлийн гурвалсан гэрээнд 6 сарын хугацаанд хүү тооцохгүй, 6 сарын хугацаанд зээлсэн мөнгөн хөрөнгийг эргэн төлөөгүй бол үлдсэн мөнгөн дүнгээс сарын 2 хувийн хүү тооцож, мөнгөн хөрөнгийг буцааж төлөх хүртэл зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөхөөр заасан. 2025.06.10-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээл 53,000,000 төгрөг, үндсэн хүү 13,626,082.19 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,725,216.44 төгрөг, нийт 69,351,298.63 төгрөгийн өр төлбөртэй байна.

*******ББСБ ХХК-ийн зүгээс 2024.01.04-ний өдөр 24/02 дугаартай Шаардлага хүргүүлэх тухай албан бичиг, 2024.03.06-ны өдөр 24/15 дугаартай Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг, 2024.05.27-ны өдөр 24/54 дугаартай Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгийг тус тус хүргүүлж, ажил дээр нь хэд хэдэн удаа очиж уулзсан. Үүний дагуу ******* нь 2024.03.07-ны өдөр "*******ББСБ" ХХК-д өргөдөл бичиж өгсөн ба эрүүл мэндийн болон бизнесийн шалтгаанаас болоод төлж чадаагүй, нийт төлбөр 63,349,276 төгрөгийг 03 дугаар сард бүрэн төлж барагдуулна гэсэн.

Иймд *******аас 79,700,574 төгрөгийг гаргуулж, 10,349,276 төгрөгийг "*******" ХХК-д, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээл 53,000,000 төгрөг, үндсэн хүү 13,626,082.19 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,725,216.44 төгрөг, нийт 69,351,298.63 төгрөгийг "*******ББСБ" ХХК-д олгуулж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

*******, ******* нарын хооронд үүссэн харилцаа, хэрэгт цугларсан нотлох баримтыг харахад зээлийн гэрээ гэх нэртэй байгаа боловч энэ нь худалдах, худалдан авах гэрээ байна гэж үзээд байгаа юм. Өөрөөр хэлбэл худалдагчид барааны үнийг төлөх үүргийг худалдан авагч тал хүлээсэн байна. Барааг хүлээж авсан гэж байгаа болохоос мөнгө хүлээн авсан баримт байхгүй тул анхнаасаа зээлийн харилцаа үүсээгүй. Зээлийн харилцаа үүсээгүй байхад нэмэгдүүлсэн хүүг шаардах эрх энэ банк бус санхүүгийн байгууллагад байхгүй. Гурвалсан гэрээний 2.3-т бодитой мөнгө шилжүүлсэн тохиолдолд зээл олгосонд тооцно гэж заасан. Бодитой мөнгө ******* руу ч ороогүй, компани руу ч шилжсэн баримт хэрэгт байхгүй тул зээлийн харилцаа үүсээгүй, тавилгын компанид урьдчилгаа төлбөр буюу шаардаж байгаа 10 сая төгрөг нь үндэслэлтэй байна.

Тиймээс *******ХХК-ийн нэхэмжилсэн үнийн дүнг зөвшөөрч байна. Харин *******ББСБ ХХК-ийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч *******аас 10,349,276 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******ХХК-д, 69,351,298 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******ББСБ ХХК-д тус тус олгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч *******ББСБ ХХК-аас төлсөн 504,707 төгрөг, *******ХХК-аас төлсөн 180,539 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******аас 504,707 төгрөг гаргуулан *******ББСБ ХХК-д, 180,539 төгрөг гаргуулан *******ХХК-д тус тус олгож шийдвэрлэжээ.

 

4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол, тайлбарын агуулга:

4.1.Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй байна.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаас харвал "*******ББСБ" ХХК нь зээлдэгч талдаа зээл хэмээх мөнгөн хөрөнгийг түүний эзэмшил, өмчлөл болон ашиглалтад бодитоор дансаар эсвэл бэлнээр шилжүүлснээр, эсвэл тавилгын компанид хариуцагчийн нэрээр зээл хэмээн шилжүүлснээр талуудын хооронд зээлийн харилцаа үүссэн гэж үзнэ. Талуудын хооронд байгуулагдсан "Зээлийн гурвалсан гэрээ"-ний 2.3-т Зээлийг Зээлдэгчийн хүсэлтээр, зээлийн дүнгээр Худалдан авагч талын нэрлэн заасан дансанд болон бэлнээр шилжүүлснээр олгосонд тооцно" гэж заасан. Гэвч нэхэмжлэгч ББСБ-ын зүгээс хариуцагч буюу зээлдэгчид зээлийг шилжүүлсэн талаарх үндэслэл бүхий нотлох баримтыг хэрэгт гаргаж өгөөгүй.

Нэхэмжлэгчээс "Тооцооны үлдэгдлийн баталгаа №2" гэсэн баримтыг ирүүлсэн байх боловч энэ баримтаар зээл бодитой шилжсэн гэх үйл баримтыг тогтоох боломжгүй юм. Энэхүү баримтын огноо тодорхойгүй, худалдагч "*******" ХХК-ийн зохих тамга тэмдэг байхгүй, шилжүүлгийн баримтад тооцох боломжгүй баримт байх бөгөөд нэхэмжлэгч тал олон гүйлгээг бөөнд нь шилжүүлсэн гэдэг боловч тухайн өндөр дүн бүхий гүйлгээний баримтыг гаргаж өгөөгүй.

Анхан шатны шүүх "...Нэхэмжлэгч нар дээрх төлбөрийг төлөгдсөн болохыг хэн аль нь хүлээн зөвшөөрч, тооцоо нийлсэн баримтын талаар маргадаггүй..." гэх үндэслэлгүй дүгнэлт гаргаж, нэгдмэл сонирхолтой нэхэмжлэгч нарын баримтгүй тайлбарыг үндэслэж хэргийг шийдвэрлэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно" гэж заасан ба зээлсэн мөнгө бодитой шилжээгүй тохиолдолд зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэхгүй. Харин худалдан авагч нь худалдах, худалдан авах гэрээний дагуу зөвхөн барааны үнийг төлөх үүрэг хүлээх ба Зээлийн гурвалсан гэрээний дагуу зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг нэхэмжлэгч гэх ББСБ шаардах эрхгүй юм.

Хэрэгт авагдсан баримтаас харахад нэхэмжлэгч байгууллагуудын эцсийн өмчлөгч нь *******гэх нэг хүн байгаа учир зээлийг бодитой шилжүүлэхгүйгээр, зээлийг гаргасан мэтээр дүр үзүүлэн баримт бүрдүүлсэн байх боломжтой байна.

Нэхэмжлэгч буюу худалдагч "*******" ХХК нь барааны үнэ болох 63,000,000 төгрөгөөс 10,349,276 төгрөгийг нэхэмжилсэн тул нэхэмжлэгч компанийн нэхэмжилсэн дүнгээр нэхэмжлэлийн шаардлагыг хангах ёстой бөгөөд хууль болон гэрээнд заасны дагуу бодитой зээл шилжүүлээгүй, зээл олгосноо нотлоогүй "*******ББСБ" ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох боломжтой юм.

Хариуцагч нь хүү, нэмэгдүүлсэн хүү болох 16,351,298 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд тавилгын үнийг худалдагч талд төлөх үүрэг хүлээсэн болно.

4.2.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн тухайд:

*******ББСБ ХХК нь 2025.06.10-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж, итгэмжлэл олгосон байх ба нэхэмжлэл, итгэмжлэлд *******гэх хүн гүйцэтгэх захирал хэмээн гарын үсэг зурсан байдаг. Талуудын байгуулсан 2023.11.13-ны өдрийн Зээлийн гурвалсан гэрээнд "*******ББСБ" ХХК-ийг төлөөлж, гүйцэтгэх захирал *******гэх хүн оролцож, гомдлын 1 дэх үндэслэлд заасан зээлийг бодитой шилжүүлэх тохиролцоог хийсэн билээ. Нэхэмжлэгч талын шүүхэд гаргаж өгсөн "*******ББСБ" ХХК-ийн гэрчилгээ (хэргийн 10 дахь хуудас)-нд гүйцэтгэх захирлаар *******2022.06.02-ны өдөр бүртгэсэн байх ба шүүхэд нэхэмжлэл гаргаж, төлөөлөгч томилж буй *******гэх хүнийг бүртгэсэн баримт хэрэгт авагдаагүй байна.

Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.8-т "Гүйцэтгэх удирдлага нь төлөөлөн удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд хэлцэл хийх, гэрээ байгуулах, компанийг төлөөлөх зэргээр компанийн нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулна" гэж заасан ба *******нь гүйцэтгэх захирлаар томилсон шийдвэр, улсын бүртгэлд бүртгэгдэхгүйгээр шүүхэд нэхэмжлэл гаргах, төлөөлөгч томилох эрхгүй этгээд юм.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5-д нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан бол нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах зохицуулалттай. Хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д "65.1.1, 65.1.3- 65.1.8, 65.1.10-д заасан үндэслэл хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгоно" гэж заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байхад зөрчлийг арилгахгүйгээр хэргийг шийдвэрлэж байгаа нь хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

Иймд анхан шатны тойргийн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүх рүү буцааж өгнө үү гэжээ.

 

5.Давж заалдах гомдолд нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

5.1.Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан. Хэргийн үйл баримтыг шүүх зөв дүгнэсэн. Нэхэмжлэгч *******ББСБ ХХК-д *******, *******нар ажиллаж байсан. Одоо гүйцэтгэх захирлаар *******ажиллаж байгаа. Санхүүгийн зохицуулах хорооноос олгосон тусгай зөвшөөрлийг үндэслэж гүйцэтгэх захирлыг томилох, чөлөөлөх асуудлыг улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлдэг. Гүйцэтгэх захирал *******нь 2023 оны 05 дугаар сараас эхлэн чиг үүргээ хэрэгжүүлсэн. *******, *******нарыг томилох, чөлөөлөх эсэх нь зээлийн гурвалсан гэрээтэй хамааралгүй, уг хэрэгт ач холбогдолгүй.

5.2.Хариуцагч нь тавилга авсан эсэхтэй холбогдуулан маргадаггүй. 63,000,000 төгрөгийн үнэ бүхий тавилгыг авсан. Тухайн үед 13,000,000 төгрөгийн шууд шилжүүлж, үлдэгдэл төлбөрийг банк бус санхүүгийн байгууллагаас зээлж мөнгөн дүн тавилгын дэлгүүрт шилжих гэрээ байсан.

Гэрээний хугацаанд хүү тооцохгүй, зээлийг хугацаандаа төлөөгүй бол хугацааны хэтэрсэн хүү болон нэмэгдүүлсэн хүүг тооцох нөхцөлтэй гэрээ байсан. Уг гэрээг анхан шатны шүүх холимог гэрээ гэж дүгнэсэн ба Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан. Хариуцагч нь тавилга болон 53,000,000 төгрөгийг авах ёстой гэж тайлбарласан. Тавилгын компанид 53,000,000 төгрөгийг төлөх ёстой байсан гэж маргадаг. Гэтэл урьдчилгаа төлбөрийг өгөөгүй учраас шууд тавилгын компанид дээрх мөнгийг шилжүүлсэн. 2 байгууллагын нягтлан бодогч нар баримт үйлдсэн. Тухайн баримт нь хүчин төгөлдөр санхүүгийн баримт мөн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

1.Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2.Нэхэмжлэгч *******ХХК нь худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 10,349,276 төгрөгийг, нэхэмжлэгч *******ББСБ ХХК нь зээлийн гэрээний үүрэгт 69,351,298 төгрөгийг тус тус хариуцагч *******аас гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч нь зээлийн гэрээтэй холбоотой хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

 

3."*******" ХХК, *******ББСБ ХХК болон ******* нарын хооронд 2023.11.13-ны өдөр Зээлийн гурвалсан гэрээ нэртэй гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр *******ББСБ ХХК нь 53,000,000 төгрөгийг *******ХХК-ийн худалдан борлуулж буй тавилгын үлдэгдэл төлбөрт зориулж 180 хоногийн хугацаанд хүү тооцохгүйгээр зээлдүүлэх, ******* нь зээлийг хуваарийн дагуу төлөхөөр харилцан тохиролцжээ.

Мөн 63,349,276 төгрөгийн үнийн дүнтэй 23 нэр төрлийн барааг *******д хүлээлгэн өгсөн талаарх "*******" ХХК-ийн захиалгын хуудас, борлуулалтын баримт, борлуулагчийн хувь баримтууд хэрэгт авагджээ.

Анхан шатны шүүх *******ыг *******ХХК-тай худалдах, худалдан авах гэрээг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар, *******ББСБ ХХК-тай банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээг мөн хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар тус тус байгуулсан талаар зөв дүгнэсэн, эдгээр гэрээ хүчин төгөлдөр байна.

 

4.Хариуцагч нь худалдах, худалдан авах гэрээний урьдчилгаа төлбөр болох 10,349,276 төгрөгийг нэхэмжлэгч *******ХХК-д төлөх үүргээ биелүүлээгүй болохыг зөвшөөрч маргаагүй ба анхан шатны шүүх нэхэмжлэлийн уг шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасанд нийцсэн. Энэ талаар хариуцагч давж заалдах гомдол гаргаагүй.

 

5.Нэхэмжлэгч *******ББСБ ХХК нь зээлийн гэрээний үүрэгт зээл 53,000,000 төгрөг, үндсэн хүү 13,626,082 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,725,216.44 төгрөг, нийт 69,351,298 (бүхэл дүнгээр) төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжлэл гаргасан ба хариуцагч нь зээл бодитой олгогдоогүй буюу худалдагчид мөнгийг шилжүүлээгүй тул зээлийн гэрээ байгуулагдсанд тооцогдохгүй гэж маргажээ.

Зээлдүүлэгч *******ББСБ ХХК нь зээл 53,000,000 төгрөгийг *******ХХК-д шилжүүлсэн болох нь хоёр компанийн үйлдсэн Тооцооны үлдэгдлийн баталгаа, мөн нэхэмжлэгч *******ХХК-ийн тайлбараар тогтоогджээ. Талуудын байгуулсан Зээлийн гурвалсан гэрээний 2.3-т Зээлийг Зээлдэгчийн хүсэлтээр, зээлийн дүнгээр Худалдан авагч талын нэрлэн заасан дансанд болон бэлнээр шилжүүлснээр олгосонд тооцно гэж заасан нь Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт Үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид, эсхүл гэрээ -т заасан эрх бүхий этгээдэд хүлээлгэж өгнө, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.6 дахь хэсэгт Зээл олгох хэлбэрийг зээлдэгч, зээлдүүлэгч нь зээлийн гэрээндээ харилцан тохиролцоно гэсэн зохицуулалтад нийцсэн байна.

Иймээс зээлдүүлэгч *******ББСБ ХХК-ийг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар зээлдэгч *******д зээл олгох үүргээ биелүүлсэн гэж дүгнэнэ.

 

6.Зээлийн гурвалсан гэрээний 2.1-д ББСБ нь Зээлдэгчид 53,000,000 төгрөгийн мөнгөн хөрөнгийг зээлийн гурвалсан гэрээ байгуулагдсанаас хойш 180 хоногийн хугацаанд хүү тооцохгүйгээр зээлдүүлнэ, 2.2-т Зээлдэгч нь 6 сарын хугацаанд зээлсэн мөнгөн хөрөнгийг эргэн төлөөгүй бол төлөөгүй үлдсэн мөнгөн дүнгээс 1 (нэг) сарын 2% хувийн хүү тооцох бөгөөд мөнгөн хөрөнгийг буцаан төлөх хүртэл зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэг хүлээнэ. Нэмэгдүүлсэн хүү: зээлийн хүүгийн 20% (Хорин) хувиас ихгүй байна, 6-д Зээлийн эргэн төлөлтийн хуваарь 2023.12.15 10,600,000, 2024.01.15 10,600,000, 2024.02.25 10,600,000, 2024.03.15 10,600,000, 2024.04.15 10,600,000 гэж тус тус заажээ.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр зээлийг тодорхой хугацаатайгаар олгохын зэрэгцээ зээл хүүтэй буюу хүүгүй байж болохоор мөн хуулийн 452 дугаар зүйлийн 452.1 дэх хэсэгт зохицуулсан.

Гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарах бөгөөд үүний дагуу гэрээний 2.1-д заасныг тайлбарлавал, зээлдүүлэгч зээлийг 6 сарын хугацаанд хүүгүй олгох хүсэл зориг илэрхийлэгдсэн, түүнчлэн төлбөрийн хуваарьт гэрээний хугацаа дуусах өдрийг 2024.04.15-ны өдөр гэж тусгаж, харин хүү төлөх талаар тусгаагүй.

Үүнээс гадна гэрээний 2.2-т зээлийг эргэн төлөөгүй тохиолдолд төлөөгүй үлдсэн мөнгөн дүнгээс сарын 2 хувийн хүү тооцохоор тохирсон нь Банк, эрх хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.6-д тодорхойлсон "хүү"-г гэрээний үндсэн дээр мөнгөн хөрөнгийг ашигласны хариу төлбөр буюу үнэ гэж ойлгох агуулгад хамаарахгүй байна. Өөрөөр хэлбэл хүүний талаарх тохиролцоо нь мөнгөн хөрөнгийг ашигласны хариу төлбөрийн агуулгаар бус, гэрээний үүргээ зөрчсөн зээлдэгчийн хариуцлагыг илэрхийлсэн байх тул гэрээний 2.2-т сарын 2 хувийн хүү гэснийг Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.1 дэх хэсэгт заасан хүү гэж үзэх боломжгүй.

Энэ үндэслэлээр нэхэмжлэгч *******ББСБ ХХК нь хариуцагчаас зээлийн гэрээний дагуу үндсэн хүү 13,626,082.19 төгрөг төлөхийг шаардсан нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт нийцээгүй гэж үзэв.

 

7.Түүнчлэн авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй зээлдэгч нь гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэг хүлээдэг хэдий ч дээр дурдсанчлан талуудыг үндсэн хүүний талаар тохиролцоогүй гэж дүгнэсэн тул Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт зааснаар нэмэгдүүлсэн хүүг тооцоолох боломжгүй, өөрөөр хэлбэл хүүгүй олгосон зээлийн хувьд нэмэгдүүлсэн хүү бодогдохгүй.

Иймээс нэхэмжлэгч *******ББСБ ХХК нь нэмэгдүүлсэн хүүнд 2,725,216.44 төгрөг гаргуулахаар хариуцагчаас шаардсаныг мөн үндэслэлтэй гэж дүгнэх боломжгүй.

 

8.Анхан шатны шүүх талуудын байгуулсан зээлийн гэрээний хүү, нэмэгдүүлсэн хүүний нөхцөл хуульд хэрхэн нийцэх, зээлдүүлэгч нь зээлдэгчээс зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрхтэй эсэхэд дүгнэлт өгөөгүйг давж заалдах шатны шүүхээс залруулж, нэхэмжлэгч *******ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийг зээл 53,000,000 төгрөгийн хэмжээнд хангах нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт нийцнэ гэж дүгнэж, анхан шатны шүүхийн шийдвэрт холбогдох өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хүү, нэмэгдүүлсэн хүү болох 16,351,298 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн агуулгаар давж заалдах гомдол гаргаж, энэ үнийн дүнд улсын тэмдэгтийн хураамжийг төлсөн байх тул гомдлын энэ хэсэг хангагдах үндэслэлтэй.

 

9.Нэхэмжлэгч *******ББСБ ХХК-ийн гүйцэтгэх захирал *******нь 2025.06.10-ны өдрийн 25/100 дугаар итгэмжлэлээр шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд компанийг төлөөлөх эрхийг итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******нарт олгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1, 35.2 дахь хэсгийг зөрчөөгүй. Тухайн асуудлаар хариуцагч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад маргаагүй тул гомдол үндэслэлгүйн зэрэгцээ нийтэд нээлттэй мэдээлэл болох www.opendatalab.mn эх сурвалжид *******ББСБ ХХК-ийн гүйцэтгэх захирал *******2024.09.10-ны өдөр улсын бүртгэлд бүртгэгдсэн талаар мэдээлэл авагдсаныг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 192/ШШ2025/09183 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын ...69,351,298  /жаран есөн сая гурван зуун тавин нэгэн мянга, хоёр зуун ерэн найм/  төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******ББСБ-д тус тус олгосугай гэснийг 53,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******ББСБ ХХК-д тус тус олгож, нэхэмжлэлээс үлдэх 16,351,298 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж,

2 дахь заалтын ...504,707... гэснийг 422,950 гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамжид 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр төлсөн 239,706 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  М.БАЯСГАЛАН

 

ШҮҮГЧИД  Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

Д.ЗОЛЗАЯА