| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашдорж Золзаяа |
| Хэргийн индекс | 181/2024/06288/И |
| Дугаар | 210/МА2026/00471 |
| Огноо | 2026-03-04 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 03 сарын 04 өдөр
Дугаар 210/МА2026/00471
*******ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, шүүгч М.Баясгалан, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 191/ШШ2025/11339 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч *******ББСБ ХХК, *******нарт холбогдох
Автомашины өмчлөгчөөр тогтоолгож, 25,680,300 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч *******нарын өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1.******* нь Тоёота ланд круйзер маркийн автомашиныг *******100,000,000 төгрөгөөр худалдан борлуулахаар амаар тохиролцож, улмаар автомашины өмчлөлийг түүний хэлснээр *******шилжүүлсэн. Худалдан авагч талаас төлбөрийг 3 сарын хугацаанд төлж дуусгана гэж амласан боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй.
1.2.Харин ч *******ББСБ ХХК-ийн нэр дээр шилжүүлэн, зээл гаргуулан авч, зээл төлөх хугацаа хэтрүүлсэн тул банк бус санхүүгийн байгууллагаас автомашиныг хураан авсан байдаг. Иймээс ******* автомашинаа алдахгүйн тулд зээлийн төлбөр 25,680,300 төгрөгийг төлсөн ба хариуцагч нар болон банк бус санхүүгийн байгууллагаас өмчлөх эрхийг буцааж шилжүүлэн өгөхгүй байна.
1.3.Худалдан авагч нь автомашины үнийг төлөх боломжгүй нь илтэд болсон тул ******* нь худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж байна.
Иймд *******ийг 2016 онд үйлдвэрлэгдсэн, *******УЕН улсын дугаартай, Тоёота ланд круйзер маркийн автомашины өмчлөгчөөр тогтоож, *******нараас хохирол 25,680,300 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2.Хариуцагч *******нарын татгалзал, тайлбарын агуулга:
2.1.Дээрх автомашиныг *******үеэл *******гэх хүн нь 2021 оноос 2024 оны 03 дугаар cap хүртэл хугацаанд Хэнтий аймгийн Хэрлэн сумын нутаг дэвсгэрт байрлах *******ХХК болон *******гэх уурхайдаа ажиллуулсны хөлсөнд бэлэглэлийн гэрээгээр *******өгч өмчлөгчийн гэрчилгээг гаргуулсан.
*******2024 оны 03 дугаар сарын 20-ны өдөр автомашинаар хөдөө орон нутаг руу явахаар гуйж авч явсан боловч өнөөдрийг хүртэл буцааж өгөхгүй байгаа болно.
2.2.*******нь 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдөр автомашинаа өөрөө унаж явах нөхцөлтэйгөөр Их монгол салбар-*******ХХК-аас 23,000,000 төгрөг зээлж, зээлийн болон барьцааны гэрээг байгуулсан. Зээлийг хугацаандаа төлж чадаагүй хойшлогдсон ба банк бус санхүүгийн байгууллагаас *******автомашиныг хурааж авсан, компани дээр ирж энэ хүмүүстэйгээ уулзаж, учраа олоод төлөөгүй сарын төлбөрөө төлөөд, автомашинаа авч болно гэж хэлсэн. 2024 оны 09 дүгээр capын 12-ны өдөр төлөөгүй саруудын төлбөрийг төлж баримтаа өгөн автомашинаа авъя гэтэл банк бус санхүүгийн байгууллагын ахлах гэх хүн тэр хүмүүс бидэнтэй ирж уулзан зээлийн мэдээллийг авч төлбөрийг төлсөн учраас хурааж аваагүй, одоо та 23,600,000 гаруй төгрөгийг манайд төлж автомашинаа барьцаанаасаа чөлөөлж болно гэж хэлсэн. Өөрөөр хэлбэл банк бус санхүүгийн байгууллагын ажилтан нь эрх мэдлээ урвуулан ашиглаж, зээлийн гэрээтэй ямар ч хамааралгүй хүмүүст зээлийн гэрээний мэдээлэл, хувь хүний нууцын мэдээллийг хэлж өгч, зээлийн төлбөрийг огт хамааралгүй хүмүүсээр төлүүлж, удаа дараа зээлээ төл, автомашиныг чинь аваад ирсэн гэж худал хэлж, мөн хүмүүстэй уулзаад учраа ол гэх мэтээр огт үндэслэлгүй тайлбарыг хэлж иргэн намайг хохироосон.
2.3.*******нь хуурч мэхлэн худал хэлж залилан автомашиныг авч яваад одоог хүртэл буцаан өгөхгүй, бүр сүүлдээ банк бус санхүүгийн байгууллагатай үгсэн тохиролцож, далайлган сүрдүүлж, дураараа аашлан бусдын өмчийг булаан авч хохироосон тул Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтэст 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр гомдол гарган эрүүгийн журмаар шалгуулж байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8, 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.
3.Хариуцагч *******ББСБ ХХК-ийн татгалзал, тайлбарын агуулга:
3.1.Нэхэмжлэлийн шаардлагад дурдсан автомашиныг 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдөр *******манай байгууллагын нэр дээр шилжүүлэн зээлийн гэрээ болон фидуцийн гэрээг тус тус байгуулан 23,000,000 төгрөгийг 24 сарын хугацаатай зээлсэн. *******нь 2024 оны 08 сарын 22-ны өдөр зээлээ бүрэн хаасан бөгөөд автомашинаа манай компанийн нэр дээрээс буцаан авах хүсэлт өнөөдрийг хүртэл гаргаагүй байна.
3.2.Мөн ******* нь тухайн автомашины нэрийг шилжүүлж авах талаар манайд хүсэлт гаргаж байсан ба үүнийг хүлээн авах боломжгүй гэдгээ хэлсэн. Манай дотоод журамд ...зээлдэгч зээлээ хаасан тохиолдолд автомашины шилжүүлэх бичгийг үндсэн зээлдэгчийн нэр дээр гаргаж өгөх бөгөөд зээлдэгч өөрийн биеэр хүрэлцэн ирж хүсэт гаргаж өгсөн тохиолдолд хүсэлтэнд дурдсан иргэний нэр дээр шилжүүлэх бичиг гаргаж болно гэсэн байдаг ба *******ямар нэгэн хүсэлт гаргаагүй тул бусдын нэр рүү шилжүүлэн өгөх бичиг гаргах боломжгүй байгаа талаар хэлсэн.
Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
4.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******25,680,300 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******т олгон, үлдсэн *******УЕН улсын дугаартай Тоёота ланд круйзер автомашины өмчлөгчөөр тогтоолгох, хариуцагч *******, *******ББСБ ХХК нарт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч *******ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 944,302 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******286,351 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******т олгож шийдвэрлэжээ.
5.Нэхэмжлэгчийн давж заалдах гомдол, тайлбарын агуулга:
5.1.Би өөрийн нэрээр хариуцагч ******* болон *******тэй ямар нэгэн хөдөлмөрийн болон бусад хамтран ажиллах гэрээ байгуулах, бэлэглэх талаар амласан тохиролцсон зүйл огт байхгүй, тийм хүсэл зориг ч надад байгаагүй. ******* нь миний төрсөн ах *******ийн үүсгэн байгуулсан компанид ажилладаг байсан. Анхан шатны шүүхээс "хариуцагч ******* нь автомашины үнийг төлөөгүй байхад түүний зөвшөөрснөөр хариуцагч *******гийн өмчлөлд автомашиныг бүртгүүлсэн байх тул хариуцагч *******автомашиныг *******гэх хүний *******ХХК-ийн уурхайд ажилласантай холбоотой бэлэглэлийн гэрээгээр авсан гэх тайлбар..., хугацаанд уурхайд ажиллах цалингийн баримтаар нотлогдож байна" гэж дүгнэж маргааны үйл баримтыг буруу тодорхойлж шийдвэрлэсэн.
5.2.******* нь *******ХХК-д уурхайн даргаар ажиллаж байсан, тухайн хугацааны цалинг авч байсан. Тиймээс цалингаас гадна автомашин бэлэглэх ямар ч шаардлага байхгүй байсан гэж үзэж байна. Тэрээр автомашин бэлэглэсэн гэх боловч *******нь автомашины өмчлөгч биш тул тайлбар хууль зүйн үндэслэлгүй юм. Өмчлөлийн зүйлийг бэлэг хүлээн авагчид шилжүүлэн өгснөөр бэлэглэлийн гэрээ байгуулагдсанд тооцогдоно. Гэтэл ******* нь өмчлөлдөө хөрөнгө шилжүүлэн аваагүй. Хариуцагч *******нь хууль болон гэрээний үндсэн дээр шударгаар өмчлөх эрхийг шилжүүлэн аваагүй. Өмчлөлдөө үндэслэлгүйгээр хөрөнгө шилжүүлэн авсан гэдгийг шүүхээс анхаараагүй. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт дүгнэснээр *******/бэлэглэгч/, ******* /бэлэг хүлээн авагч/-ын зөвшөөрлөөр *******/гуравдагч этгээд/-д хөрөнгийг шилжүүлсэн тохиолдлыг бэлэглэлийн гэрээ байгуулагдсанд тооцох боломжгүй. Учир нь хэлцэлд заагдсан этгээдэд хөрөнгө шилжүүлснээр бэлэглэлийн гэрээ хүчин төгөлдөр байгуулагдсанд тооцогдохоор хуульчилсан байна. Иймээс *******г үндэслэлгүй хөрөнгөжсөн этгээд гэж үзэж нэхэмжлэл гаргасан.
5.3.Хариуцагч *******гийн зээлийн төлбөрийг банк бус санхүүгийн байгууллагад төлсөн тул зээл болон фидуцийн гэрээний үүрэг дуусгавар болсон байна. Уг нөхцөл байдлыг мөн анхан шатны шүүхээс зөвөөр дүгнээгүй ба Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсэгт зааснаар банк бус санхүүгийн байгууллагын өмчлөлд шилжигдсэн байх тул өмчлөгчөөр тогтоох үндэслэлгүй гэж шүүхээс дүгнэсэн нь буруу байна гэжээ.
6.Давж заалдах гомдолд хариуцагч нарын өмгөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:
6.1.Анхан шатны шүүх нотлох баримтад үндэслээгүй, таамаглалын шинжтэй дүгнэлт хийж шийдвэр гаргасан гэж нэхэмжлэгчийн зүгээс тайлбарласан. Гэвч нэхэмжлэлийн шаардлагаа талуудын хооронд зээлээр худалдах, худалдан авах гэрээний эрх зүйн харилцаа үүссэн, улмаар тухайн автомашиныг зах зээлийн үнээс хэт доогуур буюу 100,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон боловч уг үүргийг биелүүлээгүй гэж тодорхойлсон. Гэтэл энэхүү шаардлагатай холбоотой ямар нэгэн баримтыг нэхэмжлэгч талаас огт гаргаж өгөөгүй. Авто тээврийн үндэсний төвөөс гаргасан лавлагаанаас өөр баримт хэрэгт авагдаагүй бөгөөд тухайн автомашиныг худалдах, худалдан авах гэрээгээр, эсхүл бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн эсэхийг нотлох баримтыг нэхэмжлэгч өөрөө гаргаж өгөөгүй. Харин анхан шатны шүүх *******ийн гэрчийн мэдүүлэгт ******* миний үеэл дүү бөгөөд приус автомашин унаж явдаг байсан, түүний амьдрал ахуйг дэмжих, дээшлүүлэх зорилгоор Ланд 200 автомашиныг шилжүүлж өгсөн гэж дурдсан. Иймээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ үндэслэл болгож буй Иргэний хуулийн 243 дугаар зүйлд хамаарах зээлээр худалдах, худалдан авах гэрээний эрх зүйн харилцаа үүссэн гэх тайлбар бодит байдалтай нийцэхгүй. ******* тухайн автомашины өмчлөгч байсан нь үнэн боловч хариуцагчийн зүгээс түүнийг төрийн эрх бүхий байгууллагад албадан аваачиж, нэр дээрээ шилжүүлэхийг шаардсан, хүчээр шилжүүлсэн гэх үйл баримт огт байхгүй. Харин ******* нь өөрийн ах *******ийн хүсэлтийн дагуу сайн дурын үндсэн дээр автомашиныг шилжүүлсэн нь тогтоогддог.
6.2.Мөн шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч тал Иргэний хуулийн 496 дугаар зүйлд заасан үндэслэлээр нэхэмжилж байна гэж тайлбарлахын зэрэгцээ Иргэний хуулийн 243 дугаар зүйлийг мөн дурдсан нь маргааны үндэслэлийг тодорхой бус, эргэлзээтэй байдалд оруулсан. Ийм нөхцөлд анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэн үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
Мөн нэхэмжлэгчийн зүгээс ярьж буй автомашины зээлийн гэрээний асуудал хариуцагч нарт огт хамааралгүй бөгөөд бид уг гэрээний тал биш, ямар нэгэн үүрэг хүлээгээгүй, гэтэл биднээс автомашины зээлийг төлж авна гэх агуулгатай тайлбарууд гарч байсан. Улмаар *******эхнэрийн нэр дээр бүртгэлтэй байсан автомашиныг хөдөө орон нутгаас хүн авчирч ирнэ гэж хэлээд авч явсан боловч буцаан өгөөгүй үйл баримт бий. Уг асуудлаар бид Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын 3 дугаар хэлтэст гомдол гарган шалгуулж байгаа бөгөөд өнөөдрийг хүртэл мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна. Тус хэрэгт өгсөн мэдүүлгүүдэд банк бус санхүүгийн байгууллага, нэхэмжлэгч болон түүний хамаарал бүхий этгээд болох *******нар ямар нэгэн зээлийн гэрээний эрх зүйн харилцаа байгаагүй буюу худалдах, худалдан авах харилцаа үүсээгүй, амьдрал ахуйг нь дэмжих зорилгоор автомашиныг өгсөн гэдгийг тодорхой мэдүүлсэн. Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1.Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж дүгнэв.
2.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******ББСБ ХХК, *******нарт холбогдуулан *******УЕН улсын дугаартай, Тоёота ланд круйзер маркийн автомашины өмчлөгчөөр тогтоолгож, 25,680,300 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.
3.Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ автомашиныг *******100,000,000 төгрөгөөр худалдахаар амаар тохиролцож, автомашины өмчлөлийг түүний хэлснээр *******шилжүүлсэн, төлбөрийг 3 сарын хугацаанд төлж дуусгахаар амласан боловч төлөөгүй, мөн банк бус санхүүгийн байгууллагаас *******гийн авсан зээлийн өрөнд автомашиныг хураалгахгүйн тулд түүний өмнөөс зээлийн төлбөр 25,680,300 төгрөгийг төлсөн тул уг мөнгийг гаргуулна гэж тодорхойлсон.
Анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ...Ах *******эй бэлэглэлийн гэрээ хийж автомашиныг авсан юм бол ******* өөрийн өмчлөлдөө авснаар тухайн гэрээг хийсэн гэж тооцно. Гэтэл *******гийн нэр дээр шилжүүлснийг харахаар бэлэглэлийн гэрээний харилцаа үүсээгүй тухайн уурхайд *******ажиллаж байсан нь тогтоогддоггүй. *******тэй хөдөлмөрийн харилцаа үүсгэж цалин хөлс авч байсан удаагүй. Иймд Иргэний хуулийн 492 дугаар зүйлд зааснаар үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэж байна гэсэн тайлбар гаргасан.
Хариуцагч *******нар нь *******ээс автомашиныг худалдан авах талаар гэрээ хийгээгүй, *******үеэл **************ХХК болон *******уурхайдаа ажиллуулсны хөлсөнд автомашиныг бэлэглэлийн гэрээгээр *******өгч өмчлөгчийн гэрчилгээг гаргуулсан гэж, хариуцагч *******ББСБ ХХК нь дотоод журмын дагуу автомашиныг шилжүүлэх бичгийг үндсэн зээлдэгчийн нэр дээр гаргаж өгөх бөгөөд зээлдэгч өөрийн биеэр ирж хүсэлт гаргаж өгсөн тохиолдолд хүсэлтэд дурдсан иргэний нэр дээр шилжүүлэх бичиг гаргаж болох ба *******ямар нэгэн хүсэлт гаргаагүй тул бусдын нэр рүү шилжүүлэн өгөх бичиг гаргах боломжгүй гэж тус тус татгалзлаа тайлбарлажээ.
4.Талуудын маргааны зүйл нь автомашиныг нэхэмжлэгчээс хариуцагч *******нарт шилжүүлэх болсон үндэслэл буюу нэхэмжлэгч болон хариуцагч ******* нарын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан эсэх, эсхүл хариуцагч нарын татгалзалд дурдагдсан хариуцагч ******* болон *******(*******ХХК) нарын хоорондын өөр гэрээтэй холбоотой эсэх асуудал байна.
Анхан шатны шүүх нэхэмжлэгчийг хариуцагч нартай автомашин худалдах, худалдан авах гэрээ байгуулаагүй, харин *******гэх хүний *******ХХК-ийн уурхайд ******* ажилласантай холбоотой бэлэглэлийн гэрээгээр авсан гэх хариуцагч нарын тайлбар үндэслэлтэй гэж дүгнэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд *******(*******ХХК) оролцоогүй, энэ тохиолдолд дээрх маргааны үйл баримтын талаар дүгнэлт өгөх боломжтой эсэхийг анхаараагүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.1-д зааснаар шүүгч нь зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчид шаардлага ба татгалзлаа үндэслэж буй нотлох баримтаа өөрөө гаргаж нотлох үүрэгтэйг танилцуулж, эдлэх эрхийг нь тайлбарлан өгөх ажиллагааг явуулах бөгөөд үүнд зохигчийг маргааны үйл баримт, маргааны зүйлд чиглүүлэх, мэтгэлцүүлэх ажиллагаа хамаарна. Түүнчлэн шүүхээс гарах шийдвэр эрх, үүрэгт нь сөргөөр нөлөөлөх этгээд байвал уг этгээдийн талаар зохигчоос тодруулах учиртай бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд *******(*******ХХК)-ийг оролцуулах эсэх талаар талуудаас тодруулаагүй нь буруу болжээ.
5.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны дээрх зөрчлийг давж заалдах шатны шүүхэд залруулах боломжгүй, маргааны үйл баримт бүрэн тогтоогдоогүйгээс нэхэмжлэлийн шаардлагад дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх боломжгүй тул нэхэмжлэгчийн гаргасан шүүх маргааны үйл баримтыг буруу тодорхойлж шийдвэрлэсэн гэх давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 191/ШШ2025/11339 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч *******ээс 2026 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр төлсөн 657,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.АЗБАЯР
ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН
Д.ЗОЛЗАЯА