| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашдорж Золзаяа |
| Хэргийн индекс | 192/2026/01224/И |
| Дугаар | 210/МА2026/00432 |
| Огноо | 2026-02-25 |
| Маргааны төрөл | Согтууруулах мансууруулах, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 02 сарын 25 өдөр
Дугаар 210/МА2026/00432
Хан-Уул дүүргийн *******
хэлтсийн хүсэлттэй иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 192/ШШ2026/00638 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч Хан-Уул дүүргийн *******хэлтсийн хүсэлттэй, *******албадан эмчилгээнд хамруулах тухай иргэний хэргийг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд *******(цахимаар), түүний өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн Т.Халиунаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгчийн хүсэлт, тайлбарын агуулга:
Хан-Уул дүүрэг, 16 дугаар хороо, Буянт ухаа гудамж, ******* тоотод оршин суух *******нь гудамж талбай олон нийтийн газарт байнга архидан согтуурч, иргэдийн амгалан тайван байдлыг байнга алдагдуулдаг тул Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 4.1.4 дэх хэсэг, 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт зааснаар архины албадан эмчилгээнд хамруулж өгнө үү гэжээ.
2.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн тайлбарын агуулга:
Хан-Уул дүүрэг, 16 дугаар хороо, Буянт ухаа гудамж, ******* тоотод эхнэр, 5 хүүхдийн хамт амьдардаг. Уг нь архинаас гарах гээд эм уудаг боловч сүүлийн үед гэр бүлийн асуудлаас болж архи уусан тохиолдол байгаа. Одоо архины албадан эмчилгээнд явмааргүй байна гэжээ.
3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт заасныг баримтлан *******/РД:*******/-г албадан эмчилгээнд хамруулахаар шийдвэрлэж,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хүсэлт гаргагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж шийдвэрлэсэн байна.
4.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн давж заалдах гомдол, тайлбарын агуулга:
Миний хувьд ар гэрийн санхүүгийн байдал хүнд байгаа. Миний том охин *******Солонгос Улс руу суралцахаар явах юм. Гэтэл түүний сургалтын зардал болон замын зардлын төлбөр тооцооны мөнгө хэрэгтэй байгаа. Миний бие 2026.01.05-ны өдрөөс архины донтолтын эсрэг эмээ ууж байсан нь үнэн. Гэтэл 2026 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр 16 дугаар хорооны байцаагч *******гарын үсэг зуруулна гэж дуудаад архины албадан эмчилгээнд явуулсан. Эхнэр *******4-7 насны 3 хүүхэд хараад, гэртээ ажил хийх боломжгүй болсон. Миний бие *******ХХК-д механик мэргэжлээр ажилладаг бөгөөд сард 2,500,000 төгрөгийн цалинтай байдаг. Гэтэл энд 3 сар болбол ажлын байргүй, ажлаас чөлөөлөгдөж амьдрах амьжиргааны баталгаагүй болно. Иймээс миний шалтгаан учрыг минь харгалзан үзэж хүсэлтийг минь хүлээн авна уу гэжээ.
5.Давж заалдах гомдолд нэхэмжлэгч тал тайлбар гаргаагүй, давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцоогүй болно.
ХЯНАВАЛ:
1.Давж заалдах шатны шүүх бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн гомдолд дурдсан үндэслэлээр хэргийг хянан үзээд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхив.
2.Нэхэмжлэгч Хан-Уул дүүргийн *******хэлтэс нь *******албадан эмчилгээнд хамруулах тухай хүсэлт гаргасан ба бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нь албадан эмчилгээ хийлгэхээс татгалзсан агуулга бүхий тайлбар гаргажээ.
3.Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлж, дараах үйл баримтыг зөв тогтоосон байна. Үүнд:
3.1.Нэхэмжлэгчийн хүсэлтэд хавсаргасан Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны Засаг даргын 2026.01.12-ны өдрийн 2 дугаар тодорхойлолтод *******гудамж талбай болон гэр орондоо байнга архидан согтуурдаг, цагдаагийн байгууллагад удаа дараа дуудлага мэдээлэл ирдэг, гэртээ байнгын агсан согтуу тавьдаг, архинаас сайн дураараа гарах боломжгүй тул албадан эмчилгээнд хамруулж өгнө үү, мөн гуравдагч этгээдийн эхнэр *******хүсэлт, тайлбарт *******нь удаа дараа архи хэтрүүлэн хэрэглэх үедээ гар хүрч хүүхдүүдээ айлган сүрдүүлдэг учир албадан эмчилгээнд явуулах хүсэлтэй гэж тус тус дурдагджээ.
3.2.Түүнчлэн 2010 оноос хойшхи хугацааны гэмт хэрэг, зөрчлийн талаарх баримтаас үзвэл *******нь сүүлийн байдлаар 2025 онд 2 удаа, 2024 онд 4 удаа эрүүлжүүлэгдсэн, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн үндэслэлээр 2025.12.22-ны өдөр, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ агсан тавьж бусадтай харилцах эрхэд нь халдсан үндэслэлээр 2026.01.05-ны өдөр тус тус зөрчлийн хэрэг нээгдсэн байна.
3.3.Мөн *******согтуурах донтой болох нь эүүл мэндийн байгууллагын дүгнэлтээр тогтоогджээ.
Нэхэмжлэгч нь Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, гуравдагч этгээдийн эхнэр *******хүсэлтийг хүлээн авч, хуульд заасан материалыг бүрдүүлэн шүүхэд ирүүлсэн нь Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.1.2, 4.1.4, 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт тус тус заасанд нийцжээ.
3.4.Гуравдагч этгээд нь албадан эмчилгээ хийлгэхээс татгалзсан агуулгатай тайлбар шүүх хуралдаанд гаргасан байх ба дээрх хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт зааснаар сайн дурын үндсэн дээр энэ төрлийн эмчилгээнд хамрагдах хүсэлтээ цагдаагийн байгууллагад гаргаагүй байна.
4.Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт Согтуурсан, мансуурсны улмаас өөртөө болон бусдад аюул учруулах эрсдэлтэй байдалд орсон хүн согтуурах, мансуурах донтой болох нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон боловч сайн дураараа эмчлүүлэхээс татгалзсан тохиолдолд шүүхийн шийдвэрээр албадан эмчилгээнд хамруулна гэж зааснаар *******албадан эмчилгээнд хамруулах нөхцөл бүрдсэн байх тул анхан шатны шүүх нэхэмжлэгч Хан-Уул дүүргийн *******хэлтсийн хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.
5.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн давж заалдах гомдолд хүүхдийн сургалтын төлбөр төлөх шаардлагатай, эмчилгээний улмаас ажлаас чөлөөлөгдөж амьжиргааны баталгаагүй болно гэх нөхцөл байдлын талаар дурдсан байх боловч энэ нь Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт албадан эмчлэхийг хориглох үндэслэлд хамаарахгүй тул гомдлыг хангах боломжгүй.
Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 192/ШШ2026/00638 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Л.Нэргүйн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд *******давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН
ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ
Д.ЗОЛЗАЯА